Амралтын өдрүүдэд III, IV хороололд байрлах амьтны дэлгүүрүүд ачаалал ихтэй байв. Хүүхдүүд гэртээ ямар амьтан тэжээх вэ гэсэн амаргүй сонголт хийхээр аав ээж, найз нартайгаа иржээ. Олон амьтны дунд орж ирээд толгой эргэж байгаа нь илт. Тэрийг ч авъя, энийг ч авъя хэмээн эцэг, эхээ хоргоох нь эгдүүтэй. Анзаараад байхад дэлгүүрээр орж ирсэн хүмүүсийн ихэнх нь загас сонирхох юм. Загасны сонголт ч нэн арвин. Мөн аквариум, зориулалтын хоол, гэрэл, доторх чимэглэл гээд хэрэгтэй бүхэн байна.
“Ер нь амралтын өдрүүдэд ачаалал эрс нэмэгддэг юм. Өнөөдөр шинэ бараа ирсэн болохоор ачаалал бүр ч их байна. Амьтан тэжээдэг хүн ихэссэн болохоор үйлчлүүлэгч олонтой байгаа” хэмээн “Ертөнц” дэлгүүрийн худалдагч Г.Дарь ярив.
Амьтан тэжээдэг хүн ихэссэн болохоор үйлчлүүлэгч олон байна
Гэртээ амьтан тэжээдэг хүүхэд өрөвч зөөлөн сэтгэлтэй, хариуцлагатай, нямбай хүн болж төлөвшдөг. Тиймдээ ч эцэг, эхчүүд хүүхдэдээ амьтан авч өгөх нь түгээмэл. Гэхдээ ямар амьтан авах вэ, түүнийгээ хэрхэн асарч, тэжээх вэ гэдгийг сонгоход учир бий. Энэ талаар мэргэжлийн хүмүүс “Ямар ч амьтан тэжээсэн хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Мөн түүндээ зориулан цаг, зав гаргах нь чухал. Хэрэв ингэж чадахгүй бол амьтан тэжээх хэрэггүй. Зовоохын л нэмэр” хэмээн зөвлөж байна.
Гэрийн тэжээвэр амьтны сонголт хязгааргүй. Ялангуяа гаднын улс оронд эсэн бусын амьтан тэжээнэ. Харин Монголын хувьд нохой, муур, загаснаас гадна туулай, усан гахай, орог зусаг, тоть, яст мэлхий, гүрвэл ихэвчлэн зарна. Үнийн хувьд ч боломжийн. Тухайлбал, муурын зулзага 15- 25 мянган төгрөгийн хооронд зарагдах бол туулай, усан гахай 20-25 мянга. Тоть хосоороо 80- 100 мянга, яст мэлхий хуурай газрынх 150 мянга, усных 5-15 мянгын үнэтэй байна. Загас хамгийн жижиг нь мянган төгрөг бөгөөд үүнээс дээш хэдэн зуун мянга хүрэх нь ч бий. Нохой ч бас 50 мянгаас эхлээд хэдэн саяар үнэлэгдэх нь ч байлаа.
Тэд амьтдаа ихэвчлэн урд хөршөөс оруулж ирнэ. Тухайлбал, загас, тоть, яст мэлхийнүүд ихэвчлэн энэ зүгийнх. Харин туулай, усан гахай, муур, нохойг Монголд үржүүлдэг. Мөн Америк, Оросоос ирсэн амьтад ч цөөнгүй зарагддаг аж. Хуурай газрын яст мэлхий гэхэд хойд хөршөөс ирдэг байна.
Хэрэв та хүүхдэдээ, өөртөө, эсвэл хэн нэгэнд зориулж амьтан худалдаж авахаар шийдсэн бол дараах хэдэн ерөнхий зөвлөгөөг хүргэе.
Загас: Хэрэв загас тэжээх гэж байгаа бол юуны өмнө орчныг нь сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тавиур, аквариум, гэрэлтүүлэг, агааржуулагч, усан доторх эд зүйлс гээд бэлдэх зүйлс мундахгүй. Мөн цагаар тогтмол хооллох шаардлагатай тул олон хоногоор ийш, тийшээ явдаг хүмүүст хүндрэл үүснэ. Гэхдээ урт хугацаанд гэртээ байхгүй тохиолдолд автомат хооллогч аваад тавьчхад асуудал шийдэгдэнэ. Ямар ч байсан загасны усыг 15-45 хоногт заавал солих ёстойг анхаараарай.
Загас бүр өөрийн онцлогтой. Зарим нь халуун, зарим нь хүйтэн усанд амьдарна. Иймд худалдагчаас нь энэ онцлогуудыг сайн асуухад илүүдэхгүй. Зарим хүмүүс махчин болоод энгийн загаснуудыг хооронд нь солиод хийчихдэг тал бий.
Нохой: Хүмүүс нохой худалдан авахдаа хүүхдийнхээ насыг харгалзаж үзэх хэрэгтэй хэмээн “Азийн фэнгшү” дэлгүүрийн эзэн Л.Гэрэлбат хэлэв. “Хүмүүс өөрийгөө ч арчилж сураагүй бяцхан хүүхдэдээ нохой авч өгөөд байдаг. Ингэснээр хүүхэд, нохойнд аль алинд нь хүндрэлтэй. Ер нь зургаагаас дээш насны хүүхэд нохой тэжээхэд зүгээр. Мөн салхилуулах, тэжээх, вакцинд хамруулах гээд арчилгаа их. Энэ бүхнийг амжуулж чадна гэсэн итгэлтэй болсны дараа л нохой авах хэрэгтэй” хэмээн тэр хэлсэн юм.
Туулай, усан гахай: Энэ хоёр амьтан идэш тэжээлээ өөрсдөө тохируулдгаараа төстэй. Тиймээс торонд нь идэш тэжээлийг нь тогтмол байлгах ёстой аж. Үүнийг мэдэхгүй хүмүүс туулайг бусад амьтны адил цагаар хооллох гэж оролддогоос болж өнөөх нь өлсөж, сул тавигдсан үедээ элдэв зүйл мэрээд байдаг. Мөн туулайн бүжинг хэтэрхий их тэврээд байвал үс ноос нь унаж, бие нь өвддөг. Мөн хүүхэд харшилтай болох магадлалтай. Тиймээс үргэлж ноолохоос зайлсхийгээрэй.
Махны чиглэлийн, арьсны чиглэлийн, гэрт тэжээхэд тохирсон гээд олон үүлдрийн туулай бий. Махны чиглэлийн туулай маш их томордог бол арьсны чиглэлийнх үс, ноос их унана. Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүй өхөөрдөм харагдсан бүжинг худалдан авч, хууртах нь элбэг. Нөгөөх нь жилийн дараа зантайтал томорч, эзнээ зовооно. Тиймээс туулай сонгохдоо гэрт тэжээхэд тохирсон, жижиг үүлдрийнхийг аваарай.
Яст мэлхий: Энэ амьтан усны болон хуурай газрынх гэсэн хоёр янз бий. Усных нь тусгай температурт халаасан усанд байна. Усан дотор хооллох бөгөөд бусад үед нь хуурай газарт байж болно. Мөн заавал зориулалтын хоол өгөх ёстой. Харин хуурай газрынх нь арчлахад илүү хялбар. Байцай зэрэг хоолыг нь бэлдээд өгчихсөн байхад өөр тэжээл бараг шаардлагагүй. Оросоос ирдэг энэ амьтан нөгөөхөө бодвол арав дахин үнэтэй зарагдаж байна. Ер нь хамгийн бага арчилгаа шаарддаг амьтан нь хуурай газрын яст мэлхий болон тоть гэдгийг амьтны дэлгүүрийн худалдагчид хэлж байв.
Хамгийн бага арчилгаа шаарддаг амьтан нь хуурай газрын яст мэлхий болон тоть
Манайхан зарим амьтнаа эндээ үржүүлдэг талаар дээр өгүүлсэн. Ялангуяа нохой үржүүлгийн тал дээр нэлээд туршлагатай гэж болно. Үүнээс “Дотнын анд” дэлгүүрийн нохой үржүүлгийн газар хамгийн том, бас хүмүүсийн хамгийн их мэддэг нь. Зурагтаас Баянхошуу орох замд байрлах тус төвд биднийг очиход 100 орчим нохой байв. Энд нүсэр том биетэй кавказ овчарк, түвд банхар, мастифаас гадна доберман, ротвейлер, бульдог, хаски зэрэг арав гаруй үүлдрийн ноход байна. “Манайх Монголдоо хамгийн том нохой үржүүлгийн төв.
Цагийн сайханд 180 гаруй нохойтой үе ч байлаа. Энэ том биетэй амьтад чинь идэш нь дийлдэхгүй. Нэг удаа хооллохдоо хоёр ванн дүүрэн хоол бэлтгэдэг юм” хэмээн тус төвд ажилладаг Э.Ням-Очир хэллээ. Тэднийх нохдоо тус бүртээ торон хаалгатай жижиг байр бэлдээд өгчихөж. Шөнөдөө даарвал байрандаа ороод унтаж болно. Харин тачирхан үстэй жижиг нохдоо байшин дотроо байлгадаг аж. Үүлдрээсээ хамаарч 10, 20 саяын үнэ хүрэх нохой ч бий гэдгийг Ням-Очир сонирхууллаа.
Нийслэл хот жил бүр мал, гэрийн тэжээвэр амьтдаа тоолдог. 2014 оны тооллогоор хотын хэмжээнд 67120 нохой, 1335 муур бүртгэгдсэн байна. Өмнөх онтой нь харьцуулахад нохойн тоо нэг хувиар өсч, муурын тоо 3.5 хувиар буурчээ. Харин бусад тэжээвэр амьтдын талаар нарийн тоо мэдээлэл алга.
Америкт дөрвөн хүүхэд тутмын нэг нь гэртээ амьтан тэжээдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Харин манайх энэ үзүүлэлтэд дөхөж очихгүй ч амьтан тэжээдэг хүний тоо нэмэгдсээр байгаа нь олзуурхууштай. Харин ямар нэг амьтан худалдаж авсан бол малын эмнэлэгт очоод үзүүлчихэд гэмгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Сүүлийн үед Улаанбаатар хотод байх мал эмнэлгийн тоо нэмэгдэж, 20 гаруй болжээ. Харин амьтны дэлгүүр мөн төдий тооны байдаг байна.
Г.Баярсайхан