Манай орны гол мөрөн сүүлийн жилүүдэд олноор ширгэж, зарим нь химийн бодисонд бохирлогдох болсон. Үүнээс үүдэж ховор төрлийн загас жараахай устаж үгүй болж байгаа гэх харамсалтай мэдээ сэтгэл сэрдхийлгэх болов. Эрт дээр үед монголчууд загасыг лусын амьтан хэмээн дээдэлж хүнсэндээ ч хэрэглэхийг цээрлэсээр ирсэн. Тэгвэл энэ уламжлал бүрэн алдагдаж загасны хууль бус агнуур сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болжээ. Одоогийн байдлаар манай улсад тэмдэглэгдсэн нийт загасны бараг дөрөвний нэг хувь нь ховордож байгаа талаар Монгол орны загас хамгааллын төлөвлөгөөний бичиг баримтад дурьдсан байна. Тухайн нутгийн гол мөрөнд загас хэрхэн хэвийн өсөн үржиж буйгаас хамаарч байгаль орчин эрүүл байгаа нь тодорхойлогддог. Гэтэл хувиараа ашигт малтмал олборлогч, зарим хариуцлагагүй компаниудаас болж гол горхи бохирлогдон загас жараахай үрэгдэж байна. Мөн хууль бус ан агнуур газар авч, ховор төрлийн загасыг зөвхөн зугаацах зорилгоор устгаж байгаа нь байгаль ан амьтандаа хайртай иргэдийг бухимдуулсаар.
Хамгийн сүүлд гэхэд Туул голд олон загас үхэж багагүй шуугиан дэгдээсэн. Тухайн үед үйлдвэрийн хаягдлаас болж загас үхлээ гэж онош гарсан. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиуруудад хүлээлгэсэн хариуцлага олон түмний сэтгэлд хүрээгүй. Ер нь манайхан буга, мазаалай, ирвэс зэрэг амьтад ховордоход халагладаг. Харин загас жараахай олноор үхлээ гэхэд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь нууц биш. Тэгвэл загас гэдэг нь дээрх амьтдын адил усан ертөнцийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Манай орон 11 овгийн 74 зүйл загастай. Үүнээс 30 гаруй зүйл нь агнуурын ач холбогдолтой. Одоогоор шивэр хилэм, хар мөрний хилэм, тул, үхэрдэй, зантаахай зэрэг зургаан зүйл загас нэн ховор амьтны жагсаалтад хэдийн оржээ. Үүнээс хар мөрний хилэм, цагаан амар, давх зэрэг загас хамгийн сүүлд 1960-1970 оны үед тэмдэглэгдсэнээс хойш дахин үзэгдээгүй аж. Өөрөөр хэлбэл, өдийг хүртэл дээрх загаснуудын тархалт, тоо толгой, биологи экологийн талаархи бодит мэдээлэл байхгүй гэсэн үг.
Ховор амьтны жагсаалтад цагаан амар, давх, тул зэрэг гурван зүйл загас "мөр зэрэгцэх" болов. Тул загас нь олон орны загасчдын арааны шүлсийг асгаруулдап гол мөрөнд амьдардаг хамгийн том загас. Засгийн газраас батлагдсан хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөлийн Шишгэдийн голд тул загас үржүүлэх туршилт хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Одоогоор зарим төрийн бус байгууллага болон хувь хүн тулыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Загас ховордож байгаа бас нэг шалтгаан нь энэ салбарын мэргэжилтэн, боловсон хүчин дутагдалтай байдагтай холбоотой. Өнгөрсөн зууны 80-аад оны эхээр хуучнаар ЗХУ-д дээрх чиглэлээр цөөн мэргэжилтэн бэлтгэснийг эс тооцвол загасны аж ахуйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд хуруу дарам аж. Ер нь загасыг үр бүтээлтэй ашиглаж чадвал улс орны эдийн засагт багагүй хөрөнгө оруулах боломжтой гэлцдэг. Манайд хамгийн тохиромжтой нь аялал жуулчлалын чиглэлээр загас агнуур хөгжүүлэх хэрэгтэй аж. Ингэхдээ загасыг барьсны дараа буцаагаад усанд нь тавьдаг. Зарим тохиолдолд ангийн дээж болгож цөөн загасыг өндөр үнээр борлуулах хэрэгтэй гэнэ.
Г.Бат