Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 аймгийн 97 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байгааг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Ганзориг хэллээ. Мөн шүлхий өвчнөөр улсын хэмжээнд 100 гаруй мянган мал өвчилж, шинж тэмдэг арилжээ.
Тухайлбал Хөвсгөл аймгийн 12 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Тус аймагт анх 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Бүрэнтогтох сумын Сангийндалай багт шүлхий бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 12 сумын нутагт тархаж, өвчилсөн малын тоо 9000 давав. Энэ нь шүлхий өвчний халдвар маш хурдан тархдагийг харуулж байна. /Эх сурвалж: Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар/
Харин Архангай аймагт нэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 12 суманд 37 голомт үүсэж 6381 мал өвчилжээ. /Архангай аймгийн Онцгой комисс/
Өвчний эх үүсвэрийг тогтоохоор дэгдэлтийн судалгаа хийхэд өнгөрөгч долдугаар сард Хятад улсаас шүлхийтэй үхэр орж ирсэн нь Ховд аймгийн Булган суманд шинэ голомт үүсгэж, улмаар баруун аймгаар өвчин тархсан гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг ярьжээ.
Улмаар шүлхий өвчний тархалтыг хумих ажлыг эрчимжүүлж ОХУ-аас татан авч буй вакцины тун хэмжээг нэмэгдүүлжээ. Манай улс 2019-2020 онд жилд 12 сая тун вакцин худалдан авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байв. Харин 2021 онд 14.1 сая тун вакцин татан авчээ. Үүн дээр нэмээд дахин 2.5 сая тун вакцины захиалга өгөөд байгаа аж.
Мөн УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дэргэд "Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх баг"-тай болсон. Энэ баг нь улсын хэмжээнд тохиолдож байгаа мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын судалгаа хийх, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг мэргэжил, аргазүйн зөвлөгөөгөөр хангах, эрсдэлийг бууруулах зөвлөмж мэдээлэл өгөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Гэсэн ч өвчний тархалт улам нэмэгдэж, Монгол Улсын 97 суманд шүлхий өвчин дэгдлээ.
Шүлхийн өвчин Монгол оронд 1930-1945, 1960-1965, 1967-1974 онд гарч байсан бөгөөд 2000-2005, 2013 оноос хойш тасралтгүй гарч байна. Өөрөөр хэлбэл шүлхий өвчин ийнхүү олон аймаг, сумын нутгийг хамран дэгдсэн нь анхны тохиолдол биш. Өмнө нь 2018 онд Дорноговь, Дундговь, Булган, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Архангай, Өвөрхангай гэсэн 12 аймгийн 30 орчим сумын нутагт шүлхийн голомт бүртгэгдэж, хорио цээр тогтоож байв.
"ШҮЛХИЙ ӨВЧИН НЭГЭНТ ӨРГӨН ДЭГДСЭН ЭНЭ ҮЕД ВАКЦИН ИЛҮҮ ЗАРДАЛ"
Өвчний тархалт нэгэнт өндөр хэмжээнд газар авсан, олон аймаг, сумын нутгийг хамарсан энэ үед вакцин төдийлөн үр дүнтэй биш гэдгийг Малын их эмч, ХАА-н шинжлэх ухааны доктор О.Уламбаяр тайлбарлав.
Тэрбээр "Шүлхий бол худалдааны хоригтой өвчин. Түүнээс амьтанд хөнгөн халдаж, хурдан эдгэрдэг, вирусээр үүсдэг өвчин. Үхэр 5-6 хоногт, хонь ямаа 3-4 хоногт шинж тэмдэг нь арилдаг. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон хууч эмгэгтэй, ядарч доройтсон мал, амьтан үхэх нь бий. Хавар мал төллөх үеэр бол нялх төлд их халтай. Нялх тугал тусвал ер нь л үхдэг өвчин. Тийм болохоор хаврын хатуу цагт биш өвөл, мал тарган цагт дэгдсэн нь нэг талаараа давуу талтай.
Нэг айл шүлхийгээс сэргийлээд сая гаруй төгрөгөөр антибиотик аваад бүх малдаа тарьж гэнэ. Энэ бол огт хэрэггүй. Шүлхийд антибиотик ямар ч нэмэргүй. Ер нь нэг айлын мал өвчлөөд эхэлсэн л бол вакцины хэрэг ч байхгүй. Вакциныг мал, амьтныг цоо эрүүл байхад нь тарих хэрэгтэй. Ингэж халдвар илэрч магадгүй газарт вакцинжуулалтыг эхлүүлж, эрүүл мал, амьтнаа хамгаалах учиртай. Өвчин өргөн дэгдсэн энэ үед вакцин тарьж илүү зардал гаргаад хэрэггүй гэж хэлмээр байна. Шүлхий нэгэнт олон аймаг, сумдын нутагт дэгдсэн энэ үед нөхцөл байдлыг харзнах нь зүйтэй.
Улс, орнууд эрт илрүүлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг чухалчилдаг. Манайд эрт илрүүлж чадаагүй болохоор нөхцөл байдал хүндэрлээ. Үндсэндээ манай улсад 2000-аад оноос хойш шүлхийн өвчин тасарсангүй" гэж ярилаа.
Шүлхий өвчнөөр халдварласан мал, амьтан бүр хоргодохгүй. Гэхдээ:
- Малын биеийн жин буурч, тарга хүч муудна
- Сүүн ашиг шим буурна
- Мал болон малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт буурна
Эдгээр нь малчин өрхөд төдийгүй улсын эдийн засагт хохирол учруулдаг тул шүлхийг худалдааны хоригтой өвчин хэмээн тодотгодог байна.
ШҮЛХИЙ АМЬТНААС ХҮНД ХАЛДВАРЛАХГҮЙ
Шүлхийгээр тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтан амьтан өвчилдөг. Үүнээс үхэрт шинж тэмдэг хамгийн тод, хонь, ямаанд бүдэг илэрдэг аж.
Шүлхийн халдвартай мал амьтнаас шууд хавьтлын болон агаар дуслын замаар өвчин дамждаг. Тодруулбал халдвартай мал, амьтнаас гадагшилж байгаа нус, шүлс, шээс, баас, сүү зэргээр халдвар дамжина. Мөн халдвартай мал, амьтан бэлчээр, өвс, усыг бохирдуулж эрүүл малд халдвар тараана. Түүнчлэн хүний гутал хувцас, хашаа хороо, машин техник, малын тоног хэрэгслээр амьтанд дамждаг байна. Гэхдээ шүлхий өвчин амьтнаас хүнд халдварлах боломжгүй.
Шүлхийтэй мал, амьтны ам, хамар, буйл, тагнай завж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус тэжээлдээ дургүй болох, халуурах /39.4-40 хэм/ зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Үнээ хээл хаях, нялх тугал үлхий үүсэхийн завдалгүй үхэж болох аж. Бог малд /хонь, ямаа/ илрэх гол шинж тэмдэг нь доголох бол хөхүүл хурга ямар нэг шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.
Эдгээр шинж тэмдэг үргэлжлэх хугацаа янз бүр. Ихэнх хивэгч амьтан багалзуурынхаа эдэд шүлхийн вирусийг удаан хугацаанд хадгалж болно. /Эх сурвалж: Улсын мал эмнэлэг ариун цэврийн лаборатори/
ТАНАЙ ХОТНООС ШҮЛХИЙ ДЭГДСЭН БОЛ МАЛАА БОРЛУУЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд өвчлөл гарсан бүс нутгийн мал, мах, арьс, шир, ноос, ноолуур, сүү, цагаан идээг экспортод гаргах, зах зээлд нийлүүлэх асуудал бүрэн зогсдог тул цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байх нь чухал юм.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчин өрх болон суурин газрын ард иргэд:
- Малын өвчлөл гарсан, голомттой газар нутгаас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, малын тэжээл, арьс шир зэргийг зөөвөрлөхгүй байх
- Голомттой бүсийн малыг бэлчээрт гаргахгүй байж, эрүүл мал сүрэгтэй ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх. Мал сүрэгтээ ажиглалт, тандалт хийж, байнгын хариулга, маллагаатай байлгах
- Хорио цээр тогтоосон бүсээс гадагш хүн, мал, амьтан, автомашины хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэйг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа.