Ханс Кристиан Андерсений шагнал гэж бий. Үүнийг хүүхдийн утга зохиолын Нобелийн шагнал гэдэг бөгөөд энэ жил дэлхийн 35 орны шилдэг 33 зохиолч, 28 зураач уран бүтээлчид нэр дэвшжээ.
Тэдэн дунд манай нэрт хүүхдийн зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог байгаа нь Монголын оюун соёлын ертөнц дэх нэгэн ололт, томоохон дэвшил гэж болохоор юм.
Эх орондоо хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч ийнхүү дэлхийн хүүхдийн утга зохиолын ертөнцөд танигдан өрсөлдөж давтан зөвшөөрөгдөж буйд нь баяр хүргэе.
Өмнө нь Ж.Дашдондог зохиолч олон улсын нэр хүнд бүхий Астрид Линдгрений (“Дээвэр дээр суудаг Карлсон”-ы зохиогч) шагналд нэр дэвшиж баярлуулж байсан бол энэ жил түүний “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу номууд нь Х.К.Андерсений шагналд нэр дэвшин дээлийн захаа мушгиулж байна.
HCAA (The Hans Christian Andersen Awards) бол дэлхийн нэр хүндтэй хүүхдийн зохиолч, урлан чимэглэгчдийн бие даасан бүтээлд олгодог шагнал бөгөөд олон улсын хүүхдийн номын зөвлөл (IBBY)-өөс насан туршийн бүтээлч үйлсээ хүүхдийн утга зохиолд зориулсан ололт амжилт, хөдөлмөр зүтгэлийг гол шалгуураа болгон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн утга зохиолын мэргэжилтнүүдийг шинжээчээр сонгон ажиллуулдаг үйл ажиллагаа юм.
АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Герман, Англи, Австрали, Канад зэрэг 35 орноос тодорхой шалгуур, болзлыг ханган улсаа төлөөлж шалгаран өрсөлдөж буй нийт 61 уран бүтээлчийн дунд манай зохиолч ийн өрсөлдөж буйн учир түүний зохиолын тухай товчлон танилцуулах сэжмийг үүтгэв.
Хүүхдийн зохиол дагнан бичдэг монгол зохиолчдын хамгийн том төлөөлөл бол Жамбын Дашдондог юм. Тэрбээр 17 настай дунд сургуулийн сурагч ахуйдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш эдүгээ 100 шахам ном бүтээж тэдгээрээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдээд байна.
Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг үгийн эрдэнэ мэт зохиолууд, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуунуудаар нь XX зууны сүүлийн хагасаас наашхи Монголын үе үеийн хүүхэд багачууд өсөж хүмүүжсэн гэхэд болно.
Түүний нэр дэвшсэн шагналын эзэн Х.К.Андерсенийг дэлхийн үлгэрийн их хаан хэмээдэг. Жамбын Дашдондог гуай ч хүүхдийн яруу найраг, хүүхдийн дууны шүлгээс үлгэр рүү нүүдэл хийсэн зохиолч юм.
Ж.Дашдондог шүлгээс үлгэр рүү нүүдэллэхдээ яруу найргийн эрчимлэг, хөгжимлөг дотоод чанарыг гээлгүй харин ч үргэлжилсэн хэлбэрийн яруу найргийг үлгэр өгүүллэгтээ шингээж өвөрмөц байдлаар хөгжүүлсэн.
Тиймээс соён гэгээрүүлэгч, доктор Л.Түдэв “Тэрээр яруу найргийг үргэлжилсэн үгийн хэлбэрт оруулан эвцэлдүүлж, шүлэг үргэлжилсэн үгийн хосолмол төрөл зүйлийг бий болгосон” хэмээн энэ тухайд тун онож харж, олж үнэлсэн байдаг.
Тухайлбал “Морьтой үлгэр” номд “Монголчууд уулыг хотойтол усыг тасартал нүүхдээ үлгэр хэмээх гайхамшгаа л орхисонгүй” гэсэн оршил үгнээсээ хүүхдийн сэтгэлд сэтгэхүйн хөгжим “тоглож” эргэцүүлэл, танин мэдэхүйгээр өрнүүлдэг гэж болно. Чингэж эгшиглэнт үлгэр хүүрнэхийн зэрэгцээ хүүхдийг эх хэлний баялаг ертөнцөөр аялуулах есөн үлгэрээс бүрдсэний нэг нь л нэгээс гурван нүүрт багтаж буй нь бага зайд том санаа шингээх оролдлого болох нь бичлэгийн арга, санааны чуулбар, туурвил зүйн хэв маягаараа илт байна. Зарим судлагчид “хүүхдэд зориулсан есөн роман” гэж бичсэнийг ч онцлууштай.
Францын нэрт эрдэмтэн, Олон улсын хүүхдийн утга зохиол судлалын ах дүү Гриммийн шагналт Jean Perrot (Жан Перро) Ж.Дашдондогийн үлгэрүүдийн тухай бичсэн судалгааны томоохон өгүүллээ “Андерсений маягаар бичсэн монгол номууд” гэж нэрлээд, түүндээ богино хэмжээнд том санааг багтаасан тухай үнэлэн тэмдэглэжээ. Учир нь Андерсен роман бичээгүй ч романы санааг цөөн хуудсанд багтаасан нь түүний үлгэрийн уран сайхны онцлог байдаг. Харин илүү үггүй товч бичнэ гэдэг төрөлхийн авьяас, зөн сэтгэлэгтэй холбоотой бөгөөд энэ нь хүүхдэд зориулсан үлгэрийн хамгийн гол шаардлага гэж болно. Яагаад гэвэл хүүхдийн тэвчээр ахархан байдаг онцлогтой билээ. Түүний үлгэрүүд дорно дахины арга билгийн шүтэлцэл дээр бичигдсэнээрээ уран сайхны үнэ цэнтэй бөгөөд монгол ахуй заншил, ёс төрх, өв соёл, хэл найруулгын давтагдашгүй онцлогийг дүрслэн харуулсны учир Герман, Солонгос, Монтенегро, Хятад, Араб, Япон зэрэг олон хэлнээ орчуулагдаж олон орны судлагчдаас эерэг үнэлэлтүүдийг дагуулсаар байна.
Японы монгол судлагч Кондо Норико Ж.Дашдондогийн уран бүтээлээр хамгаалсан магистрын ажилдаа “Морьтой үлгэр”-ийн цаана нүүдэлчин монголчуудын ахуйгаас ургасан дорно дахины гүн ухааны санаа байдгийг гярхай ажигласныг энд онцлон тэмдэглэе.
Зохиолчийн “Чулуун домог” номын өгүүлэмж, үг сонголтууд маш энгийн, ардын эгэл ярианы хэлбэрээр бүтээгджээ. Эгээ л эмээ нь ачдаа үлгэр ярьж буй мэт, тэрхүү номыг хөгжимтэй зүйрлэвэл энэрэнгүй сул аялгуу хөврөх шиг санагддаг. Тийм учраас бяцхан уншигчдаас уг номыг уншаад уйлсан тухайгаа бичсэн захидал цөөнгүй ирсэн болов уу.
АНУ-ын тэргүүн хатагтай Лора Буш “Чулуун домог” номыг уншаад “Таны агуу их энэрэнгүй сэтгэлийг би бишрэн хүндэтгэж байна” хэмээн захидал бичсэн нь зохиолчийн хувийн архивт хадгалаатай байна.
Тэгвэл “Хар шувууны цагаан түүх” ном нь нийтлэлийн яруу хэлээр бичигдсэн онцлогтой юм. Өөрөөр хэлэхэд уншигчдыг үйл явдлын халуун мөрөөр хөтлөн дагуулах буюу зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлсэн Монголын их говийн жирийн нэгэн эмгэний гайхамшигт түүх 21-р зууны хэрсүү хүүхдүүдийн далд мэдрэмжийг дуудан сэрээж чаджээ.
Хүн төрөлхтөн зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлж гэмээнэ шинжлэх ухааныг нэг алхам урагшлуулна гэдгийг хэрээтэй жаран жил нөхөрлөсөн говийн эмгэний түүх нотлон харуулж дүрслэн уянгалдаг. Тийм ч учраас хятад хэлнээ орчуулагдаж, өмнөд хөршид уншигдаж байгаа биз ээ.
БНХАУ-ын Өвөрмонголд зохиолчийн уран бүтээлийн өдрүүд болоход түүнд зориулсан сурталчилгааны ном нь “Монголын бага Андерсен” гэсэн нэртэй байлаа. Монгол үлгэрчийг дэлхийн үлгэрчтэй жишиж ижил түвшинд зэрэгцүүлэн залж буй бас нэгэн жишээ энэ болов.
Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог үлгэрийн хаан Ханс Кристиан Андерсений үлгэр урлах эрдмээс суралцахыг хичээн яваагаа “хүүхдийн утга зохиолын “нугасны муухай дэгдээхэй” хэвээр л явна” хэмээн даруухнаар өгүүлсэн байдаг. Харин одоо өөрөө түүний нэрэмжит шагналд бүтээлээрээ нэр дэвшиж байгаа нь Монголын “Андерсен” дэлхийн Андерсенд үнсүүлэх хувь заяаны эрхшээл мэт санагдана. Аливаа зүйлд өөрийн цаг нь ирэхэд нугасны муухай дэгдээхэй ч үзэсгэлэнт хун болон дүүлэн нисэх нь бий. Түүнд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Утга зохиол судлаач, доктор, дэд профессор Д.Цэвээндорж (ШУА, Хэл зохиолын хүрээлэн)