Хакүхо 13 дахь өдрийн барилдаанд Чиётайкайг өвдөг шороодуулсны дараа Японы хэвлэлүүдэд “Сэйхакү (Асашоёорюүгийн шёо-гийн өөр нэг дуудлага сай) жидай” буюу “хөх цагааны үе” эхэллээ хэмээн бичлээ. Мэргэжлийн сүмод нэгэн үед эн тэнцүү өрсөлддөг хоёр ёкозүнагаар ийнхүү тухайн цагийг нэрлэдэг хуультай.
Хавайгаас гаралтай ёкозүна Мусашимаруг зодог тайлснаас хойш ганцаараа их аварга цолтой 21 дэх башёдоо зодоглосон Асашёорюү ийнхүү “хань”-тай боллоо. Хоёр аваргатай тохиолдолд хоёулаа гадаадынх болсон нь 2003 оны гуравдугаар сараас Кюүшюүг башёг хүртэл барилдсан Мусашимару, Асашёорюүгаас хойш анхных аж.
“Монгол улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат” хэмээх сурвалжилсан тэмдэглэл, бодол эргэцүүлэл, дурсамж ярилцлагаас бүтсэн номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамж” гэсэн бэсрэг бүлгийн хойморт аваргын бага хүү, аавынхаа адил Монгол улсын нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа нэрт сүмоч Мөнхбатын Даваажаргалыг урьж аав ээжийнх нь тухай, сүмо бөхийн дэвжээнд залуу насны ид хавыг гайхуулан хүч сорьж яваа тухай хуучилснаа уншигч олонд хүргэхийг зорилоо.
-Бөхчүүдтэй хуучилж явахад нутаг ус, бага нас, аав
ээжийнхээ тухай дурсан ярих сайхан байдаг гэдэг. Ярьж байгаа хүнд битгий хэл
яриаг нь сонссон надад хүртэл сайхан санагддаг юм. Алс холын хүний нутагт
суугаа танд хүүхэд ахуй нас, аав ээжийнхээ тухай дурсан ярих ч бас сайхан
байлгүй?
-Тиймээ, энэ тухай
дурсан ярих сайхан байна. Би аавынхаа 44, ээжийнхээ 37-тойд 1985 оны
гуравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн.
Нийслэлийн унаган иргэн. Аав могой, ээж хулгана, би үхэр жилтэй, аав бид хоёр
ивээл жилтэй юм. Миний хүүхэд ахуй нас нэгдүгээр 40 мянгат, 50-р дэлгүүрийн
орчимд өнгөрч, хэзээ ч мартагдашгүй олон сайхан дурсамж эндхийн байшин барилга,
гудамж талбайд шингэж үлдсэн дээ. Би нэг ах, гурван эгчтэй, айлын отгон хүү
болохоор эрхдүү өссөн гэхүү дээ. Тэгэхдээ зөв эрх байх шүү.
Аавыгаа алдартай том бөх гэдгийг мэддэг болсон цагаасаа л бахархаж, үеийнхэндээ манай аав олимпийн наадмаас мөнгөн медаль авч байсан, би алтан медаль авна гээд ярих. Аавын минь авч байсан тэр олон медаль, шагнал, хүмүүсийн аавд элгэмсүү хандаж байгаа байдал энэ бүхэн аяндаа ааваараа бахархах, омгорхох сэтгэлийг надад төрүүлдэг болсон. Ээж минь хүний их эмч, бид тавыг төрүүлж өсгөж хүмүүжүүлэх, айл гэрийн арын албыг дааж, ачааны хүндийг үүрч явсан хүн дээ. Ээжийн минь ээж Д.Дулам гэж ардын хувьсгалын үйл хэрэг, эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан сайхан буурай байсан. Их өндөр наслаад саяхан бурхан болсон доо.
Монголд барилдаж ноцолдож өсөөгүй хүүхэд байх биш. Одоо эмэгтэй нь ч барилддаг болсон. Байрныхаа гадаа, сургууль дээрээ их барилдана. Тэгэхдээ чөлөөт, самбо, жүдо бөхийн секц дугуйланд явж хичээллэж байгаагүй. Харин бараг хөлд орсон цагаасаа л аавыг даган заал танхим хэсэж, бөхийн барилдаан их үзнэ. Тэр сайхан бөхчүүдийг хүүхдийн нүдээр бүр дэргэдээс нь харж бахархаж, эдэн шиг бөх болохсон гэсэн хүсэл мөрөөдөл хүүхэд ахуй насны минь балчирхан оюун ухаанд шингэж үлдсэн нь мэдээж. Барилдах ноцолдох дуртай ч бие жижиг болохоор ч тэр үү аав барилдах болоогүй гээд зөвшөөрдөггүй байсан. Аав минь бөх, аавыгаа дагаж их багаасаа барилдаан үзсэн болохоор олон мэх мэддэг, зарим нэгийг нь гудамжинд үеийнхэнтэйгээ ноцолдож явахдаа хийдэг байв. Баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдаж нэг хоёр давж есөн хөлт цагаан тугаа тойрч бас үзсэн шүү.
Би 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд 1992 онд орж
наймдугаар анги хүртлээ суралцсан. Манай анги туйлын эвсэг сайхан хамт олон
байсан. Ийм сайхан хамт олныг бүрдүүлж чадсан Ц.Цэрэнхүү багшийнхаа удирдан
зохион байгуулах чадвар, өндөр мэдлэг боловсролыг одоо ч гэсэн санаж хүндэтгэж
явдаг юм. Олон удаагийн уралдаан тэмцээнд ангиа зохион байгуулан оролцож явсан.
Ангийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч нь байлаа. Тэр үедээ Жордан шиг сагсан
бөмбөгч болохыг мөрөөдөж, түүний зураг хөргийг нь цуглуулна. Хичээл тарсны
дараа ангиараа “баавгайн чих” хэмээх тоглоом байнга тоглож хөгжилдөж явснаа
эргэн дурсахад сайхан байна. Ёстой салахын эрхээр биш, салаа замын эрхээр
2000 оны эцсээр наймдугаар ангиасаа Япон орныг зорьсон доо.
Анх ирчихээд аав ээж, нутаг орноо их санадаг байсан. Ах нартайгаа хооллож,
бэлтгэлээ хамт хийж нутаг орноо ярихаар их сайхан, Монголдоо очсон юм шиг л
болдогсон.
Хүүгээ анх явсны дараа их санадаг байлаа
(Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамир)
Хүүгээ 2000 онд Япон явсных нь дараа их санадаг байсан. Хүүгээ санахаар “Нисээд
очмоор санагдана” гэсэн дууны үг өөрийн эрхгүй бодогдож, ёстой болдогсон бол
хүү дээрээ нисээд ч болов очихсон гэж боддог байлаа. Анх хүү минь хааяа нэг
утсаар ярина. Утсаар ярихаар нь сэтгэл нэг сайхан онгойж хүүтэйгээ уулзчихсан
юм шиг санагддаг байсан даа.
-Монгол улсынхаа иргэний үнэмлэхийг аваагүй жаахан “амьтан”
гадаад паспорт өвөртлөөд Япон явсан юм шүү дээ гэж аав тань дурсан ярьсан
байдаг. Япон орныг зорих болсон тухайгаа хуучилна уу?
-1999 онд байх,
Кекүшюүзан Д.Батбаяр ахын аав Д.Даваа гуай манайд ирж аавтай уулзаж хүү
Д.Батбаярынхаа “Хүүгээ сүмогоор хичээллүүлэхгүй юу” гэсэн хүсэлтийг уламжилж
билээ. Аав ээж хоёр ч юм яриагүй. Харин би дуртай байсан. Тэр зөвлөмжийн дагуу
Д.Батбаяр ахын аав Д.Даваа гуайг дагаж бидний долоон хүүхэд 2000 оны аравдугаар
сарын 25-нд Япон руу ниссэн юм. Би Осакад анх 170 см өндөртэй, 60 кг жинтэй “амьтан”
ирсэн. Тэр лагс лагс том биетэй бөхчүүдийг хараад сүрдэж, юун сүмоч болох,
бушуухан буцах л юмсан гэж бодож явсан.
Кёкүшюүзан Д.Батбаяр ах жин, өндөр хүрэхгүй гологдож явсан
намайг одоогийн “Миягино” дэвжээний эзэн оякатад зөв танилцуулж ойлгуулснаар
сүмоч болох үүд хаалга минь нээгдсэн дээ.
Анх жин, өндөр хүрэхгүй гологдож явсан хүү Кёкүшюүзан Д.Батбаяр ахынхаа тус
дэмээр сүмогийн дэвжээнд хөл тавьж, доод зиндаануудыг богинохон хугацаанд
туулж, “сэкитори” болж билээ?
Би 2001 оны гуравдугаар сард сүмо бөхийн дэвжээнд анх хөл тавьж, тавдугаар сард
хамгийн доод жонокүчи зиндаанд барилдсан. Жонокүчи зиндаанд хоёр башё барилдаад
жонидан зиндаанд дэвшиж, тэндээ гурван башё болоод макүшитад орсон. Макүшитад
таван башё барилдаад 2004 оны Хацү башёд жюүрёо зиндаанд дэвшснээр Монголын
зургаа дахь сэкитори болсон доо. Доод зиндааныхан чинь бүх бөхчүүдтэйгээ
барилдахгүй, ойролцоо даваатай бөхчүүд хоорондоо барилддаг журамтай. Би
жонокүчи, жонидан, санданмэ, макүшита доод дөрвөн зиндаанд 18 башё барилдахдаа
хоёр удаа тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй байдаг юм. Зиндаа дээшлэх тутам
хариуцлага нэмэгддэг.
Монголын 6 дахь сэкитори төрлөө
Мэргэжлийн сүмогийн дээрээсээ хоёр дахь зиндаа жюүрёогоос Асасэкирюү Б.Дашням
дээд зиндаа макүүчид дэвшсэнээс хойш нэг хэсэгтээ жюүрёо зиндаа монгол бөхгүй
байсан.
2003 онд макүшитад таван башё дараалан тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн залуу
сүмоч Хакүко М.Даваажаргалыг 2003 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улсыг
тунхагласан билэгт сайн өдөр жюүрёо зиндаанд дэвшин барилдах болсныг зарласан
билээ. Монголын их аваргын хүү, 18 настай М.Даваажаргал ах нарынхаа замнасан
замаар монгол бөхийн сүр хүчийг үзүүлэн Монголын зургаа дахь сэкитори
боллоо. Жюүрёо, макүүчи зиндаанд барилдаж буй бөхчүүдийг “сэкитори” гэдэг. 18
настайдаа жюүрёо зиндаанд дэвшсэн цөөн бөхийн нэг гэдгээрээ сүмогийн түүхэнд
мөнхрөн үлдэх билээ.
Аагаа барьж барилдаж байгаа нь гайхалтай
(Монгол улсын начин, гавьяат тамирчин Ш.Чанрав)
Хөл хонго гуя их сайтай, яваандаа хүзүү нь зузаараад, бүх юм нь тэнцээд
ирэхээр унах нь ч их ховордоно доо. Уг нь аатай залуу байх ёстой. Аагаа их сайн
барьж барилдаж байгаа нь гайхалтай.
-Өөрийг тань жюүрёод дэвших болсныг сонсоод бөхөө
хайрлан хүндэлдэг ард түмэн маань их баяртай хүлээж авсан. Жюүрёод түрүүлэхэд
бүр ч их баярласан. Аваргын хүү болоод ч тэрүү монгол хүн бүрийн сэтгэлд омог
төгөлдөр бууж байсан шүү?
-Би сэкитори болж 2004 оны Хацү башёд 12-оос босч барилдахдаа 9 давж 6 унаж
тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн учир чансаа ахиж Осакагийн Харү башёд 8-д
бичигдсэн. Жюүрёод дээд зиндаанаас буусан арга техник сайтай, жин ихтэй бөх
олон болохоор өрсөлдөөн ихтэй хэцүү. Харү башёгийн сүүлчийн өдөр Гожорог
какэнаге мэхээр ялж 12 дахь даваагаа авснаар “Ойтэказе” дэвжээний Хаятэүмитэй
тэнцэн хэн түрүүлэхийг шийдэх нэмэлт барилдаанд ёрикири мэхээр давснаар анх
жюүрёо зиндаанд түрүүлсэн. Ингэхдээ цагтаа сэкивакэ цолтой барилдаж явсан
Такановака, Дайманазүрү, хашир туршлагатай Хаманишики, Тамакасүга, Солонгосын
Касүгао, нутгийн Ама Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар нарын бөхчүүдийг
өвдөг шороодуулж байлаа. Хэдий түрүүлсэн ч надаас дээгүүр чансаатай тавиас дээш
хувийн амжилт үзүүлсэн бөхчүүд олон болохоор макүүчид дэвшин барилдах нь
эргэлзээтэй байсан. Нацү башёгийн банцүкэ гарахаас өмнөхөн макүүчид дэвшин
барилдах болсон баярт мэдээг дэвжээний ояката маань надад дуулгасан.
Монгол сүмочдын анхных
Японы Сүмо бөхийн түүхэнд 18 настайдаа дээд зиндаа-макүүчид дэвшин барилдсан
дөрөвхөн бөх байсан бол Монголын М.Даваажаргал тав дахь нь боллоо. Харин
монгол сүмочдын хувьд анхных гэж түүхэнд үлдэх болно.
Аавынхаа аархуу авирыг өвлөөсэй билээ
(Монгол улсын ардын
уран зохиолч Б.Лхагвасүрэн)
М.Даваажаргал их ухаалаг хүү харагддаг, уяхан сэтгэлтэй, зөөлөн барилддаг
хүүхэд шиг байна лээ. Д.Дагвадорж ах шигээ дайраад шудраад байхгүй юм. Том бөх
болох байх аа. Яваандаа аавынхаа аархуу авирыг өвлөөсэй билээ.
-Дээд зиндаанд дэвшиж анхныхаа башёд зодоглохдоо
дуулиантайхан барилдаануудыг үзүүлж их аварга Д.Дагвадорж ахынхаа түрүүлэх
замыг засаж өгч билээ?
-Би Токио хотод болсон Нацү башёд анх дээд зиндаанд дэвшиж барилдсан. Бэлтгэл ч
гайгүй, “эр хүний дотор эмээл хазаартай морь” гэдэг сайхан үг байдгийг санаж
тавиас дээш хувийн амжилт үзүүлэх зорилго өвөрлөж байлаа. Маэгаширагийн 16-гаас
боссон болохоор хэрэв муу барилдвал буцаад жюүрёо руу унах учир бас хичээсэн.
Д.Дагвадорж ах энэ жилийн Хацү, Харү башёд өвдөг шороодолгүй түрүүлчихсэн
байсан. Гэтэл зургаа дахь өдөр Хокүторикид өвдөг шороодчихсон. Хокүторики
дараагийн даваануудад их сайн барилдаад, би ч бас гайгүй үзэж хамгийн сүүлчийн
өдөр бид хоёр оноолтоор таалаа.
Хокүторики 13 даваатай хошуучилж, Дагваа ах нэг даваа дутуу араас нь нэхэж явсан. Хэрэв энэ барилдаанд Хокүторики давбал шууд түрүүлчих, би ялбал Дагваа ах озэки Чиетайкайг давж гэмээж нь Хокүторикитой нэмэлт барилдаан хийх ийм эгзэгтэй агшинд бид хоёр барилдсан. Дагваа ах, бусад ах нар маань тэвдэлгүй тайван барилдаарай гэж захиж байсан. Миний сэтгэл ч бас түгшиж байсан шүү. Монгол зон маань ч бүгдээрээ л намайг давчихаасай гэж хүсч байгаа шүү дээ гэж бодохоор түгшихгүй байхын аргагүй юм билээ.
Урьд орой нь Хокүторикитой хэрхэн барилдах тактикаа боловсруулсан. Дайрахад нь тохойг нь алгадаж тогтоож барьж авч барилдах бодолтой дэвжээнд гарсан. Харин тэр мэхэнд минь Хокүторокиг тэгж амархан уначихна гэж санаагүй. Түүнийг давчихаад эргэхэд сэтгэл минь хөнгөрөөд ирж билээ. Ингэж их аварга Д.Дагвадорж ахдаа Хокүторикитой нэмэлт барилдаан хийх боломж олгосон. Дагваа ах ч энэ зорилгоо итгэлтэй биелүүлсэн дээ. Дээд зиндаанд анх барилдахдаа тавиас дээш хувийн амжилт үзүүлж 12 даваагаар Нацү башёг өндөрлөсөндөө, их аварга Д.Дагвадорж ахынхаа түрүүлэх замыг засч өгсөндөө их баярласан.
Д.Дагвадорж ах түрүүлчихээд хонгилд надтай тааралдахад баярласнаа илэрхийлсэн. Орой нь намайг дэвжээндээ урьж “Макүүчид долоо дахь удаагаа түрүүлж, эзэн хааны цом хүртэх боломж нээж өгсөн дүүдээ туйлаас их баярлалаа. Бид хоёрын амжилтаар монголчууд маань ч бахархаж, баяр хөөр болж байгаа нь ойлгомжтой. Бид азтай аавын хүүхдүүд шүү дээ” гэж элэгсэг сайхан үг хэлж байсан даа.
Миний хүү чинь жаахан “амьтан” юм шүү дээ
(М.Даваажаргалын
ээж Ө.Тамир)
Миний хүү чинь жаахан “амьтан” юм шүү дээ. Энэ нь ганц нэг барилдаан дээр
мэдрэгдээд байдаг юм. Хүүг минь хүн бүхэн л хайрлаж хүндэлж байна. Баярлаж
суухаас өөр яах билээ. Төрийн минь сүлд, түмэн олны минь хайр ивээх байх аа.
-Та макүүчид дэвшиж, цөөхөн башё барилдаад л саньякү
цол хүртэж Д.Дагвадорж ахынхаа адил монгол түмнээ баярлуулсан даа?
-Дээд зиндаанд орж, дөрвөн башё барилдаад комүсүби цол хүртсэн. 2004 оны Кюүшюү
башёд маэгаширагийн 1-ээс босч барилдахдаа 12 давж шюкүншё-гарамгай барилдааны
шагнал авч комүсүби цол хүртсэн. Нэгдүгээр сарын тэмцээнд комүсүби цолтой
барилдахдаа 11 давж сэкивакэ цол хүртэх нь тодорхой болсон. Харин 2005 оны Харү
башёд барилдах бэлтгэлийг хэтрүүлээд хийчих шиг болсон. Би ер нь унтах,
ялангуяа өдөр унтах дуртай хүн. Тэр нойр авах цагаа энэ башёгийн бэлтгэлд
зориулсан. Бэлтгэлийг сайн хийсэн болохоор багш, найз нөхөд намайг дээгүүр
барилдана гэж итгэж байсан, би ч өөрөө гайгүй барилдчих болов уу гэж бодож
явсан. Гэтэл бие бялдар, сэтгэл зүйн хувьд дэндүү өндөр ачаалал авсан нь
барилдаанд минь нөлөөлсөн. Сэкивакэ цолтой барилдсан энэ башёд арайхийж найм
ялж билээ. Харин тавдугаар сард өөрийгөө тэгж чангалаагүй учир тавин хувийн
амжилтаа нэг их зоволгүй хийж сэкивакэ цолоо хамгаалсан.
-Дээд зиндаанд дөрвөн башё барилдаад комүсүби,
сэкивакэ цол хүртэж озэки цолонд тэмүүлж явах үед тань төрийн дээд шагнал “Алтан
гадас” одонгоор шагнасан нь их урам хайрласан биз?
-Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсандаа их баярласан. Тэр бүр
хүний энгэрт байдаг шагнал ч биш байх. Эх орон, ард түмний минь итгэл сэтгэл
шингэсэн шагнал. Бас Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн шагнал гардуулахдаа хэлсэн “хүчтэй”
үг ихийг бодогдуулсан. Тэр үгийг би байнга санаж явах болно. Ард түмэн маань
монгол үндэсний бөх шигээ сүмог үздэг болж, сүмочдыг хүндэтгэдэг болсныг хараад
бахархах сэтгэл төрсөн.
Магтаалд хөөрч, шүүмжлэлд хөл алдаж болохгүй
(Монгол улсын
ерөнхийлөгч Н.Багабанди)
Ж.Мөнхбат аварга бөхийн спортын олон төрлөөр хичээллэж, эх орныхоо нэрийг
дэлхийд дуурсгаж явсан алдартан. Хакүхо маань эцгийнхээ шийрийг хатааж, сайн
сайн бөхчүүдтэй ана мань хүч үзэж амжилттай барилдаж байна. Эцэг тань төрийнхөө
хайр хишгийг чамгүй хүртсэн, монголчуудынхаа самсааг шархируулж явсан гавьяатай
хүн. Хакүхогоо их амжилт гаргаасай гэж хүсч байна. Их аваргын барианд очиж
монгол түмнээ баярлуулаарай.
Магтаалд хөөрч, шүүмжлэлд хөл алдаж болохгүй шүү.
Японы ерөнхий сайд Ж.Коизүми гуай бид хоёр төсөрхөн хоёр ч удаа уулзсан. Бидний
ярианы сэдэв мэдээж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай байсан ч
Монгол-Японы харилцааны нэгэн гүүр болж буй сүмогийн тухай, тэр тусмаа
үндэснийх нь бөхийн дэвжээг эзэгнэн ид хаваа гайхуулж байгаа монгол залуусын
тухай чамгүй хөөрөлддөг юм. Ж.Коизүми гуай “Танай Хакүхо их аваргын орыг мөдхөн
залгана шүү” гэж хэлж байгаа нь их л таатай сонсогдож байсан даа.
-”Таныг 2006 оны Харү башёд 12, түүнээс дээш давбал
озэки цол олгоно” хэмээн сүмогийн холбооноос мэдэгдсэн нь сэтгэл зүйд тань
нөлөөлөх болов уу монгол түмэн нь санаа зовж байсан ч харин та итгэл төгс
барилдсаар 13 давж озэки цол хүртэж билээ.
-Би дээд зиндаанд дэвшээд, бүр комүсүби, сэкивакэ цолтой барилдахдаа 13 давж
үзээгүй явсан. Харин 2006 оны Хацү башёд 13 давж, дээр нь түрүүлэх магадлалтай
бөхийн тоонд орсон нь өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн байх. Харү башёг
Дагваа ах бид хоёр хамгийн түрүүнд найм давж 11 дэх өдрийг хүртэл их аварга бид
хоёр өвдөг шороодолгүй хошуучилсаар, энэ өдөр бид хоёр таарч барилдахад би давж
башёг хошуучилж эхэлсэн ч 12 дахь өдөр озэки Точиазүмад, сүүлчийн өдөр озэки
Кайод өвдөг шороодож 13 даваатайгаар башёг өндөрлөсөн.
Ёкозүна Асашёорюү бас 13 даваатайгаар Харү башёг дуусгаж бид хоёр аваргыг тодруулах нэмэлт барилдаан хийхэд Дагваа ах давж 16 дахь түрүүгээ авч, би озэки цол хүртэх болзлыг хангаж байсан даа.
Сүмогийн дэвжээ, озэки нарыг хүндэтгэж...
2006 оны Харү башёгийн сүүлчийн өдөр ёкозүна Асашёорюү озэки Точиазүматай,
сэкивакэ Хакүхо озэки Кайотай оноолт таарч барилдсан. Хэрэв озэки Точиазүма
ялагдвал ирэх тавдугаар сарын Нацү башед ёкозүна болох боломжоо, озэки Кайо
унавал озэки цолоо алдах, зодог тайлах ийм хариуцлагатай барилдаанууд байсан
учир Монгол, Японд төдийгүй манай гаригийн сүмо сонирхогчдын анхаарлыг зүй
ёсоор татаж байв. Гэвч манай хоёр бөх ялагдаж, япон озэки нар ялснаар Точиазүма
ирэх Нацү башёд мөрөөдөл болсон ёкозүно цол руу дахин нэг зүтгэх боломжоо
хадгалж, Кайо озэки цолоо хамгаалж, зодог тайлах аюулаас аврагдсан нь озэки
нарын фэнүүдийг баярлуулсан төдийгүй Монголын хоёр сүмочийн дахин барилдахыг
үзэх боломж олдсон.
Манай хоёр бөх сүмогийн дэвжээ, озэки нарыг хүндэтгэж монгол бөхийн тал шигээ
уудам сэтгэл гаргалаа, нэмэлт барилдаан хийж сүмо сонирхогчдыг баясгалаа хэмээн
хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр ярьж бичиж байсан сан.
Хакүхог харсаар байтал хүч чадал нь нэмэгдээд л...
(Ёкозүна Асашёорюү Акинори)
Энэ гуравдугаар сарын тэмцээн Осака башё биш, Монгол башё боллоо. Миний энэ
түрүү дурсамжтай сайхан түрүү. Манай Хакүхо ч харсаар байтал хүч чадал
нэмэгдээд л… Шинэ залуу бөхчүүд дороос хүч түрэн гарч ирж байгаа нь сүмог улам
сонирхолтой болгож байна. Би ч гэсэн дөнгөж 25-тай залуу хүн шүү. Хойшид бид
олон барилдах болно.
М.Даваажаргалын озэки цолын алдрыг тэмдэглэв
Одоогоос дөч шахам жилийн тэртээ Жигжидийн Мөнхбат хэмээх залуухан эр дэлхийн
аваргын анхны медаль, олимпийн их наадмын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч
“анхных” гэдэг спортын түүхэнд дахин хэзээ ч давтахгүй алдар хүндтэй эрхэм
үйлсийн эзэн болж байсан нь монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд баяр наадмын өнгө
аясаар хүрч, монгол айл бүрт баяр хөөр бялхаж байсансан. Тэгвэл өнөөдөр
Ж.Мөнхбат аваргын хүү М.Даваажаргал сүмо бөхийн озэки хэмээх эрхэм цол хүртэж
аав шигээ монгол түмнээ баяр хөөрөөр бялхааж байна.
Хакүхо М.Даваажаргалын озэки цолны алдрыг тэмдэглэх ёслолын ажиллагаа “Баянгол” зоогойд 2006 оны дөрөвдүгээр сард болж Хакүкогийн дэвжээний багш ояката Миягино, их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюүзан Д.Батбаяр, Рюүо Э.Санчирболд нарын сүмочид, төр засгийн эрхэм түшээд, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, зууны манлай уяач, гавьяат малчин Д.Даваахүү, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, далай аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр тэргүүтэй хүчит бөхчүүд гээд спорт урлагийн олон арван алдартан оролцож, нэгэн өдрийг баяр хөөрөөр бялхаж өнгөрөөсөн билээ.
Миний хүү бараг 100 жилийн дараа төрж буй озэки
(Хакүхо М.Даваажаргалын аав Ж.Мөнхбат)
Миний хүү 2006 оны Хацү башёд сэкивакэ цолтой барилдаж 13 давж сэкивакэ цолоо
хамгаалж, гуравдугаар сард мөн 13 давж озэки цол хүртлээ. 2006 оны
гуравдугаар сарын 29-нд Японд озэки цолыг албан ёсоор олгох ёслолын арга хэмжээ
боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад, зохион байгуулалт сайтай болдог
юм байна. Миний хүү “Миягино” дэвжээнээс 94 жил, бараг 100 жилийн дараа төрж
буй озэки цолтон. Япончууд миний хүүд нэн элэгсэг ханддаг, 65 дахь их аварга
Таканохана шиг зөөлөн хүн хэмээн үнэлж хүндэтгэдэг юм билээ. Би хүүгийнхээ озэки
цол хүртсэн энэ насан дээр ардын төрийнхөө баяр наадамд 2 дахь жилээ зодоглож
Өмнөговийн Б.Манлайжавт заларч барилдаанаа дуусгаж явлаа. Хүүгээ озэки хэмээх
эрхэм цол хүртэж, энэ их баярыг та бүхэнтэйгээ хуваалцаж, хамт тэмдэглэж
байгаадаа ихэд баяртай байна.
Магадгүй бурхан багш энэ удаа озэки цол...
(Озэки Хакүхо Мөнхбатын Даваажаргал)
Асашёорюү их аваргатай Харү башёгийн аваргын төлөө барилдаанд барьц аваад арай
яарчихлаа. Гэхдээ харамсах юм алга. Озэки цол хүртсэндээ их баяртай байна.
Магадгүй бурхан багш энэ удаад озэки цол л олгоё гэж бодсон ч юм билүү.
Яг Ж.Мөнхбаттай адил эцгийн ёсоор баярлаж байна
(Монгол улсын дархан аварга Х.Баянмөнх)
Өнөөдөр их баяртай үйл явдал болж байна. Ж.Мөнхбат бид хоёр баяр наадмын
дэвжээнд монгол бөх гэдэг гайхамшигтай спортын аваргын төлөө олон жил хүч үзэж
барилдсан. Нэг ёсны хөлс, зодог шуудагны ах дүүс. Ж.Мөнхбат аваргын хүү Японы
мэргэжлийн сүмод их сайн барилдаж озэки цол авсан энэ баярыг би яг Ж.Мөнхбаттай
нэгэн адил эцгийн ёсоор баяртай тэмдэглэж байна. Сэтгэл хөөрч үнэхээр их
баярлаж байна. Ж.Мөнхбатын хүүхдүүдийг барилдахгүй болохоор нь ингээд болчихдог
юм болов уу гэж бодож байсан чинь бурхны авралаар сайхан хүү гарч ирж
баярлууллаа. Бид хоёр Монголын арслан, Японы арслан хоёр хүүтэй боллоо.
Дээлийн зах мушгихын хэцүүг мэдэрч суудаг юм
(Монгол улсын далай аварга Г.Өсөхбаяр)
Өнөөдөр бүх хүний сэтгэл нэгэн зүгт чиглэсэн баяр хөөр бялхсан их сайхан өдөр
болж байна. Би хөдөөнөөс балчирхан хүү ирж, Ж.Мөнхбат багшийгаа дагаж бөхийн
зүлэг ногоон дэвжээнд анх хөл тавьж явахад М.Даваажаргал маань арван хэдтэй
жаахан банди байлаа. Тэр цаг үеийг өнөөдрийн өндөрлөгөөс дурсан санахад үнэхээр
сэтгэл ихэд хөдөлж байна. Дүү маань сүмо бөхөөр амжилттай барилдаж аав шигээ
Монголынх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваад их баяртай байна.
М.Даваажаргалтайгаа арван хэдтэйгээс нь ойр дотно явсан болохоор дүүгийнхээ
барилдаан бүрийг сэтгэл догдлон үзэж, дээлийн зах мушгихын хэцүүг мэдэрч суудаг
юм даа.
Ингэж нэг баярлах ёстой айл байсан юм
(Монгол улсын начин СГЗ А.Ганбаатар)
Дархан аварга Ж.Мөнхбатын гэдэг айл ингэж нэг баярлах ёстой айл байсан юм.
Үнэхээр тэнгэр бурхан гэж байдаг л юм бол энэ сайхан сэтгэлтэй хоёр хөгшнийг
баярлуулах ёстой байсан. Тэр нь манай М.Даваажарагал байж.
Тун удахгүй их аварга болж монгол түмнээ баярлуулах байх
(Монгол улсын далай аварга А.Сүхбат)
Хүн бүхэн эрхэм дүүг их аварга болохыг ерөөж байна. Монгол түмэн минь амны
билгээс ашдын билэг гэдэг. Тун удахгүй М.Даваажаргал маань их аварга болж
монгол түмнийхээ магнайг тэнийтэл баярлуулах байх.
Улам сайн барилдаж ёкозүна болохыг ерөөж байна
(Их аварга Д.Дагвадоржийн гэргий Г.Тамир)
Олон зууны түүхтэй Японы сүмо бөхөд М.Даваажаргал дүү маань амжилттай барилдаж
озэки цол хүртсэнд их баяртай байна. Улам амжилттай барилдаж ёкозүна болохыг
ерөөе.
-Бөхөө хайрлан хүндэлдэг ард түмнээ озэки цол хүртэж
нэг баярлуулаад, озэки цолтой барилдсан анхныхаа башёд түрүүлж бас баярлуулсан
даа?
-2006 оны Нацү башё бол озэки цолтой барилдсан анхны маань башё, хэрэв тааруу
барилдвал озэки цолоо хураалгах хариуцлагатай башё байсан. Озэки Точиазүма
озэки цолоо буцааж авахдаа баярын нулимс гаргаж байсныг харсан болохоор озэки
цол сүмоч бүрийн хүртчихдэг цол биш болохыг, бас алдар хүндэтгэл, хариуцлага
дагалддаг цол болохыг ч сайн ойлгож байсан. Энэ Нацү башёд озэки цолтой бөхийн
эрэмбийн амжилт үзүүлэх юм шүү гэж бодож барилдсан. Анхны өдөр сэкивакэ цолыг
олон башёд хадгалж, озэки цол хүртэх бөх гэж итгэл хүлээж явсан Ваканосатотой
барилдаж давсан нь надад итгэл урам хайрласан.
Дараагийн өдрүүдэд Асасэкирюү, Кёкүтэнхо, Кисэносато нарыг даваад тав дахь өдөр сэкивакэ Миябиямаг бараг ялж яваад өвдөг шороодчихсон. Их аварга Дагваа ах хоёр дахь өдөр гэмтэл авч тэмцээнийг орхисон болохоор түрүүлэх тухай бодол бөх бүрийн, ялангуяа саньякү цолтой бөхчүүдийн дотор байсан нь мэдээж. Тэмцээний ес дэх өдөр озэки Чиётайкай, сэкивакэ Миябияма бид гурав найм дахь ялалтаа авлаа. 11 дэх өдөр Чиётайкай, Миябияма хоёр таарч Миябияма давснаар бид хоёр энэ башё хошуучилж эхэлсэн.
14 дэх өдөр Миябияма Барүтог, би Чиётайкайг, сүүлчийн өдөр
Миябияма манай Асасэкирюүг, би Барүтог давсанаар нэмэлт барилдаан хийж аваргыг
тодруулах болсон. Нэмэлт барилдаанд би давж анх удаа макүүчи зиндаанд түрүүлж
эзэн хааны цомыг хүртсэн дээ. Манай “Миягино” дэвжээнээс 91 жилийн дараа
макүүчид түрүүлж байгаа юм билээ.
Амаа барьж харамссан ояката нар олон байсан нь мэдээж
Өнгөрсөн Харү башёд их аваргыг өвдөг шороодуулж, аваргын төлөө их аваргатай
нэмэлт барилдаан хийсэн, энэ Нацү башёг магнайлж буй залуу озэки Хакүхог хараад
анх голж байсан ояката нар амаа барьж харамссан нь мэдээж.
Ард түмний минь сайхан сэтгэлийн ач
(Хакүхо
М.Даваажаргалын ээж Ө.Тамир)
Миний хүү 2006 оны Нацү башёд дээд зиндаанд түрүүлж, аваргын алдрыг хүртэж,
эзэн хааны цом хүртсэн нь хүүгийн минь төлөө сүүн цацал өргөж, ерөөл тавьсан
ард түмний минь сайхан сэтгэлийн ач гэж ойлгож байна.
-Таныг 2006 оны Нагоя башёд 13 давбал ёкозүна цол
олгоно хэмээн мэдэгдэж байсан хирнээ сүүлчийн өдөр их аварга Д.Дагвадорж ахыгаа
ялж 13 дахь даваагаа авахад нөгөө ёкозүна цолоо больчихож билээ. Сүмо бөхийг
үндэсний бөх шигээ хайрлан хүндэтгэх болсон монгол түмэн нь ч урам муутайхан
хүлээж авсансан?
-Тэмцээн эхлэхээс өмнө намайг 13 давбал ёкозүна цол олгоно хэмээн яригдаж
байсан. Гэтэл өгөхөө больчихсон. Би NHK телевизийн хүнээс анх сонссон. NHK-гийн
хүн юу гэж худлаа ярих вэ, болоогүй юм байна даа л гэж бодсон.
Ёкозүна бол сүмо бөхийн хувьд бараг л бурхантай дүйцэхүйц маш том хүндэтгэл
дагуулдаг цол. Манай их аварга Д.Дагвадорж ах маань ч залуухан байна. Дороос
олон сайн бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. Өрсөлдөөн улам ширүүн болох нь
мэдээж. Хурдан аварга болбол хурдан зодог тайлдаг, оройтож болбол удаан
барилддаг гэсэн үг бас байдаг. Башё бүрт тогтвортой амжилт үзүүлж, өндөр цолтой
бөхчүүдтэй улам сайн барилдахыг эрхэмлэж явна.
-Таныг 2006 оны Нацү башёд түрүүлчихээд шагналаа авахаар
үсээ самнуулаад сууж байхад аав тань хүүгээрээ үнэнхүү бахархаж, баяр хүргэж
үнсэж байсансан. Ардын төрийнхөө баяр наадамд тэр олон жил түрүүлэхдээ ч ингэж
баярлаагүй болов уу гэж бодогдож байж билээ?
-Аав ээжийгээ баярлуулж явахаас илүү сайхан юм гэж хаа байх вэ. Аав ээж хоёр
минь миний бурхан. Миний аав олон таван үггүй, магтаалын үг ч урсгаад байдаггүй
хүн шүү дээ. Цагаан хэл ам хүрчихнэ гэж боддог ч биз. Тэр нацү башёд
түрүүлчихээд үсээ самнуулаад сууж байхад аав намайг үнсээд “Миний хүү сайн хүү”
гэж хэлсэн. Аав минь маш их баярласан нь нүд нүүрэнд нь ил байсан. Түрүүлж
аваргын алдрыг хүртэж сүмогийн ариун дагшин ордонд эзэн хааны цом, тэр олон
шагналыг аавынхаа өмнө гардаж авсандаа их баярласан.
-Сүмо бөх их хатуу дэг жаягтайн дээр манай монгол үндэсний
бөх шиг ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээсэн спорт юм даа?
-Сүмо бөх эрт дээр үеэс уламжилж ирсэн Японы ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн
мэргэжсэн спортын төрөл төдийгүй ард түмний аж амьдрал, зан заншлын салшгүй
хэсэг болдог. Сүмо бөх их нарийн дэг жаягтай. Дохё буюу дэвжээн дээр эмэгтэй
хүн хөл тавих учиргүй. Дохё дээр барилдах гэж буй бөх давс цацдаг нь элдэв муу
зүйлээс бөхийн ариун дэвжээгээ хамгаалья гэсэн утгатай үйлдэл гэдэг. Тэмцээн
эхлэхийн өмнө эхлээд зүүн, дараа нь баруун жигүүрийн бөхчүүд дэвжээнд гарч
ёслол үйлддэг. Энэ ёслолын дараа их аварга өөрийн дэвжээний хоёр бөхийн хамт
гарч ирж аваргын ёсолгоогоо хийдэг. Тэмцээн бүр сэлэмт ёслолоор өндөрлөдөг
журамтай.
Сүмо хатуу дэг жаягтай, зоддог ороолгодог гэж ярьж байсныг нутагтаа байхдаа сонссон. Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат ах нарыг зургуулаа очоод гурав нь тэр бүхнийг тэвчиж чадалгүй гэр орноо санаад буцаж ирсэн гэж ярьдаг байсан. Би чинь бөхийн эх орны хүү, бөх аавын хүү гэж бодож зоригоо чангалж, бэрхшээлийг давж чадна гэж боддог байсан. Бэлтгэл их хатуу, өндөр ачаалалтайгаас гадна залуу бөхчүүд нь өглөө нэг цагийн өмнө зургаан цагт босох, цолтой бөхчүүдийнхээ хувцсыг угаах, орон байрыг цэвэрлэх гээд хийх ажил мундахгүй. Зарим залуу бөхчүүд энэ бүхнээс шантарч сүмогоо, дэвжээгээ орхидог тал бий. Би яахав Монголын том бөхийн үр сад гэдэг утгаараа сүмогийн ертөнцөд харьцангуй түргэн дасаж идээшсэн байх. Сүмо бол зүрх сэтгэл, бие бялдар, ур чадварын цогц гэж багш маань сургадаг юм. Сүмо бол нэг ёсны ариун дагшин сүм болохоор сүмоч хүн ч бас тийм л байх ёстой гэж боддог.
Аваргын хүү бид хоёрын хөөрөлдөөн дуусаагүй, цаашаа
үргэлжлэх болно. 2007 оны тавдугаар сарын Нацү башё Токио хотын сүмогийн их
ордонд өчигдөр өндөрлөлөө.
“Шинэ ёкозүна япон бөхчүүдээс биш дахиад л Монголоос төрнө. Тэр бүү хэл
Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал буюу Цагаан гарьд
хэмээх Хакүхо байх болно гээд мөрийцчихсөн ч бэлэн байгаагаа зарлая” хэмээн “Таван
цагариг” сонины ерөнхий эрхлэгч, Монгол улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн
албаны дарга Содномдаржаагийн Батбаатар 2 жилийн өмнө “омог төгөлдөр” зарлаж
байж билээ. Тийм ээ, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна одоо яг “дуншиж”
байна.
2006
оны долдугаар сарын Нагоя башёгийн дараа ёкозүна цолыг энэ удаад олгохгүй гэсэн
шийдвэрийг сонсоод Хакүхо “Аав маань ардын төрийнхөө баяр наадамд гурван жил
дараалан түрүүлж байж Монгол улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртэж байсан
гэдэг. Би ч гэсэн аавтайгаа адилхан хувь тавилантай ч юм билүү” хэмээн
даруухнаар өгүүлж байсан сан.
Монголын их аваргын хүү энэ Нацү башёг манлайлж эзэн хааны цомыг гурав дахь
удаагаа гардах эрхийг олсон болохоор ёкозүна хэмээх эрхэм цолыг хүртэхийг бөхөө
хайрлан хүндэлдэг ард түмэн нь тэсэн ядан хүлээж байна.
Б.Авирмэд