-Фельетон-
Би англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, түүхч, зурхайч, үзмэрч, эрдэмтэн, Шар хадны хүн л дээ. Сүүлийн үед алд биеэ зурхайч гэж андуурагсад олширч, цагаан сарыг цагаан хэмээн ичих ч үгүй бурж байгаад эмзэглэн, энэ бүтээлийг туурвисан болой. “Их эзэн Чингис хааны үед сүү тэргүүтнийг цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон зооглож, цэнгэн хөгжилддөг байсны учир цагаан сар хэмээх нэр үүссэн нигуур буй бөлгөө” гэж бурханч лам Пүрэвбат нэгэнтээ дуу алджээ. Ургуулаад бод доо. Ориг Монгол үнээний ориг сүү цагаан билүү. Орцны үүдэнд сүү гээд зардаг гурил самарсан ус л цагаарч харагддаг. Харин хольцоогүй монгол сүү, ааруул, ээзгий бол тос даасан шаргал өнгөөр тунарч, харааг булааж сэтгэлийг гижигддэг билээ. Тэгэхээр Их эзэн Чингис хааны үед бид цагаан бус шаргал сарыг тэмдэглэж байсан нь учир зүйн ухаанаар тайлагдаж байна.
За, Цэдэнбал даргын үед бол бид бүр өөр өнгөтэй сарыг үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Даргын эхнэр умард газар мэндэлсэн номин адил нүдтэй бүсгүй байсны улмаас бид ногоон сараар золгож байлаа. Ногоон сар, нэгдэлчдийн баяр гэсэн сайхан нэртэй. Нэгдэлчид энэ баяраар нэгэн ижил хоршооноос, нэгэн ижил хорин хоёр төгрөгөөр авсан, нэгэн ижил ногоон торгоор оёсон, нэгэн ижил дээлээр гоёдог байлаа. Хөөрөгний даалин, хөлийн ороолт, оймсны хараа, орны хөшиг бүгд дугираг хээтэй ногоон торго. Хорин хоёр төгрөгийн үнэтэй. Тэр үед цагаан биш ногоон сарыг тэмдэглэж байсны баталгаа энэ.
Бажгар арав нэрээрээ түүхэнд үлдсэн Очирбат ерөнхийлөгчийн үед бид бас л өөр өнгөтэй сарыг тэмдэглэж эхэлсэн. Улсын сан ч бордуу, Уранчимэгийн амьдрал ч бордуухан байлаа. Ямар сайндаа л өлссөн ерөнхийлөгч шинэ жил хэмээгч баруун зүгийн баяр дээр очоод, ганц муу турж үхсэн торойны мах хараад “Яасан тансаг юм бэ” гэж дуу алдаж байхав дээ, хөөрхий. Ард түмэн боргол голдуу ясыг баржийтал таваглаад, бор гурилын боовыг арзайтал өрөөд, баруун газраас ирсэн бор хочтой галт шингэнийг түүхий устай найруулж хүртээд, борзойтол согтоод, бажгар арав шиг хэлхэлдэн талаар нэг хэсдэг байлаа. Энэ үед бид цагаан биш бор сарыг тэмдэглэсэн.
Энхбаярын үед, уртаас урт шар эрээн сарыг үзсэн түүхтэй. Зон олон Зонхов багшийн сургаалын дагуу Эрээн зүгийн урт шар хоргой дээлээр гоёж, үнэгэн шар лоовууз духдуулаад, үүрийн шар нарыг харахаар Дорнын шаргал говь руу цувардаг болсон. Цагаан сайдын үед цайж явсан, Улаан сайдын үед улцайж ч үзэв. Хямралаас болоод, Баярын үед барайх шинжтэй. Ягаан нэртэй хүн сайдаар заларвал ялхайтал цадах вий хэмээн горьдож суугаа ард түмэн билээ, бид. Ийнхүү сурвалж судруудыг шүүж, ургуулан тунгаах ахул монголчууд цагаан өнгөтэй сарыг түүхэндээ төдийлөн тэмдэглэж байгаагүй аж. Цагаан сар гэгчийн өнгөний тухайд ийм байх болой.
Одоо цагаан сарын хугацааны тухайд авч үзье. “Цагаан сарын өмнө сайхан хүйтэрч, бууз банш хөлдөөдөг жамтай. Хоёр сарын хорьдоор балууных нь банш хөлдөөх хүйтэн байх вэ, Тэрбишийн зурхай буруу” гэж нэгэн сод мэргэн зурхайч Утаанбаатар сувгаар утаа гартал авч байна. Монээлийн хөлдөөгч, монбэрээшийн жүүс, хаан бууз, хатан бялуу дөрөв байхад банш хөлдөөх хүйтнээр юугаа хийнэ ээ Халуун зунаар шинэлж золгосон ч юуны хамаа байна. Тагнай хага ташсан жүүсээ сорох зуур, тэс хөлдүү буузыг жигнүүр точигнотол асган зогсох усны хувцастай, нуруу тэгш, зэгзгэр гоолиг эзэгтэй бол хориннэгдүгээр зууны цагаан сарын өвөрмөц нэгэн төрх буюу.
Эцэст нь эрдэмтэн, зурхайч, түүхч, англи, япон, орос, хятад, киргиз, узбек, тажик хэлний багш, Шар хадны хүний хувьд нэг зүйлийг хэлье. Цагаан сар, болбаас ногоон, улаан, шар, хөх, дурын өнгөтэй байж болдог, өвөл зун, хавар намар, хүйтэн сэрүүн, халуун бүгчим, дурын улиралд ирж мэдэх, монгол зоны эв эеийн баталгаа, сайхан баяр юм аа.
А.Амарсайхан