Хонгилын үзүүрт гялалзах гэрлийн тухай Ерөнхий сайд
агсан П.Жасрай нэгэнтээ өгүүлж байсныг эргэн саная. Түүний хэлсэн энэ
зүйрлэл нэг хэсэг онигооны гол дүрээр “тодорч”, нэжгээд хугацааны
дараа афоризм шиг л ард түмний сэтгэлд хоногшсон. Хонгилын үзүүрт туяарах
төдий үзэгдэж буй гэрэлтэй хөөцөлдөж тоглосоор монгол түмэн нэгэн аравныг үдэв.
Сүүлчийн горьдлого ба сонгууль
Хэсэгтээ наашилж, бариад авахад дэндүү ойрхон мэдрэгдэж байсан тэр “гэрлийн
хугархай” эдүгээ харин элс нурах шиг чимээгүйхэн хулжив. Чухамдаа хонгилын
үзүүрийн гэрлийг ойртуулж, тодхон туяа, сүүн гэгээнд нь нийгмээ болоод өөрийгөө
таньж, амьдралаа сайжруулахын төлөө ард түмэн хэд хэдэн сонгуулийг ардаа
хийлээ. Удаан хугацааны турш хуримтлагдсан энэ хүлээлт магадгүй С.Баярын
үед эзэнтэй болж, эерэг мэдээ нэг бус дуулгасан. Гэхдээ эерэг мэдээ бүхэн сөрөг
хандлага, сүүдэртэй үр дагавар дагуулсан тал бий.
Хонгилын үзүүрийн гэрлийг олж харах сүүлчийн оролдлогыг монголчууд 2008 оны
УИХ-ын сонгуульд санал өгөхдөө хийсэн гэж хэлж болно. Хэтэрхий удаан хугацааны
турш үргэлжилсэн хүлээлтээ эзэнтэй, эрэмбэтэй болгох хүсэл нь сонгогчдыг санал
авах байр руу “чирсэн” гэж шууд дүгнэхэд гэмгүй. Долдугаар сарын 1-ний үйл
явдал ч хүлээхийн үнэ цэнийг хямдруулж чадсангүй. МАХН-ын цагаан байр
шатаж, хүмүүс амь үрэгдэж, хоморголон дайрсан хэргээр иргэд хоригдож... үйл
явдал ар араасаа өрнөсөөр байсан хэдий ч хонгилын үзүүрийн гэрлээр гэр орноо
гэрэлтүүлэх хүслээ олон нийт хаяж гээсэнгүй.
Бүсээ чангалах шалтгаан
Үнэнийг хэлэхэд Ц.Элбэгдоржийн “хавсарсан” Засгийн газрын үед, М.Энхболдын
“эвлэрсэн” Засгийн газрын нүүрэн дээр энэхүү хүлээлт тэвчээр болон хувирч, тэр
байтугайг туулахад бэлэн болж хатуужсан. МАХН гурав, дөрөв хуваагдан хямарч,
гудамжинд завхрахдаа тулаад байсан үед ч, АН хүүхдийн мөнгөөр шоудан, ах намын сайдуудыг
ар араас нь огцруулж байх үед ч сайн сайхан, амар амгалан амьдралыг хүссэн
хүлээлт бүсээ чангалсан уу гэхээс бөхсөн нь үгүй. Энэ хугацаанд эмхлэгдсэн
болон огцорсон Засгийн газруудын ганц нэгхэн нь ард түмний эгэл хүлээлтийг
наашлуулж, харин олонх тохиолдолд улам бүр цаашлуулан үтэр өшиглөж ирснийг
хэлэх хэрэгтэй. Улстөрчдийн намчирхсан хатуу тоглоом увайгүй байх тусам улс
орон туйлдан ядарч, ард түмэн чимээгүйхэн дүнсийсэн нь үнэн юм.
Хүлээлт заримдаа уучламтгай байдаг. Будлиантай гэх сонгуулийн үр дүнг хүлээн
зөвшөөрч, ирц бүрдээгүй парламентыг “инээмсэглэн” угтах зоригийг мөнөөх л
хонгилын үзүүрт туяарсаар буй гэрэл өгсөн хэрэг. Хамтарсан Засгийн газар
байгуулагдахад дэмжихээсээ дэмий л бухимдсан улстөрч олон. Гэвч хүлээлтээс
хүлээлтийн хооронд энэ байтугайг хүлээн зөвшөөрч, хүрээлэн угтахаас аргагүйг
ойлгосон ч байж болох. Шулуухан хэлэхэд олон оны турш үргэлжилсэн эл ужиг
хүлээлт, тодруулбал хонгилын үзүүрийн гэрлээр үр хүүхдийнхээ сургуульд очих
замыг чимэглэх гэсэн ард түмний мөрөөдөл С.Баярт хүссэн бүхнийг нь атгууллаа.
Харин одоо бид С.Баярын тэргүүлж буй хамтарсан Засгийн газраас юу хүлээж болох
вэ? Хонгилын үзүүрт сүүмэлзэн буй гэрлийг тэд алган дээр минь биш гэхэд айл
хотод маань авчирч чадах уу?
Дэлхийн хямрал ба засгийн газрын сэтгэх чадвар
Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөх үү? “Нөлөөлөхгүй. Харин ч энэ
хямралыг ашиглан “агаараас” мөнгө босгож болно” гэж “Фортуна” Н.Батбаяр үзэж
байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралыг ашиглан Монголд зориудаар хиймэл
хямрал бий болгох сонирхолтой бизнесийн томчууд байж болохыг үгүйсгэмгүй.
Цэнхэр гаригийг бүхэлд нь хамрахдаа тулаад байгаа энэхүү хямрал Монголыг
тойрохгүй нь мэдээж. Тийм боловч сүүдрээ унагах уу, сүүлээрээ шарвах уу гэдэг
бас сонин.
Одоогоор энэ асуултад хариулахаас голлох эдийн засагчид татгалзаж байна.
Ямартай ч зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй уруудаж, нэг тонн нь 4600
ам.долларт хүрч, өмнөхөөс 50 хувь хямдарсан нь Монгол Улсын жилийн төсвийн 30
гаруй хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт”-ийг эвгүй байдалд оруулаад байна. Үүний
зэрэгцээ олон нийтийн банкинд итгэх итгэл алгуур боловч буурч, хадгаламж
зээлийн хоршоодын хачин дампуурлаас халширсан харилцагчид олсон хэдэн зоосоо
хадгаламжинд биш халаасандаа үлдээхийг эрмэлзэх болов. Монголбанкнаас арилжааны
банкинд заавал байлгах нөөцийн доод хэмжээг 0.5 нэгжээр буулган, 5.0 хувьд
хүргэсэн нь эмээх сэтгэл төрүүлсэн тал бий.
Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдалд зөв “оношилгоо” хийж, эдүгээ 32
хувийг шүргээд байгаа инфляцийг бууруулах шаардлага хамтарсан Засгийн газарт
тулгарч байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн хямрал Монголд хэрхэн
нөлөөлөх нь Сангийн яамны холыг харсан бодлого, Засгийн газрын сэтгэх чадвараас
шалтгаалах болчихоод байна. Хямралаас үүдэлтэй, банк, санхүүгийн салбарт бий
болсон үл итгэх байдлыг даруйхан эцэслэх нь энэ Засгийн газрын тулгамдсан
асуудлын нэг байх учиртай. Ард түмэн итгэл дүүрэн, эрсдэлгүй амьдрахыг хүсч
байна. Хадгалуулсан мөнгө нь хатуу валют болохыг хүлээж байна. Энэ нь өнөөх л
хонгилын үзүүрийн гэрлийг наашлуулах нэгээхэн хөшүүрэг билээ.
Төрийн зохион байгуулалт төвөггүй болно гэсэн...
Алдарт таван төгөлдөршлийн нэг нь төрийн данхар бүтцийг өөрчилж, төвөггүй,
энгийн болгоно гэсэн амлалт байлаа. Энэ амлалт ажил болохдоо хэрхэн хувирсныг
бид мэднэ. Санасанд хүрээгүй, санаа алдах гэхээр бас арай л болохгүй. Эхийг нь
эцээж, тугалыг нь тураалгүй шийдвэр гарган, 11 яамтайгаар алба залгуулах болсон
нь баяр, гомдлыг зэрэг авчирсан. Есөн яамтай болно гэсэн яалаа гэж ам асуух
нэгэн байхад15 яамыг аргагүй л цөөллөө гэж баярлах нь ч бас бий.
Харамсалтай нь Засгийн газар өнөөг хүртэл ам бүл бүтэн, ажил үйлс дүүрэн болж
амжаагүй байна. Дэд сайдууд сураг төдий, тамгын газар агентлагуудын дарга нар
чимээ таамаг төдий. Одоо дэд сайдын алба хашиж байгаа нь ч, одоохон дэд сайдаар
томилогдох гэж байгаа нь ч учраа олохгүй ундуй сундуй. Буцах хүнээр ачаа бүү
татуул гэж үг бий. Гэтэл бүр яамдынхаа буурийг сахиулчихаад яарна гэдгийг
мартав. Энэ мэтээр төрийн зохион байгуулалт зуун задгай, Засгийн газрын бүтэц
бүрэлдэхүүн жаран хагархай. Хүлээсэн хүний тэвчээрийн хүлээс алдуурах эхний
гишгүүр энэ ч байж болох.
Ядаж байхад ямаа...
Улсын төсөв хүндэрч, урд оны алдагдалд туйлдан, ууртай хүн олон
болчихоод байхад ямаа гэж янзтай золиг төрийн халааснаас 30 тэрбумыг суйлж
дөнгөв. С.Баярын “сул гар, сувдан нулимсыг” далимдуулан гурил, нефть
импортлогчид хүртэл төсвөөс нөхөн олговор хүртэж амжсаныг яана. Ямаа тэднээс
дутсангүй, хэд нугалж, үржүүлсэнтэй тэнцэх мөнгө тэвэрч үлдэв. Уг нь зах
зээлийн хуулиар бол ноолуур хэдий тансаг ч дэлхийн зах зээл дээрх ханшаа л
даган үнэлэгдэх учиртай.
Олон улсын зах зээлд хямдарч байгаа ноолуурыг төр өндөр үнээр авч дундаас нь
алдагдал хүлээх нь зүйд нийцэхгүй. Зохиомол зах зээл гэдэг нь тэр биз. Нийтийн
тээврийн нөхөн олговор гэхчлэн төсвийн алдалдалд ачаа нэмэх олон шалтгаан бий.
Тэр болгоныг эмхэлж цэгцлэн, эдийн засгийн бодлогоо хатуухан мөрдөж, муур
багшийн ухаан зарахгүй бол нөхөөстэй дээл шиг Монгол нөхөн олговроосоо болж
хөгжих биш сөхрөх вий дээ. Зах зээлийн эдийн засгийг зүй зохисоор нь хөгжүүлэх,
өнөөдрийн эрсдэлээр маргаашийн элбэг дэлбэг амьдралыг авчрах зоримог алхам хийх
цаг хаяанд ирснийг ямааны нөхөн олговор сануулж, яг зүрхэн дундуур “ташуурдав”.
Иймэрхүү байдлаар төр барина гэвэл инфляц буурах биш өссөөр байх нь дамжиггүй.
Ямааны нөхөн олговрын сургаар хөдөө орон нутагт хүнсний бараа “ченжилдэг”
наймаачдын ханш огцом нэмэгдсэн сурагтай. Баян ямаачнаас баахан мөнгө салгах
гэж хэн хүнгүй хүсэх нь мэдээж. Төр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байхгүй
бол өглөгч авгай шиг өөртөө хоосон, үймэрсэн чавганц шиг үүдэндээ хоосон болох
нь. Зөв бодлого, зохицуулалт, менежмент хэрэгтэй болсныг зөвхөн ямаа ч
сануулсан юм биш. Зах зээлийн эдийн засгийг замын хань болгон сонгосон атлаа
эргэж буцсан шийдвэр гарггаж, зохиомол зовлон даллахаа боливол аятай юу.
Ард түмэн өмч хөрөнгөө бүртгэж эхэллээ
Талхны үнийн тааламжгүй хөөрөгдөл, бензиний үнийн битүүхэн луйвар, гурилын
үнийн гурван оронтой тоо эл шуугианы эхлэл болсон хэрэг. “Талх чихэр” талхны
үнээ гэнэт 800 төгрөгт хүргэхэд л энэ сануулга хангинаж эхэлсэн.
Үнэнийг хэлэхэд, төр засгаа ч тоодоггүй, түмэн олноо ч ойшоодоггүй монополь
хэдэн үйлдвэр, компани бий. Дэлхийн зах зээл дээр бууж байгаа үнийг Монголд
өсгөж тоглодог шинэ цагийн бизнесмэнүүдээс өмчөө нэхэх хандлага олон түмнээс
үнэртэх болов. Талх, бензиний үнээр улс төр хийж, сонгууль болон Засгийн газрын
томилгоог өндөр үнэтэй өргөн хэрэглээний бараагаар барьцаалдаг улстөрч нэртэй
бизнесмэнүүдэд энэ үг хамаатай. “Өгөөж”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Алтан
тариа”, “НИК”-ийг анх хэдэн төгрөгөөр хувьчилж өнөөдрийн даварсан
бизнесмэнүүдийг төрүүлснийг эдийн засагчид судалж эхэлсэн сураг бий.
Улсын үйлдвэрийн газруудыг инээд хүрмээр хямдхан хувьчилж авчихаад эргээд
этгээд аашилж, үнэ ханшаар тоглон, ард түмний амьдралд дарамт учруулж эхэлсэн
явдал нь цөөн монополь компанийн будлиантай намтрыг ийнхүү сөхөхөд хүргэсэн ч
байж болох. Яг ийм нөхцөл байдалд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тухайн үед ямар
арга хэмжээ авсныг учир мэдэх улс ултайхан ярилцах юм билээ.
Ашигт малтмалын “аймаар” ирээдүй
Монголын парламент хоногт нэг сая ам.доллар алдаж байна хэмээн УИХ-ын дарга
байхдаа Д.Лүндээжанцан харуусч суусан. Ашигт малтмалын тухай хууль парламентын
ханыг мөргөсний дараа тэрбээр ийнхүү шогширсон удаатай. Ашигт малтмалын түүхий
эдийн үнэ дэлхийн зах дээл дээр тэнгэрт хадаж байсан Монголд ашигтай цаг үеийг
нэгэнт бид алдчихлаа. Тэгэхээр тэр үеийнхээс илүү ухаалаг, сэргэлэн
бодлого одоо шаардагдах нь. Хөгжингүй улс орнууд Тавантолгойд булаатай байгаа
нүүрснээс хамааралгүй амьдрах арга замаа хайгаад эхэлчихлээ.
Оюутолгойд нуугдсан алтны ханш уруудаж эхэллээ. Хэдийгээр Солонгос, Канад, Орос
зэрэг орны уул уурхайн салбарынхан Монголыг сонирхож буй ч энэ сонирхол эдүгээ
ашигт малтмалын үнийг даган “хямдрах” тийшээ хандлаа. Алт, мөнгө, зэс, нүүрс,
уранаараа гайхуулдаг монголчууд энэ баялгаа нэлээн хүчин чармайлт гаргаж байж
эргэлтэд оруулахаас аргагүй нөхцөл байдал үүсчихлээ. Ийм тохиолдолд ашигт
малтмалын ирээдүй “аймаар” биш гэхэд алаг тарлан харагдаж буй юм.
Хамтарсан Засгийн газар байгуулах болсон гол шалтгаан, үндсэн хөшүүрэг нь
үнэтэй хэдэн орд газар байсан. Үнэлж баршгүй гээд л баахан гайхуулсан. Үнэлж
баршгүй баялаг улс төрийн нөхцөл байдлын хувьд үнэлж баршгүй хохирол дагуулахыг
үгүйсгэхгүй. АН нэг л эвгүйдэж, Н.Алтанхуягийгаа аваад шидчихвэл хамтарсан
Засгийн газраас хүлээсэн бүхэн хоосон найдвар болон хувирч, хонгилын үзүүрийн
гэрэл харагдахаа больж мэднэ.
Сонгуулиа цэгцлэх үү?
Сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны хоёр талд, хойно урдаа орон
хөөцөлдсөөр багагүй хугацааг үдэв. Будлиан, булхай, луйвраас салахыг болив. Улс
төр ууж идэхээр хэмжигдэж, төрийн тогтолцоонд хүртэл сөрөг байдлаар нөлөөлөх
болов. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг улс төрийн голлох хүчин болох МАХН, АН
эвтэй байх үедээ эргэлзээгүй байдлаар шийдэхгүй бол цаашдаа ч энэ хямрал “элэг
эмтэлж”, итгэл хулгайлсаар байх нь.
Сонгуулиа явуулж чадахгүй байгаа ард түмнийг оюун санааны ядууралд орсон гэж
шинжээчид үздэг. УИХ-ын сонгуулийн эцсийн дүн албан ёсоор гараагүй байхад орон
нутгийн сонгууль мухардалд орчихлоо. Хамтдаа шийдэх чухал асуудлуудын нэг нь
яах аргагүй Сонгуулийн хууль гэдгийг энэ бүхэн нотолж буй. Хамтарсан Засгийн
газраас, 2008-2012 оны УИХ-аас шийдвэр хүлээж буй бас нэгэн эмзэг асуудал энэ.
Хамтарсан Засгийн газар байгуулснаар бид үзэл бодлын олон үнэт зүйлээ
золиослосон. Олон олон эерэг үр дүн хүлээж ийм шийдвэрт хүрсэн. Сөрөг
хүчин, улс төрийн гуравдагч хүчин гэсэн “гурвалжин өнцөгтэй” ойлголтуудаа нэг
хэсэгтээ мартахаар шийдсэн. Их үйл хэргийн төлөөх бага зарлага гэж тооцсон.
Тиймээс ч энэ ард түмэнд хүлээх эрх бий. Олон оны турш тээсэн хүлээлтээ
С.Баярын Засгийн газарт үүрүүлэх эрх байгаа. Харин... эхлэл нь эрчимтэй
харагдахгүй л байна. Адаг нь ямар байхыг С.Баяр, Д.Алтанхуяг нар мэдэж
байгаа гэдэгт итгэж хүлээе.
Р.Эмүжин