Шинэ танилыг маань Л.Энхбаатар гэдэг. Шинэ ч гэж дээ, бидэнд танил биш хэр нь эчнээ гадарладаг болчихсон хүмүүс байдаг. Л.Энхбаатар тийм хүмүүсийн нэг. Өөрөө архинаас гарч, нөхдөө бор дарснаас гаргаж байгаа гэдгээр нь шинэ танилаа мэддэг болсон хэрэг л дээ. Ингээд Хэнтийг зорилоо. Нэг нутаг усны хүмүүс бие биеэ удам судар, угсаа гарал, нэр хочоор нь мэддэг. Хэнтийнхэн ч Энхбаатар гэхээр ямар гэж асууна. Архинаас гарсан гэхээр “Аан, “данхараад” Амгалангийн дүү юу. Тэд Эрчмийн байранд байгаа” гэж хэлэх юм. Нэг хүн асуухаар тэд гээд байхад нь эхлээд жаахан гайхаж байснаа нуух юун. Эсвэл эхнэр авсан юм болов уу гэж бодож байлаа.
Харин тэднийд очсон хойноо л сая учрыг нь олов. Энд шинэ танил маань ганцаараа амьдардаггүй юм байна. Эхнэр ч аваагүй аж. Хорт зуршлаасаа татгалзахаар шийдсэн, бас ч гэж сайн, муугаа дуудуулсаар байгаад дөжирчихсөн “хүнд гарууд”-тай тэр тулж ажилладаг юм байна. Очиход Л.Энхбаатараас гадна гурав, дөрвөн эрэгтэй хүн байснаа нэлээд өтгөн байхуу авч өгчихөөд бүгдээрээ хүүхэд шиг дэрхийн гарч одов. “Манайхан бууз хийх гэж байгаа юм” гэдэг бяцхан тайлбар хийгээд үлдлээ, тэрээр. Мухрын өрөө нь унтлагынх юм байна. Хувцасны шүүгээ, орнууд тавьжээ. Харин том өрөөгөө ажлынх болгож тохижуулсан юм байна. Тэгээд гал тогоо. Хоёр өрөө байранд овоо төвхнөсөн харагдана.
Л.Энхбаатар “Би 1964 оны арваннэгдүгээр сарын 1-нд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод одоогийнхоор Чингис хотод төрсөн. Түүнээс хойш 1972 онд сургуульд ороод 1976 онд гарсан. Нуулгүй хэлэхэд, гуравдугаар ангиасаа сургуулиасаа хөөгдсөн. Их сахилгагүй хүүхэд байлаа. 1980 он хүртэл дөрвөн жил аймгийн төвд хулгай хийх зэрэг болж бүтэхгүй зүйлд орооцолдож яваад Бүрэнхааны Хөдөлмөр хүмүүжлийн газар руу ачигдсан” гэхэд нь “Та шүлэг бичдэг юм билээ” гэтэл түг таг, түс тас гээд нэг л эвлэж өгөхгүй байсан яриа нь ямар яруу зөөлөн болж хувирсан гээч. Яалт ч үгүй түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, он цагууд “аав”-ынхтай нэр холбоотой нь үнэн. Гэхдээ л
“Тэртээд цэнхэртэх ууланд
Тэрэгний морь шиг зүтгэж явлаа
Арванзургаатай ядмаг хөвүүн
Архаг хулгаруудын дунд алхаж явлаа ...” гээд түүний тэрлэсэн мөрүүд шиг уран яруу болж эхэлсэн юм. Энэ бол түүний бичсэн “Бүрэнхаан” хэмээх шүлгийн эхлэл.
Монголчууд 1980 оны бичин жилийн зудыг мэднэ. Тэр жилийн намар 16 нас хараахан хүрээгүй орь залуу хөвүүний хувь заяанд бас нэгэн зуд дайрчээ. Сахилгагүй, томоогүй гэдгээрээ зартай явсан залууг ямар ч шүүхийн тогтоолгүйгээр Бадгар гэдэг хошууч Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Ононгийн хөвөөнд байдаг Бүрэнхааны Хөдөлмөр хүмүүжлийн газар руу ачуулчихсан юмсанж. “Олигтойхон хөөцөлдөөд гаргаад авчих ар талгүй ядуу болохоор нь дээрэлхсэн юм болов уу. Яагаад заавал Бүрэнхаан руу ачуулсныг нь би одоо ч гайхдаг. Залхаан цээрлүүлэлтээрээ алдартай, одоогийнхоор бол амьдралгүй болчихсон хүмүүсийг аваачдаг модны үйлдвэрт дөнгөж 16 нас шүргэж явсан бага залуу насандаа очсон би гэдэг хүн ёстой л болохгүй, бүтэхгүй бүгдийг тэндээс сурсан даа” гэж хуучлав. “Хэцүү нэрт”-д очоод 50 жил архи ууж, 30-40 жил шоронгоор явчихсан хүмүүсийн дунд ганцаараа. Тэнд томчууд архи дарс уухыг л зааж өгнө. Сард нэг удаа сайн ажил хийсэн хүнд нэг шил архи тавьж өгдөг нормтой. Анх ах “хулгар”-ууд нь “Наадахаа уу” гэж зандарснаар хугас шил архинд тасарч унаж байжээ. Ингээд л сайн ажил хийх бүрдээ ахиулж уусаар архаг архичин болсон юм байна.
Уг нь Бүрэнхааны Тэргүүн өндөр Чингис хааныг тайчуудаас хамгаалж нуусан домог түүхтэй газар. Харин түүний хувьд энэ хайрханы өвөрт орь залуу насаа тэрэгний морь шиг хүнд ажилд зүтгэж өнгөрүүлжээ. Гурван жилийн дараа Зүүнбаянд цэрэгт татагдсан тэрээр хэрэгт орж, илүү олон жилийн хорих ялаар шийтгүүлж 1990 он хүртэл шоронд суусан байна. Гарч ирээд хэдхэн сарын дараа буцаад шоронд оржээ. 1994 онд ахиж гарч ирээд гэр бүл зохиосон юм байна. Ерөөсөө түүний амьдралд хүн шиг амьдарсан нь үүлэн чөлөөний нар шиг тэрүүхэн хоёр жил гаруйн хугацаа аж. Ингээд бас л хэрэгт оров.
Шоронгоос гарч иртэл эхнэр нь хүүхдээ хүнд өргүүлээд, өөр хүнтэй суусан байж. Аав нь бурхан болчихсон, нэг ах нь байрыг нь зарчихаад архи уугаад л явна. Нийгэм ч хүлээж авахгүй болчихсон хүн шоронгоос гарч ирээд 4-5 сар болдог. Хэрэг хийгээд буцаад шорондоо орсоор 2000 он болжээ. Цагдаагийн дарга “Өө, шоронгийн хулгайч, архичин болсон хүн. Энэ одоо юу хийх вэ. Орой үдэш энийг сайн тагнаж бай” гэж загнадаг байж. Л.Энхбаатар ч өөрийгөө ингэж боддог болчихсон байжээ. Ямар ч гарцгүй эргүүлэгт унасан нь энэ байлаа. Өөрийгөө ямар ч амьдралгүй болсон гэж бодож явсан тэрээр хамгийн сүүлд 2004 онд 3000 төгрөгийн үнэтэй куртка хулгайлсан хэргээр 10 жилийн хорих ял аваад шоронд оржээ. Түүнтэй багаасаа нөхөрлөж, бас л шорон оронгоор явсан нэг нь “Хоёулаа мөнгө олж архи ууя” гээд дэлгүүрээс хулгайлсан курткээ дамуулж өгөхдөө хоёулаа баригдаж, хам хэрэгтэн болсон түүх нь энэ. Тэр үед хоёр ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн хүн ба онц аюултай рецедив гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд дахин гэмт хэрэг үйлдвэл доод тал нь 10 жил хорих ялаар шийтгүүлж, онцгой дэглэмд эдлүүлнэ гэдэг хуультай. Хууль чанга байсан үе.
Ингээд л өмнө нь ял эдэлж байсан Авдрантын хорих ангид буцаад оржээ. Тухайн үеийн төлөөлөгч байсан хүн “Чи нээрээ 3000-хан “цаас”-ыг аргалаад наранд амьдарч чадахгүй байхыг бодоход нутаг орондоо ямар муу нэртэй нь ойлгомжтой” гэж хэлсэн байна. Тэр үед Л.Энхбаатар “Энэ муу Хорихын төлөөлөгч намайг олны өмнө доош хийдэг нь яаж байгаа юм” гэж уур нь хүрчээ. Гэхдээ л үе үе түүний хэлсэн үг орой руу нь орно. Нас явж байгаагаа ч бодно. Гэтэл дотор суугаад гурван жил болж байтал 2008 онд хуулийн тэгшитгэл болоод мөнөөх 3000 төгрөгийн хулгай хэрэг биш болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед цалингийн доод хэмжээ 108 мянган төгрөг. Түүнээс доош үнэ бүхий бусдын эд зүйлийг хулгайлсан бол гэмт хэрэг биш болсон юм. Ингээд Булганы онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдсан тэрээр нутгаа зорьжээ.
Нутагтаа ирсэн ч түүнд ямар ч ирээдүй үгүй. “Шоронгоос суллагдав” гэсэн зам явах хуудаснаас өөр юу ч үгүй хүн ахындаа ирж архи ууж, хэд хоног шалан дээгүүр нь өнхөрч байгаад эхнэрт нь хөөгдсөн аж. Хүлээж авах орчингүй хүн буцаад л гудамжиндаа гарчээ. Архи уудаг болохоор “Агсан тавина. Юм хулгай хийгээд явчихна” гээд ах, эгч нар нь гэрээрээ оруулахгүй. Тэрээр өөрөө ч “Би эдэндээ гай болохгүй, хол явъя” гэж шийджээ. Ингээд Хэнтий аймгийн зүүн захад байдаг “Муурын байшин” нэртэй архаг архичдын цугларч орогнодог газарт толгой хоргодож эхэлсэн байна. Тэдэн дээрээ очиж архи ууна. Архиа ууж байгаад үхнэ гээд шийдчихсэн хүмүүс өглөө босоод л “Одоо энэ явах нь. Дараа нь тэр үхнэ. Нэг л хачин болчихож” гээд л ярина. Яг л хэлсэнээр нь ээлж ээлжээр бурхан болцгооно. Архинд гүн орчихсон хүмүүс эрэмбээрээ л талийна. Зарим нэг нь “ээлж дайрна”. Гудамжинд осгож хөлдөөд нас барчихдаг байж. Эсвэл зүрх нь гэнэт зогсно. Тэр үед архинаас өөр юм идэж уухгүй шахам явна. Шартчихсан хүнд олигтой хоол унд ч орохгүй.
Тэднийг иймэрхүү байдалтайгаар өдөр хоног өнгөрөөж байтал нэг хүн урилга авчирч өгсөн байна. “Дэлхийн зөн” гэдэг байгууллага Хэнтий аймагт “Амьдралын аваргууд” гэдэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ төслөөр 13 иргэнийг архинаас гаргана гэжээ. Архи уугаад л өмссөн муу хувцастайгаа л унтдаг түүнд энэ нь аятайхан сонсогдож. Хамгийн гол нь Л.Энхбаатар өөрөө архинаас гаръя, хүн шиг амьдаръя гэж шийдсэн ч нийгэм хүлээж авдаггүй тухайгаа хотоос ирсэн багшид чин сэтгэлээсээ ярьж хоёул хамт хоножээ. Ингээд маргааш өглөө багш нь “Чи 13 хүн олж ирж чадах уу” гэж асуутал “Манай энд архичин, такси, нохой гурав элбэг” гэж хэлжээ. Өвөл байсан учраас энэ төсөлд хамрагдах 13 хүн дорхноо л олдсон байна. Хоёр эмэгтэй нь гэрээрээ байрлаад 11 эрэгтэй нь төслөөс шийдэж өгсөн түрээсийн байранд байрлаад гурван сар огт архи уугаагүй гэнэ. Тэд нийтийн байранд цугтаа амьдарч, архи уухын оронд хоол иддэг болцгоов. Гэхдээ тэр үед тэднийг харах нийгмийн өнцөг ондоо. “Эд нар өвлийн гурван сар дулаан байранд тэжээлгэж байгаад хавар дулаарангуут архиа уугаад явцгаана” гэж үл итгэсэн хандлага гаргана. Энэ нь харин Л.Энхбаатарыг хурцалжээ. Тэрээр “Эд нарт ингэж муугаа үзүүлэн байж хар ус уугаад яадаг юм. Хаяж яагаад болохгүй гэж” хэмээн шийдсэн байна. Түүний сэтгэлийн гүнд урам зориг, ташуур өгдөг нэгэн сайхан дурсамж бас байж. 1992 онд Мааньтын хорих ангид ял эдэлж байхад нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай сонгуулийн сурталчилгаагаар очжээ. Тэр үед Хорихын дарга нь Л.Энхбаатарыг шүлэг бичдэг гээд “Гарч шүлэг унш” гэсэн аж. Гараад өөрийн зохиосон шүлгээ унштал Б.Лхагвасүрэн гуай “Хос уянга” гэдэг номоо бэлэглэсэн байна. Түүн дээрээ
“Алтан наран алаггүй тул
Шоронд ч, наранд ч тусч л байдаг
Аавын хөвгүүд адилгүй тул
Шороон дор ортлоо
Өөр өөр л амьдардаг
Өөдөө хар даа, Энхбаатар аа!
Нар чамайг мартаагүй шүү дээ
Өөдрөг яв даа, Энхбаатар аа!
Өөр хүчтэй зүйл гэж байдаггүй юм
Шүүдэр гэрэлтсэн Хэрлэн мөрнийхөө хөвөөнд
Шүлгээ л бичиж явбал ах нь чамд баярлана шүү” гэж бичсэн байжээ.
Энэ номыг унших бүртээ “Ийм том хүн лалар болтлоо арчаагүй яваа амьтныг сайн яваач гэж гуйж байхад би яагаад олигтой хүн шиг явж чаддаггүй юм бэ” гэж харамсаж боддог байж. Бурхан байдаг болохоор үг хүчтэй байдаг гэгчээр энэ үг их хүчтэй нөлөөлжээ, түүний амьдралд. Хүнд хэцүү санагдах үед энэ хэдэн үгээр л өөрийгөө хурцалж ирсэн байна. Мөн Ломбын Нямаа багшийн түүнд зориулж бичээд “Утга зохиол” сонинд хэвлүүлсэн шүлгийг ч бас их бодно.
“Амьдралын мананд төөрч
Ахуйн тэнгэрээс унасан
Амьтай солир минь
Дуулим орчлонгийн хязгааргүйд
Дутуу шатаад газар мөргөсөн
Дуутай гариг минь
Эрх чөлөөг торны цаана дуулж
Элгээ эмтэлж бурханаас аврал гуйсан
Эгэлхэн заяа минь
Цаг хугацааны эргүүлэгт
Цагдан хоригдсон дууч шувуухай минь
Цаазын тогтоол уншихад
Цэх зогссон
Хүн чулуу минь
Дуу дуулаад
Дуу чинь хэнд ч үл хүрэх
Дутуу заяатай бурхан минь
Гэсгээл хатуу хуулийн нэрсэн хоронд
Гэмтэтлээ хордсон
Эрүүл өвчтөн минь
Өлсөж, цангах, хүлээх гурваар
Өр зүрхэндээ ус нэрж
Зовлонгийн далайг цалгиулаад
Өөрөө л живж гараа сарвалзуулсан
Амьдрал гуйсан гуйлгачин минь
Цаг боллоо, гар гэсэн
Цагдаагийн хашгирахыг хүлээсэн
Цаг хугацааны боол минь
Цаана чинь эргэлт
ирлээ, эргэлт ирлээ
Цаг хугацааны үргэлжлэл
Хүү чинь ирлээ
Цэвдэг хатуу ертөнцөд
Нар мандлаа, нар мандлаа
Эхэлсэн бүхэн дуусдаг
Эргэх орчлонгийн жамыг тэсч хүлээ
Энхбаатар минь, Энхбаатар минь
Амьдралын мананд төөрч
Ахуйн тэнгэрээс унасан
Амьтай солир минь
Дуулим орчлонгийн хязгааргүйд
Дутуу шатаад
Газар мөргөсөн
Дуутай гариг минь” гэдэг шүлгийг хоригдол Л.Энхбаатарт гэж хаяглаж байгаад хэвлэлийн хуудсаар дамжуулан хүргэжээ. Тиймээс л “Хүмүүс надад ийм сайхан хандаж байхад би хичээхгүй бол болохгүй” гэж бодож мэрийж эхэлсэн байна.
Архинаас гарахад нь “Дэлхийн зөн”-гийн Цэцэгсайхан гэдэг эмэгтэй ч их дэмжиж тусалжээ. Анхны төсөлд хамрагдсан 13 иргэн өнөөдрийг хүртэл архи уугаагүй гэхээр хүнээ гэсэн сэтгэлээр их сайхан төслийг мундаг хэрэгжүүлсэн юм байна, Хэнтий аймагт. Төслийн хугацаа дуусах үед мөнөөх 13 хүн энэ асуудал зөвхөн тэдний өмнө тулгамдсан зүйл биш нийгмээрээ архины асуудалтай байгаа юм байна гэдгийг эрүүл саруул ухаанаараа олж харжээ. Ингээд жаахан судалгаа хийтэл зүрх зүссэн тоо дурайж байх нь тэр. Манай улсын 780 мянган өрхөөс өнөөдөр 500 мянган айл ямар нэгэн байдлаар архины хамааралтай гэдэг судалгааны тоо баримтыг анх олж үзээд цочирджээ. Гэтэл эрэгтэйчүүдийн 27 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь архаг архичин болчихсон. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр гурван хүн тутмын нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа. Нийт хүн амын 51 хувь нь архины давхар хамааралтай амьдарч буй зэрэг нь нэгийг бодуулжээ, “амьдралын аваргуудад”.
Л.Энхбаатар одоо архийг огт амсдаггүй ч төрсөн ах нь архи уудаг учраас давхар хамааралтай яваа гэдгээ ч мэдэв. Тиймээс тэрээр ганцаараа архинаас гарлаа ч нийгэмдээ нөлөөлж чадахгүй нь. Харин ах, найз нөхөд гээд нийгмийнхээ архи ууж байгаа хэсэг бүлэгт амьдралын зөв хэвшилтэй болоход нь тусалъя гэж шийджээ. Ингээд 2009 онд анх гаргасан “Хэрлэнгийн цэнхэр алс” нэртэй шүлгийн түүврийнхээ нэрээр ТББ-аа байгуулав. Хамт архинаас гарсан дөрвөн хүнтэй нийлж байгуулсан ТББ-ыг нь аймаг, орон нутгийн удирдлагууд тоож, зөв ажлыг нь дэмжихээ илэрхийлж, хашааны газар заан өгч, тэнд нь тог татуулж, хашаа барьж өгчээ. Ингээд нэгнийхээ гэрийг барьж, орон оронтой болсон эрчүүд “Дэлхийн зөн”-гийн дэмжлэгээр машин угаалга ажиллуулж, блок хийж, гахай малласан байна. “Зөв юмны төлөө зүтгэж байгаа хүн хэзээ ч хоосон хонодоггүй юм билээ” гэж ярьдаг эрчүүд эдгээр ажлаа одоо ч эрхэлж байна.
Иймэрхүү маягаар эрвийх дэрвийхээрээ өөдрөг амьдрал рүү зүтгэж байтал Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Цагдаагийн дарга П.Оростогоо нар “Архигүй Хэнтий” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр болов. Ингээд л энэ хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллахаар шийдсэн байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хэнтий аймгийн төв Чингис хотоос 52 хүн энэ хөтөлбөрт хамрагдсанаас одоо 42 хүн огт архи амсахгүй байгаа аж. Харин нийт аймгийн хэмжээнд 1049 хүн архины хамаарлаасаа татгалзаад байгаа билээ. Тэрээр хөтөлбөр яаж ийм өндөр үр дүнтэй хэрэгжив гэж асуухад “Хүн явж үзсэн замаараа бусдыг замчилдаг юм байна. Би яаж архинаас гарснаа л нөгөө хүндээ зааж өгнө шүү дээ. Эд нар маань олон жил архи уугаад муу нэртэй болчихсон. Одоо архинаас гарангуут хүмүүс “Эд нар яаж чадав аа” гээд гайхаад байгаа юм. Анх эд нар худал жүжиглэж байгаа юм. Олон жил архи уучихаад яаж гарах вэ гэдэг байдлаар ханддаг байсан. Харин одоо үр дүн гараад эхэлсэн учраас тэрийгээ, энийгээ архинаас гаргачих юмсан гэж ханддаг болсон” гэв.
Орон нутгийн удирдлага дэмжиж багахан хэмжээний төсвийг энэ ажилд нь зарцуулдаг аж. Мөн Б.Бат-Эрдэнэ гэдэг залуу өөрийнхөө хоёр өрөө байрыг тэдэнд ямар ч түрээсгүйгээр ашиглуулж байна. Б.Бат-Эрдэнэ өмнө нь архи уудаг байжээ. Мань эр ч адилхан гудамжинд гуталгүй хонож, хонох айлгүй, харанхуй хашааны мухар түшин үүр цайлгахын зовлонг үзэж явсан. Харин одоо архины хамаарлаас татгалзахаар шийдсэн нөхдөө дэмжиж орон байраар дэмжин тусалж буй юм. Түүний хоёр өрөө байранд одоо “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ынхан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн нэг том подвалийг сургалтын төв болгожээ. Түүндээ чөлөөт цагаа ч зөв боловсон өнгөрүүлдэг аж. “Манайхан бууз хийх гэж байгаа юм” гэсэн хэр нь түрүүнээс хойш гал тогоо хүнгүй байсан чинь бүгдээрээ подвальдаа орчихсон оройн хоолоо бэлдэж байв.
Одоогоор эднийхээс архины хамаарлаас татгалзсан найман хүн эхнэр авч, долоон хүн гэр оронтой болж “өрх тусгаарлажээ”. Гэхдээ хагарсан шаазан буцалж эвэлдэггүй шиг нэгэнт салсан хүмүүс буцаж нийлдэггүй аж. Харин дахиад амьдрал зохиож, хань ижилтэй болжээ. Архины хамаарлаас татгалзаж, хань ижилтэй болж амьдрал зохиосон тэднийг ажилтай, орлоготой байх үүргийг аймгийн Засаг дарга сум, орон нутгийн удирдлагуудад өгсөн байна. Хийх ажилтай хүн энд тэнд хэсээд архи уугаад явахгүй нь ойлгомжтой. Гэхдээ архи ууна гэдэг нь хувь хүний асуудал төдийхөн биш. Тэнэгрэлийн хам шимж буюу архинд донтох өвчин гэдгийг гэр бүлийн хүмүүс нь сайн ойлгож, архинаас гаръя гэсэн нэгнээ дэмжиж туслах хэрэгтэй гэнэ. Тиймээс л аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын санаачилсан “Архигүй Хэнтий” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж, нийгмийн оюун санаанд нөлөөлж болохуйц ажлыг хийж эхэлжээ. Тухайлбал, Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном 1966 онд анхны архины эсрэг шүлгийг бичсэн байдаг.
“Зон олон минь
Зовсон шинжтэй
Улс орон минь
Унасан шинжтэй
Хөдөө гадаагүй уугаад л
Хөгшин залуугүй архидаад л
Улаа шагайсан хэдэн хүн
Улс орон болж тоглож байна” гэж бичжээ.
Түүнээс хойш архины эсрэг агуулгатай хэд хэдэн шүлэг бичсэн байна. Иймээс нэрт найрагчийн шүлгээр номон хөшөө босгох ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ 2.5 тонн чулууг дэлгэсэн ном шиг хэлбэртэй болгож засаад нэг талын хуудсан дээр нь Р.Чойномын сүүлчийн шүлгийг, нөгөө талд нь “Сархадын ширээ минь баяртай” гэдэг шүлгийг сийлсэн хөшөөг 2013 оны тавдугаар сарын 22-нд босгосон байна.
Монголд жилд нэг хүн 22 литр спирт уудаг. Энэ нь 0.5 литрээр савлавал 110 шил архи болно. Ийм их архины илүүдэл өнөөдөр Монгол орныг мөхөөж байгаа учраас эрчүүд үнэ цэнэгүй болжээ. 1.3 сая эрэгтэйчүүдийн 30-хан хувь нь төрийн байгууллагад ажилладаг, 14 хувь нь дээд боловсролтой гэх мэт статистик үзүүлэлтүүд нь чамлалттай. Ийм хүнд нөхцөлд архаг архичид хэмээн нийгэмд адлагдаж яваа хүмүүсийг бор дарснаас татгалзуулна гэдэг амаргүй ажил. Харин Л.Энхбаатар ямар “жор”-той юм бол.
Архинаас гарахад хорт зуршлаасаа салъя гэсэн чин сэтгэлийн ухамсар, үүнээс гадна хүн шиг хүн байлгах орчин их нөлөөтэй гэдгийг тэрээр онцолж байна. Хүмүүс “Кодлуулаад л болчихно”, “Манай нөхөр гурван сар архи уухгүй байж чаддаг” гэж ярьдаг. Энэ чинь худал. Архичин биш гэдгээ хүмүүст харуулахын тулд гурван сар архи уудаггүй. Тэгээд дөрөв дэх сар дээрээ архи ууна. Гэр бүлийн хүмүүс нь ч гэсэн хий хоосон горьдлого л тээгээд явдаг. Өөрөөр хэлбэл, архинаас амлалтаар гардаггүй аж. Ханиад хүрсэн хүн заавал эм ууж байж эдгэрдэг. Түүнтэй адилхан архидах өвчтэй хүний цусыг эхлээд цэвэрлэж, хордлого тайлах эмчилгээг заавал хийнэ. Дараа нь сургалтад хамруулан тархинд нь юм хийж өгч байж архины хамаарлаас өөрийнх нь ухамсараар татгалзуулдаг. Ер нь сард нэг удаа архи уудаг хүн хэрэглэгч, хоёр удаа уудаг хүн хэтрүүлэн хэрэглэгч, гурван удаа уудаг хүн архаг донтогч болчихдог онол, амьдралын туршлага түүнд бий.
Өчигдөр өнгөрсөн болохоор дууссан. Маргааш ирээгүй болохоор байхгүй. Тиймээс өнөөдөр байгаа юмандаа талархаж яв. Битгий сэтгэлээр уна гэдгийг архинаас гарч буй нөхдөдөө хэлдэг гэнэ. Сургалтын жор нь ийм философитой. Тэгээд архины хамаарлаас татгалзахаар шийдсэн хүмүүсийг дэргэдээсээ огт салгахгүй өөрийн гэсэн аргатай аж.
Л.Энхбаатар “Хүний нөхөрлөл эхлэлдээ биш төгсгөлдөө байдаг. Би архинаас гараад таван жил боллоо. Тиймээс алдаж эндсэн нөхдөдөө туслахыг л хичээж, өчүүхэн ч атугай гэрэл болоод амьдралаа дуусгахыг зорьж байна. Миний найзууд Хэнтийд зартай хулигаанууд, архичид явсан. Би үнэнээ л ярина. Худал ярих л юм бол хүмүүсийг архинаас гаргаж чадахгүй шүү дээ. Гудамжинд тасарч унаад, шалбааг уугаад хэвтэхээсээ ичээгүй байж архинаас гарсан гэдгээ ярихаас ичээд яах юм бэ. Төр, цагдаа хоёр л боломж олговол архинаас гарч болдог юм байна гэдгийг бид харуулж чадсан. Өмнө нь биднийг хүн-хог гэж хардаг байсан. Харин энэ сэтгэлгээний хандлагыг өөрчилж, нийгмийн хар сүүдрээс гарах боломж олговол болдог юм байна” гэлээ.
Эрүүгийн хуулийн зүйл заалтаар 10 удаа ял шийтгэл авч байсан тэрээр амьдралаа шинээр эхлүүлж, бас төгсгөх зорилго тавьжээ. Үүнээс өмнө үүлэн чөлөөний нар шиг хоёрхон жил гаруйн хугацаанд үргэлжилсэн амьдралаасаа ганц хүүтэй болсон ч хөгжлийн бэрхшээлтэй төрсөн. Сүүлд дахиад амьдрал зохиох гэж оролдоод бүтээгүй. Германы иргэн болсон монгол эмэгтэйтэй танилцаж, сэтгэл нийлэн амьдрах гэтэл рецедив гэмт хэрэгтний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэмээх шалтгаанаар хил давуулаагүй аж. Бүсгүйгээ Монголд ирэхэд нь хүлээн авч нутаг орондоо аваачсан ч орон шоронд байснаа нууж байсан тэрээр Германаас гурван удаа урилга ирэхэд нь очиж чадаагүй юм байна.
Г.Ганчимэг