Сэтгэлдээ гайхамшгийг хүсч сайхан бүхнийг битүүхэн горьдож, болгоож явна гэдэг хүмүүний амьдралын нэг нууц юмсан уу. Ийм бодлыг нэрт найруулагч, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мушгиа гуайн яриа төрүүлсэн юм.
“Амьдралын тойрог” булангийн маань зочны амьдрал хар багаасаа хатуу хүтүүг үзсэн ч мэргэжилдээ хар тамхинд донтсон юм шиг дурласныхаа хүчээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэж болом. Манай сонин Дэлхийн театрын өдөр тохиож буй энэ өдрүүдэд Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Б.Мушгиагийнд зочиллоо. Цэл залуухан 20 настайгаасаа их урлагтай холбогдсон түүний хагас зуун жилийн тэртээд эргэн очихийг хичээлээ.
“ЕР БУС”-ЫН НЭГЭН ХҮҮ МЭНДЭЛСЭН НЬ
Улирагч зууны 1929 оны шороон могой жилийн зун Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт нартай сайхан өдөр нэг “ер бус”-ын хүүхэд мэндэлжээ. “Ер бус”-ын гэсний учрыг түүх “хэлнэ”.
Түүнийг “Ханат гэрийнхээ босгонд өндөрдсөн хүүхэд байна. Гэртээ байлгаж болохгүй” хэмээн нутгийнх нь нэгэн лам айлдаж. Тэгээд л бяцхан хүүг эмээтэй нь хамт хоёрхон хана дугуйлсан шовгор оромжинд тусгаарласан гэдэг. Эх нь хааяа хөхүүлэхээс өөр хүний бараагүй. Нялх амьтан хоног элээсээр нэр ч хайрласангүй хэдэн сар болов. Намар оройтож анхны цас хялмаалах үед тэр нутгийн Рэнцэн гэдэг эр халамцуухан ирэхдээ эмээ, хүү хоёрын муу оромжийг өшиглөж нураагаад “ Та нар энэ хөгшин, хүүхэд хоёрыг хөлдөөж алах нь уу” гэж зандраад төрсөн гэрт нь оруулчхаж.
Маргааш нь “Энэ хүүхэд үхэж үү. Хар. Энэ хүүхдэд чоно, нохой ч халдахгүй. Мушгиа аргамжаа шиг эрчтэй, бөх хүү байгаа биз” гэж. Үүнээс хойш түүнийг эмээ, ижий нь хааяа Мушгиа хүү гэж дуудах. Тэгсээр Мушгиа хэмээн нэршсэн түүх ярьдаг. Ижий нь хүүгээ 17-хон настайдаа төрүүлсэн гэх. Мушгиаг хоёр настай байх үед Алтангэрэл гэдэг хүн ижийтэй нь айл болж амьдарсан ч удалгүй 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртөн буудуулсан бас нэг гашуун түүх бий.
Түүнээс хойш ижий нь залуудаа өөд болсон ч хойд аав Гончигийн Батмөнх гэдэг хүн Мушгиа хүүг хайраар дутаалгүй өсгөсөн гэдэг. Эцэг гэдэг тийм энэрэлтэй, ивээлтэй сайхан хүн байдгийг ухаарсан хүү өвөр дээр нь эрхэлж торниод эрийн цээнд хүрчээ. Тэр хүнээр овоглох болсон төдийгүй хойд эцэг гэж хэлэх ч дургүй байснаа Мушгиа гуай дурсдаг юм билээ. Эндээс Мушгиагийн төрд данстай хүн болсны түүх эхэлдэг. Нутагтаа ардын танхим гэж байгуулагдахад тэнд орж, хэдхэн сар болов. Тэгээд эцэг Батмөнхийнхөө авга ах Б.Гонгоо гэдэг хүнээр бичиг, үсэг заалгаж гайгүй сурч.
Дараа нь сумандаа сургуультай болоход гурав, дөрөвдүгээр ангидаа сурч 1940-өөд онд дунд сургуульд байв. Дуу, шүлэг сонирхдог хүүхэд байсных сумын клубээр гүймхий байж. 1945 оны дайны үед юм уу даа. Улаанбаатарт шинээр байгуулагдсан Урлагийн сургуульд хүүхэд элсүүлэх хүмүүс Норовлинд очиж шалгасан юм байх. Жавзан, Лхасүрэн, Мушгиа гэсэн гурван нөхөр шилэгдсэн юм биз. Тэд шуудангийн машинаар Улаанбаатар орохоор мордож. Энэ нь Мушгиа гэдэг хүний урлагт амьдралаа зориулах их замын эхэн байсан ажээ.
ТУСЛАХ НАЙРУУЛАГЧИЙН ТОМИЛОЛТ ӨВӨРТӨЛСӨН НЬ
Төрөлх сумаасаа уран сайхны сургуулийн зүг дөрөө харшуулж, хүсэл зорилго нэгтгэсэн Д.Лхасүрэн, Б.Жавзан, Б.Мушгиа нарын нэгэн үеийнхэн өнөө хэр театрынхны алтан үеийн төлөөлөл болж алдаршсан билээ. Тэднийг дэлхийн дайны сүүдэр цаашилсан 1945 онд урлагийн сургуулийн босго алхахад уран сайхны сургууль хуучин төв циркийн ар талд буюу одоогийнхоор бол 100 айл орчимд байж.
Шөнө дөлөөр Улаанбаатарт буусан залуус өглөө эртлэн босч элдвийг сонирхож, нийслэл мөртлөө сургуулиас хойш цэлийсэн тал байх зэргийг сонжиж явтал хүрэн даалимбан дээлтэй шавилхан биетэй онигордуу нүдтэй шар хүүхэн дуудаж, багштай нь танилцуулахаар газарчилжээ. Өрөөнд орвол булангийн ширээний хойно гялалзсан мярайлаг хүүхэн бас нэг үсээ хойш нь самнасан гангандуу эр суух. Өлгүүр дэх саарал пальтоноос нь харахад их л нямбай бололтой хүн угтсан нь хэл сайжруулах хичээлийн Д.Цэрэндулам, Д.Чимид-Осор багш нар нь байж.
Харин нөгөө тэдэн дээр очуулж өгсөн хүүхэн нь өөрийг нь урлагийн замд нь хөтөлсөн Э.Оюун багш. Ингэж л Б.Мушгиа театрын сургуульд хөл тавьсан түүхтэй. Хичээлдээ шимтэн сурах түүнийг зарим багшийн арга барил гайхашруулна. Хичээл дээр заавал хоёр гараа зөрүүлээд, номхон суух ёстой гэсэн ойлголттой явсан хөдөөгийн жаалд Д.Чимид-Осор багшийн хичээлийн хэв загвар буюу оюутнуудыг дугуйрч суулгаад чөлөөтэй ярилцаж байгаа зэрэг нь жигтэйхэн сайхан санагдаж сонирхлыг нь улам дэврүүлжээ.
Үүнийгээ Б.Мушгиа найруулагч “Ингэж театр гэдгийг зөвхөн сургуулиар нь үнэртэж байлаа. Хоёр багш театрт жүжигт тоглоно. Бид даавуугаар цавуудаад наачихсан салбайсан улаан үнэмлэхээ өвөртлөөд өдөр бүр Бөмбөгөр ногоон руу гүйнэ. Багш нарын жүжиглэж байгааг харах нэг ёсны хичээл учраас байн байн үзнэ. Урлагт Г.Жамъян, Г.Дашпунцаг хоёроор уруу татуулж, Д.Цэрэндулам, Д.Чимид-Осор багш нараар хөтлүүлээд орж байлаа” хэмээсэн юм.
Ийнхүү урлагийн сургуульд гурван жил сурахдаа Э.Оюун багшийн найруулсан “Улаан бүч” хүүхдийн жүжигт дүр бүтээгээд давхар туслах найруулагчийн үүрэг авсан нь сургуулиа төгсөхөд театрт туслах найруулагчийн томилолт өвөртөлж үеийнхнээсээ цойлоход нөлөөлсөн байх. Сургуулиа дөнгөж төгссөн хүү театрын босго алхахдаа туслах найруулагчаар очиход түүний ирээдүйг олж харсан Э.Оюун багшийнх нь оролцоо их. Тухайн үед дуурь, драм гээд бүгд Бөмбөгөр ногоонд байсан үе.
Б.Мушгиа найруулагчийн бүтээсэн анхны дүр одоо ч түүний сэтгэлд тод байна. Тэр тухайгаа “Ардын жүжигчин Т.Хандсүрэн, Д.Дамдинсүрэн, Ц.Цэгмэд гээд жинхэнэ мундагчуултай тоглоно. Эхэндээ нүүр ам бадайраад, хөл гар хөшөөд, дуу гарч өгөхгүй жигтэйхэн айна. Тэд ч залуучуудыг сайхан залж чиглүүлж өгнө. Нэг ёсондоо жүжиглэх үед ч хичээл заана” гэлээ. Ингэж театрын хүрээнд уран сайхны сургуулиар дамжиж оржээ.
Төгсөөд Урлагийн хэрэг эрхлэх хорооны шийдвэрээр театрт туслах найруулагчаар томилогдсон тухайгаа Б.Мушгиа гуай дурсан ярихдаа “Юу ч мэдэхгүй намайг Н.Дугарсанжаа буюу олонд танигдсанаар өгөр толгой Гүрсэд хөтөлж, зааварчилж байсан. Э.Оюун багш туслах найруулагч юу хийдгийг танилцуулж заана. Лха.Долгор надад хэлдэг юм.
Нэг муу ногоон юм дандаа Оюуны өрөөнд юм бичээд сууж байдаг юм гэдэг байсан. Найруулагч жүжгийг яаж тавина жүжигчид анхны тавилтаар тоглож байх ёстой. Найруулагчийн анхны тавилтыг эвдэхгүй улам бататгаж явах үүрэгтэй. 1957 он хүртэл 10-аад жил театрт туслах найруулагч хийсэн. Энэ бол надад том сургууль байсан. Хүний өмнө үг хэлнэ, хүнтэй ажиллана гэдэг том сургууль” гэж байна билээ.
Б.Мушгиа найруулагч энэ үеэ театрын гал тогооны ерөнхий тогооч хийж байлаа гэж хэлэх дуртай. Учир нь туслах найруулагч дуу бүжиг, хөгжим гээд театрын бүх ангитай тулж ажиллана. Ширээний уншлагаас эхлээд үзэгчдэд хүрэх хүртэлх бүх ажлыг хариуцдаг.
1949 оны хоёрдугаар сард Бөмбөгөр ногоон театрыг хайлахад Б.Мушгиа найруулагч “Талын баатар” жүжгийг хариуцан тоглуулж байжээ. Жүжгээ дуусгачихаад тэр өдрийнхөө тайланг Э.Оюун багшид танилцуулаад харьжээ. Тэр үед уран сайхны сургуулийн хашаанд багшийндаа амьдарч байсан бөгөөд гэртээ ороод удаагүй байтал сургуулийн манаачаар ажилладаг хятад хүн муухай хашгирсан байна.
Ойр хавийн хүмүүс сандралдаад гүйгээд очтол Бөмбөгөр ногоон театр нь шатаж байж. Тэр үед Б.Мушгиа гуай өөрийн эрхгүй нулимс дуслуулж байсан гэсэн. Сүүлд өөрийн гэр, Алтжин бөмбөгөр шатахыг харснаас хойш галаас их айдаг болсон. Тиймээс гал юунд ч дийлддэггүй учраас хүнийг гал шиг хүчтэй яваарай гэдэг байх гэж боддог гэнэ.
ХАМГИЙН АНХНЫ ХҮҮХДИЙН ЖҮЖИГТ ТОГЛОСОН ХҮН
Театрт ажиллаад хоёр жил болж байтал Д.Намдаг гуайг хэцүү газраас гарч ирсэн тухай хүмүүс шуугижээ. Засгийн газрын ордноос зүүн талд буюу одоогийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн энд театрын ажилчдын байр байх. Нэг орой Э.Оюун багш нь урлагийн сургуулийн нэг ангийн төгсөгч С.Галсанжав, Б.Мушгиа хоёрыг Д.Намдагийнд оч гэсэн байна.
Энэ бол түүний нэрт зохиолч Д.Намдагийн “Залуу үе” жүжигт тоглосон үе буюу алдарт зохиолч түүнд өөрөө дүр өгсөн байна. Б.Мушгиаг найруулагч хүнд байх ажигч гярхай чанараараа гоц гойд байсныг ном хэвлэлд шавь нар нь дурсан ярьсан байдаг. Тэрээр Д.Намдаг гуайнд очсон үеэ “Шинэ барьсан жижигхэн цагаан гэрт очтол хөх даалимбан ширдэгтэй, жижиг пийшин, бичгийн ширээтэй. Талханд хутга зоолттой, хажууд нь орос ёотонгийн амыг хайнгадуу урчихсан, шавар тавганд масло тавьчихсан. Цагаан цамц, хар өмдтэй цонхийсэн цагаан хүн цэрэг орон дээр сууж байна.
Газраар хэдэн ном дэлгээстэй. Нүд нь их хурц, түргэн хөдөлгөөнтэй хүн бидэнтэй мэндэлж, ойр зуурийн асуултад хариулж нутаг усаа мэдэлцлээ” хэмээн өнөөдөрхөн болсон юм шиг л дурсан ярих аж. Цааш нь ““Залуу үе” гэдэг жүжгийн Дэндэв атаархуу, хорон санаатай. Энэ дүрийг бүтээсний дараа хүүхдүүдэд чичлүүлж байсан. Д.Намдаг гуайн “Залуу үе” бол хүүхдэд зориулсан жүжгийн хамгийн анхных нь. Урд нь хүүхдийн жүжиг хэн ч бичиж байгаагүй. Э.Оюун багшийн найруулсан “Улаан бүч” мөн л хүүхдэд зориулсан жүжиг байсан” гэв. Ингэж л театрын жүжигчин болсон байна.
Тэгж байтал 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ЗХУ-д бэлтгэгдсэн анхны дээд мэргэжлийн найруулагчдын нэг С.Гэндэн “Лениний гэр бүл” жүжиг найруулснаар Лениний бага насыг бүтээх болжээ. Энэ бол Б.Мушгиа найруулагчийн Монголын анхны Ленин гэж хэлэгддэгийн учир. Лениний бага насанд тоглохоор сургуулилт хийж байхад нь Ардын жүжигчин Ц.Цэгмид байнга хөшигний цаанаас хараад зогсчихдог байж.
Тэр мундаг хүнээс айж, сандарсандаа яагаад хараад байгааг нь асуухад “Би Лениний идэр насанд тоглох учраас чиний үргэлжлэл. Чи амьдралыг хэрхэн харж, хэрхэн сэтгэж байгаагаас чинь миний дүр шалтгаалах учраас хооронд нь уяж өгөх учиртай” гэдэг байсан гэнэ. Энэ үед жүжигчин Д.Ичинхорлоо, Н.Дугарсанжаа, Ч.Долгорсүрэн нарын ахмадуудтай тоглож, жүжигчин мэргэжлийнхээ сайхныг мэдэрч явжээ.
Б.Мушгиа гуай театрт ажилласан жилүүддээ алхам тутамдаа сурч байсан тухай өгүүлдэг. Тэрээр тоглосон жүжиг бүртээ алтан үеийн аваргуудтай, мундаг хүмүүстэй хамтарч тоглодог байсан тухайгаа “Тэд намайг нүдний харц, хоолойн өнгө, хөдөлгөөнөөрөө удирддаг байсан нь цаасан дээр бичиж аваагүй ч амьдралын их сургууль болсон. Театраас би их зүйл сурч, олон аав, ээжтэй болсон. Энэ бол миний хувьд том аз завшаан, гэгээн сайхан түүх” гэж ярив.
“РОМЕО ЖУЛЬЕТТА”-Г МОНГОЛЧУУДТАЙ ТАНИЛЦУУЛСАН
Хөгжимчин Н.Жанчив, гавъяат жүжигчин Г.Равдан Л.Ванганы гэргий Пялзай нарын хамт. 1957-1961 онд Л.Ванганы санаачилсан театрын урлагийг хөгжүүлэх үндэсний найруулагчийн ангийг МУИС-ийн дэргэд нээж олон арван хүн суралцсаны дотор театраас Ө.Рэнцэнноров, Л.Цогзолмаа, Г.Гомбосүрэн, Ням-Осор, Б.Мушгиа тавыг сургажээ. Энэ анги ганцхан удаа төгсөлт хийсэн ч Б.Мушгиа найруулагчийн хувьд Зөвлөлтийн багшаар хичээл заалгаж, мэдлэг, чадвараа зузаатгасан завшаантай тохиол байсан байна.
Ингээд мэргэжлийн найруулагч болсон анхны томилолтоороо Хэнтийг зорьсон байна. Б.Мушгиа “Хэнтий аймаг руу хуваарилагдсан анхны томилолт хамгийн аймшигтай байсан. Миний хувийн амьдралд их хатуу туссан” гэсэн юм. Гэхдээ Б.Мушгиа гуайн хэлсэн аймшигтай гэсэн үгний бас нэг учгийг дараагийн бүлэгт оруулах учраас ингээд орхилоо.
Хэнтий аймгийн гурван сарын томилолт гурван жил болж сунаад байтал Ю. Цэдэнбал дарга намын хорооны бүгд хуралд суугаад буцах гэтэл цаг агаар муудаж онгоц нисэхгүй хоёр хоног саатахдаа аймгийн театрын тоглолтыг үзэж гэнэ. Гэтэл дараахан нь ажил нь үнэлэгдэж намын “Үнэн” сонины тэргүүн нүүрт бичигдсэнээр түүнийг төв театр руу татжээ.
Ингэхдээ төв театрын ерөнхий найруулагчаар томилсон байна. Театрын ерөнхий найруулагч гэдэг түүний тодотгосноор жүжигчдийг хөдөлгөх түлхүүрийг халаасалсан хүн төдийгүй хүн болгоны хийчихдэг ажил биш аж. Найруулагч хүн театр, уран сайхны байгууллагуудын урын сангийн бодлогыг тодорхойлж, зохиолчийн бичсэнийг жүжигчнээр дамжуулан илэрхийлнэ гэдэг тун адармаатай, амаргүй алба байж.
Ерөнхий найруулагчаар гурван жил ажиллахдаа ажилчин ангийн бодит амьдралаас урган гарсан “Яндангийн дуу”, “Алтан загасны үлгэр”, “Интоорын цэцэрлэг” зэрэг олон бүтээл найруулжээ. Энэ дундаас 1964 онд найруулан тавьсан “Интоорын цэцэрлэг” жүжгийнхээ тухай “Дэлхийн сонгодог бүтээл тэр дундаа А.П. Чеховын нарийн ёгтлолтой зохиолын цаад санааг олж найруулан тавина гэдэг театрынхны хэр чансаатайг харуулж байгаа явдал. “Интоорын цэцэрлэг”-ийг тавихад хэцүү байсан” гэв.
Түүний амьдралын түүхийн салшгүй хэсэг нь Хүүхэд залуучуудын театр. Б.Мушгиа найруулагч Хүүхэд залуучуудын театр, төв театрын дэргэд бүрэлдэн бий болж байхад театрын дарга, найруулагчийн үүргийг хавсарч байсан удаатай. Энэ үедээ буюу 1966 онд Соёлын яамнаас С.Гэндэн найруулагчтай хамтран “Ромео Жульетта хоёр” жүжгийг тавих үүрэг өгчээ. Ингэснээр агуу хайрын бэлгэдэл болсон “Ромео Жульетта хоёр” жүжгийг монголын үзэгчидтэй анх таниулсан төдийгүй дэлхийн сонгодог жүжгүүдийг тоглох чадвартайг нотлон харуулсан түүхтэй.
“ХӨДӨӨХ” НАЙРУУЛАГЧ МӨНӨӨХ МУШГИА
Б.Мушгиа найруулагч Хүүхэд залуучуудын театраас өөрийн хүсэлтээр хөдөө рүү шилжсэн байна. Тухайн үед Ховд, Дорнодоос өөр театртай аймаг байхгүй. Мэргэжлийн жүжигчид ч ховор байсан учраас орон нутгийн Соёлын төвүүдийг театр болгох бодлого хэрэгжүүлж байжээ. Ингэж л хөдөөгийн соёлын ордныг театр болгоход Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудад 30 гаруй жил ажилласан байдаг.
Мөн аймгуудын хөгжмийн багш, клубын эрхлэгч нарын 180-аад хүнийг удирдаж явсан тод мөртэй нэгэн. Тэрээр өөрийгөө байдаг л найруулагч. Байдагтаа чухал цаг үед нь орон нутгийн театрт ажиллаж явсан юмуу даа.Урлагийг ганцаараа бүтээдэг ёс байхгүй хэмээн даруухан тодорхойлдог. Хөдөөд найруулагч хэмээн залагдаж очоод багш хэмээн хүндлүүлж ирсэн түүний тухай “Алтан үеийнхний арга туршлага” номонд хэвлэгдсэн ганц хоёрхон хүний сэтгэлийн үгийг товчлон хүргэе.
МАРТАХ ЁСГҮЙ
Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч Л.Гомбосүрэн:
-Б.Мушгиа багш “Алтан үст охин”, “Хярааны хонхорт”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Тожоо жолооч” зэрэг 20-иод жүжиг, олон арван концерт найруулан тавьсан. Багш маань нямбай, ном унших, элдвийг ажиглаж түүнийгээ амьдралд, шавь нартаа хүргэх гойд хүн байсан учраас шавь бидэнд үлгэр дууриалал болж явлаа. Энэ хүний их мэдлэг, зарчимч шаардлага бүтээлч сэтгэлгээний ачаар 70-аад оны Сүхбаатар аймгийн театрын уран бүтээлчид давтагдашгүй сайхан бүтээлүүдээ туурвиж байсныг хэзээ ч мартах ёсгүй.
ХУРЦ СЭДЭВ-ШИЙДВЭРТЭЙ СОНГОЛТ
Булган аймгийн Хөгжимт драмын театрын дарга Д.Алтангэрэл:
-Б.Мушгиа дайны хор хөнөөлийг илтгэж, амар амгалан амьдрах уриаг дэвшүүлсэн “Давалгаа” жүжгийг тавьж байсан нь тухайн үед нэлээдгүй шүүмжлэлд өртөж байв. Энэ жүжиг дайны хор уршгийг таниулахаас гадна гадаад хүний дүрд хувилахад асар их сургалт болсноороо жүжигчдийн маань мэргэжлийн ур чадварыг их ахиулсан юм. Хожим урлаг судлаачид соёлын ордон байтугай аль ч театр ийм том сэдвийг зоригтой барьж авч жүжиг тавьж байгаагүй гэж өндрөөр үнэлсэн. Б.Мушгиа найруулагч театрын урын сангийн баяжилт, үзэгчдийн гоо зүй хүмүүжилд нөлөөлөхүйц шинэлэг уран бүтээлч юм.
Харин нийтлэлийн маань баатар хөдөөд соёлын үрийг тарьсан тухайгаа “Би хөдөө ажиллахдаа төвийн жүжгийг битгий хуулж барлаарай. Жүжгийн чанар чансаа нимгэрдэг учраас шинийг санаачлах хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдаг байсан учраас цаг зав, цаас их уруулж урын санг баяжуулахаар хэд хэдэн хүнээр жүжиг бичүүлж байлаа.
Хэнтий аймгийн хөгжим, дуу бусдыг бодвол хөлөө олчихсон байсан. 1970 онд Сүхбаатар аймагт ажиллаж байх үед Лениний 100 жилийн ойгоор 156 хүний бүрэлдэхүүнтэй концерт хийж байсан. Дундговь ардын хийгээд уртын дуугаараа ялгарна. Хэд хэдэн жүжигч ч тавьчихсан, жүжгийн суурь хангалттай сайн байсан учраас ажиллахад амар.
Энэ аймагт 16 жил ажиллахдаа бүх ард түмний, ажилчны, нэгдэлчдийн урлагийн үзлэгт ямагт манлайлна. Уртын дууны өлгий учраас үндэс хөрс нь аргагүй ондоо. Хүүхдийн сэтгэлгээнд ойртуулахыг хичээсэн “Миний ганц” гэдэг жүжиг 100 гаруй удаа тоглогдсон нь цөөн тохиолдол. 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй концерт хоёрыг хийсэн. Миний үед Даринчулуун, Доржханд, Сүхээ, Жамцанов, Баатар, Шатархүү, Будаев, Хүүхэнхүү гээд жүжиглэх чадвар өндөртэй олон хүн байсан юм даа” гэв.
ТӨРИЙН ТОМИЛОЛТ ХАТУУДСАН
Наян хавар, наян зун, наян намар,наян өвлийг үдэж, амьдрал гэдэг их мөрнийг гаталж явахад Б.Мушгиа найруулагчийн зам дардан байгаагүй. Мушгиа замаар явж ирсэн хугацаа илүү их орон зайг эзэлнэ. Драмын найруулагчийн мэргэжлийн ангийг төгсөхөд нь намын шийдвэрээр Хэнтий аймаг руу гурван сарын хугацаатай томилсон байдаг.
Тухайн үед эхнэр нь театрын жүжигчин байсан учраас жүжигчин дутмаг гэх шалтгаанаар хамт явах боломжгүй болж хүүхдүүдээ хоёр хоёроор нь аваад хот, хөдөө тусдаа амьдарчээ. Гэтэл гурван сарын томилолт намын шийдвэрээр гурван жил болон сунаж энэ хугацаанд залуус ажлын хариуцлага бодож явсаар нэг мэдэхэд хөндийрсөн байна.
Бал даргын хараанд өртөж, намын “Үнэн” сонинд магтуулснаар төв театрын ерөнхий найруулагч, Хүүхэд залуучуудын театрын дарга, найруулагчаар багагүй хугацаанд ажилласан ч нэгэнт хөндийрсөн гэр бүлийн харилцаа сэргэсэнгүй. Тиймээс өөрийн хүсэлтээр хөдөө рүү зүтгэсэн байна.
Б.Мушгиа найруулагч амьдралд бууж өгөлгүй хөдөөгийн Соёлын ордныг театр болгон өргөжүүлж, тухайн үедээ олон жүжиг найруулж, том хэмжээний концерт дэглэж, ёстой л урлагийн төлөө нойр хоолгүй зүтгэж байж. Түүнийг 1984 онд Дундговийн театрт ажиллаж байхад нь Урлагийн гавъяат зүтгэлтэн цолд тодорхойлсон байна. Дундговь аймагт 16 жил ажиллаж аймгийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болоход Урлагийн гавъяат зүтгэлтэн болгох шийдвэр гарсан учраас Засгийн газрын ордонд дуудсан гэнэ. Гэтэл дарга нар хоёр цаг гаруй хуралдаж бүх хүн шагнагдсаны дараа “Алтангадас” одон зүүж өгчээ.
Сүүлд сонсоход намын гишүүн, эвлэлийн дарга байсан хүн гэр бүлээсээ салсан шалтгаанаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг буцаасан байж. Нэг ёсондоо нам хөдөө томилчихоод сүүлд муухайгаар “аашилсан” энэхүү явдлын талаар өдгөө 90 насыг дөхөж яваа найруулагч дурсахдаа “Алтан гадас одон зүүгээд театр дээр очиход Э. Оюун багш “Ээ хоншооргүй золиг. Хэзээ нэгэн цагт чи энэ цолыг авах л болно доо” гээд уйлж байсан юм. Ажлын шаардлага, намын даалгавар эргээд намайг буруутгах шалтгаан болж, миний сэтгэлд насаар минь хар тамга дарсанд гомдож явдаг юм.
Эргээд бодоход надад төрийн томилгоо хатуудаж уу л гэж боддог. Чулуу нэг байрнаасаа хөдөлбөл гурван жил байраа олдоггүй гэдэг шиг урлагийн төлөө гэж явсаар өөрийн амьдралаа золиосолсон. Би Монголын театрын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэртэй явсан л гэж боддог. Өөрийнхөө тухай яриад яахав. Би олон хүнтэй ажилласан. Энэ амьдралыг уул гэж төсөөлдөг.
Тэр уул өөд мацаж орой дээр нь ч гарч үзсэн. Халтирч уруудаж ч үзсэн. Л.Цогзолмаа намайг “Өгсөж уруудаж, өндөр дээрээс бөмбөрч үзсэн хүн гэж хэлдэг юм” гэлээ. Намын даалгавар биелүүлж, урлагийн төлөө насаараа зүтгэхдээ амьдралаа зольсон буурал найруулагч өдгөө цай хувааж уух хань Ж.Оюунтайгаа сайхан амьдарч байна. Урлаг гэж явсаар хамаатан саднаасаа холбоо тасарсан Б.Мушгиа гуайд Дундговийнхон л ах дүү болж эргэж тойрч, хоосон орон зайг нь нөхөж байдаг гэнэ.
Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн театрын урлагт хагас зуун жилийг зориулахдаа чамлахааргүй ихийг хийж бүтээж явсан ч өөрөө бол үргэлж л сэтгэлдээ чамласаар ирсэн театрын амьд түүх болсон энэ хүний амьдрал, уран бүтээлийг төр засаг хэзээ хойно үнэлж, саяхандаа 2014 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.
Түүнийг театрын урлагийнхан андахгүй. Б.Мушгиа найруулагч урлагийн ертөнц, тэрдундаа театрын урлагт 50 гаруй жил зүтгэж туслах найруулагчаас ерөнхий найруулагч, Хүүхдийн театрын анхны дарга, найруулагч явсан. Мөн Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Булган аймгуудын соёлын ордонд найруулагчаар ажиллахдаа 70 гаруй жүжиг, олон арван концерт дэглэжээ.
Түүнээс сүүлийн үед тоглож байгаа театрын сонгодог жүжгүүдийн талаар асуувал “Би Н.Наранбаатарын найруулсан “Ромео Жульетта”-ыг хоёр удаа үзсэн. Түүний найруулан тавьсаныг зөвшөөрөн хүлээж авч дэмжиж байгаа. Гол үзэгчид хэн бэ гэдгийг судалж XXI зууны шийдлээр тавьсан байна лээ. Зарим хүмүүс Шекспирийн үнэр үзэл бодол хөндийрсөн гэж байна гэдэгтэй санал нийлэхгүй. 1960 онд ингэж тавихгүй. Цаг үеэ дагасан шийдэл нь зөв.
Ер нь манай театрын найруулагчид зоригтой дуугарч, хөдөлж байна. Шийдлүүдийг хурц, тод хийж байна. Үүнийг дагаад жүжигчдийн ур чадварын нээлт өргөсч байгаа. Сайн жүжигчид их төрж байна. Гэхдээ төвд байгаа театрын өнөөгийн хөгжлийн уур амьсгал хөдөөд бүрэн хүрч байна уу гэдгийг сайн бодох хэрэгтэй” гэлээ.
ТӨГСГӨЛ ҮГ
Мушгиа гэдэг эрхэм хүү санаандгүй төрж, санчигныхаа үсийг цайтал амьдарснаа Монголын урлагийн их ажнай түүх хэмээн хүүрнэж сууна. Тэгэхдээ сэтгэлийнхээ гүнд тодрох гэгээлэг бүхнээр өөрийгөө чимж байнгын эрэлхийлсэн мэдрэмж юугаа буурал тэргүүндээ тээсээр өнөөдөр театрынхаа тухай алтан тайзныхаа тухай, урлагийн дүнжгэр дүнжгэр буурлуудын тухай дурсаж байнам.
Түүний ээдрээ, мушгиатай амьдралын зам нь өнөөгийнх нь жаргалын үе рүү хөтөлсөн юмсан уу. Төгсгөл нь жаргалтай байдаг болохоор үлгэр амттай гэдэг дээ. Түүн лүгээ эрхэм зочны маань бүхэлд нь урлагт зориулсан амьдралынх нь замнал сонсоод баймаараа.
Д.Цэрэннадмид, С.Уянга