Энэ сарын 1-ний өдөр нийслэлд болж өнгөрсөн дуулиант үйл явдлын талаар Зууны манлай нийтлэлч Баабар ямар бодолтой байгааг сонирхлоо.
ХӨӨРСӨН ОЛОН БА ГЭМТ ХЭРЭГ
Яриагаа саяын үймээнээс эхэлье.
Яагаад хүмүүс ийм зэрлэг байв?
-Сципион Сигэле хэмээх судлаачийн
1892 онд хэвлэгдсэн "Гэмт сүрэг" хэмээх суурь бүтээл байдгийм. Би
тэрнээс хамгийн гол санааг нь орчуулаад маргааш чам руу мэйлдчихье. Тэгээд чи
наанаа хариулт болгоод оруулчихаарай.
...Ямарваа нэгэн улс төрийн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, Засгийн газар руу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй хоншоор нь хазайсан дарга тааралдвал дундаа хийж байгаад цусыг нь холих гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирладаг вэ? Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөгдөж байсан балмад зан нь өдөөгддөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад "За хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ" гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас эргэлзээтэй. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дуурайх төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын нөлөөнд хэтэрхий автдагийнх юм.
Тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дуурайх зөнтэй юм бол яагаад буянт үйлийг биш заавал муу муухайг нийлж үйлддэг юм бэ? Бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалгад автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүчтэй хүн маш цөөхөн аж. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юм гэхэд дэмжин турхирагч болох нь олонтаа...
Зуу гаруй жилийн өмнө ингэж бичиж байж дээ. Ялангуяа саяхи тохиолдол театрт биш, стадионд ч биш, хүмүүс эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан асар том талбайд гэдгийг сана. Бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янз бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр, эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. "Тарцгаа" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэг нь ойлгомжтой.
ЛУЙВРЫН СОНГУУЛЬ
-Бухимдал юунаас үүдэв?
-Сонгуулийн булхай, луйвар гээч юм
1996 онд анх үүсч байсан. Өвөрхангайд Түмэн-Өлзий эмчийг улайм цайм булхайдаад
унагачиж байв. Баянмөнх, Наран хэн билээ АН-ын хоёр хүнийг сонгуулийн хороо
санал хураалтын өмнөхөн булхайцан нэрсийн жагсаалтаас хасч байсан. АН олонхи
болсон учраас гомдол гаргалгүй өнгөрсөн юм шүү дээ. Энэ булхайг төрийн
захиргааны байгууллага удирдан зохион байгуулж хийсэн юм. 2000 оны сонгуулийн
үеэр луйвар тогтолцооны хэмжээнд очиж машинжсан. Сэлэнгэд "Бат-Үүл
Зоригийг алсан нь тогтоогдсон учир ямар ч байсан сонгож болохгүй" гэсэн
заавар очиж байлаа.
Үүл ялаад эхлэнгүүт сонгуулийн хайрцгийг булааж аваад мотоцикльтой зугтааж байлаа. Дорнодод Элбэгдорж гарцаагүй сонгогдсон юм шүү дээ. Ард түмний тэн хагас нь МАХН-ын эсрэг өгсөн байхад тэд суудлын 72-ыг авсан.
Энд сонгуулийн тогтолцооны гажиг байсан боловч луйвар булхай илүүтэй үүрэг гүйцэтгэсэн.
Олон жил өнгөрөөгүй болохоор 2004 оны сонгуулийг зарим хүн санаж байж магадгүй. Дүнгээрээ АН хавтгай ялсан юм.
Луйврын машиныг зохион бүтээгч Энхбаяр өөрөө Баянгол тойрог дээр Эрдэнэд ялагдсан юм шүү дээ. Сандарсандаа хажуу тойргоос өч төчнөөнөөр нь сонгогчид нүүлгэн шилжүүлснээс болж Бямбадорж хэн ч мэдэхгүй нэг бандид ялагдаж орхисон. Цагтаа Бямбадорж Энхбаярт гомдож агсан тавьж л байсан, одоо бол ичихгүй худлаа гээд мэлзэх байх л даа. Ганди ялагдчихаад байхад "Ганц худаг"-ийн хэсгээс санал луйвардан авчирч байж ялуулсан гэдгээ намын хурал дээр намынх нь нөхөр хэлж байсныг хүмүүс зурагтаар сонссон л байх. Гүррагчаагийн ялагдлыг өрсөлдөгчид нь албан тушаал өгөх замаар тайтгаруулаа биз дээ. Шанд нь Энхболдтой нэг нэг болгоё гэж тохирсон. Би энд эд мөнгөөр татсан, мөнгө тараасан тухай яриагүй байна шүү дээ. Төрийн машин өөрөө булхай хийж луйврын аргаар төрийн эрх мэдлийг нэгэн хүчинд хууль бусаар авч өгсөн тухай л хэлж байна.
-Саяын сонгуулиар АН-ын төлөөлөгчид
хэсэг болгонд оролцсон биш үү?
-Төрийн байгууллага өөрөө зохион
байгуулж луйвар хийдэг тогтолцоо чинь хувь хүнээс үл хамаарсан машин болон
хувирчээ. Тэр машинаар үйлчлүүлсэн АН-ын болон өөр намын нэр дэвшигч байхыг
үгүйсгэхгүй. Гэхдээ луйврын энэ машин дийлэнхдээ эрх барьж байгаа
хүчиндээ үйлчилдэг. Сүүлийн гурван сонгуулиар ингэлээ. Хэзээ нэг цагт АН төрийн
эрх бариад энэ машиныг өөртөө үйлчлүүлээд эхэлбэл бас л энэ нь тэвчишгүй муухай
зүйл болно.
Луйврыг гардан үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхийн оронд шан урамшил авдаг болоод арван жил болж байна. Миний сонссоноор Увсад одоо сонгуулийн хэсэг хороонд ажилласан этгээдүүд шагналын мотоциклио уначихсан манаргаж явна гэнэ. Ийм луйвраар цадаад сурчихсан, сонгууль тэсэн ядан хүлээж суудаг бүхэл бүтэн сүрэг буй болж.
-АН-ын хэсэг хороонд ажиллагсад
болон ажиглагчид булхай луйврыг зогсоож болоогүй юм болов уу?
-Луйвар сүүлдээ маш сайн
төгөлдөршсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөнгийг сонгуулийн хэсэг болгон дээр
цацаж тараадаг юм биш байна. 2-4 хэсгийн хороог худалдаад авна. Тооллого болж
байхад бусад нь тоолж дүнгээ гаргана, харин товлогдсон хэсгүүд яарахгүй,
захиалагчаас дохио хүлээгээд сууж байна. Бусад нь байнга төв рүү болон нам
руугаа, мөн нэр дэвшигч рүү мэдээлж байхад тэр хэсгүүд таг чиг. Эндээс хэнийг
луйвардаж болох, хэнийг тэртэй тэргүй гүйцэх аргагүй болох нь тодроод ирнэ.
Луйварт хэдэн санал дутаж байгаа нь ч ойлгогдоно. Миний олж сонссоноор
ажиглагчийн ханш дор хаяхад 10 сая гэсэн. Бүх тойргоор мөнгө цацсанд орвол
товлож луйвардсан нь хавьгүй үр дүнтэйгээс гадна мөнгөнд маш хэмнэлттэй.
Баригдах магадлал нь ч хамаагүй багасна. Шөнийн 3 цаг хүртэл жишээ нь Ганболд,
Гарамгайбаатар нар Хэнтийн хойд сумдаар тасархай цойлж байсан. Урд сумууд таг
чиг байсаар нэгд байсан Ганболд өглөө гэхэд дөрөвт орж байх жишээтэй. Олон
газар ийм болсон. Дорнодод нэгээр гарсан Зоригтыг дөрөв рүү чихсэн байна.
Хүмүүсийн өгсөн жинхэнэ саналыг устгаж амжаагүй байгаад сая уут шуудайгаараа
баригдлаа. Энэ чинь эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү дээ. Саяхан Хэнтий аймгийн
захиргааны подвалиас 2004 оны сонгуулийн жинхэнэ өгсөн саналууд шуудайгаараа
олдлоо гэсэн. Ийм ноцтой гэмт хэргийг яагаад замхруулаад байдаг юм бэ? Тооллого
эхлэхгүй удсан, бусадтай харьцуулахад хавьгүй хойно дүнгээ гаргасан, хааш нь ч
мэдээлэл өгөхгүй таг чиг байсан хэсгүүдэд дахин тооллого болон мөрдөн байцаалт
явуулахад булхайн үндсэн чиг баримжаа, механизм тодроод ирэх байх.
-Өөрөөр төрийн байгууллагууд яаж
оролцов?
-Сонгуулийн луйварт оролцсоноор
эрүүгийн хэрэгт орох нь байтугай шан харамж, нэр нүүр албан тушаал хождог
механизмтай болсон болохоор төрийн байгууллагын төлөөлөгчид эрх баригчдад
эрээ цээргүй идэвхийлэн үйлчилдэг тогтоц буй болжээ. Иргэний бүртгэл мэдээллийн
газар он гарсаар 100 гаруй мянган үнэмлэх шинээр тараасан байна. Өдөрт 200
үнэмлэх хийх хүчин чадалтай гэх мөртөө сонгуулиас хоёр хоногийн өмнөх
шалгалтаар гэхэд тэр өдөр таван мянга гаруйг тараасан байгаа юм. Иргэний
регистрийн кодыг хэдэн мянгаар нь худалдаж авсныг хүмүүс мэдэж байгаа. Гадаадад
150 орчим мянган Монголын иргэд байгаа, хэд нь кодоороо сонгуульд орж орхив?
2004 онд нэг умгар гэрээс 40 хүн сонгуулийн санал өгсөн жишээ гарч байсан.
Улаанбаатарт гадаадын иргэд олон бий, тэдний гэрийн хаягаар ямар олон Дулмаа,
Дорж нар саналаа өгсөн гэж бодно. Үүнийг чинь нэр дэвшигч дангаараа үйлдэх бололцоогүй,
төрийн машинаар дамжуулж, төрийн тусламжаар хийсэн хэрэг шүү дээ.
ЭНЭ БОЛ БУХИМДСАН ОЛОН
-Жагсаал, жагсаал гэх үү, тонуул гэх
үү, МАХН-ын төв байрны өмнө болсон үймээний тухай эргээд ярья. Үүнийг
санаатай, урьдаас зохион байгуулсан байж болох уу?
-Удаа дараа байнга болсон илэрхий
луйвар булхайд хүмүүс дургүйцээгүй гэж үү? Эрх чөлөөт оронд амьдарч буй иргэд
төрөө сонгох эрхийг нь улайм цайм луйвардан авч байхад инээгээд сууж байх гэж
үү? Нэгний өдөр хэн нэгний хатгаасаар дор хаяхад 20 мянган хулгайч, адгийн
шаарууд, дээрэмчид гэнэт зохион байгуулалттайгаар цугларсан гэвэл хэн итгэх юм
бэ? Өрөөсөн гартаа хүүхдээ тэвэрчихсэн, нөгөө гартаа чулуу бариад гүйж байгаа
нас тогтсон эмэгтэй бухимдсан байна уу, дээрэм хийхээр хүний хатгаасаар явж
байна уу? Олон жил хуримтлагдсан иргэдийн бухимдал дэлбэ татсан. Энэ нь урьд
өдрөөс нь ажиглагдсан. NTV нэвтрүүлгээ зогсоож байгаад шөнө нь хэд хэдэн удаа
харуулсан юм. Би тэндээс харсан. Эхлээд АН-ын үүдэн дээр голдуу нас тогтсон 50
орчим хүн байлаа. Удахгүй тэд олширсон. Ийм юм болж байгааг NTV харуулснаас
гадна энэ үед Ийгл ТВ-ээр ярилцлага өгч байсан Бурмаа зарласан. Шөнийн 2 цаг
гэхэд цугларагсдын тоо мянга хүрсэн байх. Тэд Ху намын байр, Баянгол буудал
зэрэгт очиж байсныг зурагт харуулсан.
-Маргааш нь дахиж цуглахыг Магнай,
Жаргалсайхан нар уриалж байгаа бичлэг бас байна...
-Ху намынхан ялалтаа сонгуулийн шөнө
3 цагт бахархалтайгаар зарлаж эхэлсэн шүү дээ. 6 цагт дахиад зарласан.
Отгонбаяр гэх нөхөр, би түүнийг согтуу байна гэж харсан шүү, хөөр болон морь,
бөх цоллож байгаа юм шиг өвчигнөсөн. Маргааш өглөө нь юу юугүй цэцэг навч
болоод л явсан. Ингээд АН таг чиг болчихоор хүмүүс тэндээс их юм хүлээж
байлаа. Нэгний 12 цагт Элбэгдорж мэдээлэл хийнэ гэдэг нь урьд өдрийн орой
зарлагдсан байсан. Үүнээс болоод үй олон хүн талбай хавиар цугласан байлаа.
Ингэхээр цуглааныг зориудаар урьдчилан зохион байгуулсан хүн болоод байгууллага
үгүй л болов уу.
-Магнай цуглаан болохыг урьдчилан
зарлаж байсан бичлэг бий шүү дээ.
-Тэр Магнайг чинь хэн тоодог юм!
Тэгээд харанхуй шөнөөр шүү. Мэдээллийн хэрэгслээр зарлаагүй шүү дээ. Зүгээр л
нэг хувьсгалч бацаан. Хуучин Зөвлөлтөд болсон "өнгөт хувьсгал"-ын
үзэл санаанд хэт автчихсан хүүхэд. Нийгэм түүнийг дэмждэггүй шүү дээ. Нэгэнт
цугласан олон дээр очиж хувьсгалын удирдагч болж харагдах гэж улайрч яваад
хэрэгт орж байгаа юм. Намын байр хамгаалж байсан гэрээт хамгаалагч нар руу тэр
л чухал удирдагч гэдгээ илтгэх гэж туг яндар намируулсаар эхэлж дайрсан, гэхдээ
энэ бол Магнай зохион байгуулсан гэсэн үг огт биш. Жагсаал цуглаанаар
далимдуулж цонх хагалах, үймээн үүсгэх, хий дөвчигнөх зэрэг өвчинг тэр хэд анх
хэдэн жилийн өмнө санаачилсан нь үнэн. Ордны цонхыг яйруулж л байсан. Гэхдээ
Монголд ийм юм талархал хүлээдэггүй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгомоор.
Иймээс сүүлийн нэг хоёр жилд хүмүүс тэднээс нүүр буруулсан. Юмыг хэт
хялбаршуулж ойлгох болон тайлбарлах, буруутныг юу юугүй илрүүлэн довтлох нь
эрүүл ухаан биш дээ.
-Тэгвэл цугласан олныг хэн үймээнд
татан оролцуулав?
-Хэрэв тийм буруутан хувь хүн хайж
байгаа бол Магнай гэхээсээ олон түмнийг дагуулсан хоёр том улс төрийн хүчний
удирдлага юм. Хүмүүс энэ хоёр хүчинд итгэдэг, тэдэнд илүүтэй уруу татагдана.
Хоёр дарга биен рүүгээ дайрсан, бурууг хаягласан мэдэгдлийг угсруулан
гаргасан. Цугласан, өдөөлтөд орсон, хөөрсөн олонтой тун эмзэг хандах ёстойг
энэ хоёр туршлагатай улстөрч мэдэж байх ёстой. Уурын мунхаг, болгоомжгүй үг
өдөөлтөд орсон олонд шууд л гал дээр унах тос болно. Талбай дээр дээрэмчид биш
бухимдсан олон цугласан байсан. Дээрэмчдийн асуудал бол тусдаа. Манай нийгэм
маш их зэрлэгшиж моралийн уналтад орчихоод байгаа нь үнэн боловч арай ч аль
нэг өдөөн хатгагчийн дохиогоор хэдэн арван мянгаараа дээрэм тонуул хийхээр
цуглах хэмжээнд очоогүй шүү дээ. Тийм олон дээрэмчин ч байхгүй биз, эрхбиш. Ер
нь бухимдсан олон, дээрэмчид хоёрыг ялгаж салгахгүй нэг шуудайд хийж байгаад
өшигчөөд унавал дараа дараагийн бухимдлын суурийг л тавина.
-Сонгуулийн дүнгээс болж л олон
түмэн бухимдав уу?
-Ингэж нотолбол дахиад л хэт
хялбаршуулсан хариу болно. Манайд ядуурал, ажилгүйдэл замаа алдлаа. Саяхан
олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатарт 44 хувь, хөдөөд 34
хувийн ажилгүйдэл байна. Ажилгүйдэл нь ядуурал, гэмт хэрэг, архидалт дагуулдаг
нь жам. Баян ядуугийн ялгаа газар тэнгэрийн хэмжээнд хүрлээ.
Сүүлийн гурван жилд Монгол Улс бараг гурав дахин баяжлаа. Статистик тэгж хэлж байна. Гэтэл энгийн олонд тэр баялаг очив уу? Чуулган дээр үймээний буруутанг олчихсон цээрлүүлэх ялыг нь Шаравдорж бахархалтайгаар оноогоод л орилоод байна билээ. Хааш хаашаа гучин метр танхим дотор арван хэдэн жил бүгсний шанд олон тэрбумтан болсон тэр өөрөө үймээний гол буруутан юм шүү дээ. Барьж байгаа хорооллыг нь байг гэхэд Их дэлгүүрийн хажууд барьсан олон давхар харшийг нь хүмүүс харж л байгаа шүү дээ. Хүмүүс үүнийг хараад төрдөө талархаад байна гэж бодож байна уу? Хөдөлмөр зарж гараараа ядахнаа баримлын шавраар юм хийж үзээгүй хүмүүс ингэж таргалахаар бусдад нь таатай байх уу? Замын-Үүдэд эзгүй газар хэрэггүй хашаа сая доллараар барьчихаад цаана нь мөнгө дутаж байна гээд сууж байгааг хүмүүс зурагтаар хараад хөөр болох уу? Гэтэл Бат-Үүл шиг хувийн машин ч үгүй, хуучин байшиндаа сууж байгаа нэгнийгээ "улс төрд хичнээн жил зүтгэчихээд гэрээ тохижуулж чадаагүй арчаагүй амьтан" гэж хамт суугаа гишүүн нь мэдээллийн хэрэгслээр баалж суудаг хэмжээндээ хүрчихэж. Миний мэдэхээр Улаан сонгогдсон аймгийнхаа олон жилийн төсөвтэй тэнцэх мөнгө идсэн, цаадуул нь шүтээд л сонгоод байхаар тойргийн гаднах өөр бусад хүмүүс аль зэрэг баярлаж байгаа бол? Заргалдвал заргалдаарай. Улсын Ерөнхийлөгч нь төв талбайгаа тойруулаад баахан газар байр дээрэмдчихсэн, түүнээ шөнийн цагаар эргэж тойрч байдаг нь наад зах нь хүмүүсийн атаархал хөдөлгөх юм биш үү? Шүүхэдвэл шүүхдээрэй. Би үүнээс хавьгүй ихийг хэлж чадна, олныг ч хэлсэн, хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй.
Хүмүүс бухимдах хангалттай олон шалтгаан байна. Утаан дунд хордож байгаагаас эхлээд наад захын хүнсний үнэ огцом өсч байгаа нь хичнээн цаанаа аргагүй шалтгаантай ч гэсэн бухимдал хорсол үүсгэж л байгаа. Ядуурлаас бушуу гаръя, байгалийн асар их баялаг ийм боломж олгож байна гээд байдаг. Гэтэл судалгаагаар хүн амын дэндүү дийлэнх нь тэгье гээд байхад төр асуудлыг шийдэхгүй, хэдэн рэкетчинг "ард түмэн" гэж заачихаад зориуд алгуурлаад байгаа нь тэвчээр барж л байгаа. Ноднингийн нисдэг тэрэгний осол, өвлийн архины хордлого, Хонгорын асуудал, биенээ олны нүдэн дээр хутгалж алсан явдал, үгүй дээ л Баасан авгайн дөвчигнөл энэ тэр чинь бага багаар бухимдлыг нэмж овоолсоор дэлбэрч гарахаас өөр аргагүй хэмжээндээ тулна биз дээ? МАХН гэдэг байгууллага энэ орны 30 мянган эрчүүдийг хоморголон устгажээ. Одоо болтол үүнийхээ төлөө уучлал гуйхгүй, цаг өнгөрөх тутам аягүй бол бахархах маягтай. Энэ чинь бас л олон хүний сэтгэлийн мухарт байгаа, бухимдагсад өөрсдийн хийж буй балмад ажиллагаагаа зөвтгөх бас л нэг шалтаг. Иймэрхүү өөр өсөрхөл гомдол ч олон хүний цээжинд яваа. Төрийн албанд зүтгэж байсан 15 мянган иргэнийг 2000 оны сонгуулийн дүнгээр зөвхөн улс төрийн шалтгаанаар ажилгүй болгож гудамжинд хөөж гаргалаа. Энэ олон хүн чинь цаанаа эцэг эх, ах дүү, хамаатан садан гээд бүр ч олон хүнтэй биз дээ, тус болгонд нь л ямар нэг гомдол үүсчихсэн л байгаа.
ДЭЭРЭМ ТОНУУЛ БОЛ ТУСДАА АСУУДАЛ
-Хүмүүс бухимдсан, тэр нь сонгуулийн
дүнгээр дэлбэрсэн байж, тэгвэл дээрэм тонуул, галдан шатаалт зохион
байгуулалттай байж болох уу?
-Тэр бол харин ёстой боломжтой зүйл.
Ер нь голдуу тэгдэг. Англи хүний имиж нь жэнтлмэн. Соёлтой байх үлгэр нь англи
хүн. Бараг л соёлын жишиг байх. Гэтэл хөлбөмбөгийн тэмцээний дараа тэд яаж
зэрлэгтдэг билээ? 1980 онд Брюссельд хөлбөмбөг үзэж суугаад 100 гаруй
италичуудыг алж орхисон. Хүн үнэмшмээргүй. Хөөрсөн цугласан олон маш
аюултай. Тэнд ямар ч эрүүл ухаан үйлчлэхгүй. Чухам энэ вандализмыг далимдуулж
дээрэмчид алуурчид цугладаг. АНУ-ын өмнөд мужид үер болж хот усанд авахуулахад
хар цагаан арьст америкчууд хэрхэн дэлгүүр, байр тонож байгааг дэлхий даяараа
харсан. Цэрэг оруулж байж зогсоосон. Хаа байна, америкчуудын өндөр соёл?
-Саяын үймээний тэргүүнд голдуу
хүүхэд, өсвөр залуус оролцлоо.
-Манай нийгэм ямар болчихоод
байгааг харуулж байна. Харсаар байтал худагт оочирлоод зогсч байдаг гэр хорооллын
туранхай жаалууд байна билээ. Ху намын байрны өмнө машин угаана гээд бохир
алчуур бариад ирдэг гуч дөчин хүүхэд хамгийн түрүүнд хамрагдаа биз. Хориод
жилд бид хичнээн хүүхэд траншейнаар хүмүүжүүлэв? Гэр оронгүй хүмүүс хаана ч
байдаг. Харин хүүхэд ингэж амьдрахыг аль ч соёлжсон төр зөвшөөрдөггүй юм. Бид
л харин үүнийгээ бүр лого болгоод дэлхий даяар гайхуулах шив. Гадаадын ердийн
зурагт үзэгчид биднийг траншейнд амьдардаг гэж ойлгодог юм шүү дээ.
-Үймээнээс нэг ажиглагдсан зүйл бол
манай төр ийм юманд дэндүү бэлтгэлгүй аж...
-Манай төр асар данхар. Нийгмийн
баялгийнхаа 50 гаруй хувийг нь залгичихдаг. Оролцохгүй юм байхгүй. Гэтэл
төрийн гол үүрэг бол нийгмийн амар амгаланг хангах явдал юм. Чухам үүнийх нь
төлөө иргэд төрдөө төлбөр төлдөг. Төр өөрийн ногдсон үүргээ биелүүлэх болохоор
ямар арчаагүй болох нь харагдлаа. Жагсагчидтай чулуугаар байлдаад зогсч
байгаа хөөрхийлөлтэй цагдаа, 15-тай бацаанд зодуулаад хэвтэж байгаа арчаагүй
офицерыг хэлээгүй шүү. Асуудал гол нь зохион байгуулалтдаа байгаа. Тоног
төхөөрөмжийг нь Жагаа нийлүүллээ гээд л зурагтаар гараад байсан, Эрээний дуураймал
бараа юу, хүүхдийн тоглоом уу. Авлига гүн шигдсэн газар төрийн бүх юм нь
болдоггүй юм даа.
Яагаад гал дүрэлзээд эхлэхээр цагдаа нар алга болчив, хажуу талын байранд хэн гал тавив, дээрэм тонуул хэн хийв, үүнийг хэн зохион байгуулав гээд олон асуудлыг тодруулах шаардлагатай. Тэр үед юм тодрох байлгүй. Саяын хэд хоногт Үндэсний телевиз л хамаг юмыг мэдсэн, учрыг нь олчихсон, буруутныг нь тодруулчихсан байх шив.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ЭРИЙН ЦЭЭНД
ХҮРЧЭЭ
-Мэдээллийн хэрэгслийн байр суурь
үйл ажиллагааг та юу гэж үнэлж байна?
-Нэг талаас чөлөөт мэдээллийн
хэрэгсэл манайд бахархам түвшинд хүрснийг харлаа. Мэргэжлийн ур чадварын хувьд
Ийгл онцгой байсан. Үйл явдлыг CNN-ий түвшинд харуулж байсан. Шууд, олон талаас
нь, элдэв тайлбар оношилгоогүйгээр дамжуулж байлаа. Мэдээллийн хэрэгслийн
нэгдүгээр үүрэг бол энэ.
Тайлбарлах нь дараагийн асуудал. Дүгнэлт өгөх нь бүр дараагийн асуудал, тэр нь сэтгүүлчдийн биш мэргэжлийн хүмүүсийн хэрэг. Буруутныг олж илрүүлэх, яллах, тооцоо бодох нь дахиад бүр өөр газрын шийдэх асуудал.
-Онц байдал тогтоосны дараа ганц
үлдсэн нь харин ч нэг яллаж өгөх шив?
-Бид олон ургальч үзлийн нийгэмд
амьдарч байна. Хүнд бүх төрлийн дүгнэлт очиж буй боловч иргэд өөрийн сонголтоо
хийдэг. Хэн нэгнийг бодлоо хэлэхээр "тархи угаалаа" гэх нь элбэг
болж. Олон ургальч үзэл дунд тархиа угаалгаж байгаа бол хохь нь. Уг нь энэ нэр
томъёог Жоорж Орвэл гаргаж ирэхдээ нийгмийг бүх мэдээллээс хүчээр тасалчихаад
ганц сувгаар зориудын бэлдсэн суртчилгаа явуулж албадлагаар нэгэн ойлголттой
болгох процессыг нэрлэжээ. Бид олон жил тархи угаадаг нийгэмд амьдарч байсан.
Харин сая дөрөв хоног "тархи угаах" гэдэг үнэндээ юу байдгийг иргэд
ойлгосон болов уу. Сэтгэцийн өвчтэй, тахир дутуу хүнээр "Нэгэн Магнай
надад сая төгрөг өгсөн" гэж хэлүүлээд, түүнийгээ үнэмшүүлэх гэж дайраад
байгаа чинь тархи угаалт байхгүй юу даа.
-Онц байдлын үед мэдээллийн
хэрэгслийг хаадаг нь зөв үү?
-Хуулинд тийм юм бий. Тодорхой
тохиолдолд зөв ч байж болно. Яах гэж хаадаг юм бэ? Зорилго нь юу юм бэ? Онц
байдал үүслээ гэдэг чинь нийгэм дундуураа хуваагдчихаад маргаанаа хүчирхийллээр
шийдэх гээд байгааг таслан зогсоож буй хэрэг.
Нийгэмд буй болсон бухимдлыг тайвшруулахын тулд авч буй арга хэмжээ. Утга нь эндээ бий. Гэтэл сая нээлттэй үлдсэн мэдээллийн хэрэгсэл нэгийг нь өрөвдөж нөгөөг нь яллаж, буруутныг илрүүлж, учир шалтгааны цаад ёзоорыг гэхээс гарсан үр дүнг нь тайлбарлаж, өөрөөр хэлбэл нийгмийн бухимдсан нэг хэсгийнх нь аазгайг хөдөлгөн асуудлыг улам бугшуулах, эсвэл дэврээх хандлагатай байлаа. Зарим сэтгүүлчид дотроо хурсан атаархал хорслоо тайлж байна уу гэмээр авирласан шүү. Нэг хэсэг нь чулуун мөндөр дундуур амь хайргүй тэмцэн гүйж мэдээлэл цуглуулан мэргэжлийн нэр хүндээ авч гарч байхад нөгөө хэсэг нь тэжээмэл тахиа шиг үүрэндээ бүгчихээд тааз харан юм зохиож бахаа хангаж байх юм. Фургон машинаар голоос чулуу зөөн авч ирж тарааж байсан гээд бичсэнийг уншсан. Барьж буй барилга үймээн дэгдээгчдийг зэвсэглэсэн гэдгийг бүгдээрээ л харж байсан биш үү? Бүр 36 тонн чулуу гэсэн тоо ч гарсан байсан. Энхбаяр, Элбэгдорж хоёр үгсэж байгаад самуун үүсгэлээ ч гэх шиг. Заавал бүх муу болгон тэр хоёртой холбоотой байх ёстой юм уу? Муулбал баримт түшмээр юм! Ер нь хямрал, хурц үйл явдал хүний цаад мөн чанарыг харуулдаг юм. Зарим нь мөнгө хараад юугаа ч худалдана, зарим нь өөрийн бүтэлгүй амьдралын бурууг бүтэлтэй яваа нэгэндээ тохож далим гаруут хорслоо тайлна. Ухамсарт хүний цаад ёзоорт адгууслаг чанар заавал нуугдаатай байдаг, түүнээ хүмүүжил, боловсрол, төлөвшил, ёс суртахуунаараа дарж чадсан эсэхээрээ л хүмүүс хоорондоо ялгагддаг.
ТӨР ДОРОЙТОЖ
-Байгалийн баялгаа ашиглаад ядуурал
зовлонгоос эгшин зуур гарах тухай сүүлийн хэдэн жил ярилаа. Энэ бүхэн гадаадын
хөрөнгө оруулалтгүйгээр бололцоогүй. Ийм аймшигт үймээний дараа хөрөнгө
оруулагчдын хандлага ямар болох бол?
-Асуудал хүндэрлээ л гэсэн үг.
Хөрөнгө оруулахад найдвар муутай газар гэдгээ овоо сайн баталгаажуулаад авсан
шүү дээ. Ашигт малтмал экспортлогч дэлхийн 72 орны хөрөнгө оруулалт хийхэд
таатай жагсаалтад Монгол нь араасаа дөрөвт орсон. Зимбабвеэ, Венесуэль, Болив
гурав манай ард орсон байх. Хоёул гурвуулаа нийлж аваад л өөрсдийгөө хөдөлгөөн,
фронт, арми гэж нэрлэн амаараа цагаан хөөс сахруулан "эх орон, ард
түмэн" гэж орилон хүн айлгаж явдаг нь бараг моод болоо шив. Гэтэл иймэрхүү
төрлийн жагсаалын оролцогсод нь төлбөртэй, зохион байгуулагчид нь захиалгатай,
захиалагчид нь шантааж рэкетийн зорилготой байдаг нь нууц биш. Ноднингийн
машин онхолдуулж шатаахаар зэхэж байсан жагсаалын зохион байгуулагчид 250
мянган ам.долларын хөлсөөр үймээнээ нэгмөсөн зогсоох шаардлага тавьж байсан.
Бас нэг удаагийн жагсаал 50 сая ам.доллар нэхэж мөнгийг намын дансандаа
хийхийг шаардаж байсан. Баримттай юм ярьж байна шүү. Ийм ийм тэртэй тэргүй
байгаа суурин дээр болсон саяын үймээн хөрөнгө оруулах гэсэн хэнд ч том цохилт
болно шүү дээ. Ард түмэндээ сая саяар нь тарааж цацах юм ярьж сонгуульдлаа.
Ийм хэмжээний мөнгө манай эдийн засагт огт байхгүй. Үүнийг зөвхөн байгалийн
баялгийн ашиглалтаас олж болно. Газар дор буй ашигт малтмал асар их хөрөнгө
оруулалтын хүчээр газар дээр гарч ирэн боловсруулагдаж тээвэрлэгдэж борлогдож байж
сая жинхэнэ баялаг болно. Бидэнд ашигт малтмалаа баялаг болгох хөрөнгө ч
байхгүй, туршлага ч байхгүй, үнэнийг хэлэхэд ийм хэмжээний ухаан боловсрол ч
байхгүй. Хийгээд өгье гэснийг нь харин ч сайхан айлгаж байна даа.
-Тийм л баримттай юм бол төр, Засгийн
газраас даврагчидтай яагаад хатуу тэмцэж болдоггүй юм бэ?
-Манай төр данхар, тэгээд сул дорой
байна. Автобусны мөнгөө өөрснөө төлөөрэй, нөхөн төлбөр засгаас олгоё гэхээр л
дөрвөн зам дээр очоод хэвтчихдэг. Тэгэнгүүт нь л хуулиа засаад л буугаад өгчихдөг.
Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч тэгж байна гээд бусдын эрх ашгийг
хохироож болохгүй. Хаана ч тийм л байдаг. Хэн нэг нь өөрийн эрх ашгийн төлөө
бусдынхыг хохироож байвал тэр газар төр өмгөөлөгчөөр орж байх ёстой, энд л
төрийн үүрэг бий. Гэтэл үерийн аман дээр гэрээ барьчихаад сонгуулиар барьцаалан
үүнээ баталгаажуулж авна гэдэг бид ямар арчаагүй, хууль ёсгүй төртэй байгааг
илтгэж буй хэрэг. Төв талбай дээр төрийн цагдаа хутгалчихсан хүнийг хөөрхий
гээд л толгойг нь илээд өнгөрөөж байсан. Ордны цонхыг яйруулсны төлөө хэн
хариуцлага хүлээсэн бэ? Ахмадын тэмцэл гээд нэг марзан юмыг зогсоож чаддаггүй
л төр шүү дээ. Хэв журам сахиулах гэдэг нь төрийн өөртөө хүлээсэн энгийн үүрэг
дээ. Хэв журам сахиулах чинь өөрөө ардчилал шүү дээ.
Саяын үймээн бол том сургамж. Монголд төрийг хүчирхийллээр унагаж сольж өөрчилж болдоггүй юм гэдгийг нэгмөсөн ойлгуулмаар байна. Мөн луйвар булхайгаар төрийн эрх авч болохгүй гэдгийг ч харуулмаар байна. Сонгуулийн булхайд биечлэн оролцсон ялангуяа төрийн ажилтнуудыг хуулийн дагуу цээрлүүлэх хэрэгтэй. Энэ бол айл ухсанаас хавьгүй том гэмт үйлдэл гэдгийг нь олон түмэнд харуулах хэрэгтэй. Сургамж бол алдаагаа засах том боломж.
БИД АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭЖ ЧАДНА
-Гадаад ертөнц биднийг юу гэж үзэж
байгаа бол?
-Сонин хандлагууд ажиглагдаж
байна. Оросын ГЯЯ-ы сайд Лавров энэ хэргийг шууд л өрнөдийнхөнтэй холбож
байна. Туслахад бэлнээ ч илэрхийлсэн. Юугаар? Дахиад л цэргээр үү? Манай хойд
хөрш өмнөдтэй баланс барин харгалдахуйц хэмжээнд эргээд томорч буй нь сайн
хэрэг. Гэхдээ дахиад л империалист санаархалтай томролт явагдвал сайнгүй л
байх.
Үнэндээ саяын самуунд Оросын ч, Хятадын ч, Америкийн ч оролцоо байгаагүй байх. Оросууд ерөөсөө парнойтой, манай нийгэм ч парнойтой. Лавров саяын үймээнийг "өнгөт хувьсгал" гэж тодорхойлох маягаар АНУ-тай холбож байна билээ. Магадгүй тэдний зангаагаар үймээнийг шулуухан Ийгл телевизтэй ч холбоод үзэх монгол гарууд гараад ирж. Өнгөт хувьсгал гэдэг нь тодорхой дарангуйлагчийг хөөн зайлуулах процесс. Сонгуулийн дүн гарчихаад байхад түүнийг үл хүлээн зөвшөөрч үймээн үүсгээд дарангуйлагчийг хөөн явуулсан Гүржийн, Украйны, Киргизийн үзэгдэл. Бидэнд хөөж явуулах дарангуйлагч байхгүй. Энхбаяр дарангуйлагч болохыг мөрөөддөг болохоос дарангуйлагч биш. Монголын нийгэм улс төрийн хөрс угаасаа дарангуйлагч төрүүлэхгүй. Балтын гурван орныг эс тооцвол хуучин Зөвлөлтийн бүх орнуудаас бид хавьгүй илүү ардчилалтай, тэр маань хамаагүй илүү баталгаажсан. Өнгөт хувьсгалд итгэсэн, үүнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс манайд нэг биш бий. Гэвч үүнийг манай нийгэм дэмжихгүй гэдэг нь харагдсан. Бид өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх бүрэн бололцоотой. Маргаантай ч хэрүүлтэй ч, жагсаалтай ч тэр байтугай үймээн самуунтай ч бид асуудлаа ардчилсан ёс дэгээр өөрсдөө зохицуулж өөрсдөө шийдвэрээ гаргах эрийн цээнд хүрсэн. Буруу шийдвэр гардаг ч байсан бидний л шийдвэр. Алдсан ч бидний л алдаа. Дотоод асуудлаа зохицуулах, хувь заяаныхаа шийдвэрийг гаргахдаа гадны тусламж авмааргүй байна.
Лав л Өвөр Монголын зурагт үйл явдлын тухай таг дуугүй өнгөрөх шиг болсон. Хувьсгалын халдвараас болгоомжилсон болов уу. Өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд илүү бодитой, хөндлөнгийн, эрүүл саруул байлаа. NHK, BBC, CNN, Ройтерс болон Солонгос, Герман, Энэтхэгийн мэдээллийн хэрэгслийн хандлагыг зориуд ажигласан.
-Асуудлыг одоо яаж шийдэх вэ. Дахин
сонгууль явуулах уу?
-Сонгуулийг дахих болбол хуулиар
шийднэ. Хуулийг тогтоодог институци бий. Шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс бий.
Тэдний шийдвэрээс бүх юм хамаарна. Иргэний хувьд бодоход дахин сонгууль явуулах
нь утгаар бага хэрэг. Тийм тэнхэл бий юу? Оюун санааны хувьд ч, хөрөнгө
мөнгөний хувьд ч? Мэдээж сонгууль дахиулж даагаа нэхэх хүсэл олон хүнд бий л
байх. Гэхдээ л тооллогыг дахин явуулж холио солио хийсэн нь дээр болов
уу? УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, сонгуулийг дахин явуулах гэх
мэтийн талаар ярьж л болохоос нэг хийгээд эхэлбэл эрүү нь байнга мултардаг хүн
шиг болно шүү дээ. Хамгийн гол нь луйврын сонгууль хойшид болохгүй байх
нөхцөлийг л бүрдүүлэхэд анхаарлаа хандуулмаар. Энэ л чухам үйл явдлаас авах
хамгийн том сургамж, хичээл.
Л.Мөнхбаясгалан