МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш П.Баянсантай ярилцлаа. Тэрбээр хөрөнгийн захаас худалдан авалт хийх хамгийн тааламжтай үе болохыг онцоллоо.
-Та үнэлгээ тэр дундаа хувьцаа, уул уурхайн ордын үнэлгээний талаар судалгаа хийдэг. Тэгвэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компанийн хувьцааны ханш бодитой тогтож байна уу?
-Хувьцааны үнэлгээ нь зах зээлийн зарчмаар 100 хувь бодитой тогтож чадаж байна гэж хэлэхэд эргэлзээтэй. Учир нь хувьцааны ханшийг зохиомлоор хөөргөх, эсвэл буулгах манипуляци манай хөрөнгийн зах зээлд явагдах боломжтой.
Манипуляци манай хөрөнгийн зах зээлд явагдах боломжтой
Гэтэл бодит ханш нь зохиомлоор хөөргөх боломжгүй зах зээлд тогтдог. Олон тооны оролцогчтой, хангалттай мэдээлэлд суурилдаг зах зээл гэсэн үг л дээ. Харин манайд хөрөнгийн зах зээлд оролцогчид нь цөөн. Ийм арилжаанд нөлөөлөх боломжтой. Бас зах зээлд оролцогчдын мэдлэг сайнгүй.
-Зарим компанийн төрийн эзэмшлийн хувийг бууруулах Засгийн газрын тогтоол хэрэгжиж байна. Эдгээр компанийн хувьцааны үнэлгээ хэр бодитой тогтож байна вэ?
-Ер нь зөвхөн төрийн өмч биш Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хөрөнгийн үнэлгээ шинэчлэгдэхгүй байна. 1990 оны улсын үйлдвэрийн газар байх үеийн үнэлгээгээр өнөөг хүртэл явж буй компани цөөнгүй байна. Одоогоос 20 жилийн өмнө юмны үнэ ямар байлаа.
Тухайн үеийн үнэлгээг шинэчлээгүйгээс хувьцааны ханш нь бага байна. Иймд дахин үнэлж, хөрөнгийг нь тулган баталгаажуулах ёстой. Ингэсэн тохиолдолд хөрөнгийн зах зээл дэх үнэ цэнэ өөрчлөгдөж, бодит үнэлгээ тогтоно. Үнэлгээг янз бүрийн арга, хандлагаар тооцдог. Жишээлбэл, өртгийн хандлага гэж бий. Тухайн компани өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний үнэ цэнийг бүтээснийг илтгэнэ. Гэтэл тэр бүтээсэн үнэ цэнэ нь одоогийн хөрөнгийн зах зээл дэх үнэлгээнд нь тусгал болж чадахгүй байна.
Монголд үнэлгээ хийх зөвшөөрөлтэй 70 орчим компани байна
Тодруулбал, компанийн бүтээсэн үнэ цэнэ нь 100 сая орчим төгрөг байхад тухайн аж ахуйн нэгж зах зээлд 30-40 сая төгрөгөөр үнэлэгдэж байх жишээтэй. Тэгэхээр өнөөгийн хувьцааны ханш нь яг бодитой биш гэсэн үг. Иймд компанийн үнэлгээг шинэчлэх шаардлага бий. Үнэлгээ үзүүлэх боловсон хүчний боломж ч байгаа. Монгол Улсад үнэлгээ хийх зөвшөөрөлтэй 70 орчим компани, мэргэшсэн 300 орчим үнэлгээчин байна.
-Тэгвэл компаниуд яагаад үнэлгээгээ бодитой тогтооход хойрго хандаад байна вэ?
-Нээлттэй компаниуд жил тутам үнэлгээ хийлгэх ёстой. Хөрөнгийн өсөлт, бууралтаа бүртгэл тайланд тусгахыг хуулиар заасан. Зарим тохиолдолд 3-5 жил тутамд үнэлүүлэх ёстой. Үнэлгээний ач холбогдлыг мэддэг компанийн удирдлагууд жил тутамд үнэлгээ хийлгэж буй.
Гэхдээ цөөн байна. Яагаад цөөн байна гэхээр юун түрүүнд, үнэлгээний өөрчлөлтийг бүртгэл, тайландаа тусгахын ач холбогдлыг ойлгохгүй байна. Бас ойлголоо гэхэд үнэлгээ бол мэргэжлийн үйлчилгээ. Тэр ч утгаар төлбөртэй. Тиймээс үнэ, хөлсийг дийлэхгүй байж болох юм. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын үнэлгээ хийлгэлгүйгээр хувьцааг нь хямд үнээр авах сонирхол байхыг ч үгүйсгэхгүй.
-Монголын хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн хандлагыг хэрхэн дүгнэж байна вэ? Ер нь ямар өөрчлөлт гарав?
-Ерөнхийдөө уул уурхайн компаниудын хувьцааны ханшид уналт давамгайлж байна. Тэр тусмаа нүүрсний компаниудын хувьцааны ханш уналттай байна. Үүнд мэдээж, түүхий эдийн ханш нөлөөлж байгаа.
Бас дотоодод нүүрсний борлуулалт хийдэг компаниудын бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтоосон нь компанийн санхүүгийн байдалд нөлөөлсөн. Улмаар хувьцааны ханш унах шалтгаан болж байна. Монголын хөрөнгийн зах зээлд ханш нь огцом өсөж буй хувьцаа бараг алга. Харин хүнсний компаниудын хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна.
Бид хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр эдийн засаг өсдөг үү, эсвэл эдийн засгийн өсөлт нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлдэг үү гэдэг асуултад хариулахын тулд судалгаа хийсэн. Судалгаагаар манай улсад эдийн засгийн өсөлт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлдэг гэсэн үр дүн гарсан. Хэрэв хөрөнгийн зах зээл хөгжвөл эргээд эдийн засгаа тэтгэдэг.
Ингэхдээ 2-3 жилээр хоцорч, эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байна. Бас хувь хүнээс илүү байгууллагын хөрөнгө оруулалт давамгайлж байна. Та бүхэн мэдэж байгаа. Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд тогтмол уруудаж байгаа. Магадгүй яг одоо энэ үе бол хөрөнгийн захаас худалдан авалт хийх хамгийн тааламжтай үе байх.
Орд газраа бүрэн үнэлсний дараа эзэмшил хувиа тохирох ёстой
-Та уурхайн ордын үнэлгээний талаар судалгаа хийдэг гэсэн. Ер нь орд газрын үнэлгээ манайд хэр сайн хийгдэж байна вэ?
-Уул уурхайн салбарт орд ашиглах эрхийн үнэлгээ, ашигт малтмалын ордын үнэлгээ гээд олон төрлөөр хийдэг. Манайд ажиглагддаг нэг сул тал нь эхлээд орд газраа бүрэн үнэлдэггүй.
Харин эзэмших хувь хэмжээгээ тохирохыг чухалчилдаг. Төр, хөрөнгө оруулагчтай хамтран орд ашиглах гэж буй бол эхлээд хувь хэмжээгээ тохирдог. Үүнээс үүдэн 31, 54 зэрэг янз бүрийн хувь хэмжээний талаар маргаан гарч байгаа юм. Угтаа эхлээд өмчөө үнэлээд, ямар үнэтэй ордтой болохоо мэдсэний дараа хувь тогтоох ёстой. Гэтэл манайд энэ дараалал эсрэгээрээ байдаг.
Г.Байгал