GoGo.Cafe булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Монголын Үндэсний шинжлэх ухааны академийн академич, зурхайн шинжлэх ухааны доктор Урианхан Лхасрангийн Тэрбиш гуайг урин оролцуулж байна. Тун удахгүй болох Сар шинийн баярын талаар болон бусад сонирхолтой асуудлуудыг ярилцлагандаа тусгасан байгаа.
-Шиний 1-н энэ жилийн хувьд хоёр өдөрт тохиож буй нь хүмүүсийн дунд багагүй эргэлзээ гайхшралыг төрүүлээд байх шиг байна. Юун түрүүнд та энд тайлбар хийхгүй юу?
-За тэгье. Морилон ирэх гэж байгаа XVII жарны тийн урвагч гэх алдартай төмөр барс жилийн тухайд шинийн 1-н хоёр өдөр тохиож байна. Яагаад шинийн нэгэн хоёр өдөр тохиов гэдгийг ойлгуулахын тулд Монгол зурхайн талаар бага боловч тайлбарлах нь зүйтэй.
Дэлхий нийтийн хэмжээнд гурван янзын тоолол байдаг. Исүс Христосын шашны аймаг савд багтаж байгаа хүмүүс аргын тооллыг хэрэглэдэг. Энэ нь нэг жилийн хугацаанд нарны үзэгдэх байдлыг баримжаалж гаргадаг бөгөөд дотроо хуучин, шинэ гэсэн хоёр янз байна. Аргын I оноос 1582 он хүртэл явж байсан тооллыг хуучин буюу Юлийн, түүнээс хойшх дэлхий нийтийн барьж байгаа тооллыг Грегорийн тоолол гэнэ. Бас Исламын шашинтай улс орон гэж байна шүү дээ. Энэ шашинтай орнуудад Арабын одон орныг үндэслэсэн, дан ганц сарны тоолол байна. Энэ нь нарны дагуул болж байгаа сар гэдэг эрхэсийн нэг бүтэн фаз буюу сарны арвидал, хомсдол бүтэн давтагдах хэмжээг нэг сар гэж үзээд тоолдог. Энэ аргаар цаг цагалбараа хөтөлдөг улс орнуудыг Хижрийн тоололтой гэж үзнэ. Манай улсад Казак түмэн Хижрийн тооллоор явдаг учраас Наурыз гэдэг баяраа хийж байгаа шүү дээ.
Харин нар, сарны хөдөлгөөнийг хоёуланг нь ажиглан тооллоо зохиодог улс орнууд байна. Энд азийн ард түмэн багтдаг. Өөрөөр хэлбэл бурхны шашинтай улс орнууд хэрэглэдэг. Гэхдээ газар орноосоо шалтгаалаад зөвхөн тухайн орондоо л хэрэглэдэг ялгаатай тооллууд байна.
Яагаад улс орнууд өөр өөр тоолол хэрэглэдэг юм бэ гэхээр тухайн орны газар нутгийн хуваарь дээр таарсан, эрхсийн хөдөлгөөнд тулгуурлаж байгаа учраас газар орондоо таарсан байх учиртай. Бидний хэрэглэж байгаа Монголын одон зурхайн тооллыг “Төгс буянт шинэ зурхайн тоолол” гэж нэрлэж байгаа. Монголын их бичгийн хүн Сүнбэ ханбо Иш Балжир /1704-1788/ Монгол тооллыг 1747 онд зохиосон байна. Энэ аргаар Эзэн Чингис хаанаас эхлээд 1747 он хүртэл үргэлжилсэн хуучин Монгол цагалбарыг гаргаж болдог. Нэг секундыг 149209 хуваасантай тэнцэх тийм жижиг нэгжээр цаг хугацааны нарийвчлалаа гаргасан учраас Монголын өргөн уудам тал газарт, олон жил таардаг учиртай.
Яагаад өдөр давхарлах, өдрийг хасах үйлдлийг хийдэг талаар энгийн үгээр тайлбарлах гээд үзье. Сарны хөдөлгөөнтэй уялдуулаад билгийнхээ өдрүүдийг тодорхойлж гаргадаг. Гэтэл шар замын дагуу байгаа одны ордыг Монгол нутгийн ажиглагчаас харахаар сар нэг одны ордонд хоёр хоночихдог. Өөрөөр хэлбэл өнөөдрийн харагдаж байгаа сар маргаашийнхтай адилхан харагддаг гэсэн үг. Тэгэхээр өдрийг хоёр тавьдаг. Тэгтэл өнөөдөр ажиглаж байсан одны ордноос маргаашийн өдөр болчихоор нэг одыг алгасаад явчихдаг байна. Тэр үед нь тэр өдрөө хасаад явдаг. Өөрөөр хэлбэл шинийн 5-нд нэг одны ордод байсан чинь шинийн 6-нд тэр одныхоо ордын дараагийн ордыг дамжаад явчихаж байна гэсэн үг. Бүдүүнээр яривал арай хурдан явчихаж байна. Тэгэхээр манай Монгол тоололд зарим өдөр нэг, зарим өдөр хоёр тохиож байгаа юм. Зарим өдөр байхгүй байвал тасарсан өдөр, давхар тохиовол давхарласан өдөр гэж нэрлэнэ.
-Тэгэхээр өдөр давхардсан энэ тохиолдолд бид аль өдрийг нь шинийн 1-н гэж үзэх вэ?
-Зурхайн номонд өдөр давхар байвал урьд өдөр нь, тасарсан байвал хойт өдрийг нь ав гэж заасан байна. Тэгэхээр шинийн 1-нийг давхарласан өдрийн эхний буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр гэж тооцож зан үйлээ үйлдэх нь байна.
-Тэгвэл хэзээ нэгэн цагт шинийн нэгний өдөр байхгүй байж болох нь ээ дээ?
-Тийм тохиолдол байна. Тэгэхээр номонд заасныхаа дагуу дараагийнхаа өдрийг буюу шинийн 2-ны өдрөө шинийн 1-н хэмээн авч зан үйлээ үйлдэх нь байна.
-Ийм давхардал нь тэдэн жилд нэг удаа таарна ч гэдэг юм уу, тийм давтамж бий юу?
-Аргын тоололд хоёрдугаар сар гурван жил 28 хоногтой байж байгаад дөрөв дэх жилдээ 29 хоногтой болдог шүү дээ. Түүн шиг давтамжтай биш. Учир нь тухайн өдөр сар ямар байрлалтай байна гэдгээсээ болж тооллоо гаргадаг учраас сарны хөдөлгөөн давтагдахгүй юм. Тэгэхээр “тэдэн жилийн дараа, тийм өдөр хоёр байна” гэж хэлэх аргагүй. Энэ талаараа Монгол зурхай жил жилийнхээ цагалбарыг гаргах хэрэгтэй, жил жилийнхээ цагалбарыг гаргах аргачлалаа мэддэг байх хэрэгтэй байдаг юм. Харин түүнийг мэдэхгүй хүн таг суудаг.
-Яагаад Монгол зурхайн аргаар цагалбараа олон жилээр гаргачихаж болдоггүй юм бол гэж бодож байсан. Жил бүрийн цагаан сараар л асуудал үүсч байдаг нь түвэгтэй санагддаг.
-Тоолдог аргачлал, ном дүрэм нь байгаа юм чинь олон жилээр хийж болно. Олон жилээр хийхдээ хуучин Монгол тооллын зарчим нь жарныг гал туулай жилээр эхлүүлдэг. Азид хоёр янзын жаран байна. Одон зурхайн жаран гэдэг нь гал туулай жилээс эхэлдэг. Шар зурхайн жаран буюу хуанлин жаран гэдэг нь модон хулгана жилээс эхэлдэг. Хоорондоо жаран нь хүртэл ялгаатай. Монгол зурхайн ёсонд жаран жил болоод тооллоо хялбарчилдаг. Өөрөөр хэлбэл тухайн тооллыг зохиосон жилээ эх болгоод тоолдог учраас жаран жил болоход бодолтынх нь арга нүсэр болоод ирдэг байна. Тэгэхээр жаран жил болонгуутаа тооллоо хялбарчлаад, хялбарчлахынхаа хажуугаар нэгэнт тоолол учраас зөрүү гарч болно шүү дээ. Тэгэхээр тийм зөрүү байвал түүнийгээ шинэчлээд явдаг.
ХҮН БҮХЭН ЗҮГ, МӨРӨӨ ГАРГАХАД БОЛОХГҮЙ ГЭХ ЗҮЙЛГҮЙ
-Янз бүрийн л зан үйл байх юм. Чухам аль нь шашны зан үйл, аль нь зурхайтай холбоотойг сайн ялгахаа байлаа. Жишээ нь мөр гаргах шашны зан үйл үү?
-Гаднаас нь харахаар бидний хэрэглэж байгаа зан үйлүүд шашин номтой холбоотой. Бурхны шашны үйл гэж бодох нь ч илүү байна. Бурхны шашны юм бий. Түүнээс гадна Монголчуудын уугуул шүтлэг болох газар усны шүтлэгтэй ч холбоотой. Бурхны соёл дотор байдаг махбодын зурхайн ухаан гэдэгтэйгээ бас холбоотой. Бурхны шашны гал тахих, уул овоо тахих, хийморио сэргээх гэх мэт зан үйлүүд бөөгийн шашинд байсан бүх зүйлс нь байдаг. Хэлбэр нь л бага зэрэг өөрчлөгдсөн.
Монголчууд газар шүтлэгтэй, төрөө их шүтэж, хүндэлж явдаг хүмүүс. Тиймээс шинийн нэгний өглөө ойролцоо байх уул овоон дээрээ гардаг. Тэр нь тухайн овоон дээр газар, усын эзэд цугласан байна гэж билэгддэгээс үүдэлтэй. Хуучнаар нэг хот айл гэж байхад хот айлын ахлаач нуган үрсээ дагуулан цай цүйгээ бэлтгээд овоон дээрээ гарч, дээд хөх тэнгэртээ болон доод газар дэлхийдээ идээ будааныхаа дээжийг өргөөд, улс орныхоо нийслэл байгаа газар луу “төрийн минь сүлд өршөө” гэж мөргөдөг. Энэ мөр зүгээ гаргаж байгаа нь нэн эртний бөөгийн шашны гаралтай, бурхны шашинтай сүлэлдэж нийлсэн зан үйл. Гаднаас нь харахад учир үл мэдэх юм шиг боловч цаад агуулган дээрээ гүн ухааны шинжтэй. Тухайн хүн сэтгэлээ сайхан болгож, одоо цагийн хэлдгээр эерэг энергийг биедээ их хуримтлуулж байгаа үйл юм.
-Ээж маань өрхийн тэргүүлэгч мөрөө гаргачихсан байхад бусад нь шаардлагагүй гэж хэлдэг.
-Хуучин тийм байж. Монголчууд дандаа ахлаачийг хүсдэг. Нэг хот айл гэхэд хот айлын эзэн мөрөө гаргачихад бусад нь шаардлагагүй болж байсан. Одоо бол тийм биш. Хүн бүхэн гаргачихад болохгүй гэх зүйлгүй.
-Гадаадад байгаа Монголчууд, мөн орчин үеийн сууцанд амьдарч байгаа иргэдийн хувьд мөр гаргах нь жаахан асуудал үүсгэдэг?
-Энэ тоолол маань Монгол газартаа таарсан гэж дээр хэлсэн. Тийм боловч өөр газар оронд байгаа Монголчуудын хувьд өөрийнхөө зан үйлийг хэрэглэхэд буруудах зүйлгүй. Цагийн зөрүү гарахаас биш өөр ертөнц биш шүү дээ. Мөр зүгээ гаргахаар урагшаа, хойшоо харсан янз бүрийн байшинтай болжээ. Түүнийг нь шог жүжгийнхэн цонхоороо нисээд гарч байгаа шиг жүжиг хийж байна. Юмаа мэдэхгүй байгаагийн хэрэг л дээ. Монгол орон маань уудам задгай орчинтой. Морины уяан дээрээсээ мөрөө гаргаад явдаг. Тэрийг нь орчин цагт орлуулж болно. Хаашаа харсан хаалгатай байх нь хамаагүй хөдөлгөөнийг чинь хаахааргүй чөлөөтэй газрыг олоод тэрийгээ морины уяа юм гэж санаад тэндээсээ мөрөө гаргаад, буцаад “уяан дээрээ” ирж болох юм.
ЭНЭ БОЛ МОНГОЛ ГЭСЭН ТУСГААР УЛСЫН ТООЛОЛ
-Таны гаргадаг зурхайн зэрэгцээ “Чингисийн зурхай”, “Шар зурхай” гэх мэт олон зурхай гарах болсон нь иргэдийг төөрөгдөлд ороход хүргэж байна л даа.
-“Хүний юмаар хүүдэгнэнэ” гэж хөгшчүүлийн яриа байдаг. Хүний юмыг аваад “би хийсэн” гэж байгаа үг. Сүүлийн үед “Чингисийн зурхай”, “Шар зурхай” гээд хөөрхөн авгайлга өгсөн байна. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ Хятадын зурхай байдаг. Ер нь ханз бичиг үсэгтэй Хятад, Япон, Солонгос, Вьетнам зэрэг орон шар зурхайг хэрэглэдэг. Энэ шар зурхайгаар гаргасан цаг тооны бичгийг хуанли гэдэг. Монгол үг биш байгаа биз. Хуан ли гэдэг чинь хааны тоолол гэсэн утгатай үг шүү дээ.
-Яагаад азийн орнуудын цагаан сар зарим жил хоорондоо нийлээд, эсвэл нэг хоног, сар гаруй зөрөөд байдаг юм бэ?
-Би сар нэмдэг ёсны тухай хэлсэн. Тэр сар нэмдэг ёс нь газрынхаа хуваарь дээр тохируулж сараа нэмдэг. Тэгэхээр Түвдийн тоололд илүү сартай жил сар нэг хоногоор юм уу, сараар тоолол нь зөрдөг. Ялгаа байхгүй, Хятад ч гэсэн илүү сарыг нэмдэг. Хятад зурхай бол нэн эрт үед хааны зарлигаар тогтсон тоолол байдаг. Хааны зарлигаар “тийм сарыг илүү болгож болно, тийм жилийн тийм сарыг илүү болгож болохгүй” гэх мэтээр “нүүлгэнэ, зөөлгөнө” гэж гардаг. Тэгэхээр Монгол, Хятад тооллын сар нь хоорондоо нэлээн зөрдөг. Манай Монгол зурхайн тоолол бол яг сарныхаа хөдөлгөөнд дулдуйдсан, зарлигдаагүй тоолол. Харин ч дэлхийн ажиглагчаас харагдаж байгаа эрхэсүүдийнхээ хөдөлгөөнд таардаг учраас илүү үнэн зөв байдаг.
-Яагаад Монгол зурхай, Хятад зурхайг ялгахын аргагүй байдал үүсчихэв?
-“Монгол үсгээр бичсэн мянган жилийн зарлигаар тогтоосон түмэн оны цаг улирлын тооны бичиг”, “Зарлигаар тогтоосон мянган жилийн тооны бичиг” гээд хуучин муутуу цаасан дээр дэвтэрлээд хийчихсэн, маш олон хүснэгтээр гаргачихсан цаг тооны бичгүүд байдаг. Тэгэхээр “Монгол үсгээр биччихсэн болохоор Монголынх” гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл Манжийн эзэмшилд Монгол, Түвд, Хятад байлаа шүү дээ. Манжийн эзэнт гүрэн Чин улс гэж байгуулагдахад Хятадын шар зурхайг баримтлаад явдаг байсан. Нэг улс болохоор тухайн улсын харъяанд байгаа колони улсууд ч гэсэн адилхан бодлого явуулна. Үүнээс шалтгаалаад Түвдүүдэд Хятадын шар зурхайн тооллыг хөтлүүлээд олон жилээр тараагаад, Монголд мөн ялгаагүй хуучин Монгол бичгээр бичиж тарааж байсан. Түүгээр ч үл барам “Тэнгэрийг сүсэглэх яам” гэж байгуулаад, энэ яам нь цаг тооллынхоо бодлогыг зангидаад явж байсан. Тийм боловч Монголчууд хатуу хүтүү өөр улс орны колонид байсан ч албандаа түүнийг нь хэрэглэж байсан болохоос амин хувьдаа “Төгс буянт шинэ зурхай”-аа хэрэглэдэг байжээ. Хүрээ хийдүүд нь зурхайн дацангуудыг байгуулаад, олон номын мэргэдүүд цагалбараа гаргаад явж байж. Тэгээд олноо өргөгдсөний I оны гахай жил Манжийн эрхшээлээс гарахдаа VIII богд Жавзандамба хутагт зарлиг гаргаад “Үүнээс хойш Хятадын шар зурхайн тооллоор явахгүй, Монгол газар тохирсон Монгол зурхайн тооллоороо явна” гэжээ. Тэгэхээр энэ бол Монгол гэсэн тусгаар улсын тоолол байна. Энэ тооллыг эсэргүүцээд байгаа улсуудын цаана муу санаа байж болно. Нэг бол учир үл мэдэх, нөгөө бол залхуу учраас хүний юмыг хуулдаг байж болно. Зурхайн тоон аргачлалыг нь гаргасан номыг шүн гэж хэлдэг байна. Шүн гэдэг нь гол судар гэсэн үг. Тийм шүн байхгүй “Чингисийн зурхай, шар зурхай манайхан хэрэглэдэг” гээд зүгээр яриад байхад л болчих эд биш л дээ.
-Та хүрээ хийдүүд нь зурхайн дацан байгуулаад, уламжлалт бодлогоо аваад явдаг байсан гэлээ. Тэгвэл одоо таныг өвлөх хүн байгаа юу?
-Тэгэхээр ийм юм. Манай улс 1937 онд хүрээ хийдгүй болж. Гэтэл 1944 онд долоон ламтай хийдийг байгуулжээ. Эрдэнэбилэг гэдэг хүн хамба нь, Гомбодоо гэдэг хүн гэсгүй нь байгаад түүнээс гадна таван ламтай. Ингээд хүрээ хийд хаагдахад зурхай үзэж байсан номын мэргэдүүдийг сураглаад цагалбараа хийх хүн хайжээ. Ихэнх сайн хүмүүсийг барьж авсан боловч “барагдавч бараан хээрийн шавхруу” гэгчээр цөөн боловч сайн улс байжээ. Тэдний дунд миний ачит номын багш Донжий ладдү цаннай мой дэ очиж, нэлээн олон жил лит хийж өгч. Хожим нь Гандан хийд өргөжихөд газар газрын хүмүүс ирж нийлээд, зурхайч хүмүүс нэлээн хэд гараад зурхайч Галсанравжаа гэж хүн цаг тооллоо хийгээд явж байсан уламжлалтай.
Ингээд 1966 онд XVI жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил гандан хийдийн Галсанравжаа, Лувсанжамц, Боржигонын Бордагва нарын зурхайч нар болон миний багш нийлж байгаад шинэ зурхайн гол номыг зохиожээ. Улмаар Гандангийн шашны сургууль 1970 онд байгуулагдаад, 90 онд хүрээ хийдүүд нь дахиж нээгдэхэд цаг цагалбар хэрэгтэй болсон. Гэтэл цагийн эрхээр номын мэргэдүүд таалал болчихож. Би багшаасаа хуучин уламжлалаар нь өөрийн савныхаа хэмжээгээр бүх зүйлийг нь заалгаж, мэдэж авсан. Одоо дөчөөд жил зурхай үзээд судалж байна. Ингээд Гандангийн сургууль “эмнэлэг зурхайн анги”-ийг нээхэд тэр ангид сурсныхаа хэмжээгээр бүх юмыг нь зааж өгч.
Мөн 1998 онд “Тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох арга хийгээд Монгол цагалбарын түүхэн судалгаа” сэдвээр дэд эрдэмтэн, “Монголчуудын түвд хэлээр туурвисан одон зурхайн номын түүхэн судалгаа” зохиол бичээд 1999 онд шинжлэх ухааны докторын зэргийг хамгааллаа.
Ганданд хүүхэд бэлтгэхээс гадна Их сургууль дээр 1990 онд “Эх бичиг судлалын анги”-ийг нээсэн. Одон зурхайг надаар заалгаад мастерын зэрэг хамгаалсан арав гаруй хүн байна. Энэ мэтээр зурхайг гаднаас нь хараад учир нь мэдэгдэхгүй будилаантай ч юм шиг, амархан ч юм шиг харагдаад байгаа болохоос уул иш үндэс нь ийм байна. Энэ бол цаанаа судалгаатай, баримталдаг дүрэмтэй. Ингээд энэ бүхэн дээр тулгуурлаад цаг цагалбараа гаргаад явж байна. Ард олны “Тэрбишийн” гэж нэрлээд байгаа энэ цагалбар бол 1990 оноос эхэлж гарсан. Дахиад хэлэхэд өөрийнхөө газарт байдаг, тусгаар тогтнолын билэг тэмдэг болсон, манай монголчуудын зан заншил болсон энэ цаг тооллоо ашиглах нь чухалтай юм.
-1966 онд зурхайн тоолол гаргасан гэхээр шинэ жаран 2026 онд эхлэх үү?
-“Төгс буянт шинэ зурхай”-н ёсонд гал морин жил тооллоо гаргадаг ёстой. Гэхдээ гал морин жил тооллоо гаргаж байгаа нь жаран гал морин жилд эхэлж байгаа гэсэн үг биш. Гал морин жилээс эхлээд дараагийн гал морин жил хүртэл хийнэ. Жишээлбэл XV жарны гал морин жил гээд 1906 онд хүн ном хийсэн байхгүй юу. Сэрдог Номун хаан Лувсанчүлтэмжамц гэх хүн “Гэрлийн сан” нэртэй ном зохиож. Тэгэхээр энэ номыг баримталсан хүмүүс 1966 онд “Гэрлийн сангийн гэрэл” гэж ном гаргажээ. Тэгээд энэ уламжлалаараа байвал 2026 онд гаргаад явах ёстой. Харин одон зурхайн анхдугаар жаран 1027 онд эхэлж, ингэж явсаар 1987 онд нэг жаран эхэлсэн байна. Дараагийн жаран 2047 онд эхэлнэ.
-Зурхайн ухааныг тайлбарлахгүй юу?
-Зурхайн ухаан гэдэг сав шим ертөнцийн түгээмэл холбоо хэлхээг судалдаг ухаан гэж ойлговол таарна. Сав гэдэг нь гараг ертөнц, шим гэдэг нь хүн амьтан тэгээд үүний зүй тогтол, харьцааг судалдаг.
ЭХЛЭЭД РОМБО ГАРАГИЙН ЭЗЭН, ДАРАА НЬ ҮЗМЭРЧ, ОДОО ЗУРХАЙЧ БОЛЧИХОЖ БАЙГАА Ч ХҮН БАЙНА
-Ордын зурхай, төрсөн гарагийн зурхай гээд зурхай мөн ч олон янз байх юм. Зарим хүн зурхай уншихгүйгээр ажлаа эхэлдэггүй ч ярих юм?
-Энэ бол хэтийдэл. “Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг” гэх аман яриа байна. Тэр яриаг хэтийдүүлээд “би бол ядарсан хувь тавилантай хүн” гэж боддог нэгэн байхад “би бусдыг дээрэлхэж, хүний юм булааж авах чадалтай төрсөн хүн” ч гэдэг юм уу ханддаг болж. Тэгэхээр ерөнхийдөө зурхай гэдэг нь “тийм жилийн, тийм сарын, тийм гарагт гараг эрхэсийн тийм тийм солбицолд төрсөн учраас ерөнхийдөө чи ийм хүн” гэж хэлж байгаа л хэрэг. Ингэхэд нөгөө хүн явдал мөрөө тааруулаад зам мөрөө сайн болгодог, насаа уртасгадаг, буян заяагаа сайжруулдаг. Зурхай бол ерөнхий хар зургийг нь хэлж өгөөд байна шүү дээ. Түүнээс час гараг гэхээр л бараг хоол унд идэлгүй гэртээ хэвтээд бай гэсэн үг биш. Тодорхой байдлаар ажил, амьдралд чинь нөлөөлж болзошгүй өдөр байна гэж анхааруулж байгаа л хэрэг юм. Гараг, од, мэнгэ, суудлынх гээд олон мөчлөг байна. Энэ эгзэгтэй мөчлөгүүдийг сайн анзаараад анхаарамжтай байх хэрэгтэй. Хүн анхаарамжгүй байснаас анхаарамжтай байх нь дээр биз дээ.
-Зурхайч, үзмэрч, бөө, удган гээд сүүлийн үед энэ хүмүүсийн аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг ч ялгахаа байлаа.
-Хүн бүхэн дураараа аашилдаг болж. Шиврээ бороо орсны дараагаар болох болохгүй мөөг гардагтай адил хүнд хэрэгтэй орон зайд “би бөө, би удган, би үзмэрч” гэж хэлэх болж. Тэгэхээр “би” гээд байх нь тийм ч сайн биш. Монгол хүн билгээрээ болдог болохоор билэг зохилдохгүй юм ярьдаг болж байна. Жишээлбэл саяхан ТВ-ээр удган гэж өөрийгөө нэрлэсэн эмэгтэй “IV цахилгаан станц дэлбэрнэ, Улаанбаатарт 20 баллын хүчтэй газар хөдөлнө, эндээс зугатах хэрэгтэй” гээд ярьж байх юм. Гэтэл тэр нь болоогүй л байна шүү дээ. Энэ мэтээр амьтны сэтгэлийг үймрүүлж байдаг. Нийгэмд өөрчлөлт гарсны дараахан Ромбо гарагийн эзэн, дараа нь үзмэрч, одоо зурхайч болчихож байгаа ч хүн байна. Тэр хүн өөрөө хэлэх нь хамаагүй, мэдлэг ухаан гэж нэг юм бий шүү. Монгол зурхай гэдэг бол үздэг ном дэвтэртэй, заадаг багштай, гаргадаг дүрэмтэй, гараг эрхсийнхээ хөдөлгөөнтэй таардаг том мэдлэг ухаан байна шүү дээ. Энэ бүх зүйлийг хийсэн хүн өөрийгөө зурхайч гэж үздэг. Гэхдээ хуучны хүмүүс чинь “би, би” гээд байдаггүй их даруу хүмүүс . “Тэр гуайн дэргэд би ч одоо юув дээ” гэж байх жишээтэй.
Их хуучны улсууд тэгж янз бүрийн муу юм яриад байгаа “мэргэн, түргэн” гээд өөрийгөө хэлээд байгаа хүмүүс рүү “тэр донтой болчихсон золиг байж магад, юм шүглэсэн байх, тиймшээ очвол сэтгэлд сэв сууна” гээд очдоггүй байж. Одоо гэтэл “би түргэн, мэргэн” гэхээр л манайхан шавж очоод байдаг болжээ. Хуучин уламжлал их алдагдсан байна.
-Энэ мэтчилэн “тийм зүйл болно, ийм зүйл болно” гээд л дур зоргоороо ярих хүн цөөнгүй шүү дээ?
-Зурхайн ухааны нэг судлагдахуун нь гараг эрхэсийн солбицол ертөнцөд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг судалдаг. Тийм учраас тэр жилийн гарагийн хөдөлгөөнийг үзээд, төр засгийн явдал, хүмүүсийн хоорондын явдал ямар байна вэ гэдгийг гаргадаг. Гаргалаа гэхэд “би нүүрэн дээрээ амтай” гээд зарлаад явдаггүй, гол зүйлсийг нууцалдаг. Нарийн ширийнийг нь багш нь шавьдаа хэлдэг. Шавь нь сайн шавьдаа хэлдэг. Ийм уламжлалтай. Огт хэлэхгүй хав дараад байх юм уу гэхээр тийм биш. Нэгэнт л газрын албат юм болохоор тухайн нутаг захиргааныхаа толгойд байгаа хүндээ хэлдэг. Тэр гол хүн нь ч “тэр зурхайч тэгж хэлсэн шүү” гээд байдаггүй. Хэлсэн ёсоор нь явдал мөрөө зохицуулдаг. Залгагдаад явдаг, алтан аргамжийн бодлогоор зохицуулагддаг юм байна. “Тийм юм болно, ийм юм болно” гээд яриад байгаа хүн бол юм огт мэдэхгүй хүн гэж хэлж болно. Хэрвээ тэр мэддэг хүн байсан бол тийм хамаагүй тарааж явахгүй байх байсан. Тийм хүнд тэр дээдийн номыг өгсөн учир байхгүй. Дээдийн эрдэмтэй хүмүүс хүнийг сайн шинждэг “энэ миний дээдийн номыг шингээх сав уу, шингээхгүй сав уу” гэдгийг мэддэг. Сав муутай хүнд өгч болохгүй, нууц увидас гэдэг. Тийм уламжлалаар өгдөг учраас тэр хүн тийм уламжлалыг аваагүй байх ёстой. Мэргэн түргэн гээд байгаа нь худлаа гэсэн үг. Энийг би хэлж байгаа юм биш. Эртний их мэргэн Шандидивагийн гэгээн айлдахдаа “аливаа ном судрыг иш авалгүй, багшаар заалгуулалгүй, эх зохиолыг татаж авалгүй, би чадна би зохиосон гэдэг хүн сэтгэлийн галзуу” гэж хэлж байсан юм.
-Магадгүй энэ бүхнийг зохицуулах нэгдсэн дүрэм журам байх ёстой байх?
-Хуучин бол шашны эзэн нь Халх Богд байж. Шашнаа барьдаг, хутагт хувилгаадаа тодруулдаг. Одоо тийм эзэнтэй байвал бүх юм сайхан жигд болмоор байна. Гэтэл одоо лам, хар нь ч мэдэгдэхгүй болж. Хүний эрх чөлөө гэж байж болно, гэхдээ эрх чөлөөгөөрөө далимдуулж, олон хүнийг хямруулж, сэтгэл санаагаар унагаж болохгүй. Монголын бурхны шашин эзэнтэй байх хэрэгтэй байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд гээд байна даа. Энэ хийд ажлаа ёсоор нь хийж чадаж байгаа юм болов уу, үгүй юм болов уу. Чадаж байгаа бол бурхан шашныхан нэг атгасан гар шиг баймаараа даа. Тэгэхээр ямар ч байсан тодорхой хэмжээний дүрэм, журам байх ёстой. Хуучин “тэгж болохгүй, ингэж болохгүй” гэсэн дотоод ёс суртахууны хуультай байсан үед сайн байж. Одоо бол “чи ургаа мод тасалж болохгүй гэсэн хууль гаргаа юу, гаргасан юм бол надад хэлэхгүй яасан юм” гэж хэлэхээр болж.
ТИЙМ БОЛОВЧ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА МАНАЙ ДЭЛХИЙ СӨНӨЧИХГҮЙ
-Ойрын хэдэн жилийн улс төрийн өнгө аясыг товч боловч тодорхойлооч гэвэл та юу хэлэх вэ?
-Энэ интернэт гээч юмаар би хамаагүй цацахгүй санаатай. Чамд нэг л үг хэлье. Сая Үндэсний аюулгүйн зөвлөлийн нэг хүн надад “олон жилийн байдлаар улс төрийн шинж байдал ямар болох нь вэ гэдгийг бичээд өгөөтх. Би дээш нь нэгдүгээр хүнд /ерөнхийлөгчид/ барина” гэж хэлсэн. Би “Тэр болно. Багшийнхаа өгсөн савны хэмжээгээр надад багцаалдах юм байна. Гэхдээ тэгж хийлээ гэхэд та нараар дамжуулахгүй ээ. Тэр нэгдүгээр хүн чинь өөрөө намайг дуудвал тэр хүнд өгнө. Та нарт өгөхгүй” гэж хэлсэн. Ер нь энэ хугацаанд “төр тэгнэ, ингэнэ” гэж хэзээ ч би хэлж байгаагүй. Харин миний нэрийг барьж хамаагүй бичсэн эсэхийг сайн мэдэхгүй. Гараг эрхэсийн хөдөлгөөн тодорхой нөлөөтэй байдаг учраас ерөнхий жилийн байдал иймэрхүү байна гэдгийг л хэлсэн юм байна.
-Сүүлийн үед байгаль дэлхий, цаг уур ихээхэн өөрчлөгдөж байна. Тиймээс ч 2012 дэлхий сөнөнө гээд байгаа. Энэ үнэн болов уу?
-Сонгодог буддизмд байгаа зурхайн ухаанаар дэлхий их урт настай. Гэхдээ урт настай удаан жаргалтай байна гэдэг чинь өөрийнхөө тааваар, бие лагшингаа анхаараад, аль болох өвчин зовлонд нэрвэгдэхгүй, муу зүйлд өртөгдөхгүй байвал урт насална гэсэн үг. Түүнээс 200 наслах байсан хүнийг хажуу талаас нь тархийг нь хага цохичихвол үхчихнэ биз дээ. Түүнтэй л адилхан дэлхийг сөнөөж байгаа хүчин зүйл нь хүмүүс өөрөө юм. Хүний хэрэглээ илүү их юм шаардах тусмаа хүн өөрөө сувдаг шунахай болдог.
Бурхан үүнийг айлдсан байдаг. Шулмасын хаан Бурханд ирээд “над газар өгөөч” гэж. Тэгэхээр бурхан хэлжээ. “Чамд өгье. Өгөхдөө гурван мянган их мянганы ертөнцийг чамд өгье. Чи авах уу” гэтэл, Шулмасын хаан “авъя авъя, дахиад бий юу” гэжээ. Тэр үеийн буддизмын ертөнцийн тогтоцын тухай сургаалиар бол гурван мянганы их мянганы ертөнц гэдэг нь од тэнгэр, галактик бүгдийг багтаасан ойлголт юм. Тэгтэл шулмас бүгдийг нь авчихаад дахиад бий юу гэж байна аа даа.
Түүн шиг хүн гэдэг амьтан зуу наслах нь ч эргэлзээтэй, манай Монголууд чинь богино настай шүү дээ. Тэгсэн атлаа хэдэн мянган хүний идэж уухыг зүйлийг цор ганцаар хүссэн хий шуналаасаа болоод дэлхийгээ сөнөөгөөд байгаа байхгүй юу.
Тийм боловч хоёр жилийн дараа манай дэлхий сөнөхгүй. Сонгодог буддизмын талаас хэлсэн ч, орчин цагийн шинжлэх ухааны үүднээсээ ч тэр тийм баталгаатай юм алга байна. Гэсэн хэдий ч бид хуучин уламжлалаа дагах нь зүйтэй. Монголчууд өөрсдөө үнэ цэнэтэй хувцас хэрэглэдэггүй атлаа ном судраа үнэтэй зүйлсээр чимэглэдэг ард түмэн. Алт бол газрын гагнаас гэж үздэг. Алтыг авчихвал гагнаасгүй савтай адил болно. Бидний амьдарч байгаа нутгийг сав гэж ойлговол шүү дээ. Гагнаасыг нь салгачихвал сав нь хагарч унаад, эх нутаг маань хувхайрах нь байна.
Монголчуудын хамгийн их эрхэмлэдэг нь буянт мал шүү дээ. Хэрвээ бид мал сүргээ ашиглаж чадвал газрын баялгаас илүү ашиг шим өгч чадах юм шүү. Гэхдээ сүүлийн үед малчид их баярлах дуртай болж. Зунжин хутга тавилгүй мах идээд, хундага тавилгүй архи сөгнөөд л малынхаа тоонд анхаарлаа хэт хандуулдаг болж. Уламжлалтай сайн малчин хүн гэхдээ бас байна. Эдэлж хэрэглэдэггүй мал хүйтэнд тэсвэргүй, чанаргүй байдаг. Энэ жил маш хүйтэн боллоо гээд л халаглаж байна. Гэтэл энэ өвөл хуучин байдаг шигээ л болж байна. Яахав, сүүлийн арав гаруй жил жаахан дулаарсан биз. Үүгээрээ би малчдыг эсэргүүцэж байгаа юм биш, тэд хичээж хөдөлмөрлөх ёстой л гэж хэлж байгаа юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/