Ихэнх нутгаар сэрүүхэн, хур бороо элбэгтэй байгаагаас зуныг үзээгүй байтал намар болчихлоо гэж гомдоллосон хүн хаа сайгүй л байна.
Тэгвэл “Замд гаръя” булан маань танд жинхэнэ зуныг санал болгоё. Жинхэнэ зун говьд бий. Нар шарж, бороо шивэрч, өвс ногоо дэлгэрсэн сайхан зун тэнд болж байна. Энэ бол Өмнөговь аймаг. Тэр дундаа аймгийн төвөөс холгүйхэн очиж байгалийн сайхан, агаарын тунгалагийг мэдрэх нэг боломжийг замд гарахаар зэхсэн танд дуулгах гэсэн юм.
Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулыг Төрийн тахилгатай болгох шийдвэрийг өнгөрсөн 2012 онд гаргасан. Говь гурван сайхан уулын Төрийн тахилгын ёслол анх удаа буюу энэ сарын 8-нд болсон билээ. Далайн төвшнөөс дээш 2800 метрт байдаг энэ уулын оройгоос Өмнөговь аймгийн 15 сумын 12-ынх нь нутаг дэвсгэр харагддаг гэсэн.
Бас Дундговь аймгийн Эрдэнэдалай уулын бараа, Өвөрхангай аймгийн зах харагдана. Алдарт Ёлын ам энэ уулын нэг хэсэг нь. Халуун зунаар мөстэй байдаг энэ амыг мэдэхгүй, сонсоогүй хүн байхгүй биз. Тэгвэл тэр бүр хүн болгон мэдээд байдаггүй нэгэн үзэсгэлэнт ам энэ ууланд бас байдаг аж. Нэр нь Мухар шивэртийн ам. Говь гурван сайхан уулын нэг хэсэг Зүүн сайхан ууланд байдаг энэ амыг нутгийн иргэдээс бусад хүн тэр бүр мэддэггүй, аялал жуулчлалын маршрутад сүүлийн үед шинээр орж ирж байгаа аж.
Аймгийн төвөөс хойш, Ёлын ам руу хүрэх замд, ердөө 30 км зайд бий. Хадан хавцлын үүдэнд очмогцоо машин унаагаа тэнд орхиод цааш явганаар явна. Нэг их холгүй, ердөө 770 метр газар алхаад Мухар шивэртийн аманд хүрнэ. Ойролцоогоор 30 метр өндөр хаднаас урсах горхи хүрхрээг санагдуулна. Бас энэ горхи чухам хаанаас эх авч урсдагийг олж мэдмээр хүсэл эрхгүй төрөх аж.
Энд нар тусдаггүй, яг тусах хэсэгт нь хавцал мухарлачихсан учраас өвөлдөө хуримтлагдаж, хөлдсөн мөс наймдугаар сар гартал хайлж амждаггүй аж. Горхи нь мөсөө зүсч доогуур нь урсана. Тэгээд хавцлын эхэн буюу ам хэсэгтээ очоод газарт шингэнэ.
Мухар шивэртийн аманд үзэж харах сайхан зүйл үүгээр дуусахгүй. Энд тэнд хадан дээр ургасан анхилам үнэрт арцнаас гадна улаалзгана, тошлой, үхрийн нүд гээд бутлаг ургамлан жимснүүд ургадаг юм байна. Бас өндөр хадны ирмэг эмжиж ургасан зэрлэг сонгино ч байх аж. Таримал сонгиноос гурав дахин илүү аагтай, амттай, бас хөлддөггүй учраас нутгийн малчид түүж хураагаад бүтэн жилийн турш хэрэглэхэд чанар нь мууддаггүй гэж байгаа.
Гэхдээ, зэрлэг сонгиныг түүх амаргүй, өндөр хадны ирмэг эмжиж ургасан гэдгийг нь санах хэрэгтэй байх. Наймдугаар сар гартал мөсөө хайлуулж “дийлдэггүй” энэ ам халууцсан хүнд бол диваажин л гэсэн үг. Гэсэн ч хаврын хавсарга салхи, өвлийн жихүүн жаврын аль аль нь энэ амыг хүйтэн болгож дөнгөдөггүй гэсэн. Дулаахан, нөмөртэй гэнэ лээ. Энэ сайхан газарт саатаж, үзэж сонирхоход таниас нэг их цаг зав шаардахгүй.
Нүдээ хужирлаж, хүчилт өрөгчийг нь биедээ шингээхийн тулд ердөө 770 метр газарт байгалийн сайханд алхаад хүрчихнэ. Харин нэг зүйлийг нөхөрсөгөөр сануулъя. Хог битгий хаяарай. Таны аялалд ажмилт хүсье!
Х.Хулан