gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Сургуульдаа тэнцсэн гэх эхний хариу ирэх тэр мөч хамгийн гоё юм билээ"

А.Наранцацрал
Боловсрол
2021-05-25
988
Twitter logo

АНУ-ын 10 их сургуульд тэнцсэн Т.Баяр, мөн зургаан сургуульд тэнцсэн Э.Цэлмэг нартай ярилцлаа. Тэд монгол залуустаа АНУ-ын их дээд сургуульд элсэн ороход юун дээр анхаарах, элсэлтийн өргөдлөө хэрхэн бичих, бэлтгэл ажлаа хэрхэн хангах талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Тэд Америкт суралцах боломжууд Фэйсбүүк хуудсаараа дамжуулан залууст зөвлөгөө мэдээлэл хүргэдэг билээ.

-Сайн байцгаана уу? Юуны өмнө өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Т.Баяр: Намайг Түвшинжаргалын Баяр гэдэг. Би Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын санхүүгийн менежментийн чиглэлээр төгссөн. Төгсөөд банканд ажиллаж байгаад мэргэжлийн чиглэлээ өөрчлөөд боловсролын салбарт англи хэлний багшаар ажиллаж байгаа. Хэтдээ боловсролын технологийн чиглэлээр мастерын зэргээр суралцах гэж байна.

Э.Цэлмэг: Сайн байцгаана уу. Намайг Э.Цэлмэг гэдэг. Би Монгол Улсын их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгсөөд англи хэлний багшаар ажиллаж байна. Ирээдүйд боловсролын сэтгэл судлал чиглэлээр суралцах гэж байгаа оюутан байна. 

-Та хоёрын нэг нь АНУ-ын 10 их сургуульд, нөгөө нь зургаан сургуульд тэнцсэн гэсэн. Ямар сургуулиудад тэнцэж, алийг нь сонгосон бэ? 

Т.Баяр: Би 10 сургуульд өргөдлөө өгөөд 10-ууланд нь тэнцсэн. Хүмүүсийн ихэвчлэн мэддэг сургуулиас нэрлэвэл Колумбийн их сургууль, NYU буюу Нью-Йоркийн их сургууль, Висконсин, Умард Каролина мужийн сургуулиудад тэнцээд эцэст нь Бостон коллеж их сургуульд явахаар шийдсэн. 

Сургуулиа сонгоход төлбөрийн нөхцөл, тэтгэлэг, хамгийн гол нь хөтөлбөр нь надад бусдаасаа хамгийн их таалагдсан юм. Мөн суралцах орчин гэх мэт олон хүчин зүйл харьцуулж үзэж байгаад сонгосон доо. 

Э.Цэлмэг: Би Вашингтоны их сургуульд, Вандербилт, Виржиниагийн их сургууль гэх мэт нийт зургаан сургуульд өргөдлөө явуулж, тэнцсэн. Эцсийн дүндээ Вашингтоны их сургуулийг сонгосон. Сургуулиа сонгосон шалтгаан нь бусдаасаа илүү том, нэр хүндтэй, хамгийн гол нь хөтөлбөрт нь миний сонирхож байсан чиглэлийн хичээлүүд их орсон байлаа.

-Гадагшаа сургуульд явъя гэсэн залуус IELTS, TOEFL-ийн шалгалтад л бэлдчихвэл болчихно гэж боддог.  Тэгвэл гадаадын сургуульд суралцахаар төлөвлөж байгаа залуус бэлтгэл ажлаа юунаас эхлэх вэ?

Т.Баяр: Хэрвээ гадагшаа сургуульд суръя гэж бодож байгаа бол  хамгийн чухал зүйл бол судалгаа, төлөвлөгөө, зорилго. Зорилго бол хүнийг дотроос нь өдөөх хүч. Сургалтын чанар, тэтгэлэг, хөтөлбөр, суралцаж төгсөөд энэ чиглэлээр хаана ажиллах, цалин ямар байх гэх мэт судалгаагаа сайн хийх тусам илүү их боломж гарч ирдэг. Тиймээс аль болох эртнээс судалгаагаа хийх хэрэгтэй.

Магадгүй дараа жилийн есдүгээр сард сургуульд явах төлөвлөгөөтэй байгаа бол яг одоо эхэлчихсэн байх ёстой. Америкийн их сургууль гэхээр Харвард, Стэнфорд, Колумбийн их сургууль гээд дуусчихдаггүй. 4000-5000 их сургууль дунд алийг нь сонгохоо мэдэхгүй учраас судалж байх явцад "Би нийцэх үү, чадах уу?" гэдгээ мэдэж авна. Түүний дараа төлөвлөгөө маш чухал.  Магадгүй миний англи хэлний чадвар тийм ч сайн биш байгаа бол энэ намар явах боломжгүй. Тиймээс  зохистой төлөвлөгөө маш чухал. Би англи хэлний түвшнээ ингэж дээшлүүлээд, төдий хугацаанд өргөдлөө өгөөд, тэдний хавьцаа сургуульд явах юм байна гэсэн хугацааны төлөвлөгөө хэрэгтэй. Түүндээ тохирсон судалгаа, зорилго маш чухал. 

IELTS, TOEFL шалгалт бол гаднын их, дээд сургуульд академик орчинд суралцахад миний англи хэл хангалттай түвшинд байна гэдгийг батлах л төдий зүйл. Түүнээс гадна маш олон зүйл байдаг. 

Ярилцлагыг GoGo.mn Фэйсбүүк хуудсаар үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

-Залуучууд мэргэжлээ хэрхэн сонгож, ямар хөтөлбөрөөр сурах вэ гэдгээ сонгож шийдэж чаддаггүй. Өөрийнхөө юунд дуртайг, цаашид ямар чиглэлээр суралцвал амжилт олох вэ гэдгээ яаж мэдэх вэ?

Э.Цэлмэг: Хүмүүс судалгаагаа сайн хийгээгүйгээс болоод алдаа гаргадаг. Америкт суръя гэхээр эдийн засаг, бизнесийн удирдлага гэх мэт ерөнхий мэргэжил сонгох хандлагатай байдаг. Миний судалснаар сурах гэж байгаа мэргэжил нь нарийн байх тусмаа илүү нарийн мэдээлэл, чадваруудыг олж авна. Хүн уг нь дотроо юу хүсэж байгаагаа мэддэг.  Гэхдээ тэрийгээ сайн сонсохгүй, хүмүүсийн үгэнд ороод өнгөц шийдвэр гаргадаг.  Хэрвээ бакалавр эсвэл магистрт орох гэж байгаа бол өөрөө өөрийгөө сонсож, өөрийгөө уудалж үзэх хэрэгтэй. Би юунд дуртай вэ, миний зан төлөв юунд тохирдог, би энэ чиглэлээр суралцвал мэргэжлийн хүрээнд амжилт олох боломж байгаа юу гэдгээ сайн судалж, тэр мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, уулзаж үзээд, тэр чиглэлтэйгээ холбоотой дадлага хийж үзэх гэх мэт ямар нэгэн байдлаар бие болон сэтгэлээрээ мэдэрч байж сонголтоо хийвэл илүү зөв сонголт болно. 

Миний тэнцсэн 10 сургууль болгоны хөтөлбөрүүд хоорондоо маш том ялгаатай. Ерөнхий нэг мэргэжил сонгочихвол сургууль болгон ижил байдаггүй. 

Т.Баяр: Хөтөлбөрийн судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй. Жишээ нь, миний суралцах гэж байгаа боловсролын технологийн мэргэжил бүх сургуулиудын хувьд адилхан байдаггүй.  Миний тэнцсэн 10 сургууль болгоны хөтөлбөрүүд хоорондоо маш том ялгаатай. Ерөнхий нэг мэргэжил сонгочихвол сургууль болгон ижил байдаггүй. Сургуулиудад манай төгсөгч нар төгсөөд хаана ажилладаг, бараг хэдэн долларын цалинтай ажилладаг вэ гэх мэт бүх мэдээлэл байдаг.  Хөтөлбөрөө уншаад өөрт тохирох  юм байна гэдэг чиглэлээ олж авч байж өргөдлөө өгөх хэрэгтэй. 

-Э.Цэлмэгийн хувьд мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

Э.Цэлмэг: Би олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан учраас энэ чиглэлээр суралцах ёстой юм байна гэсэн хайрцагт баригдсан байлаа. Гэхдээ сүүлийн үед өөрөө өөрийгөө таньж мэдээд, өөртэйгөө ярилцах тусам сэтгэл зүйд сонирхолтой хүн юм байна гэдгээ мэдсэн. Тэгвэл одоо миний хийж байгаа ажил ямар байдлаар холбогдож болох вэ гэсэн уялдаа холбоог хайж эхэлсэн. Тэгтэл сонирхолтой нь сэтгэл судлалд суурилсан боловсрол гэсэн чиглэл байсан. Хүний сэтгэл зүйн онцлогт боловсролын аргуудыг оруулж, яаж боловсролын тогтолцоог шинэчлэх вэ гэсэн мэргэжлийг олоод энэ л миний хийх ёстой зүйл юм байна гэдгийг баттай олж мэдэж байлаа. 

-IELTS, TOEFL-ын шалгалтад хэрхэн бэлдэх вэ?

Э.Цэлмэг: IELTS, TOEFL-д бэлдэхдээ хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь шууд өөрийн үндсэн англи хэлний түвшнээ сайжруулахгүй, техникээ бэлдээд IELTS-аа өгөөд 5-5,5 оноо гээд тодорхой түвшинд очоод гацчихдаг. Тэгэхээр яг үнэндээ тактик хамгийн сүүлийн шатны асуудал. Эхлээд бид өдөр тутамдаа илүү сайн ашиглаж, ярилцдаг байж л  дараа нь хамгийн сүүлд нэг сарын хугацаанд 6,5-7,5 гэх мэт өндөр оноо авах бүрэн боломжтой. IELTS, TOEFL-д сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн хэсэг бий. 

Сонсох хэсэг 100 хувь төвлөрлийн асуудал. Анхаарлаа төвлөрүүлж сурвал өндөр оноо авах боломжтой. 

Унших бол цагаа сайн зохицуулж сурахтай холбоотой.  60 минутын дотор гурван сэдэв уншиж, 42 асуултад хариулна. 

Бичгийн хэсэгт цагийн менежмент маш чухал. Эссений бүтцээ мэддэг болсноор 60 минутын дотор 250, 150 нийтдээ 400 үгтэй эссе бичих ёстой. Түүндээ би хэр их хугацаа зарцуулах вэ гэсэн бүх тактик бэлэн байдаг. 

Ярих  шалгалтад таны юу ярих нь чухал биш, яаж ярьж байгаа нь чухал. Тиймээс асуусан асуултад нь чөлөөтэй, энгийн, мэдэхгүй байсан ч мэддэг юм шиг чөлөөтэй хариулахыг л хэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд англи хэлний ерөнхий суурь мэдлэгээ сайжруулаарай.

-Сургуульд өргөдлөө өгөхөөс хэдэн сарын өмнө IELTS, TOEFL-ын шалгалт өгөх хэрэгтэй вэ? IELTS-ын шалгалтад бүртгүүлэхээс өмнө 10 сургуулиа олчихсон байвал зүгээр байдаг гэж ярьж байсан.

Т.Баяр: Хугацааны хувьд бас тийм их эрт өгөөд хэрэггүй. Жишээ нь, Э.Цэлмэг шалгалтаа анх өгчхөөд хангалттай оноо авсан мөртлөө сургуульдаа явж амжихгүй байсаар байгаад хугацаа нь дууссан. Хугацааны хувьд оновчтой, сургуульд өргөдлөө гаргаж эхлэхээс гурван сарын өмнө ч юм уу байхад болдог. Түүнээс өмнө мэргэжил бөгөөд сургуулийн судалгаагаа хийчихсэн байвал IELTS анх өгөхөд таван сургууль, эсвэл байгууллага руу өөрийнхөө оноог үнэгүй явуулах боломжтой байдаг. Харин IELTS-ын оноо гарчихвал нэг байгууллага руу 15 мянган төгрөгөөр явуулдаг. Сургуульд өргөдлөө өгөхөөс өмнө бүртгүүлээд шалгалтандаа хангалттай оноо авсан байвал сургуульдаа өргөдлөө өгөх хүртлээ бусад материалаа бэлдээд өгөхөд болно. 

Эссег зүгээр л өөрийнхөө бодлоор бичих биш уншиж байгаа хүний өнцгөөс харж бичих хэрэгтэй. 

-Аппликейшн буюу өргөдлөө бөглөхөд юун дээр анхаарах вэ? Аппликейшн явуулахад гардаг зардлын талаар ярихгүй юу.

Т.Баяр: Аппликейшн авч байгаагийн цаана биднийг хэн, ямар чадвартай хүн байгаа вэ гэдгийг харах зорилготой. Гол нь эссе,  тодорхойлох захидлууд, таны CV буюу товч намтрууд байдаг. Мөн бакалавраар суралцаж байсан бол дипломын хуулбар, үнэлгээ гэх мэт. Аппликейшний төлбөрийн хувьд ерөнхийдөө хэлбэлзэлтэй, 30, 60, 100 долларын үнэтэй ч байдаг.  Гэхдээ дийлэнхдээ 85-95 долларын үнэтэй. Эртхэн судалж эхэлбэл тэр хураамжийг төлөхгүй байх боломж бий. Аппликейшн, CV-ний хураамж төлөхөд санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, цуцалж өгөөч гэсэн хүсэлт явуулж болно. 

-Аппликейшн бөглөхөд анхаарах зүйлийн талаар ярихгүй юу. Ямар алдаа гаргах эрсдэлтэй вэ?

Т.Баяр: Шаардлагатай зүйлийг нь маш сайн харах хэрэгтэй. Жишээ нь, зарим аппликейшнд writing sample гээд биччихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, англи хэл дээр бичиж байсан нийтлэл, дипломын ажил зэрэг байж болдог.  Өмнө нь гадаадад суралцаж байгаагүй, англи хэлээр бичсэн нийтлэл, дипломын ажил байхгүй бол writing sample дээр тэнцэхгүй гэсэн үг. Тиймээс материалаа бүрдүүлэхээс өмнө шаардлагатай зүйлсийг хөтөлж гаргаж ирээд “би нийцэж байна уу” гэдгийг аль болох эртхэн харчихсан байх хэрэгтэй.

Тэрийг дутуу орхичихсон, сургуульдаа өргөдлөө өгнө гээд яваад байдаг, цаг нь тулчихсан хойно өргөдлөө өгөх гэтэл шаардлагад нь яагаад ч нийцэхээргүй зүйл гарч ирэх магадлалтай. Түүнээс гадна зарим сургуульд дипломын хэсгийг сайн анхаарах хэрэгтэй. Тодорхой сургуулиуд руу бид өөрсдөө дипломоо сканнердаад явуулах боломжтой байдаг. Харин томоохон сургуулиуд дипломын үнэлгээ байхыг шаарддаг. Америк, Канадаас өөр оронд бакалаврын түвшинд суралцаж байсан бол хичээлийн дүнг Америк өөрсдийн систем рүү тооцож оруулдаг үйл явц юм. Тэр үйлчилгээг төлбөртэй хийдэг олон улсын байгууллага бий. Түүнээс болж аппликейшний хугацаанаас хоцрох магадлалтай. Дипломын үнэлгээг хоёр сарын өмнөөс хийж байж амждаг. Яагаад гэвэл Монголоос олон материал бүрдүүлээд шуудангаар биетээр явуулдаг. Тэгээд нөгөө байгууллага нь хүлээн аваад үнэлэхэд бараг нэг сар болно. Сургуулиуд руу очтолоо төлсөн төлбөрөөсөө шалтгаалаад 1-7 хоног, 14 хоног хүртэл шаардагддаг. Түүнээс болоод хүсэж байсан сургуулиасаа хоцорчихвол онцгүй. Яг хөтөлбөр тус бүр дээр шаардлагатай зүйлсийн бүх жагсаалтыг дэлгэрэнгүй гаргаад би тэнцэх юм байна, эсвэл үгүй юм байна гэдгийг харах хэрэгтэй.

-Эссе бичихэд анхаарах зүйлсийн талаар ярихгүй юу? Мөн тэтгэлэгт хамрагдахад ямар эссе байвал тэнцэх магадлал өндөр байдаг вэ?

-Т.Баяр: Би эссе гэхээр яаж бичихээ мэдэхгүй, эхний үгээ ч тавьж чадахгүй гацдаг. Эссег зүгээр л өөрийнхөө бодлоор бичих биш уншиж байгаа хүний өнцгөөс харж бичих хэрэгтэй. Унших хүмүүс нь намайг сургуульд тэнцэх үү, үгүй юу гэдгийг шийдэх хүмүүс. Тэр хүмүүс ямар өнцгөөр нь харвал би таалагдах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Аппликейшн явуулсны дараа зарим сургууль ярилцлага авдаг. Гэхдээ би 10 сургуульд тэнцэхэд нэг ч ярилцлагад ороогүй. Яагаад гэвэл эссе миний нэрийн хуудас, өөрийгөө илэрхийлж байгаа боломж гэсэн үг. 

Тэгэхээр сургууль бүрийн эссений шаардлагыг харах хэрэгтэй. Зарим сургуулийн эссений шаардлага нь 500 үгтэй байдаг. 500 үгэнд бараг юм бичиж амжихгүй. Гол юмаа бичээд л дуусна. Гэтэл зарим сургуулийнх 1500 үгтэй байдаг учраас хангалттай хэмжээнд дэлгэрүүлэх боломж гарна. Эссег шууд төгс бичнэ гэж байдаггүй.

Эссенээс гадна сургуулиудад хөтөлбөрт нь элсэхийг зорьж байгаа оюутнууд нь ийм байгаасай гэсэн шаардлагууд байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хөтөлбөрөөрөө бид ирээдүйд ийм боловсон хүчнийг бэлдье гэсэн зорилго байдаг. Тэр зорилгод нь өөрийгөө нь уялдуулах хэрэгтэй.

Эссенээс таны тухай уншаад “Энэ хүн ингэж байсан юм байна, ямар сонирхолтой юм бэ? Энэ үед ийм үйлдэл хийсэн юм байна. Хөөх, энэ шилжилт нь ёстой гоё юм байна шүү! Ямар гоё зорилготой юм бэ! Авъя” гэсэн бодол төрүүлэх хэрэгтэй.

Хэрвээ тухайн хөтөлбөр нь илүү инновацлаг, манлайлагч хүмүүсийг төрүүлэх зорилготой байдаг бол та өөрийгөө мэргэжилтэйгээ холбохоос гадна манлайлах чадвараа гаргасан байдлаар бичиж уялдуулах хэрэгтэй. Эссенээс таны тухай уншаад “Энэ хүн ингэж байсан юм байна, ямар сонирхолтой юм бэ? Энэ үед ийм үйлдэл хийсэн юм байна. Хөөх, энэ шилжилт нь ёстой гоё юм байна шүү! Ямар гоё зорилготой юм бэ! Авъя” гэсэн бодол төрүүлэх хэрэгтэй.

Кино үзэхээс өмнө трейлэр үзэхэд догдлоод дуусангуут "Ямар гоё юм бэ?" гэж бодогддог шиг уншиж байгаа хүнийг уйдахааргүй, уншиж байхад нь сонирхлыг нь татаад, "Монгол Улс гэж ийм улс байдаг юм байна, ийм амьдралыг туулаад ийм сайхан шийдвэр гаргасан юм байна. Болж байна шүү” гэсэн мэдрэмж өгтөл нь бичих хэрэгтэй. Шууд бичнэ гэж байхгүй. Ер нь эссег аль болох эртхэн бичээд олон дахин засан сайжруулах тусмаа чанартай эссе гардаг.

Нийтлэг алдаа нь нэг эссе бичээд бүх сургууль руу явуулна гэж боддог. Э.Цэлмэг бид хоёр анх тэгж бодож байсан. Үнэндээ сургууль бүрийн эссе өөр байсан. Эссендээ сургуулийн хөтөлбөрөө оруулах ёстой. Би энэ чиглэлээр мэргэшихэд надад энэ хичээл таалагдаж байна. Энэ хичээл миний зорилгодоо хүрэхэд түлхэц болж байна. Судалгааны ажлаа энэ багшийн хийж байсан судалгааг хамтарч хиймээр байна гэх мэтээр хөтөлбөрийг судалсан гэдгээ маш сайн харуулах хэрэгтэй. Нийтлэхээр 750-800 үгтэй болдог. Зарим сургууль хоёр эссе шаарддаг. Жишээ нь, 1000 үгтэй хоёр эссе, зорилго   болон миний өөрийн түүх гэсэн агуулгатай байж болно. 

Тэтгэлгийн хувьд зарим сургууль ямар ч нэмэлт зүйл хавсаргах шаардлагагүй гэдэг. Манайд өргөдлөө өгвөл таныг тэтгэлэгт үнэлж, боломжтой бол тэтгэлэг өгнө, өгөхөөр бол тэдэн хувь байдаг гэх мэт бүх юм нь тодорхой байдаг. Зарим нь тэнцсэний дараа тэтгэлэгт өргөдлөө өгөх, зарим нь хоёуланд нь зэрэг өргөдлөө өгөх сонголттой. Бүтэн тэтгэлэг өгөх үү, хэсэгчилж өгөх үү, тэтгэлгийн хариу нь хэзээ гарах вэ гэх мэт мэдээлэл бүгд байдаг.

Колумбийн их сургууль анх өргөдлөө өгөхөд таныг тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх эсэхийг харна гэдэг. Тэнцсэн гэсэн хариу гарах үед танд тэдэн хувийн тэтгэлэг өгнө гэсэн байсан. Харин Нью-Йоркийн их сургуульд өргөдлөө өгөхдөө тэтгэлэгт нь зэрэг материалаа өгч байсан. Тэнцсэн гэсэн хариу гарснаас хоёр долоо хоногийн дараа тэтгэлэг өгөх боломжтой байна гэсэн хариу ирж байсан. Тэтгэлэг гэхээр намайг бүрэн тэтгээд би ямар ч зардалгүй сурчихна гэсэн ойлголт байдаг. Тухайн сургууль суралцуулахыг хүсэж байгаа оюутнууддаа аль чадлаараа төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа хүчин зүйл. Заавал намайг 100 хувь даах албагүй, төлбөрөө төлөх өөр ямар нөхцөл боломж байна тэрийг сайн судлах хэрэгтэй. 

Тэтгэлгийн эссе гэвэл сургуулийн асуултаа сайн хараарай. Зарим сургууль санхүүгийн хэрэгцээ шаардлагаа бичээрэй гэдэг. Би төлбөр төлөхөд санхүүгийн бэрхшээлтэй байна гэх мэт. Харин зарим сургуульд зүгээр л зорилгоо бичдэг. Жишээ нь, "Манай сургуульд ямар хувь нэмэр оруулах вэ?" гэсэн сэдэв байсан.  Тэгэхээр таны хэтийн, төгссөний дараах зорилго гэсэн асуулттай байсан. Түүнд нь нийцүүлээд л бичихэд болдог. 

-Тодорхойлох захидлуудын талаар ярихгүй юу. Монголд түгээмэл байдаг үзэгдэл бол өөрөө биччих, гарын үсэг зурчихъя гэдэг. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

Э.Цэлмэг: Миний анзаарснаар сүүлийн үед тодорхойлох захидлууд бичиж өгдөг болчихсон. Өмнө нь байгууллагын захирлууд, сургуулийн багш нар “Чи өөрөө биччих, зав байхгүй, гарын үсэг зураад явуулъя” гэж хэлдэг. Гэхдээ өргөдлөө явуулж байгаа хүн бэлтгэлээ маш сайн хангаад, сургуулиа эртхэн сонгочихсон, зорилгоо тодорхойлчихсон, эссегээ биччихсэн тохиолдолд сургуулиудад материал явуулахаас хоёроос гурван сарын өмнө нөгөө хүнтэйгээ холбогдоод, зүгээр л мэйл бичих биш уулзаад, “Багш аа, би ийм зорилгоор ийм сургуульд явах гэж байна. Би өөрийн CV, эссендээ ингэж оруулчихсан. Энэ дээр та надад ийм мэдээллүүдийг ийм байдлаар бичээд өгөөрэй” гэх хэрэгтэй.

Тодорхойлох захидал бичих хүмүүс ирээдүйн боловсон хүчиндээ туслаад, тодорхойлох захидлыг нь бичиж өгдөг байгаарай. 

Таны CV, эссе, тодорхойлох захидлууд хоорондоо  уялдаа холбоотой байх ёстой. Зүгээр л нэг хүн гарч ирээд "энэ хүн гоё, мундаг хүн" гээд ерөнхий байдлаар тодорхойлчихвол буруу болчихдог. Таны талаар түүхтэй, баримттай, нотолгоотой, албан ёсны имэйл хаягтай хүн таныг тодорхойлно. Хүмүүсийн боддог нэг алдаа гэвэл байгууллагын  захирал, сургуулийн захирал гэх мэт нэр хүндтэй, өндөр албан тушаалтай хүн байх тусмаа тэнцэх магадлалд нь нөлөөлнө гэж боддог. Яг үнэндээ таныг сайн мэддэг, тантай ажиллаж үзэж байсан, таныг хувь хүн талаас нь сайн таньдаг хүн байвал илүү чанартай тодорхойлох захидал болдог. Яаж захидал бичих хүнээс асуух ёстой вэ гэвэл эхлээд цагийг нь тавиу өгөх ёстой. Хоёр, гурван сарын хугацаа байна гэж хэлэх ёстой. Тэгэхгүй зарим хүмүүс маргааш өргөдлөө явуулна, та гялс бичээд өгчих гээд яаруу сандруу хүсэлт тавьдаг. Тэгэхээр нөгөө хүндээ ч тухгүй. 

Гуравдугаарт, та өөрийн бичүүлэх гэж байгаа мэдээллээ нэгд нэгэнгүй хангах ёстой. Та зүгээр намайг бодож байгаад биччих гэхээр олон хүнтэй харилцдаг хүн таны талаар шууд бичиж чадахгүй. Тиймээс бичих хүнд амархан болгохын тулд мэдээллээр бүрэн хангах хэрэгтэй. Тав, арван сургуульд материал явуулахад нэг нэгээр нь тэр хүнээс сургууль руу upload хийлгэх хэцүү байдаг. Тодорхойлох захидлуудаа нэг бичүүлж аваад та өөрөө хянаад, сургууль сургуулиар нь нэр хаяг  болгоноор нь өөрчилж хадгалаад, та нэг өдөр суугаад л манай таван сургууль руу материалаа явуулаад өгөөрэй. Танд өөр ямар нэгэн төвөг удахгүй гээд эвтэйхэн хүсэлт тавибал хэн ч үгүй гэхгүй. Тодорхойлж байгаа хүмүүс  бас сонсож байгаа бол ирээдүйн боловсон хүчиндээ туслаад, тодорхойлох захидлыг нь бичиж өгдөг байгаарай. Хүмүүст их хэрэгтэй байдаг шүү. Сургууль руу явуулж буй материалын 20-30 хувийг эзэлдэг том үе шат. Захидал бичиж өгөөд, бичүүлж авдаг гоё соёлыг  бий болговол сайхан шүү дээ. 

Хэрвээ 10 жилийн хүүхдүүд уншиж байгаа бол сайн дурын ажлаа эртхэн хийж эхлээрэй. Хоёроос гурван жилийн туршлагатай байх тусмаа илүү давуу тал болдог. 

-Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байсан бол тухайн үед хамт ажиллаж байсан хүнээр тодорхойлох захидал бичүүлэх боломжтой гэж бас хэлж байсан. 

Э.Цэлмэг: Бакалавр ч, магистр ч хоёроос гурван хүнээр тодорхойлох захидал бичүүлэх шаардлага гардаг. Нэг нь  таны 10 жилийн эсвэл их сургуулийн багш байх хэрэгтэй. Ажил хийж байгаа бол таны одоогийн ахлах, захирал, удирдах албан тушаалтан байх ёстой. Гурав дахь нь таны сайн дурын ажил, нийгмийн сайн дурын ажлын хүн байвал зүгээр. 

-Сайн дурын ажил хэчнээн цаг хийсэн бэ гэх мэт асуулт байдаг. Энэ тал дээр хэрхэн бэлдэх вэ?

Э.Цэлмэг: Америкт сургуульд материалаа явуулахаас гурван жилийн өмнөөс сайн дурын ажил, CV, эссегээ  бэлдэж эхэлдэг. Монгол хүүхдүүд тулгаж шийдвэрээ гаргадаг. Хэрвээ 10 жилийн хүүхдүүд уншиж байгаа бол сайн дурын ажлаа эртхэн хийж эхлээрэй. Хоёроос гурван жилийн туршлагатай байх тусмаа илүү давуу тал болдог. Хоёр жил, хоёр сарын сайн дурын ажил өөр. Та зөвхөн гэр сургууль эсвэл ажил гэр гэж явдаггүй. Цаг зав болон хүч хөдөлмөрөө нийгмийн сайн сайхны төлөө зориулж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Сайн дурын ажил гэхээр зүгээр л асрамжийн газар нэг удаа очоод /буруугаар хэлээгүй шүү/ тэрийгээ сайн дурын ажил гэвэл өрөөсгөл ойлголт.

Тэгэхээр бусад хүмүүстэй хамтраад нийгэмд тустай, таны ирээдүйд сурах гэж байгаа мэргэжилтэй холбоотой  ямар эерэг үр дүн гаргасан бэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Сайн дурын ажил гэхээр заавал байгууллагын харьяа байх ёстой гэсэн үг биш. Ихэвчлэн 10 жилийн сургууль, их сургуульд байхдаа клубүүдэд хамрагдаад, оюутнуудтай өөрөө санаачилга гаргаад, бид хамтдаа ийм зүйл хийсэн, ийм үр дүн гаргасан гэдэг нь сайн дурын ажлын нэг хэсэг байж болно. 

Ярилцлагад анхаарах ёстой гурван зүйл бий. Нэгдүгээрт таны бэлтгэл сайн байх ёстой. Хоёрдугаарт, хэт албаны эсвэл өөр хүний дүрд хувираад байх шаардлагагүй. 

-Аппликейшний хувьд тэнцээд ярилцлагад урилаа гэхэд ярилцлагадаа хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгөхгүй юу? 

Э.Цэлмэг: Би зургаан сургуулийнхаа нэгд нь ярилцлага өгч байсан. Тэр маш том, шалгуур өндөртэй сургууль байсан. Сургууль, сургуулийн хөтөлбөрийн онцлогоос хамаараад зарим нь ярилцлага авдаг, зарим нь авахгүй тохиолдлууд байдаг. Би нэг сургуульд материалаа явуултал долоо хоногийн дараа имэйл ирж, та ярилцлага өгөөрэй гээд над руу линк явуулсан. Долоо хоногийн дараа ярилцлагад орохоосоо өмнө их бэлдсэн. Ярилцлагын асуулт, хариултын зөвлөмжийг нь уншиж, бичлэгүүд үзлээ. Үндсэн асуултууддаа өөрөө хариулаад, өөрийнхөө бичлэгийг хийж, эвтэйхэн, үнэн зөв хариулж чадаж байна уу гэдгээ үзсэн. Ярилцлагын үед таны тодорхойлох захидал, CV-нд байгаа мэдээллүүдийг гүнзгийрүүлж асуудаг. "Та ийм туршлагатай гэж байна. Энэ дээр юу гэж бодож байна?" гэх мэтчилэн. Ер нь таны зорилготой холбоотой асуултууд их байдаг. 

Тэгээд би ярилцлагадаа орох гээд маш их сандарч байлаа. Т.Баяр бид хоёр бие биеэсээ асуулт асууж бэлдсэн.  Тэр нэлээн нэмэр болж байсан шүү. Ярилцлагад орох гэж байвал танаас асуулт асуух хүн байвал зүгээр байдаг шүү. Ядаж л сандрал нь багасдаг. Би нэг сургуульд ярилцлага өгөхөд хатуу чанга байх болов уу гэж бодтол их сайхан ярилцлага болсон. Эхлээд өөрийгөө танилцуулаад, надаас “Таны эссенд ингэж бичсэн байна. Та энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?” гэсэн зөөлөн асуулт асуусан. Тэгээд би тайвшраад өөрийнхөөрөө ярьсан. Тэгтэл үр дүн нь сайн гараад тэнцэж байсан. 

Ярилцлагад анхаарах ёстой гурван зүйл бий. Нэгдүгээрт таны бэлтгэл сайн байх ёстой. Хоёрдугаарт, хэт албаны эсвэл өөр хүний дүрд хувираад байх шаардлагагүй. Өөрийнхөөрөө чөлөөтэй байх тусмаа сайн. Гуравдугаарт, ярилцлагын төгсгөлд сургуулиасаа асуух асуулт бэлдчихсэн байх ёстой. Энэ гурвыг хангасан байхад ярилцлага гайгүй дээ. 

-Ярилцлагад ямар асуултууд ирэх магадлалтай вэ?

Э.Цэлмэг: Эхлээд “Өөрийгөө танилцуулна уу?” гэдэг асуулт ирдэг учраас өөрийнхөө талаар товч тодорхой, часхийсэн хариултууд бэлдсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, ирээдүйн зорилгынхоо талаар хариулж чаддаг байх ёстой. 

Гуравдугаарт, таны өдийг хүртэл амьдарсан амьдрал, ирээдүйн зорилго тань тэр сургуульд сурахтай хэрхэн холбогдож байгаа вэ гэсэн уялдаа, холбоог гаргах ёстой. 

Дөрөвдүгээрт, та энэ зорилгодоо хүрээд эх орондоо очсоны дараа эсвэл өөр юу хийх вэ гэсэн тодорхой зорилго байх хэрэгтэй. 

-Т.Баяраас эвгүй асуултууд асуусан гэж ярьж байсан. Тэр талаар ярихгүй юу?

Т.Баяр: Би анагаах бөгөөд боловсролын чиглэлээр толгой цохидог Жонс Хопкинсын их сургуульд өргөдлөө өгөх гэж байгаад больсон. Тэр сургуульд гоё хөтөлбөр олоод аппликейшн гэх мэт зүйл нь тодорхой байлаа. Би өргөдлөө өгөхөөс өмнө англи хэлний шалгалтад орох ёстой байсан. Би англиар хэр ярьж чаддаг вэ гэдгээ харуулахын тулд цаг товлоод Монголын цагаар үүрийн 4 цагт ярилцлагад орсон. 

Англи хэлний ярианы шалгалт гэсэн болохоор бэлдэх таамаг байгаагүй. Тэгээд өмнөх өдөр нь дотроо өөртэйгөө бэлдэж, сонсголын дасгал хийгээд ортол надаас маш эвгүй асуулт асуусан. Э.Цэлмэгийн орж байснаас эсрэгээрээ маш нөхөрсөг бус царайтай хүн нөхөрсөг бус байдалтайгаар их ширүүн “Сайн уу, намайг тэр гэдэг. Чи баяр. Би чамаас 30 минутад зургаан асуулт асууна” гээд эхэлсэн. Би шууд сандарсан.

Эхний асуулт нь “Чиний бакалаврын түвшинд эзэмшиж байсан мэргэжил буюу хийж байсан ажил чинь өнөөгийн ажил байдалтай яаж уялдаад, ирээдүйд зорилгоо тодорхойлоход чинь  яаж нөлөөлсөн бэ?” гэдэг асуулт асуусан. Бараг асуултаа сонсож байхдаа мартчихмаар юм асуусан. /инээв/

Тэнцсэн гэх эхний хариу ирэх тэр мөч хамгийн гоё юм билээ. Мэйл дээрээ дараад ороход цаг явж өгөхгүй байсан. Тэгээд нээгээд хартал “Баяр хүргэе!” гээд гараад ирж билээ.

Нэлээн сандарсан, айдастай байсан ч гайгүй даваад гарчихсан. Дараагийн асуулт нь “Чи англиар ярих орчноо хэрхэн бүрдүүлдэг вэ?” гэж байсан. Ер нь интернэтээс ухаад гарч ирэхээргүй асуултууд байлаа. Их бодож байгаад хариулсан. Зарим асуултад нь би юу ярих уу гээд гацах үе ч байсан. 30 минутын турш сандарсаар байгаад таарсан даа. Тухайн өдөртөө та англи хэлний шалгалтыг давлаа, та бүртгүүлж болно гэсэн мэйл тухайн өдөртөө 6-7 цагийн дараа ирсэн. Ер нь таамаглахын аргагүй байдаг юм билээ.

-”Сургуульдаа тэнцлээ” гэсэн хариу авч байсан тэр үеийг дурсахгүй юу?

Т.Баяр: Э.Цэлмэг бид хоёр арваннэгдүгээр сарын сүүлээр өргөдлөө явуулж эхлээд миний хамгийн эхний хариу нэгдүгээр сарын 11-нд ирж байсан. Би өглөө нойрмогхон утсаа нээгээд имэйл рүүгээ ортол олон мэйл ирсэн байлаа. Эхний хариу ирэх тэр мөч хамгийн гоё юм билээ. Мэйл дээрээ дараад ороход 20-хон секунд л болох байх. Гэтэл тухайн үед интернэт их удаан уншиж байгаа мэт санагдаж билээ. Цаг явж өгдөггүй. Тэгээд нээгээд хартал “Баяр хүргэе!” гээд гараад ирдэг. Тэрийг хараад баярлаад, жаахан тайвширч байгаад доош нь гүйлгээд уншсан. Сургуулийн хариу ирж байгаа байдал янз бүр. Зарим сургуулийн хариу мэйлээр ирчихдэг. Зарим нь сургуульд бүртгүүлэхэд өөрийн гэсэн профайлтай болдог. Тэр профайл дээр нь “update” буюу өөрчлөлт орлоо гэж ирнэ. 

Хариу харахдаа миний хамгийн их сандарч байсан сургууль бол Колумбийн их сургууль. Колумбийн их сургуульд тэнцэнэ гэж бодоогүй ч мөрөөдлийнхөө сургуульд өргөдлөө өгөөд үзье гэж бодсон. Хамгийн гол нь би дипломын үнэлгээ хийдэг газраас болоод Колумбийн их сургуульд материалаа хоцроод явуулчихсан. Цагтаа материал маань очихоор байсан ч хариуцлагагүй газраас болоод миний материал буруу хүндээ очоод хоёр долоо хоног хүлээгдсэн юм. “Тэнцэхгүй байх. Тэнцсэн ч хоцорсон юм чинь бүр сүүлд хариу ирэх байх” гэтэл маш хурдан, сарын дотор хариу ирсэн. Нэг өглөө хэзээ ч бодоогүй байсан сургуулиас хариу ирлээ. Колумбийн их сургууль гэдгийг мөн эсэхийг дахин дахин харж билээ. Колумбийн их сургууль юм чинь сүртэйгээр харъя гэж бодоод компьютераа асаагаад бараг таван минутын дараа харсан. 

Өөрийгөө тэгж сандаргах гоё юм билээ. Тэр мэдрэмжийг удаан мэдэрмээр. Тэнцээгүй байлгүй гэж бодоод нээтэл шаар буудаж байгаа юм шиг өнгө өнгийн юм гарч ирээд “Congratulations!” гэсэн бичиг гараад ирсэн. Тэр мөч үнэхээр гоё юм билээ. Угаасаа тэнцэх нь худлаа, гэхдээ юу ч гэсэн материалаа явуулаад үзье гэсэн сургуульдаа тэнцэхээр боломжтой байдаг юм байна гэсэн мэдрэмж төрж байсан. 

Э.Цэлмэг: Миний хувьд зургаан сургуулиас хариу авахдаа их удаан хүлээсэн. Ярилцлагад орсон сургууль миний мөрөөдлийн сургууль байлаа. Америкт боловсролын чиглэлээр хоёр, гуравдугаарт ордог.  Тэр сургуульдаа тэнцэхгүй гэсэн хүлээлттэй байсан. Нэг өглөө сэртэл тэнцсэн гэсэн хариу ирсэн байсан. Би тухайн үед ганцаараа уйлаад, таван минутын дараа тайвшраад “За, ашгүй тэнцчихлээ” гэж билээ. Тэр их гоё мэдрэмж байсан. Сургуулиа сонгохын тулд бүх сургуулиас хариугаа авч байж сонгох шаардлага гарна. Тэрнээс хойш нөгөө сургуулиудын хариуг их удаан хүлээсэн. 

Зарим сургууль нь долоо хоногт 13-аас дээш цаг ажилладаг ажилд орчихвол тэтгэлэг авахаас гадна сургалтын төлбөр тэг болчихдог ч сургууль байсан.

-Сургуульд тэнцлээ гэхэд төлбөрийн асуудал гарч ирнэ. Төлбөрийн хөнгөлөлт болон тэтгэлгийн талаар зөвлөгөө өгөхгүй юу?

Т.Баяр: Төлбөрийн задаргаа гэсэн мэдээлэл байдаг. Тэндээ сургалтын төлбөр, байр, хоол, тээвэр гэх мэт зардлууд нийлээд хэд болох вэ гэсэн бүх задаргаа байдаг. Заримд нь оюутнууд төлбөрөө яаж төлдөг талаарх мэдээллүүд байдаг бол зарим үед мэйлээр асуучхад зүгээр байдаг. Жонс Хопкинсын их сургуульд материалаа явуулаагүй шалтгаан нь “Манайх ерөөсөө тэтгэлэг олгодоггүй. Заавал төлбөрөө өөрөө төлдөг” гэсэн.

Төлбөр төлөх боломжууд гэсэн хэсэг байдаг. Тэтгэлгээс гадна зээл бий. Сургуульдаа багшийн туслахаар орох байдлаар хөнгөлж болно. Зарим сургууль нь долоо хоногт 13-аас дээш цаг ажилладаг ажилд орчихвол тэтгэлэг авахаас гадна сургалтын төлбөр тэг болчихдог ч сургууль байсан.

Зээлийн хувьд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр хамтрагч болсон сургуулиуддаа зээл олгодог байгууллага байдаг. Тэдний зээл авах үйл явц нь их энгийн, бүх юм нь ойлгомжтой. Хэдэн доллар авч болох, дараа нь сард хэдэн долларын зээл төлөх вэ гэсэн бүх мэдээлэл дэлгэрэнгүй байдаг.

Хэрвээ танд Америкт амьдардаг, ногоон карттай, таныг батлан дааж чадахуйц зээл авах хүн байвал  тэр хүнээр дамжуулаад Америкийн ямар ч банкнаас зээл авч болно. Ногоон карттай хүн зээл авахад хүү нь бага байдаг. Би 50 мянган долларын зээл авахаар болсон. Хүү нь өндөр ч зээлээ төлөх нөхцөл нь боломжийн байсан. Би суралцаж байх явцдаа зээлээ төлөөд, зургаан сарын дараанаас би бүхэл бүтэн 10 жилийн турш зээлээ төлнө. Би сурах боломжоо олж авч байгаагаа зээлийн дүнтэйгээ харьцуулах юм бол мэдээж зээлээ аваад сургуульдаа явсан нь хамгийн зөв сонголт болно.

Зарим сургуульд ажилд ороход төлбөрөөс хөнгөлөхгүй ч тохиолдол бий. Зарим нь энэ ажилд орвол 10 кредитийн төлбөрийг хөнгөлж өгнө гэх мэт. Хийж байгаа ажил бүрээсээ шалтгаална. Ерөнхий зардлаа тооцоод, хувиасаа хэдийг гаргах, хэдийг зээлэх, тэтгэлэг авсан бол тэрийгээ хасаад бүх сургуульдаа тооцоо гаргана. Колумбийн их сургууль нуулгүй хэлэхэд маш өндөр төлбөртэй. Миний сонирхсон хөтөлбөр 2,5 жил буюу 60 кредитийн төлбөртэй байсан. Кредитийн тоогоор төлбөр бодогддог, дээр нь өртөг өндөртэй Нью-Йорк хотод байдаг учраас зардал нь маш өндөр болж байсан.

Колумбийн их сургуулиас надад өгөх тэтгэлэг, дээр нь миний авч байгаа зээлийг бодохоор надад яагаад ч тохиромжтой санагдаагүй.  Санхүү бол яах аргагүй суралцахад том хүчин зүйл болдог. Төлбөрөө яаж хийж байсан талаар судалгаа хийхэд хүмүүс туршлагаасаа хуваалцдаг. Хамгийн гол зорилго нь суралцах учраас та мөрөөдлийн сургуульдаа оръё гэвэл төлбөр төлөх арга нь байдаг. Гаднын шаардлага хангасан хүмүүстээ өгдөг 5000, 10 мянган долларын тэтгэлэг гэж бий. Маш олон төрлийн сангууд байдаг бөгөөд олон төрлийн шалгуур байдаг учраас тэнцэх боломжтой тэтгэлгүүд гарч ирдэг. 

Колумбийн их сургуульд цаг нь таарвал “Obama foundation” сангийн тэтгэлэг зарладаг. Маш өндөр шалгууртай ч тэнцвэл ямар ч санаа зовох зүйлгүйгээр бүхнээ даалгаад сурах боломжтой. Сургуулиас хамаарсан тэтгэлгүүд бас байдаг. Эртнээс сайн судлах хэрэгтэй.

 Бид хоёр оюутан байхаас авхуулаад нийгмийн идэвхтэй оюутнууд байсан. Олон төрийн бус байгууллагад ажиллаж, төсөл хэрэгжүүлж, эерэг үр дүн гаргасан, нийгмийн идэвхтэй байснаа олон жилийн турш үргэлжлүүлсэн учраас зөвхөн өөрсдийгөө боддог биш, хүмүүсийн төлөө хичээж чаддаг юм байна гэдгийг харуулсан.

-Та хоёрын сургуульд тэнцэхэд нөлөөлсөн давуу тал нь юу байсан бэ?

Т.Баяр: Мэргэжлийн сонголт байж магадгүй. Яагаад гэвэл бид хоёр мэргэжлээ сонгохдоо бие биетэйгээ ярилцаж, асуулт асууж хариулж байлаа. Гол нь мэргэжлээ улам нарийн болгож өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, карьерын хувьд хийж байсан шилжилтүүд хүмүүст сонин сонсогдож магадгүй. Хүмүүс надаас “Санхүүгээр төгсөөд банканд ажиллаж байснаа англи хэлний багш болсон гэнэ үү? Яагаад?” гэж их асуудаг. Тэр  шилжилт хөдөлгөөнийг би өөрийн зорилготойгоо уяад өгчихсөн. Ерөнхийдөө эссенээс өөдрөг өнгө харагдахаар, сургуулийн зорилгод нь сайн тохируулсан. Миний талаар уншаад болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн учраас тэнцсэн. Давуу талаа сайн гаргах хэрэгтэй. Колумбийн их сургууль жишээ нь 20 хүний нэг нь тэнцдэг байлаа гэхэд хөтөлбөр тус бүр дээр 20 хүний нэг нь тэнцдэг гэсэн үг биш. Хөтөлбөр нарийн байх тусмаа тэнцэх магадлал нэмэгддэг. Мэргэжлээ сайн судалсан нь давуу тал болсон байх аа.

Э.Цэлмэг: Бид хоёр оюутан байхаас авхуулаад нийгмийн идэвхтэй оюутнууд байсан. Олон төрийн бус байгууллагад ажиллаж, төсөл хэрэгжүүлж, эерэг үр дүн гаргасан, нийгмийн идэвхтэй байснаа олон жилийн турш үргэлжлүүлсэн учраас зөвхөн өөрсдийгөө боддог биш, хүмүүсийн төлөө хичээж чаддаг юм байна гэдгийг харуулсан. Хоёрдугаарт,  эссендээ тодорхой нэг асуудал байгааг шийднэ гэсэн хүсэл эрмэлзэл байгааг харуулсан. Энэ сургуульд сурснаараа би өөрөө мундаг, баян болоод би ингэнэ гэсэн өнцгөөс бичээгүй. Бид хоёр би энийг сураад энэ асуудлыг шийдээд, ирээдүйд Монголын боловсролд ийм  хувь нэмэр оруулна гэсэн тодорхой зорилго, асуудлыг шийдэх тодорхой төлөвлөгөөгөө харуулсан учраас тэнцэх магадлал нь өндөр болсон байх гэж бодож байна.

-Та хоёр Америкт суралцах боломж гээд Фэйсбүүк хуудас ажиллуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх болсон шалтгааныхаа талаар ярихгүй юу?

Т.Баяр: Э.Цэлмэг бид хоёр сургуульд өргөдлөө өгөхдөө алдаж оносон зүйл их бий. Би дипломын үнэлгээ гэдгийг мэдэхгүй явсаар байгаа хоцрохоо дөхсөн. Америкт сурна гэхээр IELTS өгөөд л болчихдог юм биш. Санаанд ороогүй алхмууд их байдаг. Бодоогүй байтал нотариат орно, ингэнэ тэгнэ, онгоцоор, шуудангаар явуулангуут нэмэлт төлбөр гарна гэх мэт. Бодоогүй их юм гараад байсан учраас, дээр нь бид хоёр бүгдийг нэг бүрчлэн туулаад, нарийн мэдээлэлтэй болсон учраас,  мөн гол зорилго маань бид хоёр өөрсдөө багш байсан тул хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгье гэж шийдсэн. Өөрсдийн мэдэж байгаа зүйлээ контент болгоод, үнэтэй биш, 20-30 мянган төгрөгөөр, үзсэн хүмүүс хангалттай, хэрэгцээтэй мэдээллээ аваад, гол нь бид хоёрын алдах гэж байсан, алдаж байсан алдааг гаргахгүйгээр цагаа товчлох зүйл хийе гэсэн санааг гаргаад, сургалт хийж, энэ хуудсыг хөтлөөд явж байна. 

Э.Цэлмэг: Саяхан бид хоёр эхний ээлжийн сургалтаа ороод, манай хүмүүс төгсчихсөн. Тэд маань их сэтгэл өндөр байгаа. Өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй, нарийн дэлгэрэнгүй мэдээллүүд авсан гэсэн сэтгэгдэл их байсан. Тавдугаар сарын 24-нөөс шинэ элсэлтээ авсан. 

Т.Баяр: Хуудсаа хөтөлж байгаа зорилго нь хэтдээ консалтингийн чиглэлээр ажиллая гэсэн бодол байгаатай холбоотой. Тэр чиглэлээрээ одооноос хүмүүст чадахаараа зөвлөгөө өгч, туршлага хуримтлуулж байгаа гэж хэлж болно. Хүмүүс их хандаж байгаа. Ихэвчлэн энэ чиглэлээр асуулт асуудаг учраас цаашдаа сургалт хийж, контент бэлдвэл зүгээр юм байна гэж ярилцаж байсан. 

Бараг 1000 хуудастай маш зузаан тэр номын бүх үгийг нь тольдоод ч хамаагүй суудаг байлаа. 24 цагийн 13 цагийг нь тэр номонд зарцуулдаг байсан. Бүтэн хоёр сар тэгж сууснаар англи хэл маань сайжирсан.

-Хүмүүс та хоёрыг англи хэл яаж сурсан бэ гэж сонирхож байж магадгүй.

Э.Цэлмэг: Би сургалтын төвд сууж үзээгүй. Энгийн улсын сургуульд сурдаг байсан. Багаасаа би кино их үздэг байлаа. Хэлэндээ багаасаа дурласан. Ахтайгаа нууцаар англиар ярьж давтдаг байлаа. Уг нь би өөр мэргэжилтэй хэрнээ эцсийн үр дүндээ миний амьдрал англи хэлтэй холбоогүй хийж байсан үйлдэл байхгүй байсан. Тиймээс англи хэл миний чаддаг зүйл, хүмүүстэй хуваалцаж болох зүйл юм байна гэдгийг олж мэдсэнээс хойш улам их хэлэндээ  дурлаад, бусад хүмүүсийг ч дурласан мэдрэмжийг аваасай гэж бодсон болохоор англи хэлний багш болж байсан. 

Т.Баяр: Би англи хэлдээ сайн байгаагүй. Дундаж түвшинтэй л байсан. Их сургуульд суралцаж байхдаа би олимпиадад бэлдээд, олимпиадын унших материал нь англиар байсан. Бараг 1000 хуудастай маш зузаан тэр номын бүх үгийг нь тольдоод ч хамаагүй суудаг байлаа. 24 цагийн 13 цагийг нь тэр номонд зарцуулдаг байсан. Бүтэн хоёр сар тэгж суусан. Тэгсэн чинь миний англи хэл их сайжирсан. Хүн хэлийг хэрэглэх хэрэгтэй. Чадахгүй байсан ч тольдоод, ойлгохгүй байсан ч ойлгох гэж гүрийгээд, нухах байдлаар ард нь гарч байсан. Тэрний ард гарсны дараа миний англи хэл сайжирсныг би гэнэт мэдэрсэн.

Ном уншаад, кино үзэхээр хэл сайжирдаг гэдгийг ойлгосны дараа англи хэл дээрх дуртай номууд авдаг болсон. Гол нь өдөр тутамдаа толгой руугаа англиар юм оруулж байя гэж бодож эхэлсэн. Англи хэлний багшаар би санаанд оромгүй байдлаар ажиллаж эхэлсэн. Англи хэлдээ сайжирсан нь яах аргагүй багшлах гэж боддог.  Хүүхдүүдэд хичээл заахын тулд би өөрөө мэдэж байх ёстой учраас нэгд нэгэнгүй нухаж, бүгдийг нь судалж, өдөр тутамдаа англи хэл ашиглах байдлаар нэлээн сайжирсан гэж боддог.

-Э.Цэлмэг IELTS-ын ярианы шалгалтад бэлдэхдээ Т.Баяр та хоёр хамтдаа харилцаж ярьж бэлдэж байсан тухайгаа ярьсан.

Э.Цэлмэг: Би гурван жилийн өмнө 2018 онд анх IELTS өгч байсан. Тухайн үед банканд ажиллаж байхдаа ажлынхаа хажуугаар өөрөө бэлдэж байгаад шалгалтаа өгч байлаа. Би яриандаа сайн бэлдээгүйгээс болоод сандраад тухайн үед яриан дээрээ 6,5 авч байсан. Сүүлд хэдэн сарын өмнө IELTS өгөхдөө яриан дээрээ муу авчих вий гэсэн айдас их байсан. Бид хоёр  хоёр долоо хоногийн турш сайн бэлдсэн. Тодорхой нэг сэдэв өгөөд бие биедээ асуулт асууж бэлддэг байлаа. Тэгээд шалгалтдаа ороход миний төсөөлж байсан шиг айдастай орчин байгаагүй. Шалгагч маань их эелдэг хүн байсан учраас найзаа гэж бодъё гээд чөлөөтэй, шалгалт өгч байгаа гэсэн мэдрэмжээ мартчихсан  ярьж эхэлсэн.  Тэгээд 8,5 оноо авсан даа. Би тэрэндээ итгэж чадаагүй.

-Өөртөө итгэлгүй, би суралцаж чадахгүй байх аа гэсэн залуучуудад зөвлөгөө өгвөл?

Т.Баяр: Та бодож байгаа бол чадна гэсэн үг байдаг.  Бодлын үзүүрт гадаадад суралцъя гэсэн бодол байдаг бол та магадгүй заавал энэ жил явах гэж шахах албагүй. Та ямар нэгэн зүйл хийе гэж гурван удаа бодох юм бол эргэлзэхгүйгээр хий. Хэрвээ гадаадад суралцах бодол байгаа бол шууд чаддаггүй юм гэхэд дотроо тээгээд л яваад бай. Битгий унтраа. Жаахан ч гэсэн асаад байж байх хэрэгтэй. Зөв цагтаа дүрэлздэг.

Надад ч мөн яг одоо явах ёстой цаг нь мөн байна гэсэн дохио  ирсэн. Тэр хүртлээ би өөрийгөө бэлдэж байсан болохоор тухайн үеэс авхуулаад ирэх жил явахын тулд яах вэ гэсэн бүх алхмаа тодорхойлсон. Тэр мундаг, би муу гэж өөрийгөө голох хэрэггүй. Өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг хамгийн утгагүй зүйл. Би ч, та ч дахин давтагдашгүй. Магадгүй танаас илүү мундаг явж байгаа хүн байж болно. Таны туулсан амьдрал дахин хэзээ ч давтагдахгүй учраас та ч бай, хэн ч бай Харвардад тэнцэх боломжтой. Америкийн хүссэн сургуульдаа явах боломжтой.

Бүх хүнийг онцгой гэж үзээд бүх хүнийг олон талаас нь судалж үздэг. Хамгийн гол нь өөрийгөө л голохгүй, оролдоод үзэх бодол төрж байгаа бол оролдоод үзэх хэрэгтэй.нэг алхам хийсэн байхад дараагийн алхам тодордог. Хичээж байгаа гэсэн шиг үүд хаалга нээгддэг. Сүртэй юм хийгээгүй юм шиг хэрнээ эргээд харахад маш их юмыг туулсан байдаг. Гэхдээ олсон дээгүүр алхаж байгаа юм шиг хэцүү мэдрэмж аваагүй. Зүгээр л хийх ёстой ажлаа хийж байгаа мэт санагдсан.  

 Одоохондоо тодорхойгүй боломжгүй мэт санагдсан  ч ирээдүйд олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаарай.

Э.Цэлмэг: Би оюутан байхаасаа Америкт суръя гэсэн бодол байсан ч эргээд харахад зоригтой, чанартай алхам хийж байгаагүй юм шиг санагддаг. Би Фулбрайтын тэтгэлэгт материалаа явуулж байсан ч нэгдүгээрт бэлтгэлгүй, хоёрдугаарт цагийг нь тулгаж материалаа явуулаад, гуравдугаар шатнаасаа хасагдаж байсан. Би анх 100 хувь тэтгэлэг олох ёстой юм байна. 100 хувь тэтгэлэг олохгүй бол надад явах боломж байхгүй юм байна гэсэн хайрцагт орчихсон байсан.

Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл багаараа яв гэдэг шиг нэг зорилгын хүрээнд бүх замыг хамтдаа туулах найзтай байвал маш хэрэгтэй. 

Гэтэл үнэндээ яагаад хүн надад 100 хувийн тэтгэлэг олгох ёстой гэж. Яагаад би өөрийнхөө төлөө хичээх ёстой биш гэж гэж бодсон. Олон юманд бүтэлгүйтсэн ч бууж өгөөгүй, шантраагүй. Тууштай явсаар л байлаа. Тэгээд өнгөрсөн жил цаг хугацаа бүрдээд, өөрөө алхам алхмаар урагшлаад явангуут зам нь тодроод ирдэг юм билээ. Өмнө нь хүн надад хийж өгөх ёстой юм шиг боддог байсан бол энэ удаад би өөрөө ухамсарлаад бага багаар урагшилсан. 100 хувь тэтгэлэг авахгүй байсан ч надад явах боломжууд гарч ирэх тусам дахиад өөр дараагийн алхмууд гарч ирсэн. Одоохондоо тодорхойгүй боломжгүй мэт санагдсан  ч ирээдүйд олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаарай. Та хичээвэл таны төлөө бусад хүмүүс, хорвоо ертөнц тэр чигээрээ хичээдэг шүү гэдгийг маш сайн санаарай. 

Т.Баяр: Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл багаараа яв гэдэг шиг нэг зорилгын хүрээнд бүх замыг хамтдаа туулах найзтай байвал маш хэрэгтэй. Жишээ нь Э.Цэлмэг бид хоёр хамтдаа бэлдэж эхлээд, хамтдаа явж, бие биеийнхээ анзаараагүйг анзаарч, нэг юм нь болохгүй бол нэгнийгээ дэмжиж хамтаар явснаар ганцаар явахад хүрэхээргүй зүйлд хүрч чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс зорилго нэгтэй найзтай болж аваад хоёулаа хамтдаа чадах үнэхээр гоё байдаг. 

-Үнэтэй зөвлөгөө өгсөн та хоёрт маш их баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан