Үй түмэн зан төрх, сэтгэл мэдрэмжтэй хүмүүс өөр хоорондоо зөрж өнгөрсөөр л. Заримтай нь дахиад ч зөрнө, бусадтай нь таарахгүй ч байх. Таарвал энд зөрж өнгөрснөө эргээд санахгүй. Тэгсэн ч бид явдаг зам, очдог ажил руугаа яаран, зөрөлдсөөр л.
Ирж, буцсан энэ олон хүмүүсийн урсгал дунд юу нь ч сонин, содон биш, жирийн л хүмүүс амьдарсаар л буй. Ямар ч шалтгаангүйгээр тэр эгэл, энгийн хүмүүсийн тухай бичмээр, тэдэнтэй юуны ч тухай хамаагүй ярилцмаар санагддаг. Угтаа амьдрал ийм энгийн байж болдгийг харуулах л гэж....
Эрхзүйч мэргэжилтэй. Банканд ажилладаг. Огт өөр салбарынх, уран зохиолын хүрээллийнх биш. Гэхдээ амьд байхын, мэдэрч үлдэхийн тухай бичих дуртай. Эдгээрийгээ эмхтгээд ном гаргасан. Ном нь түүнд алдар нэр авчраагүй, бүтээл нь Bestseller ч болоогүй, болгох гэж ч бичээгүй. Тэгсэн ч бичсээр “Надтай үлдээч” нэртэй гурав дахь номоо тун саяхан өлгийдөөд буй Ч.Халиунтай ярилцлаа. Тэр мэдэрдэг, тэгээд бичдэг.
-Ээж маань сэтгүүлч мэргэжилтэй. Би сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан ч “Нэг гэрт хоёр сэтгүүлч шаардлагагүй байх” гэдэг ээжийн зөвлөгөөг дагаж МУИС-ийн Хуулийн сургуульд таван жил сурч Эрхзүйч мэргэжил эзэмшин төгссөн. Хэдий хуулийн чиглэлээр сурч байгаа ч сэтгүүлч болох мөрөөдөл үе, үе цухалзана. Хичээлийнхээ хажуугаар телевизэд ажилладаг байлаа.
Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайж байтал “Хаанбанк”-нд Олон нийттэй харилцах мэргэжилтэн авна гэсэн зар олж харсан. Тухайн үед банк топ ажил олгогч байлаа, мөн олон нийттэй харилцах ажил сонирхолтой санагдсан тул ажилд орлоо. Бичих ажил их, тэр утгаараа сэтгүүлч болох мөрөөдөлтэй уялдаад ирсэн. Ингэж ажлын шаардлагаар бичдэг байсан бол 2007 онд аав маань нас барснаас хойш бүр ч их бичдэг болсон. Өөртөө зориулаад бичээд л байсан. Мэдрэмжээ, дурсамжаа, өнөөдөр анзаарснаа, хүн хоорондын харилцаанаас урган гарсан уран төсөөллөө гээд тийм гэх тодорхойлолтод багтаамгүй олон зүйл бичдэг байлаа.
Энэ номыг уншсан хүнд “Ийм байж бас болох л юм” гэдэг сэтгэгдэл төрвөл тэгээд л болоо. Түүнээс биш би заавал хүнд нэг юм хэлэх, сургамж үлдээх гээд байхыг хүсдэггүй.
Гэр бүлээрээ 2019 онд Япон явахаар болоод эд, зүйлсээ цэгцэлж байтал гараар болон компьютерт бичсэн маш олон файлтай болсон байлаа. Ер нь эдгээрийг эмхтгэж ном болгоод найз, нөхдөдөө ч гэсэн бэлэглэчихье гэж шийдээд хэвлүүллээ. Уншсан хүмүүс “сайн байна” гэж их урамшуулсан нь миний хувьд том амжилт болсон. Ингээд илүү зузаан, илүү олон зохиолтой ном бичье гэж бодоод л яваад байлаа.
Гэхдээ би өөрийгөө зохиолч болчихлоо гэж, эсвэл чадварлаг зохиолчидтой өрсөлдөнө гэж бодоогүй. Тэгээд юуны төлөө ном бичих юм бэ? Нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүст сургамж, ухаарал өгөх гэж гэвэл худал. Би өөртөө бодогдсон зүйлээ уран зохиолын хэлээр илэрхийлж, өөрийнхөө бичсэнийг гарт баригдахуйц хэлбэрт оруулаад бусдад хуваалцаж бас өөртөө хадгалахыг л хүссэн. Миний бичсэнийг уншсан нэг ч гэсэн хүн сайхан, муухай аль нэгийг тухайн үедээ мэдрээд өнгөрөхөд л хангалттай. Ийм бодлоор “Надтай үлдээч” нэртэй гурав дахь номоо бичиж, тун саяхан хэвлэлтээс авлаа.
Энэ номыг уншсан хүнд “Ийм байж бас болох л юм” гэдэг сэтгэгдэл төрвөл тэгээд л болоо. Түүнээс биш би заавал хүнд нэг юм хэлэх, сургамж үлдээх гээд байхыг хүсдэггүй. Ном уншихаараа заавал нэг зүйл сурах гээд, ойлголт авч үлдэх гэдэг хүмүүс байдаг. Миний ном сурах бичиг биш. Бас энд бичигдсэн бүхэн миний амьдрал биш. Харин амьдралд таарсан хүмүүс, тохиолдсон үйл явдлаас санаа авсан уран зохиол гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь, номын гуравдугаар бүлэгт дуунуудын тухай бий. Тухайн дуунаас надад төрсөн мэдрэмжээр бичсэн эссенүүд энд бий гэсэн үг.
Нийгмийн амьдрал төвөгтэй байна. Бичих бол миний хувьд өөрийгөө эмчилж буй нэг хэлбэр. Гэрээсээ гарч яваад л стресстэж байгаа нийгэмд ямар нэг байдлаар өөрийгөө эмчлэх чухал. Би спортод дуртай байсан, сагс, хөлбөмбөгийг өөрийн хэмжээнд тоглодог байлаа. Нуруу өвдөөд тоглохоо больсон. Тэгвэл одоо яах вэ? Ажлаас гадна миний чаддаг зүйл юу вэ. Бичье, бичээд л байя гэж бодсон.
Би 2011 оноос хүний нөөцийн салбарт ажиллаж эхэлсэн. Одоо банканд Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг. Хүний нөөц бол хүнтэй харилцах ажил. Тэгэхээр хүнийг ойлгох шаардлага үүснэ. Хүний асуудлыг шийдвэрлэнэ гэдэг программаар, экселээр шийдчихдэг зүйл биш. Ажлын шаардлагаар хүнийг ойлгож, анзаардаг, ажигладаг болчихдог. Эргээд энэ нь бичих санаа өгдөг.
Би бага байхаасаа л маш их ном уншдаг байлаа. Ихэнхдээ уран зохиолын ном. Сүүлд гэвэл Г.Аюурзана, Мураками Харуки, Достоевскийг уншсан. Яг одоо “Хот ба түүний Хийсгэлэн хана” номыг уншиж байгаа. Уншсан бүх л ном надад сайхан санагддаг. Учир нь, миний уншсан ном заавал надад нэгийг бодуулж, нөгөөг ухааруулах албагүй. Харин би хувь хүний хөгжлийн тухай номд үнэхээр дургүй. Хэн ч байсан амжилтад хүрсэн ч алдсан ч үүнийгээ заавал бусдад тулгах гээд байх албагүй. Элон Маск, Билл Гейтсийн номыг уншаад би яах ч билээ. Тэр хүн өглөө 05:00 цагт босдог гээд амьдрах нийгэм, амьдралын хэв маягаа би заавал тийм болгоно гэвэл өрөөсгөл.
Би залуу үед үнэхээр итгэдэг. Тэд эд, агуурс мөнгө төгрөг шүтэхгүй. Өөртөө гоё жаргалтай амьдралыг хүсдэг энэ хүүхдүүд нийгмийг өөрчилнө.
Би ажлын шаардлагаар оюутан, залуустай уулздаг юм. Тэдэнд орчноо, амьдралаа мэдэр, тэгээд өөрийгөө хөгжүүл л гэж хэлдэг. Одоо жишээ нь инфлүнсер гэх хүүхэд, залуусын хандлагад нөлөөлөөд түүгээрээ орлогожиж буй хүмүүсийн жишээ татаж буй зүйлс нь дандаа гадаад. Гадаадад алив зүйл огт өөр шүү дээ. Монголын нийгэм тэр зэрэгт хүрэх хараахан болоогүй байна. Бараг 100 жилийн хоцрогдол байхад онлайнаар мөнгө олоод үүргэвчээ үүрээд дэлхийг тойрон аял гэх зүйл яриад байгаа нь буруу.
Жишээ нь, Японы сүлжээ дэлгүүрт худалдагчаар ажиллаад мөнгөө цуглуулаад үүргэвчээ үүрээд гадаадад аялах боломж 100 хувь. Ядаж л паспорт нь хүчтэй, хаашаа л бол хаашаа явна. Манайд бол энэ ямар ч боломжгүй. Туслах ажилтан хийгээд нэг өрөө байр түрээслэх боломжгүй л нийгэм шүү дээ, манайх. Тэнд бол туслах ажилтан, кассчнаар ажиллаад байр түрээсэлдэг, гадаад явдаг нийгэм шүү дээ. Тэгэхээр буруу нөлөөллөөр буруу харьцуулалт хийгээд яваад байж болохгүй л гэж хэлмээр санагддаг.
Яагаад үүнийг яриад байна вэ гэхээр би өөрөө хүний нөөцийн зах зээлд ажиллаж байгаа учраас эдгээрийг харж байна л даа. Залуус ажил солиод л яваад байна. Үүнийгээ туршлага цуглуулж байна гэдэг. Би хувьдаа зүгээр ажиллаж л бай, чадлаараа ажилла гэж л хэлмээр байдаг юм. Ер нь манайд гэлтгүй дэлхийн хүний нөөцийн зах зээлд шуурганы үе тохиож байна.
Гэхдээ би залуу үед үнэхээр итгэдэг. Тэд эд, агуурс мөнгө төгрөг шүтэхгүй. Өөртөө гоё, жаргалтай амьдралыг хүсдэг энэ хүүхдүүд нийгмийг өөрчилнө. Өмнөх үеийнхэн бол социализмд дарлуулж, дараа нь мөнгөтэй болох гэж үнэт зүйлгүй болтлоо зүтгэсэн, буруутгах аргагүй, бас хүлээх зүйлгүй.
Түүний бичсэн “Надтай үлдээч” номыг уншиж дуусгалаа. Дурламаар, салж одоод санаж үгүйлмээр. Ирэхгүйг нь мэдэж буй ч итгэж хүлээмээр. Инээмээр, дуулмаар...ийм л мэдрэмж үлдэв. Түүний өөрийнх нь хэлснээр энэ номоос ухаарал, сургамж хайх шаардлага байсангүй.
Зохиолын дүрүүд нь бидний хажууд алхаж яваа л хэн нэгэн байлаа. Тэд гудамжинд, автобусанд, Улаанбаатарын аль нэг уушны газрын ширээний ард суугаа...Дүрүүд нь ийм л бодит санагдав. Энэ хотод, энэ нийгэмд ийм уянгатай, зөөлөн, дулаахан өгүүлэг бичих, ингэж мэдэрч чадах хүн байгаа нь хэчнээн гоё билээ.
"Надтай үлдээч" номыг худалдан авах бол зохиолчийн https://www.facebook.com/chinzorig.khaliun цахим хаягт хандах боломжтой.