Ач, зээ, гуч, жичийнхээ төлөө аль байдгаа барин салбаганах бидний өвөө, эмээ нар эвий дээ. Тэд минь өөрсдийн гэсэн амьдралтай гэдгээ хэдийнэ мартаж, “өрөөлийн” төлөө өтөл насаа зориулж яваа.
Бид ч тэгэх л ёстой юм шиг санадаг. Үр хүүхэд, гэр орноо харуулах болохоор “Би чинь өвөө, эмээтэй хүн шүү дээ” гэж учиргүй баярлана. Үүнийгээ тэтгэвэрт гарсан, хийх юмгүй хөгшчүүлийн үүрэг гэж хээв нэг ойлгоно. Тэгсэн хэрнээ гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийн тухай асуудал үүсвэл өнөө хэдийгээ тээр хойгуур тавьчих гээд байдаг талтай. Адаглаад л “Баастай бурхад”-аа байхад тэд маань зурагт үзнэ гэж ярилтгүй.
Өнөө цагт эмээ, өвөөгийн үгэнд ордог хүүхэд бараг байхгүй болсон учраас тэдэнтэй зурагтын удирдлага булаалдаад нэмэргүйг хөгшид сайн мэднэ.
Хэрэг бишидвэл “Аав, ээж одоо жаахан хүүхэдтэй сөргөлдөөд байхдаа яах вэ дээ. "Өгчихөөч” гэдэг үг аав, ээжийнх нь амнаас хамгийн түрүүнд унахыг хүүхэд ч андахгүй. Тиймээс маргааш цаг агаар ямар байх тухай, эмийн үнэ, тэтгэврийн хэдийг нь нэмэх сураг юу болсныг найз хөгшдөөсөө тойруулж асуугаад тусыг эс олох үе бишгүй.
Суурин соёл иргэншил, хот маягийн амьдрал биднийг ийнхүү хамгийн эрхэм хүмүүсээс минь “холдуулаад” байх шиг эмзэглэл төрдөг. Гэвч үүнийг бидний санаатай хийдэг алдаа гэхэд хэцүү. Бас огт санамсаргүй гэвэл дэгс болно. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй асан дүрэлзэж явдаг залуу насыг тойроод гарчихсан юм шиг л номхон, хүлцэнгүй монгол өвөө, эмээ нар.
“Хайрлах, хайрлуулахын аль нь чухал вэ” хэмээн асуужээ. Өвгөн хариуд нь “Тэнгэрт нисэж байгаа тэр шувууны аль далавч нь чухал юм шиг байна” гэсэн байдаг.
Үр үндсээ гэх хэтэрхий их хайраасаа болж хязгаарлуулсан хагас эрх чөлөөтэй бидний өвөг дээдэс. Амьдрал тэднийг минь ийм болгож орхисон уу, эсвэл бид өөрсдөө юү. Нэгэн цагт амьдрал, эсвэл хэн нэгэн биднийг ч бас тийм болгоно гээд бод доо. Тийм гэдэг нь яг ямар гэж үү? Гал шиг залуу насандаа шохоорхсон олны харцан дундуур туучиж явсан үзэсгэлэн гоо бидэнд байсныг зээ охин минь зургийн цомгоос хараад “Эмээ, та мөн юм уу” гэж асуухад төрөх мэдрэмж.
Санаснаа авах, сарвайсандаа хүрэх дундаршгүй хүсэл тэмүүлэл, эр зориг нэгэн цагт дотор нь оволзож байсан гэж итгэмгүй эцэнхий цээжтэй өвгөний сургаалыг “Цагийн юм цагтаа шүү дээ” гэх шиг үл тоон чихнийхээ хажуугаар өнгөрөөх хүргэндээ үзүүлэхгүй гэж дотогш залгих нулимс ч үгүй болох тэр мөч. “Өвөө, эмээ боллоо” гэж хөөрцөглөж байсан тэрхүү баярт мөч нь нэг л мэдэхэд өөрсдийнх нь хувь амьдралыг “хулгайлж”, нийтийнх болгосныг анзаарах тэр гэмгүй цагаан санаашрал.
Нэгэн цагт бидний амьдрал болно. Гэхдээ манайхан үүнтэй аль эрт эвлэрсэн. Аав, ээж хэмээх хүндтэй байр сууринд заларч, хамаг л хайрын төв цэгт ноёлж байсан орон зай бага багаар шахагдсаар хайрлуулах гэхээсээ илүү хайрлах л үүрэгтэй нэгэн болж хувирдаг нь зүй ёсны хэрэг мөн гэж үү. “Ач, зээг тань төрүүлж өглөө. Одоо тэднийгээ өсгөх нь өвөө, эмээ нарын үүрэг” гэсэн хандлага сүүлийн үед хүчтэй түрэн гарч ирсэн. Хатуухан хэлэхэд, энэ бол угтаа “Та нарын амьдрал тэмцэх, зүтгэх зүйлгүй. Ерөнхийдөө дуусаж байгаа учраас одоо бид амьдралынхаа төлөө зүтгэх гэж байна” гэсэнтэй утга нэг шүү дээ. Гэтэл хийж бүтээх оргилуун нас нь өнгөрлөө гээд хэлж ярих, хүссэнээрээ амьдрах, таалагдсан хоолоо өдөр бүр сонгоод идэх эрх чөлөөг нь хүртэл хязгаарлаж яагаад ч боломгүй санагдана.
Эхнэр, хүүтэйгээ амар жимэр амьдрахын тулд хөгшин эцгээ хүйтэн гэрт ганцааранг нь үлдээгээд явахаар шийдсэн нэгэн эрийн тухай бичлэг фэйсбүүкт байсан нь олон хүнд нэгийг бодогдуулсан билээ. Учир нь тэр залуугаас хүү нь “Аав аа, хожим би таныг бас л ингээд орхих юм уу” хэмээн асуухад л ямар муухай үйлдэл хийх гэж байснаа ухааран гэмшиж байгаа тийм бичлэг юм. “Өтөлсөн болохоос үхсэн биш” гэдэг ардын маань айхтар үг бий.
Харин өнөөгийн хөгшчүүлийн хэдэн хувь нь үүрч дүүрч өсгөсөн сөөсгөр хэдэн “бацааныхаа” өмнө энэ үгийг зоригтойгоор хэлж чадах бол. Хэн нэгнээс, үнэндээ үр ач нараасаа хайр, халамж, халуун дулаан үг хүлээх, түүнийгээ ил гаргаад хэлж чадахгүй дотогшоо санаашрах ямар байдаг бол. Хаашаа урсаж байгааг нь гарцаагүй мэдэх цаг хугацаа, өдөр хоногийг тийм дүлий дүмбэ байдалтайгаар өнгөрөөх хэцүү л байдаг байх даа. Он цагийн сүр хүчийг нүүрэндээ хураан атиралдуулсан өтгөс юуг ч юм дотроо тунгаан нарлаж суухыг харахаар ийм бодол олон удаа төрдөгсөн.
“Би ч өвөө, эмээгээ гайгүй сайн баярлуулаад л байдаг шүү дээ” гэх хүн бишгүй байх. Гэхдээ л цалингаа авахаар цайны сүүний мөнгө өгдгөө “гавьяа” гэж бодож байна уу. Эсвэл япон, солонгосчууд шиг өтгөс буурлаа ганцаардал хэмээх айхтар өвчинд нэрвүүлэхгүй, үр ачтай нь гангануулан цагийг “зугаатай” өнгөрүүлж байгаагаа том тус хэмээн сэтгэдэг үү. Энд арай өөр хайрын тухай яриад байгааг манайхан ойлгож буй биз.
Нэгэн өвгөнөөс “Хайрлах, хайрлуулахын аль нь чухал вэ” хэмээн асуужээ. Өвгөн хариуд нь “Тэнгэрт нисэж байгаа тэр шувууны аль далавч нь чухал юм шиг байна” гэсэн байдаг. Тийм ээ, бид тэдэндээ үхэж болохгүй гэсэн тушаал авсан цэрэг мэт ач, гучаа хайрлах үүрэг л оноогоод байдгаас бус өөрсдөө бас хайрлуулах эрхтэй гэдгийг нь мартдаг. Үнэн хэрэгтээ өвөө, эмээгийн үүргээ хэр сайн биелүүлж байгаагаас нь шалтгаалж бид эмээ, өвөөгөө “амьд” хүмүүс гэдгийг мэдэрдэг болох гээд байх шиг. Тийм л увайгүй харгис цаг наашлаасай.