1911 оны үндэсний хувьсгалын 98 жилийн ой, түүнийг удирдан манлайлж явсан Эрдэнэ дайчин хошой чин ван, Монгол Улсын Гадаад харилцааны яамны ууган сайд Мижиддоржийн Ханддоржийн мэндэлсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд өчигдөр боллоо.
Бага хурлыг нээж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “ 1911 оны үндэсний хувьсгал бол манжийн эрхшээлд 200 гаруй жил байж, Чин улсын хоцрогдсон бөглүү хязгаар болж, гадаадын эрдэмтэд, жуулчдын бичсэнээр сөнөж мөхөхийн ирмэг дээр тулаад байсан Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээж, ХХ зуунд сэргэн мандах эхлэлийг тавьсан үнэнхүү эргэлтийн шинжтэй түүхт үйл явдал байлаа. Энэ үйл хэргийг оройлон манлайлагчдын нэг нь чин ван Ханддорж байв.
М.Ханддорж нарын монгол төрийн зүтгэлтнүүд ХХ зууны эхэн үеийн дэлхий дахины улс төрийн бодлогын хүрээнд улс орныхоо эзэлж буй орон зайн харьцааг зөв ухаарч, хаяа нийлсэн хоёр их хөрш-Хаант Орос ба Дундад иргэн улсын ашиг сонирхлын зөрчлийг нарийн тооцон, аль альныг нь Монголын тухайд төвийг сахисан байр суурьт хүргэх улс төр, дипломатын бодлого явуулж, зарим нэг амжилтад хүрчээ. Тэдний хичээл зүтгэл бодож санаж байсны нь хэмжээнд хүрээгүй явдал олон улсын түүхэн тодорхой нөхцөлтэй холбоотой байсан билээ. Хэдий тийм боловч, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал гараагүйсэн бол 1921 оны ардын хувьсгалын ялалт, өнөөгийн туурга тусгаар Монгол Улсын тухай төсөөлөхөд тун бэрхтэй” хэмээн дүгнэв.
Нийслэл дэх Булган аймгийн Бугат сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Пүрэвсүрэн “манай сумаас 1911 оны үндэсний хувьсгалын гол удирдагчдын нэг чин ван Ханддорж, мэргэн сайд Амар нар төрсөн юм. Эрдэнэт хотоос Бугат сум орох замд 2 метр шахам өндөр бөөрөнхий боржин чулуун дээр Монгол Улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд, чин ван Ханддорж хоёр дэд сайдынхаа хамт тангараг өргөхдөө хэлсэн “Шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн төрийн төлөө энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээсэн үгийг сийрүүллээ. Мөн Ханжаргалант хайрханы өвөр дэх чин ван Ханддоржийн мэндэлсэн бууцны арын толгой дээр 3 метр орчим гэрэлт хөшөөг нь босголоо” хэмээв.
Бага хурлын үндсэн илтгэл “1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг, хошой чин ван Минжиддоржийн Ханддорж” илтгэлийг академич Ж.Болдбаатар тавилаа.
Ж.Болдбаатар академичийн илтгэлд “ ХХ зууны эхэн гэхэд харийнхны эрхшээлд хоосорч хоцрогдон, ядарч туйлдсан монголчуудыг Монгол нутгаар аялж явсан гадаадын жуулчид, эрдэмтэд “сөнөж мөхөхийн ирмэг дээр тулсан үндэстэн” хэмээн тодорхойлж байв. Чухам тэр үед монголчуудыг Америкийн нэрт монголч эрдэмтэн О.Латтиморын онож хэлсэнчлэн “Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байв”.
Ийм хүнд үед эдүгээгийн туурга тусгаар Монгол Улсыг сэргээх эхлэлийг тавьж, нөр их үйл хэргийн ачааны хүндийг үүрсэн зүтгэлтэн бол Эрдэнэ дайчин чин ван Ханддорж бүлгээ. Тэрбээр XV жарны шаргачин могой жил буюу 1869 онд гүнгийн зэрэг тэргүүн тайж Минжиддоржийн гэр бүлд хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Чин ван Цэрэндорж ач хүүдээ Ханддорж нэр хайрлажээ. Хан гэдэг нь Ханжаргалант хайрханы өвөрт төрсөн, бас хан болох хөвгүүн гэж бэлэгшээж өгсөн нэр хэмээн хөгшчүүл ярьдаг байв. Харин сүүлдээ Ханддорж болжээ. /Түвдээр Ханд- огторгуйгаар явагч, Дорж-чулууны хаан, алмааз хэмээх утгатай аж /. Түүнийг эр төөлөх насанд хүрээгүй байхад эцэг Минжиддорж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Өвөг эцгийн гэрээс, Манжийн хааны соёрхсоноор 1892 онд Ханддорж засаг хошуу, чин вангийн хэргэмийг найм дахь үед залгамжилсан байдаг.
Чин улсын Засгийн газраас “Шинэ засгийн бодлого” гэгчээ хэрэгжүүлэхийн тулд Монголын олон хошуудаас 14 үзүүлэлтээр орон нутгийн байгалийн баялгийн талаар мэдээ гаргуулахад нь ихэнхэд нь чин ван “байхгүй” гэж хариулан, “Манай нутагт Сэлэнгэ, Орхон зэрэг ус мөстэй цөөн гол байвч тэнд загас байдаг эсэх, түүнийг барьж ашиглаж болох эсэхийг мэдэхгүй. Булган хан зэрэг модтой хуруу даран тоолж болохуйц хэдэн уул байвч тэдгээрийн өчүүхэн ой нь уулын царманд байдаг тул бид авч чадалгүй малынхаа аргал хорголоор гал түлж, хоол цайгаа аргацаан болдог” хэмээн хариулж байжээ. Тэр үед Их Хүрээнд байсан америкийн пүүсийн төлөөлөгч Ларсон бичихдээ “ Монголын ноёд манж амбан Сандод тааламжгүй байв. Тухайлбал, чин ван Ханддорж түүнийг “ ирсэн зүг рүү буюу Цагаан хэрмийн цаад руу тонилбол сайнсан” гэдэг байв. Бусад ноёд Ханд ван шиг санаснаа шууд хэлж чаддаггүй. Ханд ван дургүйцэхдээ Нийслэлээс гарч, аймагт яваад цэрэг элсүүлэн Их Хүрээнд орж ирмэгцээ манж нарыг зайлахыг шаардсан. Энэ хувьсгал цус асгаруулалгүйгээр хэдхэн цагийн дотор болсон. Монгол цэргүүд унтаж байсан манж / хятад / цэргүүдийн зэвсгийг хурааж, гарыг нь мухарласан бөгөөд монголын ард түмэн маргааш өглөө нь сэрээд Хятадын эзлэлтээс чөлөөлөгдсөнөө мэдсэн” гэжээ.
“Шинэ Монгол Улсыг тунхагласан өдөр 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаан зарлигтаа хишиг хүртэгчдийн хамгийн эхэнд Ханддоржийг “ Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэн явсан”-ыг цохон тэмдэглээд “... үе улирах Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үе ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдын тушаалд тохоон томилогтун” гэжээ.
1911 оны үндэсний хувьсгал ялсны дараа тэрбээр хошуу нутагтаа түр ирээд Цонхлон ууланд хамт бүгэж байсан / чин ван Орос улсаас тусламж эрэхээр Петербург хотод очиж, хэрэг үйлсээ бүтээсний дараа их төлөв шөнө дөлөөр нуугдан явсаар хил даван ирж, цагийн байдлыг харзнан Цонхлон ууланд бүгэж, нутгийн шилдэг эрчүүдээр хамгаалуулж байсан гэдэг / нөхдөө цуглуулан тэдэндээ элбэг шан хүртээгээд ийм нэгэн дууг өөрөө зохион
“Оросын хотоор орлоо доо хө
Оргодлын шинжтэй явлаа даа
Олз ашиг хайсангүй
Олныхоо өмнөөс зүтгэлээ дээ
Хаан Богдын ивээлээр
Ханы ямба хүртлээ дээ
Харцын мэтээр явлаа даа
Эзэн Богдын хайраар
Эрмээ жуузаар шагнууллаа даа
Энэ яваа насыг
Эрлийн мэтээр явлаа даа” хэмээн дуулсан нь “Ханд чин вангийн дуу” нэртэйгээр хошуу нутагт нь түгэж байжээ” хэмээн дурджээ.
Энэ сарын 25-26-нд чин ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн ГХЯ дээр зохион байгуулна. Мөн чин ван Ханддоржийн өргөөг ГХЯ мэдэлдээ авч музей байгуулах ажлыг хөөцөлдөж байгаа юм байна.
С.Энх-Амар