Иргэд овоонд хадаг, мөнгө тавих, модонд хадаг уях үзэгдэл хавтгайрсан. Үүнийг шүүмжлэх нэг хэсэг байдаг ч энэ үзэгдэл арилахгүй байгаа юм. Шашин судлаач Б.Баянбат хүмүүсийн овоонд өргөсөн, модонд уясан хадгийг цуглуулж чөдөр, ногт, хазаарын жолоо, зэлний уяа зэрэг адууны хэрэгсэл хийн, ахуйдаа хэрэглэж байна. Түүнтэй холбогдож, байгаль орчинд ээлтэй энэ санаачилгынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Байгальд өргөсөн хадгийг цуглуулж, адууны хэрэгсэл хийж байгаа энэ ажлын тань цаана байгаль орчноо хайрлан хамгаалах том агуулга явж байна. Та хэзээнээс хадаг цуглуулж чөдөр, ногт хийх болов?
-Би ер нь хадаг цуглуулах гэж зорьж хээрээр явдаггүй. Харин явсан газартаа уул овоо, модыг хадагнаас чөлөөлж, шатаагаад орчныг нь цэвэрлээд орхидог зуршилтай. Авч, шатааж байхаар хадаг цуглуулж, иргэдийн итгэж сүсэглэж тавьсан эдийг монголчуудыг адууны соёлтой холбож, гурван жилийн өмнөөс адууны хэрэгсэл хийх болсон. Мод, овоонд өргөсөн хадгаас гадна гандангаас их хэмжээгээр хадаг авсан. Нийт 13-14 шуудай хадаг цуглуулж, хүнээр сүлжүүлсэн юм.
-Хадгаар чөдөг, ногт, хазаарын жолоо, аргамжаа хийх нь хэрэглэхэд ямар байна вэ. Моринд халгаагүй юү?
-Хадгийг эхлээд 2-3-аар нь давхарлаж сүлжинэ. Дараа нь дахин 2-3-аар нийтгэж, бүдүүн бат бөх болгоно. Моринд халгаагүй зөөлөн, бат бөх, хэрэглэхэд эвтэйхэн болдог юм билээ. Би энэ ажлыг хийхдээ хүмүүст сэдэл төрүүлээд, олон түмэн цааш нь дэлгэрүүлэх болов уу? гэж бодсон. Энэ бүхний цаана байгаль орчноо хамгаалах, байгальдаа ээлтэй амьдрах зорилго оршиж буй юм.
-Хадгаар сүлжсэн адууны хэрэгслийг малчид хэрэглэж байна уу?
-Одоогоор би л өөрөө хэрэглэж байна. Би хотын хүн, зун амралтаараа нутагтаа морь малын захад амарч яваа юм. Энэ мэдээллийг цахим хуудаснаа тавихын өмнө би нэлээд бодсон. Лам, бөө, багш гэж итгэж сүсэглэсэн хүн нь байгальд хадаг өргө гэж хэлдэг байх. Хүний сүсэг бишрэлийн илэрхийлэл болсон зүйлийг эрээ цээргүй аваад байхаар нэг талаас надад дургүйцэх хүн их гарна. Дургүйцэж шүүмжлэх нэг хэсэг байхад, зөв гэж дэмжих хүн илүү жин дарж байна даа. Нөгөө талаас миний сүсэглэж уясан хадгийг хэн нэгэн галзуу солиотой хүн аваад байх юм байна гээд байгальд тавихаа больж магад гэж бодсон юм.
-Овоонд хадаг тавьж, модонд уялаа гээд байгаль орчинд хор болохоос өөр сайн зүйл байхгүй шүү дээ. Та шашин судлаач хүн байна. Шашны талаас нь юу гэж тайлбарлах бол?
-Монголчуудын ёс уламжлалыг харахад овоонд чулуу л өргөдөг байсан. Бүр дээхнэ үед адууныхаа дэл, сүүлнээс тасалж аваад, нэр, жилээ шившээд хийморийн дарцаг шиг уядаг байв. Бэлийн чулуу оройд гарахыг хүсдэг гэж үг бий. Тиймээс чулуунд хүслээ шивнээд, уулын оройд гаргаж тавьдаг зан заншил байсан. Хадаг уядаг бол сүүлийн 30 гаруй жилд хавтгайрсан үзэгдэл шүү дээ.
Хадаг хүндэтгэлийн зүйл учир багш шавь барилдах зэрэг хүндтэй үйлд, маш цөөн тохиолдолд хэрэглэдэг байсан. Одоо элбэг болоод ингэж замбараагүй хэрэглэж байна. Хадгийг ундааны хуванцар сав хийдэг материалыг нарийн утас болгоод хийдэг учир гялгар ууттай адил байгальд удаан шингэдэг. Дээр нь сүү, идээ цацаад, тахилга хийсний дараа бол өмхийрчихсөн байдаг. Ялангуяа төрийн тахилгын дараа хадаг яндарт шингэсэн тэр их идээ будаа, сүү, шүүсэнд ялаа батгана шаваад тэр сайхан байгаль жорлон шиг айхтар юм болдог. Сайн сайхныг бодож, сүсэглэж хангай дэлхийдээ байгальд хоргүй, шингэх зүйлсийг өргөж сурмаар байгаа юм.
-Байгаль орчиндоо ээлтэй амьдрах хүсэл тань ийм ажил, санаачилга болж хувирчээ?
-Тийм ээ. Яг ийм ажлаар зорьж явахгүй ч, явж байгаа газартаа хадаг байвал аваад шатаачихдаг байсан. Арав гаруй хайрханыг хадагнаас салгаж, цэвэрлэсэн. Бас овоонд мөнгө ихээр тавьж, улсын мөнгөн тэмдэгтийг үрэн таран хийж байна. Байгальд тавьсан мөнгө сүү, цагаанд будагдаж, үрэгдэж хийсээд алга болно. Хүмүүс минь, энэ бүхнийгээ одоо бодмоор байгаа юм.
Сүүлийн үед хүмүүс эх орондоо сайхан аялж, хогоо аваад явдаг болж байна. Хогоо хаяад, бүр шилээ хагалаад явдаг хүн ч бий. Дараагийн хүн хөл гараад зүснэ бэртэнэ биз дээ, ингэмээргүй байна. Байгаль орчинтойгоо зөв зохистой харьцаж, хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ эрүүл онгон байгалиа өвлүүлцгээе гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!