1965 он. Английн Манчестер хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын баг тамирчид зорин очжээ. Шигшээ багийн дасгалжуулагч О.Цэрэндагва тамирчдадаа хандаж, "Энэ тэмцээнд хэн сайн барилдана, удахгүй төрөх хүүхдээ тэр хүний нэрээр нэрлэнэ" хэмээн амласан гэдэг.
Дэлхийн дэвжээнээс Монголын анхны шагналт байрыг Гавьяат тамирчин Д.Сэрээтэр хүртэж, зургаадугаар сарын 9-нд баг, тамирчид нутаг буцлаа. Маргааш нь буюу 10-ны өдөр О.Цэрэндагва дасгалжуулагчийн ууган хүү мэндэлж, Сэрээтэр хэмээх нэрийг бэлгэшээн хайрласан аж.
Бэлгэдэлт нэрний эзэн хожим их спортод замнасан аавынхаа гавьяа, алдрыг үргэлжлүүлж, Гавьяат дасгалжуулагч, Олимпын зэрэглэлийн шүүгч болон дэлхийн дэвжээг дэнслэх учиртай байж.
...Жимс ногоо алагласан, нов ногоон, эртний соёлт Киев хотын гудмаар залуухан хархүү алхаж явна. В.Г.Пиштолов, А.Н.Шихранов, В.А.Шахов нарын домогт багш нарын удирдлага дор Киевийн Биеийн тамирын дээд сургуульд суралцаж буй өндөр шар залуу болбоос нэрт дасгалжуулагч О.Цэрэндагвын том хүү Сэрээтэр юм.
Тухайн үеийн Зөвлөлтийн өнцөг булан бүрд суралцдаг оюутнууд вагонд сууж, "Алтан Москва"-гаар дамжин сургууль сургууль руугаа явцгаана. Ийнхүү таван жилийн турш усны шувуу шиг нүүдэллэн суралцсан залуусын нэг бол тэр билээ.
Аавыгаа хормойдсон гуравхан настай хүү анх тамирчдын хөлс дусалсан заал, тэдний уйгагүй бэлтгэл, сургуулилт, ялалт, ялагдал бүхэнтэй танилцаж байсан гэдэг. Түүний хүүхэд нас бөхийн зааланд өнгөрсөн болохоор их спортод эрхгүй татагдсан нь аргагүй.
Яг тэр жил 1968 оны Мехикогийн зуны олимпын их наадмыг О.Цэрэндагва дэнслэх болов. Тэр жилийн Олимп Монголчуудын хувьд түүхэн амжилтын жил байлаа. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр болон Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа дэлхийн тэнгэрт мандуулсан юм.
Энэхүү түүхэн ялалттай хамт Олимпыг дэвжээг дэнсэлж байсан аавынхаа нэр хүнд, бахархлыг Ц.Сэрээтэр хожим үргэлжлүүлэхийн чинээ хэн санах билээ.
"ДЭЛХИЙН ШИЛДЭГ 60 ШҮҮГЧИЙН НЭГЭЭР ШАЛГАРАН ОЛИМПЫН ДЭВЖЭЭГ ДЭНСЛЭВ"
Тавдугаар ангиасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэхэд аав нь түүнийг Болгарын Биеийн тамирын сургуульд явуулна гэж ярьдаг байв.
Ц.Сэрээтэрийг аравдугаар ангиа төгсөх жил Болгарын хуваарь ирээгүй учир Киевийн Биеийн тамирын сургуулийг зорьсон аж. Ц.Сэрээтэр гуай оюутан ахуй цагаа "амьдралын минь алтан үе" хэмээн дурсах дуртай.
Сургуулиа төгсөж ирээд 1988 онд "Замчин" нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилд оржээ. Үе үеийн бөхийн оддыг төрүүлсэн тус клубийг анх байгуулагдахад аав нь ажлын гараагаа эхэлж байжээ. Аавынхаа замналын яг тэр цэгээс Ц.Сэрээтэр дасгалжуулагч ч мөн ажиллах болов.
1989 онд Дархан хотод болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тэрээр анх удаа шүүж шүүгчийн замналаа эхлүүлж байв. 1990-ээд оны зах зээлийн шуурганд ажлаасаа хэсэг хөндийрсөн ч удалгүй шавь нартайгаа нийлж "Арслан" клубт дасгалжуулагчаар ажиллах болов. Ийн цааш үндэсний шигшээ багийг чиглүүлэх их үйлсэд хүчин зүтгэж эхэлсэн байна.
2012 он. Олимпын наадмын шүүгчдийг сонгон шалгаруулалтад орох хариуцлагатай даваа тулгарлаа. Югославын Белград хотноо болсон Европын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жингийн шигшээ барилдааныг дэнсэлж, улмаар дэлхийн шилдэг 60 шүүгчийн нэгээр шалгаран Олимп шүүх эрхээ авав.
Ерөөс Олимпын шүүгч байна гэдэг мэргэжлийн ур чадварын дээд шалгуур аж. Олон улсын шүүгчдийг дотор нь гурав, хоёр, нэгдүгээр зэрэглэл хэмээн ангилдаг бөгөөд зөвхөн "Олимпын зэрэглэл" хэмээх тэрхүү өндөр босгыг давсан шилэгдмэл шүүгчид л Дэлхийн аварга болон Олимпын наадмыг шүүх эрхтэй. Тэрхүү оргилд хүрч, дэлхийн шударга ёсны дэнс болно гэдэг шүүгч хүний туйлын мөрөөдөл билээ.
Түүний шүүгчээр ажилласан Лондоны олимпид Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртэж чөлөөт бөхийн түүхэнд 32 жил тасалдсан амжилтыг залгуулсан юм.
"Олимп шүүсэндээ би үргэлж баяртай байдаг. Нэг гэр бүлээс аав, хүү хоёр Олимпын дэвжээг дэнсэлсэн нь миний амьдралын хамгийн том бахархал. Аав минь 63 настайдаа элэгний хорт хавдраар тэнгэрт хальсан. Олимп шүүхийг минь харах хувь байсангүй хэмээн тэрээр өгүүлж байлаа.
Харин Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр гуай нэгэнтээ бидэнд ийнхүү хуучилсан юм. "Эх орноос минь олон улсын сайн шүүгч төрнө гэдэг адаглаад л том тэмцээнд тамирчдаа бусдад луйвардуулахгүй байхын баталгаа юм. Тиймээс тамирчид, шүүгчид хоорондоо эвтэй, холбоотой байх хэрэгтэй гэж О.Цэрэндагва багш минь сургадаг байсан. Би ч Сэрээтэртээ хандаж Чи хойч үедээ их үйлс бүтээлээ шүү. Миний хүү чинь өөрөө дэлхийн хэмжээний хүн шүү дээ гэж хэлсэн хэмээв.
“ШУДАРГА ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ УРАМШУУЛДАГ”
“Шударга хөдөлмөр хүнийг урамшуулдаг” гэх энэ үг Ц.Сэрээтэр дасгалжуулагчийн амьдралынх нь луужин, баримталдаг гол зарчим. Түүний хувьд хөдөлмөр гэдэг зүгээр нэг ажил хийсэн болж харагдахын нэр биш, харин хийсэн шиг хийж, бүтээсэн гавьяагаараа бардам амьдрахын утга ажээ.
Дасгалжуулагч хүний чанар тамирчдынх нь амжилтаар тодорхойлогддог гэдэг. Ц.Сэрээтэр шүүгчийн гараас Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Адьяахүү, Б.Баттулга нар төрөн гарч, тэдний шавь нараас Ням-Очир, Наранбаатар, Тулга, Лхагвагэрэл нарын дэлхийн медальт таван Гавьяат тамирчин төрсөн нь багш хүний ажлын хамгийн том үнэлгээ, бахархал билээ.
Түүнийг шударга, зарчимч хүн гэдгээр нь спортын салбарынхан нь хүндэлдэг. Гэвч өнөөгийн нийгэмд хэтэрхий шударга байх нь заримдаа буруудах шалтгаан болж хувирсныг тэрээр нуулгүй хэлж байлаа.
"Бэлтгэлээ тасалчхаад янз бүрийн шалтгаан тоочдог хүмүүс олон. Би тэдэнд шалтгаан бол та нарын бэлтгэл сургуулалт хийхгүй байх үндэслэл биш гэж нүүрэн дээр нь ил хэлэхээр их дургүйцнэ. Бэлтгэл тасалсан тамирчны цалинг би шууд хасдаг. Харин хариуд “та миний амьдралыг ойлгохгүй байна” гэх шалтаг тоочиж, үүнээс үүдэн зөрчилдөөн үүсэх үе бишгүй байсан" хэмээв.
Тэрээр ажилсаг, шударга зан чанарт дуртай. Хүн хулхиддаг, хуурдаг хүмүүст дургүй. Хэлсэн үгэндээ хүрдэг, за гэвэл ёогүй байхыг л шаарддаг. Худлаа хэлж хүний ажлыг алдаг хүмүүсийг үзэж чаддаггүй бөгөөд амжихгүй бол үнэн шалтгаанаа учирладаг ажил хэрэгч хүмүүсийг хүндэлдэг. Итгэлтэй хүн гэж хэлсэн цагтаа ирдэг, хийх ажлаа хийсэн шиг хийдэг, үнэнч, бялдууч зангүй хүнийг хэлнэ гэв.
Хүний хүч чадал сэтгэлдээ оршдог гэж тэр үзнэ. "Би өнөөдөр ялах ёстой" гэсэн бодолтой бэлтгэлдээ ирвэл чадна, харин "би ч дээ..." гэж өөрийгөө голдог хүнээс хэзээ ч хүч чадал гарахгүй. Жинхэнэ амжилт бол тамирчны сэтгэл, багшийн зүтгэл хоёрын огтлолцол дээр тогтдог.
Өндөр сайхан бие, төрөлхийн хүч байгаад бололцоогоо ашиглахгүй бол тэр тамирчин сайн бөх болж чадахгүй. Багштайгаа санаа нийлж, зүтгэл гаргаж байж амжилтад хүрдэг болохоос биш дэмий тэнэж, орой нь бааранд суучхаад маргааш нь барилдаж амжилт гаргана гэвэл тэр амжилт биш. Тэр бол дампуу хүмүүсийн зан гэж тэрээр хатуухан хэлсэн юм.
Ц.Сэрээтэр шүүгч шударга шүүмжийг шулуухан хэлэхээс гадна үнэн магтаалыг бусдад харамгүй түгээж, өөрөө ч сайхан үгийг талархан шингээж авдаг гэв. Түүнийхээр сэтгэлийн урамшуулал гэдэг хүнд хамгийн том ялалт, амжилтын эхлэл болдог байна.
Тэрээр эрч хүчний эх ундаргыг гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, хамт олонтойгоо холбон тайлбарлах дуртай. Хүнд өдрийн нөр их ажлын дараа гэртээ ирэхэд дулаан уур амьсгал, халуун дотно гэр бүл угтах нь хүнийг дороо сэргээдэг бол хоол ундгүй, хүйтэн хөндий орчин ямар ч хүнийг нурмайлгадаг.
Тиймдээ ч тамирчин хүний амжилт ар гэрээ авч явдаг ханийнх нь зүтгэл, ижий аавынх нь түшигтэй салшгүй холбоотой бөгөөд тэднийг амжилтынх нь "хоёр дахь фронт" хэмээн онцолсон юм.
Ц.Сэрээтэр шүүгч энэхүү зарчимч шаардлага, шударга зан чанараа ааваасаа өвлөжээ. Түүний аав О.Цэрэндагва дасгалжуулагч танхай, хулгайн зантай, бэлтгэлээ хийдүүлдэг хүнд дургүй, ширүүхэн ханддаг нэгэн байж. Харин бэлтгэлээ "яс" хийдэг хүмүүст их зөөлөн ханддаг байсныг шавь Д.Сэрээтэр баатар өгүүлж байсан юм.
“ЯПОН, СОЛОНГОСЧУУД ШИГ ХАНГАМЖТАЙ БАЙСАН БОЛ МАНАЙХАН ХАМААГҮЙ ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА”
Юмс бүхэн хөгжил цэцэглэлт, алтан үе, басхүү нуралт уналтын үеийг дамждаг жамтай. Монголын чөлөөт бөхийн холбооны анхны суурийг түүний аав тавьж байсан бөгөөд Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав нарын домогт аваргууд тэрхүү "Алтан үе"-ийг бүтээн, олимп, дэлхийн дэвжээнээс анхны медалиудыг эх орондоо авчирч байв.
Спортын хөгжил гэдэг дан ганц бөхөөс бус, нийгмийн хөгжлөөсөө ихээхэн шалтгаалдгийг Ц.Сэрээтэр шүүгч онцолсон юм. Чөлөөт бөхийн холбоо ч энэ шуургыг тойролгүй, дотоод зөрчил, амжилт уналтыг туулсан ч өнөөдөр ойлголцож, урсгал нь жигдэрчээ.
Тэрээр, Засгийн газар нь муу байвал нийгэм нь дагаад нурдаг. Ард түмний амьдралд нөлөөлж буй нийгмийн асуудал спортын амьдралд ч хүндээр тусдаг" хэмээн хатуухан хэлэв. Өнөөдөр манай спортын салбарт төрөөс хөрөнгө оруулж байгаа ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөнөөс дутсаар байна. Хүн ам цөөн, таруу байршилтай, хөдөө орон нутгаас тамирчин бэлтгэх нөхцөл муу байгаагаас гадна санхүүгийн асуудал хамгийн том тээг болж байна.
Тухайлбал, хуучин тамирчны хоолыг таван мянгаар авдаг байсан бол одоо 20 мянгаар өдрийн хоол иддэг болсон. Хэрэглээний үнэ өссөн ч тамирчдын цалин, төсөв нэмэгдээгүй нь тэдний авах ёстой энерги, бэлтгэлийн чанарт ч нөлөөлдөг.
"Бидэнд боломж, нөөц бий ч нөхцөл байдалтайгаа уялдаад ашиглаж чадахгүй байна. Гадаадад хамтарсан бэлтгэл хийхэд манай тамирчид дороо сайжирдаг. Учир нь тэнд хоол унд, орчин нөхцөл нь сайн. Гэтэл манайд Яармаг, гэр хорооллоос бэлтгэлдээ ирэх гэж дөрвөн цаг түгжрээд, бэлтгэлээ тараад гэртээ очиход нь олигтой хоол байхгүй бол яаж амжилт гарах вэ?
Хөлсөөрөө хамаг витамин, энергиэ алдсан хүн түүнийгээ нөхөж чадахгүй бол сулардаг. Япон, Солонгосчууд шиг хангамжтай байсан бол манайхан хамаагүй илүү амжилт гаргана. Энэ бол хувь хүний биш, төрийн бодлоготой холбоотой гэж тэрээр үзэж байна.
Засгийн газраас том тэмцээнд явахад тусалдаг ч төсөв хязгаартай тул жижиг тэмцээнүүдийг алгасахаас өөр аргагүй болдог. Гэтэл сайн өрсөлдөгчтэй байж л хүн сайжирна. Мөн дор хаяж 3-4 бэлтгэл хангагчийг бэлтгэлд хамруулж хоол байрыг дааж байж тамирчдын бэлтгэл бүрэн хангагдах аж.
Түүнийг дасгалжуулагч байхад ч ийм л байсан, өнөөдөр ч энэ байдал өөрчлөгдөөгүй байна. Хэрэв төсөв сайн байсан бол Монгол хүн байгалиасаа заяасан оюуны болон физиологийн давуу тал дээрээ тулгуурлан ямар ч спортоор дэлхийд ноёрхох боломжтой гэв.
“БИ ШҮҮГЧИЙН АЖЛАА ХҮНДЭТГЭЛТЭЙ ЭХЭЛСЭН ШИГЭЭ ХҮНДЛЭЛТЭЙ ДУУСГАСАН"
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмээр 60 нас хүрсэн шүүгчийг олон улсын шүүгчийн албанаас чөлөөлдөг уламжлалтай. Энэхүү дүрмийн дагуу Гавьяат дасгалжуулагч, Олимпын зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр их спортын алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, УАШТ-ий 57 кг-ын жингийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдааныг дэнсэлснээр сүүлчийн шүглээ үлээсэн юм.

Тэрээр дасгалжуулагчаас эхлээд Олимпын зэрэглэлийн шүүгч, Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга хүртэлх 36 жилийн нөр их хөдөлмөрөө их спортод үнэнч, шударгаар зориулжээ. Ц.Сэрээтэр гуай хэлэхдээ, “Би шүүгчийн ажлаа хүндэтгэлтэй эхэлсэн шигээ хүндлэлтэй дуусгаж байна гэж бодсон.
Нэгэнт эхэлсэн ажил дуусах жамтай. Дүрмийн дагуу зодог тайлж байгаа учраас надад харамсах, хоргодох, хорсох сэтгэл байгаагүй. Харин ч шинэ залуу үе минь энэ замналаар яваасай гэж талархалтайгаар бэлгэшээж, ёслол төгөлдөр зодгоо тайллаа” гэсэн юм.
Ц.Сэрээтэр шүүгч өөрийн шүглээ Өвөрхангай аймгийн харьяат олон улсын шүүгч Э.Батнасанд хүлээлгэн өгч, залгамж халаагаа ерөөсөн.
Ийн өгсний учир гэвээс түүний аав Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат хүн. Зарим хүмүүс нутгархлаа гэж магадгүй ч нутаг усных нь авшиг үлдэг гэж бодсондоо Олимп шүүхийг ерөөн залгамжаа сонгосон гэж тэрээр хэлж байсан юм.
Өдгөө тэрээр Монголд сонгомол бөхийг хөгжүүлж, зөв голдиролд нь оруулах томоохон зорилго өвөртлөн зүтгэж байна. Суурь спортыг хөгжүүлэх нь салбарын ирээдүйд нэн чухал гэдгийг онцлоод, өөрт нь итгэл хүлээлгэн Сонгомол бөхийн холбооны нарийн бичгийн даргаар томилсонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Их спортын алтан дэвжээнд аавынхаа нэрийг өндөрт өргөсөн тэрээр ярилцлагынхаа төгсгөлд "Үгээр илэрхийлж, ямар ч сайхан зүйлтэй зүйрлэхийн аргагүй алт шиг аавыгаа дурсан санан, үргэлжлэл нь болж, үйл хэргийг нь залгамжлан яваагаараа би насан туршдаа бахархаж явна" хэмээн нулимс цийлгэнүүлэн өгүүлсэн юм.
Нэгэн цагт аавынхаа амлалтаар Сэрээтэр хэмээх нэрийг авч, аавынхаа замналыг Олимпын дэвжээнд үргэлжлүүлсэн. Энэ бол Монголын төдийгүй дэлхийн спортын түүхэнд ховорт бичигдэх нэгэн гэр бүлийн, хоёр үеийн бахархалт залгамж гарцаагүй мөн билээ.