Хаврын энэ өдрүүдэд нуур цөөрмийн хайлмагтсан жижиг ус дээр нүүдлийн усны шувуудын түрүүч ирж эхэллээ. Холын аян замын дөрөө мултлан, ойр зуур идээшлэн амсхийж, өд сөдөө угааж шувтарч байгаа нь харагдана. Ихэнх нүүдлийн шувууд эндээс өөрийн төрсөн бууцаа зорин цааш бас явнаа, болоогүй. Энэ цаг улиралд шувуудын хань ижлээ сонгох, үүрээ барих, өндгөө дарж, ангаахай дэгдээхэйгээ өсгөн бойжуулахыг ажиглахад хамгийн сонирхолтой бөгөөд харууштай үе байдаг. Монгол оронд үүрээ засч өндөглөхөөр алс холоос түүчээлэн ирдэг нэгэн зүйл усны шувууны тухай товчхон зураглалыг Танд толилуулья.
Дэлхийн хойд сэрүүн бүсийн ой модтой уулархаг газрын цэвэр устай гол горхи, нуур цөөрмийн ойролцоо тархан нутагладаг энэ нугасыг Хумхин бохио (Mergus merganser) гэнэ. Хумхин нугас 58-72 см урт ба далавчаа дэлгэхэд 78-97 см, нэг хоёр кг жинтэй, харьцангуй том бөгөөд урт биетэй нугас юм.
Эрэгчин эмэгчнийг ялгахад түвэггүй бөгөөд тэр ногоон туяатай хилэн хар толгойтой нь эрэгчин бол улбар шар толгойтой, шилнийхээ ард босоо туг үстэй, улбар бор өнгөтэй толгойтой нь эмэгчин шувуу. Бусад нугаснаас энэ шувууг ялгах нэг тэмдэг нь загас жараахай, усны нялцгай биетэнг алдахгүй зууж барих зориулалттай хөрөө шиг жирийсэн шүдтэй урт, улаан ягаан хушуу.
Хумхин бохионы том, жижиг сүргийг Туул, Хэрлэн голын харгиа урсгал дээр тогтож хөвөөд жараахай, усны хорхой шавьж ангуучлан суухыг би харсан.
Энэ шувуу үржлийнхээ үед сүргээр бус, хосоороо буюу хэд гурваараа таардаг. Өвөлжих газраасаа хосоо сонгоод нааш ирэх боловч энд ч эмэгчин шувууны сонирхлыг татах гэж тоглож наадсаар. Нийслэлийн баруун дүүрэгт Туул голын ойролцоо нэгэн цөөрөм дээр хоёр долоо хоногийн өмнө нуурын дээр хоёр эрэгчин, нэг эмэгчин Хумхин бохиотой таарч ажиглалаа.
Хавар цагт эрэгчин шувуу өнгө зүс ороод их жавхаалаг харагдах бөгөөд энэ нь гол төлөв эмэгчин шувууны анхаарлыг татахтай холбоотой. Хумхин бохио гол нуурын мөс ханзрах үеэр ирж таардаг. Энэ эр шилээ маажихын сацуу тэр шилнийхээ өд сөд, түнтгэр цагаан цээж тод ягаан сарвуугаа гайхуулж байгаа бололтой. Эм нь хажуудхан хөвөх боловч огт тоосон шинжгүй.
Эмэгчингээ тойрч хөвж байснаа усны мандал гарч зогсоод далавчаа дэвлээ. Айхтар хүчтэй далавчтайгаа харуулахын хамт ан гөрөө хийдэг зогсолтоо гайхуулна. Усны шувууд шумбасны дараа далавчаа хатаах, усыг нь сэгсрэх гээд ингэж дэвэх олонтаа боловч мань эрийн үйлдэл арай өөр санагдсан.
Хумхин бохионы нэг сонин үйлдэл бол ингэж хушуугаа чанх өөд чиглүүлээд өлийгөөд түр саатах юм билээ. Үүнээс гадна усны мандлаар хөндлөн гулд хурдан сэлэх, ус хагалж хүчтэй цацруулан хөвөх зэргээр нилээд тоглолоо. Харин чанга дуугараад, ганганаад байх нь бага санагдсан. Харин эмэгчин тоосон, буюу эс таалсан шинж өгсөнгүй, тоглоомын дүрэм нь тийм бололтой.
Ингээд эрэгчин эрэг дээр гараад өд сөдөө цэвэрлээд байгаа дүр харуулж байж нэг юм эмэгчин хойноос нь гарч ирлээ. "Гайхамшигтай гоё эмэгтэй байна" хэмээн дуу алдаж байгаа ч юм шиг, түхийсэн сайхан цээжтэй, чадалтай эр гэдгээ ч харуулаад байх шиг. Энэ түүх иймэрхүү уянгалаг өнгө аяс руу шилжээд хэдэн хором өнгөрлөө. Хоёулаа өөд өөдөөсөө харж зогсоод өдөө цэвэрлэн хэсэг зогслоо.
Гэтэл холхон хөвөөд байсан өөр нэг эрэгчин дөхөөд, нөгөө хосын хажууханд мөсөн дээр гарч ирлээ. Бас л сайхан эр гэдэг нь илт, тэр нугдайсан хүзүү шил өнгө зүстэй, хөл сарвуу тод ягаан, хүчтэй, толгойны хөдөлгөөн бол гайхалтай шаламгай бөгөөд сонин.
Эрэг дээр эмэгчиндээ ид хаваа гайхуулж байсан эрийн тэвчээр барагдаад, ус руу ороод эмэгтэйн харцыг татах гээд байсан нөхөр рүү давхиад ирлээ, дайрлаа.
Их чанга биш ч гэсэн дуу шуутай, ус цацруулаад сүртэй давшиллаа. Эмэгчин дагаад ирсэн боловч хажууд нь бөөн тэмцэл болоод байгааг хараагүй юм шиг, жихүүхэн хөвөөд, энэ эрчүүд ингэж л байдаг юм гэсэн шиг огт тоосон шинжгүй хэвээр.
Өрсөлдөгч эр бол хувь заяатайгаа нэгэнт эвлэрэв бололтой, нэг их эсэргүүцэж тэмцсэнгүй, зугтлаа. Хэдэн өдрийн дараа энэ хоёр эрэгчинг харсан чинь зэрэгцээд идээшлээд хэвтээд байна лээ. Эмэгчин шувууны анхаарлыг татах тэрхэн зуурын өрсөлдөөн байдаг болохоос хүн шиг өширхөөд хонзогноод байдаггүй нь илт.
Харин тэр өдөр бол “дайснаа дийлсэн баатар эр” маань, хатагтайгаа дагуулаад тоглоод цааш хөвөөд явлаа. Хатагтай бол эрийнхээ нуруунд хушуугаараа ганц нэг хүрч байсан нь сонголт нэгэнт хийгдсэн гэдгийг сануулсан мэт харагдсан шүү. Удахгүй тэд голын ойролцоо эргийн нүх хөндий, унанги модны дор үүрээ засаад дэгдээхэйгээ амар жимэр өсгөн бойжуулна.
Хаврын цаг улиралд амьд байгалийн жам ёс, шалгарлаар хань ижлээ сонгож, үр удмаа үргэжлүүлэхээр тэмцэж яваа амьтан шувуудыг ажиглахад түмэн зүйлийн сонин хачин үзэгдэл харах нь гарцаагүй бөгөөд хүн болгон өөрийн гэсэн өнцгөөс тайлбарлах биз ээ. Улс орны шувуу ажиглагч, зураглаач нар шувууны зургаа өөрийн үндэстний ёс заншилд дүйцүүлэн өгүүлэх юм билээ. Өрнөдийнхөн шувуу харсан цаг агаар, зам харгуй, байршлын нөхцлийг нэгд нэгэнгүй тоочих бол хойд хөршийнхөн маань ихэнхдээ олон түмэнд тархсан шог хошин үг хэлц оруулан бичих жишээтэй.
Шувуу сонирхогч миний хувьд шувууны зан төрхийг хүмүүн бидний амьдралтай зүйрлэн харьцуулж, хошин өнгө аяс оруулбал нь бусдад илүү сонирхолтой гэж боддог. Харин шувууны харсан ажигласан зүйлээ дараа нь судлаачдын ном бүтээлтэй тулгаж батлавал илүү бодитой байх ажгуу. Энэ тэмдэглэлийг бичихэд Америкийн Шувуу судлалын холбооны "The Auk" сэтгүүлд Чарлз Таунсэндийн 1916 онд хэвлэсэн өгүүллийг ашиглалаа.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы шувуудын гайхалтай ертөнцөөр аялахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Харин Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.