Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж Бодонгууд М.Дөш “Чинггис хаган” хэмээх 1000 мөрт найраглал бичсэнийг толилуулж байна.
Чинггис хаган (Найраглал)
Дээд Тэнгэри-ийн хөбэгүн Чинггис хаган мэндэлж
Дэлхийг байлдан дагуулахаар газар дээр буусан юм.
Монголын их тал нутаг дээр морьтон баатар төрж
Монголын сүр хүчийг дэлхий дахинд хүргэсэн юм.
Монгол нутагт найман зуун тавин жилийн тэртээ
Морин жилийн өвөлийн тэргүүн сарын нэгэнд
Монголчуудын Их эзэн Чинггис хаган мэндэлж,
Монгол түмэн Тэмүжинийг өлгийдөж авсан юм.
Их тал нутагт Чинггис хаганыг мэндэлж байхад
Их талын энгээр хөхүй хүйтэн жавар тачигнаж,
Илд жадын үзүүр дээр цусан толбо хага хөлдөж
Ирт сэлэмийн үзүүр дээр шунхан өнгө тодорчээ.
Монголын Есүхэй багатур цэрэг дайчидаа авч
Морины хурдаар Мэнэнгийн талаар довтолгож
Татарын Тэмүжин Үгэ багатуртай хатгалдаж
Тал нутагийг донсолгосон тулаан хийж байжээ.
Монгол, Татар түмэний моритон дайчид тулж
Моридынхоо давхиан дунд харбаж, цавчилдаж
Ухарч зугатаж, уулгалж давшиж байлдахдаа
Улаан цус, хар хөлсөө цутган тэмцэж дайтжээ.
Айрагуд, Буйрагуд аймагийн татарууд тэрсэлж
Амбагай хаганыг Алтан улсад тушааж алсаны тул
Есүхэй багатур өшилийг өшиж, хясалыг хясаж
Татар аймагт мордож, ширүүн байлдаанд оржээ,
Хэрүлэн мөрөний усыг хэрчин туулж байлдав,
Онон мөрөний усыг огтлон тулалдаж байлдав,
Олон монгол оройлж, ялалтын од гийж байхад
Орчлон дээр Тэмүжин баатар мэндэлж байжээ.
Тэмүжин Чинггис хаган эзэн мэндэлж байхад
Тэнгри дээр дайны бурхан од гялалзан мандаж
Газар дээр гартаа нөж атгасан баатар эр төрж
Галтай цогтой агуу хувь ерөөл хүлээж байлаа.
Тал нутагт хүйтэн өвөлийн хөхүй жавар үлээж
Татар, монгол дайчидын илд зэвсэг хангинан
Хүлэг морины хөлөөс цасан хунгар бужигнаж
Хөдөө талын тэртээ уухай дуу хурайлж байхад;
Онон мөрөний Дэлүүн болдог гэдэг газар дээр
Есүхэй багатурын хөбэгүн Тэмүжин мэндэлж
Өүлэн эхийн ангир уурагийг амталан өсөж
Өргөн Ононы усаар угаан хөлөг баатар болжээ.
Бурхан Халдун дээр бурха эзэн тэнгэри бууж,
Өтүгэн Тэнгэри дээр өмөг бурхан эзэн заларч,
Хан Хормуста тэнгри, Атаа Хара тэнгри нар
Хаган Тэмүжинийг өлгийдөж хүч өгсөн юм.
Тэнгри-ийн хөбэгүн Тэмүжин тэрэсхэн өсөж
Тэнгэрлиг хувь тавилангаа өөрөө бүтээгээд
Тал нутаг дээр дайн байлдааны дунд амьдарч
Даян дэлхий дээр Монголыг мандуулсан юм.
Морин жилийн өвөлийн тэргүүн сар тохиож
Монгол нутаг дээр Чинггис хаган мэндлэхэд
Моритон арадын суу алдар тал нутагт түгэж
Монгол түмэний нэр Дэлхий дахинд түгэжээ.
Есүхэй багатур татар аймагт хорлогдох цагт
Есөн настай Тэмүжин, ээж дүү нарынхаа хамт
Өөрийн улус аймаг, ахан дүүс нартаа хаягдаж
Өвөгийн бууцан дээр өрх гэртэйгээ үлдэжээ.
Дэгэдү тэнгри-ээс гаралтай Бөртэ Чинуа-аас
Добу мэргэн, Бодончар мунхаг, Хабул хаган,
Есүхэй багатур өвөг дээдэсийн буурь бууц
Ерөөл буянаа Тэмүжинд өвлүүлж өгсөн юм.
Өүлэн эхийн үлэрс мойлоор тэжээсэн хөбэгүд
Өдөр өдөрөөр өсөн торниж, өрлүг хаад болжээ,
Онон голын мангир таанаар тэжээсэн хөбэгүд
Он жилээр өсөн бойжиж, баатар ноёд болжээ.
Тэмүжин хан хөбэгүний эр зориг, ухаан бодолыг
Тайчиудын Таргудай ханы атаа хорсол ч ялсангүй,
Гурван Мэргидийн довтолгоон ч мохоосонгүй,
Гурван зуун тайчиудын байлдаан ч дийлсэнгүй.
Олон улус аймаг үймэлдэн өдөр бүр тулалдаж
Орондоо орох завгүй олзлон булаалдаж байжээ,
Хөбчин дэлхий хөрбөж, хүр их улус хатгалдаж
Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн байлджээ.
Монголын Чинггис хаганы сүр хүчиний өмнө
Татарын Мэгүжин сүүлтү ханы дайсагнал,
Тайчиудын Таргудай Хирилтуг ханы хонзогнол,
Мэргидийн Тогтоа бэхи ханы өшөө хорсол,
Жадараны Жамуха хан андын урвалт шарвалт,
Хэрэйдийн Тогорил ханы аархал, бардамнал,
Найманы Таян ханы бардамнал бүгдээр сөхөрч
Найман зүгийн бүх улус түүний мэдэлд оржээ.
Андагай тангараг, андалдаа юугаан умартсан
Анд нөхөд ч атаатан дайсан нь болж хувирчээ,
Адуу малаа адуулж байдаг билчээрийн төлөө
Анд нөхөд ч араатан чонууд болж тэрсэлжээ.
Жамуха андын андагай тангараг улам хурцалж,
Жаргал зовлон, ялалт ялагдалыг хамтдаа туулж
Чинггис хаганы сүр хүчин, суу залийн өмнө
Жамуха андын урбалт зэрэглээ мэт замхарчээ.
Чинггис хаган, Жамуха анда хоёрын дайсагнал
Алтай, Хингганы завсар бүх улусыг бужигнуулж
Татар, Найман, Хэрэйд, Мэргидийн улус бүгд
Монгол улус дор автаж бүх улус аймаг нэгджээ.
Арбан гурбан хүрээний байлдааны сүр дуулиан,
Алтай Хингганы завсараа мянган жил дуурсаж
Далан балжудын тулалдааны дайчин сүрт уухай
Дайны домог болж, хангай нутагтаа мөнхөрчээ.
Зээрэн хабцалын байлдааны аймшигт их чимээ
Зэрэглээ татсан талын хөх салхинаа хоногшиж,
Наху гүний тулалдааны сүрт их чимээ шуугиан
Найман зүгтээ цуурайтаж, домог болон үлджээ.
Монголын хар сүлдний өмнө олон улус сөгдөж
Монголын тал нутаг дээр олон нүүдэлчид нэгдэж
Моритон арадын нэгдсэн төр улус байгуулагдан
Монгол улус нэгдмэл төр улус юугаан босгожээ.
Жалайрын Мухулай ноёны мохошгүй эр зориг,
Аруладын Боорчу андын аймшиггүй эр зориг,
Сүлдүсүний Сорхан Шира ноёны сүүхэй зориг,
Жарчиуд Урианхайн Сүбэдэй багатурын зориг,
Урианханы Зэлмэ ноёны дайчин хатан зориг,
Бэсүдийн Зэбэ ноёны шантаршгүй сүр хүчин,
Ойрадын Хара Хирүгэ ноёны дайчин зориг,
Жирүхэний Борохул ноёны дайчин сүр хүчин,
Татарын Шихихутуг ноёны чанга хууль цааз,
Зөрчидийн Чуу мэргэний зөв хүчтэй зөвлөгөө,
Чинггисийн есөн өрлүгийн зориг, ухаан бүгд
Чинггис хаганы суу алдарын доор цогцолжээ.
Чинггис хаганы дөрвөн их хөлөг баатар болсон
Борохул, Богорчу, Мухулай, Чулугун нар цөм
Борбитоныг бохийлгож, тойгтоныг тонгойлгож
Богда эзэний их цэрэгийн өмнө довтолж явжээ.
Сүбэдэй багатур, Хубилай багатур хоёр эхэлж
Зэбэ ноён, Зэлмэ ноён хоёр оройлон довтолж
Чинггис хаганы эдгээр дөрвөн ноход тэргүүлэн
Ширүүн тулалдааны талбарт бүх насаа туулжээ.
Мангудын Хуйлдар багатур манлайлан мордож
Урудын Жөрчидэй багатур удаалан довтолгож,
Улус аймагийг хураах их үйлсийн эхэнд давшиж
Улаан цусаа урсган явж, их ялалтыг байгуулжээ.
Чинггис хаганы есөн өрлүг, дөрвөн ноход минь
Чин зориг, хатуу тэвчээрийг бат нутад барьж
Хүчит хар тугийг өдөр шөнөгүй өргөн мандуулж
Хүр гэсэн газарт хүрч, дайл гэсэн газарыг дайлж
Есөн өрлүг баатар есөн хар тугийг өргөж одоод
Ертөнцийн долоон дайдыг довтлон эзэлж явахад,
Дөрвөн хөлөг баатар, дөрвөн хар тугийг өргөж
Дөрвөн зүгийг довтлон олон улусыг төвшитгөж,
Дөрвөн нохос, дөрвөн хар тугийг өргөн давшиж
Дөрвөн зүг, найман зовхисийг байлдан дагуулж
Дөрөөгөө мултлах завгүй аян дайныг өрнүүлсээр
Дөчин жил Их хаганы төлөө зүтгэж өнгөрөөжээ.
Залуу идэр дайчин эрс Их хаганыг тойрон бүчиж
Зарааны үс, хөрөөний шүд мэт бат бэх хүрээлж
Өндөр уулсын оройг өшигчин үтэр түргэн одож,
Өргөн мөрөний усыг гатлан өст дайсаныг даржээ.
Дөрвөн хөлөг, есөн өрлүг, дөрвөн ноход хамтдаа
Дөрөө тогшин мордож, дөрвөн зүгт дайлан явж
Дөт дайсаныг дөрлөж, холхи дайсаныг холтгож
Дөчин жилийн аян дайнд оройлон дайтаж явжээ.
Чинггис хаган бүтэн арван долоон жил байлдаж
Ялалт, ялагдал дундуур яруу алдартай амьдарч
Чингис хаган гучин хоёр их бага тулалдаанд орж
Наян нэгэн том жижиг овог аймагийг нэгтгэжээ.
Арван найман наснаас дөчин таван нас хүртэлээ
Амь бие, цус хөлсөө хайрлахгүй их хаган дайтаж
Алтай, Хингганы завсарт бүх аймагийг нэгтгээд
Алтан төрийн жолоог гагцаар атгаж хан суужээ.
Баатар Тэмүжиний үзэл санаа, үйл хэрэг бүтэж
Барс жил Эсэхэй туургатан энх шударга болж
Их суурин дээр Чинггис хаган өргөмжилөгдөж
Их Монгол Улус байгуулагдан хас төр тогтжээ.
Монгол, татар, тайчиуд, хэрэйд, мэргид, найман,
Ойрад, онгуд, урианхай, жалайр, жадаран, баргуд,
Хори-түмэд, хэрэмчин, булгачин улусууд цөм
Чинггис хаганы мэдэлд орж нэгэн улус болжээ.
Алтай Хинганы энгээр тарж бутарсан нүүдэлчид
Аймаг улусаараа талцаж өөр зуураа тэмцэлдсээр
Арвангуравдугаар зуунд ширүүн тэмцэл өрнүүлж
Аймшигт дайн тулааны жилүүдийг өнгөрөөжээ.
Тэр цагт, Тэнгри-ийн хөбэгүн Тэмүжин мэндэлж
Тэнгри гаралт нүүдэлчидийг тэмцэл дайнаар нэгтгэж
Тэрс санаат аймагийг тэрэгний бултай тэнцүүлж
Тэрслүү санаат ноёдыг ч тэрэгний аралаас тэлжээ.
Монголчууд энэ цаг мөчөөс эхлэн хүчирхэгжиж
Монгол гэдэг нэрийг морьтойгоо, нумтайгаа бичиж
Морины чадалаар Өрнө Дорно дахиныг хэмжиж
Монголын сүр хүчээр Өрнө Дорно хоёрыг эзэлжээ.
Хүннү, сяньби нүүдэлчидийн хүлэг морьдын тоос
Хүннүгийн талд довтолгосон эртний домог амилж,
Хөхэ Монголын хөлөг баатаруудын сүрт уухай
Хүннүгийн нутагт өртөөлөн цуурайтаж эхэлжээ.
Модун шанюй, Таншихуай хаган хоёрыг залгаж
Монголын тал нутагт Чинггис хаган хүчирхэгжиж
Моритон арадын ялгуусан алдарыг өндөрт өргөж
Моритойгоо, нумтайгаа Дэлхийн дайдыг туулжээ.
Их Хүн гүрэнийг уламжилан залгамжилсан гүрэн
Их Монгол улус их талын энгээр оршин тогтнож
Их хаганы суу заль, сүр хүчиний дор хүчирхэгжиж
Илд, жад, нум сумаар Дэлхийг төвшитгөсөн юм.
Бурхан Халдуны оройд дайны бурханы од гийж,
Бурханы гэсгээлийн зэвсэгийг Чинггис-д болгоож
Буруутаныг бухируулан булт улусыг эзлүүлэхээр
Бурханы зэвсэгийг бариулж газар дээр буулгажээ.
Нүүдэлчид нүүж сууж, нүдэлдэж байлдаж яваад
Нүгэл буян сүлэлдсэн эрин зууны дундуур зүтгэж
Нөмгөн дээл нөмөрсөн баатар нум сумаа агсаад
Нөмөр газарыг нөөлж, догшин газарыг довтолжээ.
Эцэг өвгөдийн өшилийг тайлахаар аянд мордож
Эртний замаар Их Цагаан хэрэмийн зүгт одлоо.
Амбагай хаганыг модонд тэлж алсаны өш санаж
Алтан улусын эсрэг дайн зарлаж замдаа гарлаа,
Манасын талаас Мэнэнгийн тал хүртэл довтолж
Алтайн уулаас Хингганы уул хүртэл довтолгож,
Монгол овог аймагуудын бүх эрс дайнд мордож
Морьтойгоо, зэвсэгтэйгээ Их хагантай нэгдэжээ.
Их гоби-ийн тэртээ тал нутагийн чонос цугларч
Ихэс дээдэсийн өшилийг өшиж, хясалыг хясахаар
Их Цагаан хэрэмийг илдээрээ түншин довтолгож
Ирт сэлэмээрээ луугийн толгойг тасар цавчижээ.
Сэргэж боссон нүүдэлчидийн моритоны их цуваа
Сэлэмээ хурцалан Зөрчид Алтан улус уруу одож,
Чинггис хаганы есөн өрлүг бүх цэрэгээ удирдаж
Чинггис хагантай алтан дөрөөг харшиж морджээ.
Монгол цэрэгийн давшилт улам ойртож ирэхэд
Зөрчидийн Алтан улусын хаган сүрдэн зугатааж,
Монгол моридын төвөргөөн дөхөн довтлоход
Нангиадын Цагаан хэрэм нурах шахаж байжээ.
Чинггис хаган тоо томшгүй цэрэгээ цуглуулаад
Цагаан хэрэмийн дэргэд хүрч хүрээлэн буухад
Цаад талд нь царцаан сүрэг мэт их цэрэг угтаж
Цааш гишгэх зайгүй язагнаж, байлдахаар иржээ.
Эцэг өвгөдийн өшил нэхэл хатуу хорвоо дээр
Эртний дайнч нүүдэлчидийн дайчин тэмцэл дор
Энэ дэлхий бүхэлдээ чичирч, эргэхээ ч зогсож
Эргэж мандсан нүүдэлчидийн нүдийг нээжээ.
Алтай, Хангай-д адуу маллаж өссөн хөбэгүд
Алтан улусын болд илдийг хуга цавчин унагаж
Хэнтэй, Хингган-д хээр хонож өссөн хөбэгүд
Зөрчидийн их цэрэгийг зөөж хөөж хядсан юм.
Мухулай, Зэбэ тэргүүтэй хошуучи цэрэгүүд
Мориныхоо жолоог таталгүй урагши давшиж
Цагаан хэрэмийг шонхор мэт дүүлж даваад
Царцаа мэт олон зөрчид, нангиадыг даржээ.
Өлчир чийрэг өссөн монгол дайчин цэрэгүүд
Үнэгэн дабааны тулалдаан дээр давшин орж
Үй түмэн зөрчидүүдийг үнсэн тоборог болгож
Өдөрийн хугаст зомгол болтол хядаж баржээ.
Үнэгэн дабааны тулалдааны дуулиан шуугиан
Үнэний төлөөхи тэмцэл болон түүхэнд үлдэж,
Өвгөдийн өшилийг өшисөн аймшигт тулалдаан
Өнө мөнхийн домог болон тал нутагт үлдэжээ.
Арван түмэн цэрэгтэй Чинггис хаганы өмнө
Алтан улусын зуун түмэн цэрэг газараар унаж,
Монгол морьдын туурайн дор нутагаа алдаад
Алтан хаган амь тэнцэн арагшаа ухарч оджээ.
Зүрх зоригтой монгол цэрэгүүд алтан илдээрээ
Жүндү хотын төмөр хаалгыг дэлдэн сандаргаж
Зөрчидийн зүү орох завсаргүй зүймэл хуягийг ч
Зөрөх тоолондоо хага ярж, дайсанаа мөхөөжээ.
Хатун голын хар усыг хага яран чинагши одож
Хасар тэргүүтэн Зүүн далайн эрэгээр давшиж
Зөрчид түмэнийг зүг зүгт эзлэн албатаа болгоод
Зөрлөг замын дунд Их хагантай дөрөө нийлжээ.
Чинггис хаган эртний өшийг нэхэн дайнд одож
Зөрчидийн Алтан улусыг ялж хорсолоо тайлсан нь
Дорно дахиныг донсолгож домог болон мөнхөрч
Долоон тэнгисийн дотор гайхамшиг болж үлджээ.
Алтан улус монгол цэрэгийн өмнө толгой гудайж
Алтан хаган амь тэмцэн алс хол зугатаж суужээ.
Монгол улус зөрчид цэрэгийг зүг зүгт бутниргэж
Монгол хаган мориныхоо жолоог бат эргүүлжээ.
Чинггис хаган явуут Тангуд оронд морилон эчиж
Тангудын хот балгадыг түйвээн эзэнийг нь ичээж
Тансаг эд бараа, тарган тэмээдийг татварлан авч
Тал нутагтаа эргэн ирж, тараг идээгээ ууж суужээ.
Чинггис хаганы алдар нэр даруй түгэн дуурсаж
Дорно дахины хүчирхэг эзэдийг зүрхийг үхүүлэн
Дорно зүгийн тал нутагийн чимээ алс дуурсахад
Дорнын эзэд түүний довтлон айсуй чимээг авчээ.
Найман, мэргидийн үлдэгдэлийг даруулахын тулд
Зэбэ, Сүбээдэй тэргүүтэн хоёр түмэтийг илгээж
Үндэс угсаа нэгт Хара Хитан улусыг эзлэн авч
Өрнө зүгт хараа билчээн, өрлүг ноёдоо илгээжээ.
Чинггис хаган, торгоны зам дээр хяналт тогтоож
Дорно дахинд ноёрхолоо тогтоосоныхоо дараа
Өрнө дахины үүдийг тогшин Сартаул-д хандаж
Өөрийн элч худалдаачидыг илгээн тандаж үзжээ.
Мунхаг төрсөн Мухаммэд султаны бардамнал
Муу хэрэгээр дайныг өдөөж, элчийг алсаны учир
Монголчууд Өрнө дахиныг дайлах үүдийг нээж
Моридын тоосон дор бүх улусаа булуулсан юм.
Алтайн оргилоос тэд өрнө зүг саравчилан харж
Алс тэртээ сүүмэлзэх Самаркандын хаалган дээр
Алт эрдэнэст умбасан Мухаммэд султаныг үзэж
Атгаг санаандаа идэгдсэн сартуал эзэдийг харжээ.
Монголын Энх тайван морин дээрээс довтолгож
Өрнө Дорно хоёрыг өртөөлөн сум мэт дүүлэхэд
Монголын их тал нутагаас өндийсөн нүүдэлчид
Өрнө Дорно дахины эх түүхийг бичиж үлдээжээ.
Монголын Энх тайван, эх дэлхийн энгээр тэнэж
Моритон арадын уухай Өрнө Дорно уруу хүрчээ.
Нармай Монгол, газар дэлхийн дайдаар тарж
Наран мандахаас наран шингэх газарт түгэжээ.
Монгол, монгол, монгол гэдэг моритон дайчид
Монголын их талаас хөдөлсөн аймшигт мэдээ
Бурхадын гэсгээл мэт өрнө дахинаа сонсогдож
Буухиа шуудан мэт хурдан тархаж байсан юм.
Эртний Ром гүрэний эцэсийн хүч амьсгалж ядан,
Энэтхэг, Персийн соёл иргэншил тогтож ядан,
Гэрэг, Багдадын иргэншил зөрчилдөх чөлөөнд
Гэнэт дорно зүгээс Монгол өндийж боссон юм.
Загалмайтан, исламын ертөнцийн сүлд гундаж
Заяа тавилан нь хэлтийдсэн Өрнө дахин сөгдөж
Бурханы илдийг барьсан Чинггис хаганы өмнө
Буруу үйл хэрэгийнхээ төлөө шийтгэл хүлээжээ.
Чинггис хаган, Монгол гэдэг хоёрхон үг боловч
Чихэнд сонсголонтой дуулдаж дэлхийд түгжээ,
Чимээ шуугиан ихтэй агуу их ялалтын уухай ч
Чихэнд бахархалтай сонсогдож, их талд хүрчээ.
Хүн, авар, түрүгийн замаар монголчууд замнаж
Хүчирхэг дайнч нүүдэлчидийн түүхийг давтаж,
Хүннүгийн үр сад монголчууд цэрэгээ хөдөлгөж
Хүчирхэг Монгол алс Дорно-оос өндийн босчээ.
Өндийж боссон монгол цэрэгийн зэвсэгийн дор
Өрнө дахин үнсэн тоборог болж газарт тэгширчээ,
Өлчир чийрэг өссөн монгол моридын тоосон дор
Өнгөт хот балгад нь ч булагдаж, үнсээр хийсчээ.
Чинггис хаган арван түмэн морьт дайчидаа аваад
Алтай уулыг Арайн дабаагаар даван аянд мордож
Тэнгэри уулын хойгуур гэр тэргэтэйгээ морилж
Тэртээ алсын Сартуал иргэний улсад хүрсэн юм.
Сартуалын тавин түмэн цэрэг бүх хотоо хамгаалж
Самарканд, Бухар хотуудаа сар жилээр сахисан ч
Чинггис хаганы их цэрэгийн сүр хүчин дор сөхөрч
Ширүүн тулалдааны талбар дээр бүгдээр унажээ.
Сартуалын Мухаммэд султан амь тэмцэн зугатааж
Сайхан алтан титэмтэйгээ тэнгисийн арал дээр үхэж,
Самарканд, Бухар хотууд нь үнсэн тоборог болж
Сайхан эмс нь шибэгчин, сайн эрс нь боол болжээ.
Зөчи, Цагадай, Өгэдэй, Толуй дөрвөн хан хөбэгүд
Чинггис хаган эцэгтэйгээ алтан дөрөөг харшиулж
Самаркандын тэнгри дор алдар нэрээ цуурайтуулан
Сартуал түмэнийг таван жил байлдаж дагуулжээ.
Зэбэ ноён, Сүбэдэй багатур тэргүүтэй хоёр түмэт
Зээр гөрөөс хөөх мэт, Мухаммэд султаныг нэхэж
Тэнгис нуурын эрэгээр олон улусыг байлдан ялж
Тэргилэн яваа султаны сүнсийг уснаа живүүлжээ.
Зэбэ, Сүбэдэй нарын гавшгай цэрэгийн хөлөн дор
Сартуалын олон түмэн дайчид нутагтаа ясаа тавьж,
Гүржи, Армяны зургаан түмэн цэрэг үхдэл болж,
Багдадын халифийн цэрэгүүд сөгдөн ухарч оджээ.
Зэбэ, Сүбэдэй тэргүүтэн Кавказыг даван бөгтөрч
Алан, кипчакийг бутниргэн хонь мэт хөөн давшиж
Калка гол дээр оросын найман түмэн цэрэгийг ялж
Хар тэнгисийн эрэгээр морьдоо хатируулан эгэжээ.
Огтын чимээ сураггүй байсан монгол гэдэг улусыг
Оросууд тэгж анх сонсож, олон царь ноёдоо алдан
Оньсого мэт тэр тулалдааны талбар дээр ялагдаж
Ойлгож чадалгүй хоцорч, омог сүр нь ч номхорчээ.
Зэбэ, Сүбэдэй хоёр дайны тугаа эргүүлэн довтолж
Ижил мөрөний болгаруудаар илдний ирийг мялааж
Их хагантай дөрөө нийлэхээр бүтэн сар довтолгож
Ижил мөрөнөөс Алтай уулыг даван нутагтаа иржээ.
Чинггис хаган, хөбэгүд ба ач нараа дагуулан явж
Чин зоригт Желал Ад-дин султаныг хөөж байлдсаар
Шинд мөрөний эрэг дээрээс залуу султаныг үсэргэн
Ширхэ дайчин зоригийг нь магтан дуулж хоцорчээ.
Чинггис хаган, сартуал улусын төрийг мөхөөн авч
Чимэгтэй хотуудыг нь газарын хөрстэй тэгшлээд
Чийрэг сайн эрчүүдийг нь боол зардасаа болгоод
Чилгэр сайхан эмсийг шибэгчин зарцаа болгожээ.
Чинггис хаган, Сартуалын аян дайныг эцэс болгоод
Бала ноёныг Ганга мөрөнийг гаталган давшиулж
Баруун хойд Энэтхэгийн балгад хотуудыг нураалган
Барлаг зардасыг туулгаж, бас нэг дайныг явуулжээ.
Багдадын халифийг дайлуулахаар баруун зүгт зааж
Дөрбэдийн Дөрбэй Догшин ноёныг цэрэгтэй зарж
Бардам зант багдадын халифыг багахан сандаргаж
Баян тансаг нутаг ороныг нь багагүй түйвээлгэжээ.
Чинггис хаган, баруун зүгийн байлдааныг дуусган
Чин зоригоор мориныхоо алтан жолоог бат татаж
Хэрүлэн, Онон, Туулын хээр тал нутагаа тэмцсээр
Хэдэн түмэн цэрэгтэйгээ Алтайгаа давж ирсэн юм.
Тангудын эзэний тангараг нь тал дугуйны үнэтэй,
Аймхай хүний андагай нь атга махны үнэтэй учир,
Аян дайны алтан жолоогоо бат атгаад эгэж ирсэн
Аугаа Их Чинггис хаган Тангуд улус-д морилжээ.
Тангуд улус мөхөөгүйг өглөө бүр сануулж байхыг
Тал нутагийн эзэн Чинггис хаган эзэн айлдахдаа
Тангараг юугаан эвдсэн тангуд нарыг мөхөөх гэж
Тал нутагаасаа дахин нэг аян дайнд мордсон юм.
Чинггис хаганы их цэрэгийн довтолгооны чимээ
Чинггэл Хара тэнгри-ийн сүр хүчинтэй хамт явж
Монгол дайчидын моридын төвөргөөний чимээ
Монголын тал нутагийн тэртээгээс л цуурайтжээ.
Чинггис хаган, жаран таван настай өтөл болсон ч
Чийрэг сайн биендээ шилмэл төмөр хуяг нөмөрч,
Ширүүн догшин хүлэг шинхул морион хөлөглөж
Шилдэг дайчидынхаа өмнө гараад цэрэгээ засчээ.
Өтөл буурал хаганы царайд нь цог заль гэрэлтэж
Өндөр буянт магнайд нь их ялалтын гал бадарч,
Өстөн дайсаны өтгөн цусыг юүлэн байлдаж дарах
Өөдрөг хувь тавилан хүлээж, өдөр цаг тохиожээ.
Чинггис хаганы ташуур дохих тэр торгон агшинд
Чин зоригт баатарууд нь давшин орж байлдсаар
Буруу хэрэгээр нь Бурхан Шидургу-г бухируулж
Бултаж аргагүй тавилангаар Тангудыг мөхөөжээ.
Чинггис хаган аян дайны замд их аба-д мордоод
Шинхул морио унуж, хулан адууг авлаж байхдаа
Ширүүн үргээлгэнээс мориноос шилжин гэмтэж
Чинггис хаган чилээрхэж байсан ч дайнд оржээ.
Монголын их байлдан дагуулагч Чинггис хаган
Мориноос шилжсэний учираа хүнд чилээрхэж,
Баатарын ёсоор дайны зам дээр тэнгэри-т хальж
Байлдааны талбар дээр нэрээ мөнхөлж үлдээжээ.
Тэмүжин Чинггис хаган жаран таван насандаан
Түрэмгэй балгасанаа гахай жил тэнгри дор хальж
Түмэн үеийн суу алдар юугаан газарт үлдээгээд
Түнэр харанхуйн оронд өвгөдийн хойноос оджээ.
Хаган эзэний алтан хүүрийг хасаг тэргэнд ачиж
Хан Хэнтэй уулыг зорин хамаг цэрэг нь хөдөлжээ,
Хаган эзэний хан хүүрийг ачиж явсан хасаг тэргэ
Мони уулын Хөөбөр гэдэг газар шаварт шигджээ.
Монголын нутаг Хэнтэй ханы өвөр нутагт орших
Монгол хаадын онхон Их Үтэг хэмээх газар дээр
Чинггис хаганы биеийг онхолон газарт огшоож
Мянган адуу хураан газарыг тэгшилэн зассан юм.
Хэнтэй Ханы өвөр Их хоригийн бунханы газарт
Хээрийн цэцэгс урган, жигүүртэн шувууд цэнгэж
Хэзээ, юу болж өнгөрсөнийг хэдийнээ мартаад
Хэдэн зуун жил улирч, эдүгээ цагийг хүрсэн юм.
Хэнтэй Ханы өвөр дор хүүр ясыг онхолж билээ,
Бурхан Халдун уулын оройд бунхан онхолж билээ,
Алтай уулын ар дор алтан хүүрийг онхолж билээ,
Мони уулын Хөөбөр-т амь сүнсийг онхолж билээ.
Чинггис хаганы найман цагаан гэр эдүгээг хүрч
Чинггис хаганы минь захиас, зарлигийг өртөөлөн
Чи бидний үед хүргэж, найман зуун жил өнгөрч
Чинггис хаган минь бидэнтэй хамт өдий хүрчээ.
Чинггис хаган, чоно мэт дүүлэн холхи ойрд одож
Чимээ шуугиант дайны талбар дундуур тэмцэж
Алдар нэр, агуу гавьяа хоёроо түүхэнд мөнхөлж
Алтан сэлэмээр хүчээр Монгол гэж сийлсэн юм.
Чинггис хаганыг тэнгэри дор халисанаас хойш
Монголчууд дахин бүтэн жаран жил дайн хийж
Чинггис хаганы алдар нэрийг өртөөлөн хүргэж
Монгол гүрэний нутагийг дөрвөн зүгтээ тэлжээ.
Чинггис хаганы яруу суу алдараар тугаа хийсэн
Монгол дайчидын уухай Өрнө Дорно зүгт одож
Морь, нум сумныхаа хурдаар хорвоог хэмжиж
Монгол, Чинггис хаган, хоёр үгийг дамжуулжээ.
Өгэдэй, Гүюг, Мөнгхэ, Хубилай нарын Их хаад
Чинггис хаганы үйл хэрэгийг үргэлжилүүлэн
Өрнө дахинд ч, Дорно дахинд ч цэрэг хөдөлгөж
Өрнө, дорно дайны талбарт нэгэн зэрэг ялжээ.
Бату хан, Хүлэгү хан тэргүүтэн хан хөбэгүд ч
Баруун зүгийн аян дайнуудыг амжилттай хийж
Байлдааны тугаа өргөн Адриатын тэнгист тулж
Багдад хотын төвд ялалтын уухайг дуурсгажээ.
Мухулай ноён, Бору ноён тэргүүтэн цэрэглэж
Хатун гол, Хөхэ мөрөний завсарт аялан байлдаж
Алтан улусын хот балгадыг байлдан дагуулж
Аймшигт тулалдааны талбарт ямагт ялж явжээ.
Өгэдэй хаган, өндөр сууринд суусаныхаа дараа
Өвгөдийн өшийг санаж, эцэгийн гэрээсийг дагаж
Өндөр хар тугаа өргөж, өрлүг ноёдоо дагуулаад
Өндөр хэрэмийг даван Алтан улусыг мөхөөжээ.
Чинггис хаганы элчийг хороосоны тул ял асууж
Өгэдэй хаган, баг цэрэгээр Солонгосыг дайлжээ,
Хибчаг, болгар, оросуудыг залхаан цээрлүүлэхээр
Бату, Сүбэдэй нарыг өрнө зүгт дайлаар илгээжээ.
Бату хаан, Сүбэдэй багатур нар дайлаар мордож
Баруун ертөнцийг донсолгосон аян дайн хийхдээ,
Байлдааны тугийг Баруун далайн эрэгт тулгаж
Байнга ялалт, яруу алдарын дундуур өнгөрөөжээ.
Хат сууж, хатан илд барьсан монгол моритонууд
Ханлин, хибчаг, багижид нарын хангуудыг алж
Болгар, буртас, асу, сасу түмэнийг байлдан эзэлж,
Ижилийн болгаруудыг эзлээд боолоо болгожээ.
Монгол моритонуудын хатан болд зэвсэгийн дор
Москва, Суздал, Рязань хотууд үнс болон хийсэж,
Омог сүрт монгол хан хөбэгүд, баатар өрлүгүүд
Оросын олон ноёдын бүх цэрэгийг бутниргэжээ.
Монголын морьтон цэрэгийн аян дайны зам дээр
Мокшан, мордав, чэркэс, гүржи, чехүүд мөхөж,
Кэшимир, кэрт, мажар, польш, силезүүд ялагдаж,
Хорват, босни, албани, серби цөм арчигдсан юм.
Ахамад хөбэгүдийн аян дайны довтолгооны хөлд
Австри, германы нутаг монголчуудад автагдаж,
Хан хөбэгүдийн хатуу ширүүн довтолгооны хөлд
Хөгшин Европ хөсөр унаж, айдас хүйдэст автжээ.
Бату, Бүри, Гүюг, Мөнгхэ, Бэрхэ нарын хан хөбэгүд,
Хадаган, Шэйбан, Бүжэг, Орду, Хайду, Байдар нар
Куман хибчагийн ханыг гөрөөс мэт элдэн хөөж
Мажарын эзэнийг мал амьтан мэт хайж давшжээ.
Хөдсөн дээл малгай өмсөж, хөнгөн нум сум агсаж
Хөө хуяг нөмөрсөн морьт монгол цэрэгийн өмнө
Хөгшин европын хүчирхэг эзэд хүүхэд мэт уйлж
Хүнд хуяг дуулгатай баатарууд нь хөсөр унажээ.
Хадаан хан хөбэгүн нэгэн түмт цэрэгтэй давшиж
Харь дайсаны дундуур харцага шонхор мэт дайрч
Төв европ даяар хөндлөн гулд давшин байлдаж
Төмөр туурайгаар түмэний газарыг тамгалсан юм.
Бату хаганы байлдааны удирдлага бат сайн байж
Барууны ертөнцийг хөл дороо гишгин урагшилж,
Сүбэдэй багатурын сүр хүчин жавхлантай байж,
Сүүдэрт ертөнцийг сүүл даран мөшгиж намнажээ.
Мохи-ийн тулалдаан, Лигнецийн тулалдаан дээр
Монголчууд дайны эрлиг болж ялалт байгуулаад
Наран шингэх тивийг наамал нумаараа хэмжиж
Нарсан хурц жадаараа наян улусыг намнасан юм.
Бату хаганы дайны замд гучин дөрвөн улус өртөж
Барууны ертөнц тэр чигээрээ арай ядан амьсгалж
Эртний Ром гүрэний домог тэртээ алсад холдоод
Эдүгээ Монгол гүрэний сүр хүчинд дарагдсан юм.
Хоёрдугаар Ром болсон Византин гүрэн ч ганхаж
Хол тэртээх талын моридын тоосонд булагдаад,
Ромын папын зарлиг ч худагийн намагт шигдэж
Монгол хаадын сүрт зарлигийн дор дарагдсан юм.
Гүюг хаганы зарлиг гүрэний хил хязгаар хүрэхэд
Мөнгхэ тэнгри-ийн хүчүн дор Монгол гүрэн тэлж
Далай хаганы зарлиг даян дэлхийд түгэж байхад
Даяар Монголын сүлдийг биширч, аюуж байжээ.
Бажу ноёны удирдсан монгол цэрэгийн давшилт
Бага Ази дахиныг донсолгон Рүм улсыг мохоож
Сири улусыг чичирүүлэн, Түркийг дагуулан эзэлж
Сайн агтын хурдаар саар дайсаныг нэхэн даржээ.
Элжигэдэй ноён тэргүүтэн их цэрэгийг удирдаж,
Эзэлж амжаагүй байсан баруун оронуудыг зорьж
Их хаганы зарлигийг Арабын ертөнцөд хүргээд
Илд зэвсэгийн дор Персийн ертөнцийг туучижээ.
Элжигэдэй өрлүг ноён Ираныг байлдан дагуулж
Элсэн цөлийн дундуур эрчтэй хурдтай давшин
Эртний өст персчүүдийг илдэний үзүүрт өлгөж
Эртэй, цөстэй явж энэ аян дайныг өндөрлөжээ.
Саритай хорчи, Сартаг өрлүг, Данко өрлүг гурав
Сар жилийн зайгаар Солонгос улусыг довтолж,
Амуган өрлүг, Чилудай ноён тэргүүтэн их цэрэг
Алс замыг туулан Гуалин улусыг дахин дайлжээ.
Хубилай хан хөбэгүн, Урианхайдай багатур хоёр
Хошуучи цэрэгийг удирдан Дали улусыг дайлж,
Хөхэ мөрөний хөвөөгөөр хөндлөн гулд довтолж
Хөнөөлт дайсаны зүрхэнд хүлэр зэвсэгээ зоожээ.
Хүлэгү ил-хан долоон түмэн моритоноо удирдаж
Хүчит илдээр Арабын ертөнцийн үүдийг балбаж
Хөлөг баатаруудаа дагуулан Персийг эзлэн аваад
Хүчирхэг Сассанидын улсыг буулгаж авсан юм.
Хүлэгү хан тэргүүтэй үй түмэн монголын цэрэг
Нүд ирмэхийн зуур Туран, Ираныг нэвт өнгөрч,
Нүгэлт уулын өвгөдийн ичээг нь галдан сүйтгэж,
Нүргээнт дайны талбар дээр ялалт байгуулжээ.
Амуйн Жэйхун мөрөнөөс алс Мисир орон хүртэл
Хорасан, кухистанаас эхлэн бүх газарыг эзэлж,
Хана хэрэм, харши ордыг нураан эвдэж сүйтгэж
Хамаг олоныг нь хядаж, гоби цөл болгосон юм.
Иракийн Багдадын халифт улусыг эзлэн мөхөөж
Азербайжан, армен, гүржи нарыг явуут эзлээд,
Сири, рүм, күрд, дундад ази дахиныг эзлэн авч,
Сэлэмнийхээ торгон ирэн дээр сийчиж эзэлжээ.
Ил-хаганы цэрэг дайчидын моридын тоосон дор
Иерусалимын ариун газар булагдаж хоцорчээ,
Хүлэг хаганы хүчирхэг их цэрэгийн уухайн дор
Хүчирхэг баян Багдад хот нуран унаж сүйджээ.
Хитэ-буха ноён, Байжу ноён тэргүүтэн өрлүгүүд,
Хүдүсүн ноён, Хөхэ-Элигэй ноён, Сантай ноён,
Хүли, Булга, Татар тэргүүтэн хан хөбэгүд хамт
Хүлэгү хаганы туган дор байлдаж дайлж явжээ.
Хүлэгү хан, хүчирхэг хөлөг баатараа дагуулан
Хөнөөлт дайсаны дундуур хөх чонос мэт дүүлж
Багдадын бардам халифийг байлдан дагуулаад
Баян халифийг туламлаж, азаргаар тасар татжээ.
Арслан мэт архирч, барс мэт бархиран давшиж
Аагтай халифийг дээд тэнгри-ээс доош чулуудаж
Арслан шиг доод газараас дээш нь шидэж алаад
Ард түмэнийг нь алж, хот балгадыг нь шатаажээ.
Монголын цэрэг Мисирийн хаалган дээр тулж
Монгол өрлүгийн алдар Айн Жалут дээр мөнхөрч
Мисир Египитийн мамлюк баатаруудын эсрэг
Монголын нэгэн түмэт их тулалдаанд орсон юм.
Монголын хатирч морьд Өвөр кавказаар хатирч
Монгол дайчид египидийн өндөр цамхагийг харж
Арабын ертөнц дээгүүр арслан барс мэт туучин
Агуу их гүрэн Монгол баруун урагш тэлсэн юм.
Сали багатур тэргүүтэй мянгат моритон цэрэгүүд
Умард энэтхэгийн уул хадаар уулгалан довтолж
Афганистаны нутагийг эзлэн хэсэг сууж байхад
Алтан Ордуны Нэгүдэр өрлүг хожим ирж суужээ.
Мөнгхэ хаган, дайны даргар хар хэнгэрэг дэлдэж
Монголын жаран түмэн морьт цэрэгээ удирдаад
Тогучар өрлүгээр толгойн ангиа болгон томилж
Тоо томшгүй их цэрэгээр Сүн улусыг довтолжээ.
Сүр жавхлант Урианхайдай багатурын их цэрэг
Сүн улусын өмнөд талаас довтлон сүйтгэн талж,
Вытнамын Аннам улусыг аян дайны замд эзлэн
Ханой хотын хаалган дээр хар тугаа мандуулжээ.
Ариг-бөхэ хаган, Хубилай хаган ахан дүү хоёр
Андагай тангараг тасран аймшигт дайныг өдөөж
Их хаганы суурины төлөө илд зэвсэгээ зөрүүлэн
Их Монгол улусын түүхэнд хар мөрөө үлдээжээ.
Хубилай хаган, Хайду хан тэргүүтэн тэлсэлдэж
Хурц зэвсэгийг зөрүүлэн, хуу олоныг үймүүлж,
Хүлэгү хан, Бэрхэ хан тэргүүтэн бас тэрсэлдэж
Хөхэ Монголын хүчийг тарамдуулж байсан юм.
Ариг-бөхэ хаган, Хубилай хаган ахан дүү хоёр,
Хубилай, Хайду болон Хүлэгү, Бэрхэ нар тэрсэлж
Монголын хаад өөр зуураа өрсөлдөн байлдаж
Монголчууд монголчуудаа алж талж байсан юм.
Чинггис хаганы Йэхэ Йаса цааз юугаан илт зөрчиж
Чинггис хаганы ач, гуч хөбэгүд нь илд зөрүүлж
Монгол гүрэний цэрэг, зэвсэгийн хүчийг багасгаж
Монгол гүрэний нэгдмэл төр суларч эхэлсэн юм.
Ачу багатур, Алихай өрлүг нар цэрэгээ удирдаж
Хөхэ мөрөний дагууд хөлгүй их дайныг хөгжөөж
Өмнөд Сүн улусын үй түмэн цэрэгтэй байлдаад
Өргөн мөрөний усыг хага ярж ялалт байгуулжээ.
Баян өрлүг зуун түмэн морьт цэрэгээ удирдан явж
Байлдааны тугийг нангиад орон тийш хандуулан
Барим тохой урттай хулсан ташуурын дохилго дор
Баян өрлүгийн зуун түмэн морьт цэрэг довтолжээ.
Хөхөмдөг ууланаа хүчит жад хөгжин бүжиглэхэд
Хөх уул хагаран завдаж, хөбчин дэлхий хөрбөөд,
Хөхэ мөрөнөө хөлөг морид юугаан услан зогсоход
Хөхэ усун ширгэх шахаж, хөндий тал хөрбөөжээ.
Баян өрлүг түрүүлэгчтэй баатар дайнч монголчууд
Байлдааны тугийг зогсоолгүй урагши довтолгож
Нангиадын шороон түмэн цэрэгийг байлдан дарж
Нангиадын Өмнөд Сүн улусыг байлдан мөхөөжээ.
Шиндү өрлүг, Атахай ноён, Алахан өрлүг гурвуул
Шинэсэн хөлөг онгоцоор их цэрэгийг ачиж одоод,
Наран улусын аралд хоёр удаа газардан байлдаж
Далайн шуурганд өртөн, дайтаж чадалгүй живжээ.
Хубилай хаган дайны тугийг өмнө зүгт хандуулж
Бирм, аннам, темка, камбож улусыг байлдан эзэлж
Тайланд, Түбэд, Наран улусыг довтлон дайн хийж,
Ява аралын улусуудыг эзлэн хараат улус болгожээ.
Тогун хан хөбэгүн, Сүгэтү ноён, Сөнүдэр өрлүг нар
Тоо томшгүй их цэрэгээ удирдан өмнө зүгт дайлж
Нохой гаслам халуунд олон улусыг байлдан эзэлж
Монгол гүрэний хилийг өмнө зүгт тэлж өгсөн юм.
Доголон Тэмүр хаган догшин илдээ эргүүлэн явж
Дорно дахины түүхэнд Монголыг дахин мандуулж
Арабын ертөнцийг донсолгосон аян дайныг хийж
Алдар нэрийн хуудсанд алтан үсэгээр нэрээ бичжээ.
Монгол овогийн нүүдэлчин Доголон Тэмүр хаган
Морьт дайчидаа дагуулан Моголистаныг эзэлж,
Иран, ирак, сири, либан, иорданыг байлдан эзэлж,
Сартуал, армян, азербайжан, гүржийг эзэлсэн юм.
Алтан урагийн хүргэн доголон Тэмүр хаганы өмнө
Алтан Орду, жалайр, чобаны монгол хаад сөхөрч
Афганистан, энэтхэг, орос олон улус орон сөгдөж
Арабын ертөнц тэр чигээрээ амь тэмцэн сөнөжээ.
Бабур хаган, монгол дайчидаан дагуулан мордож
Баян тансаг Энэтхэг ороныг байлдан дагуулаад
Баруун өмнөд Ази дээр Могол гүрэнийг үндэслэж
Байлдааны тугийг үргэлжилүүлэн чинагши оджээ.
Хумаюн хаган, Акбар хаганы байлдан дагуулал
Хуурай цөл дээгүүр жаран жил дахин үргэлжилж
Энэтхэг, афганистаны нутагт Их Могол тогтож
Их Монгол гүрэний төрийн түүхийг уламжилжээ.
Чинггис хаганы байлдан дагуулал жаран дамнаж
Өгэдэй, Гүюг, Мөнгхэ, Хубилай нар үргэлжүүлж
Бату, Хүлэгү нар өртөөлөн их дайныг өрнүүлж,
Тэмүр, Бабур, Акбар нар уламжилуулсаар иржээ.
Чинггис хаганы байгуулсан Их Монгол гүрэн
Зөчи-ийн улус, Цагадайн улус, Өгэдэйн улус,
Толуйн улус, Хүлэгүгийн улус болон хуваагдаж
Туурга тусгаар төрийн галыг хувааж суусан юм.
Их хаганы улус, Алтан Орду улус, Цагадайн улус,
Илхаадын улус болон дөрвөн гүрэн болж тогтоод
Эх газарын энгээр Дөрвөн далайн хооронд оршиж
Евроази-ийн уудам бэлчир дээр Монгол манджээ.
Ази, Европ хоёр тив-д дамнасан Монгол гүрэн
Арвангуравдугаар зууны Дэлхийн түүхийг бичиж
Арьсан дах нөмөрч, аргамаг морь унусан хөбэгүд
Аян дайны зам дээр Монголын түүхийг бичжээ.
Онон, Хэрүлэн, Туулын усанаа ширээсэн сэлэм
Орос, нангиад хоёрын алтан илдийг хуга дэлдэж,
Орхон, Сэлэнгэ мөрөний усанаа хатаасан сэлэм
Омогтой зөрчидийн алтан дуулгыг хага цавчжээ.
Хэрүлэнгийн цагаан шугуйгаас авсан суман мөс
Хэдэн мянганы газар хээрийн шувуу мэт дүүлж,
Хатун Туулын хар шугуйгаас бэлдсэн суман мөс
Хар тас мэт шунган одож, харь дайсаныг оножээ.
Монгол дархадын урласан хэлхэмэл цархи хуяг
Морины нуруунд эзэнтэйгээ хамт эвхэрэн хөдөлж,
Монгол өвгөний давтсан шигтгэмэл төмөр дуулга
Монгол цэрэгийн хамт алсын аян дайнд хөдөлжээ.
Дөрвөн далайн хязгаарт дамнасан аян дайны турш
Дөш, алхны чимээ монголын талд тасраагүй юм,
Дөртэй төрсөн дархан хөбэгүд халуун гал сахиж
Дөрөө, амгай, зэв, хуяг, дуулгаа цөм урласан юм.
Хаган эзэний хатуу зарлигийг даган дээлээ өмсөж
Хатирч сайн моридоо унун, хагурасту нумаа агсаж
Хайртай эцэг эх, эхнэр хүүхэдээ талдаа үлдээгээд
Харь газарыг зорьсон баатар хөбэгүдийн зарим нь
Зэвт сум, жад исгэрсэн ширүүн аян дайны зам дээр
Зэрлэг суманд өртөж хүний нутагт ясаа тавьжээ,
Сэлэм бамбай харшилдсан тулалдааны талбар дээр
Сиймхийг алдаж, дайсаны илдэн дор унаж өгчээ.
Гэвч, монгол хөбэгүдийн дийлэнхи нь босоо төрж
Гишгэж явах замдаа сэрэмж болгоомжийг барьж
Гэмтэн дайсаныг сөгтгөн, дайн байлдааныг оройлж
Гэртээ эргэж ирээд, гэргий хүүдэдтэйгээ уулзжээ.
Домог түүх дүүрэн дорнын уудам талаас мордсон
Долоон үеийн яруу алдарыг өвлөсөн малчин эрс
Тахийн удамт намхан мориороо тал нутагаас гарч
Тааж мэдээгүй ертөнцийн дундуур зүтгэж явжээ.
Евроазийн өргөн уудам нутагийн бэлчир дээгүүр
Ертөнц дэлхийг байлдан дагуулахаар мордсон эрс
Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явж байхдаа
Хээр тал нутагаа ч зүүдэлж, мөрөөдөж явсан юм.
Дайчин өрлүг ноёны дайнч ташуурын дохилго дор
Дайр гэсэн газарт дайрч, эзэл гэсэн газарт эзэлж
Дайны талбар дээр эрлиг мэт явсаар ялалт авчирч
Дайсан улусуудын дундаар дайнч баатар туулжээ.
Арьсан дах нөмөрсөн өрлүг ноёд, хан хөбэгүд нь
Аглаг тал дахь гэртээ айрагаа ууж, махаа идэнгээ
Аргалын гал бадарсан тулгаа тойрон сууж байгаад
Ази, европын аль улусыг дайлахаа хэлэлцсэн юм.
Зэбэ ноён, Сүбэдэй багатурын алдар нэр дуурсаж,
Дөрбэй Догшин, Бала, Чормаган ноёд өртөөлөн,
Хитэ Буха ноён, Баян өрлүг тэргүүтэн уламжилсан
Хэцүү бэрх өрлүг ноёдын түүх үргэлжилж байжээ.
Сүбэдэй, Урианхайдай, Ачу багатур тэргүүтэн
Гурван үеэрээ Их хаганы цэрэгийг удирдан одож
Гурван далайн доторхийг монгол гүрэнд нэгтгэж
Зуун жилийн дайны талбарт төрж, өсөж, үхжээ.
Их хаган, хан хөбэгүд, өрлүг, ноёд, цэрэгүүд цөм
Чинггис хаганы суу алдараар л жаран жил дайлж
Болд төмөр дөрөөг борвио тэнийлтэл жийж явахдаа
Богда эзэний зарлигийг бодолдоо бат шингээжээ.
Йэхэ Йаса цаазын хатуу заалтыг хэн ч зөрчөөгүй,
Их хаганы хатуу зарлигийг хэнбугай ч зөрчөөгүй,
Илд сэлэм, нум, жадаа барьсан монгол баатарууд
Идэр залуу наснаас өтөл өвгөн болтолоо байлджээ.
Алтайн оргилоос Адриатын тэнгисийг саравчилж
Хэнтэйн оргилоос өмнөд Энэтхэгийн далайг үзэж,
Хангайн оргилоос Хойд мөсөн далайг хараачилж,
Хинганы оргилоос Дорнод далайг харж суухдаан
Баатар өвгөдийн минь зүрхэн дотор гал дөл асаж
Байлдааны тугийн сүлдэн дээр сүр хүчин бадарч,
Бамбай, илдний сүр хүчин дээр баатар зориг асаж
Байлдааны морины дэл дээр ялалтын гал бадарчээ.
Хүний нутагийг зорьсон хөлөг баатар хөбэгүд нь
Хөдөө тал нутагаа мөрөөдөж, хүсэж хүлээж явжээ,
Хаганы зарлигаар харийн газарыг эзэлж суухдаа
Хангай нутагаа хараачилсаар нэгэн насаа элээжээ.
Хөбчин дэлхийг хүчит туурайгаараа бөмбөрдсөн
Хөлөг сайн морьд минь эзэнтэйгээ их аянд одож
Чинггис хаганы алдарыг дэлхийн дайдад хүргэж
Чимээ шуугиант дайны талбарт дүүлж явсан юм.
Хөх толботон хүмүүсийн хөлд орж, мөлхөж өссөн
Хөхэ Монгол хөбчин дэлхий дээр хүчирхэг явж,
Хөлөг баатар болж төрсөн хөдөөний малчин эрс
Хөхэ тэнгри дор хөбчин дэлхийг байлдан эзэлжээ.
Хөх чонын улилдаан хөбчин дэлхийг донсолгож
Хоёр толгойт бүргэдийн толгойг нь тасар татаж,
Хорин хөлт луугийн хорт толгойг хуга мушгиж
Хорвоо дээр бат гишгиж холхи газарыг дайрчээ.
Бөртэ хатуны бүүвэйн дуу бүх талыг бүүвэйлэн
Бөрөнхэй шөнийн тэртээ уянга болон хоцорчээ,
Бөртэ чонийн улиан бүхүй л дэлхийг донсолгож
Бөрөн манангийн дор сүүтэгнэн алс холд оджээ.
Хар сүлд тугний сүр дор хамаг ертөнц сөгдөж
Хатуу догшин дайны хөл дор хамаг улус сөхөрч
Хасаг тэрэгний бул дор хамаг дайсан булагдаж
Хатан зэвсэгийн дор Хаганы зарлигийг дагажээ.
Дорно дахинд мандсан Монгол улусын сүр дор
Дорно зүгийн Алтан улус, Сүн улус цөм сөхөрч
Өрнө зүгийн Сартуал, Перс, Багдад цөм сөгдөж
Өрнө дахины Орос, Мажар, Литов цөм сөнөжээ.
Өрнө Дорно дахинд мандсан соёл иргэншилүүд
Монгол морьдын хөх тоосонд булагдан мөхөж,
Өрнө Дорно дахины хүчирхэг гүрэн улусууд
Монгол цэрэгийн зэвсэгэн дор толгой гудайжээ.
Хонины билчээр дээр өссөн малчин эрсийн өмнө
Хоосон алдар нэрийг зүүсэн Өрнө дахин унаж,
Адууны билчээр дээр төрсөн малчин эрсийн өмнө
Алтанд умбасан баян тансаг Дорно дахин унаж,
Чинггис хаганы суу алдар хүрсэн газар бүр дээр
Чичирч дагжсан арад түмэнүүд дайжин зугатаж,
Чинггис хаганы суут ноёд хүрсэн газар бүр дээр
Чингэл хар туг мандаж, монголчууд ялж явжээ.
Чинггис хаганы их байлдан дагуулалын зам дээр
Цагаан хэрэм ч саад болсонгүй, газартаа шингэж
Хөхэ мөрөн, Дунай мөрөний их ус цөм ширгэж
Хот балгадын хорио хэрэмийн хана цөм нуржээ.
Хөхэ Монголын хөлөг баатарууд дайлж явахдаан
Хөхэ мөрөн, Хатун голын уснаас морьдоо услаж
Ижил, Дунай мөрөний уснаас хүлэгээ умдаалж
Илднийхээ ирээр их мөрөний усыг ярж байсан юм.
Хасар тэргүүтэй монгол цэрэг Дорно далай тулж,
Хадаан тэргүүтэй монгол цэрэг Өрнө далай тулж,
Баян тэргүүтэй монгол цэрэг Өмнө далай тулж
Байдар тэргүүтэй монгол цэрэг Умар далай тулжээ.
Дөрөө тогшиж мордсон монгол хаадын туган дор
Дөрвөн далайн доторхи олон эзэдийн туг унаж,
Догшин өрлүг ноёдын домог түүхтэй илдэн дор
Дорно, Өрнө дахины олон эзэд толгойгоон өгчээ.
Чинггис хаганы довтолгоонд бүх цэрэгээ алдаад
Чин зориг мохож, сэтгил гундсан олон эзэн хаад
Шуурган дайны дундуур шувт дайран зугатааж
Арад түмэнээ, газар нутагаа хээр хаян дүрбэжээ.
Хөх Монголын аян дайнд хөбчин дэлхий хөрбөж
Хүчирхэг гүрэнүүд ч үнсэн товрог болон үлдэж,
Баян тансаг олон хотууд үнс нурам болон хийсэж
Баруун зүүн ертөнц бүхэлдээн амьсгал хураажээ.
Үнсэн дунд үзэсгэлэнт олон хотууд нуран унаж
Үнс нураман дунд Жүндү, Самарканд булагдаж,
Байлдааны зам дээр Багдад, Дамаск дарагдаж,
Баян тансаг Киев, Москва, Будапешт шатсан юм.
Дайны илдийг барьсан дайчин монгол хөбэгүд
Даян дэлхийг дайлахаар дайны замд гарсан юм,
Бурхадын гэсгээлийн зэвсэгийг барьсан хаад
Буурал түүхийн харгуйд аян дайнд мордсон юм.
Алтай Хангай нутагтаа төрсөн монгол баатарууд
Аян дайны зам дээр алдар нэрээ мөнхөлсөн юм.
Хэнтэй, Хингган нутагт төрсөн монгол хөбэгүд
Хэцүү дайны талбарт эрлиг болж ялалт авчирчээ.
Гэвч, зуун жил дамнасан аян дайны талбар дээр
Хичнээн монгол хүн үрэгдэж үхсэнийг мэдэхгүй,
Хаган эзэнийхээ зарлигаар харь газарыг эзлээд
Хатуу тулаанд эрсдэж, монгол нэрийг үлдээжээ.
Чинггис хаганы үр ач нар дэлхийн энгээр сэтгэж
Евроази-ийн өргөн уудам нутаг дээгүүр сэлгүүцэж
Арабын ертөнцийг ч адууныхаа билчээр болгож,
Ази-ийн алтан цамхагийг ч морины уяа болгожээ.
Өрлүг монголын үргэлжилсэн их аян дайны цагт
Өндөр Цагаан хэрэм ч үдийн газар болон хувирч
Өнгөт Самарканд ч хоногийн газар болон ойртож,
Өргөн Дунай ч өдөртөө морио услах газар болжээ.
Алтайн өндөр уулсаас хөдөлсөн монголын цэрэг
Дэлхийн дээвэр Гималайн өндөр их уулсыг давж,
Памирын уулсын оройгоор моритойгоо давшиж,
Уралын уулсыг даван, Алпийн уулс хүртэл аялжээ.
Монгол хаадын довтолгоонд даян дэлхий даргиж
Монгол цэрэгийн дайралтанд бүх дэлхий бөхийж
Арвангуравдугаар зууны аян дайны талбар дээр
Алдар суут өрлүг баатарууд төрж нэрээ үлдээжээ.
Монгол хаадын тэрсэлдээнд бүх дэлхий донсолж
Монгол моридын төвөргөөнд бүх газар хөдөлж,
Арвандөрөвдүгээр зууны аян дайны талбар дээр
Ахан дүүс монгол хаад алтан илдийг зөрүүлжээ.
Их талын бэлчир дээр хүн чулууд эгнэн өртөөлж
Их Монголын бэлчир дээр морин улаа өртөөлж,
Чинггис хаганы суу алдар улус дамнан өртөөлж,
Чинггис хаганы үр сад удам дамжин өртөөлжээ.
Тэмүжин – тэнгэри-ийн хөбэгүн болж төрсөн юм,
Тэмүжин – тэнгэри-ийн гэсгээл болж ирсэн юм,
Чинггис хаган – бурхадын зэрэгт хүрч очсон юм,
Чинггис хаган – хаадын хаган болж тодорсон юм.
Будда, Есүс, Мухаммэд тэргүүн бурхадын өмнө
Чинггис хаганы нэр алдар илүү хүчтэй мандаж,
Мөнгхэ тэнгри-ийн зарлигийг авсан Монголчууд
Мөнхийн алдар нэрийг дайны зам дээр хүртжээ.
Багатур тэнгри, Дайчин тэнгри, Сүлдэ тэнгри-ээс
Байлдааны зэвсэгийг хүлээж авсан монгол цэрэг
Аллах, Мухаммэд, Христ бурхадын газарыг эзэлж
Аполлон, Афина, Арес бурхадын газарыг эзэлжээ.
Атаа тэнгри-ээс алтан сэлэм гардаж авсан монгол
Арес дайны бурханы алтан илдийг хуга цавчиж,
Аттис, Зевс, Ника бурхадын үр садыг номхотгож,
Будда, Брахма бурхадын нутагийг ч дайлсан юм.
Долоон бурханаас нум сум өвлөсөн монголчууд
Долоон өнцөг дайдын бүх улус ороныг дайлж,
Дорно, Өрнө дахины их бурхадын өмнө зогсоод
Чинггис хаганы зарлигийг сонсгож байсан юм.
Чинггис – монголчуудын дайны бурхан болж,
Чивчирсэн нумны суман зэвтэй хамтдаа нисэж,
Чимээ шуугиант дайны талбар дээр туг болж
Чин зоригт баатарын уухай болж алдаршижээ.
Өрнө, Дорно дахиныг чиглэсэн аян дайны замд
Өндөр уулсын оргилыг өшигчин алс хол зорчиж
Өргөн мөрөний усыг онгичин аян дайн явуулж
Өрлүг түүхийн зам дээр Монгол гэж бичсэн юм.
Шороон түмэн цэрэг ч, шоргоолж мэт их дайсан ч
Монгол цэрэгийн зэр зэвсэгэн дор хиар хядуулж,
Их Цагаан хэрэм ч, өндөр бат хэрэм ханатай хот ч
Их хаганы цэрэгийн илдэн дор толгой гудайжээ.
Дөрвөн далайн дунд дөрөө тогшиж явсан Монгол
Дөчин гүрэний төрийг мөхөөн нутагийг нь хурааж,
Дөрвөн мянган овог аймагийг албат боол болгоод
Дөрвөн улсад хувааж, дэлхий дахиныг зассан юм.
Дээлтэй төрсөн монгол хаад зуун жил дайн хийж
Дэлхий дахиныг байлдан эзлээд засан төвхинүүлж
Дэргэдээ дайсангүй, дээрээ эзэнгүй энх амур явж
Дэлхий дахинд Энх тайван тогтоож тохинуулжээ.
Монголын эзэнт гүрэн дэлхийн тал дээр оршиж,
Монголын Энх тайван даян дэлхий дээр тогтож
Монгол хаадын зарлиг морин дэл дээр өртөөлөн
Монгол гүрэний нутаг дээр Энх тайван тогтжээ.
Дөрвөн хар тугийн дор дөчин дөрвөн улус автаж
Дөрвөн зүгийн дайд дээр дайны гал дүрэлзэн асаж,
Есөн цагаан тугийн дор хамаг улус орон автагдаж
Ертөнц дээр Энх тайван тогтож энх амур болжээ.
Нарлаг тал дээр Чинггис хаган мэндэлсэнээс хойш
Найман зуун тавин жил өнгөрч, алдар нэр үлджээ.
Нармай их төрийн түүх найман зуун жилд мандаж
Нарт ертөнцөд Монгол улус оршин тогтож байна.
Бурхан Халдун уулын ар өвөрөөр бууж нүүж явсан,
Буурал түүхийн нугачаанд буурч, мандаж явсан,
Алтай Хингганы завсар зөөж бууж зөрөлдөж явсан
Агуу хаадын алдар нэрээр амьдарсан Монгол минь;
Идэр залуу баатар Тэмүжиний үйл хэрэгийн замд
Илд бамбайтайгаа, эцэг хөбэгүн алтан дөрөө харшиж
Их Чинггис хаганы сүр хүчин дор нэгдэж нягтарч
Илд зэвсэгийн хүчээр дэлхийн дайдыг довтолжээ.
Хэрүлэн, Онон, Туулын гурван голын бэлчир дээр,
Хэнтэй, Хангай, Соёны гурван уулын оргил дээр,
Алтай, Хингганы их уулсын ноён шовх оргил дээр,
Орхон, Сэлэнгэ их мөрөний хөх усан мандал дээр,
Хөхэ Монгол мандаж бадарч, дайлж дайлалдаж
Хөбчин дэлхийн хөвөө хязгаарыг байлдан дагуулж,
Хөлөг баатарууд, хүлэг морьдын хүчээр одож
Хөхэ Монгол нэрээ хөбчин дэлхий дээр түгээжээ.
Өндөр өвөг хүннү, сяньби, нирун, түрүг, монгол
Өтүгэн нөмөргөний өвөр, ар бэлээр нүүж сууж
Өргөн Орхон, Сэлэнгэ мөрөнийг өгсөж уруудаж
Өөрийн газар нутагтаа төр улусаа мандуулахдаа
Чинггис хаганы үед дэлхий дахиныг эзлэн авч
Монгол нэрийн дор дэлхийн гүрэнийг байгуулж
Чинггис хаганы алдараар бүтэн зуун жил явж
Евроази-ийн уудам бэлчир дээр оршин тогтжээ.
Чинггис хаганы алдараар дөрвөн их улус оршиж
Хиад боржигин овогийн хаад бүх дэлхийг захирч
Хатуу чанга Йэхэ Йаса цаазын дор хамт амьдарч
Хамаг дэлхийн түүхийг Монгол нэрээр бичжээ.
Боржигин овогийн хаад болд зэвсэгийг зөрүүлж
Богда эзэний зарлигийг зөрчин өөр зуураа дайтаж
Бусадын идэш болж явсан ч төр улусаа мөхөөлгүй
Бусадын нутаг дээр зуун жилээр хаанчилсан юм.
Их талын нүүдэлчид түмэн жил тал нутагаа сахиж
Их хаганы алдараар найман зуун жил төрөө манаж
Их талын энгээр бид эсгий гэр бариад нүүж бууж
Их хаганы домог түүхийг үр ачдаа хэлж үлдээжээ.
Эртний түүх цаг хугацааны саалтанд бүдгэрдэг ч
Эдүгээ цагт Чинггис хаганы түүх улам их тодорч,
Эрин зууны тэртээгээс Их Монголын суу эргэж
Энэ цагт Монгол улусын сүр хүчийг нэмж байна.
Тал нутагт мал маллаж суугаа өтөл буурал өвгөд
Галын дөлөнд гэрэлтсэн ханын толгой ширтэхдээ
Галтай цогтой явсан Чинггис хаганы домогийг
Ганц хөбэгүндээ ч ярьж, хүүрнэж өвлүүлсэн юм.
Хэдэн адуугаа эргүүлж явсан эгэл малчин залуус
Хээр талын бэлчир дээр Их хаганы домог хүүрнэж
Хэдэн зуун жилийн турш морин дэл дээр өртөөлөн
Хэцүү цаг үеийг ч Чинггис хаганы түүх туулжээ.
Даян дэлхий дээр төрсөн монгол туургатан бүгд
Чинггис хаганы суу заль, сүр хүчинийг дуурсаж,
Тал нутаг дээр мэндэлсэн монгол цустай хүн бүр
Чинггис хаганы мөнхийн алдарыг дурсаж байна.
Хүн төрөлтөний түүхэнд хэн ч байгуулж байгаагүй
Хүчирхэг их гүрэнийг байгуулсан Чинггис хаган
Хөхэ Монголыг хөбчин дэлхий дээр нэртэй болгож
Хөрст дэлхий дээр төр улустай байлгаж ирсэн юм.
Хөхэ Монгол мандаж бадарч, хөгжиж дэгжих цагт
Хүүхэд бүр Чинггис хаганы нэрийг хэлж хөлд орж
Хөрст газар дээр бат гишгин Монгол ороноо гэж
Хөбчин дэлхийн дайд уруу нүдээ билчээж байна.
Гурван голын бэлчир дээр хиадын үрс тасраагүй,
Зуун дамжсан аян дайнд монголын үрс тараагүй,
Чинггис хаганы үед байсан монгол аймагууд цөм
Чи бидний үед хүрч ирж, эдүгээ их талдаа байна.
Модун шанюйгийн үед байсан хүннүгийн үр сад
Монголын тал нутаг дээр одоо хүртэл сууж байна,
Чинггис хаганы үед байсан монголын нүүдэлчид
Монголын тал нутаг дээр одоо хүртэл нүүж байна,
Багатур Тэмүжиний байгуулсан Монгол улус минь
Балар харанхуй дундад зууны түүхийн дунд тэсч
Чинггисийн Монгол, чи бидний энэ цагт хүрч ирж
Чинггисийн Монггол улус оршин тогтнож байна.
Арвангуравдугаар зуунд анх мандсан Монгол минь
Аравдолдугаар зууны аймшигт шуурганд алдаж,
Хориндугаар зуунд хотол Монгол сэргэн мандаж,
Хориннэгдүгээр зуунд Монгол улус оршиж байна.
Чинггис хаган – Монголчуудын дээд бурхан юм,
Чинггис хаган – Монгол төрийн дээд шүтээн юм,
Чинггис хаган – Монгол туургатаны нэгдэл юм,
Чинггис хаган – Монгол үндэстэний бахархал юм.
Чинггис хаганы нэр ч чихэнд сонсголонтой байна,
Монголын уухай ч дэлхийд сүр жавхлантай байна.
Чинггисийн Монгол даян дэлхийд мандаж байна.
Монголын Чинггис дайд ертөнцөд дуурсаж байна.
Чинггис хаган – чихэнд сонсголонтой нэр байна,
Чинггис хаган – даян дэлхийд суутай хүн байна,
Чинггис хаган – түүхэнд сүр жавхлантай байна,
Чинггис хаган – дайны талбарт сүр хүчтэй байна.
Чинггисийн Монголыг бид нэр төртэй залгамжилж
Чинггис хаганы үйл хэрэгийг үргэлжилүүлэн явж
Монгол туургатаны газар нутаг дээр тусгаар оршиж
Монгол тулгар төрийн голомтыг хадгалсаар байна.
Чинггис хаган – тал нутагийн дайчин баатар юм,
Чинггис хаган – нүүдэлчин арадын их удирдагч юм,
Чинггис хаган – даян дэлхийн дайны бурхан юм,
Чинггис хаган – даяар монголын Их эзэн хаган юм.
Чинггис хаганы суу алдараар Монгол өндийж байна,
Чинггис хаганы сүр хүчээр Монгол мандаж байна,
Чинггис хаганы суу билигээр Монгол сэргэж байна,
Чинггис хаганы сүр хүчинд Монгол сэрж байна.
Чинггис хаганы үйл хэрэг мөхөшгүй мөнх оршиж
Монгол үндэстэнийг дахин ивээж, дэмжиж байна,
Чинггис хаганы үзэл санаа үхэшгүй мөнх оршиж,
Монгол туургатаныг дахин ивээж, тэтгэж байна,
Найман зууны тэртээгээс монгол баатарууд сэрж
Нарсан жадны үзүүр дээр тулгар төр тогтож байна.
Эрин зууны тэртээгээс Их хаган эргэн мэндэлж
Илд сэлэмний ирэн дээр гүрүн улус мандаж байна.
Монгол түмэний Богда их эзэн Чинггис хаган минь
Найман зуун тавин жилийн тэртээ мэндэлсэн юм.
Нарлаг тал дээр Нармай Монгол эргэн сэрж байна,
Их хээр тал дээр Их Монгол улус эргэн ирж байна.

Бодонгууд Мягмарын Дөш. 2012 он.
2012.11.04-2012.11.07