Би жирийн л нэг Монгол эр хүн. Эр хүн эр хүнийхээ тухай бичээд үзэхэд болохгүй юм байхгүй биз гэж бодно. Магтах ч гэсэнгүй, муулах ч гэсэнгүй. Уг нь Монгол эрчүүдийн тухай гоёчлон бичье гэвэл зөндөө л юм бий байх.
Монгол эр хүний гадаад нийтлэг төрхийг тоймлон хэлбэл, тэд бардам, юмыг амарчлах дуртай, бусдын доор орохыг хүсдэггүй, омогшуу улс. Сэтгэл дотроо юу болж байгаагаа тэр бүр ил гаргаад байдаггүй дорнын зан ч тэднийх. Юм болгонд уучлаарай, баярлалаа гээд бөхөлзөөд байдаггүй ч баярлаж, гомдохын торгон мэдрэмжийг саруул ухаандаа тунгааж, хожмын зам мөрөө хэрхэн залахаа хэнээр ч заалгахгүй.
Хамгийн гайхалтай сайхан гэж хэлж болох чанар нь тэд өөрийгөө бусдын төлөө зориулахад бэлэн байж чаддаг. Манай нэг нэртэй сэтгүүлч бүсгүй Монгол эрчүүдээ сэтгэлийн нандин боловсролтой улс хэмээн бичсэн байсныг санаж байна. Ийм л торгон мэдрэмжтэй, ухаан цэлмэг бүсгүйчүүдээс мэндэлж, хүмүүний урт түүхийн хос түүчээг хамтдаа атгалцаж ирсэн Монгол эр хүн яав ч дорой байх учиргүй юм.
Эдүгээ цагт биднийг элдвээр хэлэх болжээ. Хүлээнээ хүлээнэ. Бидэнд болохгүй байгаа зүйл зөндөө бий. Эрчүүдийн дунд архи дарс, авилга хээл хахууль, зугаа цэнгэл, орчлонгийн хөнгөн явдалд автах задарсан нэг хэсэг байхад ар гэрээ ч хайхардаггүй, ажил хийж ч чаддагүй залхуу арчаагүй ядарсан нэг хэсэг ч байна. Эрчүүдээ гоочлох, харийнхнаас дорд үзэх, боловсрол мэдлэггүй байна хэмээн дорой үзэх хандлага нийгэмд ил далд, их багаар ажиглагдах боллоо. Төрийн хэргээ олигтой аваад явчихгүй байгаа харчуудыг харсаар залхсан бүсгүйчүүд маань улс гэр, үр хүүхдүүдийнхээ хойчийн сайн сайхны төлөө бүсээ чангалан тэмцэж, төр төвхнүүлэх ажилд идэвхийлэн оролцож эхэлснийг буруутгах зүйл ердөө ч байхгүй. Тэд чадна л даа. Яагаад гэвэл тэд баатрыг төрүүлж ирсэн, бас өөрсдөө ч Мандухай хатан шигээ баатарлаг байж ирсэн улс.
Эрчүүд маань ч үүнийг дэмжих нь гарцаагүй. Цагаан дарь эх, Янжинлхам гээд тахиж шүтэх бурхан нь хүртэл бүсгүй дүртэй байдаг Монгол эр хүн ээжийгээ хайрлах, бүсгүй хүнийг дээдлэх нандин өв, хүмүүжилтэй хүмүүс. Тэд бол эхнэрээ гахайгаар худалдаж авдаг отог омгийн хүмүүс биш, бүсгүй хүнийг өөрөөсөө өөр хүнийг эгцэлж харахгүй хайраар шагнаж, насан туршид нь харанхуй хар гивлүүрийн цаана цагддаг нь ч биш, бүсгүй хүнийг зөвхөн өөртөө зориулагдсан гэж үздэг дорнын түгээмэл ёсыг дагадаг хуучныг баримтлагчид ч биш, эсвэл бүсгүй хүнийг нэр төр, зэрэг зиндааны минь илэрхийлэл гэж ханддаг өрнийн харчуул ч биш. Тэд бол огт өөр хүмүүс.
Уулын мод урттай богинотой гэхчээр саар зүйл байсан ч эрдэмтэй боловсролтой, ажилсаг хичээнгүй, бүтээлч хүмүүс Монгол эрчүүдийн дотор алийг тэр гэх билээ. Зөвхөн улс орондоо төдийгүй дэлхийд гайхагдсан эрчүүд ч энүүхэн гурван сая хүрэхтэй үгүйтэй хүний дунд хангалттай олон байгаа. Ний нуугүй хэлэхэд эрчүүддээ хандаж байгаа нийгмийн хандлагаа эргэж харах хэрэгтэй. Монгол хүний дундаж наслалтыг өндөрсөж байгаа хэмээн манай улс төрчид дэгс ярьж, дэврүүн тоо харуулах нь олон байдаг ч бодит байдал дээр эрчүүд 60 гарч наслах нь ховор боллоо. 60 нас гэдэг хөгжингүй орнуудад харж байхад ид л амьдралынхаа ноён оргилд хүрч, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл нь унтрах байтугай улам л бадарч явдаг нас шиг харагддаг.
Бас бидний үеийн хүмүүс юмыг хэт өнгөц арилжааны нүдээр харах болсноос Монгол эрчүүд маань нэг л болхи, бүдүүн хадуун, чадвар мэдлэг муутайгаар төсөөлөгдөх нийгмийн сэтгэл зүйн имиж бүрдэж эхэлж байгаа юм болов уу гэж бодогддог. Би гадаад хүнтэй л сууна гэх охидууд хаа сайгүй л тааралддаг шүү дээ. Хүний амьдралын утга учир, аз жаргалын нууц нь сайхан сэтгэл, хайр энэрэл, бие биеээ гэх халуун дулаан уур амьсгалд байдаг. Магадгүй хөгжингүй гүрнүүдийн иргэд өөрсдийгөө яагаад зовж амьдарч байгаа гэж дийлэнх нь боддог, бас аз жаргал гэгч зүйлийн эрэлд насан туршдаа хатсан ч учрыг нь ололгүй өнгөрдөг, тэнд маш олон хүмүүс юугаар ч дутаагүй хэрнээ гүн стресс дунд амьдардаг зэрэг нь энэ сэжмээс л хамаарч байгаа байх. Харин болж байгаа бүхнээ бусадтай харамгүй хуваалцаж, болохгүй байгаа бүхэнд өөрийгөө буруутган дотогшоогоо нурж, бусдад өр зөөлөн хандаж, хань ижил гэр бүлдээ бүхнээ зориулж, ямар ч ачааг үүрэх сэтгэлийн нандин бөгөөд дотоод халуун сэтгэлтэй улсыг би Монгол эрчүүд гэж хэлнэ. Тэдний энэ чанар дэлхийд ховор үлдсэн.
Л.Баярдалай