УИХ-ын гишүүн, “Иргэний эвсэл”-ийн тэргүүн, Ногоон намын дарга Д.Энхбатыг бид “GoGo Cafе”-даа урьсан. Түүнтэй өнөөгийн улстөр, нийгмийн нөхцөл байдал болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар ярилцлаа.
-УИХ-ын дарга ч, Ерөнхий сайд ч эдийн засгийн үзэл бодлын хувьд буруу яриад байна-
-“Социалист арга барилаар хуралдаж байна” гэж та өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган дээр хэлж байсан. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөнд гишүүд дор бүрнээ өөрийн байр сууриа илэрхийлж буй. Харин таны санал бусдаас онцлог сонсогдож байлаа. Энэ тухайгаас яриагаа эхэлье.
-Чуулган дээр би хоёр зүйл ярьсан. Нэгдүгээрт, Монголын парламентад сөрөг хүчин байхгүй учраас Засгийн газраас гаргасан зөвхөн ганц хувилбар бүхий төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Өнөөдөр Монголын эдийн засгийн 80 хувийг хувийн сектор авч явж байгаа. Гэтэл эдгээр хувийн сектор болоод эдийн засагч, эрдэмтдийн санал Засгийн газрын боловсруулсан хөтөлбөрөөс яг үнэндээ өөр байна. Иймд парламентад яагаад хоёр дахь хувилбарыг хэлэлцэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз.
УИХ-ын гишүүд бүгдээрээ эдийн засагчид биш. Энэ 76 хүн өөр өөрийнхөө жижиг асуудлыг яриад байхаас ерөнхийд нь үүнээс илүү ямар хувилбар байж болох тал дээр харж чадахгүй байна. Энгийн жишээ, оюутны дипломын ажил гэхэд л шүүмжтэй байдаг. Яг үүнтэй адилхан улс орны эдийн засгийн хоёр, гурван жилийн том төлөвлөгөө шүүмжтэй байх ёстой. Энэ вариантыг би хэлсэн. Яагаад альтернатив санал орж ирэхгүй байна вэ гэж. Миний хэлж байгаад Ерөнхий сайд С.Баяр тайлбар өгөхдөө “энэ асуудлыг шийдсэн. Олон хүний санал тусгасан гэж байгаа” гэсэн. Мэдээж хэрэг Засгийн газар өөрийнхөө хөтөлбөрийг гаргаад өөрөө хариуцлагаа үүрэх нь үнэн.
Засгийн газрын гаргасан санал сайн, муу аль нь ч байж болно. Гэхдээ ямар ч хүн өөрийнхөө хийж байгаа ажлаа шүүмжилдэггүй л байхгүй юу. Энэ чинь ашиг сонирхлын зөрчлийн асуудал.
Засгийн газар 1.5 их наяд төгрөгний ажлаа хийлээ гэж бодъё. Тэд өмнөх ажлуудаа шүүмжлэхгүй. Муу, сайн бүх зүйлээ үргэлжлүүлээд л хийх гэж байна шүү дээ. Тэгэхээр заавал хөндлөнгийн дүгнэлт хэрэгтэй. Энэ нь байхгүй байна л даа.
-Социалист арга барил гэх гээд байна уу, та?
-Тийм. Социализмийн үед л нэг депутаттай сонгууль явдаг байлаа. Өнөөдөр бид чинь ямар ч сонгуулийг ядахдаа хоёр депутаттай хийж байгаа. Яг үүнтэй адил. Парламентад ямар ч хэлэлцүүлгийг хоёр хувилбартай хийж байх ёстой. Ингэхгүйгээр ганцхан юм тавьчихаад гишүүн болгон өөрийнхөө жижиг саналыг нэмэх замаар асуудлыг шийдэж болохгүй.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга ч , Ерөнхий сайд ч эдийн засгийн үзэл бодлын хувьд буруу яриад байна. Тэд улс орон даяар хэмнэх хэрэгтэй гээд байгаа. Тэгснээ ажлын байраа хадгалаач гээд байдаг. Тэдний ярьж буйгаар хувийн компаниуд цалин, хөрөнгө оруулалтаа багасгах шаардлага гарна. Ингэснээр эдийн засгийн эргэлтийг багасгана гэсэн үг. Түүний үр дүнд борлуулалт муудна. Ингээд яахав, дахиад л цалингаа бага авна гэсэн үг. Ийм замаар чөтгөрийн тойрог үүсч байгаа хэрэг. Тэгтэл барууны орнуудад хувийн секторуудаа дэмжих зорилгоор мөнгө хаяж эдийн засгийн эргэлтийг хурдасгах бодлого барьж байна.
Хувийн секторууд үйл ажиллагаагаа улам ч их идэвхижүүлэх бодлогод орох ёстой. Харин энэ төсвийн байгууллагууд одоо байгаа нүсэр бүтэц зохион байгуулалтаа багасгах хэрэгтэй. Гэхдээ дахиад хэлэхэд төрийн системд мөн хэмнэх тухай ярьж болохгүй юм. Харин энэ нүсэр системийг жижигрүүлэх тухай ярьж эхлэх ёстой. Одоо энэ том хэвээрээ цалингаа багасгая гэж байна. Энэ үгүй юм. Монголын төр дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг зарцуулж байна ш дээ. Тиймээс төрийн бүтцийн өөрчлөлт хийж багасгах хэрэгтэй.
Гуравдугаарт, Манай Засгийн газар нэг их хийх ажлын жагсаалт гаргаад тавьчихдаг. Энэ хийх ажлын жагсаалтыг эдийн засгийн хэллэгээр дандаа оролт тал болж өгдөг. Харин үр дүн нь байхгүй. Хийх ажлын жагсаалт бол тийм их сонин биш. Жишээ нь барилгын салбарт 100 мянган айлын орон сууц барина гэж байгаа юм. Ингэснээр чухам яг ямар үр дүн гарах вэ. Ямар үнэтэй байшин барихыг нь хэлэхгүй байгаа байхгүй юу. Мэдээж энэ салбар руу хичнээн ч мөнгө хаяж болно. Гэтэл эдийн засгийн төлөвлөлтийг нөгөө талаас нь хийх ёстой. Жишээлбэл, метр.квт нь 500 ам.долларын үнэтэй байшин барилаа гэхэд үүнийх нь 20 хувийг нь улс даая гэдэг ч юм уу. Эсвэл тийм үнэтэй байр авбал төр 15 жилийн хүүг нь төлье гэдэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл дандаа бүтээгдэхүүний гаралт талд нь буюу хэрэглэгчийг урамшуулдаг байх хэрэгтэй болохоос компанид нь 100 сая төгрөг өгчихвөл нөгөөх нь аягүй бол үнэтэй байшин барьчихна эсвэл нөгөө хэмнэ гэсний дагуу тал мөнгөө хэмнэчихнэ. Эсвэл бүр үрээд хаячих магадлалтай. Үр дүн нь мэдэгдэхгүй байгаа биз. Эдийн засгийн урамшуулал дандаа хэрэглэгч талдаа байх ёстой.
Германд саяхан нэг компани хуучин машинуудаа худалдаж авна гэж байна. Үүнийг нь Засгийн газар нь дэмжиж байх жишээтэй. Хүн мэдээж хуучин машинаа худалдчихаар шинэ машин авч таарна. Тэгэхээр энэ чинь хэрэглэгчээ, автомашины үйлдвэрлэлээ ч дэмжиж байгаа явдал болно. Харин Засгийн газраас нь зүгээр компанид мөнгө өгөөд хүмүүс тэндээс машин авахгүй нь ойлгомжтой.
Энэ тал дээр манай Засгийн газар дутагдалтай ажиллаж байгаа. Дээрээс нь өмнөх дөрвөн жилд маш их үрэлгэн ажиллаж байсан учраас өнөөдөр 1.5 их наяд төгрөг хэрэгтэй болчихоод байгаа байхгүй юу.
Ерээд оны хүндхэн үед Монголыг мал аж ахуй аварч гарсан гэж би боддог. Яг түүнтэй адилхан одоо энэ бүх хямралыг хувийн сектор л үүрч гарна. Улсын сектор бол зөвхөн хэрэглээ шүү дээ. Тийм учраас үүн дээр жаахан бодох хэрэгтэй. Бүх зүйлийг хэмнэж, ганцхан зүйл дээр хэлэлцэх нь дэндүү социалист сонсогдож байгаа биз.
-Засгийн газраас шийдвэрлэсэн Төсвийн тодотголоор бол Таны цалин 30 хувиар буурах боллоо. Үйлдвэрчний эвлэл цалин багасгах асуудлыг буруутгахад Ерөнхий сайд “цалин багасгаад хэмнэж буй 100 тэрбум төгрөгийг өөр хаанаас олж болох вэ” гэж байсан. Таны хэлснээр төрийн бүтцийг жижигрүүлье гэвэл цомхотгол хэрэгтэй болох нь гэж ойлгож болох уу.
-Угаасаа төр өөрөө дэндүү том болчихсон. Хийх, хийхгүй бүх ажлыг хийж байгаа. Төсөв хэлэлцэхэд сумын сургуулийг засах хүртэл асуудал орж ирж байх жишээтэй. Үүнийг яагаад тэр аймгийнхан шийдэж болдоггүй юм. Тэгэхээр төрийн систем орон нутагт, бизнесийн салбарт маш их данхайж байгаа.
2000 оноос хойш манай төсвийн зардал 5-6 дахин нэмэгдсэн байх юм. Одоо бүх зүйлд хувийн секторт шилжчихээд байхад төр яагаад ийм их зардалтай болоод байна гэдэг сонин асуудал. Төрийнхөн цалингаа нэмээд хувийнхныг хүнд байдалд оруулсан ш дээ. Сүүлийн дөрвөн жилд хувийн секторын ажилчдаас төрийнхний цалин их хэмжээгээр нэмэгдсэн. Барууны оронд залуучууд дээд сургууль төгсөөд бизнес хийнэ гэж боддог бол манайд эсрэгээрээ төрийн албан хаагч болно гэж мөрөөддөг. Яагаад гэвэл өндөр цалинтай, хувийн компаниас хамаагүй найдвартай. Өөрөөр хэлбэл өөрийн чинь татвараар амьдарч байгаа хүн чамаас илүү цалинтай байж болохгүй биз дээ. Одоо байгаа цалинг бууруулснаар төрийн албан хаагчдад хүнд тусах ч, цомхотгохгүйгээр энэ асуудлыг шийдвэл бас богино хугацааны л ажил болно. Жилийн дараа цалингаа буцаагаад л нэмнэ.
-Угаасаа жилийн хугацаатай ийм арга хэмжээ авна гэсэн байсан.
-Тэгээд жилийн дараа яах юм. Монголын үйлдвэрлэл тийм их хэмжээгээр нэмэгдэх юм уу. Үгүй биз дээ. Энэ бол уул уурхайгаас юм хүлээгээд байгаа хэрэг. Нөгөө нийгмийн халамжаа л бодоод байхгүй юу, тэд. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл хөгжүүлэхийг дэмжихгүй байгаа биз, төрөөс.
-Аргацаасан байдлаар төрийн ажил үргэлжлээд л байдаг. Яах вэ?
-Гол асуудал Монголын эдийн засаг дэндүү улстөржчихсөн байхгүй юу. Жишээ нь шинэ гэр бүлийн мөнгийг 500 мянга байсныг 300 мянган төгрөг болгоно гэж байгаа юм. Гэтэл Монголын бүх иргэн үүнийг утгагүй өгч байгаа мөнгө гэдгийг ойлгож байгаа. Эдийн засагч хүний нүдээр энэ бол тэнэглэл. Энэ мөнгийг өгч байгаа ганцхан шалтгаан нь сонгуулийн амлалт. Энэ чинь өөрөө эдийн засгийг сөнөөж байна. Одоо нэг, 1.5 сая төгрөг өгнө гэдэг чинь ерөөсөө үлгэр. Дэндүү явцуу улстөрийн намын сонирхол.
-Буруу замаар хурдан давхиад яах вэ дээ-
-Уул уурхайн сэдэв рүү ороод ирлээ. Та нэгэн ярилцлагын үеэр хэлэхдээ “намуудын амлаж байгаа энэ иргэн бүрт нэг, 1.5 сая төгрөг өгнө гэдэг зөвхөн өнгөлөн далдлалт. Харин эд цаагуур нь маш их хэмжээний мөнгө хувааж идэх гэж байна” гэж ярьж байсан.
-Тийм ээ. Ер нь уул уурхайгаас эдийн засгийн тооцоогоор 300 орчим тэрбум ам.доллар орж ирэх ёстой. Ойрын 10 орчим жилд. Гэтэл бүх иргэнд нэг мянган доллар тараахад энэ бол хоёр тэрбум доллар болж байгаа юм. Үлдсэн 200, 300 орчим тэрбум долларыг Монголын ард түмэн юунд зарцуулах вэ гэдгээ хэлэлцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол маш том улстөрийн тоглоом явагдаж байна. Бид өнөөдөр 1,5 сая төгрөгөө авчихвал боллоо гээд бодоод сууж болохгүй. Ер нь уул уурхайн салбар Монголд хөгжил авчрах уу, үгүй юу гэдэг дээр ярих ёстой. Одоо Хятадаас гурван тэрбум долларын зээл авах гэж байна. Энэ мөнгөөр яах гэж байна вэ гэдэг сонин. Энэ мэтчилэн тодорхойгүй зүйл их байгаа. Тийм ч учраас Засгийн газраас орж ирж байгаа хувилбар бүрт эрдэмтдийн шүүмжлэл дүгнэлтүүд хэрэгтэй. Шаардлагатай гэвэл гадны шинжээчдийг оруулж ажиллуулах ёстой.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар “Оюу толгой”-н гэрээний төслийг хэлэлцэх гэж байна. Засгийн газрын төсөлд “гэрээг сунгасан тохиолдолд Монгол 34 биш 50 хувийг эзэмшинэ” гэж заасан байсан. Хоёр талын хувь хэмжээний асуудлаар сүүлийн хэдэн жил л маргалдлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хэдэн жилийн дараа гэрээ сунгагдах вэ гэдэг сонин. Урьдчилгаа 125 сая ам.долларыг ямар нөхцөлтэй авч байгаа вэ гэдэг бас их сонирхолтой. Ер нь яагаад Монголчууд урьдчилгаа мөнгө авах ёстой юм. Яагаад бид өөрсдөө хөрөнгө оруулалтын корпораци байгуулаад олон улсын бирж дээр мөнгө босгож болохгүй гэж. Яагаад заавал уул, уурхайн технологийн компаниас мөнгө гуйж, царай алдах ёстой вэ.
Манайд есөн том стратегийн орд газар бий. Дээрээс нь бид өөрсдөө хуулиа батлах эрхтэй. Засгийн газартай. Товчоор хэлбэл бид “Айвенхоу Майнз”-аас хэдэн арав, зуу дахин потенциальтай. Яагаад бид өөрсдөө Монголын уул уурхайн корпораци байгуулаад Торонто, Хонконгийн ч юм уу бирж дээр мөнгө босгож болохгүй гэж. Монголын хөгжлийн шинэ бизнесийн замтай л болох хэрэгтэй. Түүнээс биш 125 сая ам.доллар авснаараа бидний хөгжлийн асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
-Төсөв алдагдалтай байгаа болохоор яаж ийж байгаад л энэ тэндээс мөнгө олох гэсэн хүмүүс харагдаад байх шиг.
-Энэ бол ердөө нөхөөс. Тэр 125 сая ам.долларыг дор нь идээд л хаячихна. Бараг долоо хоногт л дуусгаж чадна шүү. Яг өнөөдрийн хүндрэлтэй эдийн засагт энэ мөнгө хэрэг болж магадгүй ээ. Гэхдээ энэ бидний явах зам зарчмын хувьд биш. Уул уурхайн гэрээ хэлэлцээр дээр ажиллаж байгаа хүмүүс нэлээн шаргуу ажиллаж байх шиг байна. Гэвч буруу замаар хурдан давхиад яах вэ дээ. Бид одоо ломбарданд юм аа тавьж мөнгө авах гэж байгаатай яг адилхан байдалтай байна. Өөрсдөө яагаад мөнгө босгож болохгүй байгааг их гайхаж байна. Би Засгийн газрын хувилбарыг 100 хувь буруутгахгүй. Гэхдээ парламентад ганцхан хувилбар хэлэлцэж болохгүй. Бүх талын вариантыг хэлэлцэх ёстой.
-Нэг хүн ч сөрөг хүчин-
-Таныг УИХ-д орж ирээгүй байхад шийдэгдсэн асуудал. Хамтарсан Засгийн газар байгуулахад ямар байр суурьтай байсан бэ?
-Хоёр талтай. Нэгдүгээрт, тодорхой асуудал, төсөл хөтөлбөр дээр ямар ч улстөрийн намууд хамтарч ажиллах ёстой. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж ажиллалаа гээд парламент дахь сөрөг хүчин, улстөрийн хяналтын бүтцийг алга болгож болохгүй. Жишээ нь байгууллагын нягтлан маш сайн байлаа гээд хэзээ ч нэг, хоёрдугаар гарын үсгийг зэрэг өгдөггүй л байхгүй юу. Би өөрөө байгууллагын эзэн гээд ганцаараа асуудлыг шийдээд байх боломжгүй. Дарга нь дарамтанд ороод гарын үсэг зурсан байж болно. Тэгэхээр энэ бол сайн хүний тухай асуудал биш. Тогтолцоо нь хяналттай, найдвартай байх ёстой байдаг. Өнөөдөр Монголын парламент сөрөг хүчин байхгүй болсноор ажил хийх гэж байна гэж зарим нь яриад байгаа. МАХН, Ардчилсан нам нийлээд ажил хийж байгаа бол С.Оюун, З.Алтай бид гурвыг сөрөг хүчин байхыг зөвшөөрөх хэрэгтэй.
Гэтэл бүлэг байгуулах тоонд хүрэхгүй байна гээд боломж олгохгүй байх жишээтэй. Тэгтэл ардчиллын зарчимд хүний тоо чухал биш шүү дээ. Үзэл бодол нь өөр болохоор сөрөг хүчин болж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл хяналт, сөрөг хүчнийг үгүй болгож байгаа нь аажмаар эрх баригч намын тогтолцоо руу явж байгаа хэрэг. Одоо удахгүй бид Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, орон нутгийн бүх шатны бүтцийг өөрчилнө. Энэ үед яах вэ. Эрх баригчид дураараа асуудлыг шийдэх нь байна шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Бид дарангуйлал руу явна гэсэн үг үү. Аягүй бол хоёр нам хоорондоо Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд ярьж байгаад нэг ерөнхийлөгч гаргаад ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүн С.Оюун, З.Алтай та гурав нийлээд Иргэний эвсэл, блок байгуулах гэж байгаа гэсэн. Энэ тухай?
-Бид гурав Иргэний блок байгуулахаар зарчмын хувьд тохирчихсон. Одоогоор “Иргэний Зориг” нам жаахан хүлээлгэж байна. Миний бодлоор энэ долоо хоногийн сүүлээр юм уу ирэх долоо хоногийн эхээр бид гурав Иргэний блок байгуулснаа албан ёсоор зарлах байх.
-УИХ-д орж ирж байгаа асуудал хамгийн түрүүнд намын бүлгүүдээр хэлэлцэгдэж байна. Блок байгуулснаар та гурвын хувьд энэ тал дээр ямар боломж байгаа бол?
-Бүлэг байгуулахад найман хүн хэрэгтэй гэсэн нь өөрөө нэлээн хавчсан бодлого. Парламент өөрөө олонхийн дарангуйлал биш шүү дээ. Иймээс ч барууны орнуудад сөрөг хүчнийг хүчтэй болгох тал дээр байнга ажилладаг. Тухайлбал, төсвийн, хүний эрхийн байнгын хорооны дарга нар нь заавал сөрөг хүчний намынх байх жишээтэй. Ингэж байж эрх баригч намаа хянадаг байна.
-Та гурвын хувьд ийм боломж байхгүй болчихоод...
-Тийм ээ. 76 хүний 75 нь нэг намынх байвал яах вэ. Бүх асуудлыг намын бүлэг дээр шийддэг бол тэр нэг хүн юу хийх вэ. Тэр хүн эрх баригч биш л бол сөрөг хүчин байх ёстой. Намын бүлгээр асуудал шийддэгээ жаахан өөрчлөх ёстой.
-Энэ асуудлыг ухаж асуудаг нь шийдвэр гаргах шатанд та гурван гишүүний ярьж, хэлж байгаа огт оролцох боломжгүй болчихоод байна л даа.
-Ерөөсөө олонхийн дарангуйлал болчихоод байна. Намын бүлгээр ярьчихсан гээд ярс хийтэл гараа өргөөд л асуудлыг шийдчихдэг. Ер нь намын бүлгээр асуудлыг шийдэж явах юм бол энэ парламентийн ордонд сууж яах юм. Намын байрандаа сууж хуралдчихаад гарсан шийдвэрээ утсаар хэлчихэж байна биз. Тэгэхээр сөрөг хүчний механизм тооноос үл хамаарч парламентад заавал байх ёстой. Парламент бол намаас дээр байх ёстой ч манайд намаасаа дор орчхоод байна.
-МАХН-ын байр дотроосоо шатаж эхэлсэн-
-Таны хамт МАХН-ын намын байрны өмнө үг хэлж байсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар цагдаагийн байгууллагаар шалгагдаад, шоронд хүртэл ороод гарлаа. Тэдний заримынх нь хэрэг прокурорт шилжээд байна. Таныг ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагаас шалгаж, байцаасан тохиолдол бий юу. Хоёрдугаарт, дээрх хүмүүсийг үймээнийг зохион байгуулсан “хэргийн эзэд” гэдэгтэй та санал нийлэх үү?
-Долдугаар сарын 1-ний өдөр МАХН-ын байрны өмнө очоод миний хэлсэн үг телевизээр гарсан. Тодорхой асуудал. Тиймээс цагдаагийнхан надад хэлэхдээ “таны юу хэлж ярьсан бүх бичлэг байгаа. Бид нар сонссон. Иймд танд нэмэлт асуулт байхгүй” гэсэн. Хоёрдугаарт, Ж.Батзандангийн хувьд би арай өөрөөр харж байгаа. О.Магнай, Б.Жаргалсайхан хоёрыг би сайн мэдэхгүй байна. Тэр хэд урд өдөр нь хурал зохион байгуулсан гээд бага зэрэг хэл амтай байгаа юм билээ. Ж.Батзандангийн хувьд би нэг зүйл хэлж чадна. Тэр долдугаар сарын 1-ний жагсаал дээр ерөөсөө тавхан минут л байсан.
Ер нь долдугаар сарын 1-нд хоёр эрх баригч намын удирдлага, парламентад суудалтай намуудын дарга нар гарч ирээд “энэ сонгуулийн будилааны асуудлыг бид улстөрийн хүрээнд яръя, хэлэлцье” гэчихсэн бол хүмүүс тэгж бухимдахгүй. Магадгүй тарах байсан. Тэгэхээр миний ойлгосноор тэр өдөр улстөрчид ард түмний өмнө гарч үгээ хэлэх нь үүрэг нь байсан. Түүнээс гэртээ суугаад зурагтаа үзээд байх хэрэггүй шүү дээ. “Иргэний эвсэл”-ийн тэргүүний учир тэнд очиж үг хэлсэн маань миний хувьд үүрэг байсан. Ингээд харахаар тэр өдөр улстөрчид, засгийн газар, цагдаа нар бүгдээрээ ажлаа хийж чадаагүй. Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарыг баривчлах нь туйлын буруу зүйл шүү дээ. Тэд байшин шатаах гэж очоогүй. Тэд үнэхээр сонгуулийн будилааныг эсэргүүцэж л очсон.
Монгол Улсын Үндсэн хуулиар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэх чинь иргэн хүний эрх шүү дээ. Жагсаалыг хамгаалах чинь харин төрийн үүрэг. Тэгэхээр хэний буруу байна?
-Манайх чинь жагсаал хийхдээ зөвшөөрөл аваад байдаг даа?
-Үгүй. Жагсахдаа зөвхөн мэдүүлдэг. Сүхбаатарын талбай дээр жагсахад зөвшөөрөл авна, авахгүй гэдэг нэг хэсэг маргаантай байсан. Ер нь бол Монгол Улсын иргэн жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Цагдаа нар түүнийг хамгаалах ёстой. Бид нэг зүйлийг бүгд харсан. Тэр өдөр жагсаал болох нь болсон. Түүний хажуугаар тэр жагсаалыг ашигласан тал ч бий. Энэ өнөөдөр ойлгомжтой болж байна. Хэн жагссан, хэн жагсаалыг ашигласан бэ гэдэг.
-Үүгээрээ та МАХН-ыхан өөрсдөө байшингаа шатаасан гэх гээд байна уу. Эсвэл..?
-Үүнийг одоохондоо хэн ч баталж чадахгүй. Тэр үед, сонгуулийн дараа иргэдийн уур амьсгал ямар байсныг бодохоор байшин шатаж, жагсаал болоогүй байсан бол сонгууль маш эвгүй байдалд орох байсан. Яагаад гэхээр сонгууль луйвар болсон гэдгийг хүн бүр мэдсэн. Үүний дараа нөхцөл байдал хэнд ашигтай болж байна вэ гэдэг их сонин. Ямар ч мөрдөн байцаагч гэмт хэргийн дараа хэн хожив гэдэг асуултыг тавьдаг.
МАХН-ын байшинг шатаасан зүйл бол яг үнэндээ буруу зүйл нь ойлгомжтой. Миний санааг зовоож байгаа зүйл энэ үйл явдлын дараа 200 гаруй хүнийг хоморголон хорьж байна. 1934 оны Тариатын хүрээний бослого зэргийг харахад тэнд босч, тэмцсэн хүмүүсийг бүгдийг 50, 60 жилийн дараа цагаатгасан байдаг. Яагаад гэвэл энэ улстөрийн тэмцэл байсан. Энэ тэмцлүүд дунд мэдээж янз бүрийн элементүүд байсан. Долдугаар сарын 1-н бол үнэхээр хүмүүсийн бухимдлын илэрхийлэл шүү дээ.
Үүнээс ганцхан асуулт гарч ирж байна. 1930-аад онд босч, тэмцсэн хүмүүсийг 60, 70 жилийн дараа цагаатгаж байна. Өнөөдөр МАХН өөрийгөө ардчилсан болсон гэж зарлаж байгаа. Тэгвэл тэд 1937 он шигээ ард түмэндээ хандаж болохгүй. Тиймээс энэ бол МАХН-д маш том шалгуур болж байна. Үнэхээр энэ нам шинэчлэгдэж чадсан уу гэдэг харагдана. Эсрэг тохиолдолд бүх зүйл хэвээрээ байна гэсэн үг.
-Өршөөлийн хуулийн тухайд МАХН өөртөө ашигтай байдлаар буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хуулийг гаргана гэж яригдаад байгаа.
-Ингэж сэтгүүлч нар бичиж байгаа. Зөвхөн энэ ашигтай вариантаар биш зарчмын ялгаанууд байх шиг байгаа юм. Нэг нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг өршөөх, нөгөөх нь бүгдийг нь гээд.
Би нэг зүйлийг маш сайн санаж байна. Телевизийн бичлэг үзэхэд МАХН-ын байшин дотроосоо шатаж байсан шүү дээ. Та нар телевизийн бичлэг үзээрэй. Дээд давхраас нь, дотор цонхноосоо шатаж байсан.
-Би ч тэр үед МАХН-ын байранд байсан л даа. Нэг давхарт хэвлэлийн бага хуралд суучихаад.
-Дотроосоо шатсан байхгүй юу. Бас нэг зүйл нь тэр өдөр чулуу шидэж цонх хагалсан хүүхдүүдийг бүлэг хэрэгтнүүд болгож байгаа нь харамсалтай байна. Яг тэр дунд бензин асгаад байшин шатаасан хүмүүсийг бариад шийтгэвэл бас нэг ондоо. Гэтэл ийм зүйл харагдахгүй байна шүү дээ.
Би хувьдаа МАХН-ыг шинэчлэгдсэн гэдэгт итгэдэг. Тиймээс энэ хэргийг цоо шинэ ардчилсан, шударгаар шийдээсэй гэж бодож байна. Монгол Улс чинь өөрөө өнөөдөр хүнлэг, ардчилсан орон шүү дээ.
-Энэ тал дээр иргэд цөхөрсөн байдалтай байна л даа. Долдугаар сарын 1-нээс хойш үзэл бодлоо илэрхийлсэн бараг бүх хүнийг л барьж хориод шоронд хийгээд л. Г.Арслан, Г.Баасан гээд бодит жишээнүүд байна.
-Зул унтрахаасаа өмнө нэг бадамлана гэж үг байдаг. Энэ бол дарангуйллын тогтолцоо сүүлийнхээ аргыг хэрэглэж байгаа байхгүй юу. Дахиж ингэж явахгүй шүү дээ.
Хамгийн аюултай нь, би саяхан вокзал дээр явж байтал 20-иод залуучууд намайг таниад ирж уулзахдаа айхтар үг хэлсэн. “Хэрвээ цагдаа нар буудахыг мэдсэн бол бид ч бас буутай очих байсан. Бид бүгдээрээ буутай ш дээ. Яагаад биднийг золбин нохой шиг хөөж байгаад буудаж байгаа юм” гэсэн. Энэ чинь өөрөө нийгэмд маш муу дохио өгч байгаа юм. Төр нь иргэдээ хөөж байгаад буудаж болдог юм байна. Харин иргэд өөдөөс нь өөрийгөө хамгаалахын тулд буудаж болох юм байна гэсэн.
Өршөөлийн хууль 200 гаруй хүнийг бүгдийг нь хамрах хэрэгтэй. Харин тэрэн дунд бүр сейф ухсан ч юм уу онцгой байсан хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ авах нь зөв.
Тэнд очсон улстөрийн намын удирдагчдыг барьж хорих нь буруу. Харин тэр үед ард түмнийхээ өмнө гарч ирж үгээ хэлээгүй С.Баяр, Ц.Элбэгдорж нар буруутай. Энэ хоёр хоёулаа алдаа гаргасан. Нэг хэсэг нь найр хийгээд, нөгөөх нь улайран эсэргүүцээд л. Түүнээс биш О.Магнай, Ж.Батзандан хоёрын буруу биш шүү дээ. Энэ хоёрын алдаа нь хүмүүсийн давалгаан дээр буруу газар, буруу цагт л гарч ирсэн нь. Түүнээс биш хоёр нь уриалаад 20 мянган хүн цуглуулчихна гэж байхгүй. Энэ чинь шинж тэмдэг болохоос шалтгаан биш.
-Иргэд хоёрхон зүйл л ярьж байна-
-Тангарагаа өргөснөөсөө хойш тойргийнхонтойгоо уулзав уу?
-Уулзсан. Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин бид гурав нийлээд таван удаагийн том уулзалт хийсэн. Одоо УИХ-д ороод 14 орчим хоночихлоо. Энэ хооронд дүүргүүдээрээ нэг явсан.
-Иргэдээс ирж буй гол санал, гомдол юу байв?
-Хоёр л зүйл дээр бухимдаж байна. Нэгдүгээрт, ядуурал. Хоёр дахь нь шударга бус байдал. Нэг чулуу шидээд цонх хагалчихсан хүүхэд таван жилийн ял аваад, гэтэл бүхэл бүтэн сонгуулийг будилаантуулчихсан хүн дараагийн ажилдаа томилогдоод явж байгаа юм. Яагаад 14 тэрбум төгрөг идчихээд долоон жилийн ял авч байхад, нэг гар утас хулгайлсан хүн түүнтэй адил ял авч байна вэ. Товчоор хэлбэл нийгэм шударга бус байдлыг мэдэрч байна. Шударга байдал алдагдаад ирэхээр нийгэм итгэл найдвараа алддаг. Өөрөөр хэлбэл би өнөөдөр ядуу байлаа ч шударга ёс байвал маргааш болно доо гэж боддог. Гэтэл энэ зүйл байхгүй болчихсон. Хоёрдугаарт, нийгэм дотроо хагаралдаж эхэлдэг. Тэгэхээр эцсийн эцэст нийгэм хагаралдаж байгаа хариуцлагыг өнөөдөр эрх баригч нар хүлээх ёстой. Тэднийг заавал муу хэлэх гэсэн юм биш. Энэ бол ерөөсөө хүн төрөлхтөний туршлага.
-Ерөнхийлөгч болоход би бэлтгэгдчихсэн-
-Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэгд ороод байгаа, хэвлэлээр бол. Гэхдээ албан ёсоор энэ тухай мэдэгдээгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших үү. Ер нь та өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч болоход тохирох хүн гэж боддог уу?
-Би хувь хүнийхээ хувьд нэг зүйлийг маш сайн мэднэ. Ерөнхийлөгчийн ажлыг би хийж чадна. Яагаад гэвэл би үүнд бэлтгэгдчихсэн. Гэхдээ өнөөдөр хоёр зүйлд эргэлзэж байна. Юу вэ гэхээр, Монголд улстөрийн намын тогтолцоо маш хүчтэй. Энэ тохиолдолд орон нутагт сүлжээгүй, том намын дэмжлэггүй сонгууль хийхэд үнэхээр хэцүү. Үүнд маш их хөрөнгө орно. Хоёрдугаарт, сонгууль өөрөө шударга болдоггүй. Монголд өнөөдөр 1500 сонгуулийн тойргийн хороо байдаг. Эдгээрт хэн ажиллах вэ, иргэдийн саналыг яаж тоолох вэ гэдэг сонин. Өнгөрсөн сонгуулиар энэ бүгдийг биеэрээ туулсан. Асуудал өнөөдөр миний чадах, чадахгүйд биш.
-Гэхдээ та нэр дэвших үү?
-Яг үнэндээ би өнөөдөр шийдээгүй байна. Нэг талаасаа энэ сонгуульд нэр дэвших нь миний үүрэг. Яагаад гэвэл Монгол улс өнөөдөр энэ замаараа явж болохгүй. 18, 19 жил харлаа. Хүн амын тэн хагас нь үгээгүй ядуу, авлигад идэгдчихсэн, шударга бус байдал газар авсан байна. Дэлхийн хамгийн ядуу орны тоонд Монгол орж байгаа. Тэгсэн мөртлөө нөгөө есөн орноосоо бид их ялгаатай. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг. Яагаад гэхээр дэлхийн ядуу орнуудыг харахаар тэд дотроо иргэний дайнтай эсвэл хүн амын хагас нь шахуу ДОХ-той, үгүй бол олон жил колончлогдсон, шашны мөргөлдөөнтэй байх жишээтэй. Гэтэл манайд дээрх шинж тэмдгүүдийн аль нь ч байхгүй. Монгол өргөн уудам нутагтай, ардчилсан, хүн амын тэн хагасаас илүү нь залуучууд, байгалийн асар их баялагтай дээрээс хоёр том хөрштэй. Өөрөөр хэлбэл бүх дэлхийн зах зээл бэлэн байж байгаа. Ийм улс хирнээ дэлхийн 10 ядууд жирийж явдаг нь гайхалтай. Их сонин байгаа биз. Тэгэхээр Монголын алдаа нь засаглал. Бид замбараагүй учир ядуу болчихсон. Товчоор хэлбэл, Монголыг ядууруулчихсан байхгүй юу. Засаглал, авлига, нам төвтэй улстөрийн тогтолцоо. Тэгэхээр энэ замаар явж болохгүй юм байна гэдгийг бид хараад байна. Энэ бүгдийг хийхээс гадна хэлэх хэрэгтэй. Тиймээс ч энэ бүгдийг хийх гэж улстөрд орж ирсэн юм чинь миний үүргийн асуудал.
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшье гээд толгой даагаад шийдэх ажил биш шүү дээ. Хамгийн наад зах нь ардчилсан хүчний саналыг хуваах хэрэг болно. Тэгэхээр би санал хуваах зүйлд орох уу, үнэхээр Ардчилсан намаас тууштай ардчилагч хүн гарч ирвэл нэг өөрөөр харна. Тоглоомын нөхөр гараад ирвэл бас нэг өөр.
-Таны дээр хэлсэн Монголд байгаа олон болохгүй, бүтэхгүй асуудлуудыг Ерөнхийлөгч болсноор шийдэх боломжгүй юм биш үү. Одоо манай Ерөнхийлөгчийн эрх мэдлийнх нь хүрээнд. Түүний хийж байгаа ажлуудыг харсан ч тэр.
-Биш ээ. Нэг зүйлийг энд ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал зүйл удирдагч хүний хувьд юу байдаг вэ. Удирдагч хүний ёс зүй байдаг байхгүй юу. Манайхан хууль, дүрэм гэдэг. Энэ бол худлаа. Бүх юмны дээр хууль байдаг гэж. Бүх зүйлийн дээр чинь мораль буюу ёс суртахуун байдаг. Жишээ нь, хулгай хийх зүгээр гэж боддог хүн хууль боловсруулбал нэг өөр. Хулгай огт хийж болохгүй гэж боддог хүн хууль боловсруулбал бас нэг өөр. Тэгэхээр аливаа нэгэн улс орны ноён орой дээр зарчим байдаг байхгүй юу. Лидер хүн ёс суртахуунаа алдвал нийгэм доошоогоо ялзардаг. Күнзээс Хятадын хаан “манай түшмэд хулгай хийгээд байна. Яах вэ” гэж асуусан байдаг. Тэгсэн Күнз “та өөрөө битгий хулгай хий” гэдэг. Хаан өөрөө хулгай хийдэгтээ биш. Тэр хулгай хийхийг дэмждэг байхгүй юу.
Ойд хэдэн хүн төөрчихсөн байж. Лидер хүний үүрэг тэр хүмүүсийг хооллож, үүрч явах биш. Харин тэр хаашаа явахыг мэддэг байх ёстой. Яг түүнтэй адилхан нийгмийн энэ хүнд үед ёс суртахуунаа яаж олж авах вэ, шударга гэж юу байдгийг харуулах хэрэгтэй. Тэгэхээр лидер хүн яаж хийхийг бус юу хийхийг заадаг байх ёстой. Яаж хийхийг менежер мэддэг юм. Монголд өнөөдөр яагаад “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг хууль гарсан юм бэ гэвэл лидер нь өөрөө энэ зарчмаар яваад байна. Энэ чинь өөрөө нийгмийг задалдаг. Нийгэм баруун, зүүнээ мэдэхээ больж байна ш дээ. Хэн нь шударга вэ гэдгийг ойлгохоо больж байна. Ноён оройд зарчим байхад бусдыг ард түмэн өөрсдөө хийчихнэ. Ямар ч ерөнхийлөгч байлаа гээд хэн ч очиж талх гуйхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр удирдагч хүн бол нийгмийн үнэ цэнийг авч явж байх ёстой. Өнөөдөр залуучууд яагаад онц сурах ёстой вэ гэдгийг ойлгохоо больж байна шүү дээ. Тэртээ тэргүй намын даргыг таньдаг, баян айлын хүүхэд бол дээшээ явчихаж байна. Энэ чинь өөрөө нийгмийн үнэлэмжүүдийг алдчихаж байна. Өнөөдрийн улстөрчдийн хийж байгаа зүйл нь энэ нийгмийн үнэлэмж гэдэг зүйлийг буруу тийш нь залчихсан байхгүй юу. Ердөө л энэ. Маш энгийн, жижиг хэрнээ агуу зүйл.
-GoGo сайт энэ үйл хэрэгт маш их хүч хөрөнгө зарж байгааг мэднэ-
- Өнөөдөр би Үндэсний портал GoGo.mn сайтын сурвалжлагч таниас ярилцлага аваад сууж байгаад таны хувь нэмрийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Иймд мэдээлэл, технологийн хөгжлийн талаар асуухгүй өнгөрвөл алдас болох биз.
-Интернэт өнөөдөр 220-ийн вольт, крантны ус гэдэгтэй адилхан олон хүний хэрэглээ болсон. Энэ утгаараа бол сайн л хөгжиж байна. Гэхдээ интернэт бизнес болж чадаагүй. Интернэтээр худалдаа, төрийн ажил явахгүй байна, манайд. Интернэтээр засаг төртэй харьцах механизм хөгжөөгүй. Өөрөөр хэлбэл интернэтээр нийгмийн институтийн олон талт үйл ажиллагаа явахгүй байна. Юутай холбоотой вэ гэхээр, Монголд өнөөдөр мэдлэг, мэдээлэл дээр суурилсан харилцаа хөгжихгүй байгаа юм. Энэ чинь авлигатай холбоотой. Хэрвээ чи том даргыг таньдаг бол мэдлэгээр яах юм. Хэрвээ чи гаалийн даргатай найз бол электрон анкетаар яах юм. Товчоор хэлбэл, мэдлэг болон мэдээлэлд тулгуурласан харилцаа нийгэмд үнэлэмж болж чадаагүй байна. Жишээ нь, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудаа интернэтэд яагаад тавихгүй байна вэ гэхээр бид нар ард иргэддээ зүгээр л юм өгнө гэдэг ойлголт байхгүй байна. Намын бүлэг дээр шийдчихсэн гээд л асуудлыг шийдчихдэг. Гэтэл Канадад өнөөдөр интернэтэд 45 хоног байршуулаагүй хуулийн төслийг парламентэд орж ирэхийг хориглож байна ш дээ. Мөн интернэтэд огт гараагүй тендерийг яамдууд хэлэлцэхийг хориглож байх жишээтэй. Дэлхийн бүх орны удирдагч, парламентийн гишүүд нь бүгдээрээ блогтой, иргэдтэйгээ харьцаж байна ш дээ. Энэ чинь өөрөө цаад соёл, хэрэглээ нь, үнэлэмж нь байгаа болохоор хэрэгсэл болж орж ирж байгаа хэрэг. Ийм үнэлэмж, хэрэглээ байхгүй болохоор хэрэгсэл болж чадахгүй байна. Хувь хүний тухайд и-мэйл бичих гээд хэрэг болж байна. Гэтэл дэлхийн олон улсад нийгэм, төр засагт нь энэ мэдээлэл, технологи маш их юм өгч байна.
Танай GoGo сайт энэ үйл хэрэгт их хүч хөрөнгө зарж байгааг мэднэ. Тийм учраас интернэтийг зөвхөн хувь хүний биш нийгмийн инстутитийн хэрэглээ болох тал дээр их зүйл хийгээсэй гэж хэлмээр байна. Үүнийг авлигад идэгдсэн төрийн сектор хийхгүй. Хувийн сектор хийнэ.
-Сүүлийн асуулт. Гадаадад байгаа Монголчууддаа хандаад юу хэлэх вэ. Тэд эх орондоо ирэх хэрэгтэй юу?
-Тэднийг би эх орондоо ирээсэй гэж боддог байсан. Өнөөдөр би арай өөр бодож байна. Тэд Монголд үлдсэн нэг нэг хүнийг шефлэж авах хэрэгтэй. Тэднийг сонгуульд санал өгүүлэхгүй байна. Улс орон яаж явдгийг бүх зүйлийг харж байгаа. Тийм учраас өөрийнхөө гэр бүлийнхнээс эхлээд нөлөөлөх хэрэгтэй. 100 мянган хүн хоёр сая хүнийг сургаг л дээ. Улс орондоо туслах хэрэгтэй, зөвхөн мөнгөөр биш. Биднийг энэ шавраас гарахад туслах хэрэгтэй. Энэ чинь заавал ир гэсэн үг биш. Өөрчлөлт, шинэчлэлтэд нэг ч гэсэн хүнийг элсүүлэх хэрэгтэй байна.
Ярилцсан: Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn/