Та орцноосоо ч гарч чадахгүй. Арай гэж гартал гудамжаар явах ямар ч боломжгүй. Аль нэгэн дэлгүүр, цайны газар, үзвэрийн газраар үйлчлүүлэхэд маш хүндрэлтэй. Төрийн ямар нэгэн байгууллагат очоод гомдол мэдүүлье гэхнээ нэвтрэн ороход бас л хэцүү. Автобус унаанд суух боломжгүй.
Хэрвээ та ийм
байсан бол яах вэ?
Хэдийгээр
Монгол хүн амныхаа билгээр гэдэг ч хүний
зовлонг хүн өөрийн биеэр мэдэрч байж
гэмээ нь сая ойлгодог гэдэг. Дээхнэ үед
тахир дутуу хэмээн нэрлэж, нийгмээс
гадуурхагддаг байсан иргэд өдгөө
хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэгдэх
болжээ. Харамсалтай нь өдгөө ч тэднийг
нийгмээс гадуурхсан хэвээр байна.
Тэднийг гадуурхаж буйн хамгийн тод илрэл нь манай дэд бүтэц. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчиж, нийгмийн амьдралд хөл тавихад нь дөхөм үзүүлсэн нэг ч үйлчилгээг та гудамжнаас хайгаад олохгүй.
Цагаан таягтай, тэргэнцэртэй иргэдийн хувьд бараг л нийгмийн харилцаанд орох ямар ч боломжгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ.
“Би ерөөсөө кино театрт кино үзэж байгаагүй ээ” гэж дөнгөж хорин насыг шүргэж буй тэргэнцэртэй охин ярьж байна. “Гудамжаар явахад ч төвөгтэй. Тийм болохоор би гараад байдаггүй. Алхам тутамдаа хүн царайчилж амьдарна гэдэг үнэхээр аймшигтай” гэсэн. Тийм ээ, үнэхээр эрүүл та бидний хувьд төсөөлшгүй аймшгийн амьдрал тэдэнд өдөр тутам тохиолддог.
Хуулиндаа уг нь хүн бүр тэгш эрхтэйгээр амьдрах ёстой хэмээн заасан байдаг. Харамсалтай нь Засгийн газрын ордонд ч, Нийслэлийн засаг даргын тамгын газарт ч, дүүргүүдийн тамгын газар ч тэр бүү хэл эмнэлэгүүдэд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам байхгүй. Мөн л хуулинд заасанчлан 25-аас дээш хүнтэй албан газарт нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах ёстой. Тэгэхээр төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүн огт ажилладаггүй эс бөгөөс тэд хуулиа биелүүлэхээс эрс татгалзсан хэрэг. Эдгээр удирдах байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй жирийн иргэд очиж гомдол мэдүүлье ч гэсэн ийнхүү үүднээсээ “хөөх” арга хэмжээг авдаг нь сонин.
Сүүлийн үед шинээр баригдаж байгаа орон сууцны барилгаас мөн л тэдэнд зориулсан гарц, зам олж харахгүй. Тэргэнцэртэй хүн бүү хэл эрүүл хүн ч нэвтрэн ороход бэрхтэй нарийхан лифтнээс эхлээд, өндөр шатаар “хамгаалагдана”. Уг нь Мэргэжлийн хяналтынхан барилгыг хүлээн авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, шат, зам байгаа эсэхийг нягтлан үзэж, зохих шаардлагыг тавих ёстой. Гэвч тэд ажлаа мартсан уу, эсвэл шинэ орон сууцанд орж байгаа иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаа больсон юм уу, бүү мэд.
Гадны орнуудад явган хүний зам бүрийн төгсгөл дээр налуу замыг бэлтгэж өгсөн байдаг. Тэр бүү хэл автобус унаанд хүртэл тэдэнд зориулсан шат бий. Харин манайд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусанд сууна гэвэл ёстой “үлгэр”. Микронд бол бүр хараад ч хэрэггүй биз.
Өдгөө манай улсад 120 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэдний тодорхой хувь нь тэргэнцэртэй, тодорхой хувь нь хараагүй. Өвчин гэдэг хэлж ирэх биш дээ. Үйлдвэрлэлийн осол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо хэд ч болж өсөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс адилхан хүмүүн заяаг олж төрсөн нэгнийгээ хайрлан дээдлэж, эрхийг нь эдлүүлцгээе. Тэд биднээс илүү зүйл хүсэж зовоогоогүй байх гэж санана. Тэд ердөө л хүн ёсныхоо эрхийг эдлэхийг л хүсч байгаа.
Энэ тал дээр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн удирдлага, хяналтын байгууллагууд болон зохих бусад албаныхан анхаарлаа хандуулаасай хэмээн хүснэ.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /