Гадаад хэргийн сайд Н.Энхболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд хоёр улсын иргэд удахгүй визгүй зорчих бололтой. Яахав дээ, сонсоход сайхан л юм. Гэхдээ их гүрэнд үүдээ нээх нь манайх шиг жижиг орны хувьд тийм ч таатай зүйл биш ээ. Тус улс зуу гаруй сая хүн амтай. Энэ тооны хүнд л үүд хаалга нээж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ Монголыг тоож ирэх нь цөөн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин ОХУ-ын ямар хүрээнийхэн манайхыг зорих вэ гэдгийг бодож үзэхэд илүүдэхгүй болов уу. Монгол Улсад эдүгээ тус улсын цэрэг байрлаж байх үеийг бодвол орос хүн харагдах нь өдрийн од шиг болсон. Цэрэг гарснаар манай орны нутаг дэвсгэрт ангайж онгойсон суурин газрын ул мөр, арзайж сарзайсан байшин барилгын ором л үлдсэн билээ. Энэ нь социализмын үеийн хоёр орны хамтын ажиллагааны гэрч болоод байгаа. Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ОХУ-тай хамтран ажиллах үйл ажиллагаа эрс буурсан. Гэхдээ нефть, эрчим хүч зэрэг суурь салбарууд тус улсаас хамааралтай хэвээрээ байгаа нь үнэн. Гэвч хоёр улсын энэ чиглэлийн хамтын ажиллагаанд виз огт чөдөр тушаа болоогүй. Монгол, орос хоёр хүн хамтраад аж ахуй эрхлэх нь ховор л доо ер нь.
Социалист хамтын ажиллагаа зогссон сүүлийн 17 жилд ОХУ-ын хөрөнгө оруулалттай "Чингис хаан" банк, алт олборлогч "Алтан дорнод Монгол" хоёроос өөр томоохон аж ахуй нэгж манай улсад үүд хаалгаа нээгээгүй гэж бараг болно. Тэдний эзэн С.Громов, С.Паушок хоёроор монголчууд шинэ оросуудыг ойлгох болсон. Тэдний талаар ч олон нийтэд таагүй мэдээлэл үе үе тарж байдаг. С.Паушок л гэхэд 400 кг алт ухаж авахын тулд дөрвөн мянган хүнтэй сууринг газрын хөрснөөс арчихын төлөө их зүтгэсэн. Түүний энэ дээрэлхүү үйлдэлд цагдаа, шүүхийнхэн хүртэл татагдан орж, уг маргаан УИХ дээр ирж байж цуцлагдсан гэдгийг олон хүн мартаагүй байх аа. Хэрэв хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчих нэрийн дор энэ мэт үл бүтэх хүмүүсийн бизнесээ өргөжүүлэх захиалга ч явж байгаа юм билүү, хэн мэдэхэв.
Аливаа зүйлийн хэм хэмжээ алдагдсанаар сүүлд нь залруулах аргагүй хүнд байдалд хүрдэг гэдгийг мартаж болохгүй. Тэгээд ч виз нь нэг улсаас нөгөө рүү орж ирэх муу, муухай бүхэнд хаалт болдог сайн талтай. Манай төр, засгийн томчууд ард түмний язгуур эрх ашгаас илүүтэй мөнгө төгрөгтэй гадны хүмүүсийн гар хөл болчих нэг аюул бий. Энэ байр суурин дээрээс харвал ОХУ-ын иргэд визгүй орж ирнэ гэдэг бидний хувьд баярлах зүйл бишээ.
Олон улсын жишгээс харахад их гүрний иргэд цөөн хүн амтай оронд визтэй зорчдог зарчим үйлчилдэг байна. Харин цөөн хүн амтай орны иргэд нь хүн ам олонтой том улсдаа визгүй зорчдог жишээ олон бий. Тухайлбал Энэтхэг улсын иргэд Балба улсад орж гарахдаа виз авдаг. Харин Балбын иргэд Энэтхэг рүү зөвшөөрөлгүй орох жишээтэй. Энэ нь цөөн хүн амын соёл, зан заншлыг хэвээр хадгалах үүднээс авч хэрэгжүүлдэг олон улсын жишиг юм. Цөөхөн хүн амтай манай орны хувьд хэт их хүн амтай хоёр хөрштэйгөө харилцахад олон улсын тогтсон, жишгийг авч хэрэглэх нь бидний хувьд өлзийтэй баймаар, Тэгээд ч оросуудын дээрэлхүү авир араншинг социализм байгуулсан 70 жилийн хугацаанд монголчууд арьс махандаа шингэтэл амссан. Эдүгээ шинэ оросууд хуучнаасаа муудсан уу гэхээс сайжраагүй л байлгүй. Түүний оронд барууны орнуудад манай иргэд визгүй зорчих нөхцөлийг өнөөгийн төр, засгийн албаны хүмүүс хөөцөлдвөл хожмын үр дагавар нааштай гарна байлгүй дээ.
Г.Эрдэнэбат