Эмнэлэгт хэвттэл хажуугийн эгч өглөөжин, өдөржин, оройжин фэйсбүүк “ухаж”, “Пээ, энд ингэсэн байна, тэнд тэгж гэнэ. Ямар аймаар юм бэ” гээд л чанга чанга ярьж, үглээстэй. Бас дүрст дуудлага хийж, хүүхдүүд, найз нөхөдтэйгөө нэг их чухал биш зүйлийн талаар чалчаастай. Төвөгтэй байсан ч эхэндээ хэсэг тэвчлээ, сүүлдээ аргаа бараад хэлсэн. Ойлгох шинж алга аа.
Эмчид үзүүлэхээр үүдэнд нь дугаарлан буй хүмүүс бүгд адилхан ямар нэгэн асуудалтай, өвчтэй, зовлонтой тул насаар түрий барьж намба алдалгүй яг л урьдчилж авсан цагаараа эсвэл ирсэн дарааллаараа үзүүлэх учиртай
Тэгж байтал ашгүй дата нь дууслаа. Хүүхэд рүүгээ яриад “Дата авч өг” л гэнэ. Эгчийн дата дууссан өдөр би ч чих амар байлаа. Гэтэл маргааш нь эгч дататай болжээ. Утсанд нь зурвасууд дуу хангинуулан ирж, дүрст дуудлагаа бараг ар араас нь амьсгаа авах завдалгүй хийж өмнөхөөсөө улам дордлоо.
Аргаа бараад эмч, сувилагчид энэ талаар хэлсэн. “Хувийн эмнэлэгт мөнгөө төлөөд хэвтэж байна” гэх янзтай. Надаас хэд хоногийн өмнө хэвтсэн тэр эгч эмнэлгээс гарч, би амарсан даа. Эмнэлэгт ийм хэцүү үйлчлүүлэгчидтэй бид таардаг. Энэ зөвхөн надад ч тохиолдоогүй байх гэж бодож байна. Бусдад түвэг болохгүй байна гэдэг том соёл шүү.
Бид энэ удаагийнхаа “Соёлын довтолгоо” буланд эмнэлэгт үйлчлүүлэх соёлыг онцолж байна. Тэр бүр олны анхаарлыг татаад байдаггүй ч хэвшмэл ойлголт бүхий дараах бүдүүлэг үйлдлийг халж, соёл болгож төлөвшүүлэх цаг нэгэнт иржээ.
“Би гялс нэг юм асуугаад л гараад ирнэ” гээд эмчид үзүүлдгээ сэргэлэн зан гэж эндүүрдэг
“Эгч нь гялс нэг юм асуугаад гараад ирье” хэмээн урдуур улаан цайм дайрч ороод ганц юм асуух биш өөрийгөө үзүүлээд суучихдаг хүмүүс бий. Мөн эмчид цээжээ чагнуулаад хагас нүцгэн сууж байхад хаалга үүд онголзуулдаг нь ч бий. "Өвчтөн үзүүлж байна шүү дээ" гэхээр зарим нь "Би яараад байна аа" гээд хажууд ирээд зогсчихдог гээч. Тиймээс эмчид үзүүлэхээр үүдэнд нь дугаарлан буй хүмүүс бүгд адилхан ямар нэгэн асуудалтай, өвчтэй, зовлонтой тул насаар түрий барьж намба алдалгүй яг л урьдчилж авсан цагаараа эсвэл ирсэн дарааллаараа өмнөх хүн үзүүлээд гарахад дараагийнх нь орох замаар үзүүлэх ёстой.
Цагаасаа хоцорсон хэр нь цагтаа ирсэн хүмүүсийн урдуур орох гэдэг бүдүүлэг зан
Монголчууд товлосон цагаа барьдаг занд харьцангуй төлөвшиж байгаа ч эмнэлгийн орчинд хэрэгжилт муу байгаа нь ажиглагддаг. Цагаасаа бараг 30 минутын дараа хоцорч ирчхээд тухайн цаг бүтэн өдрийн турш хүчинтэй мэт эндүүрч “Би цагтай” гээд цагтаа ирсэн өвчтөнүүдийг үл хүндэтгэдэг хүмүүс бий. Эсвэл "Би энд байсан, түр гараад ирлээ" гэсээр дугаарлахгүй зүтгэдэг нь бий. Дийлэнх эмнэлэг өвчтөний хүсэлтээр урьдчилан үзлэгийн цаг өгдөг болсон. Та цаг авсан бол цагаа бариарай. Зарим хүн хоцорч ирдгээс танаас хойш үзүүлэх гэж ирсэн хүмүүс хүлээх хэрэгтэй болдог тул эмч, бусад өвчтөнүүдийг хүндэтгэн цагаа ягштал барьж, замын түгжрэл зэргээ сайтар тооцоолоорой.
Эмнэлэгт амьдралаа тоочин, чанга ярьж бусдын амгалан тайван байдлыг бүү алдагдуулаарай
Нийтлэлийн эхэнд дурдсан үйлчлүүлэгч цөөн байгаасай. Зарим нь дүрст дуудлага хийж байхдаа камераа эргүүлж орчноо харуулахдаа эргэн тойрны хүмүүсийг ч эвгүй байдалд оруулдаг. Энэ нь зөвхөн эмнэлэгт бус нийтийн тээврийн хэрэгсэл, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар ч хамааралтай юм. Тэр тусмаа нойр, сэтгэл санааны тайван байдал чухал, эмчилгээ хийлгэж байгаа өвчтэй хүний дэргэд энэ мэт бүдүүлэг үйлдлийг тэвчих учиртай. Харин үүний оронд утсаар зайлшгүй чухал ярих хэрэгтэй бол гадаа, коридорт гарч ярих, үнэхээр уйдаад байгаа бол ном сонин унших, хүнд саад болохооргүй тоглоом тоглох, чихэвч хэрэглэхийг зөвлөж байна.
Нүдэнд үл үзэгдэх вирус, бактерууд бидний гадуур хувцас, гутлын уланд байдаг тул өвдсөн, дархлаа суларсан хүмүүс ихэвчлэн холхидог эмнэлэгт та бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг юм.
Улавч өмс, хувцсаа өлгүүл
Улсын, хувийн гээд бүх эмнэлэгт гутлын улавч өмсөхийг шаарддаг. Эмнэлгийн орчин цэвэр байх ёстой тул та энэ шаардлагыг дагах л ёстой. Ер нь юмыг яаж мэдэх вэ гээд цүнхэндээ, машиндаа нэг удаагийн улавчтай явахыг зөвлөж байна. Мөн эмчээс, ажилтнаас юм асуугаад л гараад ирэх тул гээд залхууран гадуур хувцсаа өлгүүлэхгүй бүү ороорой. Учир нь таны залхуурсан нэг удаагийн үйлдэл олон хүний, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг бид ковидын үед сайтар ухаарсан билээ. Нүдэнд үл үзэгдэх вирус, бактерууд бидний гадуур хувцас, гутлын уланд байдаг тул өвдсөн, дархлаа суларсан хүмүүс ихэвчлэн холхидог эмнэлэгт та бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг юм. Нөгөөтээгүүр гартаа тортой зүйлс, хувцсаа “чирээд” явах нь ч танд төвөгтэй билээ.
Эргэлт ба зөв хооллолт
Та эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хоолондоо давхар анхаарах хэрэгтэй. Таны биед ямар хоол зохисгүй, ямар төрлийн хоол хүнс түлхүү хэрэглэвэл түргэн илааршихад тустайг эмчээсээ асуух нь зөв. Зарим нь ойр дотнын хүнээ эмнэлэгт эргэхдээ амттанд дуртай гээд тор дүүрэн чихэр, шоколад, ундаа аваад өгчихдөг. Гэтэл тухайн хүнд чихэрлэг эсвэл давстай хоол хүнс хориотой байж болзошгүй. Ялангуяа мэс засалд орсон гэх мэт биеийн байдал нь хүндэвтэр хүнийг эргэж очихдоо өөрөөс нь болон гэр бүлийнхнээс юу өгч болох талаар асуух нь зөв.
Эмч, ажилтнуудад ч соёл дутагдаж буй нь ажиглагддаг
Мэдээж өвчтэй, зовлонтой түүнээсээ болоод бухимдсан, уцаартай гээд олон төрлийн хүнтэй харьцах шаардлага гардаг тул эмч, сувилагчдын сэтгэл зүй, харилцаа чухал ч тэд бүгдтэй нь ижил тэгш харьцах учиртай. Бусдад чин сэтгэлээсээ санаа тавьж, сайхан сэтгэлээр ханддаг, ажилдаа гарамгай, чадварлаг сувилагч, эмч нар олон байдаг ба тэд үнэхээр хүндэлмээр, бахархмаар сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр гар харж эсвэл хүнийг өмссөн зүүснээр нь ялгах, өвчтөний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх үг хэллэг ашиглах, “арчаагүй” гэх мэтээр загнах эмнэлгийн ажилтан байдаг. Мөн өөрсдөө өвчтөнүүдийн тайван амгалан байдлыг алдагдуулж дуу чанга тавих, бичлэг үзэх нь ч бий. Тиймээс аливаа эмнэлгийн байгууллага ажилтнуудаа ёс зүйн сургалтад тогтмол хамруулж, хөгшин залуу, эр эм ямар ч хүнтэй хүн ёсоор эелдэг хандах, энэ талын мэдлэгийг олгох нь чухал юм.
Та эмнэлгийн үйлчилгээ авахдаа хэнд ч бүү авлига өг
Та эмчид мөнгө, бэлэг өгөх шаардлагагүй. Зарим хүн хагалгааны дараа эмчдээ мөнгө, бэлэг өгөх нь түгээмэл мэт хэвшмэл ойлголт бий. Мэс заслын дараа эмч нар тухайн өвчтөний биеийн байдал, зовуурь бий эсэхийг мэдэх зорилгоор л өвчтөнтэй уулздаг. Гэтэл зарим хүн үүнийг эмч гар хараад байна хэмээн буруу ойлгож, гэрийнхэндээ бэлэг сэлт захих нь бий. Та улсын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын дийлэнх төлбөрийг төлдөг. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдэхэд та НДШ төлж хувь нэмэр оруулсан. Нэг үгээр та авч буй эмнэлгийн үйлчилгээний төлбөрөө урьдчилаад төлчихсөн гэсэн үг. Иймд эмчид бэлэг сэлт, дугтуйтай мөнгө нэмж өгөх ямар ч шаардлагагүй ба энэ нь нэг төрлийн авлигын нэг хэлбэр билээ.
Эмнэлгийн орчинд гаргадаг бусдын бүдүүлэг үйлдэл, засаж залруулмаар зүйлсийн талаар соёлт иргэн та өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ доор сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү .