gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН ХҮН: Хаант Орост суралцсан анхны 9 хүүхдийн нэг М.Бат-Очирын гавьяа ба хамт сурсан нөхрийн даалгавраар хэлмэгдсэн эмгэнэлт түүх

Э.Энхмаа
Түүхэн зураг
2025-12-19
167
Twitter logo
Э.Энхмаа
167
Twitter logo
Түүхэн зураг
2025-12-19
ТҮҮХЭН ХҮН: Хаант Орост суралцсан анхны 9 хүүхдийн нэг М.Бат-Очирын гавьяа ба хамт сурсан нөхрийн даалгавраар хэлмэгдсэн эмгэнэлт түүх “Монгол Тээх”-ийн II автобаазын дарга М.Бат-Очир 1937 он.

Монголоос 1913-1916 онд Хаант Орос улсад суралцсан анхны есөн сурагчийн нэг, Монголд шуудангийн анхны маркийг санаачлагч, Богд хаант Монгол Улсын анхны таван холбоочны нэг, Монголын шуудан, харилцаа холбоо, тээврийн салбарыг үүсгэн байгуулагчдын нэг, анхны цаасан мөнгөн тэмдэгт 25, 50, 100-тын дэвсгэртэд гарын үсгээ үлдээж алдар нэрээ мөнхөлсөн төр, нийгмийн зүтгэлтэн Мандалын Бат-Очирын мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байна.

ХХ зууны эхэн үеийн Монголын сэхээтнүүдийн нэрт төлөөлөгчдийн нэг М.Бат-Очир 1895 онд Амгаланбаатар хотноо Зайсан Сармандалын гэрт төржээ. /Хэлмэгдсэний дараа овог нь Мандал болж өөрчлөгдсөн/ Эцэг Сармандал нь 1925 оны орчимд 74 настай гэж бүртгэгдсэнээс үзвэл 1852 онд төрсөн байж болох агаад 1918-1919 онд Их шавийн Зайсан явсан хүн ажээ.

Монголд орчин үеийн боловсролыг нэвтрүүлэхээр Хаант Орост суралцаж буй хүүхдүүд орос, монгол багш нарын хамт. Урд эгнээнд зүүн гар талаас 2-рт М.Бат-Очир

М.Бат-Очир Манж Чин улсын үед Их Хүрээний Манж-Монгол бичгийн сургуульд, 1912 онд Хүрээн дэх Орос сургуульд суралцаж байгаад Цэвээн Жамсрановын дэмжлэгээр 1913 оны 5-р сард Монголоос анх удаа гадаадад суралцсан анхны есөн хүүхдийн нэг болж Эрхүү хотын А.М.Кладещевагийн нэрэмжит сургуульд сурч, 1916 оны 5-р сарын 17-ны өдөр 147 тоот үнэмлэхтэй төгссөн байна.

Хилийн чанадыг зорьсон анхны есөн хүүхэд нь Мандалын Бат-Очир, Маршал Х.Чойбалсан, Гараммядаг, Т.Лонтоон, Г.Гүрсэд, Н.Жадамба, Г.Найдансүрэн, Ж.Сүхбаатар, Д.Сэрээтэр нар бөгөөд хожим тэднээс М.Бат-Очир, Т. Лонтоон нарын дөрвөн хүн хэлмэгдүүлэлтэд өртөж, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлжээ.

Есөн хүүхдийн дундах нь М.Бат-Очир

Эрхүүгийн гимназийг дүүргэсэн 21 настай М.Бат-Очир 1916-1918 онд мөн хотдоо Цахилгаан мэдээний сургуульд суралцаж төгсөөд, II зэргийн цахилгаан мэдээний нэвтрүүлэгч болсон манай улсын харилцаа холбооны анхны мэргэжилтний нэг ажээ.

“Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир 130 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11-р сарын 28-ны өдөр болж, энэ үеэр судлаачид М.Бат-Очирын Монгол Улсын төлөө зүтгэсэн хөдөлмөр, түүхэн үүргийг олон талаас судалж, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Илтгэлээ хэлэлцүүлсэн судлаач нар

Архивын ерөнхий газрын Эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор Г.Дашням  “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир: Амьдрал, ажил үйлс” сэдэвт үндсэн илтгэлийг танилцуулав.

М.Бат-Очир нь 1918-1921 онд Цахилгаан мэдээний хороонд нэвтрүүлэгч, Наймаа хотын Хэлтсийн яамнаа хэлмэрч, зарлагын алба хашиж байжээ. 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг талархан угтаж, Цэргийн яамны Цэрэг ардыг сурган боловсруулах хэлтэст сургагчаар ажиллаж байгаад тухайн оны 11-р сарын 13-наас 1924 он хүртэл Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны түшмэл буюу даргаар ажилласан байна.

МОНГОЛЫН АНХНЫ ХОЛБООНЫ МЭРГЭЖИЛТЭН

М.Бат-Очир нь холбооны салбарын анхны мэргэжилтний нэг бөгөөд түүний харилцаа холбооны салбарт гүйцэтгэсэн түүхэн үүргийг МУБИС-ийн багш, Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар илтгэлдээ өгүүлсэн юм.

М.Бат-Очир Дани улсын Цахилгаан мэдээний нийгэмлэгийн холбоочдын хамт

Түүний илтгэлд, 1898 онд Хиагт-Хүрээний цахилгаан мэдээгээр харилцах шугам ашиглалтад орсон. Анхны холбоочин Нацагийн Гомбожав гуайн дурсамжид: Анх “Байна уу, Хиагт аа. Хүрээнээс ярьж байна” гэснээр Монголд цахилгаан холбоо үүссэн гэж үздэг.

Одоо Хүрээ-Чуулалт хаалгын хоорондох цахилгаан холбооны ажил 1899 онд хоёр талаасаа эхэлсэн ба Чойр, Чуулалт Хаалгад цахилгаан мэдээний хороо байгуулагдсан. Холбоо нь Хүрээний Туслан шийтгэх сайдын мэдэлд байсан ба Орос, Чингийн хөрөнгөөр байгуулагдсан тул тэдний мэдэлд байв.

1911 онд монголчууд тусгаар тогтнолоо мандуулж, чухал мэдээг түргэн шуурхай хүргэхэд цахилгаан мэдээний ач холбогдол их болохыг ухаарав. Нөгөө талаас манай дотоод асуудал, мэдээ мэдээллийг төмөр утсаар нааш цааш дамжуулах аюултай учир Нийслэл Хүрээ, Наймаа хотын худалдааны хэргийг захиран шийтгэх зайсан Балданцэрэнд “Элдэв худал үнэнээр учир зохион төмөр утсаар нааш цааш хэл авалцаж үймүүлэх магадтай тул Цахилгаан утасны хороог Засгийн газар хяналтдаа авч, тэнд ажиллаж байсан манж, хятад мэргэжилтнүүдийг буцааж, монгол түшмэдийг суулгажээ. Ийн Цахилгаан мэдээний хорооны захирагчаар Цэрэн-Очир зайсанг, орчуулагчаар Мянганбууг томилов. Гэвч энэ хүмүүс нь цахилгаан мэдээний талаар мэдэх юм хомс.  Тиймээс Оросын консултай ярилцаж, монгол хүмүүсийг Хаант Орост сургах болсон. Энэ үеэс холбооны мэргэжилтнүүдийг Хүрээ болон Эрхүүд бэлтгэж эхэлсний дотор Эрхүү хотноо М.Бат-Очир суралцаж байв. 

Урд эгнээнд зүүн гараас: Гараммядаг, багш лам Шадавжамба, Т.Лонтоон. Арын эгнээнд Х.Чойбалсан, М.Бат-Очир

Холбооны салбарыг Засгийн газар хяналтдаа авсан боловч Орос, Хятадууд өөрийн хөрөнгөөр байгуулсан тул өмчлөлийн асуудал яригдана. 1916 оны 1-р сарын 26-нд Нийслэл Хүрээнд гурван этгээдийн төлөөлөгч хуралдах үеэр энэ асуудлыг хөндөж, Орос Монгол хоёр ойлголцсон тул Хятадын тал аргагүй шахалтад орж гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын мэдэлд ирсэн тухай доктор Ч.Болдбаатар илтгэлдээ дурдсан юм.

Ардын хувьсгалын үеэр ЗХУ-аас тусламж хүсэх талаар холбоо барих хамгийн чухал суваг нь цахилгаан мэдээ бөгөөд тэрхүү цахилгаан мэдээг дамжуулагчид нь М.Бат-Очир болон түүнтэй  хамт Эрхүүд сурч байсан Ц.Дамбадорж, Н.Жадамба, Г.Бумцэнд, Х.Чойбалсан нар байжээ. Тэд өөрийн нууц түлхүүртэй цахилгаан мэдээг дамжуулж, хувьсгалын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн юм.

Тиймээс Ардын хувьсгал ялсны дараа М.Бат-Очирыг холбооны мэргэжилтэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг сэхээтнийх нь хувьд 1921 оны 11-р сарын 13-наас 1923 оны 12-р сарын 25-ныг хүртэл Ардын Засгийн газрын Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл буюу даргаар томилсон байна. Энэ нэрийг дараа нь Цахилгаан мэдээ, сэтгүүлийн ерөнхий хороо болгон өөрчилжээ.

1921 оны 9-р сард. Өвөр эгнээнд зүүн гар талаас 3-рт М.Бат-Очир
 
Юу хийв?
Цахилгаан утсан харилцааг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх ажлыг удирдан зохион байгуулжээ. Юуны өмнө Монгол нутагт Хаант Оросын үед байгуулсан Цахилгаан утасны хорооны орон байшин, хэрэглэл зүйлийг улсын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн авах ажилд шуудран оролцсон. 1921 онд Нийслэл Хүрээ, Сэцэн хаан, 1923 онд Заяын хүрээнд цахилгаан мэдээний шугам байгуулагдаж, цахилгааны утас тавигдаж, аймгуудад Цахилгаан мэдээний хороо салбаруудыг шинээр байгуулж хязгаар нутгийг холбоожуулах ажлыг санаачлан хийв.

М.Бат-Очир эхнэр М.Дашням, том хүү Дашдондог, охин Цэнд-Аюушийн хамт

1921 оны 11-р сарын 30-нд Засгийн газраас Шуудан бичиг, цахилгаан мэдээний Ерөнхий хорооны харьяанд Сэтгүүл бичгийн хороог байгуулав. Хүрээ-Алтанбулаг- Заяын хүрээнд Цахилгаан мэдээний хорооны дэргэд Сэтгүүл бичгийн хороог байгуулсан. Сэтгүүл бичгийг өртөөгөөр үнэгүй тээх, Зөвлөлт Орос улс, Дундад Иргэн улс, Алс Дорнодтой шуудан бичгийн харилцааг эхлүүлэв.

Зөвлөлт Орос улсын төлөөлөгчидтэй цахилгаан холбооны гэрээ байгуулах, гэрээний төсөл боловсруулах комисст орж ажиллах зэргээр Монгол Улсын холбооны салбарыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Мөн захидал илгээмжийг энгийн болон баталгаажуулан явуулах журмыг боловсруулсан. Улсын дотоод, гадаадад шуудан бичиг явуулах журам, шуудан цахилгаан мэдээ, телефон ашиглалтын үнийн жагсаалт, шуудангийн салбар хороодын үйл ажиллагааны дүрэм журам, холбооны ашиглалтын зааврууд гэх мэт харилцааны холбооны салбарын үйл ажиллагааг явуулах үндсэн бичиг баримт, дүрэм журмуудыг боловсруулжээ.

1922 онд Цахилгаан мэдээний анхны сургууль байгуулагдахад М.Бат-Очир захирлаар нь хавсран ажиллахын дээр морз үсэг, гадаад хэл зааж холбооны салбарын боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан түүхтэй. Энэ сургуулийг төгсөгчид нь манай улсын харилцааны холбооны үндэсний ууган мэргэжилтнүүд, салбарын удирдлагууд болжээ. Тухайлбал, Харилцаа холбооны анхны яамны анхны сайд Дэчингийн Дэндэв энэ сургуулийн төгсөгч юм.

МОНГОЛЫН АНХНЫ ШУУДАНГИЙН МАРКИЙГ САНААЧЛАГЧ

М.Бат-Очир нь Цахилгаан мэдээ, сэтгүүлийн ерөнхий хорооны даргаар ажиллахдаа шуудангийн марктай болох санаачилга гаргаж, маркийн зураг төслийг боловсруулж Засгийн газарт хянуулахаар өргөн мэдүүлсэн. Ажлаа өгснийх нь дараа буюу 1924 оны 6-р сард Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” гарсан түүхтэй. 

1923 оны 11-р сарын 23-ны өдрийн Ардын Засгийн Газрын 44-р тогтоолоор Монгол Улсын шуудангийн анхны долоон маркийг гаргахаар шийдвэрлэсэн. Энэ маркийг батлуулсан хүн нь Мандалын Бат-Очир бөгөөд марк цуглуулагчид түүнийг Монгол маркийн “загалмайлсан эцэг” хэмээн хүндэтгэн дурсдаг байна.

Монгол марк гарсны 100 жилийн ой тохиосон 2024 онд Монгол Улсын анхны “Элдэв-Очир” маркийг  дэлхийн соёлын өв хэмээж ЮНЕСКО-д бүртгүүлжээ. Энэ нь шуудангийн марк анх удаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн явдал бөгөөд анхны маркийн талаарх илтгэлийг Монголын филателийн холбооны Хүндэт гишүүн Б.Дамдинбазар танилцуулсан юм.

Марк хэвлэгдэн гарах үед Монгол Улсад өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрт хараахан гараагүй байсан тул үнийг доллараар илэрхийлсэн аж. Хэдийгээр Ардын Түр Засаг тогтсон ч Жавзандамба Хутагт хэмжээт эрхт хаан хэвээр тул улсын нэрийг албан ёсоор тогтоож хараахан амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол Улсын анхдугаар Их Хурлаас улсын албан ёсны нэрийг БНМАУ хэмээн тунхагласан билээ.

Тиймээс анхны маркийг доллараар үнэлж, 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын үнэлгээтэй маркийн загвар батлагдаж, ЗХУ-д хэвлүүлсэн ба 1924 оны 8-р сарын 2-ны өдөр шуудангийн үйлчилгээнд нэвтэрсэн түүхтэй. 

Анхны марканд юу дүрслэв? 

Маркийн дээр нь “Почет марк” гэж монгол бичгээр бичсэн. Нэгийн тоог маркийн дээд хоёр буланд бичиж, доод буланд 1$ хэмээн дүрсэлсэн. Мөн “Оne dollar” гэж англиар бичсэн. Солбисон Элдэв-Очирыг маркийн голд дүрсэлсэн ба энэ нь тухайн үед Цахилгаан мэдээний хорооны эмблем байжээ. Очир нь дундаа таван нүдэн хээтэй. Таван нүдэн хээг монголчууд гоёл чимэглэлийн хээ, төрийн сүлд тэмдэгт бэлгэдэл болгон дүрсэлдэг бол ард иргэд ч эртнээс малын тамганд ашиглаж иржээ. Марканд цэцгэн хээг оруулсан нь Ардын засгийн үйл хэрэг үеийн үед цэцэглэн бадартугай гэсэн агуулгыг илэрхийлнэ хэмээв.  

Монгол маркийн 80 жилийн ойд зориулан 2004 онд гүйлгээнд гаргасан дурсгалын блок дээр анх М.Бат-Очирын хөргийг “залсан” бол 100 жилийн ойгоор нь 2024 онд гүйлгээнд гаргасан цуврал маркийн блок 22к алтан ялтсан дээр мөн түүний хөргийг дүрслэн харуулжээ. Монгол шуудангийн маркийг санаачлагч М.Бат-Очирын мэндэлсний 130 жилийн ойд зориулан “Монгол шуудан” ХХК-иас 2025 оны 6-р сарын 13-нд түүний хөрөг бүхий гурав дахь маркийг гүйлгээнд оруулсан байна.

ӨНӨӨГИЙН МОНГОЛБАНКНЫ АНХНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГ

ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Баттүшиг “Банк, санхүүгийн салбарт гүйцэтгэсэн үүргийнх нь талаар” илтгэл хэлэлцүүлэв.

Зүүн гар талаас Бүх цэргийн жанжин Маршал Х.Чойбалсан, Улсын банкны түшмэл М.Бат-Очир, Ц.Дамбадорж, Аж ахуйн яамны сайд Н.Жадамба нар. 1924 он

М.Бат-Очир Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк буюу өнөөгийн Монголбанкны анхны удирдах ажилтуудын нэг байжээ. 1924 онд 6-р сарын 2-нд Оростой хамтарч байгуулсан Монголын  Худалдаа ба аж үйлдвэрийн банкны нийт 22 албан хаагчийн дөрөв нь монгол бөгөөд тэдний нэг нь М.Бат-Очир юм.
Банк санхүү, худалдааг хөгжүүлэх ажлууд 1921 оноос эхэлсний үр дүнд тус банк байгуулах тухай Ардын Засгийн газрын шийдвэр гарчээ. 1924 оны 4-р сарын 7-8-нд Худалдаа, аж үйлдвэрийн банкны хувь нийлүүлэгчдийн хурал болов. Хурлаар Банкны Ерөнхий хорооны /БЕХ/ гишүүнээр таван хүн сонгосны хоёр монгол гишүүний нэг нь.

Ерөнхий хорооны гишүүдийн хурал 1924 оноос эхлэн жил бүр тогтмол хуралдана. 1928 онд болсон БЕХ-ны гишүүдийн хурлаар гишүүдийн ажил үүргийг хуваарилжээ. М.Бат-Очирт Мөнгөн тэмдэгт, цаасан мөнгө хэвлэх болон Нягтлан бодох хэлтсийг хариуцуулсан байна. Нягтлан бодох Орос, Монгол хоёр хэлтэс байсан ба Монгол иргэдтэй харилцах хэлтсийг хариуцах болов.

Ерөнхий хороо нь банкны өдөр тутмын ажлыг хариуцах учир долоо хоногт тогтмол хуралдаж, шийдвэрээ гаргана. Тэрхүү хурлуудын шийдвэрүүд нь жил жилээрээ Үндэсний төв архивт /ҮТА/ байх ба тэдгээр хуралд М.Бат-Очир тогтмол оролцож, хурлаар хэлэлцэх олон асуудлыг танилцуулсан тухай баримтууд байна. Банкнаас гарах албан бичгүүдэд болон мөнгө зарцуулахтай холбоотой чухал асуудлуудад монгол гишүүн М.Бат-Очир гарын үсэг зурдаг. Тэр бичгүүд нь орос, монгол хэлээр гардаг байж. 

М.Бат-Очир Мөнгөний явдлыг шинэчлэн сайжруулах комисс байгуулагдахад анхнаас нь ажиллажээ. Ийнхүү 1, 2, 5, 10, 25, 100-тын дэвсгэрт 1925 онд гүйлгээнд гарчээ. Том мөнгө буюу 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртэд таван хүн гарын үсэг зурсны хоёр нь монгол бөгөөд Монголын талыг төлөөлж Банкны ерөнхий хорооны гишүүн М. Бат-Очир, Цэдэн-Иш нар гарын үсгээ мөнхлөн үлдээжээ.  

Үүнээс хойш хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтэд хүний гарын үсэг байдаггүй аж. Анхны мөнгөн тэмдэгт өдгөө Монголбанкны сан хөмрөг болон цуглуулагчдад ховор боловч байдаг.

Мөнгөний явдлыг шинэчлэн сайжруулах комисст М.Бат-Очир 1925-1929 он хүртэл ажиллан  үндэсний анхны мөнгөн тэмдэгт гаргах, шинэчлэл хийх, Монгол мөнгөн тэмдэгт гаргахтай холбоотой бүх орчуулга, бичиг баримтын хэл найруулгыг хариуцаж ажилласан байна.

Банк санхүүгийн мэргэжилтэй дутмаг тул 1928 онд Банкны ерөнхий хорооны 16-р хурлаар Нягтлан бодох бүртгэлийн түр сургууль байгуулж, эрхлэгчээр нь М.Бат-Очирыг томилжээ.

М.Бат-Очир нь Монголбанкнаас Зөвлөлт Орос улс, Дундад Иргэн улстай харилцах гэрээ бичгүүдийн эхийг зохиож, Монголыг төлөөлөн гарын үсэг зурах үүрэг хүлээсэн банк, санхүүгийн салбарын ууган мэргэжилтэн, гол төлөөлөгчдийн нэг байжээ.

ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН ЗАМД НЬ ГАРГАЖЭЭ

МУБИС-ийн багш, Түүхийн ухааны доктор С.Энхжингийн “Монгол тээх”-ийн М.Бат-Очир сэдэвт илтгэлд, Мандалын Бат-Очир Монгол Тээхийг 1925 оны 7-р сард Аж ахуйн яамны дэргэд байгуулсан. Удалгүй Монгол тээхийн газар хэмээн өргөтгөж, энэ газрынхаа даргаар ажиллаж байхад нь 1925 ондоо чөлөөлж, банк руу томилсон байна.

1929 онд Монголбанкнаас чөлөөлөгдөж, Монгол тээх, Монгол транс-д 1938 он буюу хэлмэгдэх хүртлээ ажиллажээ. Монгол тээх буюу тээврийн салбарын төв байгууллага нь 1929 оноос Монгол транс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1936 оноос Монгол Улсын мэдэлд шилжсэн. Монгол тээх нь төрийн болон хувийн ААН-үүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангадаг бөгөөд М.Бат-Очир анхны даргаар нь ажиллаж байгаад, “Монгол тээх”-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллах болсон. 

Энэ үедээ Тээх нэвтрүүлэхийн дүрмийг боловсруулж, Засгийн газрын хурлаар оруулж батлуулсан. Уг дүрэмд “Монгол Улсын нутаг дэвсгэр хуурай болон усан замаар тогтоосон тарифын дагуу зорчигч тээвэрлэх, ачаа бараа хадгалах, зам гүүр байгуулах, онгоц явуулах, ашиглах үүрэг гүйцэтгэнэ. Аливаа ачааг машин, ердийн хөсгөөр тээж нэвтрүүлэх, ачаа бараа тээвэрлэх, бүртгэх, татвар хураах зэрэг ажил эрхэлнэ. 

Энэ үеэс ачааны машины, тэр дундаа хүнд даацын машины хэрэгцээ үлэмж нэмэгджээ. Тиймээс хүнд даацын автомашин болон тэдгээрийн сэлбэг, шатахуун, тослох материалыг Оросоос оруулж иржээ.

Монголд байсан автомашинууд нь үхрийн бөөр шиг олон төрөл бөгөөд тэдгээрийг засаж, сэлбэхэд зардал чирэгдэл ихтэй тул М.Бат-Очирын үед үр ашгийг тооцон, автомашины нэр төрлийг цөөлжээ. Ингэснээр засварт зарцуулах хөрөнгө хэмнэж, эдийн засагт ашигтай ажиллах эхлэлийг тавьсан гэж үздэг байна.

Машин нэмэгдэхийн хэрээр нефтийн хэрэглээ өсөх тул нефть хадгалах 230 гаруй савыг Оросын мэргэжилтнүүдтэй хамтран бариулжээ. Тухайн цаг үед Оросууд өөрийн улсын худалдааны ноёрхлыг тогтоох сонирхол нь илэрхий байж. Харин монголчууд Герман болон барууны орнуудтай бие даан худалдаа хийх сонирхолтой.

Гэтэл Монголын өмнөөс оросууд Германтай гэрээ хэлэлцээр хийж, Германаас нефть хангамжийн савуудыг оруулж ирэх зэргээр баруунтай шууд харилцах ажлыг дундаас булаан авч байсныг Доктор С.Энхжин илтгэлдээ өгүүлэв.

1926 онд Улаанбаатарт Чийдэнгийн хорооны зүүн талд анхны Шатахуун түгээх станцыг барьсан бол 1936 он гэхэд Монгол 70 орчим ШТС-тай болсон байв. УБ-Өндөрхаан, УБ-Алтанбулаг, УБ-Сулинхээр, УБ-Хадаас буюу Булганы Дашинчилэн хүрэх чиглэлд морин өртөөг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Хуучин 47 морин өртөө байсан ба долоо хоногт 2-3 удаа өртөөгөөр зорчигч тээвэрлэх болов.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 15 ЖИЛИЙН ОЙГООР М.БАТ-ОЧИР АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНУУЛАВ
 
Мөн Дарьганга, Замын-Үүдийн авто замыг байгуулсан нь орон нутгийн авто замын сүлжээний эхлэл болов. Жолооч нар аян замд алжаал ядаргаа тайлах өртөө, машин тэрэг эвдэрч саатвал хэл үг дамжуулах зэрэг зорилгоор зам дагуу буудлуудыг байгуулах санаачилга гарган тохижуулж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Алтанбулаг хүртэлх авто замыг хамгийн анх тавьж эхэлсэн түүхтэй. Туул, Хэрлэн голд анхны модон гүүрүүдийг тавьсан ба 1934 он гэхэд 50 гаруй гүүртэй болсон гэх мэтээр тоочвол М.Бат-Очирын тээврийн салбарт бүтээсэн ажил, байгуулсан гавьяаг үнэлж баршгүй.

М.Бат-ОчирТиймээс түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, II Автобаазын даргаар ажиллаж байхад нь БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан 1936 онд Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнасан байна. 

1934 он хүртэл улс орны ачаа тээврийн 80 хувийг ердийн хөсгөөр тээж байсан бол тэр үеэс 5-8 тоннын даацтай машинууд оруулж ирснээр ердийн хөсөг, авто тээврийн ачих, тээх харьцаа тэнцвэржжээ.

Тээврийн салбарын ачаалал 1934 оноос эрс нэмэгдсэн нь Аж үйлдвэрийн комбинат барих, 1936 оноос Аж үйлдвэрийн комбинат ашиглалтад орсонтой холбоотой ба комбинатын түүхий эдийг тээвэрлэх, барилгын материал ачих, тээх ажлууд тасралтгүй үргэлжлэв.

Тэрбээр “Монгол Тээх”-д хийсэн шинэчлэлийг тоолж баршгүй. Тухайлбал, холын зам туулсан,  машины эвдрэл багатай, дугуй хагалаагүй жолооч нарыг урамшуулдаг болгов. Машин хэдэн км зам туулсны дараа засвар үйлчилгээнд оруулах гэх мэт ЗХУ-ын норм нормативуудыг судалж, өөрийн онцлогт тохирсон зохицуулалтыг боловсруулжээ. Жишээлбэл, 750-1200 км зам туулсны дараа засварт орно гэсэн норм дүрэм мөрдүүлж, тэр болтол машинаа ариг гамтай унах шаардлагыг жолооч нарт тавьж байв. Мөн жолоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг гаргав. Ган зуд, үер устай үед өөрийн эрүүл мэнд, машины бүрэн бүтэн байдлыг хангах, ачаагаа үер, шавар усанд автуулахгүй байх талын заавар чиглэлийг боловсруулжээ. М.Бат-Очир нь Тээх нэвтрүүлэхийн салбарыг том зургаар харж, бүх талаар хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөн сэхээтэн болох эдгээр баримтаас бэлхнээ харагдах ажээ.

Тээврийн яамны статистикийн эмхтгэлд М.Бат-Очирын удирдан ажиллах үед Автобаазын тээврийн ашиг орлого үлэмж нэмэгдсэн талаар тусгасан байна. Анх 118 мянган янчаантай эхэлсэн “Монгол тээх” 1934 онд 10 сая төгрөгтэй, жилд 350-650 мянган төгрөгийн цэвэр ашигтай буюу хамгийн ашигтай ажиллаж байжээ. 1935 он гэхэд 10 саяын орлоготой, 30 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй болсон байна.

1937 он гэхэд оросууд Монголын дотоод хэрэгт шууд оролцож, ялангуяа сайд нарт Японы тагнуул, ардын дайсангаас эхлээд салбар салбарын болохгүй бүтэхгүйг илтгэх үүрэг өгсөн буюу хэлмэгдүүлэх шалтаг хайж эхэлжээ. 1937 онд 3-р сард болсон Намын төв хорооны тэргүүлэгчдийн хуралд Сайд нарын тавьсан илтгэлүүдэд Тээх нэвтрүүлэхийн талаар нэлээд шүүмжлэл өрнөж л дээ.

Улс гэрээ төвхнүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүнийг төрийн өндөр шагналаар шагнаснаас хойш хоёр жилийн дараа хувьсгалын эсэргүү хэмээх хилс хэрэгт холбогдуулан 1938 онд “Монгол Тээх”-ийн II Авто баазын даргаар ажиллаж байхад нь баривчилжээ.

Тэрбээр Тээх нэвтрүүлэхийн дарга байхдаа Оросоос Сэлэнгэ мөрөн, Орхон голоор дамжуулан усан тээврийг эхлүүлье гэсэн санал гаргаж байжээ. Ердийн хөсгийн тэмээг дандаа Дорнодоос авдаг. Ард иргэдээс атан тэмээг өндөр үнээр буюу нэг тэмээг 100-130 төгрөгөөр авч байсан нь хожим хэлмэгдүүлэх “гэмийг” нь зузаатгахад хувь нэмэр оруулсан гэж судлаачид ярьж байв.

1938 ОНД ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДҮҮЛЭН ЦААЗЛАВ

“М.Бат-Очир улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь” сэдэвт илтгэлийг Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын судлаач, Түүхийн ухааны доктор На.Батболд хэлэлцүүлж, хэлмэгдэх болсон шалтгаан, хэрхэн шийдвэрлэсэн, цагаатгасныг тодруулан өгүүлэв.

Шалтгаан. 1937 онд “Загавор” /Хуйвалдаан/ хэрэг хэмээх 115 хүний нэрийн жагсаалтыг Зөвлөлтөөс авчирч, Засгийн газрын эрх бүхий хүмүүст танилцуулж, Японы тагнуултай холбоотой энэ хүмүүсийг яаралтай баривчил гэсэн чиглэл өгчээ. “Загавор”-ын жагсаалтын 47-рт М.Бат-Очирын нэр байв.
1937 оны 9-р сард Монгол трансын Ерөнхий хорооны дарга Яндагийг, 12-р сард “Монгол транс”-ын Ерөнхий хорооны орлогч дарга Лувсандоог баривчилсан. Энэ хоёр хүний мэдүүлгээр М.Бат-Очирын нэрийг гаргаж авчээ.
1937 оны хэлмэгдүүлэлт бол мэдүүлэг авах замаар хамтарч ажиллаж байсан хүмүүсийг нэрсийг гарган авч, хамаарлаар баривчилдаг систем. Энэ системийг зурдаг байсан.

Лувсандоогийн мэдүүлэгт, Яндаг нь Тээх-д очоод хэдэн сар ажиллаж байгаа атал туйлын ололттой ажлыг хийж байна. Хамгийн наад зах нь Тээхийн дотор байгаа М.Бат-Очир, Санжаажав, Гонгор нарыг ажил дээр нь зөвөөр ашиглаж чадаж байна гэжээ.

Ингээд М.Бат-Очирыг “Монгол Тээх”-ийн II баазын даргаар ажиллаж байхад нь 1938 оны 2-р сарын 8-ны өдөр Дотоод явдлын яамны сайд Маршал Х.Чойбалсангийн дайчлан баривчлах 190 дугаар ордерыг нэг өдрийн хугацаатай олгож, олгосон даруйдаа баривчилсан.

Баривчилсны дараа анкет, мэдүүлэг гаргаж, дөрвөн удаа байцаалт авчээ. М.Бат-Очирыг:

  • Япон болон Семеновын тусламжтайгаар Нармай Монголыг байгуулахыг зорьсон
  • ЗХУ-тай хамтарсан банк байгуулсныг буруушааж, Монгол Улс дангаар өөрийн банктай байх ёстой гэсэн асуудал тавьсан. 
  • Монголбанкнаас мөнгө олгохдоо Орос, Хятадуудад ижил тэгш хандах ёстой. Оросуудад давуу эрх олгох ёсгүй гэсэн асуудлыг гаргаж тавьсан.
  • Цэвээн Жамсранов, Дагвадорж, Н.Жадамба, бэлэн Сэнгэ нарын заавраар ажилладаг.
  • Хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон Лувсандоо, Содном-Иш нарын удирдлагад 1931 оноос ажилласан гэж буруутгасан.
  • Багачуудыг Орост биш, Герман, Франц зэрэг хөрөнгөтөн оронд сургах ёстой гэсэн санал тавьсан гэж буруутгасан.
  • Орос сургагч багш нартай харилцаа муу, сургагч нарт шүүмжлэлтэй хандсаныг өлгөн авч, ач холбогдол өгсөн байна. М.Бат-Очир “Орос зөвлөхүүдийг буцаах ёстой. Монголын түүх соёл, нөхцөл байдлыг мэдэхгүй оросууд ирж зөвлөснөөр Монголын эдийн засаг, асуудал өөр тийш явж байна. Хэрэв зөвлөх ирүүлбэл Монголыг сайн мэдэх хүн байвал зохистой гэх мэт улс орныхоо эрх ашигт нийцсэн асуудлыг дэвшүүлэн тавьснаараа хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэх хатуу чанга ялд унажээ.

Түүнийг баривчилснаас хойш дөрвөн удаа мэдүүлэг авсан ба анхны мэдүүлгийг орос хэлнээ хөрвүүлснээс үзэхэд орос сургагчид танилцуулсан бололтой. Эцэст нь хувьсгалын эсэргүү гэж 13 хүний нэр хэлүүлсэн ба энэ 13 хүн нь аль хэдийнэ баригдаж, хэлмэгдсэн улс байжээ.

М.Бат-Очир сүүлчийн байцаалтдаа: /1938.03.10/ “Миний бие энэхүү эсэргүү ажлын талаар бусад хэн нэгэн этгээдэд тусгай даалгавар заавар өгч байсан удаа огт үгүй. Мөн өөрийн эсэргүү байгууллагад хэн нэгнийг татаж, элсүүлж байсан тохиолдол үгүй. Мөн өөрийн дээр нөхдийн хамтаар Яндагийн даалгаврыг биелүүлж байсан нь үнэн болохыг батлан мэдүүлэв” гэжээ.

Тэгэхээр энэ хүн Монголын тухайн үеийн нөхцөл байдлыг бүрэн ойлгож, араасаа олон ажилтнуудаа чирэхгүй гэсэн нь сүүлийн мэдүүлгээс харагдана. Энэ бол улс төрийн хилс хэрэг өдүүлэгчдийн эсрэг хийж болох хамгийн том алхам байжээ.

Эцэст нь Онц бөгөөд бүрэн эрхт комиссын 1938 оны 4-р сарын 15-нд Шүүх цаазын бичгийн 43, 44, 45-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаалтын 260 дугаартай хавтаст хэрэг, 15 хуудас ялын төлөвлөгөөтэйгээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Ийм урт ялын төлөвлөгөөтэй хүнийг би хараагүй хэмээн доктор На.Батболд илтгэлийнхээ төгсгөлд тодотгож байв. 

ХХ зууны Монголын сор болсон сэхээтнүүдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн Мандалын Бат-Очирыг 1938 оны 2-р сарын 8-нд баривчилж, 3-р сарын 12-ныг хүртэл 1 сар 4 хоног хорьсны эцэст буудан хороожээ.

43 насандаа хилс хэрэгт тулгагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн түүний ар гэрт төрөөд удаагүй нялх биетэй эхнэр нь, наймхан хоногтой нярайгаас 16 хүртэлх насны зургаан хүүхдийн хамт өнчирч үлджээ. 

М.Бат-Очирын ач хүү Ширчингийн Чинбат

37 настайдаа эр нөхрөөсөө хагацаж, зургаан хүүхэдтэйгээ хоцорсон эхнэр М.Дашням нь цөвүүн цагт яажшуухан амь зууж, үр хүүхдүүдээ өсгөсөн болон Мандалын Бат-Очирыг хэрхэн цагаатгасан тухай ааваасаа найман хоногтой үлдсэн Ширчингийн хүү Чинбаттай хийсэн ярилцлагыг 12-р сарын 22-ны даваа гарагт уншигч танаа хүргэх болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан