Аравдугаар сарын хоёрон гэх эл өдөр ч өөрөө анхаарлын тэмдэг юм. Монголд гарсан улстөрийн хоёр ч аллага энэ өдрөөр хуанлигддаг. Хүмүүс бараг нь үүнийг мэднэ. Гэхдээ хүүхэд залуусын зарим нь бас төсөөлөхгүй байна. Хүний хувь заяаг тохиолдол талаас нь үзэхэд янз бүр. Талийгаач С.Зоригийн нагац өвөө болох орос эр манай орныг судалж байсан. Тэрбээр тухайн үеийнхээ Монгол сэхээтнүүдтэй дотно явжээ. Энд ишлэхэд "Зөвлөлтийн зөвлөх, түвдэч Тубьянский, газар зүйн мэргэжилтэн Симуков (Монгол нэр нь шар Дамдинсүрэн), номын санч Вера, Хурлат Шастина (Шастин докторын охин), Донойн Сурмаажав, Доржийн Цэрэнханд зэрэг нөхөд тэр майханд найрлаж нанчид зооглож байсан. Д.Нацагдорж тэгэхэд унтаж босоод хувцаслан гадагш гарах гэж байснаар үзэхүл их үдийн анхны зоогт орж баахан халамцаад, оройн зоогоос татгалзсан юм болов уу хэмээн бодогдном" гэж эрт цагийн бичээч А.Дашням дурссан нь бий. Шар Дамдинсүрэн буюу Симуков нь С.Зоригийн өвөө юм."Өлзийнарангийн өчил" гэх уг дурсамжид "Маргааш нь "молцог" Дэчинбалжир гэгч ирж
-Банзан хашаа түшин нэг хүн нас барсан байсан нь "герман" Нацагдорж яах аргагүй мөн байна шүү. Ам, хамраас нь цус нөж гарсан их л аягүй юм харагдана" гэж зохиогчид хэлсэн тухай байдаг. Тэр нэгэн цагт Симуковын найз их зохиолч Д.Нацагдорж учир битүүлгээр насан эцэслэжээ. Гэтэл хожим их зохиолчийн охин Ананда Шира нь Монголд амьдрах гэж ирээд бас ээдрээтэйгээр л өөд болсон. Мөнөөх Симуковын зээ хүү С.Зориг 1998 оны энэ өдөр, баасан гаригт алуулсан. Эмгэнэлтэй л хувь тавилан. С.Зориг гэснээс түүнийг Төрийн ордны цонхоор "морь харсан" гэсэн мэдээ 1992 онд сонинд гарч байв. Хөдөө явсан дарга нь эргэж утасдан тэр мэдээг бичүүл гэж нэг хэлтсийн даргадаа үүрэг өгчээ. Хэлтсийн дарга нь цаашаа шинэхэн сурвалжлагчдаа үүрэг болгожээ. Мөн үүнийг бичихгүй бол ажлаас чинь хална шүү гэж сүрдүүлсэн гэдэг. Тэгээд л мэдээ түгсэн байдаг. Одоо тэр мэдээ бичсэн сурвалжлагч болон эхэлж үүрэг өгсөн дарга хоёр нь байхгүй. Наснаасаа эрт явчихсан. "Зоригийн хэрэг" гэж буруу нэршилтэй хэргийг шалгах явцад бас л зарим хүн сэжигтэйгээр нас баржээ. Хэргийн газарт анх үзлэг хийсэн гэх нэгэн казах хошуучийн үхэл байна. Сэжигтнээр байцаагдсан нэгэн эмэгтэй хожим нь байшин дээрээс унасан. Болд гэх сэжигтэнг хөлдөж үхсэн гэдэг ч гадны нөлөөтэй байсан гэж зарим эх сурвалж хэлжээ. Харамсалтай бас эргэлзээтэй юм.
Д.Төмөр-Очирыг 1985 оны намрын энэ л өдөр егүүтгэсэн байдаг. Тэрхүү хэргийн үед задлан шинжилгээ хийсэн эмч М мөн л сэжигтэйгээр бурхан болсон гэх. Төмөр-Очирыг алсан хүн нь Жамбал гэгч юм гэж "илрүүлэн" сонинд бичсэн нэгэн бас л наснаасаа эрт одсон. Ийм л хачин тохиолдол дээрх хоёр аллагын эргэн тойронд байх аж. Тухайн үедээ Д.Төмөр-Очирын хэргийг илрүүлчих мэргэжлийн чадвартай мөрдөгч байхгүй ч юм шиг цуу яриа гарч байсан. Мөн С.Жалан-Аажав дарга л хүн амьний хэргийн талаар онолын хувьд судалж, хууль эрх зүйн үүднээс дүн шинжилгээ хийж чадна. Яагаад гэвэл тийм чиглэлээр эрдмийн ажил хийсэн хүн гэлцэж байсан. Гэхдээ хичээхгүй байх даа гэх үг дагаж явсан шүү. Д.Төмөр-Очир тэр хоёрыг түнжин муутай, нэгнээ шүүмжлэх хандлагатай гэж байв. Дархан дахь аллагаас жилийн өмнө Ю.Цэдэнбал даргыг Зөвлөлт нөхдийнхөө оролцоотойгоор албанаас нь авч хаясан. Бал дарга бол Д.Төмөр-Очирыг хэлмэгдүүлэгч юм. Ю.Цэдэнбалыг суудлаасаа суга татуулахаас жил шахмын өмнө С.Жалан-Аажав даргыг бут аван нутаг заахдаа тулсан. Ийм л орооцолдоотой он жилүүд байв. Улстөрийн урцалдаан гэдэг яавч олигтой юм биш. Өнөөдөр хүмүүст хугацааны хувьд арай ойр санагдаж буй "Зоригийн хэрэг" гэхэд олон хардлага дагуулсан хэвээрээ. 11 жилийн өмнөх тэр нийгмийн цочрол дунд "Зачем ты убил мальчика" гэж хэн нэгэндээ бухимдсан тухай алдуул үг тэнэж л явсан. Талийгаачийг тэр өдөр уул нь Улаан-Үдэ рүү явах гэж байснаа больсон гэдэг. Бас нэг нь яаж ийж байгаад болиулсан гэж л байв.
Мөнөөх Бат, Оюун "хоёр" ч хаачсан бэ. Сэжигтнийг оллоо гээд Францаас хүн хулгайлж авчирч үзсэн. Гэхдээ Монгол хүнээ л авчирсан. Цагдаагийн нэг супер офицер уг хэргийг илрүүлж өгнө гэж амлаад УИХ-д сууж ч үзсэн. Үүнчлэн элдэв яриа, явдал өрнөсөөр, нөгөөх ажлын хэсэг хэрэгтнийг хайсаар cap жил өнгөрч буй. Нэгэнтээ УИХ-ын гишүүдийн веб хуудас руу ороход С.Оюунд хандсан нэг зурвас маягийн юм таарч байв. Түүнд "Оюунаа шударга байдлаа битгий алдаарай. Ард чинь бид байгаа шүү" гээд Бат-Оюун нар гэсэн нь даажигнал ч юм шиг тусч билээ. Ийм маягаар цааш бичихээ азнан хэлэхэд дээр дурьдсан хүмүүсийн хувь тохиолтой холбоотой зүйлийг хэн нэг нь мушгин гуйвуулж, муйхар зорилго болгон ашиглахгүй гэдэгт найдаж байна. Гэсэн ч 500 сая төгрөг олчих гэсэн овсгоотон бас элдвээр ургуулан бодох л биз. Үнэндээ бол ур чадвартай мөрдөгч, ухаалаг үнэнч иргэн, шидтэй үзмэрч хэн ч бай дээрх хэргийг илрүүлээсэй. Бүр даруй шүү.
Тэгвэл нийгэмд ч, өөртөө ч буян болно доо. Үүнийг анхааруулан хүсэхийн ялдамд анхаарлын тэмдгээ тодотгоё. Улстөрд шударга замаар орж ирж буй залуус, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж буй бүхэнд болгоомжлол, сэрэмж бас хэрэгтэйг хоёр хөшөө сануулж буй шүү. Айдас түгшүүр өгч буй юм биш, анхаарлын тэмдэг л болж буй юм.
Б.Цогзаяабаатар