1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал баруун нутгийн бага буурай үндэстэн ястнуудын өмнө түүхэн шинэ бөгөөд хамгийн хариуцлагатай сонголтыг тавьжээ. Энэ бол "Төв Халх манжийн олон зуун жилийн боолчлолын гинжийг таслан хаялаа. Монголд бие даасан засаг тогтлоо. Бид Богд хаанаар толгойлуулсан энэ засгийг дагаж тусгаар тогтнолоо шинэхэн байлдаж олсон Монгол Улсын харьяанд багтан орох уу, нэгэнт дассан зүрчидийн ноёрхолд хуучин хэвээрээ үлдэх үү, аль эсвэл угсаа гарвал болон газар ойрхон Зүүнгар, Тува, Казахстан зэрэг улсад дагаар орох уу?" гэсэн маш ээдрээтэй асуулт тулгарсан байлаа. Энэ бол "гар хугарваас ханцуй дотроотой" адил дотоод дахь засгийн эрхийн төлөөх улс төрийн сонгуулиас илүү ач холбогдолтой асуудал учраас тэр.
Урианхай, дөрвөд, захчин, торгууд, өөлд, мянгад, цахар хошууныхан тусгаар тогтносон Монгол Улсынхаа бүрэлдэхүүнд багтан орж байхад Казахын дэвшилтэт ноёд зүгээр суусангүй, Хятадын алба гувчуураас эрс татгалзав.
Казах хошууны ноён А.Жылкышы 1860-аад онд хамтран зүтгэгч Зүч хааны удам С.Хожамжар, "улаан хөлтний" эсрэг тэмцэхэд баатарлаг гавьяа байгуулсан А.Көбеш нарынхаа хамт казахуудын нэгэн томоохон хэсгийг Алтайн цаанаас дагуулан нүүлгэж ирээд суурьшиж манжийн алба гувчуурын эсрэг эрэлхэгээр тэмцэж байсан. Харин түүний үе залгамжлагч ноён Ж.Сүкирбай Чин улсаас Алтайн "зүүн гарыг" захирагч албан тушаалд дэвшин өндөр цол хэргэм авсан болохоор тийшээгээ тэмүүлэн зүтгэж манжийн амбан захирагч Балт ван руу гүйж сандарсаар байв. Балт ван түүнийг 32 буугаар зэвсэглээд агт морь, цэрэг цуглуулахыг захив. Гэвч харьяатууд нь цэрэг, морь өгөөгүй учир тэднийг ятгасан тэрсүү муу үзэлт Хилан, Бодаубай нарт хатуу шийтгэл оноохыг хүсч Балт ванд 1912 оны зургадугаар сарын 22-нд захидал илгээсэн байна. Харамсалтай нь тэрхүү захидал нь зам зуур Богд хааны туршуулын гарт орсноор барахгүй тэр өдрөөс хорь хоногийн дараа Хилан, Бодаубай, Хиюбай,Тогтаубай нарын тэргүүтэй 400 өрхийн тэргүүн гарын үсэг зурж, дагаар орохыг хүсч Богд хаанд захидал илгээжээ. Аль ч талаасаа ялагдал хүлээсэн Чин улсынхан Сүкирбайд ямар ч тус дэм болж чадсангүй. Харин Ж.Сүкирбайн ойрын хамаатан, хүчтэй өрсөлдөгч нь болох Х.Хилан нарын хүсэлт санаснаараа бүтэж Монгол Улс тэднийг харьяандаа авч оршин суугаа газар нутгийг нь хуульчилж өгсний дээр түүнийг нийт казахуудын захирагчаар томилж тэргүүн зэргийн зайсан зэрэг, гүн цол жинс олгожээ.
Удсан ч үгүй "Жа лам " хэмээгдэх халимаг Дамбийжанцан Баруун нутагт ноёрхлоо тогтоож үймээн дэгдээсэн явдал Х.Хиланын хүсэл мөрөөдлийг улам өдөөв. Ховд хотод болсон зэвсэгт тэмцэлд идэвх зоригтой оролцсонд итгэн талархаж Богдын засаг түүнд хэргэм цол, албат, газар нутаг олгож нэг алдаа гаргасан бол энэ засгийн нөлөө бүхий түшээ хэмээн Дамбийжанцанг шүтэн биширч Х.Хилан бас төөрөв.
Магадгүй тэр Дамбийжаагийн аймшигтай сүр бараанаас айсан ч, ард олноо цуст яргаллаас авран эсэн мэнд авч үлдэхийг бодсон ч байж болно. Юутай ч гэсэн дөчин агт морь бэлэг барьж түүнийг хүндэтгэлтэй хүлээн аваад зарлигийг нь үг дуугүй дагаж мөрдөв. Дамбийжаа Хиланг энэ нутгийн захирагчаар томилсноо мэдэгдэн хурдан буу бэлэглэсэн бол Хилан түүний хариуд шар орхимж нөмөрч зэс бурханд мөргөж, Казахын дөчин хүүхдийг Шивэртийн хүрээнд шавь суулгаж "Да ламд" үнэнчээ батлан харуулжээ.
"Хоёр тэмээт", "Амарсанаагийн хойт дүр" зэрэг янз бүрийн нэр хоч зүүж Монгол Улсын хилээр олон дахин орж, буцаж байсан Дамбийжанцан бол Оросын хаант засгийн туршлагатай тагнуулч байсан гэдэг таамаглалтай бидний санал нийлдэг. Монголыг Буриад, Тува зэрэг бага буурай улс үндэстнүүдийн адил хараат болгох бодлогынх нь гардан гүйцэтгэгч гол хүн нь байж болзошгүй. Тэрбээр дургүйцсэнийг нь шууд алан хядаж, Алтайн нурууг давж зугтаах гэсэн хэдийг амьдаар нь өвчих зэргээр айлган сүрдүүлж албадсаар баруун нутгийн иргэдийг одоогийн Увс аймаг, Тува улсын нутаг болох Хандгайт, Торхлог руу нүүлгэсэн нь тийм л учиртай бөгөөд Х.Хилан түүнийг өөгшүүлсээр байсан гэдэг. Харин асуудал хурцдаад эхэлмэгц Ж.Сүкирбай тайж харьяат 300 өрхийг дагуулан Шинжаан руу дүрвэж одсон байв.
Уй гашуудлаар дүүрсэн их нүүдэл Үүрэг нуурын хөвөөнд хүрч унаа хөсгөө амраах далимаар түр саатахад Х.Көримбай баатраар толгойлуулсан эрчүүд шөнө дунд зэвсэг барин босч цэргийг нь бут ниргэсэн. Харин Жа лам оргон зайлж, тамир тэнхээгээ барсан малчин ардуудыг ноён А.Хиюбай молла дагуулан Кошагач районы нутагт нэвтрэн орж, хэсэг айлтай хамт Х.Хилан тэндээ түр үлджээ. Харин Жа ламын хувь заяа хэрхэн шийдэгдсэн тухай түүхчид янз бүрээр харуулсан байдаг ч "Миний нэр, миний гэр МОНЦАМЭ" цуврал номд түүхийн бодит баримтыг иш татаж үнэн бөгөөд дэлгэрэнгүй бичсэн. Жа ламын толгой Эрмитажийн музейн Кунскамерт уусмал дотор хадгалаастай байдгийг сониноос уншсан юм.
Ж.Сүкирбай Шинжианы нутгаас, А.Хиюбай Оросын нутгаас хоёр жил өнгөрөөгөөд эргэж ирсний дараа аль эртнээс өрсөлдөөнтэй эл гурван ноёны хоорондын тэмцэл улам хурцдав.
Төрөл садангийн барилдлагын хувьд гурвуулаа ойр, нэг л Шерууш овгийн урдаа барьдаг нөлөө бүхий хүмүүс атлаа одоо зөвхөн захирах эрх хэмжээний хүрээнд амь өрсөв. Зандалчин Жа ламын "уяаны нохой" гэж жигшин зэвүүцээд олон түмэн Хиланаас нэлээд хөндийрсөн байв. Казахуудад "Нэг тавганд хоёр хуцны толгой эс багтана" гэсэн үг байдгийн үлгэрээр хэргэм цол адилавтар Хиюбай, Сүкирбай нар нэг л овгийнхныг хуваан захирдаг болов. Харин Хилан тэдний аль алинтай нь ч өрсөлдөж өнгөлзсөөр явтал Сүкирбай 1918 онд өвчнөөр таалал төгсч, Хиюбай 1919 онд Сүкирбайн талынхны халдлагаар хөнөөгдөхөд Хилан дангаараа ноёрхох хүсэл мөрөөдөлдөө дөнгөн данган хүрч эхэлсэн байв.
Харамсалтай нь харьяат ардууд түүнийг үл хүлээн зөвшөөрч эцгийнх нь оронд түүний албан ёсны үе залгамжлагч Сүкирбайн ууган хүү Дөрвөдханыг өргөмжилснийг Ховд дахь баруун хязгаарын яам батламжлахад Хилан түүнтэй ил тэмцэл явуулаагүй ч гэсэн Сүкирбайн бэлэвсэн бага эхнэрийг хуучны богтлох ёсын дагуу авах зэргээр эрх хэмжээгээрээ сүр далайлгасаар байв. Гэтэл энэ зав чөлөөг ашиглан эсрэг талын өш хонзонтой хүмүүсээс Шинжааны засаг захиргааныханд зарга илгээж түүний "Гадаад Монголд дагаар орсон, Дамбийжааг дагаж үймээн самуун зохион байгуулсан, нутгийн ноёдыг хөнөөсөн, нэн ялангуяа Хятадын албан татварын эсрэг явуулга үйлдсэн" зэрэг "баримт бүрдүүлээд" няцаалт өгөхийг эрхэмлэн хүсчээ.
Чин улсынханд энэ мэтийн гомдол зарга бишгүй очдог байв. Гэвч өөр хоорондоо алалцан хядалцаж байсан ч тоож үздэггүй. Харин өөрийн эрх ашгийг хөндөхөд огт зүгээр өнгөрөөдөггүй, манжийн дарлалын эсрэг боссон А.Көбеш баатрын хүү Харымбек, Асылбек, ач хүү Жантайлак, Байхадам нарын зэрэг олон арван хүнийг цаазаар авсан, Сүкирбайн эцэг, Хиланы авга ах А.Жылкышын амийг 1000 адуу, 10 000 хонь авч байж өршөөсөн билээ.
Хиланы тухай мэдээлэл хүрээд очиход аль эртнээс бэлдээд суусан мэт ангийн захирагч Мадарин, алуурчин Чиша, ноён Журтбай, бөх Тилеубай нараар толгойлуулсан зэвсэгт зуун цэрэг Өрмөгийтийн даваагаар давж шууд ороод иржээ. Танд тусалж харьяатуудыг чинь төвхнүүлж өгөх хэргээр ирлээ гэж түүнийг тайвшруулчихаад маргааш өглөө нь эрхэм ноён, манайд орж цай уугтун гэж майхандаа урьжээ. Ороод очиход өөдөөс нь нэг нь буудаж, нөгөө нь сэлмээрээ цавчихад Хилан шархадсан баавгай мэт үсэрч буудсан хүний бууг булаан авч толгой руу нь нэг цохиод өөрөө өнхрөв. Толгойг нь таслах гэж шилэн хүзүүгээр нь тавихад ган сэлэмний ир даасангүй тул дээш нь харуулж хэвтүүлээд хоолойгоор нь огтлож сая нэг салгаж аваад богцондоо дүрж мордоод бүгдээрээ хар хурдаараа давхиад одсон гэж настан буурлууд хуучилдаг байлаа. Хиланын толгойг тэд Шарсүм хотын дундуур өнгөрдөг Кыран голын гүүрийн баганад сар орчим өлгөөстэй байлгасны эцэст нутгийн хүмүүс тавин хонь хахууль өгч гуйж байж эргүүлэн авч ирээд бүхэл биеийг нь оршуулсан газарт булсан байна. Улаанхус сумын нутаг Согог усан дахь энэхүү оршуулгын газарт Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байхдаа Пунцагноров гуай зориуд очиж үзэж сонирхоход авто тэргийн ахлах байцаагч агсан Зиябай бид хоёр дагалдаж явсан билээ.
Хилан бол ард олныхоо зарим хэсгийн дунд муу нэртэй ч чамлахааргүй гавьяатай, уран зохиолын хэллэгээр бол зөрчилтэй дүр болохыг тэр нэг мөчөөс ухаарч эхэлсэн юм. Түүхэнд түүний эзлэх байр суурийг түүхч, судлаач, зохиолчид элдэв янзаар тодорхойлоод байсан ч "Монгол Улсад оршин суудаг казахууд хэрвээ энэ улсыг эх орноо хэмээн хүндэтгэж үздэг л юм бол Казахыг энэхүү үзэлд анх удаа хүргэсэн хүн Хилан зайсан мөн " /Монгол Улс дахь казахууд.Алматы.2001 он.267-р т/ гэж доктор Х.Зардыхан онож тодорхойлсон байна.
Энд нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад, Согог ус дахь дээрх оршуулгын газарт ноён тайж Ж.Сүкирбай, түүний үе залгамжлагч ууган хүү, 1921 онд цагаантны оргодлуудад хээрийн шүүхээр цаазлуулсан С.Дөрвөдхан нарын шарилыг ч нэг дор оршуулсан байдаг. Зуун жилийн түүхийн бодит гэрч болж, бас амьд явахдаа бие биеийгээ хүндэтгэн хайрлаж байхын учрыг хүмүүст дахин сануулж буй мэт харагддаг.
Р.Шынай