Өнөөдөр зургаан настай балчраас жаран насыг зооглосон ахмад ч аль нэг нийтийн дууны ганц мөрийг торох юмгүй аялчихна. Нөгөө рок, поп, хип хоп, жазз, сонгодог сонсдог хүмүүс ч ганцаар дутахгүй нийтийн дуу мэднэ гэдэгтээ мөрийцөхөд ч алдахгүй болов уу. Зөвхөн Монголд биш, Америкт ч кантри буюу нийтийн дуу нь хамгийн өргөн дэлгэр тархаж, хамгийн их ашиг орлоготой уран бүтээлчдийн жагсаалтыг энэ чиглэлийнхэн тэргүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Монголд нийтийн дууны урлаг хэрхэн үүсч хөгжсөн, өнөөг хүртэл хэрхэн замнаж буй талаар бид Монгол Улсын УГЗ, хөгжмийн зохиолч, судлаач Т.Сэр-Одоос тодруулга, ярилцлага авлаа.
Хоёулаа яриагаа нэршлээс эхлүүлье. Зөв нь нийтийн дуу байдаг, гэтэл олон нийтийн дунд зохиолын дуу гэдэг нэршил бүр тогтчихлоо...?
Нэршил гэдэг аливаа зүйлийн мөн чанарыг нь тодорхойлж байдаг. Зохиолын дуу гэхээр хүний оюун ухаанаар бүтсэн, зохиосон дуу болчихоод байгаа биз. Хэрэвзээ зохиолын дуу, зохиогчтой дуу хэмээн нэрлэх гэж байгаа бол бусад дуунууд, Л.Балхжав, Б.Долгионы дуунууд зохиогчгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр нийтийн дуу гэдэг нэршил илүү зөв болж байгаа юм. Нийтийн дуу хөгжим гэдэг бол нийтэд зориулагдсан, ямар ч хүн сонсох, ямар ч хүн дагаад дуулах боломжтой байдгаараа онцлог. Зохиолын дуу нэршлийг бол манай рок попын төлөөллүүд гаргаж ирсэн болов уу гэж боддог.
Поп бол англиар popular, оросоор популярный гэдэг үгийн үндэс. Энэ бол масс руу чиглэсэн, масст маш хурдан хүрдэг үйлдэл, үзэл санааг илэрхийлдэг. Попыг орчуулбал нийтийн л гэсэн үг. Ухаандаа зохиолын дуу гэж нэршээд байгаа дуу ч нийтийн дуу, поп ч нийтийн дуу юм. Нэг нь гадаад, нөгөө нь монгол нэршилтэй. Нэршлийн хувьд нэг ч илэрхийлэх арга барилын хувьд өөр. Поп нь орчин үеийн хөгжим, цахилгаан хөгжим дээр үндэслэгдсэн бөгөөд өөртөө олон янзын тембр, стиль имиж, онцлог хэв загварыг агуулдаг. Нөгөө нийтийн дуу бол ардын дууны хөрсөн дээрээс гарч ирсэн, язгуур дууныхаа уламжлалыг аваад явж буй салбар. Ялгаа нь ийм.
Ардын дуу бол хэн гэдэг хүн хэдий үед туурвисан нь тодорхойгүй, тэгсэн мөртлөө ард түмний дунд амнаас ам дамжиж, бичгийн уламжлалаар ч тэр, аман уламжлалаар ч тэр өнөөг хүртэл түгээн дэлгэрч, уламжлагдаж ирсэн урлаг юм.
Тэгэхээр ардын богино дууг нийтийн дуу гэж хэлж болох уу?
Ардын гэсэн зохиогчтой нийтийн дуу юм. Та бид хоёулаа үүнийг дуулж болно. Яагаад гэвэл бидэнд хоолойн чадал чансааны хувьд, мөн илэрхийллийн боломжоороо ойр. Нөгөө талаар монголчууд дуунд хайртай, дуучин ард түмэн. Тийм ч учраас дуугаар өөрийгөө яруусгаж, эгшиглүүлж, халгиаж цалгиаж сэтгэлээ хөглөж байдаг. Тэр хөг эгшиг нь уран бүтээлчид бид бүхний бүтээл хийх боломжийг дандаа шинээр нээж өгдөг. Дууны уран бүтээлд түүхэн үе шатыг дамжиж явсан уламжлал, хөгжлийн онцлог бий. Нүүдэлчин ухамсар, соёл, ахуйгаас хот руу, хүрээ соёл руу шилжсэнтэй холбоотойгоор богино дууны хөгжил явагдсан.
Хөдөө уртын дуу жигтэйхэн сайхан зохицдог бол хотод сонирхлын, бахархлын түвшинд л байгаад хэрэглээ болж чадахгүй байгаа. Бид дуулж чадахгүйдээ биш, цусанд маань байхгүйдээ биш хотын уур амьсгал, орчин нөхцөл уртын дууг хөдөө найран дээр дуулагддаг шиг өргөн дэлгэрүүлэх боломжоор хязгаарлачихаж байна л даа. Уртын дуу уудам тал нутаг, байгалийн бүх өнгө үзэмжийг уран зураг шиг хажууд авчирдаг, тэр хэмжээгээрээ хүний сэтгэл, бодол, хараа гүйцэмгүй тал руу чөлөөтэй зорчиж явдаг.
XX зууны эхэн үеийн хүрээ дуу нь өнөөгийн нийтийн дууны эх үндэс болсон ардын богино дуу үүсэх, төгөлдөржих эх өлгий болж өгч байжээ гэж үзвэл дараагийн цаг үе буюу социализмын бүтээн байгуулалтын үед нөгөө уламжлал дээрээ тулгуурлаж бий болсон нийтийн дууны чиг хандлагатай бүтээлүүд гарч яваад, дараа нь 70-80-аад оноос техник технологийн дэвшил мэдэгдэхүйц нэмэгдэж, цахилгаан хөгжим, өрнөдийн янз бүрийн соёлууд нааш орж ирснээр нөгөө нийтийн дуу маань эстрад, 90-ээд оноос поп рок урсгал руу ороод ирсэн.
Нийгмийн түүхийн хөгжлийн үе шаттай нийтэд зориулагдсан уран бүтээлийн хөгжлийн чиг хандлага салшгүй холбоотой. Тухайн үеийн сэтгэлгээ, соёлыг харах ухамсартай холбоотойгоор нэг талаасаа бүтээж, нөгөө талаасаа хүртэж байгаа энэ харилцаан дунд уран бүтээлийн янз бүрийн өөрчлөлт гарна. Тэгэхдээ нэршил өөрчлөгдөнө гэсэн үг биш.
Хөгжим богиносох, нэг ёсондоо нийтийн дууны чиг хандлага руу орох болсон нь хотжилттой холбоотой юм байна. Гэтэл өнөө үед нийтийн дууг хөдөөний хөгжим гэж шоовдорлох хандлагатай байх юм...?
Хөгжмийн эх сурвалжийг үе үеийн эрдэмтэд, суут сэтгэгчид бурхантай, гуравдагч хүчин зүйлтэй, тэнгэр, онгодтой ч юм уу янз бүрийн олон зүйлтэй холбож тайлбарладаг. Хөгжим судлаач хүний үүднээсээ харахад хөгжмийн үүсэл хүний хэл соёлтой холбоотой болж таардаг.
Борис Асафьев гэж оросын судлаач, хөгжмийн онолчийн гаргалгаагаар бол хөгжмийг эсийн түвшинд судалбал аялга руу орно гэдэг онолын үзэл баримтлал байдаг. Тэгэхээр аялга гээч зүйл ганцхан яриан дээр байдаггүй. Аялга хөгжимтэй их холбоотой. Ялангуяа шүлгэн дээр бүтдэг дууны уран бүтээл зайлшгүй хэл соёлоор дамждаг. Надаас төрж байгаа аялгууг би онгодынхоо хүчээр хийчихэж байгаа юм биш. Энэ шүлгэнд орсон үг хэллэгүүд яаж хэлэгдэж байна вэ тэр ярианы аялга дээрээс аялгуу бий болж байгаа. Тиймээс хөдөөний урлаг, хотын урлаг гээд байгаа нь яриа хэл соёлтой холбоотой. Бид хөдөөний урлаг гээд монгол хэл дээрээ төвлөрсөн уран бүтээлээ ад шоо үзэх үү, эсвэл гадаад нэр томъёо орсон дуугаа хотын урлаг гэх үү. Монгол хэлээ тээж яваа энэ соёлоо бид дөвийлгөх үү, эсвэл хөдөөний урлаг гээд шоовдорлох уу.
Дөвийлгөх шоовдорлохын цаана бид монгол хэл соёлоо гээчихвий дээ гэдэг асуудал л байна.
Гэхдээ өнөөдрийн нийтийн дуун дотор монгол хэл бас эвдэрчихсэн байгаа. Тэрүүгээрээ ардын дуунаасаа бас ялгаатай. Жишээ нь, Л.Мөрдорж гуайн аялгуу Д.Пүрэвдорж гуайн шүлгээр хийсэн “Дөрвөн цагийн тал” дууг ямар ч хүн сонсоод үнэхээр гайхамшигтай сайхан дуу байна гэдэг. Үнэхээр тийм. Гэтэл орчин цагийн дуунуудад энэ дайнд хүрэхээр дуу нэг чиг алга гэдэг. Энэ бас үнэн. Үнэн байх шалтгаан юу вэ гэхээр тэр шүлгэнд байгаа монгол үг яг язгуур хэллэг, аялгаараа л Л.Мөрдорж гуайн аялгууг бүрдүүлж байгаа. Тэрийг ард түмэнд дамжуулсан хүн нь аугаа их Н.Норовбанзад гуай. Н.Норовбанзад гуай уртын дуун дотор байгаа тэр язгуур монгол хэлийг уртын дуугаараа өвлөж аваад, өвлөж бидэнд үлдээсэн. Ярианы аялга, аялгуу хоёр ингэж зохицдог юм гэдгийн тод жишээ нь тэр.
Өнөөдөр ч бид энэ бүтээлийг эргэж сонсоод байна аа гэдэг бол бид төрөлх монгол хэлээсээ нэлээд холдоод байгаагийн шинж. Холдоод байгаагаа мэдэхгүй мөртлөө санаад байгаагаа мэдрээд байдаг.
С.Жавхлан Т.Баясгалангийн үеэс нийтийн дууны урлаг эрчимтэй хөгжсөн санагддаг. Цаг үеийн тохироо нь тэгж таарав уу?
Би 2001 оны үед Шанхайд мэргэжил дээшлүүлсэн юм. Тэр үед гавъяат Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, Х.Болормаа, Д.Ширмэнтуяа, У.Далантай, С.Эрдэнэцэцэг гээд нийтийн дууны сайхан дуучид, Төрийн шагналт Б.Шарав, АЖ, Төрийн хошоо шагналт Н.Жанцанноров, МУУГЗ Б.Бямбабаяр, Д.Баттөмөр, Д.Цэвээнравдан, Ц.Жамъян гээд хөгжмийн зохиолчид бүтээлээ хийж байсан уу гэвэл байсан. Тэгсэн мөртлөө яг ийм түвшинд очиж чадаагүй байсан. Тухайн үед рок поп урлаг хүчтэй байлаа. Тэр үед би Европ анагаахын шинжлэх ухааны сургуульд сурдаг нэг найзтайгаа сургуулийнх нь хөлбөмбөгийн талбайд яг ийм сэдвээр ярьж байсан юм.
“Аливаа шинэ зүйл санаачилж хийхэд жижиг зүйл гэж байдаггүй. Чамд хамгийн ойрхон хөдөлгөж болох салбар юу байна вэ, тэрийгээ бодоод зөвхөн тэрийгээ л хийгээд үзчих ээ, дараа нь асуудал их сайхан болно. Одоо энд ингээд сурчихлаа. Эх орондоо очоод юу хийнэ дээ гэж чи ч санаа зовж байгаа байх, би ч санаа зовж байна. Хоёулаа нэг зүйл бариад явъя” гэж тэр найз маань уриалж байсан юм. Энэ нийтийн дууны урлаг надад хамгийн ойр байсан. Нэг түвшинд аваачихад өөрийнхөө хувь нэмрийг өгөх юмсан гэж боддог байлаа. Надад симфони юм уу, дууриа бичээд явах боломж байсан. Тэгтэл үүнийгээ түрдээ хойш тавиад энэ дууны урлаг руу орсон. Юунаас болоод энэ чиглэл маань болохгүй байгаа юм бэ гэтэл сайн бүтээл, сайн дуучин байгаад л асуудал шийдэгдэнэ гэвэл эргэлзээтэй байсан. Би сургуулиа төгсөж ирээд нэг ахындаа очтол “Сэр-Одоо манай энэ хүүхэд их аятайхан дуулаад байх шиг, чи нэг сонсоод үзээч” гэлээ. Сонсохоор нээрээ л сайхан дуулна. Тэгээд дуучин болгох юм уу гэхээр “Үгүй ээ” гэнэ.
“Амьдрал нь П.Адарсүрэн, С.Цэрэнчимэд шиг болчихно, тэгж амьдралыг нь алмааргүй байна” гэдэг үг надад их хүчтэй нөлөөлсөн. Ганц биш олон хүн тийм бодолтой байсан. Тэр үед СУИС-ийн дуулаачийн ангид 50 хүрэх үү үгүй юу хүүхэд л өрсөлддөг байсан. Миний санаагаар нэг намируулчих “туг” хэрэгтэй байсан. Зөвхөн сайхан бүтээл, сайхан хоолойгоор биш, дуучин хүний ёс суртахуун, олны өмнө биеэ авч яваа байдал, өөрийнхөө амьдралыг авч яваа байдал, амьдралынх нь хэв загварыг өөрчлөх ёстой юм байна гэдэг санаа орж ирсэн. Миний урд сууж байсан хүүхдүүдээс Жавхлан л харагдсан байхгүй юу. “Чам дээр ийм зүйл хийх гэж байна” гэж би юу гэж хэлэх вэ. Аз болоход санаснаар болсон. Жавхлан дуулаад эхэлсэн. Жавхлан шиг дуучин болох юм бол амьдрал маань ийм байх юм байна, олон түмэнд ингэж хайрлагдах юм байна гэдэг эрмэлзэл хүмүүст бий болсон. Их удаагүй, хоёр жилийн дараа дуулаачийн ангид 200 хүүхэд өрсөлддөг болсон. Тэгэхдээ би үүнийг ганцаараа хийгээгүй. Яг надтай хөтлөлцөөд хамтдаа нэг талаас боссон Б.Бямбабаяр багш, Д.Цэвээнравдан багш, МУУГЗ Д.Цэцэрлэг, МУУГЗ Т.Найданжав гээд олон хөгжмийн зохиолч байна.
Дуучид талаа бол нөгөө “туг” маань намираад, даллаад байсан. Ингэж бид энэ салбарыг сайхан болгохын төлөө чармайсан. Намайг мэргэжлийнхээ бүтээлийг хийхгүй нийтийн дууны урлаг руу их орсон, мөнгө төгрөг хийсэн гэдэг ч юм уу янз бүрээр ойлгодог. Хүн юу гэж ойлгох нь хамаагүй, ямар ч гэсэн би энэ нийтийн дууны урлагийг аятайхан байлгаж, ардын дуунаас уламжлагдаж ирсэн тэр уламжлалыг, тэр ариун сайхан хэл соёлтой нь хамт аваад явахын тулд том хэмжээний, мэргэжлийн бүтээл хийх цаг нараа үндсэндээ зориулсан. Зөвхөн мөнгөөр бүгдийг хэмжсэн бол дууны урлаг маань хэцүү байгаад, харин би баяжчихсан байж магадгүй байсан. Яг энэ завшааныг тохиолдуулаад гар гараасаа хөтлөлцөөд, нэг нь санаачлаад ороход ар талаас бүгдээрээ дэмжээд өгсөн уран бүтээлч баг хамт олондоо баярладаг шүү гэдгээ зориуд хэлмээр байна.
Монгол хэл соёлыг хадгалахад нийтийн дууны урлаг их чухал нөлөөтэй гэж та хэллээ. Тэгтэл сүүлийн үед дууны шүлэг энэ чухал нөлөөгөө үзүүлж чадахгүй байгаа. Таны хувьд шүлэг сонгохдоо ямар шалгуурыг тавьдаг вэ?
Н.Жанцанноров багшийн хэлдэг “Алдаа бүхэн амжилт байдаг. Амжилт заримдаа алдаа ч бас байдаг” гэж үг бий. Таны бодож байсан зүйл нэг түвшинд хүрчихээд эргээд буучихаж байгаа юм биш үү гэж та бодож байх шиг байна. Энэ үнэн. Хэтэрхий их зохиогоод, хэтэрхий их түмэнд нийцүүлэх гээд, хэтэрхий их хүнд таалагдуулах гээд ирэхээрээ худлаа юм бий болдог. Улаанбаатар хотод дуулаад байгаа нийтийн дуучид маань хотынхоо амьдралд нийцүүлэхийн тулд нөгөө нэг монгол аялгуун дээрээ гадаад нэршил ч юм уу янз бүрийн үг хэллэгээ аваачиж тавихыг эрмэлзэх болж. Тэгвэл хүмүүст хүрнэ гэж ойлгоод байна. Ийм биш ээ, бид ийм юмыг хүсээгүй.
Хоёрт нийтийн дууг ч гэсэн ард түмэн дуулдаг мөртлөө тэрийг мэргэжлийн чиг баримжаагаар баримжаалаад, бодож боловсруулаад бодлоготойгоор аваачиж тавих ёстой байтал тэр жигүүрийг нь таслаад хаячихсан. Би ард түмний суу билгийг үгүйсгээгүй. Гэтэл утсан дээрээ дуу аялчихаад дуу зохиогоод явдаг болчихож. Бидний бодож байсан хөгжил энэ биш. Үүн дээр жаахан сэтгэл дундуур явдаг. Нөгөө талаар рок попынхонтойгоо бид маш ойр байдаг. Эдний бүх бүтээл монгол хэлээсээ холдчихсон юм биш шүү. Харин эд нар их том ажил хийсэн. Өнөөдөр эдний бүтээлүүд илүү их болоод ирж байна. Яагаад вэ гэхээр саяын бидний яриад байсан зүйлийг хараад тусгаад авчихсан.
Сүүлд Д.Болд “Монгол поп” цомог гаргаж, тэрүүгээрээ Төрийн шагнал авлаа. Төрийн шагналыг уран бүтээлчид биш уран бүтээлд өгдөг шүү дээ. Монгол дэлгэр сайхан хэлийг тэндээс нь гарч ирсэн аялгууны онцлогтой болгосны дээр утга агуулга нь хүртэл монгол хүний гэр бүлээ гэх хайрыг өгүүлсэн байх жишээтэй. “Миний хоёр эрдэнэ” гээд дуунд нь би дуртай. Рок попынхон маань монгол хэл соёл руугаа ингэж хандаад эхэлсэн. Миний хоёр эрдэнэ гэдэгтэй адилхан миний гурав дахь эрдэнэ бол миний монголын хэл, миний монгол хэл дотроос миний цэвэр аялгуу гарч ирж байна гэдгийг харчихаж байгаа юм. Одоо бол хүссэн хүсээгүй тэр тал руу хандана. “Та нар монгол байх ёстой шүү, хүнд таалагдуулдаг бүтээл биш шүү, үндэс язгуур, цусан дээрээ босох ёстой шүү” гээд миний шавь нартаа хэлдэг үг, бусад уран бүтээлчдэдээ хэлдэг санал үнэн л болж байх шиг байна даа.
Кантри гэхэд америкийнхаа фолк буюу ардын хөгжмөөс гаралтай, манайхаар бол нийтийн дууны урлаг. Манай нийтийн дуутай төстэй ба ялгаатай шинжүүд нь юу вэ?
Нийтийн дууны урлаг орон оронд л бий. Ардын урлагаас үүссэн гэдэг талаасаа адилтгаж болох боловч хөгжмийн хувьд тэс өөр. Тэс өөр хэлээр дуулж байгаа учраас аялгуу, аялга өөр. Тэр хүмүүс шал ондоо хэв загвар дотор амьдарч ирсэн. Адилхан адуучид байлаа гэж бодоход тэдний адуу малладаг уламжлал монголчуудын адуучин уламжлалаас өөр. Тэр хэв загвар, ритм, өнгө будаг, зохирол дотор өссөн учраас тэрүүгээрээ л байгаа.
Кантри бол америк хөгжим биш, америкийн газар нутгийн хөгжим. Индиан, ковбой, латин америк уугуул иргэдийн дундаас бий болсон хөгжим. Бид ч өөрийнхөөрөө байх ёстой. Гэхдээ хөгжлийг хийх ёстой. Хөгжил гэдэг нь сайн уламжлал. Хөгжил гэдэг нь хаана ч байгаагүй шинэ зүйлийг зохиох биш, асар мартагдах гээд байгаа уламжлалуудыг шинэ түвшинд, өнөөдрийн түвшинд хөгжүүлж авчирах юм. Гэвч ардын урлагаараа хэт оролдох дэмий байх.
Хэн ч сонссон ойлгомжтой, хөгжмийн хувьд төвөгтэй биш байдал нийтийн дууны гол онцлог байх. Ийм хөгжим хэрхэн бүтдэг юм бэ?
Шүлгэнд байх үгийн аялга дундаас аялгуу нь гардаг юм. Ая хийнэ гэдэг тэнгэрээс од шүүрдэх гэж байгаа хэрэг биш. Надад онцгой арга барил гэж байхгүй. Ганц л зүйлийг эрхэм болгодог. Зохиохгүй юмсан гэж. Зохиохоор худлаа л байдаг. Өөрийг тань тэр хүнд очоод зохиогоод хэлчих гэвэл худлаа ярьж таарна. Эсвэл би зохиож ярьж чадахгүй гэж хэлнэ. Тэгэхээр би тэрэнд худлаа ярьж чадахгүй гэсэн үг. Зохиох тусам худлаа байдаг. Тэр шүлгээс ямар ритм, ямар аялга гарч, сонсогдож байна, тэр аялгаас яаж аялгуу гаргаж болох уу, цаашилбал хөгжмийн бүтээл гэхэд тэр түмэн хүний зүрх сэтгэл дотор ямар аялгуу эгшиглэж байна тэрийг л түүж бичихийг хичээдэг. Тэр аялгуу тухайн хүний дохио, зан суртахуун, харилцаан дээрээс анзаарагддаг, үзэл бодлоос нь харагддаг, хэл яриан дээрээс сонсогддог. Тэр аялгыг л түүж бичихийг хичээдэг юм даа.
Сүүлийн жилүүдэд нийтийн дууны уран бүтээлчид маш ихээр төрөн гарч ирж байна. Угтаа уран бүтээлчдийн тоо ихсэх тусам өрсөлдөөн, шалгарал явагдах ёстой. Тэгтэл нэг нэгнийхээ дууг давтан дуулах, бөөндөж тоглолт хийх зэргээр нэг тогоондоо л эргэлдээд байдаг. Нэг талаараа сонсогчид ч энэ байдалтай бүрэн эвлэрчихсэн санагдах юм...?
Одоо бол уйдаж эхэлж байна даа. Би нэг зүйлд их сэтгэл эмзэглэж явдаг. Яг энэ цаг үед манай ард түмэн ядруухан байна. Юу сонсох, юу үзэх дээр нь тодорхой түвшинд хязгаарлалт хийчихмээр байгаад байна. Энэ байдал битгий урт үргэлжлээсэй гэж хүсдэг.
Яг энэ хэцүү үед хань болох зүйл нь дуу болчихоод байгаа юм. Гэтэл үүн дээр нь дөрөөлөөд хөдөөгөөр нэг тоглолт хийгээд, хэмнэх гээд, малынхаа махыг тэр доор ортол унагаад, хүүхдийнхээ сургалтын төлбөр рүү зарцуулаад, малчны зээлээ барагдуулах гээд үхэн хатан тэмцэж байгаа амьтдыг тэр сайхан цагтаа яваагүй байж одоо нэг соёлын үрийг тарьдаг хүмүүс болж ингэж дарлаж яах нь вэ дээ. Би ч гэсэн жил бүр нэг тоглолт хийгээд байж дөнгөнө. Тэгмээргүй байна. Хэрэв хийх гээд байдаг бол Жавхлан Баясгалантай адилхан тоглолт хийчихээд малчдадаа өвс аваад өгчихөөч. Эсвэл тойроод үнэгүй тоглоод өгчих. Ямар ч хэцүү үед хамт байж, хүнийг хайрлах, энэрэх сэтгэлээ л бид гээж болохгүй. Эсрэгээрээ хүний ядарсан оюун санаан дээр ингэж тоглолт хийж болохгүй.
Уран бүтээлчид ч хийдгээрээ хийдэг юм байж. Хүмүүсийн хөгжмийн боловсролыг дээшлүүлчихвэл энэ байдал бас өөрчлөгдөх байх аа?
Хүмүүсийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх ёстой амархан даа. Сэтгэл л дутаад байгаа юм. Сэтгэл байхгүй болохоор бодлого байхгүй. Энэ бодлого, бүх эрх нь БСШУСЯ-нд байгаа. Боловсон хүчин бэлтгэх асуудал дээр анхаар, сургалтын хөтөлбөр стандарт дээр нь анхаар. Хөгжмийн хичээл дээр бүгдийг хөгжимчин болгох гэж байгаа юм шиг нот заагаад байх биш, тэр хөгжмөөр хүмүүждэг, дуу хөгжмийг ойлгодог, гоо зүйн чиглэлийн хичээлүүдээр өөрийгөө баясгадаг, үүнээсээ таашаал авч чаддаг ирээдүйн иргэдийг өсвөр насанд нь бэлтгэх боломж бий.
Хөгжим сонсож чадахгүй хүн мянган математикч байгаад ч өв тэгш хүн болоход дутагдана даа. Би хорь гаруй жил боловсролын бүх шатны байгууллагуудад багш хийсэн. Өнөөдөр энэ цаг үед бид сайн мэргэжилтэн, сайн тусгаар байхаас илүүтэй сайн ерөнхий хэрэгтэй байна. Хүн бүхэнд авьяас чадвар бий. Энэ бол тусгайгийн асуудал. Хүн байх нь ерөнхий хэрэг байхгүй юу. Гэтэл хүний ерөнхийг нь бэлддэг ухаан гэхээр нөгөө урлагийн боловсрол, утга уран зохиол, биеийн тамир, харилцаа, эрүүл мэнд, хөдөлмөрийн хичээл байна.
Эд эрхтэн эрүүл гэж бодоход бүгд сэтгэлээрээ өвдчихсөн яваа. Сэтгэл өвчтэй байна гэдэг цаашдаа бүгдийг л хордуулж, өвчлүүлнэ гэсэн үг дээ. Сэтгэлийг эрүүл байлгахад гоо зүйн чиглэлийн, урлагийн боловсрол олгодог хичээлүүд тун ч их хэрэгтэй. Манай дорно дахины уран сайхны сэтгэлгээ чинь их сайхан гэгээлэг. Европ өрнө дахин руу сонгодог нь бараг бүгд үхээд л дуусна. Гэтэл дорно дахинд “Эртээ урьдын цагт” гэж эхлээд “Амар сайхандаа жаргажээ” гэж дуусдаг шүү дээ. Тэгж амьдралд эрч хүч өгдөг. Ийм зүйлсээр дамжиж боловсорсон сайхан монгол хүнийг бид бий болгоод авах хэрэгтэй байна. Мэдлэг боловсролтой, чадвартай хүн байх нь дараагийн асуудал. Хүмүүс л бие биеэ хайрлаад нэг нэгнийхээ сайн талуудыг олж харахыг хичээж, үүн рүүгээ тэмүүлж чаддаг болох юм бол нийгэм өөр болно.