2000 онд, хотын захиргаанаас түүнд “XXI зууны анхны өвлийн өвгөн”-ий өргөмжлөлийг Сүхбаатарын талбай дахь “Мөсөн хотхон”-д гардуулсан юм. Магадгүй, түүний хувьд хамгийн том бахархал нь энэ байх.
“Би их азтай хүн. Миний багш, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн маань ХХ зууны өвлийн өвөө. Харин би ХХI зууны өвлийн өвгөн. Миний бие энэ хорвоо ертөнцөөс бурхны орон руу очиход, “ХХ зууны өвлийн өвгөн нь Г.Гомбосүрэн, ХХI зууных нь түүний шавь, Гавьяат жүжигчин З.Жарантав байжээ” гэж түүхэнд дурсагдана. Үүгээрээ би азтай хүн” гэж тэрээр өгүүлсэн юм.
Урлагт 50 илүү жил хүчин зүтгэж яваа, 30 гаруй киноны дүрийг амилуулсан, Монголын алтан үеийнхний отгон гавьяат З.Жарантав гуайг уншигчидтайгаа уулзуулахаар өнгөрсөн баасан гаригийн орой товлосноороо “Чингис” зочид буудлыг зорилоо.
Оны шилдэг хүмүүс, шилдэг хамт олныг нэг дор цуглуулсан шинэ жилийн баяр эхлээд удаагүй байна. Хажуугийнх нь хувцас солих өрөөд З.Жарантав гуай нүүрэндээ оо энгэсгээ түрхэж, сахал, үсээ зүүж суухад нь бид очиж таарлаа. Биднийг хараад баярлаж байгаа нь илт. “Зууны мэдээ” сониныхон надаас сурвалжлага авахаар ирсэн байна” хэмээн хажуудаа байгаа хүмүүст биднийг танилцууллаа.
Баяр болж байгаа танхим руу орохоос өмнө, нүүрээ будаж суух зуураа тэрээр яриагаа эхлүүлэв. “1980 онд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн магш минь надад, “Би төв зөвлөлийн өвгөнийг барахгүй нь ээ. Пионерийн ордны өвгөнд тоглочихоод нааш, цааш явах хэцүү байна. Тиймээс миний хүү өвгөн бол” гэсэн. Тэгээд надад ийм үг үг өгсөн юм. “Цантын цагаан уулын Цал буурал толгойтой өвлийн өвгөн аав нь Амжилт бүтээлийн эзэд болсон хүүхдүүддээ бэлгээ гардуулъя” гэж. Бас намайг биеэ эрүүл чийрэг байлгаарай гэсэн. Өвлийн өвгөн таяг тулсан салга өвгөн байж болохгүй. Цас мөсний орноос цана чаргаар ирж байгаа хүн маш чийрэг байхгүй бол үхчихнэ шүү дээ /инээв/. Өвлийн өвгөн гэдэг хүн ардын, ялангуяа хүүхдийн мөрөөдөл байдаг. Тиймээс өвлийн өвгөний дүрийг сонгодог маягаар хийх учиртай” гэлээ.
-1980 онд, одоогоос 32 жилийн өмнө та багшаасаа өвлийн өвгөний халааг авч байсан гэхээр цэл залуухнаараа цал буурал өвөөгийн дүрд тоглож эхэлжээ?
-Тийм ээ. Та нар санаж байгаа байх. Чимэд-Осор гуай, манай “улаан малгайт” Лувсанжамц гуай хоёр их залуудаа “Цогт тайж” киноны хоёр өвгөний дүрд тоглосон.
-Одоо уух уу?
-Арай болоогүй ээ хө гээд л. Тэгээд бод доо. Жүжигчин хүн залуу байсан ч хөгшин дүрд тоглодог, хөгшин байсан ч залуу хүний дүрд тоглож чаддаг байх ёстой.
Ийн ярилцаж суутал шинэ жилийн ёслолын ажиллагааны оргил үе ирж буйг танхимд зарлаж, өвлийн өвгөн маань бэлтгэл байдалдаа орохоор суудлаасаа ухасхийлээ. Түүний өмнө баярт уригдаж, ая дуугаа өргөчихөөд гарч ирж буй “Монголын нэг өдөр” хамтлагийн дуучин Д.Энхзаяа өвлийн өвгөнийг хармагцаа, “Жарантав гуай, та шүү” хэмээн хашгирсаар хувцас солих өрөөнд хоцров.
З.Жарантав гуай түүн рүү харж инээмсэглэснээ, цагаан нөмрөгөө дэврүүлж, гараа далласаар сэмбэлзтэл алхан танхим руу явж орлоо. Мэдээж, чих шуугим алга ташилт, нүүр дүүрэн баяр баясгалан цацруулсан орчин түүнийг угтана. Сонгодог хоолойгоор толгой холбон хэлэх өвлийн өвгөний мэндчилгээ хүн бүрийн толгойд “Нээрээ л шинэ жил ирж байна шүү дээ” гэж санагдуулахаар тийм сэтгэл хөдөлгөм юм.
Оны шилдгүүдэд шагнал гардуулах үед,
“Гэрэлт номоор ухаан чинь сийгэж
Гэгээн хүслээр гэр чинь гийж явах болтугай”,
“Уран гоё авьяасаар гоё
Ухаан мэдлэгээр тархиа гоё”,
“Тэнгэрлэг бүхний тэргүүн нь яваарай, миний хүү” гэх мэт алт шиг үгс өвлийн өвөөгийн амнаас давхцахг үйгээр урсах аж.
Нэг ширээнд нь дан гавьяатууд заларсан байна. Тэрхүү хүндэт ширээнээс босч ирсэн, зуузайндаа угалзарсан шар шигтгээ бүхий гоёмсог гуталтай Гавьяат жүжигчин Г.Хайдав гуайг тайзнаа гарч ирж ая дуугаа өргөхөд өвлийн өвгөний сэтгэл тийм гэхийн тэмдэггүй хөдөлж байгаа нь илт. Тайзны ард зогсож байсан манай сурвалжлах багийнхныг дуудсанаа, “Ахынх нь цүнхний халаасанд нэг диск бий, аваад ир. Нэг дуулчихдаг юм бил үү” гэж байна. Өвлийн өвгөний хөтөлбөрт ийм төлөвлөгөө байгаагүй ч, түүний өөрийнх нь хэлснээр Монголын сонгодог урлагийн эцэг болсон, өдгөө 88 настай Г.Хайдав гуай З.Жарантавын сэтгэлийг ийн хөдөлгөсөн нь энэ.
“Тэр бол Монголын ард түмэнд сонгодог урлагийг дэлгэн тавьсан хадаг” гэж бас нэмж хэлэв. Ингээд Г.Хайдав гуайг эхний дуугаа дуулж дуусмагц, өвлийн өвөө маань, “За, өвгөн аав нь нэг дуулчихаад явъя. Хайдав миний хүү үлдээд дуул” гэлээ.
“Би 90 дөхөж яваа энэ сайхан буурлыг хараад баярлахгүй байж чадахгүй нь. Энэ сэтгэлээ илэрхийлээд нэг ая барина аа” гэснээ тайзны дор сууж байсан DJ-д хандан, “Гурав дахийг нь” гэлээ. Хөнгөн хөгжмийн ая эгшиглэж, “Хангай шиг түшигтэй аав минь намайгаа Хайрандаа дээдэлж өсгөлөө” хэмээн дуулахдаа тэрээр “маангаа” татах нь хөнгөн шингэн гэж яана. Ингээд өвлийн өвгөний энэ өдрийн эхний ажил дууслаа. Дараагийн ажил нь түүнийг нь “Модны хоёр”-ын тэндэх “Amur” ресторанд хүлээж буй. Тийшээ яарсаар гарч машинд суух мөчид өвлийн өвөөгийн гар утас хангиналаа. Цасан охид нь ярьж байна. “Та нар минь яагаад хоцорчихов оо. Утаснууд чинь болохгүй юм. Би нөгөө дугаарыг чинь мэдэхгүй шүү дээ. За одоо очиж байна” гэсээр утсаа салгалаа. З.Жарантав гуай дөрвөн цасан охинтой. Хоёр нь өөр тоглолтод оролцож байгаа учир “Amur”-т болж буй “Петровис” компанийн шинэ жилд Жарантав гуай хоёр цасан охинтойгоо очих нь. “Миний цасан охид ямар хөөрхөн гээч” хэмээн тэрээр зам зуур тэднийгээ магтана. Өвлийн өвгөнийг хоёр дахь баяртаа ирэхэд цагийн зүү 23:00-ыг зааж байв. Хоёр цасан охин аль хэдийнэ ирчихсэн түүнийг хүлээж байлаа. Тэд мэргэжлийн бүжигчид, дээд сургуулиа төгссөнөөс хойш З.Жарантав гуайтай хамтдаа найман жилийн турш цасан охин болж байгаа гэнэ.
Бид өвөл цасан охид. Харин цас хайлснаас хойш Жарантав гуай руу ярихаараа, “Чавганц нь байна аа” гэдэг юм. Зун цасан охин, өвгөний аль нь ч байхгүй учраас тэр” гэж цасан охид өгүүлэв.
Биднийг ийн ярилцаж байх зуур, баярын эзэд өвлийн өвгөнөө хүлээж авахад бэлэн болсноо зарлалаа.
“Үүлтэй тэнгэрийн доогуур
Үзүүртэй модны дээгүүр
Цана чаргаа хөлөглөсөөр
Цасан охидоо дагуулсаар
Цасан өвгөн ирлээ...” Өнөөх л халуун алга ташилт тэднийг угтав. Үдэн гаргах алга ташилт түүнээс хэд дахин чанга. “Ийм алга ташилт бидэнд ямар их эрч хүч, урам өгдөг гээч” гэж тэд бидэнд хандан хэлээд хувцас солих өрөө рүү явлаа. “Дараагийн арга хэмжээ “Сүнжингранд”-д болж байгаа. Даанч хоцорчихлоо. Цаг хэтэрхий орой болчихжээ” гэсээр өвлийн өвөө маань энэ өдрийн ажил дууссаныг цасан охиддоо хэлэв. Ашгүй, бидэнд ингэж “Амьдралын тойрог”-ийн гол баатартайгаа тухтайхан ярилцах боломж олдлоо. Биднийг ярилцах зуур цасан охид нь түүнийг гэрт хүргэж өгөхийн тулд тэвчээртэй хүлээж суусан юм.
“ҮНЭГҮЙ ТОГЛООД ӨГӨӨЧ ГЭЖ БАЙГАА НЬ УРЛАГИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХЭРЭГ”
-Өвлийн өвгөний эрэлт хэзээнээс эхэлж байна вэ?
-Арав, арваннэгдүгээр сараас хүмүүс захиалга өгчихдөг. Би өөрөө өвлийн өвгөнд тоглоно гэж зарладаггүй юм. Заримд нь очиж чадахгүй, зарим өдөрт тав, зургаан шинэ жилд очих урилга ирдэг. Өдөрт гурав, үсрээд л дөрвөн шинэ жилд очиж амждаг.
-Он гарахад гэртээ байж амждаг уу?
-Амжихгүй. Шөнийн нэг, хоёр цагийн үед харина. Он гарахад ч, бусад баяр ёслолоор ч гэртээ байна гэж ер нь үгүй. “Өвлийн өвгөн”-ий цаг дууслаа гэхэд хөгжмөө бариад, илбээ хийгээд л явчихна.
-Таныг өсгөсөн ээж, аав арван хүүхэд төрүүлсэн ч хүн болоогүй учир таныг тогтоож үлдээхийн тулд Жарантав гэдэг нэр хайрлаж байсан гэдэг. Одоо таны үр ач олуулаа биз?
-Дөрвөн хүүхэд бий. Арав гаруй ач, гуч байна.
-Тэдэн дээрээ өвлийн өвгөн болж очиж байсан уу?
-Очдоггүй. Нэгдүгээрт, зав байдаггүй. Хоёрдугаарт, тэд намайг мэддэг байхгүй юу. Намайг гэрээсээ өвлийн өвгөний хувцсаа өмсөөд гарахаар, “Өө, манай өвөө ингэдэг юм байна шүү дээ” гэдэг юм. Нөгөө талаар телевизээр өвлийн өвгөнийг сахлаа ингэж наадаг гээд л бүгдийг нь гаргачихаж байна. Өвлийн өвгөн аавыг ингэж устгаж болохгүй л дээ.
-Өвлийн өвгөн хүүхдүүдийн хувьд үнэн байх ёстой гэж үү?
-Яг тийм. Гэтэл телевизээр тэр өвлийн өвгөн болдог юм, ингэж сахлаа наадаг юм гээд л хүүхдүүдийн сайхан сэтгэл, итгэл үнэмшлийг гутаачихдаг. “Өвлийн өвгөн аав цонхоор ороод ирсэн, тэгээд бас л цонхоор гараад явчихсан” гэж хүүхдүүдийн ярихыг сонсоход хэчнээн хөөрхөн байдаг гээч.
-Нууц биш бол таны нэг удаа өвлийн өвгөн болох ханш хэд байдаг вэ?
-Зохиолын дуучид хамгийн багадаа 300 мянга байна. Өвөрмонголын дуучин Тэнгэр гэхэд л нэг дууг 40 мянган юаниар дуулдаг гэж байгаа юм. Бид тэгж чадахгүй шүү дээ.
-Үнэгүй тоглоод өгөөч гэсэн саналууд ирдэг байх. Та ийм саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Найз нөхдөдөө очихоос яах билээ. Гэхдээ энэ чинь доромжлол. Жарантавыг биш, урлаг гэдэг аугаа үнэтэй зүйлийг доромжилж байгаа юм. Уран бүтээл хүний дотоод ертөнцөөс гарч байгааг ойлгодоггүй хүмүүс л тэгж байгаа юм.
-Өвлийн өвгөн эрүүл байх ёстой гэлээ. Тэгэхээр та эрүүл мэнддээ хэр анхаарч байна?
-Архи уудаггүй, тамхи татдаггүй болохоор миний бие гайгүй шүү. Хүн өөрөө өөртөө л дайсан байдаг. Бид дотор эрхтнээ эрүүл байлгаж, гимнастик хийх хэрэгтэй. Ш.Долгор, Рэнцэнноров багш хоёр минь надад хэлсэн. “Жарантав минь чи тайзтайгаа хамт яваа хүн. Тиймээс үзэгчид үргэлж чамтай хамт байдаг юм. Тэднийг хүндэлж байх ёстой. Хаана ч явсан эрүүл саруул, цэвэрхэн, согтуу биш, хүнтэй сайхан харилцах хэрэгтэй” гэж.
“БИ ЭНЭ НИЙГМИЙН ТОЛЬ БИШ БОЛЖ БАЙНА”
-Таныхаар өнөөгийн Монголын урлаг энэ нийгмийн тусгал нь байна уу, эсвэл энэ нийгэм өнөө- гийн урлагийг тодорхойлж байна уу?
-Жүжигчин хүн тухайн нийгмийнхээ толь нь байдаг юм. Би толь нь биш болж байна.
-Яагаад?
-Залуучууд байна. Драмын театраас бол Болд-Эрдэнэ, Эби гэнэ биз дээ. Харин миний үеийнхэн бол Жарантав, Латиф, Жамсранжав, Гантөмөр минь гэнэ. Харин одоо тэгэхгүй. Залуучууд дуучдаас Ренцэнханд гэхгүй байгаа биз дээ. Угтаа тэр үед чинь Рэнцэнханд, Янжиндулам, Төмөр гээд л сүйд болдог байлаа. Харин одоо “Харанга”-ын Лхагваагаас авахуулаад, Ариунаа, Сараа нарыг л гэнэ шүү дээ. Эд чинь энэ үеийн нийгэм. Тэгээд 50 жилийн дараа гэхэд дахиад л шинэ залуучууд төрөн гарна. Нийгэм өөрөө урлагийн чиг хандлага, урлагийн толь нь болж явдаг. Урлаг үе үеэрээ байдаг юм. Бидний үе их сайхан. Яагаад гэхээр, Монголын соёл урлагийг үндэслэн байгуулсан, түүхэнд дахиад хэзээ ч олдохгүй тийм л үе.
-Соёл урлагийн ахмад үеийнхний амьдрал ахуй өнөөдөр ямар байна вэ?
-Муу байгаа. Гавьяатуудад 150 мянга, Ардын жүжигчинд 200 мянган төгрөг өгч байгаа. Анх 500 төгрөгөөр цалинжиж байсан болохоор 100 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан. Сүүлд 30 хувь нэмэгдээд 130 мянга болсон. Гэхдээ яахав, төр засаг бага ч гэсэн юм өгч байгаад баярлаж байна. Гавьяатын 150 мянган төгрөг гэдэг байрныхаа хөлсийг төлж дийлэхгүй үнэ юм шүү дээ. Харин Гавьяатыг жилд нэг удаа улсаас амралтад явуулдаг шүү. Сувилуулахад даачихдаг юм. Түүнд нь баярладаг. Юуг муу байна гэж байна вэ гэхээр, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Драмын театрыг нуруундаа үүрч явсан Г.Гомбосүрэн багш маань явган явж байхад урлагт хөл тавиад хэдхэн жил болсон залуучууд жийп уначихаад хажуугаар нь дайрах шахаад дуут дохиогоо хангинуулаад явж байсан үе бий. Бүхий л сэтгэл, оюунаа урлагийн төлөө зориулсан манай ахмадууд ийм л байдалтай байна. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг 40, 50 жил нуруундаа үүрч явчихаад эцсийн эцэст юу ч үгүй явж байгаа. Гэтэл гадаадад ийм жүжигчид биднээс асар өөр амьдарч байна шүү дээ. Зүй нь бидний хөдөлмөрийг үнэлэх учиртай юм.
Жишээлбэл, “Би чамд хайртай” киноны нэгдүгээр ангийг хэчнээн олон жил гаргав. Энэ чинь бидний бүтээл шүү дээ. Гэтэл улс үүнийг зарж идээд цалинжаад л байдаг. Телевизийнхэн “Та хүрээд ир. Киноны тухай ярилцлага авъя. 10.00 цагт нөхөр минь бэлэн байгаарай” ч гэх шиг. Ямар ч мөнгө өгөхгүй л байна. Тэгж болохгүй биз дээ.
-Сэтгүүлч Ш.Гүрбазар “Өвгөд ядрах ёсгүй” гэж байсан. Энэ үгийг та өөрийнхөө өнцгөөс юу гэж харж байна вэ?
-Одоо хүн бүр хувиа хичээгч болчихож. Харин бидний үед эх орныхоо төлөө, хойч үе, ард түмнийхээ төлөө, тэдний сэтгэлийг сайхан байлгах гэж, инээд хөөр бэлэглэхийн тулд зүтгэж байв. Жүжигчин байна гэдэг хүний дотоод ертөнцийг судалдаг ухааныг хэлдэг юм. Хүний дотоод ертөнцийн алдаа дутагдал юу байна, түүнийг ард түмэндээ хэлж засуулах гэж, хүнд гоо сайхны хүмүүжил өгөх гэж мах зүрх сэтгэлээ урсан юм. Урлагийн ертөнцийн алтан бурхад маань урт наслахгүй тэнгэрт хальж байна. Би л гэхэд ойрын хараа маш муу. Өнөөх театрын мянга, мянган гэрлүүд хүний бүх эд эсийг алж байна шүү дээ. Гэтэл сайхан амьдарч, жаргаж байгаа юм хаана байна. Тиймээс хөгшчүүдийг жаргаах хэрэгтэй. Тэгж байж хойч үеэ хөдөлгөх хүчийг олно. “Нээрээ улс орныхоо төлөө сайн сайхан юм хийвэл өтөлсөн хойноо жаргадаг юм байна шүү. Тэгэхээр юм хийх хэрэгтэй юм байна” гэж тэд маань бодог л дээ.
“БИ ЧАМД ХАЙРТАЙ”-ГИЙН СУДСЫГ БИТГИЙ ТАСЛААРАЙ ГЭЖ ЗАХИСАН
-Таныг хошин урлагийг Монголд эхлүүлсэн хүн гэхэд хилсдэхгүй гэж ярьдаг юм билээ?
-Би эхлүүлсэн юм биш. Д.Намдаг, Ж.Бадраа гэж аугаа хүмүүс байсан. Хошин урлаг их хэцүү урлаг. -Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад харин ч их амархан юм шиг санагдаж байна? -Өнөөдөртөө хэрэгтэй, амьдралд байгаа алдаа дутагдлыг гаргаж ирээд байна шүү дээ. Энэ буруу биш. Хөдөлмөрлөж байна, мөнгө олж байна, амьдрал нь драмын жүжигчдээс илүү дээшилж байна. “Хэнд буруугаа тохно, түүнд өөрийнхөө эрх мэдлийг алдана” гэж үг бий. Монголын ард түмэн нэгнийгээ өөд нь гарахаар муулаад байдаг. Зөвхөн урлагт ч биш, улс төрийн хүрээнд энэ үзэгдэл тод харагдаж байна. Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн жишээн дээр ярья л даа. Хөлийг нь гозолзуулаад барьж авч явсан хүмүүс түүнд өөрийнхөө эрх мэдлийг алдаж байна. Өөрөөр хэлбэл, саяын сонгуульд МАХН-аас 11 хүн ялаад гараад ирлээ шүү дээ.
-Театраа их санадаг байх. Авъяас хөгширдөггүй шүү дээ. Та тэнд байж болдоггүй юм уу?
-Театр одоо хүртэл намайг ир гэдэг. Би очихгүй ээ. Хэрэгтэй үед нь дүрд тоглочихоод л явъя. Би залуу үеийнхээ орон тоог бөглөөд суумааргүй байна. Миний оронд жүжигчин төрж байг л дээ.
-Харин ч та залуу үеийнхэнд багшлаад байж байх ёстой юм биш үү?
-Би багшлаад яах юм. Драмын театрт том, том багш нар байна. Гадаадад сургууль төгссөн мундаг найруулагч байна. Би заалаа гэхэд зөв хэлж болно, буруу ч хэлнэ шүү дээ. Яагаад гэхээр би бурхан биш.
-”Би чамд хайртай” киноны нэгдүгээр ангийн бүх дүр эзнээ олчихсон учраас одоо болтол амьд гэдэг. 20 жилийн дараа хоёрдугаар ангид нь тоглоход танд ямар санагдсан бэ?
-Би энэ киноны хоёрдугаар ангийг хийсэн уран бүтээлчдэд хэлсэн л дээ. “Энэ кино Монголын ард түмний зүрх сэтгэл, цусанд нь шингэсэн. Тиймээс та нар судсыг нь тасалж болохгүй шүү” гэж. Нэгдүгээр ангийг хүн бүхэн мэднэ. Тийм болохоор хоёрдугаар ангийг нь огт өөрөөр хийгээд таслаад хаячихвал болохгүй. Судсыг нь битгий таслаарай” гэж хэлсэн дээ.
-Тэгээд таныхаар ямар болсон бэ?
-Тэгээд яахав дээ. Тэр судас нь Н.Жанцанноровын хөгжим болж байгаа юм. Хөгжим яваад хоёрдугаар анги руу ордог шүү дээ. Бас хуучин хүмүүс нь тоглосон. Гэхдээ өмнөхөө жаахан давтсан юм бий. Мөн инээдмийн тал руу оруулсан. Инээдмийн талын гол дүрийг Өөскөө, Амбий нар гүйцэтгэсэн, аятайхан болсон. Нэгд үгээр ангийг хийх үеийн техник өөр байсан л даа. Хослол зургийн аргаар авч байлаа. Тэр бол гайхамшигтай зураг авалт. Баяраа, Үрлээ хоёр үнсэлцэж байхад Дэлгэр харчихаад гараад гүйдэг шүү дээ. 12 давхар байшингийн урдуур гүйдэг. Тэр зургийг хослол зургийн аргаар авсан. Нэг аппарат нь байшинг, нөгөөх нь гүйж байгаа Дэлгэрийг авч байсан юм. Манай уран бүтээлчид ингэж л юмыг хийж байсан юм. Даанч тэр бүтээл нь үнэлэгддэггүй. Тэд ч үнэлүүлэхийг боддоггүй.
“АМЬДРАЛ БОЛ АСАР ИХ БАРТАА, ХАД ЧУЛУУ ЮМ”
-Өнөөдөр таны хойморт нь зочилж байгаа булангийн маань нэр “Амьдралын тойрог”. Та амьдралын тойрог гэдгийг юу гэж ойлгож байна?
-Энэ бол асар их бартаа, хад чулуу юм. Амьдралын тойрогт хүн мандана, бадарна, унана. Эцсийн эцэст бүгдээрээ үхнэ.
-Цоо шинээр төрөөч гэвэл та хэн болж төрөх вэ?
-Би дахиж төрөөд яах юм. Би сүнс байдаг гэдэгт итгэдэггүй хүн.
-Тэгвэл үйлийн үр байдаг гэдэгт ч итгэдэггүй хэрэг үү?
-Үйлийн үрийг хүн өөрөө хөдөлмөрөөрөө л бий болгодог. Хөдөлмөрлөхгүй бол мянга авъяас байгаад яах юм. Бурханд мөргөөд л шууд илбэ үзүүлдэг, баян хуур хөгжим дардаг болчихгүй шүү дээ. Бидний яриа ийнхүү өндөрлөлөө.
Цасан охид нь түүнийг хүргэж өгөхөөр машинд суулгахад тэрээр, “Урьд нь намайг нэг сонинд ярилцлага өгсөн чинь “Хошин урлаг бол өмдөө тайлах урлаг юм” гэж хэлсэн гээд худлаа биччихсэн байсан. Тэрнээс хойш би сонинд ярилцлага өгөх дургүй болсон. Харин яагаад та нарт за гээд хэлчихсэнээ бодоод олохгүй байгаа” гэж хэлээд инээсээр гэртээ харихаар явж одов. Маргааш, нөгөөдөр, дараа жил, тэрний дараагийн жилүүдэд ч түүний эгэл биш хоолой, цагаан дээл, буурал сахал олон хүний баяр дээр баяр нэмж явах болтугай.
Х.Хулан, Б.Энхзаяа