- БНХАУ нэг улсаас хараат болохгүйн тулд хийн импортоо 40 тэрбум шоо метрээс хэтрүүлэхгүй бодлого барьдаг
- Хятад 2022 он гэхэд байгалийн хийн импортоор дэлхийд тэргүүлнэ
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд ОХУ-аас байгалийн хий импортлох “Сибирийн хүч” төслийн нээлтийн үйл ажиллагааны теле дамжуулалтыг дэлхий нийтээр үзэж сонирхсон нь одоо ч шинэхэн сэдэв хэвээр байна. Уг хийн хоолойг гурван үе шаттай барьж дуусгах ба эхний хэсгийг ашиглалтад оруулснаа ийнхүү нээсэн байв. 2020 онд багтааж дунд хэсэг буюу Чанлин шяниас Юнчин шянь (ойролцоогоор сумтай дүйцэх засаг захиргааны нэгж) хүртэлх шугамыг барьж, харин 2023 онд Шанхай хүргэх зорилготой. Энэ хоолойгоор Якут дахь Чаяндин болон Эрхүү мужийн Ковыктинийн ордоос 38 тэрбум шоо метр байгалийн хий Хятадад экспортлох юм.
30 жилийн хугацаатай, нийт 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ гэрээ “Газпром”-ын түүхэнд хамгийн томд тооцогдож байна. Энэхүү нээлтийн ажиллагаанаас хоёр хоногийн дараа “Сибирийн хүч-2” төслийг Монголын нутгаар дайруулах талаар судалж үзэхээ В.Путин амлаж, Шадар сайд Ө.Энхтүвшин болон “Газпром” компанийн гүйцэтгэх захирал А.Миллер нар санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэвч энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайд албан ёсны мэдэгдэл хийж, олон улсад мэдээлсэнгүй. Учир нь санамж бичигт дурдсан төсөөлөл хэрэгжих эсэхийг оросууд өөрсдөө ч мэдэхгүй байна гэж тус улсын хэвлэлүүд бичиж байлаа.
Харин Хятад хойд хоёр хөршийнхөө энэ “жүжгийг” мушилзан ажиглаж, “гольфчдод зориулсан алга ташилтаар” мялааж суусан биз. Таван жил дуншсан хий дамжуулах хоолойн төсөл дөнгөж эхэлж, крант нээгдэнгүүт хоёр дахь шугамын талаар яриа эхлүүлж, монголчуудыг “хошгируулж” буй В.Путины энэ нүүдэлд Хятадын талаас барих хариу нь эртнээс тодорхой байсан юм.
Австрали нүүрснээс шатдаг хий гаргаж авах үйлдвэрлэлд 200 тэрбум ам.доллар зарцуулж, эхний бүтээгдэхүүнээ Азийн орнууд руу гаргаад эхэлсэн.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар БНХАУ жилдээ 97.6 тэрбум шоо метр байгалийн хийн импортолсноороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байв. Сүүлийн арван жилд Хятадын дотоодын хийн олборлолт хоёр дахин нэмэгдэж, гаднаас авах импортоо 45 хувиар өсгөсөн судалгаа бий. Энэ тоо цаашид ч эрчимтэй өссөөр 2022 он гэхэд байгалийн хийн импортоор дэлхийд тэргүүлнэ гэж үздэг. Хятад нь Австрали, Катар болон ACEAH-ий орнуудаас шингэрүүлсэн хий, харин Туркменистан, Казакстан, ОХУ-аас хоолойгоор байгалийн хий авдаг.
Гэхдээ нэг улсаас хийн хараат болохгүйн тулд 40 тэрбум шоо метрээс илүүг авахгүй гэсэн бодлого барьдаг. Одоогийн байдлаар Туркменистанаас Казакстаны нутгаар дамжуулж жилдээ 40 тэрбум шоо метр хий авдаг нь хийн хоолойн импортын 70 хувийг эзэлдэг байна. Үүний дараа Казакстан улс орно. 2019 онд таван жилийн хугацаатай, жилдээ 10 тэрбум хүртэлх шоо метр хий нийлүүлэх хэлцэл “КазТрансГаз” болон “Петро Чайна” компанийн хооронд амжилттай өрнөсөн. Мөн үүний зэрэгцээ Казакстан улс дөрвөн ордыг холбосон Бейнеу-Бозой- Шымкент магистраль шугамынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, 15 тэрбум шоо метр болгох зорилго тавиад буй.
Энэ их амбицын хажуугаар ОХУ-аас Хятад руу хоёр дахь хийн хоолой тавих төслөө эхлүүлбэл Монголоор биш, өөрийн нутгаар дамжуулах санаархлаа ил цагаан хэлэх боллоо. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Казакстаны Эрчим хүчний сайд Н.Ногаев ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новактай энэ асуудлаар уулзсан байна. ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанийнхан Монголын нутгаар хийн хоолой дамжуулах боломжийг судалж байгаа тул салбар хариуцсан сайд нь Казакстанд шууд зөвшөөрөөгүй байх хэмээн албаныхан таамаглаж сууна. Харин Хятад хэрэв ОХУ-аас хий импортлох хоёр дахь шугамаа татахыг зөвшөөрлөө гэхэд урдын хамтын ажиллагаанд түшиглэж, Туркеминистанаас ирэх хоолойг амжилттай дамжуулсаар байгаа, мөн өөрсдөө ч хий нийлүүлж буй Казакстаныг сонгох нь гарцаагүй.
Олон улсын санхүүгийн шинжээч FIBO групп “Казакстанд уг төслийг хэрэгжүүлэх материал, техникийн бааз суурь байгаа тул өрсөлдөх чадвар арай илүү” гэж тодорхойлсон. Харин Монголд “сайхан сэтгэл, хоосон халаас” л байна. Улс төрийн зорилгоор, эсвэл ач санаж, манайд боломж олгоно гэж хүлээж буй монголчууд “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэхийн тулд дор хаяж таван жилийг судалгаанд зарцуулна гэдгийг ой тоондоо оруулаарай. Нэг сонгуулийн жилд шийдэгдэхгүй асуудлаар энэ хавар тархиа угаалгаж, дахин хууртав! “Бухын доодохыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэрээр хэрэглэгч тал шийдээгүй байхад нийлүүлэгчийн даллаганд хошгирч суухын оронд олон улсад нэвтэрч буй туршлагуудыг судалж, өөр гарц хайвал дээрсэн.
Австрали нүүрснээс шатдаг хий гаргаж авах үйлдвэрлэлд 200 тэрбум ам.доллар зарцуулж, эхний бүтээгдэхүүнээ Азийн орнууд руу гаргаад эхэлсэн. Европ даяар түүхий нүүрсээс татгалзаж, түүгээр байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахад хөрөнгө оруулахаа мэдэгдээд байна. Европын Төв банк түүхий нүүрс халсан ямар ч төсөлд хязгаар тавихгүй туслахаа мэдэгдээд байгаа энэ үед Монгол Улс нүүрсний арвин нөөцдөө түшиглэн дэвшилтэт үйлдвэрлэл нэвтрүүлэхэд хийн хоолой хүлээх цаг хугацаагаа зарцуулвал яасан юм бэ.