Тэтгэврийн зээлийг нь өршөөлд хамруулах шаардлага Монгол Улсын Ерөнхий сайдад очсоныг ахмадууд мэдэж байгаа болов уу. Аягүй бол мэдээгүй дээ. “Эрхээ хамгаалъя” гэдэг төрийн бус байгууллага та бүхэнд “санаа тавьж”, тэтгэврийн зээлийг тань өршөөлд хамруулах, тэтгэврийн хэмжээг нэмж сард доод тал нь 400-450 мянган төгрөг өгүүлдэг болгохоор Ч.Сайханбилэгт ханджээ. Сайхан сонсогдож байгааг мэдэж байна, гэхдээ яаран баярлах хэрэггүй.
Учир нь сүүлийн үед байсхийгээд л аль нэг салбарынхны эрх ашгийг хамгаалах үүргийг сайн дураараа үүрэх болсон энэ байгууллагын үндсэн зорилго юу гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Тэгээд ч тэтгэврийн зээлийг өршөөлд хамруулах нь байтугай, хүүг нь ч багасгах боломжгүй гэдгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ удаа дараа мэдэгдсэн шүү дээ. Яагаад гэвэл бид коммунизмын үед биш, чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Ахмадууд тэтгэврийн мөнгөө сайн дураараа барьцаалаад, хувийн арилжааны банкнаас зээл авч байгаа болохоос төр, эсвэл Ерөнхий сайд тэднийг зээл ав гэж шахаж, шаардаагүй.
Тэгэхээр Ч.Сайханбилэг хэчнээн сайхан мишээгээд ч, байдгаараа муухай хараад ч банкны зээлийг тэглүүлж чадахгүй. Тиймээс жамаараа яваа зах зээлийн зарчмыг сөрөх гэж байж банкныхны дургүйг хүргэн, тэртээ тэргүй хамгийн эрсдэлтэй гэж “нүд үзүүрлэгддэг” тэтгэврийн зээлийг бүр олгохгүй болгов, “Эрхээ хамгаалъя” ТББ-ынхан минь.
“Татвар төлөхөөс зугтааж, нуун дарагдуулсан 34.7 их наяд төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ил болгож, өршөөлд хамруулсан юм чинь ахмадуудын тэтгэврийн зээлийг ч мөн тэгэх ёстой” гэж тэд барьцжээ. Барьцах юмаа мөн олов оо. Энэ үед Монголын ахмадын чөлөөт холбооныхон яаж дуугүй суух билээ. Учир нь үүнийг санаачилсан гол эзэн нь тус холбооны тэргүүн Г.Баасан юм чинь. Гэхдээ тэд тэтгэврийн зээлтэй байж байгаад нас барсан хүмүүсийн өрийг хаалгах, мөн ахмадын зээлийн хүүг бууруулах гэсэн хоёр шаардлагыг гурван жилийн өмнөөс тавьсаар ирсэн нь өдгөө сонгуульд оноо авах гэсэн улстөрчдийн өгөөш болсон гэнэ. Одоо тэд бас тэмцэх, жагсах сураг дуулдав. Ингэж л азай буурлуудаа “хайрладаг” улс даа, бид. Хөөрхий манай ахмадууд өөрсдийнх нь нэрийг барин төр лүү давшилж буйг ч мэдээгүй явж байгаа даа.
Үнэндээ тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, бүр тэглэлээ гээд башийх хүмүүс нь ахмадууд биш, тэдний үр хүүхэд, ач зээ нар. Энэ зээлийг олгохгүй болбол хамгийн хэцүүдэх “хохирогч” нь ч тэд. Цагаан сарыг эс тооцвол ахмадуудад тэтгэврээ олон сар, жилээр нь зээлж авах шаардлага бараг гардаггүй. “Өнөөх маань машин авах гэтэл мөнгө дутлаа гээд байна. Хэдэн төгрөгөө зээлж өгөхөөс”, “Тэр хүүгийн маань наймаа бүтэлгүйтсэн гэнэ. Тэтгэврээ зээлж, өрийг нь даралцахаас” гэх үгсийг та бишгүй сонссон биз дээ.
Харин “Тэтгэврийн хэдэн төгрөгөө зээлж аваад амралт, сувилалд явж, гадаадаар зугаалаад ирлээ” гэж сайрхах хөгшидтэй тун цөөн таарсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Бидний эмээ, өвөө нар өөрсдөдөө шинэ оймс худалдаж авахдаа ч цааргалдаг хүмүүс шүү дээ.
Одонгийн мөнгөө, тэтгэврээ авах гээд хөхөө өвлийн хүйтэнд үүр цүүрээр банкны үүд сахин бээртлээ зогсох ээж, аав, эмээ, өвөөгийнхөө өмнөөс дугаарлаад өгдөггүй хэрнээ банкнаас зээл авахуулах болохоороо гүзээнд наалдсан дэлүү шиг салахгүй дагачихдаг ажилгүй, арчаагүй, архайсан залуус хаа сайгүй бий. Тэтгэвэр буух сургаар эмээ, өвөөтэй гэдгээ санадаг ийм залуусыг өөгшүүлэх хэрэг огт байхгүй. Мөнгө зээлүүлж, өөрсдөө хэрэглэсэн л юм чинь буурлыгаа талийгаач болбол банкны зээлийг нь дарах үүрэг үр хүүхэд, ач зээ нарт ногдох нь зүйн хэрэг билээ.
Хэрэв тэд төлөхөөс дургүйцэж ялархаад, тэгээд л зээлийг нь тэглүүлэх гээд байгаа юм бол Цагаан сараас бусад үед ахмадуудад тэтгэврийн зээл олгохгүй байх талаас нь дуугарах ёстой юм биш үү, хүний эрхийг хамгаалагчид аа. Эсвэл өөр ашиг сонирхол бас байна уу. Ингэхэд ер нь хэний эрхийг хэн хамгаалах гээд байгаа юм бэ.
Л.Ганчимэг