Туйлдсан ой маань тамир тэнхээ үгүйлж байна. Хортон шавжинд нэрвэгдэн, босоогоороо хатсан ой зовлонгоос гэтэлгэхийг хүсэв. Харин ургаа шинэс модод хатаж, унасан хаягдлаас салахыг хүснэ. Арчилгааг нь сайжруулж, тордолгоог нь нэмээд өгвөл ашиглах хангалттай хэмжээний нөөц, төлжих чадвар сайн болохоо Монгол орны ой илэрхийлжээ. Ойн эл хүүрнэлийг манай ойн салбарынхан, Германы мэргэжилтнүүдтэй хамтарсан 500 гаруй хүний бүрэлдэхүүнтай баг гурван жилийн турш судалсны эцэст олж тогтоосон байна.
Доройтлын гол шалтгаан түймэр, хортон шавж, арчилгаатай холбоотой
Ойн хэлмэрчний үүрэг гүйцэтгэж буй тэд энэхүү мэдээгээ Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор дамжууллаа. Үр дүнд нь манай улсын ойн бодлого хамгийн оновчтой буюу хүн, байгальдаа ээлтэй хэлбэрээр явагдах нөхцөл бүрдэв. Тиймээс ч энэ нь манай байгаль орчны салбарын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал болсныг Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Банзрагч тэмдэглэлээ.
Ойн салбарт 30 гаруй жил ажилласан тэрбээр эл үйл явдлыг Монголын ойчдын хоёр том бүтээн байгуулалттай эн чацах үйл хэрэг болсныг ийн тодотгов. “Зах зээлийн шуурганд өртсөн тужийн нарсын ойд 13 мянган га талбайг ойжуулж ойн санд шилжүүлсэн. Мөн заган ойгоор говь цөлөө ойжуулсан нь бидний нэг бахархал. Өнөөдрийн бидний ярьж буй олон зорилгот ойн тооллого цаг хугацаа өнгөрөх тусам яах аргагүй ойн инженерүүдийн гайхамшигт бүтээл болж үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.
Ерөөс манай улс 60 жилийн дараа ойн олон зорилтот тооллогыг үндэсний хэмжээнд явуулсан нь энэ. Эл тооллогоор манай орны ойн нүүрстөрөгч шингээх болон ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоожээ. Үүний үндсэн дээр Монгол Улс ойн хүлэмжийн хий шингээх чадавхийг сайжруулах, хүлэмжийн хийн худалдаанд оролцох олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүд хаалга нээгдэж буйг салбарын сайд Х.Оюунхорол онцлов. Монгол орны ойн нүүрстөрөгч шингээх нөөцийг газрын дээд, доод, хатсан модны, хөвхөн давхарга, хөрсний хэмээн таван ангиллаар тооцон гаргажээ. Ингэснээр энэ удаагийн судалгаа анхны бөгөөд онцлог болж байгаа юм байна.
Төрөөс баримталж буй тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд энэ удаагийн тооллого чухал хөшүүрэг болох учиртай юм байна. Учир нь манай орны ойн доройтлын зонхилох шалтгаан түймэр, хортон шавжны дайралт, арчилгаа дутагдсанаас бий болсон хатаж унасан мод болдог аж. Энэ нь нэг талаар өнгөрсөн хугацаанд ойгоо хамгаалж байна гээд хав дарсан бодлогын алдаа гэдгийг ойн салбар дуу нэгтэй зөвшөөрөв.
Түүнчлэн цаашид ойн тогтвортой менежментийг шат шатандаа сайтар ойлгох шаардлага тулгарч буйг судалгааны тайлан тодорхой харуулж буй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд мод бэлтгэлийн нэгэн компани 5000 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч энэ том нөөцөөс ердөө л 10.3 шоо метр мод бэлтгэдэг аж. Энэ нь тус талбайн 80 хувь ашиглалтгүй үлдэж байна гэсэн үг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.
Социализмын үеэс мод боловсруулах үйлдвэр нь хөл дээрээ босож чадаагүй байгаа энэ цаг үед уг судалгааны дүн чухал ач холбогдолтой болж буйг модны үйлдвэрлэгчид олзуурхаж байна. Тогтвортой менежментийн ачаар өнгөрсөн 20 гаруй жилд орхигдоод байсан ойн ашиглалтаа сайжруулснаар боловсруулах үйлдвэрийг хөл дээр нь босгох боломжтой юм байна. Харин 10 мод тутамд 2- 3 хөгшин буюу 300-гаас дээш жилийн настай мод бий. Ийм насжилттай моддыг авч ашиглах, ойн арчилгааг сайжруулах замаар ойгоо залуужуулж, ой өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэж салбарынхан харж байна. Гэхдээ энэ бүхнийг зөв менежмент, байгаль орчинд ээлтэй технологийн тусламжтай ашиглах боломж бололцоо бий аж.
Монгол орны ой нөхөн төлжих чадвар маш сайн
Тооллогын үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр ахмад ойчдын зүгээс анхаарвал зохилтой нэгэн санал гарсан юм. Тайлан мэдээнд манай ойн 70 орчим хувь нь хөгшин ой гэж бичжээ. Гэтэл хөгшин ой гэдэг ойлголт 300-гаас дээш жилийн насжилттай моддод хамаардаг. Харин манай ойн дийлэнх нь 200-гаас дээш жилийн настай учир болцын нас гүйцсэн ой болдог юм байна. Хүмүүст буруу ойлголт төрүүлэхгүйн тулд албан бичиг, тайлан мэдээндээ ч гэсэн үүнийг залруулж, насажсан ой гэж нэрлэхийг ахмад ойчид уриалсан юм.
Түүнчлэн ирэх оны төсөвт ойн хортон шавжийг устгах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Үүнтэй эрчимтэй тэмцэхгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ойн бүс хуурайшиж, хортон шавж, түймэрт нэрвэгдэх эрсдэл нэмэгдэх аюултай байна.
БАЙГАЛИЙН АЯСААР СЭРГЭХ ЯВЦЫГ НЬ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагаас зарим асуудлыг тодрууллаа.
-Энэ удаагийн үр дүнг товч тодорхойлбол юу гэх вэ?
-Монгол орны ойн сангийн талбай буураагүй. Харин доройтол маш өндөр хувьтай байна. Доройтолд нөлөөлөгч гол хүчин зүйл нь түймэр. Мөн мал бэлчсэний улмаас ойн зах доройтож байна. Үүний уршгаар зулзган мод ургахгүй, ой байгалийн аясаараа нөхөн сэргэх явц маш муу байна.
-Эерэг үр дүн байгаа болов уу?
-Нөхөн сэргээгдэх чадвар маш сайтай. Нэг га талбайд 3065 зулзган мод ногдож байгаа нь үүний тод илрэл юм. Тиймээс мод тарихаас илүү ой маань байгалийн аясаараа сэргэх үйл явцыг нь дэмжиж өгөх бодлого барих ёстой гэсэн зөвлөмж гарлаа.
-60 жилийн дараа үндэсний хэмжээнд тооллого явууллаа. Хоёр үр дүнг харьцуулбал?
-Монгол орон ямар ойтой вэ гэдгийг 1956 онд манай судлаачид Оросын мэргэжилтнүүдтэй хамтран тоолж байсан. Тэр үед ой өтгөн, холимог ой ихтэй байжээ. Одоо бол Монгол орны ой өтгөрлөө алдаж байна. Ойн нөөц багасаж байна. Энэ хэрээрээ ойн эрүүл байдал алдагдсан гэсэн үг. Нөгөө талаар ойн бүтээмж багатай нь харагдаж байна.
-Өнөөдөр ойн ашиглалт муу байгаа талаар нэлээд хөндөгдлөө?
-Монгол орны ойн 80 хувийг насажсан ой эзэлж байна. Мөн ойн талбайгаараа ижил бусад оронтой харьцуулахад манай ойн нөөц, бүтээмж бага байгаа юм. Бага ашиглагдсан. Байгалийн аясаараа хатаж, насжаад унаад байгаа модны хуримтлагдсан нөөцийг харвал манай ой маш бага ашиглагдаж байгааг харж болно. 420 сая шоо метр хатсан унасан, нэг саяас дээш шоо метр хөгшин ургаа модны нөөц манай ойд байна.
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОМЖОО АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
GIZ-ийн “REDD+ Үндэсний ойн тооллого” төслийн зохицуулагч Алтрелл Дан-с дараах асуултад тодруулга авав. Түүнийг Монгол орны байгаль орчныг хамгаалах үйлсийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал одонгоор шагнасан юм.
-Та энэ төслийн зохицуулагчийн хувьд Ойн тогтвортой менежментийг цаашид бие даан хэрхэн үргэлжлүүлэх ёстой гэж харж байна вэ?
-Миний хэлэх гол зүйл бол өнгөрсөн гурван жилд хөрөнгө оруулан бэлтгэсэн энэхүү боломжийг алдалгүй барьж авахыг Монголын Засгийн газарт дамжуулмаар байна. Энэ хугацаанд ойн мэргэжилтнүүдийг олноор бэлтгэлээ. Судалгааны үр дүн, бий болсон мэдээллийн баазыг хэрхэн ашиглахаа тэд мэддэг боллоо. Гэхдээ тэд шинэ. Хэрэв төслийг энэ чигээр нь дуусгаад, цаашид үргэлжлүүлэхгүй бол тэдний олж авсан ур чадвар ямар ч хэрэггүй болно. Тиймээс энэ үр дүнг цаашид үргэлжлүүлэх боломжоор ханган, хэвийн үйл ажиллагааг нь хангах хэрэгтэй.
-Герман 1980-аад онд ойн нөөцөө тогтоосон юм байна. Үүний дараа ямар өөрчлөлт гарсан бэ?
-Герман бол бусад улсын адил ойгоо хэдэн арван жилийн турш тогтвортой менежментээр удирдаж ирсэн. Гэхдээ үндэсний ойн нөөцөө 1980-аад он хүртэл тогтоогоогүй байсан. Харин үндэсний хэмжээнд ойн нөөцөө тогтоосноор өмнө нь орон нутгийн түвшинд хэрэгждэг байсан ойн нөөцийн менежмент үндэсний хэмжээнд хэрэгжсэн.
-Монгол ойн арчилгаагаа хэрхэн сайжруулах вэ. Та өөрийн улсын туршлагаасаа хуваалцана уу?
-Зөвхөн ойн төдийгүй аливаа тогтвортой менежментийн гол үзэл баримтлал бол ямар ч төрлийн нөөцийг тогтвортой ашиглаж сурах явдал. Гэхдээ тогтвортой менежмент гэдэг нь ойг ашиглах хэрэггүй гэсэн үг биш. Мод тайрахгүй ч гэсэн үг биш. Харин урт хугацаанд ойгоо хэрхэн ашигтай ашиглах уу гэдэгт л чиглэх ёстой менежмент юм.
З.Цэлмэг