Даяаршлын хоолны зорилтот бүлэг, гол хэрэглэгчид нь хүүхэд залуус
Америкт түргэн хоолны сүлжээ анх нээгдэж, гамбургер, шарсан төмс, аяга колаг хамтад нь таван центээр худалдаж эхлэв. Чухам тэр цаг Монголд Ардын хувьсгал ялсан онтой давхацдаг. Үүнээс даруй зуу орчим жилийн дараа магад хамгийн “интернационал” гэж хэлж болох энэ хоол Монголд моодонд орж эхэллээ. Хэдийгээр түргэн хоолны сүлжээнүүд эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй талаар эрүүл мэндийн салбарынхан ярьдаг ч хүнсний стандартыг хангахаас гадна үйлчилгээний соёлыг нэвтрүүлж буй давуу талтай.
АНУ-аас өртөөлөн барууныг хамарсан энэ хоол дэлхийн өнцөг булан бүрт түгэхдээ даяаршлыг давхар тунхагласаар ирсэн билээ. Дэлхийн 118 оронд салбартай KFC хоёр жилийн өмнө Улаанбаатарт анх үүдээ нээсэн. Тэр өдөр монголчууд хэдэн цаг урт дараалалд зогссоны эцэст нууц жорын тахианы махыг амталж байсан нь бий. Мөн онд “МакДональдсын салбар Монголд нээгдэнэ” хэмээх хуурамч мэдээлэл тарж, цөөнгүй хүнийг догдлуулсан удаатай.
Энэ мэдээнд баярласан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд, өсвөр үеийнхэн. Барууны соёл, амьдралын хэв маягт илүүтэй дурлах хандлагатай шинэ үеийнхний хувьд түргэн хоол бол ухаалаг утас, интернеттэй адил амин чухал хэрэгцээ. Жаахан хүүхдүүдээ онцгой, амттай зүйлээр баярлуулах гэсэн цөөнгүй эцэг эх ч түргэн хоолны сүлжээг зорьдог жишиг манайд хэдийнэ тогтжээ. Зөвхөн манайд ч ийм биш. Дэлхий даяар түргэн хоолны сүлжээний зорилтот хэрэглэгчид нь хүүхэд, залуус л байдаг.
15-64 насны хүмүүсийн 54.4 хувь нь илүүдэл жин болон таргалалттай
АНУ-ын Холбооны худалдааны комиссоос хийсэн судалгаагаар, хоолны газрууд нэг жилд дунджаар хоёр тэрбум ам.долларыг зөвхөн хүүхдүүдэд зориулсан сурталчилгаанд зарцуулж буйг тогтоожээ. Брэнд болсон түргэн хоолны томоохон сүлжээнүүдийн хувьд энэ тоо нэг өдөрт таван сая ам.доллараар хэмжигддэг. Нэгэнт энэ нь даяаршлын хоол учраас уг сурталчилгаа монгол хүүхдүүдэд ч Холливудын блокбастер кино, нийгмийн сүлжээгээр дамжин хүрч байгаа. Нөгөө талаас, дэлхийг хэрсэн сүлжээний Монгол дахь салбаруудыг дан ганц хүүхдүүдээс илүүтэй гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх боломжит газар мэтээр сурталчилдаг. МакДональдсын алиалагч, хүүхдэд зориулсан багцууд, KFC-гийн тоглоомын өрөөнүүдийг санаж байгаа биз. Тэгвэл дээрх судалгаанд бага насны хүүхдүүд нэг өдөрт зурагтаар хоол хүнстэй холбоотой зар сурталчилгаа арван удаа хүлээн авдаг тухай дурджээ. Үүнээс сурталчилж буй хүнсний 98 хувь нь өөх тос, чихэр, натрийн найрлага ихтэй байгааг тогтоосон байна.
Монголд одоогоор энэ талаар ийн нарийвчлан судалсан нь үгүй. Тиймдээ ч энэ асуудалд мэргэжилтнүүд эсрэг, тэсрэг байр суурьтай байдаг.
XXI зууны өвчлөл хэмээн нэрлэгдэх болсон зүрх судасны өвчлөлт, чихрийн шижин, илүүдэл жинтэй хүмүүсийн нас баралт улам залуужсаар байна. Энэ асуудлыг эрдэмтэд маш олон зүйлтэй холбон тайлбарладаг. Тэр дундаас хийжүүлсэн ундаа, шарсан төмс гэх мэт хоол хүнсний хэрэглээний асуудал голлох нөлөө үзүүлдэг гэх нь ч бий. Хэдийгээр түргэн хоолны сүлжээнүүд ногоо, жимсний орцтой бүтээгдэхүүн санал болгох хандлагатай болсон ч гол нэрийн хуудас болох өөх тос, давс ихтэй шарсан хоолнууд давамгайлах нь хэвээр байна. ДЭМБ-аас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар сүүлийн 20 жилд дэлхий даяар хэт таргалалттай хүүхдийн тоо 60 хувиар өсчээ. Хэрвээ дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ тоо тасралтгүй өсөх төлөвтэй гэв.
Тэгвэл Монголын хувьд Нийгмийн эрүүл мэндийн төв Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөлтэй хамтран хамгийн сүүлд буюу 2013 онд хүн амын дундах таргалалтын түвшинг судалжээ. Ингэхэд 15-64 насны хүмүүсийн 54.4 хувь нь илүүдэл жин болон таргалалттай байв. Энэ тоо 10 жилийн өмнө 32.4 хувьтай байсан бол 2009 онд 39.8 хувьтай гарч байжээ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө энэ насны хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай гэсэн үг.
Хоолны газрууд ийн хүүхдүүдэд чиглэсэн сурталчилгаа явуулдаг нь ирээдүйн хэрэглэгчдээ бэлтгэж буй тухай хүнс тэжээл судлаач, Нью- Йоркийн их сургуулийн профессор Ашима Кант “Бидний хүүхдүүдийн ирээдүй” номонд өгүүлжээ. 19-39 насны хэрэглэгчдийн дунд түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлэх давтамж 1970-аад оныхонтой харьцуулахад хоёр дахин өссөн тухай уг номонд мөн дурдсан байв.
Залуучуудад нийгмийн сүлжээн дэх агуулга, сурталчилгаа сонголт хийхэд нь голлон нөлөөлдөг бол жаахан хүүхдүүдийн хувьд зурагт илүүтэй ойр. Өдөрт хоёр цагаас дээш хугацааг зурагтын өмнө өнгөрүүлдэг хүүхдүүдийн түргэн хоол, хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэх магадлал харьцангуй бага цагаар зурагт үздэг хүүхдүүдээс илүү байдаг аж. Тэд том болсон ч багаасаа дасалтай түргэн хоолны байнгын үйлчлүүлэгч болох магадлал өндөр. “Transpaency market research” олон улсын судалгааны байгууллагаас өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гаргасан тайландаа 2019 он гэхэд дэлхийн түргэн хоолны зах зээлд багаар бодоход 616.7 тэрбум ам.доллар эргэлдэнэ хэмээх таамаглал дэвшүүлжээ. Энэ тоо өнөө жилийн байдлаар 477.1 тэрбум ам.доллар байгаа юм.
Гэхдээ жижиг зах зээлтэй манай орны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгааг хязгаарлах нь бүтэшгүй ч байж мэднэ. Хамгийн чухал нь эцэг, эхчүүдийн анхаарал халамж л ирээдүйн иргэдийн амьдралын хэв маягийг суулгана. Тэгэхээр та багаас нь зөв хооллолт, дадал хэвшлийн талаар хүүхдэдээ зааж зөвлөх нь чухал юм.
Б.Эгшиглэн