-Чийгээр амьсгалуулахгүй
бол түймрээр амьсгална
-Амь чийггүй болоход амь тасардаг
-Хиймэл нуураар чийгшүүлж хуурайшсан байгалиа аварна
-Ус дутсан хонины мах ямааных шиг царцана гээч
-Хуурайшсан байгалийг эмнэх эм тан нь ус
Их усны хөвөөн дэх чавганцын царай булбарай хэмээн хэдэн жилийн өмнө бичиж байж билээ. Одоо хотын охид улам л гоолиг царайлаг болоод байгаа нь усны (усанд байнга ордог болсны) буян. Харамсалтай нь сайн юманд садаа их гэгчээр ус улам л хомсдоод байна. Ус багасвал элсэн галав юүлэх төдийгүй охид хөвгүүдийн нүүр осгоруутаж, үрчгэр царайлна. Өвс, мод, бутны амь ч бүтнэ. Ийм үед нийслэлийн байшин бүрд Туул гол салаалан төмөр хоолойгоор урсаж цорго бүрээс нь ус дусалж байхад бид гэм хийгээгүй юм шиг харин ч өөрөөсөө бус хүнээс бурууг эрж, хэн хатан Туулыг ширгээв гээд хээв нэг сууж байх юм.
Гучаад жилийн өмнө Өвөрхангайн Баруунбаян-Улааны өвгөн малчин Самдан гуай:
-Ус дутсан хонины мах ямааных шиг царцана гээч... гэж хэлж билээ. Тэр үгний үнэ цэнийг би гучаад жил санаж, ажиж явна. Одоо хонины мах ямааных шиг царцах нь улам нэмэгдлээ. Тээр жил Өмнөговийн Овоотод очихдоо цэргийн хүнснээс замдаа нэг хаа авч, намар оройн сэрүүнд гадаа хүнслэхэд огт царцаагүй.
Яагаад гэвэл бүл сайтай цэргүүд малаа малласан шиг маллаж, усалсан шиг усладаг байсны шим юм. Ерөнхийлөгч асан Багабандийн ах Аавхүү өглөө эрт малдаа явахын өмнө хүүхдүүдийнхээ бараагүй үлдсэн өөхтэй гургалдайнаас цайнд хөшиглөөд идэж суутал гадаадаас ирсэн охин нь:
-Иш та энэ муухай өөх
бүү ид. Урт наслахаа бод. Өөх биед тун муу. Дэлхийн гурван цагаан дайсны нэг
шүү гэхэд хүнд огт таагүй үг бараг хэлдэггүй Аавхүү:
-Чи битгий донгодоод бай. Монгол хүн юм бол чи хонины махыг бүү муу хэл. Би
насан туршдаа хүнсэлсэн. Надад эм болсон уу гэхээс хор болоогүй гэжээ.
Аавхүү шиг ажилсаг сайн малчин одоо тун ховорджээ. Тэр хүний малласан хонины мах царцахгүй. Гадаад, дотоодын эрдэмтэд малаа усаар дутаадаг маруухан малчны хонины махыг судлаад гэм хор гаргаж яриад байх шиг. Ус дутвал ийнхүү Монгол хүний амин хүнс, мах хүртэл хувирч хор болох нь ээ. Болохгүй юм орчлонд юу байна гэдгийн маруухан баримт энэ. Ургамал мод ч адил ус дутахаар тахир яхир ургадаг юм. Сибирийн гоолиг хус, монгол хус хоёрыг харьцуулаад харахад болно. Нарсыг Заг модтой жишихэд мэдрэгдэнэ. Иймээс Монголд ус л бий болгох ёстой. Устай байж л сайхан, эрүүл саруул амьдрал цогцлоох учиртай.
Тэнгэрийн хур ашиглаад голын савд нуур, цөөрөм тогтоохыг би ингэж хэлж байна. Ус ихтэй Япон, Солонгос гэх мэт, хаяа зэргэлдээ манай хойд, урд хөршүүдээс авахуулаад дэлхий даяараа ус тогтоох ийм ажлыг ихээр хийх боллоо. Үүн шиг зөв ажил байхгүй гэж би боддог. Бурхан багш "хүнд тус болъёо гэвэл тархинд нь мэдлэг өг. Газар газар дэлхийд тус болъёо гэвэл хэвэлд нь ус тогтоо" гэж хэлсэн байдгийг бид мэднэ дээ. Бурхны зарлигийг сөрөх нь ухаант хүний хэрэг биш байх.
Үүний тулд бид юу хийх вэ гэдгийнхээ өмнө хэдэн санал хэлье. Увс нуур давстай, усыг нь ууж болдоггүй ч хайраа дотроо нууж халаа гаднаа харуулдаг эх хүн шиг шорвог тэр нуур өгөөмөр билээ. Үүний баримт нь гэвэл Увс нуурын амьсгал болсон уур манан дундах Ханхөхийд мод бүхэн ургаж, жимс бүхэн дэлгэрч булаг болгон ундарч байдаг. Дэлхийн дансанд бахархалтайгаар орсон Увс нуурын хонхорын гайхамшиг ч энэ давстай усны буян. Усан дотор эхэлж амьдрал үүссэн гэдгийг ухаж бодууштай.
Хүн төрөлхтний төдийгүй амьд бүхний ээж болсон усыг дагаж ургамал амьтан цөм өсч үржинэ. Сонирхууштай нь гэвэл өвс, мод, бутыг ус эхлээд ургуулдаг.
Ургуулсан тэр мод бут нь ачлалт хүүгийн ёсоор ус хурайлан дуудаж хурын шимийг тогтоож ээж усныхаа ачийг хариулж ширгэх, дундрахаас хамгаалдаг. Ийм шүтэн барилдлагыг нь хүмүүн бид устгахаар далай дундарч, нуур ширгэж, мөрөн татарч, гол горхи хатаж ширгэн аюулын харанга дэлддэг. Амь чийггүй болвол амьдралгүй шүү гэсэн байгаль эхийн сануулга.
Ер нь ч мэс өвөрлөж найрамдадгүй шиг өвсийг нь халцалж, модыг нь огтолж, хөрсийг нь эргүүлж байгалаас хишиг хүртэхгүй. Үүнийг ойлгосон бид байгалиа аргадаж, тахиж, мод бут тарьж эхлэв. Зөв өө зөв. Нэг бутны нөмөрт 2-3 литр ус болохоор цас тогтсон байдаг юм чинь...
Харамсалтай нь өнөөдөр тарьсан мод 60-80 жилийн дараа л усыг тэтгэж, ач ивээлээ хүртээх судалгаа байдаг аж. Зугуухан ингэж эмчлэхийн ая даахгүй болсон байгальдаа эрчимт эмчилгээ хийх хэрэгтэй болжээ. Орхигдуулж болохгүй гол эмчилгээ нь ус тогтоох юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл мод тарихдаа үндэс рүү нь ус хийлгүй яах вэ. Агаарыг нь чийгшүүлэхгүй бол хуурайшсан дэлхийд тарьсан мод ургахдаа хатахгүй ч зулзган үедээ түймэрт идэгдэх нь хялбар болдог. Үүнээс үзсэн ч монгол нутаг чийг хүсч байна. Шимтэй хур хүсч байна. Шимт хур гэдэг гэдэг чинь өвс, хөвдтэй газар буусан усыг хэлнэ. Тэгтэл мод, бургас, өвс, хөвд нь алга. Түймэрт идэгдсэн байна. Түймэр чинь хуурайшлын дуудсан гамшиг мөн биз дээ. Газар дэлхий вансэнбэрүү цэцгийн тогой шиг булбарай бус юу ч тогтохгүй гулсах халуун төмөр шиг болох гээд байна. Ийм байдлыг яаж зөөллөх юм бэ.
Хөвсгөл аймгийн дархад ястны суурьшдаг гурван суманд түймэр гардаггүй нь далай ээжийн чийгшүүлж, зөөллөсний буян. Чийгтэй ийм л орчинг Монголд буй болгомоор байна. Дээдийн буян юм болохоор бурхан багш ч худаг гаргаж нуур тогтоосон намтартай байдаг. Би Завхан гол дээр нуур тогтоож цахилгаан гаргахаар болсонд маш их баярладаг. Жижигхэн булагаас эх авдаг байсан гол, нуур, далайгаас эх авдаг ширгэшгүй голтой ижил болноо. Дээр нь дахиад нэг нуур тогтоовол Завхан гол мөнхийн гол болно. Нуурын орчинд ч өвс халиурна. Чийгтэй орчинд мод тарихад урамтай ургана. Бас шинэ нуур дүүрэн загас үржүүлж болно гээд яривал нааштай сайхан юм бүхэн ус дагаж цогшоно. Ер нь усны дэргэд л хүн, амьтан жаргадаг. Би энд зөвхөн олон гайхамшигаас нь тасалж чийгшил гэж ярьж байгаа билээ. Аюул тарих үерийг хиймэл далангийн ард хуримтлуулж ус нөөцлөөд гантай үед голоо тэтгэдэг, тариагаа ч усладаг. Ингэж ус тогтоож усаа цохицуулдаг.
Усны барилгын инженерийн буянаар мөнхийн голтой чийгшсэн агаартай болохыг хүсдэг болохоор Эгийн гол дээр усан цахилгаан станц барьж эхлэх үед хэмжээгээрээ Буйр нуур шиг хөвсгөл далайн дүү далай бий болно гэж баярласан юм. Даанч сайн юманд садаа мундсангүй. Цөвүүн цаг ирсэн нь үнэн юм байлгүй. Далай тогтоогоод өгье гэхэд татгалзсан байна. Нэг эрх дархтай бүсгүй саяхны сонинд "мянган га газрын мод усан дор орох учир Эгийн голын УЦС-ыг барихыг нь болиулсан гэж ярилцлага өгчээ. Мод багатай Монголд (саяхан нэг хүмүүн хот орчмын 2 мянган га газрын модыг тамхи татах гэж байгаад шатаачихсан) олон мод усанд живүүлэх нь дайсан мэт санагдаа байлгүй дээ.
Сэтгэхүйн дайнтай ижил нуур тогтоох ийм ажил мөнх дурсах үйлс бүтээх арван цэргийн амийг гарздаад ялах мянган цэргийг аврах байлдааны үетэй төстэй санагддаг. Тэр мянган га газрын мод усанд живлээ ч хэдэн мянган га-д ус дагаж мод ургана. Ойр орчин чийгшихэд их тайга түймэрт идүүлэхгүй. Онолын хувьд нэг нуур тогтооход 20-30 км газар чийгшдэг. 100 км-т хур орох, уур дана дэгдэх магадлал бүр нэмэгддэг. Том далай орчиндоо хуртай, жижиг нуур орчиндоо усан амьсгалтай байдгийг хэн мэдэхгүй билээ.
Хөвсгөл далай шиг хоёр цэнгэг усан нууртай болбол Монголын бахархал болж ирээдүйгээ ангаж, цангахаас авралцах бус уу. Иймээс би хуурайшил гэж ярихдаа яаж чийгшүүлэх вэ гэж санаа тавих учиртай. Чийгшүүлэх, тэнгэрийн хурыг нутаг руугаа даллахын үндэс нь олон олон хиймэл нууртай болох явдал мөн. Тэнгэрийн хурыг үер болгон алдалгүй хураан авч цөөрөм тогтооё гэж хэлээд байгаа юм. Тэнгэрээс төчнөө хур бууж өчнөөнийг нь хариуцлагагүйгээс урсгаад алдаж гэж тооцоолдог болсон цагт ус хөгжил ус ирээдүй болно. Одоо ус амьдрал залгуулагч төдий л байна.
Инженерийн зуун ч гэж хэлмээр энэ үед Монгол орон усаараа хөгжлийн гарц, гарам хийж чадаагүйд гол харалж явдаг. Усны мэргэжилтэй Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат "Тэнгэрээс буух хурыг тоолууртай болгох юм сан" гэж хэлсэн санааг би дэмждэг. Олзуурхан байж "Ус-Хөгжил" сэтгүүлдээ энэ тухай бичсэн.
Ус ижлээ үгүйлдэг, усгүй газар хур буух дургүй байдаг юм шүү. Ахин хэлэхэд нуур л тогтооцгооё. Уулын аман талыг боох юм бол алтан аягатай ус болно гэж төсөөлдөг. Монголчууд устай хүн баян гэж ухаарч, ус тогтоосон цөөрөмтэй, нэг уулын амны эзэн болбол ирээдүй зөөлөрч алттай хүнээс ч дутуугүй баян амьдарна. За энэ ч яах вэ? Ойрын жилд бүтэхгүй гэвэл Туул гол дээр нэг, Орхон гол дээр хэд хэдэн бүлэг, Сэлэнгэ мөрөн болон маш их үер буудаг Эгийн гол дээр газрын зурагт тэмдэглэгдэхээр нэг нэг усан сан хэмээх нуур тогтоовол Монголын усан хэрэм болно. Усан хэрэм тогтвол модон ногоон хэрэм тогтооход ч амар. Газартаа устай болбол тэнгэрт бараантах үүл тунирхаж байж буудуулахгүй хэрэгтэй газраа хуршиж шим болно.
Нуур, усан сантай болох ажил эрчимжвэл гангийн хуурай амьсгал зөөлөрч хуурайшил чийгшилрүү дөтлөхөөс гадна алсын зайд ус шилжүүлэх мөрөөдөл биелэнэ. Сэлэнгэ, Орхон, Хэрлэн голыг салаалан урсгаж говь руу татна гэдэг балар эртний хэллэгээсээ татгалзаж, зөв томъёолол оруулж, усаа зөв залах учиртай. Харин хамгийн тансаг хэн ч булаацалддаггүй ус болох тэнгэрийн хурыг голын сав газрыг ашиглан усан санд тогтооно. Тэндээсээ алсын зайд ус шилжүүлэхийн дээр ширгэдэг голоо сэлбэж цохицуулах устай болно. Гамшиг тарих үерийг ингэж номхтгоно гэвэл зөвдөнө. Байгаль хамгаална гэдэг чинь нутгийнхаа хэвэлд ус тогтоохыг хэлнэ гэвэл буруудахгүй биз ээ. Дэндүү их хэлмэгдсэнээс ангаж хуурайшсан газар дэлхийгээ усаар л эмчилнэ. Усаар л амилуулна. Усгүйгээр юу ч бүтэхгүй. Нэг ч өвс зөв ургахгүйг ухаарч байгаль хамгаалах ажлыг хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгобол мөнгө төгрөг ч олдох биз ээ. Мөнгө олохоос ч өөр арга байхгүй. Саяхан нэг мэдээ сонслоо. Ноднин 226 түймэр гарч 196,5 тэрбум төгрөгийн гарз гарсан гэнэ. Энэ их мөнгө эв нь таарсан газар далан барьж хуримтлуулбал далай тогтоох хөрөнгө билээ.
Амь чийггүй болоход амь тасардаг. Ингэхээр ус тогтоож хиймэл нуураар чийгшүүлж, хуурайшсан байгалийг хамгаалахаас өөр арга алгадаа.
"Ус-Хөгжил" сэтгүүлийн редактор Л.Нямготов