“Оюу толгой” үйлдвэрийн Монгол Улсын ДНБ-д үзүүлэх нөлөө нь зөвхөн өөрийн шууд бий болгосон нэмүү үнэ цэнээр хязгаарлагдахгүй. Түүний үйл ажиллагаа ханган нийлүүлэгчид, ажилчдын орлого, хэрэглээ болон бусад салбарт дамжин тархаж, нийт эдийн засагт илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг. Үүнийг үржүүлэгчийн нөлөө буюу давлагаалсан нөлөө гэж нэрлэдэг.
Энэхүү судалгаанд шууд, шууд бус, өдөөгдсөн нөлөөг тооцоолохдоо салбар хоорондын тэнцлийн шинжилгээг ашигласан. Энэхүү арга нь эдийн засгийн салбарууд хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байгааг тоон мэдээлэлд тулгуурлан тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл, нэг салбар үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд бусад салбараас хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлагатай болдгийг буюу нэг салбарын үйлдвэрлэл эдийн засгийн бусад салбарт хэрхэн гинжин нөлөө үзүүлдгийг тооцоолох арга юм.
“Оюу толгой” 2024 онд 4.7 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг шууд бий болгожээ.
Үүгээр шууд, шууд бус, өдөөгдсөн нөлөөг тоон хэлбэрээр тодорхойлдог. Улсын хэмжээнд байгуулсан салбар хоорондын тэнцлээс компанийн нөлөөг хасаж тооцоод, дараа нь тухайн компани орсон болон ороогүй хоёр хувилбарын зөрүүг харьцуулснаар уг компанийн эдийн засагт үзүүлж буй нийт нөлөөг тодорхойлсон.
Шууд үржүүлэгчийн нөлөө гэдэг нь “Оюу толгой” компанийн өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас ДНБ-д шууд оруулж буй хувь нэмэр буюу бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бий болгосон ашиг, цалин, татвар зэрэг шууд нэмүү үнэ цэн юм. “Оюу толгой” 2024 онд 4.7 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг шууд бий болгожээ.
Шууд бус үржүүлэгчийн нөлөө гэдэг нь нийлүүлэлтийн сүлжээний хүрээнд бий болсон нийлүүлэгчид, тээвэрлэгч, туслан гүйцэтгэгчдийн бий болгосон нэмүү үнэ цэн юм. “Оюу толгой” компани 2024 онд үндэсний ханган нийлүүлэгч 642 аж ахуйн нэгжээс 3.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээр тэдгээр ханган нийлүүлэгчид Монгол Улсын эдийн засагт 1.4 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгожээ.
“Оюу толгой”-н нэмүү үнэ цэний шууд бус үржүүлэгч 0.296 байгаа нь “Оюу толгой” нэг тэрбум төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосноор түүнийг дагаад үндэсний ханган нийлүүлэгчид 295.8 сая төгрөгийн нэмүү үнэ цэнийг болгож байгааг харуулж байна. Энэ бол эдийн засагт үзүүлж буй “эхний давлагаа”-ны буюу шууд бус нөлөө юм.
Өдөөгдсөн үржүүлэгчийн нөлөө гэдэг нь “Оюу толгой” компани болон ханган нийлүүлэгчдийн ажиллагчдын орлогоос бий болсон хэрэглээнээс үүсэх эдийн засгийн үр нөлөө буюу нэмүү үнэ цэн юм.
“Оюу толгой” компанийн 4.7 мянган ажиллагчид, үндэсний ханган нийлүүлэгч 642 аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалингийн орлого Монгол Улс, орон нутгийн эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгожээ.
“Оюу толгой” компанийн нэмүү үнэ цэний өдөөгдсөн нөлөө 0.326 байгаа нь “Оюу толгой” компани нэг тэрбум төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосноор үндэсний болон орон нутгийн эдийн засагт 325.6 сая төгрөгийн нэмүү үнэ цэний эрэлт болгож байгааг харуулж байна. Энэ бол эдийн засагт үзүүлж буй “хоёр дахь давлагаа”-ны буюу өдөөгдсөн нөлөө юм. Цалин хөлс болон ажиллагчдын нийгмийн хангамж өндөр байх тусам энэ нөлөө нэмэгддэг.
Үржүүлэгчийн нийт нөлөө нь шууд, шууд бус, өдөөгдсөн нөлөөний нийлбэр юм. “Оюу толгой” компанийн нэмүү үнэ цэний нийт үржүүлэгч 1.623 байгаа нь “Оюу толгой” компанийн бий болгосон нэг тэрбум төгрөгийн нэмүү үнэ цэн нь эдийн засагт нэмэлтээр 623 сая төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосныг харуулж байна.
“Оюу толгой” 2024 онд 4.7 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг шууд бий болгож, нийт үржүүлэгчийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засагт нийтдээ 7.6 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосон нь Монгол Улсын ДНБ-ий 9.4 хувийг эзэлжээ.
Эх сурвалж: MMCG, "Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмэр судалгаа"-наас
