gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.16
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнх цэвдэг хайлж дуусахад Монголын ой хатна

Нийгэм
2008-03-17
0
Twitter logo

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Эко танхим” ээлжит уулзалтаа зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад ШУА-ийн дэд ерөнхийлөгч, “Төв Азийн цөлжилтийн асуудлууд” олон улсын төслийн Монголын зохицуулагч, профессор Н.Алтансүх, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, доктор Ж.Ундармаа, Ус, цаг уурын хүрээлэнгийн захирал, доктор Д.Аззаяа, Шинжлэх ухааны сэтгүүлчдийн клубийн захирал  Ш.Батмөнх нар уригдав. Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Монгол орны цөлжилтийн талаар хэр их судалгаа байдаг юм бэ? 
Н.Алтансүх: Хангалттай их. Гэхдээ одоогийн байдалд үнэлгээ өгсөн судалгаа байдаг. Жишээ нь, хэдэн мянган гол горхи, булаг ширгэлээ гэх мэт. Ер нь энэ талаар ярихгүй, мэдэхгүй хүнгүй болчихсон шүү дээ. “Төв Азийн цөлжилтийн асуудлууд” олон улсын төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Санаачлагч нь Монгол, Орос, Хятад улсын ШУА юм. Эхний ээлжинд бид  мөсөн гол, ус, ургамал, хөрс, их нууруудын ёроолын хурдсын өөрчлөлтийг маш нарийн судална. Хөвсгөл, Байгаль нуурын ёроолд судалгаа хийж байгаа. Үүгээр ямар үед дулаарч, ган болж байсан нь графикаар гараад ирнэ. Одоогийн байдлаар Төв Азийн 400-500 жилийн уур амьсгалын өөрчлөлтийг судалж байгаа.

-Монгол орны уур амьсгал цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар Ус, цаг уурын хүрээлэн ямар дүгнэлт гаргаад байна вэ?
Д.Аззаяа: Уур амьсгал үнэхээр өөрчлөгдсөн гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, хэлбэлзэл гэдэг хоёр өөр ойлголт юм. Тодорхой хугацаанд гажаад буцаж хэвэндээ орж байгаа үзэгдлийг бид хэлбэлзэл гэдэг. Харин өөрчлөлт нь  эргэж хэвэндээ орохгүйгээр үлдэхийг хэлээд байгаа юм.

Монгол орны хувьд жилийн дундаж температур 1.9 градусаар дулаарсан гэсэн албан ёсны судалгаа бий. Дулаарал цаашид энэ эрчээрээ нэмэгдэнэ. Бид 30, 30 жилээр багцалж 2100 он хүртэл судалгаа хийсэн. Эхний жилүүдэд 2-3,  6-7 градусаар Монгол орны уур амьсгал дулаарна. Гэхдээ хур тунадасны хэмжээ  эхний болон дараагийн 30 жилд нэмэгдэх төлөв гарсан.

-Яагаад нэмэгдэнэ гэж. Хуурайших юм биш үү?
-Учир нь дулааралтай холбоотойгоор мөнх цэвдгийн гэсэлт ихэснэ. Нөгөө талаар мөсөн голуудын талбай багасах, нимгэрэх шинж тэмдэг ажиглагдсан. Үүнтэй холбоотойгоор хур тунадас нэмэгдэнэ. Тухайлбал, Увс нуурын түвшин одоо нэмэгдсээр байгаа. Энэ нь цэвдгийн огшилттой холбоотой. Судалгаагаар Монгол орны цэвдгийн  хэмжээ 2080 он гэхэд таван хувь болж буурна.
 
Ш.Батмөнх: 1979 оноос хойш Хойд мөсөн далайд 70 мянган кв.км мөс жил бүр хайлж байна. Ингэж их хэмжээгээр мөс хайлж байгаа явдал мэдээж уур амьсгалын дулааралтай холбоотой. Иймд дэлхийн шинжлэх ухааны сэтгүүлчид нэгдэж дөрөвдүгээр сард Хойд мөсөн далайд аялал зохион байгуулахаар болсон. Аяллын үр дүн, мөсөн далайн хайлалт, өөрчлөлтийн талаар ирэх намар нэлээд тодорхой зүйлийг ярьж болох юм.

-Мөнх цэвдэг багассаар бүр хайлж алга болбол яах вэ?
Н.Алтансүх: Монгол орны мод яагаад  уулын ард ургадгийг мэдэх үү. Учир нь нар тусахгүй газар  цэвдэг байдаг. Чухам үүн дээр л мод ургадаг. Түүнээс биш газрын гүнээс ус чийг аваад ургаад байгаа юм биш. Хэрвээ 2080 онд мөнх цэвдгийн хэмжээ таван хувьд хүртэл буурвал Монгол модгүй болно гэсэн үг.

-Тэгээд яах ёстой юм бэ. Хэрвээ Монголын мод мөнх цэвдэг дагаж ургадаг бол тариад ч нэмэргүй юм биш үү? 
Д.Аззаяа: Хамгийн гол нь ус чийг багатай газар дасан зохицож ургах чадвартай мод тарьж эхлэх  хэрэгтэй. Одоогийн байдлаар манай орны цэвдгийн хэмжээ 65.6 хувийг эзэлж байна. Цэвдэг бол Монголын онцлог. Хэрэв алга болбол ой хатна. Тэр үед ус л хэрэгтэй. Гэтэл бид усаа, байгалиа өөрсдөө үгүй хийж, устгасаар байна шүү дээ.

-Монголоос дэгддэг шар шороон шуурга олон оронд хохирол учруулж байгаа талаар ярих болсон. Үүнээс үүдээд манайд янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Хэр үр дүнтэй ажил гэж бодож байна вэ?

Н.Алтансүх:
Шар шороон шуургыг Монголоос гараад байгаа мэтээр ойлгодог. Япон, БНСУ-д очоод байгаа шар шорооны дийлэнхийг манайхаас дэгддэг гэж ярьдаг. Үүнийг бид гайхуулж байгаа мэт ярьж, бичдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Өвөр Монгол, Шинжаан гээд шороон шуурганы жинхэнэ голомт газрууд байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шуурга дэгддэг таван том үүсвэрийн нэг нь Монголд хамаатай гэдгийг тогтоосон. Дундговь, Өмнөговийн урд хэсэгт энэ голомт бий.

Ж.Ундармаа:
Японы цөл судлалын хүрээлэн сүүлийн үед цөлжилтийн талаар багагүй ажил хийж байгаа. Тус хүрээлэн Японд очдог шороо Монголоос ирж байна уу, эсвэл өөр газраас уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Судалгаагаар шар шороон шуурганы таван эх үүсвэр байгааг тогтоож, харьцуулсан зураг гаргасан. Алтансүх захирлын хэлснээр Монголд ганцхан эх үүсвэр, үлдсэн нь Хятадын умард хэсэг тэр чигээрээ орж байгаа юм.

-Тэгэхээр солонгос, япончуудыг сандаргаад байгаа түйрэн манайх биш болж таарах нь ээ?
-Хятадын эрдэмтэд энэ талаар маш нарийн судалж байгаа. Тэдний дүгнэлтээр Хятадаас хийсч байгаа шорооны 50 орчим хувь нь эргээд өөрийнх нь нутаг дээр буудаг аж.
Тэгээд ч газар нутгийн хувьд том учраас манайхаас их шороо босох нь тодорхой. Харин Монголоос хийссэн шороо баруун хойноос зүүн урагш чиглэсэн салхины урсгалтай холбоотой. Мөн Хангай, Хэнтийн нуруунаас, Орхон, Сэлэнгийн сав газраар хойноосоо урагшаа чиглэсэн салхины бас нэг хүчтэй урсгалаар шороо босч байдгийг тогтоосон. Энэ хоёр урсгал Арц Богдын хоолойгоор урсдаг. Ингэхдээ газрын хөрсний өнгөн хэсгийг хийсгэчихдэг юм байна. Эндээс хийссэн шорооны 90 хувь нь Зүүн хойд Азийн орнуудад очоод байна гэж үздэг. Яг хэдэн хувь нь Солонгос, Японд очдог болох нь тогтоогдоогүй.

-Шар шороон шуурганы талаар манайхны судалгаа хэр олон байдаг юм бол?
-Шар шороон шуурга гэдэг нэр томъёон дээр хэлэх юм байна. Шар гэдэг нь ханзтайгаа холбоотой, шар элс гэж бичээд, гадаадынхан өнөөхийг “yellow” гэж англиар хөрвүүлдэг. Манайхан орчуулахдаа шар шороон шуурга гэдэг. Уг нь бол ухаа юм л даа, улаан шороо гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр л шороон шуурга гэж ярих нь илүү зохимжтой.

Н.Алтансүх: Бээжин орчимд үүссэн шороон шуурга 600, Солонгост 2000, Японд 5000 метрийн өндөрт хийсдэг. Гэтэл манайд тийм биш. Өнөөдөр шороон шуургыг атар газартай их холбож байна. Энэ өөр ойлголт. Атаршсан талбай их байгаагаас шороо үүсээд байгаа мэтээр ярих нь буруу.

Д.Аззаяа: Сүүлийн жилүүдэд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, тунадасны хэмжээ буурсан. Ялангуяа хүчтэй салхи шуурганы тоо нэмэгдсэн. Урд жилүүдэд үзэгдээгүй хэт халалт өнгөрсөн оны зун Монгол орны нийт нутгийг хамарсан. Нийт есөн өдөр хэт халлаа. Түүнчлэн бороо зүсэрч орохоо бараг больсон. Хүчтэй аадар бороо богино хугацаанд ороод өнгөрч байна. Шороон шуургатай өдрийн тоо ихэссэн. Хээрийн, цөлийн хээрийн бүсэд хийсэн судалгаагаар шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин нэмэгджээ.

Ж.Ундармаа: Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар ихэвчлэн гадаадын шинжээчдийн баг манайд ажиллаж, газар дээр нь очиж судалгаа хийсэн. Судалгааны зорилго Зүүн Азид очдог шороо Монголынх мөн үү, биш үү гэдгийг тогтооход байсан юм. Үүний дүнд Монгол орны төв болон өмнөд хэсэг үнэхээр шороон шуурганы голомт байна гэж үзсэн.

-ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийнхөн ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
-Манай хүрээлэн, Японы “Жайка”, Цүкүбагийн байгаль орчны хүрээлэнтэй хамтраад шороон шуурганы эх үүсвэр, хэмжээ зэргийг тогтоохоор ажилласан. Энэ үеэр манай орны ургамлан бүрхэвч цөөрсөн, хөрсний өнгөн хэсэг ямар нэгэн хэмжээгээр элэгдэл, эвдрэлд орсон судалгаа гарсан. Мөн механик гэмтэлд өртөж, ургамалгүй болсон хөрс шороон шуурганы эх үүсвэр юм гэдгийг тогтоолоо. Олон улсын шинжээчдийн эцсийн дүгнэлт удахгүй гарна. 
Манайхан элсний нүүдэл болж байна гээд хаа нэгтэйгээс хийсээд ирсэн мэтээр ойлгодог. Тийм биш шүү дээ. Үржил шимтэй хэсэг нь салхинд хийсээд явчихаар элс үлдчихэж байгаа юм. Элс хүнд болохоор хийсдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, элс эхлээд салхинд хийсч эргээд буухдаа хөрсний үржил шимтэй, өнгөн хэсгийг эвдэж, жижиг хэсгүүдийг өндөрт хөөргөж шороон шуурга үүсгэдэг. Энэ нь цаашлаад Япон, Солонгост очихоороо түйрэн болж хувирдаг юм байна л даа.

-Үржил шимтэй хэсгийг өндөрт хөөргөхгүй байх ямар арга байна вэ?
Н.Алтансүх: Үржил шимтэй хэсэг хийснэ гэдэг гамшиг. Хамгийн үржил шимтэй хэсэг нь хийсээд явчихаар  манай орны хувьд маш их хор хохиролтой. Эндээс дэгдсэн шороо Хятадын агаар дахь хүчлийг өөртөө шингээгээд цааш хийсдэг байна. Энэ нь Солонгос, Японд очихоороо хүчилтэй шороо болж унадаг.

      Байгаль хамгаалалд ДНБ-ий нэг хувийг зориулах хэрэгтэй
Ж.Ундармаа: Шороон шуургыг зогсооё гэвэл ургамлан нөмрөгтэй байх л чухал. Гэхдээ дан мод тарина гэж ойлгож болохгүй. Монгол орны хөрсний ууршилтын хэмжээг 1.5 хувиар багасгаж чадах юм бол хэрэгцээнийхээ бүх усыг хангаж чадна гэсэн цаг уурчдын судалгаа бий.
Д.Аззаяа: Манай орны хувьд орж байгаа тунадасны хэмжээ ууршилтаасаа бага байдаг. Тэр хэмжээгээрээ гүний усны болон гадаргын усны нөөц багасдаг. Тэгэхээр ургамлан нөмрөгтэй байвал ууршилтыг тодорхой хэмжээгээр багасгаж, чийгийн алдагдлыг бууруулах боломжтой.

-Хүний хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Нэгэнт бүрхэвчгүй болсон газрыг хүн л сэргээж чадна. Ямар арга илүү үр дүнтэй байдаг юм бол. Манайхан мод тарьчихвал болох юм шиг ойлгодог?
Н.Алтансүх: Дэлхийн банкны үзсэнээр жилд 350 тэрбум ам.долларыг байгаль хамгаалахад зарцуулсны дүнд хүлэмжийн хийг багасгаж чадна гэжээ. Бидний тооцоогоор Монгол Улс ДНБ-ий ядаж нэг хувийг байгаль орчныг хамгаалахад зарцуулах хэрэгтэй. Ийм өөрчлөлт хийх цаг болсон. Өнөөдөр зөвхөн  атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 123 тэрбум төгрөг шаардлагатай байна шүү дээ.

Ж.Ундармаа: Тарьж ургуулна гэдэг маш хүнд. Их хэмжээний хөрөнгө мөнгө, хөлс хүч шаардана. Манай орны нийт нутгийн дийлэнхийг бэлчээр эзэлдэг. Тэгэхээр бэлчээрийг ургамлан нөмрөгтэй болговол хөрсний доройтлыг багасгаж болно. “Жайка” олон улсын байгууллага, манай хүрээлэнгийнхэн хамтран бэлчээрийн зохистой ашиглалтын талаар судалгаа хийсэн. Бараг айл бүрээр орж, бэлчээрээ хуваарилж ашиглах талаар ухуулсан. Үүний дүнд зөв ашиглаж чадвал ургамлан бүрхэвч нэмэгдэж байгаа нь харагдсан.

Д.Аззаяа:
Цөлжилт урт хугацааны зүйл. Ургамлын бүлгэмдэл өөрчлөгдөөд байвал цөлжилт явагдаж байна гэж үздэг. Гол нь энэ талаар нарийн судалгаа хийх хүрээлэнтэй болмоор санагддаг.

Н.Алтансүх: Жишээ нь, БНХАУ-ын судалгааны багаж, тоног төхөөрөмжийн нэг нь ч манайд байхгүй. Цаашид Монгол Улс цөлжилт судалдаг эрдэм шинжилгээний  хүрээлэнтэй байхгүй бол болохгүй. Уг нь манай эрдэмтэд цөлжилтөөс хамгаалах арга технологийг бүгдийг судлаад, туршаад үзчихсэн. Гэвч хөрөнгө нь байхгүй болохоор хийдэггүй.

Нэг жишээ татъя. 1860-1870 онд Европ тивийн 50-70 хувь элсэнд хучигдсан. Ийм явдал тухайн үед хоёр ч удаа тохиолдсон гэдэг. Гэтэл одоо Европын аль ч орон нов ногоон л байна шүү дээ. АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй.  Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж сайжруулсан. Эндээс харахад хүмүүс цөлжилт, хуурайшлын эсрэг ямар нэг зүйл хийж, тэмцэж байгаа биз дээ. Харин монголчууд цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөд л бурууг тохчихдог. Бэлчээрийн даац хэтэрсэн, ямааны тоо толгой нэмэгдсэн гэж байнга ярьдаг ч өнөөдрийг хүртэл үүний эсрэг юу ч хийсэнгүй.

-Цөлжилт үүсгэж байгаа хамгийн гол хүчин зүйл юу вэ?
Д.Аззаяа: Уур амьсгалын өөрчлөлт, бас хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байна.  Манай орны жилийн дундаж температур 1.9 градусаар нэмэгдсэн. Түүнчлэн жилд орох тунадасны хэмжээ буурч, орчны доройтол ихэсч байгаа. Салхины хурд өмнө талын хэсэгт олон жилийн дунджаас нэмэгдсэн байгаа. Хүн ам цөөн болохоор манай оронд болж байгаа үзэгдлийг гамшгийн хэмжээнд авч үздэггүй.

-Академийн зүгээс ямар ажил хийж байна вэ?
Н.Алтансүх: Судалгааны ажил мөнгө төгрөгтэй холбогдоод ирэхээрээ хэцүү байдаг юм. Саяхан цөлжилтийн талаар хийсэн судалгаа, цаашид яах ёстойгоо бичээд УИХ-ын гишүүдэд хүртэл тарааж үзлээ. Жил болгон ийм ийм юм хиймээр байна гээд захиалга өгнө. Гэтэл төслүүд буруу гараар ороод, хүртэж чадахгүй байна.

-Ургамлан бүрхэвчтэй болгоход мод тарих тустай гэж ойлгодог. Ногоон хэрэм байгуулна гэдэг. Энэ хөтөлбөр үр шимээ өгөх болов уу? 
Н.Алтансүх: Суурин газруудад мод хэрэгтэй. Хүн арчилж, тордож байж л ургана шүү дээ. Өвөр Монголын нэг гашуун сургамж байдаг. Голынхоо эргээр мод тарьчихсан чинь ус нь ширгэсэн. Мод ус их хэрэглэдэг болохоор тэр. Цаашдаа сумын төвийг холбосон замын хоёр талаар ч юм уу тарих хэрэгтэй. Ингэж байж л мод тарих ажил урагшилна. Түүнээс бус  хэсэг газар хэдэн ширхэг мод тариад Ногоон хэрэм байгуулна гэвэл бүтэхгүй. Хайран хөрөнгө.

Ж.Ундармаа: Мод тариад ургууллаа гэхэд эргэн тойрон 20 метр газар ямар ч өвслөг ургамал ургаагүй жишээ бас байдаг. Модны үндэсний систем хүчирхэг болохоор хөрсний бүх чийгийг шингээж аваад ууршуулчихдаг. Харгана тарихад 15 метрт юу ч ургаагүй. Тэгэхээр манай судалгаагаар малын бэлчээрийг зохицуулахад ургамлан бүрхэвч сэргээд ирдэг. Тэгэхээр модыг маш зөв бодлогоор тарих хэрэгтэй. Ялангуяа говийн, хээрийн бүсэд мод таривал эргээд сөрөг үр дагаварт хүрч болох юм. Харин өмнө нь мод ургаж байсан, хүний хүчин зүйлээс болоод ургахаа больсон газар илүү үр дүнтэй.

Н.Алтансүх: Түүнээс гадна экологи ярих дуртай, бас энэ асуудлыг улстөржүүлдэг хүмүүсээс эхлээд хэдэн мод тарьсныг, түүний хэд нь ургасныг асуумаар санагдаад байдаг юм.

Д.Аззаяа: Ер нь хүн усаа дагаж суурьшдаг. Монгол орны уур амьсгал энэ янзаараа өөрчлөгдөөд байвал цаашид бид Орхон, Сэлэнгийн сав газраар л амьдарна гэж үзэж болно.

Б.Ариунаа, Ц.Цэвээнхэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан