Дуурийн дуучин, балетийн жүжигчин бүрийн мөрөөдлийн тайз Москвад бий. Мэдээж энэ бол Их театр. Нэр нь хүртэл сүрлэг энэ театрын тайзнаа 1960-аад онд анхны Монгол дуучин хөл тавьж, тэр ч бүү хэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулсан байдаг.
Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсны энэ амжилтыг буухиалсан хүн нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан. Тэрбээр 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм. Дэлхийн шилдэг таван театрын нэгд Монгол хүн гоцолж, ОХУ-ын уран бүтээлч, хөгжимчин, дуучидтай хамтран ажилласан гэхээр бахархахгүй байхын аргагүй.
Тэгвэл Монголчууд, тэр тусмаа Дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг найман гоцлооч арваннэгдүгээр сарын 20-нд Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” тоглолт хийхээр болжээ. Монголын сонгодог урлагийн төлөөлөл гэсэн нэрийн дор тэд бие даан тоглож, тус театрын хоёр гоцлооч бүсгүй тэдэнтэй хоршино гэхээр бахдалтай санагдав.
Цаг хугацааны хувьд ч энэ баярт үйл явдал онцгой онд тохиож байна. 1984 онд Х.Уртнасан гуайг Их театрт гоцлоход “20 жилийн дараа Монгол дуучин их театрт дууллаа” хэмээн хэвлэлд бичиж байсан бол ардын жүжигчин Х.Уртнасан гуайг “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурьт тоглосноос хойш 30 жилийн дараа Монголын дуучид их театрын гол тайзнаа залрах гэж байна.
СОЁЛЫН ӨДРҮҮДЭЭС ЭХТЭЙ ТҮҮЧЭЭ
Ардын хувьсгалын тэгш ой тохиосон жилд Монголчууд хөрш ЗХУ-д соёлын өдрүүдээ зохион байгуулж, энэ хүрээнд Их театрын тайзнаа тоглох боломж тохиодог байжээ. Таван жилд нэг удаа болдог энэ тоглолтод манай урлагийн алдартнууд оролцдог байв.
Тухайлбал ардын жүжигчин А.Загдсүрэн, Г.Хайдав, гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Д.Банди болон Ардын дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид Их театрт болсон соёлын өдрүүдийн тоглолтод хэдэнтээ оролцжээ. Хамгийн сүүлд 2011 онд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Д.Алтанхуяг, Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, дуучин С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших, Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн бүжигчид их театрын тайзнаа тоглоод ирсэн.
Гэхдээ эдгээр тоглолт ихэвчлэн гол тайзан дээр болдоггүй. 1981 онд манай соёлын өдрүүдэд оролцож байсан уран бүтээлчид гол тайзнаа ганцхан удаа тоглож, тэндээс ЗХУ-ын театрын найруулагч ардын жүжигчин Х.Уртнасанг олж хараад, хожим нь урилга илгээн театртаа дуулуулжээ. Монголын дуучид Их театрт тоглохдоо улсынхаа нэрийг үргэлж өндөрт өргөдөг байсныг тоглолтын дараа хэвлэлд нийтлэгдсэн шүүмжүүд гэрчилнэ. Ур чадвар, хоолойн цараа, жүжиглэлт нь Оросын дуучдыг ч гайхашруулдаг байж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ харилцаа тасарчихаад байсан юм.
“МОНГОЛЫН АЛТАН ХООЛОЙТНУУД”
Ноднингоос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, Их театрт хүрлээ. Өнгөрсөн жил тэд Улаан-Үдэд тоглож, Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон ДБЭТ-ыг танилцуулсан. Тэгвэл ирэх сарын 20-нд ДБЭТ-ын найман гоцлооч, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Их театрт тоглож, тэндээ үзэсгэлэн гаргана.
Ла Скала, Ковенгарден, Их театрт дуулж үзэхийг хүсдэггүй дуучин гэж үгүй. Тэр тусмаа эх орныхоо нэрийг дуурсгаж, хамт олноороо тоглолт хийж байгаа нь дуучдын хувьд мартагдашгүй үйл явдал болох нь дамжиггүй. Их театрын симфони найрал хөгжимчид, ОХУ-ын алдартай удирдаач, Монголын дуучид, ОХУ-ын хоёр гоцлооч энэ тоглолтод оролцох юм.
Монголын дуучид энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг дуулах гэнэ. Энэ тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, ДБЭТ-ын гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцоно.
ОХУ 2014 оныг соёлын жил болгон зарласан төдийгүй, жил гаруйн өмнөөс ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул энэ тоглолтыг зохион байгуулахаар, ОХУ-ын Соёлын яаманд төслөө танилцуулжээ. Тэд саналыг нь хүлээн авч тоглолт хийх тайзаа Монголчуудад нэг өдөр зориулахаар болжээ.
ТҮҮХЭН ТОГЛОЛТЫН ГЭРЧ БОЛООРОЙ
ДБЭТ-ын уран бүтээлчид үнэнч үзэгчдэдээ ийм боломж буйг зарлалаа. Учир нь тус театрын уран бүтээлчид анх удаа Их театрт бие даан тоглож байгаа учраас төрийн хүндтэй төлөөлөгчид болон бизнесменүүдийг урьж, хамтдаа явахаар төлөвлөжээ. Их театрт тоглолт үзэх тасалбарыг ДБЭТ-ын удирдлагууд хариуцаж, Монголын үзэгчдэдээ өргөн барих юм. Харин та Москва хүрэх болон тэндээ байрлах зардлаа л гаргахад хангалттай.
Ж.Солонго