Төв Азийн цөл, говийн гандуу бүс нутагт үндсэндээ Монгол улсын дэвсгэр нутгийн өмнөд болон баруун өмнөд, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Хятад улсын Шинжянь, Гансу, Өвөр Монголын баруун хэсгийг хамарсан уудам газар хамаардаг.
Энэ газар нутагт цөл, говь зонхилсон хуурай гандуу, хур тунадас ядмаг, гадаргын ус хомс, зуны улирал аагим халуун, өвөл тэсхим хүйтэн, ургамал сийрэг, тачир байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй хэдий ч, дэлхийн дайд өөр хаана ч оршин амьдардаггүй сүрлэг, ховордсон амьтад болох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зээр, бөхөн, тахь идээшин амьдардаг уугуул, өлгий нутаг юм. Зөвхөн тухайн газар нутагт түүхэн үеэс эдүгээ бидний үед орогнон амьдарч буй амьтдыг эндемик буюу унаган зүйл хэмээн дэлхийн шинжлэх ухаанд нэрлэдэг. Дурдсан сүрлэг зүйл хөхтөн амьтад бол монголын төдийгүй дэлхийн бахархал болдог явдалд тэдний үнэ цэн оршдог.
Эдгээр говийн гайхамшигт зургаан зүйл амьтны тухай, тэдэнд тулгарч бэрхшээл зүйл тус бүрт амьдралын хэв маягаас хамааран өөр шалтгаан, учир холбогдол байдаг тухай товчхон танилцуулья. Амьтан бүр өөр амьдралын хэв маягтай, учирч буй бэрхшээл ялгаатай, зовлонгийн шалтгаан нь өөр байх тул хүний зүгээс шийдвэрлэх арга зам бас харилцан адилгүй шийдэл шаардана. Та бүгд тунгааж, сайтар бодоорой.
МАЗААЛАЙ
Төв Азийн цөл, говийн унаган баавгай. Цөл говийн ангамал, хатуу ширүүн орчинд түүний угшил нэгтэй хүрэн баавгайн бусад салбар зүйл болох ах, дүү нараас хэн нь ч амьдарч, мэнд үлдэж тэсвэрлэж үл чадна. Тэдний тоо толгой 60 орчим бодгаль гэдгийг генетик судалгаа болоод автомат камерын тусламжтай тогтоожээ. Тиймээс ч мазаалайн генетик олон янз байдал нь бусад садан төрлөөс тун ядмаг.
Говийн баавгайн хоол тэжээл, усны хүрэлцээ хомс тул нэг бодгаль хүйсээс хамааран 3000-6000 ам дөрвөлжин км газар нутагт идээшин, хэрж амьдардаг. Цөл газар баян бүрд, булаг ус нэн цөөн, хоорондоо зайтай алаг цоог байршилтай, идэш болдог ургамал нь ихэнхдээ цөөн баян бүрд орчим ургана. Мазаалайн идээшил нутагт 30 гаруйхан баянбүрд, булаг ус байсан бол өнөөдөр 10 гаруй нь ширгэжээ.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадас нэн хомс унах болсон нь ундны усны зэрэгцээ, түүний идэш болдог ургамлын ургац эрс багасах болов. Мазаалай говь цөлийн ургамлын үрийг тараах, өвчнөөр үхэж хорогдсон тураг амьтны зэмийг цэвэрлэх, бажууны үндэс ухах явцад хөрсийг сийрүүлэх, хонхорт нь ургамлын үр унаж, ургах таатай орчин бүрэлдүүлэх, баас ялгадасаар хөрсний үржил шимийг тэтгэх, ус хайж, дарагдсан булгийг малтаж “лайдах” зэрэг түүний цөлийн экосистемд үзүүлэх үүрэг нэн чухалд тооцогдоно.
Энэ говийн баавгайн салбар зүйл өөр газар нутагт үгүй тул түүний дэлхий дахины үнэ цэн оршино. Түүнийг удаан хугацаанд мэнд үлдэж, үр удмаа үлдээх боломжоор хангах хамгийн боломжит хамгааллын менежмент бол өөр тааламжтай газар нутагт тухайлбал, Зүүнгарын говь, Монгол Алтайн салбар уулс орчим шилжүүлэн байршуулах, генетик олон янз байдлыг тэтгэхийн тулд өөр салбар зүйл баавгайтай үржилд орох боломжийг тэтгэх зэрэг үйл ажиллагааг дурдаж болох юм.
ХАВТГАЙ
Төв Азийн ангамал цөлд гайхалтай зохицсон тэмээн гөрөөс бол хавтгай. Хавтгай, гэршүүлсэн тэмээ сая гаруй жилийн тэртээ үеэс генетик бүтцийн хувьд ялгаран салжээ. Алтайн өвөр цөлд тархан амьдардаг хавтгайн тоо толгойг 400-700 орчим байгаа хэмээн үнэлсэн байдаг. Хятад улсын нутагт бас 1000 хүрэхгүй толгой бий гэж үздэг. Ингээд нэгтгээд үзвэл, дэлхийд 2000 хүрэхгүй хавтгай идээшин амьдардаг ажээ.
Ингэ 400- 430 хоног хээлээ тээгээд, хавар 3-4 сард нэг ботго төрүүлнэ. Ботго 2-2.5 жил эхийгээ бараадан амьдарна. Ботгоны хорогдол их тул 8-13 хувь нь мэнд үлддэг.
Хавтгайн хүйсээс хамааран нэг жилд дунджаар 12 000-17 000 ам дөрвөлжин км талбайд хэрэн бэлчээрлэдэг ажээ. Зуны улиралд шүүслэг ургамал түлхүү идэх тул ус руу ирэх нь цөөн, харин цасгүй өвөл, хавар, намар 40-80 орчим км туулж ус руу ундаалахаар ирдэг.
Цөлийн экосистемд ургамлын тоос хүртээх, үрийг тараах, ирвэс зэрэг ховордсон ангууч амьтны идэш тэжээлд оролцоно. Тун соргог тул ус руу хамт очдог бусад туруутан амьтдад ангуучаас зугтах дохио, сэрэмж өгдөг.
Тулгамдсан хамгааллын асуудал бол эн тэргүүнд гэршүүлсэн тэмээтэй эрлийзжих үйлдлээс сэргийлэх, задгай усны хомсдол хааяагүй нүүрлэсэн тул худаг шинээр гаргах үйл ажиллагаа юм. Хавтгайг гэршүүлсэн туршлага үр өгөөжтэй байгаа тул зэрлэг сүргээс ботго барьж, цөөн жил хагас зэрлэг байдалд дасгаад, хүний бараанд харьцангуй дассан тохиолдолд түүхэн үед тархан амьдарч байсан Өмнөговь аймгийн баруун сумдын нутагт ус, бэлчээр сайтай газарт хамгаалалтай газар шинээр байгуулж, тэнд шилжүүлэн байршуулах нь зохистой менежмент болно.
МОНГОЛ БӨХӨН
Монгол бөхөн цаа буга, үст заан зэрэг амьтадтай зэрэгцэн амьдарч байгаад, дэлхийн температур дулаарах үед монголын баруун хязгаарт Их Нууруудын хотгорт умард зүгээс шилжин ирж, идээшин нутагшсан мөстлөгийн үеийн үлдвэр туруутан. Дэлхийд өөр аль ч улсад тархан амьдардаггүй монголын унаган зүйл гөрөөс.
Казахстаны бөхөнгөөс галбир, биеийн хэмжээ, амьдрах орчны сонголт, идэш тэжээлээр ялгагдана. Хэрмэл амьдралтай. Энэ оны тооллогын мэдээгээр, 8500 гаруй толгой бөхөн байгаа хэмээн үнэлжээ.
Ган, зуд, халдварт өвчний улмаас сүргийн тоо толгой нэлээд хэлбэлздэг. Монгол бөхөнгийн хэвийн тоо толгой, өсөлтөд ооны эврийг олборлодог хууль бус агнуур, бог малын мялзан зэрэг онцгой халдварт өвчин, хүнд бэрх зуд, малын бэлчээрийн давхцал зэрэг хүчин зүйл онцгой нөлөөлдөг. Бөхөн хамгааллын арга хэмжээнд Их Нууруудын хотгор, Шаргын говийн хотгорын малын тоо толгойг цөөрүүлэх, ундаалдаг задгай уснаас хүний байршлыг хязгаарлах, хулгайн анчдын хууль бус үйлдлийг таслан зогсоох, малыг элдэв халдварт өвчнөөс хамгаалж вакцинжуулах, хүнд өвөл зуд тохиох үед нэмэлт хадлан өвсөөр хангах зэрэг менежментийн үйл ажиллагааг дурдаж болно.
ХАР СҮҮЛТ ЗЭЭР
Хар сүүлт зээр дэлхийн дайд харьцангуй уужим тархацтай цөл, говийн экосистем шүтэн амьдардаг туруутан.
Биеийн хэмжээ цагаан зээртэй ойролцоо боловч, илүү зэгзгэр, турьхан галбиртай. Цөл, говийн хужир марзлаг, уудам цайдам хотгорт харьцангуй суурьшмал амьдралтай. Монгол оронд 60 000 орчим толгой хар сүүлт зээр бий гэж үнэлжээ. Нийт сүргийн тоо толгойн эрс хэлбэлзэл ажиглагдаагүй, харьцангуй тогтвортой. Усны хамаарал харьцангуй бага, шүүслэг ургамал түлхүү иддэгтэй холбоотой. Хуурай улиралд ус руу очно.
Хар сүүлт зээрийн тоо толгойд хүн агнаж, махыг нь хүнсэнд хэрэглэх замаар хамгийн их нөлөөлдөг. Бог малтай бэлчээрийн давхцал харьцангуй бага илэрдэг. Энэ нь түүний сорчилж иддэг ургамлаас улбаатай. Халдварт өвчний улмаас олноор хорогдсон мэдээ тодорхойгүй. Хамгааллын менежментийн чухал арга хэмжээ нь хууль бус агнуурыг зогсоох, хязгаарлахад чиглэгдэх нь зүйтэй. Уул уурхайн томоохон төсөл хар сүүлт зээрийн идээшил нутагтай давхцдаг тул шинээр бүтээн байгуулж буй төмөр замын хамгаалалтын хашаа шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Иймд төмөр замын доогуур хар сүүлт зээр нэвтрэх хонгил гарц олныг барих шаардлагатай. Мал бэлчээрлэдэггүй зэлүүд газар төмөр замын хамгаалалтын хашаа барихгүй байвал зохистой.
ХУЛАН
Хулан нь Төв Азийн цөлийн гандуу экосистемд идээшин амьдардаг зэрлэг илжиг.
Энэ зэрлэг илжиг буюу хулангийн биеийн хэмжээ шүдлэн, хязаалан насны монгол адуутай дүйж очно. Хэрмэл амьдралын хэв маягтай. Нэг хулан жилийн туршид 20 000-40 000 ам дөрвөлжин талбайд ус, бэлчээрийн ургацаас хамааран шилжин бэлчээрлэдэг нь тогтоогджээ. Одоогоор монгол улсад 62,000 гаруй толгой хулан бий гэж үнэлсэн байдаг. Дэлхийн нийт хулангийн сүргийн 80 орчим хувийг монгол хулан бүрдүүлдэг.
Уснаас тун хамааралтай ба хөрсний ус газрын гадаргад ойр байршилтай газрыг гайхалтай мэдрэх бөгөөд түүний цавчиж гаргасан тогоон уснаас тэмээ, хар сүүлт зээр, адуу, үнэг, чоно, тас, хажир, олон зүйл үр идэшт цөлийн жижиг шувууд ундаалдаг. Түүний зэрэгцээ хуланг чоно барьж идэх бөгөөд үлдэгдлээр нь олон зэм идэгчид хооллоно.
Хулан хулгайн агнуурт хамгийн их өртдөг тураг амьтан. Булаг, даац усыг малтай айл эзэгнэх нь түгээмэл. Хулан хамгааллын чухал менежмент нь хууль бус агнуурыг хязгаарлах, зогсоох, уул уурхайн томоохон төслийн дэд бүтэц, ялангуяа төмөр зам доор хонгил гарц олныг байгуулж, замын хоёр тал руу нэвтрэх боломжийг хангах явдал юм. Мал бэлчээрлэдэггүй зэлүүд газар төмөр замын хамгаалалтын хашаа барихгүй байвал зохистой.
ТАХЬ
Тахь бол Монгол улсын нутагт хамаарах Зүүнгарын говьд идээшин амьдарч байсан мөхөөгүй үлдсэн дэлхийн сүүлчийн зэрлэг адуу. Гэвч, уугуул нутагтаа 1960-аад оны сүүлчээр байгальд зэрлэг сүрэг нь устжээ. Бараг гучин жилийн тэртээгээс дэлхий улс орны амьтны хүрээлэнд үржүүлж байсан тахийг уугуул нутагт нь буцаан нутагшуулах олон улсын хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний үрээр одоо 700 орчим тахь монгол орны гурван өөр газарт зэрлэгшин амьдарч байна.
Уснаас нэн хамааралтай. Зүүнгарын говьд сэргээн нутагшуулсан тахь олон булгаас ундаалдаг, мал улирлын байдлаар цөөн хоног бэлчдэг, дархан цаазат газар уудам бэлчээртэй тул мал бусад туруутан амьтдын хоорондын өрсөлдөөн сул илэрдэг. Хомын талд үржүүлж буй тахийн сүрэг Завхан голоос ундаалдаг давуу талтай хэдий ч, хязгаарлагдмал хашаанд бэлчиж байна. Харин Хустай БЦГ-ын эргэн тойрон олон малтай айл жилийн турш нутаглаж, бэлчээрийн доройтол нүүрлэсний зэрэгцээ, газар тариалан зэрэгцэн оршиж байгаа нь бэлчээрийн орон зайг хумигдахад хүргэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас олон булаг, шанд ширгэж, тахь ундаалдаг хоёрхон булаг үлдсэн тул тахийн олон сүрэг, мөн бугын тоо толгой олширсны улмаас өрсөлдөөн эрчимтэй нэмэгдээд байгаа юм.Туул голын хөндийд хавраас өвөл хүртэл бэлчээрийн тэтгэх даацаас хэтэрсэн олон мал байнга сэлгээгүй бэлчиж байгаа нь талхигдалд хүргэж, улмаар үлийн цагаан оготно тархан олшрох нөхцлийг бүрдүүлж байна.
Нэг талаас, тус байгалийн цогцолбор газрын эзлэх талбай бага, нөгөө талаас эргэн тойрон хүний суурьшил, дэд бүтэц, газар ашиглалтын олон ялгаатай хэлбэр зэрэгцэн оршиж буй нь тахь тааваар тархан идээшихэд саад болж байгаа ажээ. Мөн хамгаалалт сайтайн улмаас буга олширч, бэлчээрийн гол өрсөлдөгч болоод байна.
Та бүгдэд дэлгэн танилцуулсан мэдээллээс дүгнэж үзэхэд, цөл говийн баавгайд тоо толгой хэт цөөрснөөс улбаатай генетик бүтцийн ядмаг байдал, амьдрах орчны нөхцөл, түүний тэтгэх даац буурч, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг тусгал, хүндрэл хавсарсан байдлаар илүү эрч далайцтай нөлөөлж байгаа тул хүний үйл ажиллагааны идэвхтэй, өгөөжтэй оролцоо зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна.
Түүний зэрэгцээ, хавтгай тэмээн гөрөөсний хувьд мазаалайтай ижил амьдрах орчинг шүтэх тул усны хомсдол мөн адил нүүрлэхийн зэрэгцээ, гэршүүлсэн тэмээтэй эрлийзжих үзэгдэл бодитой байгаа нь сая гаруй жилийн тэртээ тусгаар зүйл болж салсан өвөрмөц генетик бүтэц уусан алга болж, улмаар олон тоо толгойтой гэрийн тэмээний ген агуулсан эрлийз удам түрж олшрон, зэрлэг тэмээн гөрөөс дэлхийгээс эгнэгт аажим мөхөх аюул нүүрлэж буй.
Иймд хавтгайг барьж гэршүүлэн хүнээс үргэж, алс дайжихгүй болтол нь хүнтэй ойр дөт хандаж байгаад аядуу зөөлөн буцааж байгальд суллан тавих туршлагыг цаашид өргөжүүлэх нь зүйтэй гэж хэлэх байна. Одоо байгаа эрлийз удмын бэсрэг хэмээн нэрлэдэг тэмээний бүртгэл, мэдээллийн суурийг тавьж, эрлийз буурыг агтлаж, цаашид үржихийг хязгаарлах, эрлийз удмын тэмээнд паспорт-баримт олгож баталгаажуулах, иргэд хоорондын солилцоо, арилжааг хянахад тустай юм.
Монгол бөхөн, тахийн хувьд, нийтлэг тулгарч буй үндсэн асуудал нь тухайн газар нутгийн бэлчээрийн тэтгэх даацаас хэтэрсэн олон мал адгуулж, бэлчээрийг доройтуулж буй нь тэдний амьдрах, идээшил нугийг хумих, өгөөжийг нь бууруулах, өрсөлдөөн, элдэв малын халдварт өвчин дамжин халдварлах нөхцлийг бүрдүүлж байна. Тэгвэл, бэлчээрийн тухай хууль шинээр батлаж, үүсээд буй бэлчээрийн харилцааг зохицуулах, малын тоог хязгаарлах менемент шаардлагтай ажээ.
Бөхөнгийн тухайд хууль бус агнуурыг зогсоох хуулийн хүрээнд ялын бодлогыг чангатгах зэрэг хууль, эрх зүйн орчны асуудал тулгарч байна. Харин хулан, хар сүүлт зээрийн тухайд уул уурхайн дэд бүтэц, ялангуяа шинээр барьж буй төмөр замын доогуур хоёр тийш амьтад бэлчээр, ус руу нэвтрэх боломж олгох, хонгил гарц олныг барих нь маш чухал хамгааллын менежмент болно. Дурдсан хоёр зүйлийн тухайд хууль бус агнуур тоо толгойг хязгаарлах хүний нөлөө давамгайлж байдаг учир хуулийн ялын бодлогыг чангатгах, байгаль хамгаалагчийг чадавхжуулах, мөн ажиллах нөхлийг сайжруулах асуудал чухалд тооцогдоно.
ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6 АМЬТДАА ХАМГААЛЦГААЯ!