Хорвоо ертөнц орвонгоороо эргэж байлаа ч өдгөө 94 настай Уоррен Баффетад найдсан хэвээр байхад алзахгүй бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифаас үүдэлтэй уналт хувьцааны зах зээлээс олон их наяд ам.долларын үнэлгээг арчаад байна. Тэгвэл дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүд дундаас энэ онд цөөн хэд нь хөрөнгөө өсгөж чадсаны нэг нь “Berkshire Hathaway”-ийн үүсгэн байгуулагч Уоррен Баффет юм.
Ганцаараа торойв
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал Уоррен Баффетын хөрөнгө энэ онд 11.5 тэрбум ам.доллароор өсөж, 153.5 тэрбум ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт түүний хөрөнгө бүр сүүлийн таван жилийн дээд цэгтээ хүрч байсан ч тарифаас үүдсэн уналт тохиож, түүнээс хойш 14.5 тэрбум ам.доллароор хорогджээ.
Тэрбээр өдгөө дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эрэмбийн дөрөвдүгээрт бичигдэж байгаагаа гадна тэргүүлэгч 20 дундаас 2025 онд хөрөнгө нь өссөн хоёрхон хүний нэг нь болж буй. Нөгөө нь “L’Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаз Беттенкур-Майерс аж.
Дональд Трамп шийдвэрээ зарласны дараах арилжааны хоёр өдөрт дэлхийн хамгийн чинээлэг 500 хүн нийлээд 500 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөө алджээ. Эрэмбэд тэргүүлсэн хэвээр буй Илон Маск л гэхэд энэ он гарсаар 134.7 тэрбум ам.доллароо алдаж, даваа гарагийн байдлаар хөрөнгийн хэмжээ нь 300 тэрбум ам.доллароос доош орсон байна.
Хэдий уналтын шуурга “Berkshire Hathaway”-ийг тойроогүй ч тус компанийн хувьцаа 2024 оны эхнээс хойш бараг 50 хувиар өссөнөөс гадна зах зээлийн үнэлгээний өсөлтөөр энэ онд “S&P 500 Index”-ийн бүх компанийг илүүрхэж байна. Үл хөдлөх хөрөнгө, даатгал зэрэг дэлхийн худалдааны нөлөөлөл багатай салбарууд, мөн “Kraft”, “Heinz”, “Geico” зэрэг АНУ-аас дийлэнх орлогоо бүрдүүлдэг “хуучин цагийн” компаниудад хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлсэн нь “Berkshire Hathaway”-ийн сайн гүйцэтгэлд нөлөөлжээ.
Түүнчлэн Уоррен Баффет сүүлийн улирлуудад том хэлцэл хийхээс зайлсхийж, “Apple” болон “Bank of America”-д эзэмшдэг хувиа багасгасан юм. Энэхүү хоёр компанийн хувьцааны ханш Дональд Трампын мэдэгдлээс хойш хоёр оронтой тоогоор унаад байна.
Бэлэн мөнгө хураасаар
Үүнээс гадна Уоррен Баффетын бэлэн мөнгөний хуримтлал зах зээлийн спекуляцын халуун сэдэв болоод байна. “Berkshire Hathaway” 2025 оныг 334 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй эхлүүлсэн нь нийт хөрөнгийнх нь 29 хувьтай тэнцэх дүн юм.

Компанид зөв цагтаа “мөнгөө аваад гарсан” түүх олон бий. “Bloomberg”-ийн нийтлэлч Нир Кайссарын бичсэнээр АНУ-ын хувьцаанууд үнэтэй үед “Berkshire Hathaway”-ийн бэлэн мөнгөний нөөц нэмэгдэж, харин зах зээл унасан үед өөр хөрөнгө рүү хөрвөж байжээ. Тухайлбал: 2008 оны хямралын үед “Bank of America”-д хийсэн хөрөнгө оруулалт нь түүнээс хойш 30 гаруй тэрбум ам.долларын өгөөж хүртээсэн байна.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон АНУ-ын эдийн засаг хоорондын харьцааг тооцсоны дүнд Уоррен Баффет хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах дуртай. Саяхан болтол энэ харьцаа түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан юм. Хөрөнгийн үнэлгээ болон ирээдүйн өгөөж нь урвуу хамааралтай байдаг энгийн зарчим энэ бүхний цаана бий. Өөрөөр хэлбэл хөрөнгө үнэтэй байвал ирээдүйд хүртээх өгөөж нь бага байх хандлагатай, харин хямд байвал эсрэгээрээ гэсэн үг юм