Миний мөрөөдөл биелж эхэлж байна
П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааныг сонгодог урлагийн олимп гэдэг. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааныг сонгодог урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэх нь бий. Сонгодог урлагийнхны мөрөөдөл, мэргэжлийнхний авьяас чадвараа сорьдог томоохон талбар болох М.Глинкийн нэрэмжит уралдааны тусгай байрт шалгарна гэдэг оюутан хүнд том амжилт.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Москвад болсон тус уралдаанд 280 дуучнаас шалгарч, тусгай байр эзэлсэн Доржцэдэнгийн Бат-Эрдэнийг “Хүмүүс” буландаа урилаа. СУИС-ийг энэ жил төгсөж буй тэрбээр Вена хотын Урлагийн академид мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ ирэх зургадугаар сард тавих “Юлий Цезарь” дуурьд дуулахаар болсон юм. Монголын сонгодог урлагт ч, уншигчдын хувьд ч шинэ хүн түүний ертөнцөөр хамтдаа аялъя.
-Венад очиж дуурьд дуулах гэж байгаа гэсэн. Энэ боломж яаж олдов?
-Австрийн Вена хотын Урлагийн академиас энэ жил сургуулиа төгсөж байгаа, басс хоолойтой нэг дуучнаа Германы хөгжмийн зохиолч Фридрих Генделийн алдарт “Юлий Цезарь” дуурьд дуулуулаач гэсэн урилга манай сургуульд ирүүлсэн юм билээ. Сургуулийн удирдлага, багш нар ярилцаж байгаад намайг сонгосон. Би очоод дуурийн бэлтгэл хийхийн зэрэгцээ Венийн Урлагийн академид мэргэжил дээшлүүлнэ. Ирэх зургадугаар сард “Юлий Цезарь” дуурийг тавих юм билээ.
-Явах болсноо хэзээ мэдэв?
-Нэгдүгээр сард сонссон. Яг үнэндээ баярлахаасаа илүү сүрдсэн. Аугаа Моцартын төрсөн нутаг, сонгодог урлагийн олон жилийн түүхтэй Австрийн Урлагийн академиас сурах зүйл их байгаа байх. Тэнд сайн дуучин гэж үнэлэгдвэл дэлхий тэр чигээрээ хүлээн зөвшөөрдөг, сонгодог урлагийн өлгий нутаг гэгддэг орнуудын нэг шүү дээ. Тийм газар очих гэж, зүгээргүй дуурьд дуулах гэж байгаадаа хэлэх ч үг олдохгүй байна.
-Тэнд сайн дуулвал аль нэг театраас урих ч юм уу, боломж нээгдэх болов уу?
-Вена ч гэлтгүй дэлхийн томоохон театрууд Монголын дуучдыг их сонирхох болсон. Чадвартай хүнд дэлхий нээлттэй болсон үе шүү дээ. Чадаж л байвал хаана ч очоод дуулах боломжтой. Энэ боломжийг Ц.Пүрэвдорж агснаас эхлээд Э.Амартүвшин ах хүртэл Монголын үе үеийн гайхамшигтай дуучид бидэнд нээж өгсөн. Монголын дуучид чадалтай гэдэг ойлголт дэлхийн сонгодог урлагийнхны дунд баттай бий боллоо. Тавьж буй дуурьдаа монгол оюутныг урьж байгаа нь үүний илрэл байх.
-Багш нар чинь чамд их итгэл хүлээлгэдэг юм билээ?
-Манай сургуулийн удирдлагууд, багш нар ганц намайг биш хичээл зүтгэлтэй оюутнуудаа их дэмждэг. Дуучид уралдаан тэмцээнд явахад зардал мөнгөө өөрсдөө олдог шүү дээ. Оюутан хүнд энэ нь их хүндрэлтэй. Намайг М.Глинкийн уралдаанд явахад тал зардлыг сургуулиас гаргаж өгсөн. Энэ бол жирийн нэг оюутанд их итгэл хүлээлгэж, боломж олгож буй хэрэг. Тэр их итгэл найдварыг нь дааж явах юмсан гэж боддог.
-Ирээдүйтэй гэж үнэлэгдэж байгаа залуу дуучинтай уулзсаных, уншигчдад өөрийн тань тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Аль нутгийн хүү вэ?
-Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумынх. Сэлэнгэ мөрний татуургын эрэгт төрж, өссөн. Манай зүүнбүрэнгийнхэн мал аж ахуйтай, хажуугаар нь газар тариалан эрхэлдэг. Зуныхаа амралтаар мал ахуй, тариа ногооны ажилд тусалдаг, заваараа Сэлэнгэ мөрөндөө шумбаж, загас бариад гүйж явдаг, дуу хуураас хөндий хүүхэд байлаа. Ер нь дуучин болно гэж бодож байгаагүй.
-Дуучин болно гэж бодоогүй хүүхэд яагаад дуучин болчхов?
-Дунд сургуулийн ахлах ангид байхдаа санамсаргүй шахам “Дуулах өв” улсын уралдаанд оролцсон юм. Дууны уралдаан болж байна гээд сумын хүүхдүүд яваад байхаар нь очоод дуултал сумаасаа шалгарч аймаг руу явах боллоо. Аймгаасаа улсад явах болж, нийслэлд ирээд бусад аймаг, сумаас шалгарч ирсэн хүүхдүүдтэй өрсөлдөж, нэгдүгээр байр эзэлсэн нь надад их урам өгсөн. Туранхай өндөр хүү гарч ирээд жигтэйхэн бүдүүн хоолойгоор дуулахаар хүмүүс их гайхсан байх. Шүүгчээр ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш намайг дуулсны дараа дуудаж уулзсан юм. Насаараа дуучин бэлдсэн хүн морь шинждэг уяач шиг болчихдог юм билээ. Миний чих, хамрыг татаж, хоолойг илж, гэдийлгэж тонгойлгож элдвээр шинжээд “Чамд сонгодог урлагаар явах бодол байна уу” гэж асуусан. Тийм мундаг хүн тэгж асууж байхад үгүй гэлтэй биш, явна аа л гэсэн. Тэгээд л дуучин болохоор шийдчихсэн шүү дээ.
-Э.Амартүвшин, П.Бадрал нарын олон дуучин бэлтгэсэн, басс, баритон хоолойг сайн тавьдгаараа алдартай Ц.Ерөө багшийн шавь болсон тухайгаа яриач?
-Багштайгаа уулзаж, багш шавийн барилдлага барьсан нь миний хувьд том аз байсан. Намайг сонгодог урлаг руу хөтөлсөн хүн бол ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар ах. Г.Хайдав багшид сонгодог урлагаар явна гэж амлаж явах үед Б.Батбаатар ах бас дуурийн дуучин болохыг зөвлөж, ДБЭТ-ын гоцлооч Ц.Баттөр ахтай уулзуулснаар сонгодог урлаг руу нэг алхам ойртсон. Ингээд 2007-2010 он хүртэл аймгийнхаа “Сэлэнгийн долгио” чуулгад дуучнаар ажиллаж, Б.Батбаатар ах, Ц.Баттөр ах нараас зөвлөгөө авч явсаар 2010 онд Ц.Ерөө багшдаа шавь орсон. Багштайгаа анх уулзахад дуучин болох чин хүсэл, тууштай явах хичээл зүтгэл бий, эсэхийг асууж, ам өчгийг минь аваад шавиа болгосон. Багш маань шавь нартаа нөмөр нөөлөгтэй, ээж шиг түшигтэй сайхан хүн. Багшийнхаа тухай ярихад сайн сайхан үг багадах юм шиг санагддаг.
ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар, өнгөрсөн жил М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн П.Бадрал нарын олон сайхан дуучин бэлтгэсэн гайхалтай ур чадвартай багш. Ийм сайн багшийн шавь болсных, олон улсын тавцанд Монголын дуурийн урлагийн нэрийг өргөж, амжилт гаргасан ах нарынхаа араас би чадан ядан зүтгэж л явна.
-“Сэлэнгийн долгио” чуулгад ажиллаж байсан юм уу?
-Дунд сургуулиа төгсөх жил манай “Сэлэнгийн долгио” чуулга “Сэлэнгийн шаштир” хэмээх түүхэн сэдэвтэй дуулалт жүжиг тавьж, надад тэр уран бүтээлд оролцох аз таарсан юм. Би анх тэр дуулалт жүжигт л тоглох гэрээтэй очсон ч тоглосны дараа чуулгад ажиллаач гэсэн санал тавьсан. Урлагт дурлаж эхэлж байсан үе минь болохоор тэр саналыг бөөн баяр хүлээж авалгүй яах вэ. Чуулгад хоёр дахь жилдээ ажиллаж байтал чуулгын дарга Д.Нина “Чи хот суурин бараадаж, мэргэжлийн сургуульд нь сур. Авьяас, хоолойны чадал аль аль нь байгаа залуу хүнийг ингээд хөдөө уяад байх хайран байна” гээд СУИС-д ичнээгээр сурах боломж олгосон. Хотод ирж хоёр сар хичээлд суучхаад, Сэлэнгэд очиж ажлаа хийж байгаад ирж шалгалт шүүлгээ өгөх маягаар хагас жил яваад азаар Ц.Ерөө багштайгаа учирсан нь тэр.
“Энэ басс гэж үү дээ, тенор юм биш үү, ийм туранхай хүнээс яаж тийм бүдүүн хоолой гарах вэ”
“Ц.Ерөө багш намайг шавиа болгож авъя гэсэн, би СУИС-д өдрөөр сурах боллоо ажлаасаа гаръя” гэхэд чуулгын дарга “Нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваарай, сайн дуучин болоорой” гэж духан дээр үнсээд үдсэн. Одоо болтол даргатайгаа холбоотой байдаг, уралдаан тэмцээнд оролцохдоо хэл дуулгадаг.
-Өнгөрсөн жил М.Глинкийн нэрэмжит уралдаанд тусгай байр эзэлсэн нь оюутан хүний хувьд том амжилт. Мэргэжлийнхэн өрсөлддөг энэ уралдаанд дахиж оролцох уу?
-Өнгөрсөн жил намайг уралдаанд оролцохоор явахад багш “Чи өөрийнхөө нэрээс гадна эцэг эхийнхээ нэрийг, багшийнхаа нэрийг, улс орныхоо нэрийг үүрч яваа шүү. Энэ ачаагаа унагачихгүйхэн яваад ирээрэй” гэж захисан. Ямар ч байсан унагаагүй ирсэн байх.
Энэ уралдаанд нас заасан байдаг. Надад дахиж орох боломж байгаа. Дахиж уралдаж амжилтаа ахиулах хүсэл бий.
-СУИС-д дуурийн дуулаач мэргэжлээр сурч байгаа оюутнуудын хувьд ДБЭТ-ын ягаан байшин мөрөөдөл биз?
-ДБЭТ-т бямба гараг бүр дуурь, ням гаригт балет тоглодог шүү дээ. Дуурийг алгасахгүй үзнэ. Оюутан л болсон хойно мөнгө төгрөг муутай, тасалбар шалгагч эгчийн урдуур хойгуур гүйж байгаад туулайчилсан удаа олон бий. Дуурь үзэхэд үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрдөг. Морь уралдахад, түрүү морь барианд ороход монгол хүнд ямар мэдрэмж төрдөг билээ, яг тийм огшсон, гайхалтай мэдрэмж төрдөг юм. Тэр тайзан дээр дуулна гэдэг холын мөрөөдөл байлаа.
-Харин одоо тэр тайзан дээр дуулж байгаа юм байна шүү дээ?
-Би өнгөрсөн жилийн зургадугаар сард театрын найрал дууны ангид орсон. Найрал дуу ямар гайхамшигтай сонсогддог билээ. Тэр гайхамшгийг бүтээлцэж байгаа гэж бодоход сайхан санагддаг, өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Дуурийн театрын дуучин болох нь бүү хэл тэнд дуурь үзэх миний мөрөөдөл байсан. Одоо театрынхаа хамт олны нэг болчихлоо, хүсэж мөрөөдсөн байсан газраа ирлээ. Миний мөрөөдөл биелж эхэлж байна.
-Гоцлох боломж олдож байна уу?
-Өнгөрсөн жил ДБЭТ-ын гоцлооч Ж.Бямбажав “Айда”-гийн Египтийн хаанд дуулах ёстой байтал ажлын томилолтоор Япон явах болж, оронд нь дуулсан. Ийм дуурийн энэ дүрийг давтаад бэлдчихсэн, хүн дутвал оронд нь гарах боломжтой шүү гэж хэлээд, боломж хайгаад л явдаг юм. Үүнийг маань ДБЭТ-ын найруулагч Е.Сарантуяа, концертмейстр Б.Солонго эгч нар дэмждэг. Хийж чадвал боломж олддог гэдгийг биеэрээ мэдэрч байгаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн жижиг дүрд дуулсан.
Яг үнэнийг хэлэхэд одоогоор гоцлооч болох талаар бодсон зүйл алга. Мэргэжлийн театрын уран бүтээлчдэд “Чадалтай нь л тайзан дээр гар” гэсэн хууль үйлчилдэг. Би театрт ороод есөн сар л болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд дуудлагынхаа цагийг хараад, заасан газарт нь төөрчихгүйхэн очихыг л хичээж явсан гэхэд болно. Театрт ороод удаагүй байхад “Поёмд цугла” гэхэд нь хаана очихоо мэдэхгүй явсан үе бий. Түүнийгээ бодвол одоо арай ч төөрөхөөргүй болсон. Гэхдээ театрын дотоод ажил, бодлого зохион байгуулалтын талаар сайн мэддэггүй хэвээр.
-Яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Залуу хүн бүрийн хүсэж мөрөөддөгийг л мөрөөдөж байна. Эр хүний цээжинд эмээл, хазаартай морь багтдаг гэдэг байх аа. Миний цээжинд хэдэн том дуурийн дүр байдаг юм. Тэднийгээ дуулах хүсэл байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том тайзан дээр өөрийнхөө нэрийг, Монгол Улсынхаа нэрийг зарлуулах хүсэл цээжний мухарт бий.
-Тантай утсаар ярихдаа нэлээд биерхүү залуу байх гэж төсөөлж байлаа?
-М.Глинкийн уралдаанд оролцож байхад нэгдүгээр тойрогт дуулахаар гараад тайзан дээр зогсож байхад шүүгчид “Энэ басс гэж үү дээ, тенор юм биш үү, ийм туранхай хүнээс яаж тийм бүдүүн хоолой гарах вэ” гэж хоорондоо хошигнол маягаар ярьж байгаа нь надад сонсогдсон. Ийм хоолойтой гэхээргүй харагддаг гэдэг үгэнд би хэдийн дассан.
-СУИС-ийн дуулаачийн ангийн төгсөгчдөөс дунджаар хэд нь басс хоолойтой байдаг бол?
-Цөөхөн дөө. Жилд 1-2 хүн л төгсдөг байх. Басс хоолойтой дуучин төгсөхгүй байх жил ч бий. Централны басс хоолой Монголд бүү хэл дэлхийд ч ховор л гэдэг юм билээ.
“Өөрийнхөө тухай ярих яасан хэцүү юм бэ” гэсээр яриагаа дуусгасан тэрбээр өнгөрсөн бямба гарагт Австри Улсыг зорьсон. Сонгодог урлагт зүрх сэтгэлээсээ дуртай, зорьсон зорилготой, том мөрөөдөлтэй залуу дуучныг олон олон ярилцлага, урт холын зам, амжилт бүхэн хүлээж буй биз ээ.
ГАРГАСАН АМЖИЛТ:
-2010 он. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байр
-2011 он. ЗХУ-ын ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны оюутнуудын ангилалд дөрөвдүгээр байр
-2012 он. Гавьяат багш С.Дашиймаагийн нэрэмжит уралдааны Гран при, О.Ичинхорлоо багшийн нэрэмжит уралдааны Гран при
-2014 он. ЗХУ-ын ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мэргэжлийн дуулаачдын ангилалд нэгдүгээр байр
-2014 он. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны IV байр