Монголын шинэ үеийн утга зохиолын шүүмжлэл судлалын дээд сургуулийг үүсгэн байгуулагч Ц.Мөнх Д.Нацагдоржийн мэндэлсний 60 жилийн ойд зориулан дараах нийтлэлийг бичиж байжээ.
Одоогоос тавин жилийн өмнө бичсэн уг нийтлэлийг хүргэж байна.
1906 оны намар цаг. Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэх Монголын өргөн талын нэгэн нүүдэлчин айлын гэрт бяцхан хөвгүүн мэндэлжээ. Тэр хүү Монголын уран зохиолын үзэсгэлэнт сарангуа Д.Нацагдорж юм. Мянган жилийн түүхт талын нүүдэлчин монголчуудын нийгмийн амьдралд эргэлт гарсан үед буюу үлгэрт өгүүлдгээр муу цагийн сүүл сайн цагийн эхэнд манай гайхамшигт зохиолч мэндэлсэн юм. Ирээдүйн их зохиолч сэргэлэн цовоо хүү арван таван насандаа ардын хувьсгалтай золгожээ. Түүнд ардын хувьсгалын үзэл санааг хүлээж авах эсэх тухайн асуудал байсангүй. Нацагдорж бол хувьсгалын үзэл санаагаар өөрөө хүмүүжих,ардын хувьсгалын үзэл санаагаар бусдыг хүмүүжүүлэх, тэргүүтнийг нэгэн зэрэг хослон шийдвэрлэсэн юм.
Д.Нацагдорж бага наснаасаа монгол эртний бичгийн зохиол хийгээд ардын аман яруу найраг,дорно дахины сонгодог утга зохиолыг сонирхон судалсан байна. Гэвч залуу Нацагдорж шинэ хувьсгалт улсаа хөгжүүлэн мандуулахад зөвхөн дорнодын боловсрол хангалттай биш гэж үзээд алс газар сурахаар (Ленинград, Берлин, Лейпциг) явж европ зүгийн шинэ үзэгдэл өөр амтанд умбаж түүний далайгаас сувд тана шүүрдэж хэдэн жил болоод эх орондоо буцаж ирэхдээ хээрийн галуу нисэн үл хүрэх газраас өвөр дүүрэн эрдэнэтэй иржээ. Ийнхүү манай Нацагдорж өрнө дорнын боловсролыг хэм тэгш эзэмшсэн тэр үедээ ховорхон сэхээтний нэг болсон юм.
Д.Нацагдорж бол ардын хувьсгалын үйл хэргийг бэхжүүлэх хэрэгт хар бага наснаасаа зүтгэсэн манай хувьсгалт шинэ нийгмийн эрхэм нэгэн үйлчин билээ. Тэрээр ардын цэргийн яаманд бичээчийн ажлаар албан хаах үйл ажлаа эхэлж цаашдаа цэргийн зөвлөлийн гишүүн, Бүх цэргийн зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ардын засгийн газрын нарийн бичгийн дарга зэрэг засаг төрийн хариуцлагатай ажил, Хувьсгалт залуучуудын эвлэлийн “Жавхланг бадруулагч” үүрийн даргаас Монгол ардын Хувьсгалт Намын Төв хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүн хүртэл нам олон нийтийн хүндтэй тушаалын ажлыг хийж байсан нам төрийн зүтгэлтэн юм.
Д.Нацагдорж бол эх орон ард түмнээ хамжлагын харанхуй ертөнцөөс нийгэм журмын гэгээн ертөнцөд шилжүүлэхэд соён гийгүүлэгч сэтгүүлч хэвлэн нийтлэгч байжээ. Тэрээр хорьдугаар зууны хүмүүжил боловсролыг хөдөөгийн уул талаар таригч сэхээтэн юм. Нацагдорж нарын тэр үеийн соёл түгээгч сэхээтнүүдийн үйл ажиллагаа нь ард түмний дунд тухайн үедээ ангасан талын хөрсийг хурын усаар ундаалах мэт арвин шимтэй байсан ажээ.Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж нэг худгийг эргэн тойрон нутаглаж, тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмний хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн манай ард түмэнд чухамдаа Нацагдорж нарын соён гийгүүлэгчид хэрэгтэй байжээ.
Д.Нацагдорж шинэ Монголын нэрт түүхч эрдэмтэн байсан юм. Тэрээр 1930-1937 онуудад Монголын үндэснийхээ түүхийг судлан шинжлэх ажлыг голлон эрхэлж байжээ.Түүний бичсэн “Монголын түүхийн товч”гэдэг түүхийн зохиол нь ард түмнийхээ түүхийг марксист ёсоор шинжлэн судлахыг эхлэн хийсэн анхны бүтээлүүдийг нэг байлаа. Тэр Монголын түүхийн холбогдолтой баялаг материалыг цуглуулсны дээр нэлээд зохиолыг гадаад хэлнээс орчуулсан нь хожмын түүхчдэд чухал үр шимээ өгсөн байна.
Д.Нацагдорж шинэ Монголын утга зохиолыг үүсгэн байгуулагчийн нэг, авьяас билигт, нэрт зохиолч байлаа. Нацагдорж тэр чигээрээ яруу найргийн авьяас байсан юм. Д.Нацагдорж өөрийнхөө хэлсэнчлэн “Цэцэн мэргэн оюунаас” өөрөө гарч, “ертөнц дахиныг хайлган чадагч яруу найргийг туйлаас хүндэтгэн” үздэг жинхэнэ яруу найрагч байсан юм.Тэрээр “Хурц сэргэлэн ухааны амттай сайхан зохиолоор шинэ Монголоо дэвтээх” чинхүү зорилтыг яруу найрагтаа дэвшүүлж биелүүлсэн найрагч юм. Яруу найрагчийн бичсэн “Миний нутаг”, “Од”, “Нар аа”, “Сар аа”, “Дөрвөн цаг” хэмээх мөчлөг зэрэг мөр бадгаас нь оч дөл гялалзсан найргууд нь манай шинэ яруу найргийн эрдэнэсийн санд сураад олдошгүй сувд,эрээд олдошгүй эрдэнэ мэт байсан байна.
Д.Нацагдорж бас үргэлжилсэн үг, жүжгийн сайн зохиолч байлаа. Зохиолчийн бичсэн “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал”, “Цагаан сар ба хар нулимс”, “Үзэгдээгүй юм” зэрэг яруу найраг шиг гоо сайхан өгүүллэгүүдийн амтанд ороогүй уншигч хэн билээ. Түүний “Учиртай гурван толгой” жүжгийн уран сайханд дур булаагдаж, утга гүнд ухаан задарч уран зөөлөнд уярч, урам хөгжин зориг сэргээгүй үзэгч бий билүү.
Д.Нацагдорж уран бүтээлээрээ хувьсгалын дууч байсан юм. Хуучны харгис харанхуй бүдүүлэг ёсыг жигшин дуулж,шинэ хувьсгалт гэгээн ёсыг магтан дуулсан нь түүний уран бүтээлийн гол сэдэв,гол агуулга нь юм. Д.Нацагдорж бол аялгуу сайхан Монгол хэлнийхээ үгийн ур чадлаар бидний төрсөн нутаг Монголын сайхан орны бий бүхий дүр зургийг сийлэн зурсан уран үгийн их мастер билээ.
Монголын нутгийн гоо сайхныг уран бүтээлдээ эн тэргүүн гүн гүнзгий танин мэдэж дүрслэн үзүүлсэн гавьяатай зохиолчийн нэг юм. Шинэ цагийн бидний гоо зүйн өндөр дээд мэдрэмж,хүсэл эрмэлзэл бол зохиолчийн уран бүтээлд байсан тэр үзэл санааны цаашдын хөгжил байна.Нацагдоржийн уран бүтээлд монгол орны бүх гоо сайхан цогцолсон байдаг учраас түүний зохиолууд тэр чигээрээ Монголын тухай уран дуу уянгат хөгжим болон одоо сонсогдож байна.
Д.Нацагдорж төрөлх хайртай ард түмэндээ бүх л сэтгэл санаа,хүч чадал авьяас билгээ зориулсан жинхэнэ эх оронч яруу найрагч байлаа.
“Миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” алдарт найрагт нь түүний эх оронч үзэл санаа цогцлон илэрсэн байна.Д.Нацагдорж “Түүхийн шүлэгтээ”:
Монгол хэмээх нэр, ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл, миний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн
Үхтлээ орших тал нутаг, салж болшгүй орон мөн гэж манай яруу найрагч халуун эх оронч сэтгэлээ илтгэсэн байдаг.
Д.Нацагдорж бол ирээдүйг үзэх сайн сайхны үзэлтэй, ирээдүйдээ итгэх гүн бат итгэлтэй,түүн рүү тэмүүлсэн хурц шулуун тэмүүлэлтэй, цогтой яруу найрагч байлаа.
Д.Нацагдорж өөрийнхөө шилдэг сайхан найргаар уншигч олноо баясгаад зогссонгүй, дэлхийн сонгодог уран зохиолын шимтэй бүтээлийг орчуулж уншигч олноо дэлхийн тэргүүний соёлтой танилцуулахад анхлагчийн нэг билээ.
Нацагдорж нарын үүсгэсэн уран бүтээлийн замаар манай уран сайхны ажилчид замнаж,манай уран зохиол шувуун саарлын хурдаар хөгжиж байна. Түүний бий болгосон яруу сайхны их өвөөр манай бүхэл бүтэн үе хүмүүжиж байна. Манай Нацагдорж бол гандан бууршгүй яруу найрагч юм.
Нацагдоржийн яруу найраг алмааз эрдэнийн чулуу мэт гэрэлтэн гялалзанхан байна.
ЯРУУ НАЙРАГЧИЙН БҮТЭЭЛЭЭС ЦОХОН ТЭМДЭГЛЭХ НЬ:
“... Уран зохиолчдын анги нь (анги гэсэн нь сонин хэвлэлд тогтмол нийтэлдэг уран зохиолын анги буюу бүлэг гэсэн утгатай үг) цэцэн мэргэн оюунаас гарч ертөнц дэлхийг хайлган чадагч яруу найргийг хүндэтгэн залуу авьяастныг дуудан сэргээж, хувьсгалын зохиолч нарыг хөгжүүлэн, хурц сэргэлэн ухааны амттай сайхан зохиолоор шинэ дэлхийг дэвтээхийн санаа тавьжээ” гэж 1930 онд Д.Нацагдорж бичжээ. Д.Нацагдорж өөрөө цэцэн мэргэн оюунаас гарч ертөнц дахиныг хайлган чадагч яруу найргийг туйлаас хүндэтгэдэг яруу найрагч байлаа. Тэрээр хурц сэргэлэн ухааны амттай сайхан зохиолоор шинэ Монголоо дэвтээх чинхүү зорилгыг өөрийнхөө яруу найрагт дэвшүүлж биелүүлсэн яруу найрагч юм.
Д.Нацагдорж нь тэр чигээрээ яруу найргийн авьяас байжээ. Энэ утгаараа Д.Нацагдорж өөрийнхөө шүлэглэсэнчлэн “Монголын уран зохиолын үзэсгэлэнт сарангуа” нь юм.Д.Нацагдорж хэдийгээр утга зохиолын гурван төрөл дээр хэм тэгш бичсэн зохиолч боловч түүний бичсэн жүжиг ньч үргэлжилсэн зохиол нь ч үнэндээ яруу найраг шиг юм.Тэр ч байтугай зарим үргэлжилсэн зохиолыг нь шүлгийн маягаар өрөхөд эргээд шүлэг болдог. Жишээлбэл:1930 онд “Аальгүйгээс хамаргүй” гэдэг өгүүллэг бичжээ. 1931онд “Халаг балаг” нэртэйгээр ганц ч үг үсгийн өөрчлөлтгүйгээр эргээгээд өрсөн нь хэмжээ дамжаа тохирсон шүлэг болжээ. Энэ нь түүний үргэлжилсэн зохиолын яруу найргийн шинжийг дав даруйд баталж байна.
Бас “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал” зэрэг өвөрмөц яруу найраг бий. Хэрэв “Аальгүйгээс хамаргүй” зэрэг өгүүллэг нь угаас яруу найргийн гадаад хэмжээ хэмнэлтэй зохиогдсон бол “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг өгүүллэг нь дотоод айзам аялгатай өөрөөр хэлбэл “үргэлжилсэн хэлбэрээр бичсэн шүлэг”гэж болохоор бүтээлүүд юм.
Нөгөө талаар Д.Нацагдоржийн аль ч өгүүллэгийг уншсаны эцэст ямар нэг шүлэг юм уу найраглал уншсан шиг сэтгэгдэл төрдөг. Дашрамд тэмдэглэхэд Д.Нацагдоржийн үргэлжилсэн зохиолоос орчин үеийн утга зохиолд ихэд яригддаг “үргэлжилсэн зохиолын яруу найраг”, “ үргэлжилсэн зохиолын ритмийг” сурч судлахад ихээхэн тус болох мэт.
Зохиолчийн уран бүтээлийн яруу найраглаг шинжийг энэ удаа зөвхөн үүгээр хязгаарлая.
Бүх яруу найрагчид ирээдүйг үзэх үзэл санаагаараа ялгарч дэвшилттэй ба харгис гэж хоёр хуваагддаг. Д.Нацагдорж ийн ирээдүйд хандах хандлага түүний яруу найрагт тов тодорхой тусжээ.
1925 онд бичсэн “Пионерын дуу” гэдэг шүлэгтээ:
Ариун улаан цусандаа
Ардын хувьсгалыг шингээсэн ...
Алсын их улирлыг
Авцгаах багачууд мөн өө бид гэж шүлэглэжээ.
1926 онд бичсэн “Улаанбаатараас Берлин хүртэл” гэдэг шүлэгтээ:
Шинэ дэлхийн халуун зүрх Москва хот
Шинэ боловсролын охь орон Москва хот гэж шүлэглэжээ.1927 онд
Хөх Монголын ач нар,түмэн түмэн эрс
Хөвгүүд охид цугаар,цог заль төгс
Хойчийг залгамжлах залуучууд
Хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрс гэж бичжээ.
1931 онд бичсэн Октябрь шүлэгтээ:
Баруун Европ Америкийн үйлдвэрчинд үлгэрболоод таван тивийг бүрхэх Октябрь
Байн байсаар бүх дэлхийн Октябрь болж хуучин байдлыг цөм халаад зөвхөн
нарыг хэвээр үлдээх Октябрь гэж шүлэглэжээ.
1932 онд үл ялих хэргийн учир Д.Нацагдорж хоригдож байсан гэдэг нь тодорхой. Тэр үедээ:
Хаврын сайхан нараас
Харанхуй гянданд оров.
Намрын сайхан салхинд
Намайгаа гаргах болов уу гэж бичиж байжээ. Гэхдээ тэр зөвхөн суллагдсанаар сэтгэл нь амрах биш харин:
Орон гяндны орон дээр
Шарилж өвс ургавал
Шаналсан зовсон минь
Санаа сая ханана гэж бүр тэнд байхдаа бичсэн байна. 1932 онд бичсэн өөр нэг шүлэгтээ:
Насан идэр залуу
Нийгэм журмын оюутан би
гэж бичсэн бол 1933 онд бичсэн “Миний нутаг” алдарт дуулалдаа:
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяа байгуулъя гэжээ.
Үүнээс гадна яруу найрагчийн хүсэл мөрөөдөл эрмэлзэл тэмүүллийг илтгэж ирээдүйд хандах хандлагыг бүр ч тод тусгасан гурван цогтой шүлэг бий.
Энэ нь 1931 онд бичсэн “Од”, 1933 онд бичсэн “Сар аа”, “Нар аа” гурав юм. Энэ гурван шүлэг бичлэгийн арга барил тавьсан зорилго зэргээрээ нэг нь нөгөөгөө нөхөн гүнзгийрүүлсэн шинжтэй юм. Эдгээр шүлэгт юуны түрүүнд шүлэгчийн яруу найргийн цог жавхлан тодорч байгаагаараа онцгой санагддаг.
Энэ гурван цогтой шүлэгт яруу найргийн хүсэл тэмүүлэл тодорч,ирээдүйг үзэх сайн сайхны үзэл санаа нь тусгагдаж байгаагаас гадна,зохиолчоос энэ ертөнц хийгээд эрхис гаригийг танин мэдсэн гүн мэдлэг түүнийг улмаар гүйцээн мэдэхийн их хүсэл эрмэлзэл гүнээ туссан байна.
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн,эрдэнэ оршном
Уул ус,цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ
Манай ертөнц шиг янз янзын юм холин байна уу
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу үгүй юу
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи гэж “Од” шүлэгтээ эрхис гаригийн түм түмэн байдлыг танин мэдэх хүсэл эрмэлзлээ шингээсэн байхад:
Хязгаарлашгүй наст сар аа
Ганцхүү уул ус чиний эгч дүү болох бизээ
Хангай дэлхий хэвээр байтал
Хүний явдал их л өөрчлөгдсөнийг
Хасын сайхан сараа,хайрлан надад хэлж өгнө үү
Хамаг амьтны түүх хэчнээн хувилсаар ирснийг та мэднэ шүү дээ
гэж “Сар” шүлэгтээ эх ертөнцийнхөө амьдралын жам ёсыг танин мэдсэн хийгээд улмаар танин мэдэхийг хүсэн буйгаа илэрхийлжээ.
Ер нь гурван шүлгийн нарийн нягт судалбал зохиолчийн яруу найргийн гүнзгий шинж чанарыг илрүүлэх боломжтой юм гэж бодогдоно. Эдгээр шүлэг нь байгалийн уянгын хэлбэрээр бичигдсэн шинжлэх ба гүн ухааны яруу найраг юм.
Дээрх шүлгүүдээс ч үзсэн гэсэн Д.Нацагдоржийн байгалийн уянгууд нь маш өвөрмөц онцлогтой юм. “Дөрвөн цаг” гэх хавар, зун, намар, өвлийн тухай алдартай мөчлөг шүлэг бий.Хэдийгээр энэ мөчлөг байгалийн уянгын хэлбэртэй боловч үнэндээ монгол орны хүн ардыг нь ахуй амьдрал, зан заншил төрөлх нутгийнхаа байгаль орчны үзэмж сайхны хамтаар бяцхан мөчлөгт зураглагдан гаргасан шиг санагддаг.
Энд илүү чимэг тайлбар хийлгүйгээр, уг мөчлөгөөс хэдэн бадаг иш татууштай санагдана.”Хаврын тухай” хэсэгт:
Холхи нар ойртон хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
гэж байхад “Зун” гэсэн хэсэгтээ:
Үзэсгэлэнт уул тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам Монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
“Намрын тухай” тухай хэсэгтээ:
Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг( бөн бөн) чичирнэ
Гэрийн эзэн эртлэн үнэг чоныг гөрөөлөхөөр одохуйяа
Эхнэр хүүхэд тогоо нэрж,түүнийг хүлээнэ гэх буюу
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно
Мөчлөгийн “Өвөл” хэсэгт:
Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийгээд
Алтан дэлхий уул тал мөнгөн хуягийг өмсөнө.
Өвлийн шөнийн тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу гэх буюу
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм ясхийм ясхийм
Монгол залуус нүүртээ цогтой нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрлийн хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана
гэх зэргээр энэ мөчлөгт дүрсэлсэн нь чухам юу эс дутаж яаж эс хэлэв гэмээр.
Д.Нацагдоржид эрүүл энхийн тухай ухуулгын шүлгүүд бий. Энэ бол хэлбэрээрээ нийтлэл найргийн шинжтэй бөгөөд дотроо иргэний, улс төрийн, гүн ухааны гэх мэтээр салж болох мэт.
Зохиогчийн ухуулгын шүлгүүдийн тухай удаа дараа ихэд бичигдсэн тул түүний утга агуулга ач холбогдлыг задлан ярихын оронд түүний яруу найргийн хойшдын өв уламжлалын талаар ганц хоёр зүйлийг тэмдэглэхийг хүснэ.Эдгээр шүлэгт одоогийн уншигчдын үүднээс үзэхэд зарим нь ач холбогдлоороо багассан нь ч бий, бас ач холбогдол нь хэвээрээ байгаа нь бий. Жишээлбэл: “Цуст байлдаан” гэдэг шүлэгт хүний цусны цагаан цогцосны тухай ухуулан бичээд:
Хэн ч гэж өөрөө мэдэхгүй амьтан
Чиний биеийг хамгаалах атал
Хүн чи өөрийн биеэ
Өвчнөөс юунд үл сэргийлнэ гэсэн нь уран бөгөөд учиртай хэвээрээ.
Гэхдээ эдгээр ухуулгын шүлгүүдийг тэр үедээ ард түмнийг эрүүлжүүлэх ариун үйлсэд асар их ач холбогдлоо өгсөн юм гэх төдийгөөр магтан суух хэрэггүй бөгөөд одоо түүний далайгаас яруу найргийн сувд таныг шүүрдэн эрэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Д.Нацагдоржийн ухуулгын шүлгүүдэд түүний яруу найргийн гайхамшиг их хэмжээгээр хадгалагдан буй. Жишээлбэл: “Эрүүл” гэдэг шүлэгт:
Ертөнцийн зохиол байгалийн бүтээл юутай сайхан
Есөн өнгө,түмэн зүйл бодис юутай сонирхмоор
Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
Бодол мэргэн,ухаан гүн,эрдэм төгөлдөр юутай сонин
Хүний дотор баясгалан болбол юутай сайхан гэх мэтээр эрүүл бие саруул ухааны тухай шүлэглэсэн нь яруу найргийн гоо сайхны нээлт биш гэж үү
Мөн өөр нэг шүлэгт:
Цэцгийн хур орж
Таван өнгийн солонго татахад
Цэмцгэр цагаан гэрийн хажууд
Жавхлант охин зогсох нь үзэсгэлэнтэй
Царай өнгө арчсан толь мэт
Цав цагаан шүд яралзаж,өндийн хөмсөг зурайна.
Харах нүдний нь хар цагаан хослон
Хас чулуунд шигтгэсэн лүн тэн мэт гэх мэтээр шүлэглэсэн нь одоо ч туйлаас хүчтэй хэвээр байгаа яруу сайхны нээлт билээ. Ийм учраас Д.Нацагдоржийн нийтлэл шүлгийн ач холбогдлыг зөвхөн ухуулгын утга агуулгаар нь биш яруу найргийн нь ач холбогдлоор хамтад нь авч үзэх нь манай утга зохиолын судлалд эрхэм чухал юм.
Монголын яруу найргийн “Сувд эрдэнэ” болсон “Миний нутаг”-ийн тухай олон хүн олон янзаар бичсэн гэвч бидний хэн нь ч одоо хүртэл уг найргийн нууц увдисыг илрүүлж чадсангүй.Энэ яруу найргийн нууц увдис нээн илрүүлэх нарийн төвөгтэй ажил манай судлагчдын өмнө байсаар л мэт санагддаг.
Д.Нацандоржийн яруу найраг ардын яруу найрагтай гүн зузаан холбоотой юм. Ардын яруу найргийн өв уламжлалыг олон янз хэлбэрээр хөгжүүлэн авч ашигласан байжээ.
“Ертөнцийн гурван гайхамшиг” гэдэг шүлэгт ардын яруу найргийн нэгэн өвөрмөц хэлбэрийг ашиглаж нар, агаар, усны тухай эрүүл энхийн аятайхан шүлэг бичжээ.
Нөгөө талаар ардын яруу найргийн зэрэгцүүлэх аргыг Нацагдорж гүнзгий утгаар бүтээлчээр эзэмшсэн байдаг. Жишээлэхэд:
Шинэтгэл сайхан сар
Шинэ хурц гэрэлтэй
Сэтгэл зүрхний хүү минь
Шимтэй халуун янагшилтай
гэх зэргээр зэрэгцүүлэхийг учир шалтгааны нарийн холбоотой хэрэглэжээ. Гэтэл зарим яруу найрагч энэ мэт учир шалтгааны холбоогүйгээр механикаар зэрэгцүүлэн шүлэглэсэн нь үзэгддэг.
Монголын шинэ уран зохиолыг үүсгэн бий болгосон хорь гучаад оны үеийн хувьсгалт залуу зохиолчид таван минутын шүлэг зохион авьяас билгээ сорилцон шүлэг зохиол бичих сургууль хийдэг байжээ.Түүний нэг тусгал болж Д.Нацагдоржийн “Бидний сурагчид”, “Энэтхэг бүсгүй”, “Хоёр зохиолч”, Хоёр залуу эр эм”, “Гайхалтай”, “Хэвлэл”, “Соронзон”, “Сэхээтэн”, “Миний ээж” зэрэг ихэнхдээ дөрвөн мөрт шүлгүүд зохиогджээ. 1935 онд бичсэн “Таван минут” гэдэг бяцхан өгүүлэлд “Таван минутын хугацаа хэдийгээр богино боловч тархи ухаан таван тивд хэдэнтээ зугаалан одож, марсын ертөнц дээр нисэн одвол, харин зуун жилийн зузаан нөхөр шинжлэх ухаантай учирсан бөгөөд удалгүй марс ба марз хоёрын хооронд замыг нээж уран зохиолчдыг урьдаар аваачиж шинэ сониныг үзүүлэх гэнэ” гэж бичжээ.Энэ зохиол бол нэг удаа зохиолчдын байгууллага дээр ( марз гэдэг нь тэр үеийн зохиолчдын байгууллагын товчилсон нэр) хэсэг зохиолчид цугларч таван минутын зохиол бичсэний ул мөр лавтай мөн. Дээрх шүлгүүдийн зарим нь энэ маягаар зохиогдсон байж болох бөгөөд зарим нь заавал таван минутад зохиогдсон гэж үзэх албагүй. Үүгээр юу хэлэх гэсэн юм бэ гэвэл Монголын шинэ яруу найраг дахь дөрвөн мөртүүдийн анх үүссэн эхлэл нь таван минутын шүлэг бөгөөд таван минутын шүлэг нь хэдийгээр дөрвөн мөртийн үүсэх шалгаан нь эс ч шалтаг болсон нь дамжиггүй гэлтэй.
Дашрамд тэмдэглэхэд 1961 онд хэвлүүлсэн Д.Нацагдоржийн түүвэр зохиолд шинээр олж нэмж оруулсан гэх зарим шүлгүүд ялангуяа В.Цэвэгдорж гэдэг хүний олж ирүүлсэн зарим шүлэг нь Д.Нацагдоржийн шүлэг арай ч биш бол уу гэмээр. Тийм шүлгүүд нь тухайн үед зохиолчийн бичиж байсан шүлгийн найрлагатай хэтэрхий зөрүү байна.
Дашдоржийн Нацагдорж бол монгол орны хүн ард,ахуй амьдрал, ан амьтан,араатан жигүүртэн, уул ус,хээр тал ер монгол нутгийн гоо сайхныг эн тэргүүн жинхэнэ ёсоор нь танин мэдэж уран сайхнаар дүрсэлж чадсан гарамгай яруу найрагч юм. Д.Нацагдоржийн уран бүтээлд монгол орны бүх гоо үзэсгэлэн бүгд дүрслэгджээ. Тийм ч учраас Нацагдоржийн зохиолууд тэр чигээрээ Монголын тухай уран дуу, уянгат хөгжим болон сонсогдож байна.
Д.НАЦАГДОРЖ БА ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛ
(Д.Нацагдоржийн хожмын зарим уламжлалын тухай)
Д.Нацагдоржийг монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг дээр одоо манай бүх судлагч, шүүмжлэгчид санал нэгтэй байна. Д.Нацагдоржийг монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч гэж үзэхдээ чухам юугаар нь авч үзэж байна вэ гэдэг дээр очихоор янз бүрийн саналууд байдаг.Үлгэр жишээ болон хожим уламжлагдсан шилдэг зохиолууд бичсэнээр нь,яруу найраг, хүүрнэл, жүжгийн үндсэн гурван төрөл дээр хэм тэгш бичсэнээр нь, хувьсгалт шинэ утга зохиолын анхны бүтээлийг туурвиснаар нь,эсвэл уран бүтээлийн шинэ аргын эх үүсвэрийг тавьснаар нь авч үзсэн саналууд байдаг.Энэ бүхэн бол Д.Нацагдоржийн хожмын уламжлалыг авч ярихад гол тулгуур асуудлууд болох юм.Манай шинэ үеийн уран зохиол хуучны уран зохиолын зүй ёсны уламжлал үргэлжлэл гэхдээ чанарын хувьд шинэ утга зохиол юм.Энэ нь юугаар тайлбарлагдах вэ Бид хуучин уран зохиолыг шинэчлэхдээ түүний аргыг шинэчилж шинэ зарчмаар утга зохиолыг бүтээдэг болсон түүхэн онцлогийг үүнтэй юуны түрүүнд холбон үзэх хэрэгтэй мэт санагдана.
Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Октябрь”, “Дөрвөн цаг”, “Гүндэг чагванцын гүрмийн хэнгэрэг”, “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Ламбугайн нулимс”, “Цагаан сар ба хар нулимс”, “Үзэгдээгүй юм”, “Үүрийн жавар уурын чимээ” зэрэг бүтээлүүд утга агуулга,үзэл санаа,ур чадварын хувьд өнөөдөр манай уран зохиолын авирч хүршгүй оргилуудын нэг болсоор байна.Эдгээр бүтээлүүд бол шинэ арга социалист реализмын анхны алтан хараацайнууд байсан гэж үзэж болно.Утга зохиолын шинэ зарчим бүрэлдэн бий болоход зохиолын тоогоор хэмжиж болохгүйг энд зориуд цохон тэмдэглэмээр байна. Д.Нацагдоржийн уран бүтээл бүхэлдээ шинэ утга зохиол бий болгохын төлөөний эрэл,энэ шинэ утга зохиолын үндсэн арга зарчмыг бий болгохын төлөөний эрэл байлаа.Тэгээд ч түүний уран бүтээлийн гавьяа энэ шинэ утга зохиол,түүний арга зарчмын эх үндсийг тавьж чадсанд оршино.Түүний уран бүтээлээрээ тарьж ургуулсан эх үндэс цаашид шимтэй хөрсөнд урган төлжиж манай утга зохиол цэцэглэн дэлгэрлээ.Энэ бол Нацагдоржийн уламжлалын хамгийн ерөнхий хамгийн их ач холбогдолтой тал юм. Уран бүтээлийн аргыг нэг уран бүтээлч эхлэн үүсгэж болох бөгөөд тэр арга нь төгс хэлбэрээ олох, бүхэл бүтэн улс үндэстний утга зохиол,улмаар дэлхий дахины утга зохиолын урсгал болон хөгжих зэрэг асуудал нь түүний хожмын уламжлал, түүний хамтран зүтгэгчид хийгээд дараа үеийн уран бүтээлчдийн хичээл чармайлтын үр дүн болох нь тодорхой. Үүнээс хуучны уламжлалт утга зохиол социалист реализмын утга зохиол болон хөгжсөн ба ерөөс монголын социалист утга зохиол бүрэлдэн хөгжсөн одоогийн үр дүн бол Д.Нацагдоржийн уламжлал мөн гэдэг дүгнэлт хийж болох байна.
Социалист реализм Монголын утга зохиолын арга болон хөгжсөн өвөрмөц явцыг нарийвчлан гүнзгий судлах ажил одоо манайд эхлэл төдий байгаа бөгөөд тэр эхлэл маань ч өнгөц маргааны шинжтэй байгааг тэмдэглэх хэрэгтэй.Чухам үнэнийг хэлэхэд социалист реализм уу, хувьсгалт реализм уу гэдэг нэр томьёоны асуудал бол гол судлагдахуун биш бөгөөд угаас энэ хоёр нэр томьёо хоорондоо зарчмын ялгаагүй болохыг Монголын зохиолчдын анхдугаар их хурлын материал тодорхой харуулж байна.
Д.Нацагдорж бол монгол үндэсний амьдралыг хувьсгалт цоо шинэ гоо зүйн үзлийн үүднээс эхлэн нээсэн уран бүтээлч юм.Энэ нь манай шинэ гоо зүй дэлгэрэн хөгжих зул болж өгчээ. Уул ус,тал хөндий, өвлийн өглөө,зуны үдэш гээд ер монгол нутгийн байгалийн гоо үзэсгэлэн Нацагдоржийн уран бүтээлд хэчнээн шинэ сэрэг,өнгө гэрлээр сэтгэлд ойр дөт,үнэн гоо дүрслэгдсэн байдаг билээ.Мөн үүн лүгээ нэгэн адил монгол хүний аж амьдрал,ажил хөдөлмөр, Монголын түүх,нийгмийн хувьсгал,хувьсгалт шинэ амьдралын гоо сайхныг Д.Нацагдорж хувьсгалт шинэ яруу сайхны үүднээс нээжээ.
Д.Нацагдоржийн яруу сайхны дүрсэлгээний нэг онцлог бол байгаль хүн, нийгмийн гоо сайхныг шинэ маягаар нээсэн түүний уран сайхны нээлт,бүтээлд нь нягт уялдан сүлжилдэж нэгэн нэгдмэл уран сайхны цогцос болон бүрэлдсэнд оршино. Д.Нацагдорж ард түмнийхээ ахуй амьдралыг эх орны байгальтай холбон дүрслэхдээ тун авьяастай өвөрмөц яруу найрагч бөгөөд энэ нь манай одоогийн яруу найрагт маш өргөн уламжлагджээ.Энэ утгаараа Д.Нацагдоржийн бүтээсэн дүрүүд монгол үндэсний уламжлалт яруу сайхны сэтгэлгээний хөгжилд шинэ үе болж хожмоо уламжлагдлаа.Их зохиолчийн хожмын уламжлалын асуудлыг утга зохиолын хөгжлийн маш олон зүйл дээр авч ярьж болох юм.
Манай шинэ уран зохиолын хөгжлийн хувьд Д.Нацагдоржийг уламжлан баяжуулсан ба шинэтгэн уламжилсан хоёр үндсэн хэлбэр байна гэж үзэж болохоор юм. Их зохиолчийн хожмын уламжлалыг энэ үндсэн хоёр хэлбэр манай яруу найраг,хүүрнэл болон жүжгийн зохиолын төрлийн аль алинд байгааг тэмдэглээд яруу найраг дээр бүр тэгэх тусмаа “Миний нутаг” шүлгийн хожмын уламжлалаар жишээлэн ярья.
Д.Нацагдоржийн “Миний нутаг” бол Монголын шилдэг яруу найргийн гайхам од болон гялалзсаар ирлээ,хойшид ч гялалзан байх болно.
Их зохиолчийн “Миний нутаг” –ийн хойноос Ц.Дамдинсүрэнгийн “Монгол нутаг”, Д.Сэнгээгийн “Эх орон”, Ц.Цэдэнжавын “Миний нутаг”, Ч.Чимидийн “Би монгол хүн” зэрэг олон шилдэг найраг шүлэг гарч их зохиолчийн санааг өргөжүүлэн гүнзгийрүүлж,баяжуулжээ.Эх орныхоо тухай дуугаа өргөөгүй яруу найрагч манайд байхгүй гэж лавтай хэлж болно.Эдгээр бүтээлүүдийг үзэхэд эх орны тухай манай яруу найрагчдын гоо сайхны сэтгэлгээ их зохиолчийн “Миний нутаг” шүлгээс эх аван цаашид хэрхэн баяжиж, гүнзгийрч улмаар шинэ шатанд дэвшсэнийг тодорхойлъё харж болно.
Ц.Дамдинсүрэн “Монгол нутаг” шүлэгтээ
Ариун салхины амьсгалтай
Алтан нарны тусгалтай
Амт төгөлдөр бэлчээртэй
Агуу дэлгэр говь минь
Мандсан монгол орны
Мал сүргийн олшироход
Манай дэлгэр говь минь
Маш сайхнаар үзэгдэнэ гэх зэргээр эх орныхоо говь хангай, тал нутгийг шинэ хөгжил дэвшилттэй нь магтан шүлэглэжээ.Энд шүлэгчийн өөрийн гэх өнгө,барилын зэрэгцээ “Миний нутаг”-ийн аяс тод сонсогдож байгааг мэдэрч болно. Гэхдээ:
Орос монгол найрамдаж
Олон даяар баясахад
Орон нутгийн үзэсгэлэн
Онц сайнаар тодорно гэх зэргийн шинэ санаа,дүрсэлгээ байгаа нь уг бүтээл “Миний нутаг”-ийг давталгүй баяжуулсан болох нь тодорхой.
Д.Сэнгээгийн “Эх орон” шүлгийг аваад үзье.
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвч ой нь ангаар бүрэн
Хөрсөн дор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болдоггүй далай шиг
Явсан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв
гэх зэргээр Д.Нацагдоржийн санааг шүлэгч мөн л өөрийн өвөрмөц дуу хоолойгоор илэрхийлсэн байхад:
Дэмжин тусалдаг СССР минь
Дэлхийд ганцаараа хүчирхэг
Дийлдэгдэшгүй манай хүчин
Эвдэршгүй найрамдалдаа байдаг
Ийм сайхан орноо
Эзэмшиж байгаа бид нарт
Зогсолтгүй өөртөө ажиллах
Зориг аяндаа ордог гэж шинэ санаа,шинэ дүрсэлгээгээр мөн эх орны тухай яруу сайхны ойлголтыг баяжуулсан байна.
Ц.Цэдэнжавын “Миний нутаг” эх орны тухай Нацагдоржийн уламжлалд томоохон байр эзлэх бүтээл юм. Хэдийгээр бичлэгийн хэлбэрийн хувьд Нацагдоржийг ягштал баримталсан боловч Цэдэнжав “Миний нутаг”-аараа их зохиолчийн санаа бүрийг,түүний дүрсэлгээ бүрийг задлан дэлгэрүүлж нарийн тодорхой зурагласан нь сонирхолтой бөгөөд тэгэхдээ эх орныхоо түүхэн хөгжлийн явцад гарч ирсэн шинэ хөгжил дэвшлийн агуулгаар Нацагдоржийн санааг асар их баяжуулан гүнзгийрүүлсэн гавьяатай билээ.Энд Ц.Цэдэнжавын ганцхан бадгийг иш татъя.
Цэлмэг залуу насныхаа
Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо
Шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа
Хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж
Эх орондоо хэлдэг
гэсэн нь эх орны тухай өмнөх бүх шүлэг найрагт хууль мэт байсан энэ санааг гайхамшигтай уран, хурц тод илэрхийлснээрээ уг санааг яруу сайхнаар хэлбэржүүлсний оргил мэт одоо харагдаж байна.
Ч.Чимидийн “Би монгол хүн” шүлэг энэ сэдвийн яруу найрагт тодорхой байр эзэлсэн сонин бүтээл болсон юм.
Аргалын утаа бургилсан
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа юм шиг...
гэх зэргээр Нацагдоржийн уламжлалыг үргэлжлүүлэхдээ уянгын би баатрын тодорхой дүрээр сэтгэл санаагаа илэрхийлж бичлэгийн хувьд шинэ эрэл хийсэн нь өмнөх ерөнхий магтаалын аясыг багасгасан онцлогтой байна.Мөн энэ бүтээлд эх орныхоо өмнө иргэний хүлээх үүрэг хариуцлагыг тодруулан тавьсан утга агуулгын гүнзгийрэл байгааг тэмдэглэх хэрэгтэй.Энэ бүхнээрээ Чимидийн бүтээл “Миний нутаг”-ийг уламжлан баяжуулжээ.
Их Нацагдоржийн “Миний нутаг”манай нэрт яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөв” хоёрын хооронд уламжлалын тун өвөрмөц нарийн холбоо байна гэсэн дүгнэлт хийж болох байна.Энэ уламжилсан холбоо нь хойно урд гарсны хувьд ч биш эх орноо гоо сайхны үүднээс нээсэн яруу сайхны сэтгэлгээний хувьд бие биетэйгээ уламжлал шинэчлэлийн нарийн холбоотой байна.Б.Явуухулан:
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны, тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би...
гэх зэргээр “цаст цагаан уулыг”, онгон цэнхэр талыг”, “мөрөн голын усыг” эзэгнэн төрөөд зогсоогүй
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед,монгол хүний идээшсэн

гэх зэргээр “үнэр ялдам агь гангыг”, “сайхан бүсгүйн сэтгэлийг”, “цээлхэн дууны эгшгийг” эзэгнэнхэн төрснөө дуулаад:
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би
Амь нэгтээ олныхоо Монголоо гэсэн сэтгэлд
Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах
Үйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан галанд
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би гэж шүлэглэсэн байдаг.
Эндээс бид эх орны тухай уянга ямархан шинэ сэтгэлэг, шинэ арга барилаар илэрхийлэгдсэнийг төвөггүй мэдэж болох байна. Эндээс бид эх орноо гоо сайхны үүднээс манай яруу сайхны сэтгэлгээ хэрхэн шинэчлэгдсэнийг мэдэрч болохоор байна. Иймэрхүү шинэчлэлт Ч.Чимидийн “Эх орон”, С.Дашдооровын “Миний Монгол”,П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” зэрэг манай өнөөдрийн олон яруу найрагчдын бүтээлд байгаа юм. Энэ бол зөвхөн эх орны тухай уянгад төдий биш улмаар манай яруу найрагт байна гэж үзэж болно.Ийм шинэтгэн уламжилсан хэлбэр хүүрнэл зохиолын хувьд С.Эрдэнэ нарын бүтээл дээр,жүжгийн зохиолын хувьд Л.Ванган нарын бүтээл дээр ажиглагдаж байна.Үүнээс Монголын орчин үеийн утга зохиолд Д.Нацагдоржийн уламжлал тавиад оны сүүл жараад оны үеэс шинэ үе шатанд оржээ гэдэг дүгнэлт хийж болохоор байна.
Энэ бүхэн бол Д.Нацагдоржийн уламжлалын талаар хамгийн ерөнхий асуудлыг тэмдэглэж байгаа хэрэг бөгөөд Д.Нацагдоржийн ухуулгын шүлгийн уламжлал, “Учиртай гурвын” уламжлал, Хэлхээгүй сувд ба одоогийн романы харилцаа холбоо гэх мэтээр тодорхой төрөл,шинэчлэлийн асуудлаар сэдэвчлэн цаашид судлах бололцоотойг тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс Д.Нацагдорж Монголын орчин үеийн утга зохиолд тавиад оны сүүл жараад оны эхэн хүртэл уламжлан баяжиж,цаашдаа шинэчлэн баяжих хэлбэрээр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болох байна.
Ц.Мөнх