Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ирэх даваа гаригт хуралдах бололтой. Хэлэлцэх гол асуудал нь Монголын Чернобыль болчихоод байгаа Хонгорын асуудал. Аль гуравдугаар сараас эхэлсэн энэ дуулиан төрийн гурван өндөрлөгийн маань санааг одоо л нэг зовоож эхэлж байх шиг. Гэтэл байдал нэгэнт хэмжээнээсээ хальж, тэндхийн төдийгүй Монголын нийт хүн амд аюулын харанга дэлдэж эхэллээ. Хонгорын хордсон хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо нийслэлийн зах, дэлгүүрүүдээр зарагдаж эхлээгүй гэх баталгаа нэгэнт үгүй болжээ. Энэ аюул биш гэж үү.
Чернобылийн ослыг улс төрийн шалтгаанаар, өөрөөр хэлбэл, хөрөнгөтөн орныхонд муугаа үзүүлэхгүй гэсэндээ орос ах нар маань нуусны харгайгаар ямар их гай гамшиг нүүрэлснийг бид мэднэ. Гэтэл манай дарга нар тэр хуучин цаг үеийн сэтгэлгээнээсээ салаагүй байгаа бололтой. Хэрвээ Хонгорын асуудлыг гамшиг гээд зарлачихвал сонгууль дөхсөн үед сайн зүйл болохгүй гэж тооцоолоод эрх баригчид үүнийг дарж нуухыг оролдож байгаа гэсэн хардлага гараад эхэллээ. Өмнө нь хоёр ч удаагийн иймэрхүү явдлыг дарж байсан гэж Монголын үндэсний ногоон хөдөлгөөнийхөн мэдэгдээд байна. 2004 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо, 2006 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд алтны компаниуд цианит натри хэрэглэснээс мал сүрэг, ан амьтан, шувуу үхэж байжээ.
Хонгорт юу ч болоогүй, тэгж сүйдтэй хордсон юм байхгүй гэж салбар хариуцсан сайд, агентлагийн дарга нар нь хэвлэлийн бага хурал зарлаж, яаж ч няцаагаад одоо нэгэнт үнэнд гүйцэгдэж эхлэв бололтой. Сэтгүүлчид энэ асуудлаар үнэхээр сайн ажиллаж байна. Тэдний бичсэн нийтлэл, газар дээрээс нь хийсэн сурвалжлагуудаас харахад тэнд үнэхээр га"Мшиг болжээ. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Хаянхярваа "Хонгорын ард түмний амьдралыг сайжруулахын тулд ногоо цагааг нь зармаар байна" гэсэн ярилцлага өгч сууна. Яаж ингэж ярьж чадаж байна аа. Ард түмнээ хөсөрт хаях эрх эрхэм Засаг дарга танд, Засгийн газарт мэдээж байхгүй. Гэхдээ таны ярьсан шиг асуудлыг шийдвэрлэдэггүй юм. Аймгийн Засаг даргад нөөц хөрөнгө байдаг бол түүнээсээ, байдаггүй бол Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгө төгрөг гаргаж тэдний аж амьдралд туслалцаа үзүүлэх ёстой.
Засгийн газрын өчигдрийн хуралдааны хэлэлцэх төлөвлөгөөнд шинжилгээ, судалгаа хийх явуулын лаборатори авах асуудал орсон гэсэн. Гэвч дугаар шилжих мөчид хуралдаан дуусаагүй байлаа. 45 мянган ам.долларын өртөгтэй тэр лабораторийг Японоос авах гэнэ лээ. Тээврийн зардал нь ороод 70 мянга болох юм гэсэн. Энэ шийдвэрийг их эрт гаргаж болох л байсан. Тэгсэн бол ийм хэмжээний гамшиг нүүрлэх байсан гэж үү.
Одоо Хонгорын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэсэн яриа улам хүчтэй сонсогдож эхэллээ. Үнэхээр 2000 шахам иргэнээ эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироогоод сууж байж болно гэж үү, энэ төр засаг. Ирэх оны сонгууль, ичих нүүргүй улс төр хоёроосоо жаахан ч болов ангижирч асуудалд эрүүл ухаанаар хандах цаг болсон юм биш үү. Румынд цианит натри алдсан онцгой бүсээс долоо хоногийн дотор 1000 шахам иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан түүх хуучраагүй байна. Хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй байсан тул тэд Европын холбоонд хандаж тусламж авч байсан гэдэг. Бид хөрөнгө мөнгөгүйдээд байгаа бол гадны улс орон, олон улсын байгууллагуудад мөн адил хандаж болно шүү дээ. Гэхдээ Засгийн газарт таван тэрбумын нөөц хөрөнгө байгаа гэж АН-ын УИХ дахь зөвлөлийн дарга Л.Гансүх мэдэгдээд байгаа билээ. Тэгэхээр бид асуудлыг түргэн шуурхай шийдэх боломж байна гэсэн үг.
А.Баасандорж