Дэлхийг донсолгосон түүхэн явдлын нэг зуун жилийн ойг хүн төрөлхтөн яг өнөөдөр тэмдэглэж байна. Дэлхийг донсолгосон гэдгээр би дэлхийн түүхийг эргүүлсэн, ХХ зууны түүхийг бичсэн, тэгэх тусмаа Орос орны түүхийг, Оросын ард түмнийг орвонгоор нь өөрчилсөн тэрхүү үйл явдлыг нэрлэж байна.
ДАЙН ХУВЬСГАЛЫГ ТӨРҮҮЛДЭГ
Октябрь сарын гэж нэрлэгдсэн тэрхүү хувьсгалт үйл явдал чухам үүний нотолгоо байсан билээ. Дайн бол хувьсгалыг төрүүлэгч ээж нь юм хэмээх Лениний сургааль Орос оронд яг 100 жилийн өмнөх энэ өдөр хэрэгжсэн. Мэдээж дайн бол улс орны амьдралд ноцтой нөлөөлнө. Ард олны ихэнх нь зэвсэглэсэн буюу дайны хийрхэлтэй, ард олныг удирдахад улам түвэгтэй болно. Христосын шашны ариун ёс болоод хүнлэг энэрэнгүй ёс, хөгжил дэвшил, хүний эрх, иргэншил соёлоос төсөөрчихсөн сая сая эрчүүд дайны талбарт чухам юуны төлөө тулалдаж үхэлдэж байгаагаа үл ухамсран цагийн дуудлагыг хүлээнэ. Яг тийм эгзэгийг оросын большевикууд ашигласан юм.
Дэлхийн I дайн Оросын хувьсгалыг төрүүлээд зогссон юм биш, байлдагч бүх улс оронд хувьсгалт өөрчлөлт тулгаж авчирсан. Австри-Унгарын эзэнт гүрэн, Оттоманы Турк Хаант Оросын нэгэн адил нуран унаж, дэлхийн улс төрийн газрын зурагнаас гурван гүрэн хасагдсан. Тэр дайн Германд бүр хүндээр тусч, тус улсад хувьсгал халдааж, тэр нь яван явсаар Гитлер засгийн эрхэнд гаргахад хүргэсэн.
“Октябрийн хувьсгал” гэх төрийн эргэлтийг удирдсан большевикууд бол улс төрийн нам гэхээсээ экстремист, мафиозын бүтэц бүхий бүлэглэл, орчин цагт харьцуулбаас сахилга, зохион байгуулалт, тууштай чанараараа “Аль-Каеда” л байсан шиг байгаа юм. Ийм хийрхсэн бүлэг улс орноо иргэний дайн руу түлхэж, дараа нь нийгэм-улс төрийн инженерчлэл рүү шувтан чирсэн юм. Дэлхий дээр өөр ямар ч улс үндэстэн туулаагүй фантастик замаар Орос орон 50-хан жилд замнаж, тохиолдсон адал явдлууд нь санаанд багтамгүй их масштабаар явагджээ.
Ленин, Сталины үүсгэсэн хувьсгалын их үйл хэрэг иргэний дайн гээч яргалалд хүргэж ахар богино хугацаанд Оросын 13 сая хүний амь аван оджээ. Дараа нь залгуулаад До яамны шорон, бөөнөөр хорих лагерь, колони цөллөгт 20 сая хүн ардыг цааш харуулж, Оросын сэхээтний давхарга бараг устжээ. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржүүлэлт явагдаж, дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орныг тэргүүний гүрэн болгож чаджээ. Дэлхийн II дайнд Орос орон 30 сая иргэнийхээ алтан амийг өргөсөн. Орос нь өөрийгөө тойруулсан 14 улсыг нэгтгэж, 250 сая хүн ардыг захирч байснаа II дайны дараа дахин 11 улсыг дагуулаа болгож социалист лагерь байгуулсан юм. Ингэснээр 1.5 тэрбум хүн ардыг улаан тугийн дор нэгтгэжээ. Энэ бүхэн ХХ зууны түүхийн 30-40 жилийн дотор шуурч өнгөрчээ.
ЕВРОПЫШ ТАЛЦУУЛСАН ЛОГИК
Октябрийн хувьсгал сэдэгчдийн чин хүсэл нь дэлхийн хямрал, талцал, үхэл хагацал, нуралт байсан юм. Учир нь гол зорилго “коммунизмын бүх дэлхийн ялалт”-даа хүрэх арга зам нь тийм нуралт байх учиртай. “Коммунизмын бүх дэлхийн ялалт”-ын далбаан дор большевикуудаар удирдуулсан Оросын коммунист эзэнт гүрэн дэлхийд жанжлахыг зорьсон. Тэр жанжлал нь 1950-иад оны II хагаст энх тайвнаар зэрэгцэн орших гэгч номлолоор солигдож, харин коммунизмыг бүх дэлхийд ялуулах тухай номлолоосоо 1989 он хүрч байж бүрмөсөн татгалзаад “Хүйтэн дайн”-д ялагдсан юм.
Түүхнээ байсан эзэнт гүрнүүдээс ингэхэд Октябрийн өлгий СССР юугаараа ялгагдаж байв? Даян дэлхийд давамгайлах, хянах, жанжлахыг зорьсон нь адил тал нь байх. Гол ялгаа нь коммунист дэглэм тогтоож чадсанд байгаа юм. Эхлээд хувийн өмч, дараа нь эрүүл ердийн эдийн засгийг улс төрийн ба хувийн бүх эрх чөлөөг устгасан, нийгмийг нийтээр нь хатуу хянасан, тусгаарласан, нийгмээ хэлмэгдүүлсэн. Тэр аймшгийн эхний жилүүдэд Орост “дэлхийн түймэр”-ийн тухай дуу шүлэг, бүтээл цувж өгсөн. Түүндээ бүр эрэмшиж сүсэглэн итгээд Парисын коммуны 50 жилийн ойг Парист нь большевикууд тэмдэглэнэ хэмээн Коминтерны дарга Григорий Зиновьев1920 онд ам бардаж байсан баримт буй.
Тэр нь 1921.03.18-ны (Монголын хувьсгалчид Хиагтыг дайлсан өдөр!) өдөр болж таарсан. 1940 онд ч тэр үзлээсээ большевикууд огтоос татгалзаагүй. “Даян дэлхийд британийн офицерын орыг зөвлөлтийн офицер эзлэх болно. Бид бүх дэлхийг сургах болно!”– Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн Улс төрийн ерөнхий газрын хурлын протоколд бичээстэй байна. 1937 оны “Великий гражданин” хэмээх кинонд гардаг үгс: – Сайхан дайн хийгээд авъя, тэгээд 20 жилийн дараахи Зөвлөлт Холбоот Улсаа хараарай, 30-40 бүгд найрамдах улсыг нэгтгэчихсэн байх вий.
Олон улсын харилцааны нэг хүчтэй туйл СССР хэмээх эзэнт гүрэн “Хүйтэн дайн”-даа ялагдсан
Нэгэн түүх: Ялта, Потсдамын бага хурлуудын гол ач холбогдол юу байв гэх асуулт судлаачдыг байнга ээрдэг. СССР-ийн геополитикийн нөлөөний хүрээг зааж өгсөндөө л байдаг гэх дүгнэлт түгээмэл. Даян дэлхийг, Европыг зөвлөлтчлөхийн эсрэг шийдвэр гаргасандаа л тэр бага хурлуудын гол ач холбогдол оршино хэмээн нийтээрээ шахуу үзэж байна.
Даян дэлхийг, Европыг зөвлөлтчлөхүүлэхгүй гэснийх нь төлөө л “Хүйтэн дайн” дэгдсэн хэрэг. Европт цэрэг-стратегийн тэнцвэр тогтсоны үр дүнд Европын соёл коммунизмын түймэрт шатчихаагүй хэмээн өнөөдөр европчууд нийтээрээ залбирах нь тийм агуулгаас үүдэлтэй. Харин СССР нь геополитикийн нөлөөний хүрээгээ алдахгүйн төлөө Дорно Европыг олонтаа дарамталсан, цус ч их урсгасан. Ганц жишээ– 1968 онд Чехословакт халдлага хийхдээ “Дэлхийн III дайнд хүргэсэн байлаа ч үйл хэргээсээ буцахгүй” хэмээн Зөвлөлтийн Батлан хамгаалахын сайд Андрей Гречко ам алдаж байсан баримт буй.
АФРИКИЙН ШИРЭНГЭД ЛЕНИНЧ ЁСООР АМЬДАРНА
Октябрийн хувьсгал сэдэгчдийн бас нэг чин хүсэл нь энэ байсан юм. ХХ зууны эхний хагаст бол колоничлогдсон ертөнц, II хагаст гуравдагч ертөнц гэгдэж асан бүхэл бүтэн тив, бүс нутагт ленинч ёсоор аж төрөхийг түгээх нь Октябриар эхэлсэн “дэлхийн түймэр”-ийн нэг зорилго байлаа. 1978 онд Этиопт марксист төрийн эргэлт дэгдэхэд сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй Зөвлөлтийн удирдагч Брежнев “Хүмүүс Африкийн ширэнгэд хүртэл Лениний зааснаар амьдрахыг хүслээ” хэмээн хэлж байжээ.
Үнэндээ ХХ зууны II хагаст дэлхийн далай ба Ази, Африк, Латин Америкт хэн нь хэнийгээ вэ гэх тэмцэл өрнөсөн. Байлдааны талбар хоёр дайны голомт Европоос тийшээ шилжжээ. Октябрийн хувьсгал сэдэгчдийг сөрж, цус үл урсган, арми, цагдаагүй, хүч хэрэглэдэггүй шинэ төр улс–“Сарводайя”, “Сатьяграха” гэх номлолоо энэтхэгийн Махатма Ганди номлосон. Тариачны үл гүйцэлдэх социализмтой төстэй, зарим талаар хүч хэрэглэдэггүй анархизм ч юм шиг тэр сургаальдаа Ганди бүх амьдралаа зориулж, түүний зааснаар Энэтхэг орон хошуучлан гуравдагч ертөнцийг тэр зам руу оруулахыг мөрөөдөөд тэр нь бүтэлгүйтсэн.
Хүчний хоёр туйл, нийгэм-улс төрийн хоёр системийн зөрчил дээр тоглож хөгжилдөө хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй Ж.Неру, Мао Зэдун, Жоу Эньлай, Сукарно, Насер, Тито нар бол гуравдагч ертөнцийн жинхэнэ лидерүүд. Харин үргэлжилсэн хувьсгалаар империализмыг булшлах хүсэлд авсан Че Гевара, хожим палестины дайчид, өнөөгийн лалын ахан дүүс бол чухамдаа Октябрийн үйл хэргийн биет үлгэр жишээчид нь байсан байж болно.
Тухайн үеийн коммунист- ажилчны намуудын баримт бичигт хангалттай бичигдэж үлдсэн “улс түмний үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн”, “нийгэм-эрх чөлөөний тэмцэл” гэх үзэгдэл коммунист ертөнцийг хагас зуу орчим жил төөрөгдүүлсэн, харин тийм тохиолдол бүхэн нь цуст аллага, эргэлт, шашин- угсаатны мөргөлдөөн, сүйрэл дампуурал дагуулсаар эцэстээ үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн түүхнээс арчигджээ. Марксист коммунистууд удирдаж, социалист чиг баримжаагаар хөгжиж явсан Сомали, Өмнөд Йемен үүний “гайхамшигт” жишээ сургамж нь. Харин “улс түмний үндэсний- эрх чөлөөний хөдөлгөөн”-нд хамаг байдгаа тавьж туугаад улс орныхоо эдийн засгийг сүйрүүлээд ард түмнээ залхаагаад эцэст нь түүндээ нурж ойчсон СССР гүрэн өөрөө түүний тодоос тод жишээ болон үлджээ.
ДЭЛХИЙГ ТАЛЦУУЛСАН ЛОГИК
Октябрийн хувьсгал гэгчийн үр дагавар гай зовлон, үхэл хагацал, урссан цусыг хэмжиж дийлэх юм биш, бас бүтээсэн босгосон, ялсан дийлсэн, алдраа мандуулсныг нь тоочиж барахгүй. Түүхэндээ Македоны Александр хаан, Чингис хаан, доголон Төмөр, Наполеон, Гитлерийн хэн нь ч ийм том үйл хэргийг ийм богино хугацаанд хийгээгүй. “Том үйл хэрэг” гэж юу вэ? Мэдээж ХХ зуунтайгаа түүх болон мөнхөрсөн үйл хэрэг юм.
Олон улсын харилцааны онолд “Геополитикийн их эрин үеүд” хэмээх түүхэн үечлэл байх ба түүний гурав дахь нь болох Версалийн эрин үеийг (1919-1939 он) төлөвшүүлэхэд Оросын хувьсгалын нөлөө, ялангуяа тэр эрин үеэ төгсгөхөд СССР дэх коммунизмын нөлөө маш ихээр туссан. Тэр 20 жилд аюулгүй байдлын хамтын систем хүн төрөлхтөн олон улсын харилцаандаа мөрдөхийг хичээсэн ч эцэст нь большевик Зөвлөлт, нацист Герман, милитарист Япон, фашист Италийн хуйвалдаан түүнийг нураасан юм.
Дэлхийн II дайны төгсгөлд большевик Зөвлөлт, холбоотон АНУ, Британи гурав олон улсын харилцаанд Ялта-Потсдамын (1945-1989 он) шинэ дэгийг тулгаж тогтоосон. Хүчний тэнцвэр дээрхи хоёр туйлт систем (Bipolar) гэж түүнийг нэрлэдэг. Түүний төрүүлсэн үр нь “Хүйтэн дайн”. Хоёр туйлт энэхүү тогтолцоо АНУ ба СССР-ийн эсрэгцэл буюу “Хүйтэн дайн”-aap үргэлжилж байтал дэлхийг гурван туйлт (Tripolar) дэгэнд оруулах оролдлого эхлээд гуравдагч ертөнцийн орнуудаас, дараа нь Хятадаас цухалзсан. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, “АНУ-СССР- Хятадын стратегийн гурвалжин” (1970-1980-аад он) үүний бодит нотолгоо нь юм.
ХХ зуунд ингэхэд дэлхийд хэдэн ертөнц байсан байж таарах вэ гэх маргаантай асуудал бий. Хоёр байсан нь гарцаагүй, гуравдагч хэмээн байсан нь ч бас гарцаагүй, харин дөрөв дэх гэж байсан уу гэдэгт олон улсын харилцааны түүхчид өнгөөр ялгасан ийм схем гаргажээ.
1) Нэг дэх ертөнц буюу олон улсын харилцааны “Цэнхэр туйл”. Энэ нь тухайн үеийн капиталист ертөнцийн аж үйлдвэржсэн капиталист орнууд;
2) Хоёр дахь ертөнц– олон улсын харилцааны “Улаан туйл”. Аж үйлдвэржсэн, төрийн хүнд сурталт, тоталитари коммунист орнууд;
3) Гурав дахь ертөнц– олон улсын харилцааны “Ногоон туйл”. Ихэнхи нь ядуу буурай орнууд, эдэн дотроо ялгарах нь ОПЕК-ийн орнууд;
4) Дөрөв дэх ертөнц– олон улсын харилцааны “Шар/Алтан туйл”. Зүүн ба Зүүн өмнөд Азийн шинээр аж үйлдвэржсэн орнууд гэхчлэн.
Хятад энэ зууны төгсгөл гэхэд ангийн үзэл суртлаа гээнэ
Энэ бол 1980-аад оны дэлхийн хуваагдлын дүр зураг. “Улаан туйл” энерцээ алдаж, сульдаж, онол нь мухардаж, харин ч коммунистуудгүйгээр баялаг бүтээж болдогийг “Азийн барууд” бүтээгээд нотолчихсон, коммунистууд бол нийгэмд хамгийн хорлонтой амьтад, чөдөр тушаа гэдгийг “Цэнхэр туйл” нь хуульчилчихсан, “Ногоон туйл” нь хэт солонгорсон байдалтайгаар түүхээ өнгөрүүлж байв. Дашрамд дурдахад тухайн цагийн БНМАУ маань энэ туйлуудын хаана байрлаж байсан, одоогийн Монгол маань гурав, дөрөв хоёрын алинд байршиж болохыг уншигчид мэргэн ухаандаа тунгаах биз ээ.
Үндсэн сэдэвтээ оръё. “Хүйтэн дайн”-ы нэг зохиогч Зөвлөлт гүрэн Михаил Горбачевын өнгөн дээр өөрөө түрүүлж буулт хийснээрээ геополитикийн дараагийн их эрин үе буюу олон улсын харилцааны Мальта-Беловежийн системийг (1989-2001 он) буй болгосон.
Олон улсын харилцааны нэг хүчтэй туйл СССР хэмээх эзэнт гүрэн “Хүйтэн дайн”-даа ялагдсан. Ялагдлын логик нь: Октябрийн үйлсийн тэр их алдар гавьяа нь ялагдлын хөрсийг буй болгосоор, тэр нь тэлсээр 70 жилийнхээ дараа вертикаль иерархи системийг нь нурааж, Берлиний хана нурж, дараа нь цэрэг-улс төрийн эвсэл Варшавын Гэрээ нь тарж, эцэст нь СССР өөрөө задарснаар АНУ тэргүүтэй өрнөд буюу атлантизм коммунизмыг ялж, хүчний харьцааны ганц туйл XXI зуун руу дэлхийг хөтөлсөн билээ.
Өнөөгийн Оросын ард түмний туулж буй адармаатай зам, Оросын эдийн засгийн хямрал, санкц, олон улсын нэр хүндийн уналт нь Октябрийн үйлс улс орныг нь, хүн ардыг нь сүйдэлсэн гэдэг дүгнэлттэй бүрэн эвлэрэхгүй байгаагийн уршиг байж болох юм.
Хуучин СССР-ийн гишүүн улсуудтайгаа (Оросоос гадна 14 улс) таарамж муутай, цаадуул нь хүнийссэн буюу дайсагнасан, холбоотон гээд байгаа нь тууштай биш, ямар нэгэн ашиг сонирхлоор холбогдсон, өрнөд Европ, өрнөд ертөнцөөс Орос улам бүр зааглаж буй, тэр тоолондоо НАТО-г дайснаа гэж харддаг, Украин-Крым дээр нээнтэгэнд орчихсон, олон улсын харилцаанд холбоотон ба шударга ёсны эрэлд гарчихсан, ийм л Орос орон өнөөдөр Октябрийн хувьсгалынхаа 100 жилийг тэмдэглэж байна.
ДҮГНЭЕ
Дэлхийн түүхнээ хүн төрөлхтөн маш олон хувьсгалтай нүүр учирч, тулж, туулж өнгөрүүлсэн бол тэдгээр үйл олон хувьсгалуудаас Октябрийн хувьсгал шиг уршиг тарьсан, ноцтой ул мөр үлдээсэн, бүтэн зуунаар түүх бичсэн хувьсгал өөр нэгээхэн ч эн зэрэгцэн бичигдсэнгүй. XXI зууны Октябрийн тугч нь хэн бэ? Хятад, Хойд Солонгос, Куба, Вьетнам, Лаос, Венесуэл гэж нэрлэх хүн олон буй. Хятадаас бусад дээр ач холбогдол өгөх нь ч бас олон бус. Цаг зуурынх гэх байх.
Октябрийн үзэл санааны хувьсгагч их хүчний дор Хятадын ардын хувьсгал ялсан. Маогийн сонгож авсан зам бол 1917 оны большевик Оросын зам байсан. Тэр зам Мао Зэдуны үзэл санаа гэх нэрээр Хятадын онцлогтой социализм гэгддэг байсан ч олон зуун сая тариачны нийгэм дээр суурилсан төрийн хүнд сурталт, тоталитари, коммунист хэв шинжийг удтал агуулж, Сталины үед СССР-т хэрэгжсэн туршилтуудыг хуулбарлаж, троцкист маягийн үргэлжилсэн хувьсгалын (“Их үсрэлт”, “Coёлын хувьсгал” гэх мэт) онол руу хальтирч, харин Дэн Сяопины өнгөн дээр алдаануудаа засч, төрийн капитализм бүхий зах зээлийн социализм дээр баттай зогссон, амжилт ч олсон. Харин одоо ямар байна вэ? Октябрийн үзэл санаанаас үлдэж хоцорсон зүйл байна уу? Саяхан өндөрлөсөн ХКН-ын XIX их хурлын илтгэлд дурайтал биччихсэн байна.
Социалист Хятад орон энэ зууны төгсгөл гэхэд ангийн үзэл суртлаа бүрэн гээх юм байна. XXI зууны эцэс гэхэд Хятад улсын биелүүлэх зорилтод шинэ томьёолол орууллаа. Өмнө нь дэвшүүлж байсан “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлоор давамгайлсан, эвсэг зохицонгуй, социалист орчин үеийн орон байгуулна” гэснийг “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлоор давамгайлсан, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулна” гэж өөрчилжээ. “Социалист” гэх тодотголыг аваад хаячихаж. Энэ л бол оо юм биш үү?
Олхонуд Баярхүү Судлаач профессор