Саяхан Төрийн ордон үзэж явсан цагдаагийн сургуулийн сонсогчид хоорондоо
ярьж байхыг нь би сонсов.
-Хөөе. Манай анхны Ерөнхийлөгч чинь
Очирбат гуай юм байна ш дээ.
-Ямар?
-Яагаав нөгөө ШУТИС-д багшлаад
байдаг бас Үндсэн хуулийн хуралдаан дээр сууж харагддаг.
-Өө тийм байна. Их эр ээ.
Дөрөв дэх Ерөнхийлөгч аль намын хэний хэн тодрох бол гэхээс түрүүлж уншигчдадаа, бас дээрх хуульч болох оюутнуудад зориулж Ерөнхийлөгчдөө товчхон танилцуулъя.
Монгол Улс төрийн тэргүүнээ өөрсдөө
мэдэж сонгож байсан түүх байгаагүй юм. Товчхон хэлэхэд манай төрийн тэргүүнийг
нэг бол Бээжин, нөгөө бол Москва шийддэг байлаа. Эсвэл хоорондоо ярьж байж
болно доо. 1921-1990 он хүртэл Оросын колони байсан үед тэд л манай нам төрийн
тэргүүнийг янзалж байлаа шүү. 1990 оны ардчилсан хувьсгалын хамгийн гол ололт
нь төрийн тэргүүнээ хэнээр тавихыг өөрснөө шийддэг болсон. Мунгинуу ч гэсэн
сонгууль болж, муу ч болсон намууд Ерөнхийлөгчид өрсөлдөнө. Тэгэхээр ардчилал,
тусгаар тогтнолын баталгаа бол Ерөнхийлөгч, сонгууль хоёр мөн байгаа
биз. 1990 онд ардчилсан хувьсгалын залуучуудын шаардлагаар коммунистууд
арга буюу төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага Ардын их хурлыг анх
сонгож байгуулсан. Сонгуулиар байгуулагдсан БНМАУ-ын Ардын их хурал
1991-1992 оныг дамжин хуралдаж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын шинэ
Үндсэн хуулийг баталсан байдаг.
Тэгээд Пунсалмаагийн Очирбат гэдэг дээрх "их эр" анхны Ерөнхийлөгч
болж, Улсын бага хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж анхны дэд ерөнхийлөгч
болсон юм. Улс төрийн шинэчлэл өнөөдрийнх шиг гацахгүй гялалзтал явж
байсан 1990-1992 онд Монгол Улс бүх сум, дүүргээс сонгогдсон Ардын их
хуралтай, Тэр хурлаасаа байгуулагдсан хууль тогтоох бага хуралтай байсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийг дөрвөн жил тутамд парламентад
суудалтай намуудаас нэр дэвшүүлж сонгоно гэж заасан. Бас 45 нас хүрсэн,
уугуул иргэнээ сонгодог болсон. Шинэ Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн сонгууль
1993 онд боллоо. МАХН-аас Л.Түдэв нэр дэвшиж, шинэ залуу Ардчилсан намын
залуучууд насанд хүрээгүй учраас анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хадаг барин
өөрснийхөө намаас дахин дэвшээд өгөөч гэж очив. П.Очирбат анх Ерөнхийлөгч
болохдоо МАХН-аас дэвшиж байсан бол 1993 онд Ардчилсан намд ингэж үрчлэгдсэн
юм. Монголчууд анх бүх нийтээрээ Ерөнхийлөгчөө сонгож байгаа болоод ч тэр үү
ширүүхэн, тэгэхдээ сайхан шударга үзэлцсээн. Дүн гарлаа. Санал өгөх нэрийн
жагсаалтад 1.106.403 хүн бичигдэж 1.025.470 хүн буюу сонгогчдын 92.7 хувь нь
саналаа өгсөн дүн гарав.
П.Очирбат 57.8 хувийн санал авч ялалт байгуулан хоёр дахь удаа, харин шинэ Үндсэн хуулиар анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Л.Түдэв 38.7 хувийн санал авсан. Монголчууд бас нутаг нугаа гэдэг улс. Сонирхуулахад Говь-Алтайн Түдэв Говь-Алтайдаа 77 хувийн санал, Завханы Очирбат Завхандаа бас л 77 хувийн санал авч байсан байна.
1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль туллаа. 1996 онд шинэ залуу улс төрийн намууд "Ардчилсан холбоо эвсэл"-д нэгдэн парламентын сонгуульд яллаа. Өнгөн дээрээ ялалт мэт байсан боловч улс төрийн шийдвэр гаргах ямар ч хүч чадалгүй ялалт байсан юм. Цөөнх болж үзээгүй МАХН дуртай үедээ Засгийн газрыг огцроож байв. Энэ үеийг нэгэн улстөрч "Ардчилсан нам улс төрийн гянданд байсан үе" гэсэн нь оносон ч юм шиг санагддаг. Засгийн газрууд ээлж дараалан дампуурсаар 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуультай туллаа. Мөн л ардчиллын залуу лидерүүдийн нас Ерөнхийлөгчид хүрдэггүй. Дээр нь Засгийн ажил явдаггүй. П.Очирбатдаа дахин хадаг барилаа. Харин хашир МАХН Төв аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн даргаас эхлээд ЗХУ-ын коммунист намын дээд сургуулиар дамжуулан, Их хурлын даргын албыг хашуулан бэлтгэсэн Нацагийн Багабандийг дэвшүүллээ. Сонгууль элдэв будлиангүй, шударга сайхан өрсөлдөөн боллоо. Бас нэрт яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн, парламентын гишүүн О.Дашбалбар намаасаа нутгийн ах Ж.Гомбожавыг МАХН-аас урвуулан Ерөнхийлөгчид өрсөлдүүлэв. 1.156.228 хүн санал хураалтад оролцохоор бүртгүүлснээс 982.640 хүн оролцож сонгогчдын 85 хувь нь оролцсон гэж байлаа. МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Багабанди 60.8 хувийн санал авч ялалт байгууллаа. Харин хуучин Ерөнхийлөгч П.Очирбатыг саналаа өгөгчдийн 39 хувь нь дэмжив. Харин Ж.Гомбожав гуай 6.6 хувийн санал авсан байлаа. Ингээд хээгүй сайхан Ерөнхийлөгч П.Очирбат, хийгүй нягт Ерөнхийлөгч Н.Багабандиар солигдсон түүх энэ.
2000 оны парламентын сонгуульд хашир МАХН оролцохдоо "Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя" гэж хүн болгонд чанга хэлсэн нь залуу Ардчилсан намыг Монголын улс төрөөс арчих тун шахсан төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болгохдоо тулав. Дундговь аймгаас Ж.Наранцацралт гараагүй бол 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх аргагүйд хүрсэн. Парламентад Ардчилсан нам албан ёсоор Ж.Наранцацралт нэг суудал, Л.Гүндалай бие даагч, "Эх орон" нам Б.Эрдэнэбат нэг суудал, ИЗН, С.Оюун нэг суудал, бусад 72 нь МАХН-аас бүрдсэн парламент байв. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, хуучин Ерөнхийлөгч Н.Багабандийг хоёр дахь удаагаа дэвшүүллээ. Ардчилсан намаас салж, нийлж явсан Социал демократууд Р.Гончигдорж нар эргэж ирэхгүй бол болохгүй болоод байв. Тэгээд намаа татан буулгаж Ардчилсан намтай нэгдэж Р.Гончигдорж Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Иргэний зориг намаас Л.Дашням гуайг дэвшүүлсэн юм. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.205.800 хүн оролцож саналаа өгөх байснаас 1.000.125 хүн оролцож санал өгчээ. МАХН-аас хоёр дахь удаагаа дэвшсэн Н.Багабанди сонгогчдын 58.1 хувийн саналыг авч мөн л хоёр дахь удаагаа монгол төрийн тэргүүнээр сонгогдлоо. Харин Ардчилсан намаас дэвшсэн Р.Гончигдорж 36.5 хувийн дэмжлэгийг хүлээж, ИЗН-аас дэвшсэн Л.Дашнямын төлөө сонгогчдын 3.5 хувь нь саналаа өгсөн байна.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. 2000-2004 онд парламентад 72 суудалтай байсан МАХН хэт нэг талыг барьсан шийдвэр гаргадаг болсон нь олон түмний ч, Ерөнхийлөгч Н.Багабандийн ч дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. 2004 оны парламентын сонгууль болохын өмнө Ерөнхийлөгч Н.Багабанди ард түмэндээ хандан "шинэ сонголт" хийхийг уриалсан юм. 2004 оны парламент үнэхээр тэнцвэртэй шинэ сонголт болсон юм. Зарим улстөрчид үүнийг "хаан сонголт" гэж нэрлэсэн нь буй. Парламентад орж ирсэн "Эх орон-Ардчилал" эвсэл задарч ганц нэг суудалтай намууд үнэд орж сайд болж тоглож гарав. Жижиг намууд сайдаасаа хальж эрхийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас намын даргад Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын дарга Н.Энхбаярыг анх удаа Ерөнхийлөгчид дэвшүүллээ. Харин Ардчилсан нам М.Энхсайханыг, "Эх-орон" нам Б.Эрдэнэбатыг, БНН Б.Жаргалсайханыг дэвшүүлж дөрвөн кандидат болов. Дүн гарахад Н.Энхбаярын төлөө нийт сонгогчдын 53 хувь нь саналаа өгчээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Энхсайхан 20 хувь, "Эх орон" намын, Б.Эрдэнэбат 13.9 БНН-ын Б.Жаргалсайхан 11.3 хувийн санал авлаа. МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаяр ийнхүү ялалт байгуулж анх удаа монгол төрийн бүх өндөрлөгийн албыг түшсэн улстөрчөөр тодроод байна. Он гарахад ганцхан сар үлджээ. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Урьд өмнөх жилүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ бүтэн жилийн өмнө гарч эхэлж намууд эрчимтэй бэлтгэдэг үе бараг өнгөрөөд байна. МАХН бол Ерөнхийлөгчид хүнээ шат дараалалтай бэлтгэдэг улс төрийн хүчин. Дөрвөөс найман хүний нэрийг орон нутгийнхаа намын байгууллага руугаа явуулж намын гишүүдийнхээ саналыг авдаг. Рейтингий нь үзэж байгаа нь энэ. Харин шийдвэрийг дээрээсээ голдуу гаргадаг. Бараг намын дарга голлож Удирдах зөвлөл бага хурал нь шийдвэрлэдэг. Энэ ажилд бараг жил хагас болдог байв. Гэтэл өнөөгийн МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ орох байтугай, генсек ч байхгүй, байр ч байхгүй явна. Өөрөөр хэлбэл, нам төр гэдэг ганцхан С.Баяр л болоод байх шиг. Ардчилсан нам Ерөнхийлөгчид дэвшүүлэх хүнээ "Америк маягаар шалгаруулдаг онцлогтой". Нам дотроо сонгууль хийж өрсөлдүүлдэг. Үүнийгээ тайлбарлахдаа "Манайх бол ардчилалтай хэн илүү гэдгээ бүх гишүүдийн санал хурааж шийддэг нь намын анхан шатны байгууллагыг жилийн өмнөөс хөдөлгөөнд оруулдаг, нам доторхи сонгууль шударга болж дараа нь нэгийгээ дэмждэг" гэдэг юм. Энэ нь үнэн болоод сайн байж болох юм. Гэхдээ тэр баруундаа бол шүү дээ. Харин ардчилсан нам доторхи энэ марафон сунгаа нь яг амьдрал дээр намын лидерүүдийг хоорондоо бие биеэ дэмжиж чадахаа больтол нь хагалсан юм билээ. Ардчилсан нам бас л чимээгүй. Намын их хурлаас сонгогдсон намын дарга Ц.Элбэгдоржийгоо Н.Алтанхуяг нар хусаад хаячихсан, МАХН-ын даргатай эвсэж аваад Тэргүүн шадар сайдаар ажиллаж байна. С.Баярын хувьд ялалтынхаа 40 хувийг толгой мэдэн бэлэглэсэн бол Ардчилсан намыг авсан Н.Алтанхуягийн хувьд арай ч ганцаараа биш "Алтан гадас" гэдэг намын доторхи намд багтдаг хэдэн нөхдөө ажилтай болгон цуг шийд гаргасан байдаг юм. Парламентын энэ хоёр том нам Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох юм болов уу. Ёстой чөтгөр бүү мэд. Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хоёр том нам төртэй нийлээд холион бантан болж байна. Энэ цаг үед "Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч хэн бэ" гэдэг судалгааг Д.Ганхуяг тэргүүтэй хэсэг эрдэмтэд хийжээ. Тус судалгааны анхны дүн гарч дараахь хүчин зүйлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө гэж үзсэн байна.
1. Долдугаар сарын 1-ний үйл явдал
2. Хамтарсан Засгийн газрын нэр хүнд
3. Инфляцийн өсөлт
4.Дэлхийн санхүүгийн хямрал хийгээд
манай арилжааны банкуудын зогсоосон зээлийн бодлого.
5.Парламент түүний гаргаж байгаа
хууль нийгмийн дэмжлэгийг авч чадаж байгаа эсэх нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн
сонгуульд нөлөөлж байгаа ажээ. Дөрөв дэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө
Монгол орны улс төрийн байдал бөөн холион бантан болоод байна.
Үргэлжлэл бий
Г.Дашцэрэн