Сүүлийн үед БНСУ-ыг зорих монгол иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын виз мэдүүлэх үйл явц ачааллаа даахаа байв. БНСУ-ын визийн мэдүүлгийн төлөөлөгчийн газарт бүрдүүлсэн материалаа өгөхөөр иргэд өдөржин, шөнөжин дугаарлах шаардлага тулгарч буй аж. Хэдийгээр БНСУ-ын ЭСЯ-наас батламжилсан виз мэдүүлэг хүлээн авдаг төлөөлөгчийн найман газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ч ачаалал үлэмж нэмэгдсэн байна.
Иймд төлөөлөгчийн газрууд өдөрт ердөө 50-80 хүний материал хүлээн авах дүрэм журам тогтоогоод байгаа аж. Үүнээс үүдэн визний материал хүлээн авах хугацаа удааширч, зохион байгуулалт алдагдсан байна. Мөн үүнийг дагаад хүнд суртал үүсэж, хугацаа алдахад хүрээд буйг иргэд хэлж байна. БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авдаг нэр бүхий хоёр төлөөлөгчийн газраар орлоо. Эхлээд тус улсын хуучин ЭСЯ-ны ойролцоо байрлалтай нэгэн төлөөлөгчийн газарт 12.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс гар гартаа хавтастай материалаа барьчихсан дугаарлаж байгаа харагдана.
Ашиг хонжооны араас улайрч буй төлөөлөгчийн газруудад хяналт хэрэгтэй байна
Тэнд эр, эм, хөгшин, залуу гээд эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай зорих иргэдийн төлөөлөл ч байлаа. Визийн мэдүүлэг хүлээн авдаг төлөөлөгчийн газруудыг тойрон орчуулга, нотариат, зурагчин, банк, цайны газар гээд нэн шаардлагатай бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Материалаа өгөхөөр зэхэж байгаа хүмүүс дор бүрнээ нэг л уцаартай байгаа харагдах бөгөөд материал бүрдүүлэлттэй холбоотой мэдээлэл асууж, яриа өдөхөд “мэдэхгүй” гээд толгой сэгсрэв. Гэсэн атлаа тэндхийн ажилтнуудын ая талыг харж, дургүйг нь хүргэчихгүйг хичээх аж. Ингэж байтал хар саарал өнгийн гадуур хувцастай, 30 гаруй насны нэгэн залуу материал хүлээн авдаг ажилтантай маргаж эхлэв.
Тэндхийн ажилтан “Яагаад пээдэлзээд байна, байр барьцаалсан болохоор томроод байгаа юм байна, тээ. Материалыг чинь авахгүй, за юу” гэж залууг сүрдүүлж, нэлээд маргасны эцэст учраа олох шиг болов. Тэр залуугаас ямар асуудал үүссэнийг тодруулахад “Манай эхнэр Солонгост байдаг юм. Ердөө 10 хоночихоод л буцаад ирэх учир аяллын виз мэдүүлсэн. Гэтэл миний бүрдүүлсэн материалыг дутуу харчихаад өөдөөс загнахаар нь жаахан маргачихлаа. Гэхдээ энд харин ч дараалал, хүнд суртал нь гайгүй байна. Бусад газар аймар байна. Бүр энэ сарын дугаараа тараагаад дуусчихсан байсан” гэв.
Дараа нь ойролцоо байрлах бас нэгэн төлөөлөгчийн газарт очив. Мөн л үүдэнд нь иргэд дугаарлаад зогсчихсон, визийн мэдээлэл авахаар тэндхийн ажилтныг тойрон хүрээлжээ. Хаалган дээр нь “Виз мэдүүлэгчид эрс нэмэгдсэн учир энэ сарыг дуустал өдөрт 50 хүний материал хүлээн авна” гэсэн мэдэгдэл наасан байлаа. Эндээс харахад, Солонгосыг зорих иргэдийн тоо эрс өсчээ. Иргэдийн урсгал ийн гэнэт нэмэгдэх болсон шалтгаан нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо огцом нэмэгдэж, тус улсад бичиг баримтгүй буюу хууль бусаар амьдарч буй иргэд олширсныг тус улсын ЭСЯ-наас мэдээлсэн. Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал зэрэгтэй шууд холбоотой, сайн, муу олон асуудал үүсээд байгаагийн нэг нь энэ.
БНСУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар тус улсад Монгол Улсын 7000 иргэн албан ёсны бичиг баримтгүй буюу бидний хэлж заншсанаар хараар амьдарч байна.
Сүүлийн гурван жилд БНСУ-ыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн
Монголчууд аяллын виз мэдүүлчихээд 90 хоног буюу гурван сарын хугацаагаа хэтрүүлж ажиллах, улмаар харлаж үлдэж байгаа нь бизнесийн болон эмнэлгийн виз мэдүүлж буй иргэдийг хөлдөө чирч буй. Жишээлбэл, бөөрний архаг дутагдлын дөрөвдүгээр шатанд орсон 27 настай бүсгүй БНСУ-д эмчлүүлэхээр эмнэлгээ сонгож, цаг товлосон аж. Улмаар БНСУ-ын виз мэдүүлгийн нэр бүхий төлөөлөгчийн газарт хандан, визийн материалаа өгтөл тухайн газар нь яаралтай эмчилгээ хийлгэх ёстой өвчтэй бүсгүйн материалд хайхрамжгүй хандаж, материалыг нь ажлын 3-4 долоо хоногт гаргах буюу хүлээх нөхцөлтэйгөөр бүртгэж авчээ. Үүний улмаас Солонгост эмчлүүлэхээр тохирсон бүх эмчилгээ, хагалгааны цагаа хойшлуулахаас эхлээд олон хүндрэл түүнд тулгарчээ. Энэ бол визийн хуурамч материал бүрдүүлдэг, Солонгост очоод харладаг монголчуудын хэнэггүй зангаас болж, тусламж авах ёстой хүн нь хэрхэн хохирч буйг харуулсан бодит жишээ.
БНСУ-ын ЭСЯ-нд өдөрт дунджаар 130-140 хүн виз хүсэж, ханддаг аж. Солонгосын тал хамгийн түрүүнд виз мэдүүлэгчдийн үнэн шударга байдалд ихээхэн анхаарал хандуулдаг төдийгүй 90 хоногийн аяллын зорилгыг үнэн зөвөөр мэдүүлэхийг чухалчилдаг. Гэтэл манайхан нийгмийн даатгал төлсөн баримт, банкны баталгааг хуурамчаар хүртэл үйлддэг гэх. Элчин сайдын яамныхан өдөрт 20 орчим хуурамч баримт илрүүлдэг гэсэн тооцоо ч гаргажээ. Үүнээс болж Солонгосын тал итгэх аргагүй болсноос үнэн зөв мэдүүлсэн хүмүүсийн материалыг буцаах тохиолдол цөөнгүй гарах болжээ.
Нөгөөтэйгүүр, хүний амь настай холбоотой асуудалд виз мэдүүлгийн төлөөлөгчийн газар ямар ч хайхрамжгүй, хүнд сурталтай хандаж буйг ч бас харж болохоор. Өнөөдөр виз мэдүүлэг хүлээн авдаг төлөөлөгчийн газрууд давхар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, зөвлөгөө, орчуулга, нотариатын үйлчилгээ үзүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг шууд илтгэж байгаа юм. Тухайлбал, визийн хураамжид нэг хүнээс 9000, орчуулах материалаас хамаарч 30-40 мянган төгрөг тооцож авдаг байна. Тиймээс л эдгээр төлөөлөгчийн газар “Зөвхөн өөрсдийн дэргэдэх товчоонд орчуулсан материалыг хүлээн авна” гэсэн бүдүүлэг, хүний эрхэнд халдсан дүрэм журам зохиосон нь иргэдийг бухимдуулж, ихэд хохироож буй.
Тодруулбал, тухайн газарт виз мэдүүлэхээр бол заавал тэдний зааж өгсөн газарт материалаа орчуулуулах ёстой. Хэрэв өөр газраар материалаа орчуулуулсан бол хүлээн авахаас татгалздаг байна. Жишээлбэл, өчигдөр миний орсон виз мэдүүлгийн газруудад надад визийн зөвлөгөө өгөх нэг ч завтай хүн байгаагүй төдийгүй 14.00 цагаас хойш ир гэж хэлсэн. Харин замд таарсан БНСУ-ын виз зуучлалын байгууллагаар орж, зөвлөгөө авахыг хүсэхэд ямар ч цаг хугацаа заалгүй, ердөө л тавхан минутын дотор ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой тухай хэлсэн юм.
Уг нь иргэд хаана хүнд суртал, чирэгдэл байхгүй байна, тэр газарт хандаж, үйлчлүүлэх хүсэлтэй байдаг. Гэтэл виз хүлээн авдаг гэсэн давуу талаа ашиглан БНСУ-ын виз мэдүүлгийн төлөөлөгчийн газрууд иргэдийг чирэгдүүлж, хохироосоор байгааг яах вэ. Үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй энэ газрууд иргэдийг дорд үзэж, дээрэлхсэн маягтай, хувийн үзэмжээр хандаж байгаа нь байж боломгүй хэрэг. Ерөөс ямар ч улсын ЭСЯ факсаар ирүүлсэн материалыг хүртэл эх хувийн нэгэн адил тооцдог. Шаардлагатай гэж үзвэл урилгын үнэн зөвийг урьсан байгууллагын утас, хаягаар орж, өөрсдөө баталгаажуулдаг жишиг нэвтрүүлээд удаж буй. Гэтэл Монгол Улс дахь БНСУ- ын ЭСЯ-ны визийг төлөөлөх эрх авсан газрууд хэчнээн яаралтай байсан ч, заавал эх хувь шаардаж, хүнд суртал гаргаж буй нь ийнхүү хэрээс хэтэрчээ.
Материал хүлээн авахтай шийдэл гаргахаа болъё гэхэд иргэдэд олгодог дугаарын асуудлаа шийдэж болдоггүй хэрэг үү. Сүүлд Чехийн ЭСЯ дугаар тараахтай холбоотой асуудал үүсэж, улмаар иргэдэд суурин утсаар дараалал өгдөг болсноор асуудал нэг тийш шийдэгдсэн. Тиймээс Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төлөөлөгчийн газруудад шалгалт явуулж, хяналт тавьж, хэт ашиг хонжооны араас улайрч байгаа даварсан үйлдэлд нь анхаарал хандуулж, тоог нь цөөлөх эсвэл чаддаг нэгэнд нь эрхийг нь шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах цаг нь болжээ.
Б.Бямбасүрэн