"Нунтаг цагаан өнгөөр
Нууцхан нарийн жимээр
Хүний эсэд шурган
Хүйс тэмтэрч эхэлнэ би..." хэмээн хар тамхины хорыг Ш.Энхсайхан шүлэглэсэн байдаг.
Гэвч манай оронд хар тамхи, мансууруулах бодисын нэгэн төрөл каннабисыг хэрэглэх нь ихэсч байна. Эг, Сэлэнгийн сав газраар ургадаг олсны гэгдэх энэ ургамал хүний оюун ухаан, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг.
Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн "Найрамдлын Эрдэнэс", "Янзага" зусланд амрахаар очсон хүүхдүүд ил, далд хэлбэрээр каннабисыг хэрэглэдэг нь нууц биш. Аргаа барсан зуслангийн захиргаа уг ургамлыг хэрэглэвэл мөнгөн торгууль ногдуулна хэмээн хэрэндээ ч чангалаад буй. Гэвч өсвөр насны хүүхдүүд болохгүй гэсэн бүхнийг илүү сонирхдог. Тэд ихэвчлэн энэ ургамлын навчийг хатааж нүдээд татдаг.
Эсвэл ундааны савыг дороос нь цоолж, бөглөөнийх нь оронд навчаа тавьж халаан үнэрлэдэг аж. Ийнхүү хэрэглэснээр "Ам хуурайшиж, нүүрний арьс татваганан сонин болж, инээд хүрээд байдаг. Тиймдээ ч бид "инээдэг тамхи" гэж нэрлэсэн" хэмээн мансууран донтдог хүүхдүүд ярьж байлаа. Тэд энэхүү мансууруулах бодисын хор уршгийг мэдэхгүйгээс болж бусдад уруу татагдах, тэднийг дуурайснаас, тэр ч бүү хэл сэтгэлийн хямралаас гарах арга гэж үзсэнээс каннабисыг хэрэглэдэг гэнэ. Гэвч ганцхан удаагийн тэрхүү саваагүйтэл нь хүссэн үедээ хаяж болдоггүй "мансууруулах дон" гэгч эмгэгийг үүсгэдэг аж. Ингэснээр уг ургамлыг байнга хэрэглэхийг хүсч, сэтгэл зүйн хараат байдалд ордог.
1998 онд "Найрамдлын Эрдэнэс" зуслангийн хоёр багш тухайн орчинд каннабис ургаж буйг анх мэдэн, холбогдох албаны хүмүүст мэдээлснээр устгал хийжээ. Гэвч энэхүү олон наст ургамал одоог хүртэл ургасаар байна. Мөн Орхон аймгийн Жаргалант сумын нутагт энэ ургамал ургадгийг сонсоод, очтол царван, шарилж зэрэг ургамал хагдарсан ч, өнөөх олсны ургамал түүний дор ногооноороо байх аж. Ойр орчмын айлуудаас энэ тухай асуувал "Дээр үед хужаа нар энд тамхины ургамал /каннабис/ тарьдаг байсан юм билээ. Энэ өвс тавдугаар сард ургаад, наймдугаар сард хагдарч унадаг. Гэхдээ одоо ч бас /аравдугаар сар/ малын хөл хүрээгүй газар бий" гэлээ.
Мөн олны дунд каннабисыг “Эрдэнэтийнхэн сайн мэднэ" гэсэн яриа ч бий. Учир нь олсны ургамлыг бага ястнууд болон оросууд их хэрэглэдэг аж. Улмаар 1979 онд уулын баяжуулах "Эрдэнэт'' үйлдвэр ашиглалтад орсноор тус хотод оросууд амьдрах болсон.
Иймд манайхан тэднээс каннабисын хэрэглээнд "суралцсан" гэсэн таамаг ч байдаг.
Хүний дайтай өндөр ургадаг уг ургамлын үрийг мөн тодорхой аргаар боловсруулан хэрэглэдэг гэнэ. Тухайлбал, зарим буриадууд цээжин биеэ нүцгэлэн, олсны ургамал дундуур гүйж, дараа нь биедээ наалдсан үрээ цагаан даавуун дээр ялган авдаг аж. Ийнхүү "донтсон" хэрэгцээгээ хангадаг юм байна.
Уг ургамлыг төдийгүй мансууруулах бодисыг худалдаалах нь элбэг. Харин хөнгөн, хүнд төрлөөсөө хамааран үнэ ханш нь ялгаатай аж. Тухайлбал: шүдэнзний хайрцганд хийсэн каннабис навчны нунтаг нь 10-20 мянган төгрөг, харин хүнд төрлийн мансууруулах бодисыг 200 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулдаг гэнэ. Гэвч хөнгөн хэлбэрийн мансууруулах бодисыг нэг удаа хэрэглэсэн хүн цаашид улам хүчтэй хэлбэрийнхийг хүсэмжилдэг аж. Иймд иргэдийг хамгаалах гол арга нь хүнийг мансууруулах бодисгүйгээр аж төрөхөд сургах юм хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Монгол Улсын Засгийн Газраас найман жилийн өмнө 2000-2005 онд хэрэгжүүлэх "Хар тамхи, мансууралтай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг гарган баталжээ. Үүнд иргэд, хүүхэд залуучуудад мансуурлах бодисын хор уршиг, сөрөг үр дагаврыг таниулан, сэрэмжлүүлэх тухай заав. Харамсалтай нь хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссанаас хойш тэмцлийн үйл ажиллагаа зогссон. Харин 1999 оноос "Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг" хэмээх төрийн бус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж иржээ. Тэд иргэдийн дунд судалгаа явуулж, сургалт зохион байгуулан, мансууруулах бодис хэрэглэдэг ЕБС-ийн сурагчидтай тусгайлан уулзаж. заавар зөвлөгөө өгдөг аж. Эрүүгийн хуулинд "мансууруулах бодисыг хууль бусаар тариалах, боловсруулах, борлуулах, дамжуулах, хадгалах юм бол Монгол Улсын хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байдаг. Мөн дээрх бодисыг хэрэглэснээр үргүй, дархлал буурч өвчинд өртөмтгий болох, цаашлаад их хэмжээгээр хэрэглэвэл амиа ч алдах аюултай. Иймд иргэд "цагаан үхэл"-д хүргэх энэхүү хороос зайлсхийж, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр үеийнхэнд мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах нь зүйтэй. Цаашлаад өөрийн орны газар нутаг, тэр дундаа хүүхдийн зуслангийн орчмын хорт ургамлыг яаралтай устгахгүй бол өсөх наснаасаа мансууралд "донтох" болсон Монголын минь ирээдүйн мэдрэл бие, цогцос хордож дуусах нь ээ.
Ж.Хулан