Хулгайч бэртэгчин сэтгэхүй Монголд нүүрлэжээ.
Өөрийнх нь үйл бүтвэл өрөөлд хамаагүй. Баян цатгалан амьдарч байвал бусад нь туйлдах падлийгүй. Гагцхүү тэдний ходоод өнөөдөр дүүрэн байх нь хамгаас чухал.
Нэг хэсэг нь зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлж хууль баталж байхад нөгөө хэсэг нь олзноос хуваалцах дэлт чоно шиг сиймхийг ашиглан “инээлдэн” дайрна. Олны эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргалаа ч тэдний эрх ашигт харшилсан уу, эсвэл огт хүртээлгүй юу “царцааж” дөнгөнө.
Энэ мэтээр баталсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжилтгүй болсон хууль цөөнгүй… Үүний нэг жишээ бол Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль. 2012 онд батлагдсан ч хэрэгжээгүй.
Хуулийн 4.1 зүйлд “Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна” гэж заасан.
Мөн 5.1 зүйлд “Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр ногдуулна” гэсэн бол зургаадугаар зүйлд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн этгээдүүдээс хэрхэн тооцож авах тухай тусгажээ.
Гэтэл хуулийг баталснаас өдийг хүртэл ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт хамгийн их нөлөөлж буй үйлдвэрүүдээс ус бохирдуулсны төлбөр авсангүй.
5.2 зүйлд Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална гэжээ. Гэсэн ч төлбөр төлөх аргачлалыг тогтоох газар нь тодорхойгүй, журам нь батлагдсангүй.
Усны нөөц багасч ундны усны хомсдол үүсэхэд ойрхон байгаа өнөө үед хэчнээн хэмжээний ус бохирдуулсныг тооцоолоход бэрх.
Хүнийсэг биш өөриймсөг сэтгэлээр энэ асуудалд анхаарал хандуулсан бол улсын төсөвт хэр их мөнгө төвлөрөө бол…
Төв цэвэрлэх байгууламжийг барихад шаардлагатай 320 сая ам доллар хөрөнгийг босгох ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Эндээс өөрийнх нь ундны ус цэвэр, бизнес нь цэцэглэж байвал бусад нь яахав гэх өнөөх сэтгэлгээ цухалзана… Угтаа бол тэдний, тэдний хүүхдүүдийг тэтгэх ундарга юм шүү дээ.
Х.ЧИМГЭЭ: ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНД БОХИР УС НИЙЛҮҮЛЖ БАЙГАА ГАЗАР АЛГА
Ус сувгийн удирдах газартай гэрээтэйгээр бохир ус нийлүүлдэг 225 аж ахуй нэгж, үйлдвэр бий.
Хууль ёсоор тэд стандартад нийцсэн ус нийлүүлэх ёстой. Үгүй бол ус бохирдуулсан хэрээр төлбөр төлнө гэж хуульд заасан. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн бохир усны горим тооцооны инженер Х.Чимгээгээс тодрууллаа.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт өнөөдөр ямар байна?
-Ус бохирдуулсны журам гараагүй учраас үйлдвэрүүдээс төлбөр авахгүй байгаа. Бохир ус нийлүүлсэн, цэвэрлэх байгууламжид цэвэрлэж байгаа гэх үйлчилгээний төлбөрийг л манайх авдаг. Байгаль орчин ногоон хөгжлийн яамаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрийн журам гаргана гэсэн чимээгүй л байна.
-Үйлчилгээний төлбөр гэдгээ тайлбарлахгүй юу?
-Байгууллагуудаас төвлөрсөн шугамаар бохир усыг нь дамжуулан авч цэвэрлэх байгууламжид цэвэрлэж байгальд нийлүүлсэн үйлчилгээний төлбөрийг хэлнэ.
-Тэгвэл бохир ус нийлүүлж байгаа аж ахуй нэгжүүд стандартад нийцсэн ус нийлүүлж чадаж байна уу?
-Төвлөрсөн шугам сүлжээнд ашигласан усаа нийлүүлэх 6561 гэсэн 2015 оны стандарт байдаг. Энд шугамд нийлүүлэх бохир усны зөвшөөрөгдөх хэмжээг зааж өгсөн. Гэвч энийг биелүүлж байгаа газар өнөөдөр үгүй.
-Ер нь ус бохирдуулсны төлбөр авдаггүй байв уу. Эсвэл энэ ажил замхарчихав уу?
-2012 оноос Бохир ус ашигласны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гараад яригдаж эхэлсэн ч энэ асуудал төд удалгүй замхарсан. Харин энэ жилээс нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа юм билээ.
-Угтаа хуульд ус бохирдуулсны төлбөрийг хэрхэн тооцох байсан бол?
-Хэн илүү бохир ус нийлүүлнэ тэр илүүг төлөх ёстой. Гэтэл энэ нь Монголд хэрэгжихгүй байна.
-Тэгэхээр хэн хаана хамгийн бохирдолтой ус нийлүүлж байгаад хяналт тавьдаггүй гэсэн үг үү?
-Бид хяналтаа тавьж байгаа. Үйлдвэрүүдээс сар болгон дээжээ авч шинжилж байна. Бохирдол их гарах үед байнга л хэлж сануулах боловч эдийн засгаар хөшүүрэгдэхгүй болохоор ямар ч үр дүнгүй. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжээд эхэлбэл аж ахуй нэгж бага мөнгө төлөхийн тулд усаа цэвэршүүлээд эхэлнэ ээ дээ. Бид хяналт тавиагүй биш хангалттай тавьж байна. Инженерүүд өдөр болгон үйлдвэрүүдээр явж байна.
БОХИР УСАА НИЙЛҮҮЛДЭГ ХЭЧНЭЭН ҮЙЛДВЭР БАЙНА ВЭ?
“Цэвэрлэх байгууламж өдөрт 150 мянган шоо метр бохир ус хүлээн авдаг бөгөөд 30 мянган метр кубыг үйлдвэрүүдээс нийлүүлсэн хаягдал ус эзэлдэг. Хэмжээ нь бага ч түүнд агуулагдаж буй бохирдлын хэмжээ маш их. Тиймээс зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж өнөөдөр ачааллаа дийлэхээ байсан” хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн Ерөнхий инженер Ц.Болд ярьсан.
Өнөөдрийн байдлаар Ус сувгийн удирдах газартай гэрээгээр дараах газрууд бохир усаа нийлүүлдэг. Нийт 225 газар байгаагаас дийлэнхийг нь машин угаалга, спирт, архи, ундааны үйлдвэрүүд эзэлж байна.
ТЭД ХЭЧНЭЭН ХҮНИЙ УНДНЫ УСЫГ БОХИРДУУЛЖ БАЙНА?
УСУГ-т гэрээтэй үйлдвэрүүд стандартад нийцсэн бохир ус нийлүүлдэггүй талаар Инженерийн бодлогын хэлтсийн бохир усны горим тооцооны инженер Х.Чимгээ ярьсан. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжид ачаалал үүсгэж, байгальд дутуу цэвэрлэсэн ус нийлүүлэх магадлалыг өндөрсгөдөг. Тиймээс ч жилийн жилд Төв цэвэрлэх байгууламжаас нийлүүлж буй бохир ус Туул голыг бохирдуулсаар байгаа юм. Үүний уршгаар Туул гол дагасан Төв аймгийн сумд голоосоо ундаалах боломжоо хэдийнэ алдсан. Эргэлзэж буй бол Алтанбулаг сумыг зориод үзээрэй.
УСУГ-аас авсан үйлдвэрүүдийн сард нийлүүлэх бохир усны хэмжээгээр дараах тооцоог гаргаж үзлээ. Үйлдвэр аж ахуй нэгжүүд нэг жилд хэчнээн хүний хэрэглээний усаар “наадаж” байгаа вэ?
Хамгийн их бохир ус нийлүүлдэг нь спирт, ундааны үйлдвэрүүд, зочид буудал, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд байна.
Шоо метр, метр куб гэх мэт нэгжээр хүн усны хэмжээг барагцаалж чадахгүй тул ойлгоход дөхөм болгох үүднээс нэг хүний усны жилийн хэрэглээтэй үйлдвэрүүдийн бохир усны хэмжээг жишлээ.
Гэр хороололд амьдардаг нэг хүний усны өдрийн хэрэглээ 8 литр. Үүнийг нэг жил буюу 365 хоногт үржүүлбэл жилийн хэрэглээ гарна. Харин үйлдвэрүүдийн бохир усны хэмжээнд хуваавал дараах зураглал харагдана.
Спирт, ундааны үйлдвэрүүд гэхэд жилд 350 мянга орчим, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд 170 гаруй мянган хүний жилийн хэрэглээний усыг бохирдуулж байна. Нийт усны дүнгээр тооцвол зөвхөн УСУГ-тай гэрээтэй байгууллагууд жилд нэг сая орчим хүний усаар “нааддаг” байх нь.
Тэд стандартад нийцсэн ус нийлүүлдэггүй гэхээр байгаль хүрээлэн буй орчинд ямар их хор хөнөөл учруулж байгааг таашгүй юм.
БОХИР УСНЫ ТӨЛБӨРТ ЭДГЭЭР БАЙГУУЛЛАГА ХЭДИЙГ ТӨЛДӨГ ВЭ?
Ус сувгийн удирдах газартай гэрээтэйгээр бохир ус нийлүүлдэг газрууд зөвхөн бохирдуулсан усаа цэвэршүүлэх үйлчилгээний төлбөрийг төлдөг. Уг мөнгөөр Төв цэвэрлэх байгууламж санхүүжиж үйл ажиллагааныхаа ажилд зарцуулдаг.
УСУГ-аас авсан мэдээгээр аж ахуй нэгж байгууллагууд бохир ус нийлүүлэх үйлчилгээний хөлс болгож шоо метр тутамд дараах мөнгийг төлдөг.
- ААН, албан газар 850
- ААН, албан газар - цооногтой 610
- Спирт, архи, пиво ундаа, усны үйлдвэр 1200
- Ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, машин угаалга 1700
Харин сард дунджаар хэдэн төгрөг төлдгийг дараах инфографикаас хараарай.
Машин угаалга сард 180 мянга, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд 970 гаруй мянган төгрөг төлдөг нь тодорхой байна.
ӨРӨӨ ТӨЛ...
Хууль хэрэгжээгүйгээс дээрх байгууллагууд ус бохирдуулсныхаа төлөө ямар ч хариуцлага үрэхгүй яваад төр буруутай.
Амьдралд нийцгүй хууль боловсруулж баталсан бол төр л буруутай. Хуулиа батлуулчихаад хүниймсэг хандсанд тэд буруутай.
Үүний эцэст хүн хохирч, амьд байгаль сүйдэж байгаагийн хувьд төр өртэй. Нэг сая хүний ундны усыг ямар ч үнэгүйгээр угаадас болгон асгаж байгаа явдалд төр өртэй. Өнөөдрийн ашгаас өөрийг тунгаалгүй гол усаа бохирдуулж буй үйлдвэрүүд ирээдүйд өртэй. Цаасан дээр буулгасан хуулиа хэзээ хэрэгжүүлж байгальд учруулсан хохирлоо хэдийд барагдуулах вэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ