Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хаалтын гэрээ, бусад асуудлаарх цуврал ярилцлага маань “Өнөөдөр” сонины зөвлөх С.Батбаатартай хийсэн ярилцлагаар өндөрлөж байна.
“ГЭРЭГ” СЭТГҮҮЛ ШИНЭ ҮЕИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ НЬ ...
-Таныг би “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч гэж “хаяглах” гэтэл та “зөвлөх” болчихож. Шинэ сэтгүүл гаргах гээд ажлаасаа гарчихсан хэрэг үү?
-Дөрөвдүгээр сарын 1-нээс “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгчийн зөвлөх болсон. Эрхлэгчийг бурхан болсноос хойш манай сонины нэгэн шинэ үе эхэлсэн. Нэг хэсэг нь эндээс явлаа. Тэдний орыг шинэ сэтгүүлчид залгасан. Үе солигдох энэ зааг дээр сониныхоо гал голомтыг манах, шинэ сэтгүүл зүйн түүчээ болж байсан өнгө төрхийг нь хэвээр хадгалах, асар их үүрэг ачаа үүрч үлдсэн Нандиадаа нөмөр нөөлөг болох нь миний үүрэг гэж үзээд 2009 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаас чөлөө гуйж ирж байлаа.
Нэг л мэдэхэд таван жил өнгөрчихөж. Одоо бол залуу сэтгүүлчдийн сайн баг бүрдсэн. Нандиа маань ч сэтгүүл зүйн мэргэжил эзэмшиж, бас хажуугаар нь сониныг удирдах арга барилд суралцаж чадсан. Одоо энд миний хэрэг бараг үгүй дээ. Энэ сонины, Балдорж сэтгүүл зүйн ирээдүй Б.Нандинтүшигтэй холбоотой. Хүссэн ч, эс хүссэн ч зөвхөн түүнд л, түүний багт л энэ хариуцлага ногдоно. Намайг байгаад байхаар бас надад найдаад байж магадгүй гэж бодоод “Одоо өөрөө гардаад сониноо аваад яв” гэдэг утгаар ажлаа өгсөн. Зөвлөх болооч гэсэн. Тэгээд л явж байна даа.
Ц.Балдорж гэдэг хүн намайг миний шавь гэж тоож байсан эсэхийг мэдэхгүй. Өөрөөс нь асууж амжсангүй. Тийм гэнэтхэн яваад өгнө чинээ ч бодоогүй. Гэхдээ би хувьдаа миний цорын ганц багш л гэж боддог. Түүнд, Балдорж сэтгүүл зүйд үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг нь би мөн байх аа. Энэ миний чин сэтгэл, бас бахархал. Тэр хүний нөмөр нөөлөг дор 1991 онд “Ардын эрх”-ийн сурвалжлагч болсон үеэс хойш бурхан болох хүртэл нь хамт явсан. Дунд нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албана даргаар хоёр удаа, гурван Ерөнхий сайдтай ажилласан. (Ж.Наранцацралт, М.Энхболд, С.Баяр) Монголын түүхэнд цорын ганц хүн шүү дээ (инээв). Манайхан намайг өгсөхөөрөө Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга дээр очдог, буухаараа “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч болдог “хоёрхон буудалтай” гэж шоолдог юм.
Ц.Балдорж гэдэг хүн намайг миний шавь гэж тоож байсан эсэхийг мэдэхгүй. Өөрөөс нь асууж амжсангүй. Тийм гэнэтхэн яваад өгнө чинээ ч бодоогүй. Гэхдээ би хувьдаа миний цорын ганц багш л гэж боддог.
Шинэ сэтгүүлийн хувьд миний мөрөөдөл байсан юм аа. "Time" шиг, "Newsweek"-тай адил дэлхийн стандартын шинэ сэтгүүлийг бид бүтээж яагаад чадахгүй гэж, яагаад бусдын мөнгө, нөлөөнд биш, бид өөрсдөө эрүүл сэтгүүл зүйн жишиг болохуйц сэтгүүл гаргаж болохгүй гэж гэсэн бодол надад төрөөд нэлээд хэдэн жил болсон. Тэгээд л долоо хоног тутмын “Гэрэг” сэтгүүлээ гаргасан. Есөн дугаар гаргачихлаа. Уншигчдын үнэлгээ муугүй байгаа. Захиалга, борлуулалт, санхүүжилт гээд амаргүй зүйл зөндөө л байна. Гэхдээ эрүүл сэтгүүл зүйн жишиг бүтээх амбийц бидэнд байгаа учраас зорьсондоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Буруу мөнгөний үнэр үгүй, захиалгат сэтгүүл зүйгээс жаахан ч болов зайтай явъя гэсэн чин эрмэлзэлтэй, аливааг арай өөр өнцгөөс харж чаддаг, боловсрол мэдлэгтэй хэдэн сайхан залуустай хамтарч ажиллаж байна даа.
-Таны “Гэрэг” сэтгүүл их өвөрмөц өнгө төрхтэйгээр гарч эхэллээ. Сэтгүүлийнхээ талаар манай уншигчдад жаахан дэлгэрүүлж танилцуулахгүй юу?
-Миний сонссоноор энэ зах зээлд 200 гаруй сэтгүүл хэвлэгдэж байна. Түүн дотор долоо хоног тутмын, нийгэм улс төрийн сэтгүүл нь “Үндэсний тойм”, манай “Гэрэг” хоёр. Сүүлийн үед манайд “Космополитан”, “Форбес”, “Нэшнл жеографик” гэх мэт дэлхийн хэмжээний том сэтгүүлүүд хэвлэгдэн гарч эхэллээ. Гэхдээ тэд бол монгол сэтгүүлчийн бүтээл биш. Монголын, өөрийн гэсэн өнгө төрхтэй, шинэлэг хэв загвар, шилдэг нийтлэлтэй, үнэн зөв, шинэ содон мэдээлэл, мэдлэг өгч чадах сэтгүүлтэй болмоор байна шүү дээ.
-Ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Дандаа залуу сэтгүүлчид. Монголын шинэ сэтгүүл зүйн жинхэнэ төлөөлөл нь эд болж чадна гэдэгт би эргэлздэггүй. Бидний хүсэж мөрөөдөөд байгаа эрүүл, хариуцлагатай, хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг ийм л залуус бий болгож чадна. Энэ бол Монголын сэтгүүл зүйд тусч буй гэгээ гэрэл. Монголын сэтгүүл зүйд 30-аад жил амьдарсных, эрүүл сэтгүүл зүй гэж юу байдгийг үлгэрлэн харуулах нь миний үүрэг гэсэн их том юм бодож явна. Энэ сэтгүүл бол зөвхөн бидний хамтын бүтээл. Банкнаас зээл аваад аж ахуйн нэгж яаж босдог вэ, тэр жамаар л эхэлсэн.
-Урт урт ярилцлагууд хэвлэлийн хуудсыг дүүргэдэг. Миний таньтай хийж байгаа шиг. Гэтэл танай сэтгүүлээс би нэг ч ярилцлага олж харсангүй.
-Нийтлэлийн чанар, мэдрэмж, хэв маяг, агуулгаараа элит түвшний сэтгүүл байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс "Гэрэг"-т ярилцлага орохгүй. Хэдэн нүүр дамнасан том нийтлэл ч байхгүй. Цөөн үгээр том асуудал хөндсөн, үйл явдлын хамгийн голыг, мөн чанарыг олж, задлан шинжилж, байдал төлөвийг нээн харуулсан нийтлэлтэй байхыг л хичээж байна. "Тime"-д жишээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том авторууд ажилладаг. Тэд сэтгүүлтэйгээ хамт өсөж өндийсөн байддаг юм билээ. Тэр жишгээр "Гэрэг" том сэтгүүл болж, сэтгүүлтэйгээ хамт том сэтгүүлчид төрөн гарна гэж бодож байгаа.
ГИШҮҮН Х.БАТТУЛГА СОНИНТОЙ, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ САЙТТАЙ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ БҮХ ЗҮЙЛ ИЛ БАЙХ ЁСТОЙ
-Би сэтгүүл зүйн томоохон төлөөлөгчидтэй уулзаад "хаалтын гэрээ" гэх зүйлийн талаар л яриад яваа. Тантай ч бас энэ сэдвийг хөндөж ярилцъя гэж бодсон юм.
-Ер нь энэ "хаалтын гэрээ" гэж яриад байгаа чинь нэг л асуудал. Монголын сэтгүүл зүй буруу замаар будаа тээж, өвчилчихсөн байгаа нь үнэн л байхгүй юу. Хаалтын гэрээ, захиалгат сэтгүүл зүй гэх зүйлийн талаар огт ойлголтгүй 1988 оноос өнөөдрийг хүртэл сэтгүүл зүйн гал тогоонд амьдарч яваагийн хувьд хаанаас юунд хүрснийг, ололт нь юу байсныг, алдаа нь ямар болсныг, одоо ямар болчихоод байгааг сайн мэдэж байна.
Монголын шинэ сэтгүүл зүйн жинхэнэ төлөөлөл нь эд болж чадна гэдэгт би эргэлздэггүй. Бидний хүсэж мөрөөдөөд байгаа эрүүл, хариуцлагатай, хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг ийм л залуус бий болгож чадна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэтэрхий олон боллоо гэж гаслах хэрэггүй. Үндсэн хуулиар тунхагласан эрхээ л иргэд эдэлж байна. Сайхан сэтгүүл, сайн сонин, телевизтэй болъё гэсэн сэтгэлээр л энэ сонголтыг хийсэн байж таарна.
Нөгөө талдаа хэвлэлийн байгууллага бол бизнесийн байгууллага мөн. Сонин, телевиз нь аль болох олон уншигч, үзэгчдэд хүрч, тэр хэрээр ашиг олж, сэтгүүлчдээ боломжийн хэмжээнд цалинжуулах нь эрүүл зөв зам. Нөгөө талд нь хэвлэлийг гагцхүү бизнес, эсвэл эрх ашгаа гүйцэлдүүлэх зэвсэг гэж хараад байгаа өрөөсгөл ойлголт бий. Ийм ойлголт жинхэнэ сэтгүүлчид төрөхгүй. Бидний гал голомт руу гаднаас харайгаад ороод ирсэн, сэтгүүл зүйн үнэт зүйлийн талаар огт ойлголтгүй нөхөд л ийм юм хийж байгаа.
-Хэвлэл мэдээллийн орчин ямар байж гэмээ нь өвчнөө илааршуулах вэ, таны бодлоор?
-Манайд хууль эрх зүйн орчин их дутмаг. Энэ зах зээлийн нийгэмд чинь аливаа бүхэн стандарттай байх, тэр стандартыг хангаж чадаж байж цааш явах зарчимтай. Хэвлэлд ч бас стандарт байх ёстой. Тэр стандартыг хууль, дүрмээр л хангана. Эрх чөлөөтэй байна гэдэг юу хүссэнээ хийхийн нэр биш шүү дээ.
"Хэвлэлийн эрх чөлөөний тухай" хэмээх гол зарчмаа тунхагласан хуультай болоод олон жилийн нүүр үзлээ. Одоо тунхаг, зарчмаа задалж, дагаж мөрдөх харилцааг зохицуулсан хуультай болох ёстой. Нэг биш нэлээд хэдэн хууль шаардлагатай байгаа. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн санаачлаад буцаан татсан, одоо М.Батчимэг гишүүний яриад байгаа хуулийг яаралтай баталмаар байгаа юм. Эзэн нь хэн байх, тэр юунд оролцож, ямарт нь оролцож болохгүй байхыг заасан, хаанаас ямар мөнгө олж санхүүжиж, байгаа нь ил болохыг хуульчлах ёстой.
Нуух юм биш шүү дээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга сонинтой байж болно, Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайттай байж болно. Тэд иргэнийхээ эрхийг л эдэлж байгаа хэрэг. Гагцхүү энэ нь ил л байг. Ил байсан цагт хандлага эрүүлжинэ. “Бид энэ жил ийм хэмжээний ашигтай ажиллалаа. Реклам сурталчилгаа, захиалга, борлуулалт, төсөл хөтөлбөрөөс ийм мөнгө олоод ингэж зарцууллаа. Иргэн А гэдэг хүн хувьцааны 50 хувийг нь, Б гэдэг хүн 30 хувийг нь эзэмшдэг, манай хамт олон тус бүртээ тэдэн хувь эзэмшдэг” гэдгийг жил бүр зарладаг байх ёстой. Энэ бол яригдаад байгаа хаалтын гэрээ гэх зүйлийг үгүй болгох хамгийн анхны алхам. Ил зарладаг болчихоор хаалтын гэрээ мэтийн буруу мөнгөө нууж чадахгүй болно.
Дээр нь бид ёс зүйн тухай их ярьдаг. Та нар ёс зүйтэй байж чадахгүй байна гэж иргэд шүүмжилж байгаа нь үнэн. Хаалтын гэрээнээс татгалзах “совесть"-той байх ёстой. “Ийм юм хий” гээд мөнгө өгөхөд нь “Үгүй ээ би хийхгүй, миний ёс зүйд харшилж байна” гээд татгалзаж чадахгүй байгаа нь бидний буруу.
Хаалтын гэрээнээс татгалзах “совесть"-той байх ёстой. “Ийм юм хий” гээд мөнгө өгөхөд нь “Үгүй ээ би хийхгүй, миний ёс зүйд харшилж байна” гээд татгалзаж чадахгүй байгаа нь бидний буруу.
Захиалгат, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг бол байдаг зүйл. Ийм зүйл хийж болно. гэхдээ ил хийдэг. Ил тод, харилцаагаа хуулийн хүрээнд зохицуулсан захиалгат, төлбөрт нийтлэл нэвтрүүлгийг ханцуйн дотроо мөнгө өгч авалцсан, бусдын эрх ашигт халдсан, гутаасан нийтлэл нэвтрүүлгээс ялгаж салгаж үзэх ёстой. Хэрвээ сэтгүүлч ёс зүйгээ, сэтгүүл зүйн зарчмаа худалдсан зүйл бэлтгээд, тэр нь нотлогдсон тохиолдолд тухайн сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг зохицуулалт дэлхийн улс орнуудад олон бий. Батбаатар тийм юм хийсэн бол тэрийг нь зарладаг. Тэр тохиолдолд би тэндээс халагдаад өөр сонинд оръё гэсэн ч хаалга хаалттай байдаг юм.
Өнөөдөр бий болчихоод байгаа нөхцөл байдлыг нэг хэсэг нь жигтэйхэн муухай хар хүмүүс, нөгөө талд нь хэсэг энхийн цагаан тагтаа байгаа мэт бие бие рүүгээ хялайн харж, сайхан муухай үг чулуудалцаж, эвдрэлцэж муудалцаад байх шаардлагагүй. Хэрвээ сэтгүүл зүйд муу муухай зүйл байгаа бол энэ бидний л бүтээл. Сайн юм байгаа бол бас л биднийх. Тэгэхээр одоо буруу муухайгаасаа татгалзаж, зөв замаа олох зүг рүү л хамтраад алхах ёстой. Тоормосоо татах цаг гарцаагүй болсон.

СЭТГҮҮЛЧДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖ ХЭТЭРХИЙ ДООГУУР БАЙГАА НЬ ЗАХИАЛГАТ СЭТГҮҮЛ ЗҮЙ РҮҮ ХӨТӨЛСӨН НЭГ ШАЛТГААН
-Гэхдээ сэтгүүлчид ядуу байгаа тохиолдолд хаалтын гэрээ, мөнгөний сэтгүүл зүй байсаар байна гэж зарим хүн хэлж байна. Таны бодлоор?
-Үнэхээр сэтгүүлчдийн цалин бага уу гэвэл хэтэрхий бага. Сэтгүүлчдийн хөдөлмөр асар хүнд хөдөлмөр шүү дээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл завсар зайгүй л ажилладаг. Өглөө 07.00-08.00 цагт гэрээсээ гарна. Өдөржин мэдээ, сурвалжлагын араас ийшээ тийшээ харайсаар сонины жишгээр бол 21.00-22.00 цаг орчимд сонин буухад л ажил арай гэж дуусна. Манай залуу сэтгүүлчдийн дунд гэр бүлгүй охид цөөнгүй. Өглөө 07.00 цагт гэрээс гараад орой 22.00-23.00 цагт гэртээ очиж байгаа хүн юун хүнтэй танилцах, харанхуйд хүнд зодуулж, дээрэмдүүлчихгүй харивал зол. Эндээс бас сэтгүүлчдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал хөндөгдөнө. Сэтгүүлчдэд бусадтай адил үдийн цайны цаг ч гэж байдаггүй шүү дээ.
"Муусайн сэтгүүлчид" гэж загнаж, дарамталдаг хүмүүс ч олон болж. Заналхийлэл, сүрдүүлэг, халдлагад өртөх нь энүүхэнд. Ийм хүнд хүчир хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн хөлс хэтэрхий доогуур байгаа юм. Энэ бол захиалгат сэтгүүл зүй рүү хөтлөх нэг шалтгаан болсон.
-Сэтгүүлчдийн дундаж цалин яг хэд юм бэ?
-Манай сониныхны хувьд дундаж цалин 350 мянга хавьд л байгаа. Бичлэгийн шагналаа нэмээд 450 мянга болно. Сардаа 600-700 мянган төгрөгийн цалин авч байгаа сэтгүүлч цөөхөн. Гэхдээ албан ёсны тоо биш шүү.
Сурвалжлага, мэдээлэл олохын тулд хурдныг нь бодож таксидна. Ирэхээр нь таксиных нь мөнгийг өгдөг тийм буянтай редакц би лав мэдэхгүй. Бэлэн хоол, ганц хоёр бууз хуушуур үмхчихээд л гүйж яваа биз дээ.
"Муусайн сэтгүүлчид" гэж загнаж, дарамталдаг хүмүүс ч олон болж. Заналхийлэл, сүрдүүлэг, халдлагад өртөх нь энүүхэнд. Ийм хүнд хүчир хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн хөлс хэтэрхий доогуур байгаа юм.
Сэтгүүлчдийн доод цалин ядаж 700 мянга байх ёстой. Сэтгүүлчид яагаад нэг сая төгрөгийн цалинтай байж болдоггүй юм. Манай “Өнөөдөр” сонин сард нэг удаа, шилдэг нийтлэл бичсэн нэг сэтгүүлчид Ц.Балдорж эрхлэгчийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин өгдөг юм. Эзэд нь айхтар баяжчихаад сэтгүүлчдээсээ харамлаад байгаа хэрэг биш л дээ. Хэвлэл мэдээлэл бол нэг их ашигтай бизнес биш. Нийгмийн оюун санааны хөтөч болж байгаагийнх нь хувьд татвар энэ тэр дээр нь хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм болов уу.
ӨДӨР ТУТМЫН 12 СОНИНООС 3-4 НЬ Л ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДАЖ БАЙГАА
-Бидний нэр хүндийг гутаагаад байгаа “хаалтын гэрээ” гэх зүйлийг хаанаас хэн эхлүүлээд өнөөдрийг хүрчихэв ээ?
-Хэвлэл мэдээллийн орлогын гол эх үүсвэр нь реклам сурталчилгаа. Сониныхон захиалга борлуулалтаас мөнгө олно. Тэр нь бага даа. Реклам сурталчилгааг үйлдвэрлэл, бизнесийнхнээс авдаг. Тэгэхээр хаалтын гэрээний үр хөврөл тэндээс эхтэй.
Реклам сурталчилгаа нийлүүлэх гэрээндээ “манай тухай сөрөг мэдээлэл тавихгүй” гэсэн заалтыг оруулдаг болсон нь 2000-аад оны эхнээс. Бид бас ингэж эрхээ, үйл ажиллагаагаа багалзуурдуулмааргүй байна гэнгүүт өнөөх заалтаа өөрчилсөн нь “Хэрвээ сөрөг мэдээлэл гарах болбол манайхаас заавал асууж, тодруулж бай” гэдэг болсон.
Үнэндээ бол асууж, тодруулна гэдэг нь тэдний талаар олсон мэдээллээ тавихгүй л гэсэн үг. Тэд тийм юм байхгүй л гэнэ шүү чанар юм биш үү. Өөрийгөө сурталчлах, өрсөлдөгчөө муугаар харуулах, тэндээс товойж харагдахын тулд улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдаж авч, шинээр байгуулж эхэлсэн.
Уг нь Монголын зах зээл их бага шүү дээ. Хэтэрхий олдчихоод, жаахан зах зээл дээрээ тарамдчихаад байна уу даа гэж хардаг. Өдөр тутмын 12 сонин гарч байна. Телевиз 2013 онд 170 шахам байсан байх. Гэтэл уншигч, үзэгч, сонсогчид нь хэд билээ. Энэ улстөрчдөөс л болж хэвлэл мэдээллийн хэрэгсэл ихэрлэж үржсэн. Бараг л телевиз, сонин бүрийн ард л улстөрч, бизнесийнхний нэр яригддаг. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө өөрийгөө санхүүжүүлж, бие даан амьдрах зам тун шаналгаатай, төвөгтэй. Жаахан зах зээл дээр, үзэгчгүй, уншигчгүй, захиалгагүй, рекламгүй хэрнээ яаж амьдраад байгаа юм бэ гэхээр санхүүжилтийн эх үүсвэр нь хаалтын гэрээ, буруу зүгийн захиалга төлбөр, улс төр бизнесийнхний амсуурга төдий угжны мөнгө л байж таарна.
Өөрийнхөө мэддэг салбарыг л ярья. Өнөөдөр Монголд гарч байгаа 12 өдөр тутмын сониноос өөрийгөө бүрэн хэмжээгээр санхүүжүүлээд, ашигтай ажилладаг хоёрхон сонин бий. Энэ бол “Өдрийн сонин”, “Өнөөдөр”. Ашигтай биш ч өөрийгөө аваад явчихаж байгаа нь “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” хоёр. Бусдынх нь хэвлэгдэж, захиалагдаж байгаа тоо, сонинд нь нийтлэгдэж байгаа рекламыг нь тооцоод үзэх юм бол яагаад ч амьдарч чадахааргүй харагддаг. Эд тэгээд яагаад байгаад байдаг юм бэ гэсэн асуулт гарна. Асуултын хариуг хаа нэгтээгээс хайх хэрэггүй, тодорхой биз дээ.
ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН БОЙЖИХ ИНКУБАТОР НЬ БАЙХГҮЙ БОЛЧИХЖЭЭ
-Хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд унах болсон шалтгаан таны бодлоор юу вэ. Юунаас болоод өнөөдөр бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч ийнхүү ярьж суухад хүрчихэв?
-Олон шалтгаан бий. Заримыг нь дээр ярилаа. Заавал хөндөх ёстой нэг шалтгаан бол сэтгүүлчдийн чадавхи их тарамдсан, нөгөө талаар боловсрол мэдлэгийн түвшин дорой байна. Хэрвээ өдөр тутмын 12 биш, таван сонин байсан бол шилэгдмэлүүд тэнд ажиллаж таарна. Гэтэл шинээр сонин “төрөх” бүртээ өөр сонинд ажилладаг гайгүй сэтгүүлчдийг нь ахиухан цалин, хуучин машин, ганц өрөө байр мэтээр даллаж аваачиж, сониноо удирдуулдаг болсон. Тэд нөгөө муу сониндоо бичих биш, мөнгө олох эрэлд л хатдаг. Сэтгүүл зүйн чанартай материал ховордсон нь үүнтэй холбоотой.
Залуу сэтгүүлчдийн асар том арми орж ирлээ. Сургуулийн танхимаас мундаг сэтгүүлч төрдөггүй юм. Манай сургуулиуд ч муу байна. Тэд редакцид ирж, энд нухлуулж байж сэтгүүлч болдог. Сайн сэтгүүлчидтэй хамт ажиллаж, тэднээс суралцаж, дуурайж, үлгэр жишээ авч, магадгүй тэднээс дутуугүй бичих цагаахан атаархалд хөтлөгдөж байж сайн сэтгүүлч болдог. Гэтэл нэг редакцид сайн сэтгүүлч маш цөөн болсон. Тэгэхээр залуу сэтгүүлчид бойжих инкубаторгүй болчихож байгаа юм.
Жаахан зах зээл дээр, үзэгчгүй, уншигчгүй, захиалгагүй, рекламгүй хэрнээ яаж амьдраад байгаа бэ гэхээр санхүүжилтийн эх үүсвэр нь хаалтын гэрээ, буруу зүгийн захиалга төлбөр, улс төр бизнесийнхний амсуурга төдий угжны мөнгө л байж таарна.
-“Сэтгүүлч гэж хэн бэ” гэдгийг би ярилцагчдаасаа асууж байгаа. Таны бодлоор сэтгүүлч гэж хэн юм бэ, ямар хүн байх ёстой юм бэ?
-Сайн сэтгүүлчийг "МСМ" гэсэн гурван үсгээр тодорхойлж болох юм байна гэж би боддог. Мэдрэмж, Сэтгэл, Мэдлэг гэсэн үг. Энэ гурав нэгдэж нийлж гэмээнэ жинхэнэ сэтгүүлч төрнө. Мэдрэмжгүй бол сэтгүүлч биш. Энэ бол авьяасын асуудал. Авьяастай сэтгүүлч л асуудлыг өөрөөр хардаг. Өөрөөр харж байж сайн бүтээл төрнө. Сэтгэл гэдэг бол үнэхээр сэтгүүлч болохын төлөө зүрх сэтгэлээ зориулан, зорьж тэмүүлсэн хүмүүст хамаатай асуудал. Сэтгэлтэй сэтгүүлч ёс зүйтэй байдаг. Үнэхээр мэргэжилдээ хайртай бол ёс зүйгүй аашилж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүний хамгийн эрхэм, үнэт зүйл нь сэтгүүлч гэх мэргэжил нь, нэр нь. Сайн сэтгүүлч сайн хүн байх ёстой. Буруу юм бичих гээд суухад хэчнээн мөнгө амласан байсан ч үзэг нь хөдөлдөггүй л байх ёстой.
Мэдлэггүй сэтгүүлч бол хазаар ногтгүй морийг зайдан унаж яваатай л адил. Шинэ сэтгүүл зүйд сэтгүүлчдийг нэг чиглэлээр дагнах ёстой гэдэг. Би бол арай өөр бодолтой. Мэдээж нэг сэдвээр дагнах нь мэргэжих тухайд сэтгүүлчид хэрэгтэй. Гэхдээ аль ч сэдвээр бичсэн, сэтгүүлч хүн бүх төрлийн мэдлэгтэй л байх ёстой. Эрэн сурвалжлахаар бичдэг сэтгүүлчид эдийн засгийн мэдлэг, улс төрийн баримжаа байх ёстой биз дээ. Дунд сургуульдаа С-гээс доош үнэлгээ авч байсан хүн сэтгүүлч, эмч, багш болж болохгүй гэж боддог юм. Эмч жишээ нь хүнийг С түвшинд эмчилж болохгүй. Багш хүн сурагчдадаа С түвшний мэдлэг олгож болохгүй. Сэтгүүлчийн олон нийтэд, нийгэмд түгээж байгаа мэдээ мэдээлэл С үнэлгээтэй байж болохгүй.
БОЛОХГҮЙ ЗҮЙЛЭЭ ЯРЬЖ ЭХЭЛЖ, ЗӨВ АЛХМУУД ХИЙГДЭЖ БАЙГАА УЧРААС ӨВЧИН МААНЬ УДАХГҮЙ ИЛААРШИНА

-Таны ярианаас дүгнэхэд олон бус цөөн хэвлэл мэдээлэлтэй байж учраа олох юм шиг байна. Харин Л.Мөнхбаясгалан эрхлэгч “жам ёсоороо цөөрнө” гэж хэлсэн. Гэхдээ энэ олон хэвлэл мэдээлэл жам ёсоороо цөөрөхийг хүлээх тэр үе хүртэл сэтгүүл зүйн нэр хүнд дахиж босохгүйгээр уначих бололтой байна. Тэгэхээр бид яаж өнөөдрийн энэ байдлаас гарах ёстой юм бэ. Гарцыг нь та юу гэж харж байна?
-Би дээр хэлсэн. Эрх зүйн зохицуулалт, заавал дагаж мөрдөх стандарт чухал гэж. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэн татуулсан бэ гэдгийг бид мэдэж л байгаа. Сонины эрхлэгч, эзэд татуулсан шүү дээ. Үнэндээ бол маш хэрэгтэй хууль байсан юм. Мэдээж тэр хуулийн төсөлд эздэд таалагдахгүй өгүүлбэр байсан. Сэтгүүл зүйд эзэн ч байна, сэтгүүлч ч байна. Зэрэгцэн оршиж байж л хэвлэл мэдээлэл бий болдог. Эзэн, сэтгүүлч хоёрыг ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь, тэгэхийг хүсэхгүй байгаа нь бидэнд тохиолдож буй нэг бэрхшээл.
Б.Ганчимэгийн ярилцлагад “Олон холбоод татан буугдвал таарна” гэсэн байна лээ. Холбоод байг л дээ. Харин хэн бэ гэдгээ тодорхойлох ёстой. Манай "Өдөр тутмын сонинуудын холбоо" бол эздийн холбоо. Тэднийг үзэн ядаад хэрэггүй. Хаана ч байдаг жишиг. Эздийн эрх ашиг тусдаа, сэтгүүлчдийн эрх ашиг тусдаа. Тэрийг нь хуулиар тогтоож, зааглаж өгнө. Эзэд байгууллагынхаа бизнесийн эрх ашгийг голчлон төлөөлнө. Ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаасны үнийг хямдруулах, татварыг багасгах, хэвлэлийн тоног төхөөрөмжийн чанарыг сайжруулах, эрх ашгаа нэгтгэх бол эздийн хийх ажил. Эзэд нийтлэлийн бодлогод оролцохгүй, сэтгүүлчид бичих юмыг нь зааж, бичсэн зүйлийг нь нийтлэхгүй байхыг шаардах эрхгүй. Хэрвээ чиний бичсэнийг нийтлэхгүй гэвэл шалтгаанаа тайлбарлах ёстой. Эзэн, сэтгүүлч хоёрын харилцааг Редакцын гэрээгээр зохицуулдаг.
Би өнгөрсөн жил Германд очоод сэтгүүл зүйн маш мундаг профессор хүнээс асуусан юм. "Манайд сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллага байгуулаад Эрхлэгчээр нь ажилладаг. Тэд сониндоо бичих эрхтэй биз дээ" гэж. Гэтэл "Эзэн байх уу, сэтгүүлч байх уу гэсэн хоёр сонголт л танд байна. Эрхлэгч буюу эзэн байх замыг сонгосон бол бичих ёсгүй" гэж байна лээ. Чөлөөт сэтгүүл зүйн түгээмэл зарчмыг баримталж төлөвшсөн газарт тийм л байдаг юм билээ.
Сайн сэтгүүлчийг "МСМ" гэсэн гурван үсгээр тодорхойлж болох юм байна гэж би боддог. Мэдрэмж, Сэтгэл, Мэдлэг гэсэн үг. Энэ гурав нэгдэж нийлж гэмээнэ жинхэнэ сэтгүүлч төрнө. Мэдрэмжгүй бол сэтгүүлч биш.
Сэтгүүлчдийн цалин хөлсний асуудал нэгдүгээрт эзэн-сэтгүүлч хоёрын хооронд байгуулсан гэрээгээр, хоёрдугаарт Эздийн холбоо-Үйлдвэрчний байгууллага-Сэтгүүлчдийн эвлэл холбоодын хооронд байгуулдаг гэрээгээр зохицуулагддаг юм билээ. ХБНГУ-д "Тарифын гэрээ" гэж байдаг, тэнд нь сэтгүүлдийн авах цалингийн доод хэмжээг заагаад өгчихсөн, түүнээс доош цалин өгвөл Эзэд, Редакц хариуцлага хүлээдэг, бүр татан буугддаг хүртэл зохицуулалттай байсан. Нэгэнт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болсон ийм маягийн зохицуулалт руу л бид явах ёстой
Хэвлэлийн хүрээлэнгийнхэн Хэвлэлийн консулын тухай сүүлийн үед нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Цөөн боловч хэвлэлүүд эрүүл сэтгүүл зүйн зарчмыг сонгож буйгаа зарлаж байна. УИХ дээр хуулийн төсөл яригдаж байна. Танай сайтаар хөндөж байгаа асуудал ч бас нэг алхам. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлыг даван туулахын тулд бодит алхам л хэрэгтэй. Хувь сэтгүүлчийнхээ хувьд энэ үйл хэрэгт миний оруулж буй хувь нэмэр, хийж байгаа алхам бол “Гэрэг” сэтгүүл.
Ийм зөв алхмууд хийгдэж байгаа нь биднийг зовоож буй, нийгэмд муухай харагдуулж байгаа асуудлууд нэг их удахгүй илаарших юм байна гэсэн өөдрөг төсөөллийг бий болгож байна.
-Өдөр тутмын сонинуудын холбооныхон хамтраад эздийн асуудлаа ярихаас гадна хамтдаа хаалтын гэрээ хийгээд яваад байдаг гэдэгтэй та санал нийлэхгүй байна уу?
-Сайн мэдэхгүй юм даа. Эздийн холбоо руу улс төр, бизнесийн хүрээнийхэн ханддагийг бол мэднэ. Сонины эрхлэгчтэй нь ярьж байснаас холбоотой нь ярьсан нь дээр гэсэн хандлага байсныг мэднэ. Гэхдээ Эрхлэгч нар бүгдээрээ нийлчихээд мөнгө төгрөг хувааж аваад яваад байхгүй л дээ. Эрхбиш болох, болохгүйгээ мэдэх хүмүүс шүү дээ.
Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд хэвлэл мэдээллийнхэнд хуулийн хүрээнд бусад байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах нь байж болох, байдаг асуудал шүү. Аж ахуй эрхлэгчдэд хийж бүтээснээ олон түмэнд хүргэх, танилцуулах, хийх гэж байгаа зүйлдээ олон нийтийн, төрийн дэмжлэг авах шаардлага үүснэ. Түүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид шаардлагатай болбол ил тод захиалгаа өгөөд, гэрээгээ байгуулаад, хөлс мөнгийг нь төлөөд, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх аль аль талдаа нээлттэй биз дээ. Тэд чанартай сурталчилгаа, PR хийхийн тулд сайн хэвлэл, сайн сэтгүүлчийг л сонгоно. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн орлого олох, сэтгүүлчийн цалин хөлс, үнэлэмж нэмэгдэх нэг хөшүүрэг мөн болов уу.
-Бусад байгууллага, салбар бол дотроо хуралдаад асуудлаа шийдчихдэг. Гэтэл хэвлэл мэдээллийнхний бүх үйл ажиллагаа ил байдаг. Болохгүй байгаа зүйлийнхээ талаар илэн далангүй ярьж байна. Гэтэл манай цуврал ярилцлагуудаар энэ салбарын нэр хүнд унаж буй асуудлыг хөндөхөөр нийгэмд сөрөг мэдээлэл хүргээд ч байх шиг. Та юу гэж бодож байна?
-Нэгэнт бий болсон асуудлыг ил ярих нь зөв зүйтэй, эрүүл үзэгдэл. Саяхан чуулганы хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний талаар ярих үеэр Ц.Оюунбаатар гишүүн нэг санал гаргасан даа. Тэрний дараа манай өдөр тутмын сонинууд эсэргүүцлээ илэрхийлж, улс төрийн нүүрээ хоосон гаргасан. Би хувь хүнийхээ хувьд үүнийг буруу гэж үзэж байгаа. Яг үнэндээ бол Оюунбаатар гишүүн зөв л юм ярьсан шүү дээ. Төрийн мөнгөөр нэг дарга зургаа тавиад мэндчилгээ нийтлүүлж байдаг нь, төсвийн байгууллага ойн сурталчилгаагаа бүтэн нүүрээр нийтлүүлээд дунд нь дарга малийгаад зогсож байх хэнд хэрэгтэй юм. Нэгэн зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллээр гаргахыг нь яана. Тэр бол төрийн мөнгийг зүгээр л үрж байгаа хэрэг.
ЯАМДУУД “МАНАЙХЫГ СУРТАЛЧИЛЖ ӨГӨӨРЭЙ. БИТГИЙ МУУ ЮМ ГАРГААРАЙ” ГЭЖ ГЭРЭЭ ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ
-Хаалтын гэрээ биш, хамтын ажиллагааны гэрээ байдаг гэж би ойлголоо. Хамтын ажиллагааны гэрээг бизнесийн бус, төрийн байгууллага хийдэг үү?
-Хийдэг юм аа. Яамд, Засгийн газар, төрийн байгууллагууд ийм гэрээ хийсээр ирсэн, хийж ч байгаа. Энийг нуугаад байх юм биш. Агуулга нь юу вэ, тэр гэрээгээр юу хийж байна вэ гэдэг л анхаарах асуудал. Төрийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчлах, авч буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрийнхөө хэрэгжилт, мөн чанарыг олон нийтэд хүргэх хэрэгцээ бий шүү дээ. Харин "Манайхыг сайхан бичээд, манай сайдыг магтаад өг" гэх юм уу, "Манай талаар шүүмжлэлт, бараан мэдээ тавихгүй" шүү гэвэл шал өөр асуудал болоод явчихна биз дээ.
Яг үнэндээ бол Оюунбаатар гишүүн зөв л юм ярьсан шүү дээ. Төрийн мөнгөөр нэг дарга зургаа тавиад мэндчилгээ нийтлүүлж байдаг нь, төсвийн байгууллага ойн сурталчилгаагаа бүтэн нүүрээр нийтлүүлээд дунд нь дарга малийгаад зогсож байх хэнд хэрэгтэй юм.
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд огт хийгээгүй л гээд байсан даа?
-Тэгж хэлээгүй байлгүй дээ. Үе үеийн Засгийн газар ямар нэг хэмжээгээр хийсээр л ирсэн. Манай Ерөнхий сайдын оролцсон арга хэмжээг заавал нэгдүгээр нүүрээсээ эхлүүлж өгөөч гэдэг Хэвлэлийн алба ч байсан. Одоо бол арай тэгдэггүй юм. Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах тухай л гэрээ байгуулдаг. Магтаад өгөөч гэдэггүй. Үйл ажиллагаагаа тайлагнасан, тайлбарласан материал хааяа ирүүлдэг, тэрийг нь сонинууд төлбөртэй нүүрэндээ гаргаад л явж байгаа.
-Бидний мэдээлэл авах боломж бололцоог, мэдээллийн ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөөний талаас нь та юу гэж ойлгож байна вэ?
-Хоёр талтай л асуудал байх. Нэг талаасаа сэтгүүлчид эрх, эрх чөлөөгөө эдэлж байгаа юу гэвэл эдэлж байгаа. Зарим нь бүр хэтэрсэн тал ч бий. Залууст муухай сонсогдож магадгүй, сэтгүүлч хүн гэж хэн бэ гэдгийг манай залуу сэтгүүлчид “Ямар ч хамаагүй хувцас өмсөөд, хэний ч хамаагүй өрөөнд дайрч ороод, хэнтэй ч юу ч ярьж, өөрийн сэтгэгдлээр ямрыг ч бол бичиж болдог хүн” гэж ойлгоод байх шиг.
Жишээ нь би Засгийн газрын Хэвлэлийн албаны даргаар гурван Ерөнхий сайдтай ажиллаж байсан. Дандаа л сэтгүүлчидтэй ажиллана. Гэтэл нөгөөдүүл маань жийнстэй, углааштай ирчихээд “оруулахгүй байна” гэнэ. Хууль, төрт ёс гэж нэг юм байна шүү дээ. Монголчууд төрөө хүндэлдэг ард түмэн. Хэрэлдэж орж ирчихээд, хэний ч өрөө лүү дайрч орох гээд байдаг. Оруулахгүй гэвэл “Та нар хэвлэлийн эрх чөлөөг боомиллоо” гэнэ. Ярилцлага өгөхгүй гэвэл заавал авч байх ёстой юм шиг ярина. Тэгж яривал цаад хүн нь бас татгалзах эрхтэй шүү дээ. Энэ бол хэтэрсэн, хэтийдсэн эрх чөлөө.
Харин мэдээлэл авах эрх чөлөөний хувьд хууль нь байгаа атлаа хаалттай мэдээлэл зөндөө бий. Манай улс асуудал, бэрхшээлээ маш богино хугацаанд амжилттай даван туулж яваа орон гэж боддог. Тийм учраас сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг. Мэдээллийн хаалттай орчин алхам алхмаар нээгдэж л байна.
Ер нь бол өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах олон зүйл бий. Сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх тогтолцоо алга. Уг нь энэ бол сэтгүүлчдийн нэрээр байгуулагдсан олон байгууллагын хийх ёстой ажил. Редакцууд бас үүрэгтэй. Сэтгүүлчдийг гадагш нь явуулж юм үзүүлэх, мэргэжил нэгтнүүдийнх нь дунд боловсруулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилгаар Америкт нэг сарын хугацаагаар сэтгүүлчдийг явуулж сургадаг болсон. Ийм үр дүнтэй алхам улам олон болоосой.
-Та гурван Ерөнхий сайдаа муулж битгий бичээрэй гэж хаалтын гэрээ хийж байсан уу?
-Үгүй шүү. Тэр үед тийм юм байсангүй. 1998 онд юун гэрээ хийх, Монгол Улс цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй тарчиг байсан үе. Энхболд, Баяр даргын үед ч хийгээгүй. 2008 онд "Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн сурталчилгаа мэдээллийн ажлаар хоёр сонинтой гэрээ хийж байсан санагдаж байна.
ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ОРХИСОН ЗАЙН ДЭЭР НӨХӨЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ЦААСАН СОНИНЫ АЛДАА
-Та яагаад твиттерт ордоггүй юм бэ?
-Би чин үнэнээ хэлэхэд твиттер, фэйсбүүкт дургүй. Уг нь нэлээд дээр үед, бараг л эхний шатанд нь орж, хаягаа нээсэн. Гэхдээ миний байх газар биш юм шиг санагдсан. Их завтай хүний ажил шиг байгаа юм. Өглөө ингэж бослоо, тэдэн аяга цай уулаа, тийм гутлаа өмслөө гэж хүртэл бичих юм байна шүү дээ. Шал дэмий сэдвээр хэнд ч хэрэгцээгүй баахан цэцэрхэнэ. Будаан дээр бужигнасан Гандангийн тагтаа шиг дүр төрх л буугаад байдаг юм. Сүүлдээ бараг донтчихдог юм биш үү. Орчин үе, мэдээллийн шинэ урсгал чиглэлийг ойлгодоггүй хөлдүү нөхөр байна даа гэж бодож байгаа бол уучлаарай.
Би чин үнэнээ хэлэхэд твиттер, фэйсбүүкт дургүй. Уг нь нэлээд дээр үед, бараг л эхний шатанд нь орж, хаягаа нээсэн. Гэхдээ миний байх газар биш юм шиг санагдсан.
Хүссэн хүсээгүй олон нийтийн мэдээллийн сүлжээ гэдэг юм асар хурдтай, маш түрэмгий орж ирээд, байр сууриа маш амархан олчихлоо. Тийшээ орж үзэж, харах юмаа хардаг аа. Гэхдээ дунд нь ороод цэц булаалдаад байх хүсэл төрдөггүй. Ер нь болгоомжтой хандахгүй бол болохгүй зүйл бас бий шүү. Тэнд хяналт, цензүр, хариуцлагын асуудал алга. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичсэн мэдээллийнхээ зөв буруугийн төлөө хариуцлага хүлээдэг. Тэнд бол хэн ч хүлээхгүй. Юу хүссэнээ л бурж байна. Бусдыг гутаах, доромжлох бол энүүхэнд. Хоёр нөхөр хоорондоо бүтэн өдөржин хэрэлдчихэж ч байх шиг.
-Цаасан сонины ирээдүйг та яаж харж байна?
-Сонин устаж үгүй болно гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Дээр дурдсан герман профессороос бас энэ талаарх байр суурийг нь сонирхож байлаа. Тэр бугуйн цагаар жишээ авч байна лээ. Электрон цаг гарч ирж, түүнийг зүүгээгүй бол хүн биш шахуу болж байсан үе бий. Дижитал технологи л доо. Тэр үед Швейцарийн уламжлалт технологитой цагны фирмүүд бидний үе ингээд дууслаа гэж боджээ. Гэхдээ зүү нь хөдөлдөг, явдаг, чаг чаг гэж дуугардаг механик буюу аналог цагны амьдлаг шинж чанарыг авч үлдэх сонирхол ч бас байж. Тэр үед нэг ухаантай инженер хоёр төрлийн цагны давуу талуудыг нэгтгэсэн цаг бүтээсэн нь одоо бидний зүүж байгаа цаг. Нүүрэн талаасаа аналог, дотор эд эрхтэн нь дижитал.
Тэгэхээр цаасан сонин дээр ийм л зүйл бодож олох ёстой гэж байна лээ. Цаасан сонинд давуу тал маш их бий. Ядаж л мэдрэгдэнэ. Аятайхан бүтэцтэй. Дизайн, макет, зураг чимэглэл гээд уншигчдыг татах юм ихтэй. Хүний санах ойд хадгалагдах, хоногших байдлаараа цаасан сонин цахимаас даруй 30 хувь илүү байна гэсэн судалгааг Английн эрдэмтэд гаргасан байна лээ.
Цахим хэвлэлийн давуу нь ердөө л хурд. Хурдад шүтсэн тэд аливаа мэдээллийг авахдаа буурин дээр нь зөндөө олон зүйл орхиод явдаг. Жишээ нь “автын осол 15.00 цагт гарлаа” гэдэг мэдээг сайтууд хэдхэн минутын дараа оруулчихна. Үүнийг маргаашийнх нь сонинд давтаж бичээд ямар ч хэрэггүй. Өнөөдөр сонинууд ингэж тавиад байгаадаа л алдаж байгаа юм. Яг тэр газар байн байн осол гараад байдаг байж болно, тэрийг бол цахимынхан бараг тоохгүй. Дохио тэмдэгт асуудал байж магадгүй. Хөөрхий жолооч асар чухал аминд тулсан ажилтай яарч явсан байж магадгүй. За тэгээд автын ослын тоо нэмэгдэж байна уу, буурч байна уу, ямар төрлийн машин, хэд орчим насныхан осол их гаргаж байна гэх мэтээр "ухвал" сониныхонд чулуу болгочихмоор юм мөн ч их олдоно доо.